Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 00157

 

 

 

 

 

 

 

 

 

                                      П.Одонцэцэгийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1101 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч П.Одонцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Батсүхэд

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нэхэмжлэгч П.Одонцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул

Хариуцагч Д.Батсүх

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа

Нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч П.Одонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие П.Одонцэцэг нь. Д.Батсүхтэй 2009 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд хүү Б.Хүрэлхүү нь 2010 онд төрсөн 6 настай, ам бүл З. Одоо тус аймгийн 5-14-7 тоотод амьдардаг. Нөхөр Батсүх нь 2011 оноос Эрдэнэт Үйлдвэрийн АТБ-д ажилд орсон цагаас эхлэн архи ихээр ууж эхэлсэн ба уусан үедээ агсам согтуу тавьж эхэлсэн бөгөөд хонуут өнжүүтээр алга болон гэртээ ирэх үедээ байнга зодож дарамтлаад хүн байхааргүй ааш авир гарган хүчирхийлдэг байсан ба сүүлдээ эрүүл үедээ ч уг авирыг гарган хөөж тууж, маш ихээр дарамтлах болсон. Мөн Батсүх нь гэр бүлээс гадуур эмэгтэй хүнтэй явалдаж энэ нь сүүлдээ даамжирсан. Мөн хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх болсон тул цаашид энэ хүнтэй хамт амьдрахад, амь нас эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул гэрлэлтийг цуцалж, хүү Хүрэлхүүг өөрийн асрамжид авч, 5-14-7 тоот гэр бүлийн дундын өмчөөс хүү бид 2-т оногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Хүүгээ өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгоно. Гэр бүлийн хөрөнгө болох 1 өрөө орон сууцнаас үнэлгээчний тогтоосон үнээс хүү бид 2-т оногдох хэсгийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Гэрийн дотроос хөргөгч, буйдан, плитка, ширээ авсан, Приус-20 машин надад байгаа. Байрны зээлийг Батсүх, машины зээлийг би төлдөг. Байр энэ хүнд үлдэж байгаа тул зөөлийн төлбөрийг хүүхдэд хуваахгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Д.Батсүх шүүхэд гаргасан тайлбартаа: Бид өөрсдийн гэсэн гэр орон байхгүй байсан бөгөөд бид миний төрсөн ах Д.Батсуурийнд 2011 оны 2-р сараас 2011-оны 7-р сар байж байгаад ах маань 2.0 сая төгрөг.хадмууд 2.0 сая төгрөг өгөөд би өөрөө ч зээл 6.0 сая төгрөг авч Орон аймаг Баян-Өндөр сум Хабитатад 11.0 саяар 2 давхар амины орон сууц аван тэндээ амьдрах болсон. Энэ хашаа байшингаа 2012 оны 5-р сард 14.0 сая төгрөгөөр зараад Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-14-07 тоот нэг өрөө орон сууцыг 42.500.000 төгрөгөөр 2012-05-03-ны өдөр авсан. Хашаа байшингийн үнэ 14.0 сая төгрөгөө урьдчилгаанд, УБҮ-ээс 8.0 сая төгрөг, 2012 ондоо 26.400.000 төгрөгийн зээл авч орон сууцны үнэнд өгөөд 2012 оны 5-р сараас хойш зээлээ төлсөөр 13.368.988 төгрөгийн үлдэгдэл өртэй байна. 2016-01-28-ны өдөр эхнэр П.Одонцэцэг 12.300.000 төгрөгийн зээл авч ПҮРҮС-20 суудлын авто машиныг 10.300.000 төгрөгөөр авсан.Энэ зээлийн хамтран зээлдэгч нь Д.Батсүх би байгаа юм.Энэ машин одоогоор эхнэр П.Одонцэцэгт байгаа. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс эхнэр П.Одонцэцэг 2016 оны 6-р сард 650.000 төгрөгөөр 2012 онд ВСВ-ээс авч байсан плетка-1 хөргөгч 750.000 төгрөгөөр авч байсан хөргөгч-1 ширхэг,буйдан-1 ширхэг.