Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/01415

 

Г.М-, Н.Б-, Б.Х-,

 Б.Д-нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Д.Цолмон, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/00955 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1367 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Г.М-, Н.Б-, Б.Х-, Б.Д-нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Б-, Р.Э- нарт холбогдох

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Ш.Б-, Р.Э- нарын гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Моломжамц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ариунзул, хариуцагч Ш.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагч Р.Э-, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хорооллын 25-р байрны 8 тоот 4 өрөө орон сууцыг нөхөр Н.Б-ын хуурай дүү Энхбаярт банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч Баянзүрх дүүргийн 189 дүгээр нотариат дээр очиж итгэмжлэл хийж өгсөн. Н.Б- хэлэхдээ санхүүжилт хийж байгаа Р.Э-т итгэмжлэл хийж өгч зээл авахуулах хүсэлтэй гэсэн. Намайг очиход итгэмжлэлийн маягт бэлдсэн байсан. Банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч бид гарын үсэг зурсан. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байр түрээслэгч н.Эрдэнэбаяр “шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирээд байрыг битүүмжлэх акт үйлдээд явлаа” гэж хэлсэн. Ингээд би итгэмжлэл хийж өгсөн нотариат дээр очиход “итгэмжлэл”-ийг хуулбарлаж өгсөн. Зээлийн гэрээ, барьцааны гэрээг нотариатч бас хийсэн байсан, гэрээг үзэхэд 2015 оны 07 дугаар сарын 03-нд Р.Э-, Ш.Б- нарын хувь хүний өндөр хүүтэй зээлд манай байр барьцаалагдсан гэдгийг мэдсэн. Бид орон сууцаа Р.Э-т “банкны зээлд барьцаалах итгэмжлэлийг олгосон байтал бидний итгэмжлэлээр олгоогүй хувь хүнд барьцаалсан, эрх ашгийг хохироосон, хууль бус учраас Р.Э-, Ш.Б- нарын хооронд байгуулагдсан 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь барьцааны гэрээ хийгдсэнийг мэдээгүй гэж ярилаа. 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Г.М-, нөхөр Н.Б-, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн нотариат дээр ирж итгэмжлэл хийж өгсөн. Итгэмжлэлээр Баянзүрх дүүргийн 1-р хорооны байрыг Р.Э-т барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл олгосон. Итгэмжлэл, зээлийн гэрээ, барьцааны гэрээг нэг дор байгуулахад бүгд байсан, гарын үсэг зурсан. Р.Э- нь Ш.Б-ы нөхөртэй найз бөгөөд зээл авах хүсэлтэй, барьцаанд тавих байр байсан тул гэрээ хийж Ш.Б-аас 50 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, зээлээ төлөөгүй тохиолдолд алданги 0,5 хувь төлөх, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон. 50 000 000 төгрөгийг 07 дугаар сарын 02-нд хүлээлгэж өгсөн, тэгэхэд Н.Б-, Г.М- нар бүгд байсан.

Гэрээ хуулийн хүчин төгөлдөр, Р.Э- нь зээлээс 16 000 000 төгрөг төлсөн, үндсэн зээл 49 000 000 төгрөг, хүүний хамт нийт 73 500 000 төгрөг гаргуулахаар шүүхэд өгсөн. Шүүх хуралдаанаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч төлбөрөө төлөөгүй учраас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарсан, албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсаныг нэхэмжлэгч Г.М- мэдэж байсан. Албадан дуудлага худалдаа явуулахад Г.М- өөрөө үнийн санал гаргасан, барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх тухай хурал болсон, хуралд Г.М- оролцсон. Хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд хугацаа өгөөч гэсэн хүсэлтийг хүлээн аваад 14 хоногийн хугацаа өгсөн. Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тогтоол ч гарсан. Төлбөр авагч Ш.Б- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Г.М- нь энэ бүхнийг өөрөө мэдэж байсан боловч олон удаа гомдол гаргаж шалгуулсан. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Р.Э- шүүхэд гаргасан тайлбартаа:

Н.Б-, н.Төгсбаяр бид 3 хамтран Булган аймгийн Баянуур суманд уурхайн нөхөн сэргээлтийн ажлын төсөл хэрэгжүүлэхээр болсон. Н.Б- ах Завхан аймагт нөхөн сэргээлтийн ажил хийхэд маш их мөнгө орсон тул хэн хэнд мөнгө хэрэг болсон. н.Төгсбаяр бид 2-т барьцаалах хөрөнгө байхгүй байсан тул Н.Б- ах хүүхдийнхээ байрыг барьцаанд тавья гэсэн. Ингээд би Ш.Б-аас 50 000 000 төгрөг зээлэхээр болж, Н.Б- ах 4 өрөө байр барьцаалах болсон. Тэр үед н.Дорждэрэм Дарханаас ирэхэд нь Драгоноос тосч авсан, ажил тарах гэж байсан учраас нотариат дээр яарч ирсэн.

