Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2016/00259

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2016/00259

             Улаанбаатар хот

                 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                          

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Сансармаа, Да.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 7 дугаар байр, 67 тоотод оршин суух, Зэлмэ овогтой Баярсайханы Сувданчимэг /Регистрийн дугаар: ЖЭ87112901/ -ийн нэхэмжлэлтэй,

Гэм хорын хохиролд 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энх-Амгалан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвтогтох, иргэдийн төлөөлөгч Б.Баатар, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов. 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Сувданчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 02 дугаар сарын 09-ний орой 17.30 цагийн орчим Б.Сувданчимэг ажлаа тараад өөрийн эзэмшлийн Тоёота Пассо маркийн 76-80 УНВ дугаартай автомашиныг жолоодон тээврийн прокурорын арын замаар Төмөр замын хэрэг эрхлэх газрын харалдаа явж байхад  явган хүний гарцгүй газар хүүхэд хөтөлсөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн замын үргэлжилсэн цагаан шугам дээр цаашаа хараад зогсож байсан. Хөдөлгөөн эхэлж замаа дагаад хөдлөн тэдний хажуугаар өнгөртөл нөгөө эмэгтэй хүүхэд цаашаа харсан чигээрээ гэнэт баруун гар, баруун хөлөө хойш савахад би машинаа зогсоосон. Хүүхэд уйлсан. Би ээжид нь хүүхдээ машинд суулга эмнэлэг явъя, цагдаад мэдэгдье гэтэл өөр машин зогсоогоод такси бариад яваад өгсөн. Би зам дээр 20 гаруй минут зогсож цагдаа ирэхийг хүлээгээд ирэхгүй болохоор нь харьсан. Надад цагдаа дуудах ямар ч асуудал байхгүй, хүүхэд миний машинд дайрагдаагүй гэдгийг би мэдэж байсан. Цаашаа хараад зогсож байсан хүүхдийн баруун хөлийн чигчий ганц хурууг дайрах ямар ч боломжгүй. Хэрэв миний машинд дайрагдсан гэж үзэж байгаа бол нотлох ёстой. Ямар ч нотолгоогүй хүүхдийн ботинкийг хураан авч үзлэг хийгээгүй, шинжилгээнд өгч дүгнэлт гаргуулаагүй, зургийг нь ч аваагүй байж намайг гүтгэсэн. Цагдаа нар лавшруулж шалгахгүйгээр, хэлж ярьсаар байтал намайг загнаж, үндэслэлгүй 500 000 төгрөгний хохирол төлүүлсэн. Намайг хуулийн үндэслэлгүй,  нотлох баримтгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216.1-д заасан 2 зүйл ангиар сэжигтэн, яллагдагчаар татаж, ял сонсгосон. Мөн оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгааг авсан. Би надад тулгасан 2 зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, хүүхэд дайраагүй гэдгээ хэлсээр байтал хилс хэрэгт гүтгэж хэлмэгдүүлсэнд гомдолтой байна. Надад хэрэг бүртгэгч “хэргийг чинь эвлэрснээр хэрэгсэхгүй болгоно, прокурорыг дуудахаар очоорой” гэснээс өнөөдрийг хүртэл хэрэгсэхгүй болгосон тогтоол, шийдвэрээ гардуулан өгөөгүй. Иймд хууль бусаар яллагдагчаар татан, таслан сэргийлэх арга хэмжээ авч сэтгэл санааны дарамтад оруулсан тул сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг, хууль бусаар төлүүлсэн 500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг нийт 6,500,000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү.

Шүүхээс томилсон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр 0409 дүгээр дүгнэлт учир дутагдалтай, буруу байсныг тогтоосон.  Эрүүгийн хэрэгт  дээрхи 0409 дүгээр буруу дүгнэлтийг үндэслэл болгож хууль бусаар яллагдагчаар татсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Б.Гэгээний ээж иргэн Г.Оюунгэрэлийн гомдол, мэдээллийн дагуу шалгахад хохирогч Б.Гэгээн нь Б.Сувданчимэгийн машинд мөргүүлж биедээ хүндэвтэр зэргийн гэмтэл авч хохирол хүлээсэн болох нь хохирогч Г.Оюунгэрэл, гэрч н.Батболд, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээч эмчийн 2777 дугаар дүгнэлт, Замын цагдаагийн газрын шинжээчийн 0409 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон тул Б.Сувданчимэгийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 50252400213 дугаар хэрэгт сэжигтэн, яллагдагчаар тооцож шалгасан.