шилэн ширээ 1 ширхэг зэргүүдийг аваад явсан байсан./аяга,таваг,хөнжил гудсаа бүгдийг нь аваад явсан байсан. Би гэрлэлтээ цуцлуулж хүүгээ ээжийнх нь асрамжид үлдээж тэтгэлэг төлнө гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зохигчдын оршин сууж байсан 5-14-07 тоот 1 өрөө орон сууц бол гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх өмч.51 сая төгрөгөөр үнэлэгдсэн.Энэ 2 хашаа байшингаа зарж мөнгө нэмж зээлээд авч байсан.Одоо зээлийн үлдэгдэл 12 130 166 төгрөг.Зээлийг Батсүх төлдөг. Мөн Хаан банкнаас 12 300 000 төгрөгний зээл аваад 12 сая төгрөгөөр нь приус20 машин авсан.Машин Одонцэцэгт байгаа.зээлийг тэрээр өөрөө төлдөг.Зээлийн үлдэгдэл төлбөр 10 556 873 төгрөг.Нийт зээлийн өр төлбөрийн үлдэгдэл 22 687 039 төгрөг байна.Байр болон машин нийлээд 60 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн.З хүнд хуваахаар нэг хүнд 20 000 000 тегрөг оногдоно.Мөн өрийг 3 хүнд хуваахаар нэг хүнд 7 562 346 төгрөг оногдоно.Үүнээс Одонцэцэг болон хүүхдэд оногдох хувь нь 15 124 693 төгрөг болж байгаа тул 2 хүний 40 000 000 төгрөгнөөс үүнийг хасаад 24 875 307 төгрөг болох ба үүнээс Одонцэцэгт байгаа машины үнэ 9 000 000 төгрөгийг хасахаар 15 875 307 төгрөг үлдэх тул үүнийг Батсүхээс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1101 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан П.Одонцэцэг, Д.Батсүх нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2010-9-01 -нд төрсөн хүү Б.Хүрэлхүүг эх П.Одонцэцэгийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан Б.Хүрэлхүүг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50%иар,16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Батсүхээс тэтгэлэг тогтоож тэтгүүлж, Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар ...хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг зааж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1,129.2,130 дугаар зүйлийн 130.1-д заасныг аримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5-14-7 тоот 1 өрөө орон сууцыг Батсүхийн өмчлөлд үлдээж, ДБатсүхээс 21,869,834/хорин нэгэн сая найман зуун жаран есөн янга найман зуун гучин дөрвөн/ төгрөг гаргуулан П.Одонцэцэг,Б.Хүрэлхүү нарт олгохоор хуваарилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 371,400 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 267,299 төгрөг гаргуулан нэхэмжпэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Тус шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг 2016-09-12-ны өдрийн иргэний шүүх хурлаараа П.Одонцэцэгийн нэхэмжлэлтэй Д.Батсүхэд хариуцагдах гэрлэлт цуцлуулж.хүүхдийн асрамж тогтоолгон.гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хуваалгах шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэхдээ гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн заримыг буюу авто машиныг үлдээж.зээлийн төлбөр болох нэхэмжлэгч П.Одонцэцэгийн нэр дээр байгаа 10.556.873 төгрөгийг төлбөрт тооцолгүй орхилоо.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг нийт 60.0 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд нэг хүнд 20.0 сая төгрөг оногдох бөгөөд зээлийн нийт төлбөр 22.687.039 төгрөг болно. Өрийг гурав хуваахаар нэг хүнд 7.562.347 төгрөг болж байгаа бөгөөд нэхэмжлэгч П.Одонцэцэгийн хариуцах төлбөр /7.562.347*2=15.124.694/ 15.124.694 төгрөг болно. Нэхэмжлэгчид хариуцагчаас 15.875.306 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэх учиртай байсан.