Нотариат дээр Н.Б- ах, Б.Дармаа, Б.Х-, Г.М- нар ирсэн бөгөөд итгэмжлэл, зээлийн гэрээ, барьцааны гэрээ бүгдийг хамт хийсэн. Г.М- эгч тэр үед инээгээд “би юу хийчих вэ” гээд гарын үсэг зурсан. Гэрчлүүлсний дараа 50 000 000 төгрөгийг Н.Б- ах авсан, төлөх үүргийг өөрөө хүлээсэн. Энэ байрыг өндөр хүүтэй зээлд барьцаалсныг сүүлд мэдсэн гэдэг үндэслэлгүй. Намайг Баянзүрх дүүргийн цагдаад өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар шалгуулж байсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/00955 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Б-, Р.Э- нарын хооронд байгуулагдсан 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ш.Б-, Р.Э- нараас 407 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дүгээр сарын 12-ны өдрийн 1367 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/00955 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...56 дугаар зүйлийн 56.1.1...” гэснийг “...56 дугаар зүйлийн 56.1.8...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 815 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч Ш.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангах болсон үндэслэл болоод ямар нотлох баримт, үйл баримтаар нотлогдож байгааг дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Ш.Б-, Р.Э- нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх болсон үндэслэл, түүнийг нотлох баримтуудыг зааж тусгаагүй нь шүүхийн шийдвэрийг үндэслэл муутай буруу үнэлэлт дүгнэлт өгсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Мөн шүүх нэхэмжлэгч Г.М- нараас Р.Э-т олгогдсон итгэмжлэлд буруу үнэлэлт дүгнэлт өгсөн. Учир нь талууд уг итгэмжлэлийг хийх шаардлага болоод хүсэл зоригийн илэрхийлэл байсан бөгөөд тухайн үед талууд итгэмжлэлийг хийж эрх зүйн харилцаа үүсч нэхэмжлэгч нар нь Р.Э-аар дамжуулан хүсэл зорилгодоо хүрснийг үнэлж дүгнээгүй. Мөн Р.Э-т холбогдуулан шүүхэд миний бие хандсан бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/01346 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарсан байдаг. Уг захирамжаар талуудын хооронд байгуулагдсан итгэмжлэл болоод зээлийн гэрээ, барьцааны гэрээг хуульд заасны дагуу байгуулагдсаныг шүүх үнэлэлт дүгнэлт өгч нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрлэсэн. Мөн уг шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан ба уг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тэмдэглэлд нэхэмжлэгч Г.М- нь төлбөрийг төлнө 14 хоногийн хугацаа тогтоож өгнө үү гэх хүсэлтийг тухайн үед гаргаж байсан нь итгэмжлэлийг банкны барьцаанд тавих гэсэн юм хувь хүнээс зээл ав гэж хэлээгүй гэх энэ худлаа үйлдэлтэй нийцэхгүй байна.

Р.Э- нь тухайн үед өөрөө банкинд зээлтэй байсан бөгөөд ямар ч банкнаас зээл авах шаардлага нөхцөл бүрдэж байгаа гэдгээ хэлж надаас санхүүгийн асуудлаа Р.Э- болоод Н.Б- нар шийдүүлж авсан юм. Г.М- нар нь Р.Э- олгосон итгэмжлэлийг өнөөдрийг хүртэл шүүх болоод бусад эрх бүхий байгууллага хүчингүйд тооцсон шийдвэр байхгүй бөгөөд уг итгэмжлэлийг Нотариатын тухай хуульд заасны дагуу одоог хүртэл шүүх болоод Монголын нотариатчийн танхимд хандаж хүчингүй болгуулаагүй нь өөрсдийн төлөөлүүлэгчийн үйлдлээ одоог хүртэл хүлээн зөвшөөрч байгаагийн нэг үйлдэл гэж үзэж байна. Мөн шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн аваад 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлээд хариуцагч Ш.Б-д 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг, хариуцагч Г.Наранчимэгт 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг тус тус гардуулсан байна. Ингэхдээ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу шүүхээс хариуцагч нарыг дуудан ирүүлээгүйгээр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан гэж харагдахаар байна.

Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага болон бичгийн нотлох баримтуудад буруу үнэлэлт дүгнэлт хийж, хуулийг буруу хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

2015 оны хавраас эхлэн нэхэмжлэгч Г.М-ын хууль ёсны нөхөр болох Н.Б-ын санал болгосноор Завхан аймгийн Ургамал суманд нөхөн сэргээлтийн ажил хийхэд санхүүжилт хэрэгтэй учир иргэн Ш.Б-аас 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 50 000 000 төгрөг зээлэхээр түүний нөхөр Ж.Дорждэрэмтэй утсаар ярьж тохиролцон Дархан хотоос дуудан ирүүлж Н.Б- болон түүний эхнэр Г.М-, хүүхдүүдийн хамт уг зээлийг авахаар нотариат дээр цугларч итгэмжлэл, барьцааны гэрээ болон зээлийн гэрээ хийж, Н.Б- нь 50 000 000 төгрөгтэй дүйцхүйц 25 300 ам.долларыг хүлээн авч өөрөө зарцуулсан болно. Энэ үед Р.Э- миний бие тухайн үед “Монголын санхүүгийн групп” ББСБ-д зээлтэй байсан учир ямар нэгэн банк, болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах ямарч бололцоо байхгүй байсан. Энэ байдлыг Н.Б- болон хамтрагч М.Төгсбаяр бид бүгд ойлгож байсан учраас хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө олохоор тохиролцон уг зээлийг хийсэн. Энэхүү зээл нь бидэнд тухайн үед хэрэг болж бидний санхүүгийн хэрэгцээг хангасан юм. Тэр үед нэхэмжлэгч Г.М- нь энэ зээлийн талаар маш сайн мэдэж байсан төдийгүй 15 хувийн хүүтэй зээл авч байгааг хүлээн зөвшөөрч итгэмжлэл хийхэд гарын үсгээ зурсан юм. Г.М- нь одоо тэр үеийн байдлаа огт мэдээгүй дүр эсгэн Н.Б-т өр төлбөр хариуцуулахгүй арга хэрэглэн нотариатчийн алдааг ашиглан хариуцлагаас өөрсдөө зайлах оролдлого хийж байна. Энэ талаар Баянзүрх Дүүргийн прокурорын 3388 дугаар тогтоол дээр гэрч Н.Б-ын мэдүүлэг зэргийг анхаарч үзэх байсан. Тухайн үед нотриатч бидэнд гэрчлэхдээ хувь хүнээс зээл авч байгааг, 15 хувийн хүүтэй зээл авч байгааг асууж мэдсэн төдийгүй гэрээний тухай бидэнд тайлбарлаж, бид хүлээн зөвшөөрч гарын үсэг зурцгаасан.

Иймд Нотариатч Г.Наранчимэгийг хариуцагчаар оролцуулах ёстой гэж үзэж байна. Мөн Н.Б-ын эхнэр Г.М- гэгч нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох хурал дээр “73 сая төгрөгийг төлөхөд надад 2 сарын хугацаа өгөөч” гэж гуйж байсан. Өнөөдөр Н.Б- Г.М- нар нь Завхан аймагт хийсэн ажил үр дүнгүй болж, их хэмжээний өрөнд ороод хамтрагч М.Төгсбаяр, Р.Э- нартай өр зээлээ хуваалцахаар тохиролцсоны дараа заль зохиож гэр бүлээ цуцлуулсан хэдий ч одоо хүртэл хамтран амьдарч өр зээлээсээ зугтан бултаж байгааг шалгуулах хэрэгтэй байна. Г.М- нь Р.Э- намайг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан зүйл ангиар шалгуулж, уг хэрэг БЗД-н прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор хэрэгсэхгүй болсон. Энэ хэргийг шалгах явцад Н.Б-т хууль сануулж авсан мөрдөн байцаагчийн асуултанд өгсөн тайлбарыг татан авч шалгаагүй. Мөн тухайн үед хамтран ажилласан М.Төгсбаяр, Д.Отгонбаатар, Д.Даваадорж нараас гэрчийн мэдүүлэг аваагүй төдийгүй хэргийг дан ганц нэхэмжлэгчийн эрх ашгийг харж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь хариуцагч миний гаргаж өгсөн тайлбарыг нягталж үзээгүй, зөвхөн нэхэмжлэгч нарын тайлбар, нотлох баримтаар хэргийг шийдсэн төдийгүй хариуцагч болон гэрч нараас мэдүүлэг аваагүй нэхэмжлэгч Н.Б- нь хамтарч ажил хийх зорилгоор нэгдсэн санаа зорилготой зээл авч уг мөнгийг өөрийн биеэр авч явж зарцуулсан байтал хариуцагч биш нэхэмжлэгч болоод явж байгаа зэргийг анхаарч үзэлгүй зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин сайн шалгаж хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.М-, Н.Б-, Б.Х-, Б.Дармаа, Б.Маргад нар нь хариуцагч Ш.Б-, Р.Э- нарт холбогдуулан 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Ш.Б-, Р.Э- нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй мэтгэлцсэн байна.