Шинжээчийн 0409 дүгээр дүгнэлтээр Б.Сувданчимэгийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2.5-ын а, б, в дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоосон.   Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн буруутай үйл ажиллагааг тогтоосон нь Б.Сувданчимэгт сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдэлд хамааралгүй, харин хохирогчид холбогдох захиргааны арга хэмжээ авах үндэслэл болох байсан.

Түүнчлэн зам тээврийн осол гаргасны дараа хохирогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх, туслах бололцоотой байсан боловч эмнэлэгт хүргээгүй, түргэн тусламж дуудаагүй, мөн ослын талаар зохих байгууллагад мэдэгдэлгүй ослын газрыг орхин явсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул яллагдагчаар татсан.

Мөн тэрээр өөрийн гэм бурууг ухамсарлан хохирогчид 500,000 төгрөг төлсөн баримт, хэргийн материалтай танилцуулахад “санал хүсэлтгүй” гэж бичсэн баримтууд хэрэгт байдаг.

Б.Сувданчимэг нь гомдол мэдээллийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэснээс авахуулаад бүхий л шатанд, түүнчлэн шинжээчийн дүгнэлтүүдтэй 2015 оны 02 дугаар сарын 11, 16-ны өдөр, хэргийн материалтай 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус тус танилцаад гомдол гаргах эрхтэй байсан ч гомдол гаргаагүй.

Түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн аваад, Тээврийн прокурорын газрын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар прокурорын тогтоолоор хохирогч яллагдагчтай эвлэрсэн, хохирлоо төлсөн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208.1.3-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг тогтоолд Б.Сувданчимэг гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр байна.

Иймд Б.Сувданчимэг хууль бусаар яллагдагчаар татагдсан гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэв.

 

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Сувданчимэг нь гэм хорын хохиролд 6,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэлээ өөрийг нь хуулийн үндэслэлгүй, нотлох баримтгүйгээр сэжигтэн, яллагдагчаар татсан, гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч, хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан, хууль бусаар хохирол төлүүлсэн тул сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг, хууль бусаар төлүүлсэн 500,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг нийт 6,500,000 төгрөгийг төрөөс гаргуулна гэж тайлбарлав.

   Б.Сувданчимэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216.1-д зааснаар яллагдагчаар татсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан /хх 26/ нотлох баримтуудаар тогтоогдож байна.

   Уг эрүүгийн хэрэгт хийсэн 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 0409 тоот Шинжээчийн дүгнэлтээр Тоёота пассо маркийн 76-80 УНВ улсын дугаартай автомашины жолооч Б.Сувданчимэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 болон мөн дүрмийн 2.5-ын а, б, в дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн буруутай болохыг тогтоосон байна. Түүнчлэн Замын цагдаагийн газрын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 821 дүгээр бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хохирогч гарцгүй газраар зам хөндлөн гарч Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоосон хэдий ч нэхэмжлэгч Б.Сувданчимэгийг мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-ын а, б, в дэх хэсгийг зөрчсөн буруутай болохыг үгүйсгээгүй  байна. 

Нэхэмжлэгч хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг өнөөдрийг хүртэл гардуулаагүй тул гомдол гаргаж чадаагүй, боломжгүй байсан гэх боловч “Б.Сувданчимэгтэй харилцан тохиролцож хохирлын 500,000 төгрөгийг авсан тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” хохирогч Б.Гэгээний ээж Г.Оюунгэрэлийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хүсэлт /хх 39/, хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгавар болгон, хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх 38/, болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Б.Сувданчимэг өөрт холбогдох эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэгдснийг мэдээгүй, гомдол гаргах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзэх боломжгүй байна.

  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт хууль бусаар яллагдагчаар татагдсан, гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгахаар зохицуулжээ.

Иймд нэхэмжлэгч Б.Сувданчимэг хууль бусаар яллагдагчаар татагдсан, эрх бүхий этгээдийн шийдвэрээр түүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн болохыг нэхэмжлэгч нотлоогүй, хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбараар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас учирсан хохирлоо арилгуулахаар төрөөс шаардах эрхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                           

      ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сувданчимэгийн гэм хорын хохиролд 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

                                                                                                             

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.19 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                О.ОДГЭРЭЛ

 

                    ШҮҮГЧИД                                  Ц.САНСАРМАА

 

                                                              Да.ЭНХЦЭЦЭГ