Ийм: Дээрх шийдвэрийн 5 дахь заалтанд хариуцагч Батсүхээс 15.875.306 төгрөг гаргуулан П.Одонцэцэг.Б.Хүрэлхүү нарт олгуулах тухай гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.Одонцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нар давж заалдсан гомдолдоо: 5-14-07 тоот 1 өрөө байрны зах зээлийн үнэлгээ 51.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн ба хүү бид 2-т оногдох хувь хэсгээс банкны банкны зээлийн үлдэгдлийг хасч 21.869.834 төгрөг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь уг байранд супер засвар хийхэд би цалингийн зээл авч, уг зээлээ цалингаасаа төлж байсан. Приус машины цалингийн зээлээ одоо би төлж байгаа. Бид 2 хоёр талдаа цалингийн зээлтэй салсан. Иймд 2 зээлийн зөрүү 1.574.293 төгрөг байгаа бөгөөд хүү бид хоёрт оногдох хэсгээс зөрүүг хасч тооцвол 32.425.707 төгрөг гаргуулах үндэслэл байна.

2016.06.14 нөөс өнөөдрийг хүртэл хүүдээ ганц ч төгрөгний тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй бөгөөд шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалж хүсэлтийг шийдвэрлэх байтал огт шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.Одонцэцэг нь Д.Батсүхээс гэрлэлтээ цуцлуулах, хүү Б.Хүрэлхүүг өөрийн асрамжинд авах, тэтгэлэг тогтоолгох, 5-14-07 тоот 1 өрөө байрны үнээс оногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хүүхдийн асрамж тэтгэлэгийн талаар талууд маргаагүй, 1 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдэд тэгш хуваах зарчмаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь зөв боловч гэр бүлийн гишүүдийн дундын өмч, өр төлбөрийг адил тэгш хувааж хуваарилаагүй нь буруу болжээ.

Нэхэмжлэгч П.Одонцэцэг нь 12.300.000 төгрөгийн зээл /хамтран зээлдэгчээр Д.Батсүх оролцож/ авч Приус 20 маркийн машин худалдаж авсан П.Одонцэцэгийн өмчлөлд байгаа, зээлийн үлдэгдэл нь 10.199.928 төгрөг, 5-14-07 тоотод байрлах 1 өрөө байрыг хариуцагч Д.Батсүх 2012 онд зээлээр худалдаж авсан одоо 12.130.1611 төгрөгийн үлдэгдэлтэй, Д.Батсүхийн өмчлөлд байгаа зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх зохигчид хэн аль нь приус 20 машиныг хуваах хөрөнгөнд хамааруулахаар санал гаргаж байгаа, хариуцагч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөр өөрсдийн өмчлөлд үлдээхийг хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа учраас гэр бүлийн гишүүдийн дундын бүх эд хөрөнгийг тооцож гэр бүлийн гишүүдэд адил тэгш хуваарилах нь хуульд нийцэх учиртай. /Энэ талаар ч талууд гомдол гаргасан төдийгүй хариуцагчийн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаан дээр тайлбар гаргаж байжээ./

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.7-д заасан зээл өр төлбөр хариуцах зарчмын дагуу гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүдийн хамтран хүлээх үүргийн, эсхүл ашиг орлогыг нь гэр бүлийн хэрэгцээнд ашигласан гэр бүлийн гишүүдийн хэн нэгний хүлээх үүргийн төлбөрийг гаргуулах тухай зохицуулалтын дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг насанд хүрээгүй болон гэр бүлийн бүх гишүүнд адил хуваах, гэр бүлийн өр зээлийг /нийт 22.330.094 төгрөг/ насанд хүрсэн гишүүдэд адил тэгш хувааж хуваарилан, шүүхийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдааг зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ талаарх давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгч П.Одонцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нарын гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзнэ.

Анхан шатны шүүх 2016.06.20-ны өдрийн 142 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлага гаргасан байхад зөвхөн гэр бүлийн дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг нь гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлйин 66.1-д заасан шаардлагад нийцээгүй, захирамжийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг бүрэн заах бөгөөд нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлага байвал тус бүрийг тодорхой тусгах ёстой байсныг анхааруулж дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр дугаар сарын 12-ны өдрийн 1101 дугаар шийдвэрийн 5 дахь заалтын Иргэний хуулийн 129.1, 129.2, 130.1 гэсний дараа 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 130 дугаар зүйлийн 130.3, 129 дүгээр зүйлийн 129.7-д зааснаар гэж,  ...Д.Батсүхээс 21.869.834 төгрөг гэснийг 28.834.953 төгрөг гэж,

6 дугаар заалтанд улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- гэж нэмж, ...хариуцагчаас 267.299 төгрөг гэснийг 302.124 төгрөг гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.873 төгрөгийг, нэхэмжлэгч П.Одонцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177.032 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

                                            ШҮҮГЧИД                               Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