Нэхэмжлэгч Н.Б- нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Р.Э-т итгэмжлэл олгожээ. Энэхүү итгэмжлэлийн дагуу Н.Б- өөрийн нэрийн өмнөөс Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 8 тоот Д-000102944, Ү-2204006257 улсын бүртгэлийн гэрчилгээтэй 43 мкв дөрвөн өрөө орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавихыг Р.Э-т зөвшөөрсөн байх ба зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрхийг олгожээ. Итгэмжлэлд Н.Б-аас гадна орон сууцны хамтран өмчлөгч Г.М-, Б.Дармаа, Б.Халиун гарын үсэг зурсан байх ба Б.Маргадын өмнөөс эцэг Н.Б-, эх Г.М- гарын үсэг зуржээ. Уг орон сууц нь Н.Б-, Г.М-, Б.Х-, Б.Дармаа, Б.Маргад нарын таван хүний өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нар нь дээрх итгэмжлэлд банкны зээлийн барьцааны тухай заасан байхад хариуцагч Р.Э- нь иргэн Ш.Б-тай 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийн сарын 15 %-ийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлийн гэрээний үүрэгт орон сууцыг барьцаалснаар итгэмжлэлд заагдаагүй бүрэн эрхийг эдэлсэн, улмаар Р.Э- болон Ш.Б- нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлсон байна.

Харин хариуцагч нар итгэмжлэлд “банкны зээлийн барьцаа” гэж тусгагдсан боловч иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдаж байгааг Н.Б- болон түүний эхнэр, хүүхдүүд бүгд мэдэж, итгэмжлэл олгох, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах, нотариатаар гэрчлүүлэх үед хамт байсан учир нэхэмжлэлийн үндэслэлийг бодит байдалд нийцээгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргааны зүйл болж буй итгэмжлэл, зээлийн болон барьцааны гэрээ нь нэг цаг хугацаанд буюу 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэг нотариатчаар гэрчлэгдсэн болох нь эдгээр баримт дээр дарагдсан нотариатын тэмдэг, нотариатын бүртгэлийн дэвтэр зэргээр тогтоогдсон байна. Түүнчлэн, нэхэмжлэгч Н.Б- нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс явуулсан эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хамтран өмчлөгч эхнэр Мөнхбат, охин Халиун, хүү Дармаа, охин Маргад нарыг нотариатын газар дуудаж, Энхбаярт итгэмжлэл хийж өгч, гарын үсэг зуруулсан” гэж тайлбарласан болох нь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3388 дугаар тогтоолд тусгагджээ.

Мөн тогтоолд зааснаар Н.Б- нь “Би Завхан аймгийн Ургамал суманд хувиараа алт олборлосон хүмүүсийн идэгдсэн газрыг санал болгож, хамтарч ажиллахаар болсон. Уг газрыг Энхбаяр бид нар өөрсдөө биеэрээ очиж үзсэн. Тэгээд нөхөн сэргээх ажилд шаардлагатай хөрөнгийг Энхбаяр ч тэр, би ч тэр цуглуулж эхэлсэн. ...Тухайн үед би эхнэртээ Энхбаярт итгэмжлэл хийж өгөөд байраа барьцаалуулж, хүнээс мөнгө авна гэж хэлсэн байсан. Банкны барьцаанд тавьж мөнгө зээлнэ гэсэн зүйлийг яриагүй. Тэгээд тохиролцсон ёсоор Энхбаяр нөхөн сэргээх үйл ажиллагаанд 50 сая төгрөгийг 100 хувь зарцуулсан, Би өөрөө хамтарч ажиллаж байсан болохоор мэдэж байна” гэж мэдүүлсэн байна.

Нэхэмжлэгч Н.Б-ын мөрдөн байцаалтын үед өгсөн уг мэдүүлэг нь хариуцагч Р.Э-ын шүүхэд гаргасан тайлбар, мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэгтэй агуулгын хувьд тохирч байна. Тухайлбал, Р.Э- мөрдөн байцаалтын үед “ ...мөнгө хайгаад явсан бөгөөд маш олон хүмүүс өндөр хүүтэй мөнгө зээлсэн. Үүний нэг нь миний найз Дорждэрэм байсан. Болдбаатар ах өөрөө барьцаа хөрөнгөнд нь манай хүүгийн байрыг тавья гэж санал хэлсэн байсан. Болдбаатар ах ирэхдээ эхнэр 2 хүүхдийн хамт ирсэн. ...Нотариатын газар Болдбаатар ах ирээд “чи ярьснаараа Дорждэрэмтэй гэрээгээ хийчих” гэж хэлэхээр нь юм бодооч үгүй за гээд хийсэн. Тэгээд надтай гэрээ хийхийн тулд байрыг захиран зарцуулах эрх үүсэх ёстой байсан учир Болдбаатар болон түүний гэр бүлийнхэн надад итгэмжлэл хийж өгсөн. Тэр итгэмжлэлийнх нь дагуу тэр дороо би Дорждэрэмийн эхнэр Бадамсайхантай зээлийн гэрээ хийж, 50 сая төгрөг зээлсэн. Тэгэхдээ эхнэр нь надад 50 сая төгрөгтэй дүйцэхүйц 25 300 ам.долларыг тэр өдрийн ханшаар бодож өгөөд байрыг нь барьцаалсан, Тэр мөнгийг би Болдбаатарт өөрийнх нь гарт шууд өгсөн. Тэгэхэд эхнэр, хүүхэд нь бүгд хараад байж байсан. Дорждэрэм, Бадамсайхан ч бас харж байсан” гэж мэдүүлсэн нь прокурорын тогтоолд тусгагджээ.

Энэ хэргийн нэхэмжлэгч Г.М- нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Ш.Б-ы мөнгийг төлөхөд 2 сарын хугацаа өгөхийг хүсч, уг мөнгийг түүний нөхөр Н.Б- Р.Э-тай хамт хэрхэн зарцуулсныг тайлбарлаж байсан нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлын протоколд тусгагдсан байна.

Дээрх байдлаас дүгнэж үзвэл маргааны зүйл болж буй итгэмжлэлд орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавих талаар заасан боловч иргэд хоорондын зээлд барьцааны гэрээ байгуулсан талаар нэхэмжлэгч нар мэдэж байсан гэж үзэхээр байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар Р.Э- болон Ш.Б- нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д заасан зохицуулалтыг анхаараагүйгээр хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй алдаа гаргажээ. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д “төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж заасан байна.

Нэхэмжлэгч нараас хариуцагч Р.Э-т 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр олгосон итгэмжлэлд Н.Б-ын нэрийн өмнөөс Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 дугаар байрны 8 тоот Д-000102944, Ү-2204006257 улсын бүртгэлийн гэрчилгээтэй 43 мкв дөрвөн өрөө орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавих,  зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах талаар заасан байхад Р.Э- банкнаас бус харин иргэнээс зээл авч, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхээр байх боловч тухайн хэлцлийн талаар төлөөлүүлэгч мэдэж, зөвшөөрсөн байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-д зааснаар нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй. Өөрөөр хэлбэл, Н.Б- нь Р.Э-ыг иргэнээс зээл авахыг мэдэж, зөвшөөрөн, орон сууцны хамтран өмчлөгч нарт энэ талаар ойлгуулсан атлаа итгэмжлэлийн стандарт маягтад “банкны зээлийн барьцаа” гэж бичигдсэнийг ашиглан барьцааны гэрээ байгуулсан Р.Э-ыг иргэнтэй барьцааны гэрээ байгуулахад өөрийгөө төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэж, улмаар түүний Ш.Б-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих  зохицуулалтыг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байх тул хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/00955 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1367 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8., 65 дугаар зүйлийн 65.1., 68 дугаар зүйлийн 68.1.-д зааснаар Ш.Б-, Р.Э- нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай Г.М-, Н.Б-, Б.Х-, Б.Дармаа, Б.Маргад нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ш.Б-аас төлсөн 407 950 төгрөгийг, Р.Э-аас төлсөн 407 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

                         ШҮҮГЧ                                                            Ц.АМАРСАЙХАН