Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1367

 

    Г.Мөнхбат, Н.Болдбаатар, Б.Халиунаа,

    Б.Дармаа нарын нэхэмжлэлтэй

     иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/00955 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Мөнхбат, Н.Болдбаатар, Б.Халиунаа, Б.Дармаа нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Бадамсайхан, Р.Энхбаяр нарт холбогдох

 

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Моломжамц,  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ариунзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбатын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол 25-р байрны 8 тоот 4 өрөө орон сууцыг нөхөр н.Болдбаатарын хуурай дүү Р.Энхбаярт банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч Баянзүрх дүүргийн 189 дугаартай нотариатч дээр очиж итгэмжлэл хийж өгсөн. н.Болдбаатар хэлэхдээ санхүүжилт хийж байгаа Р.Энхбаярт итгэмжлэл хийж өгч зээл авахуулах хүсэлтэй гэсэн. Намайг очиход итгэмжлэлийн маягт бэлдсэн байсан. Банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч бид гарын үсэг зурсан. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байр түрээслэгч н.Эрдэнэбаяр "шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирээд байрыг битүүмжлэх акт үйлдээд явлаа" гэж хэлсэн. Ингээд би итгэмжлэл хийж өгсөн нотариатч дээр очиход зээлийн гэрээ, барьцааны гэрээг нотариатч хийсэн байсан. Гэрээг үзэхэд 2015 оны 07 дугаар сарын 03-нд Р.Энхбаяр, Ш.Бадамсайхан нарын хувь хүний өндөр хүүтэй зээлд манай байр барьцаалагдсан гэдгийг мэдсэн. Бид орон сууцаа Р.Энхбаярт "банкны зээлд барьцаалах итгэмжлэлийг олгосон байтал бидний итгэмжлэлээр олгоогүй хувь хүнд барьцаалсан, эрх ашгийг хохироосон, хууль бус учраас Р.Энхбаяр, Ш.Бадамсайхан нарын хооронд байгуулагдсан 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Бадамсайханы шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь барьцааны гэрээ хийгдсэнийг мэдээгүй гэж байна. 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Г.Мөнхбат, нөхөр Н.Болдбаатар, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн нотариат дээр ирж итгэмжлэл хийж өгсөн. Итгэмжлэлээр Баянзүрх дүүргийн 1-р хорооны байрыг Р.Энхбаярт барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл олгосон. Итгэмжлэл, зээлийн гэрээ, барьцааны гэрээг нэг дор байгуулж, гарын үсэг зурсан. Р.Энхбаяр нь Ш.Бадамсайханы нөхөртэй найз бөгөөд зээл авах хүсэлтэй, барьцаанд тавих байр байсан тул гэрээ хийж Ш.Бадамсайханаас 50 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, зээлээ төлөөгүй тохиолдод алданги 0,5 хувь төлөх, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон. 50 000 000 төгрөгийг 7 сарын 02-нд хүлээлгэж өгсөн. Тэгэхэд Н.Болдбаатар, Г.Мөнхбат нар бүгд байсан. Гэрээ хуулийн хүчин төгөлдөр, Р.Энхбаяр нь зээлээс 16 000 000 төгрөг төлсөн, үндсэн зээл 49 000 000 төгрөг, хүүний хамт нийт 73 500 000 төгрөг гаргуулахаар шүүхэд өгсөн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсаныг нэхэмжлэгч мэдэж байсан. Албадан дуудлага худалдаа явуулахад Г.Мөнхбат өөрөө үнийн санал гаргасан, барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх тухай хурал болсон, хуралд Г.Мөнхбат оролцсон. Хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд хугацаа өгөөч гэсэн хүсэлтийг хүлээн аваад 14 хоногийн хугацаа өгсөн. Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тогтоол ч гарсан. Төлбөр авагч Ш.Бадамсайхан нь хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Р.Энхбаярын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.Болдбаатар, н.Төгсбаяр бид 3 хамтран Булган аймгийн Баяннуур суманд уурхайн нөхөн сэргээлтийн ажлын төсөл хэрэгжүүлэхээр болсон. Н.Болдбаатар ах Завхан аймагт нөхөн сэргээлтийн ажил хийхэд маш их мөнгө орсон тул тэнд мөнгө хэрэг болсон. н.Төгсбаяр бид 2-т барьцаалах хөрөнгө байхгүй байсан тул Н.Болдбаатар ах хүүхдийнхээ байрыг барьцаанд тавъя гэсэн. Ингээд би Ш.Бадамсайханаас 50 000 000 төгрөг зээлэхээр болж, Н.Болдбаатар ах 4 өрөө байр барьцаалах болсон. Нотариат дээр Н.Болдбаатар ах, Б.Дармаа, Б.Халиунаа, Г.Мөнхбат нар ирсэн бөгөөд итгэмжлэл, зээлийн гэрээ, барьцааны гэрээ бүгдийг хамт хийсэн. Г.Мөнхбат эгч тэр үед инээгээд "би юу хийчих вэ" гээд гарын үсэг зурсан. Гэрчлүүлсний дараа 50 000 000 төгрөгийг Н.Болдбаатар ах авсан, төлөх үүргийг өөрөө хүлээсэн. Энэ байрыг өндөр хүүтэй зээлд барьцаалсныг сүүлд мэдсэн гэдэг үндэслэлгүй. Намайг Баянзүрх дүүргийн цагдаад өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар шалгуулж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Бадамсайхан, Р.Энхбаяр нарын хооронд байгуулагдсан 2015 оны 07-р сарын 02-ны өдрийн "Барьцааны гэрээ"-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож,     

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ш.Бадамсайхан, Р.Энхбаяр нараас 407 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ш.Бадамсайханы давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангах болсон үндэслэл болоод ямар нотлох баримт, үйл баримтаар нотлогдож байгааг дурьдаагүй. Өөрөөр хэлбэл  шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Ш.Бадамсайхан, Р.Энхбаяр нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх болсон үндэслэл, түүнийг нотлох баримтуудыг зааж тусгаагүй нь шүүхийн шийдвэрийг үндэслэл муутай, буруу үнэлэлт дүгнэлт өгсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Мөн шүүх нэхэмжлэгч Г.Мөнхбат нараас Р.Энхбаярт олгогдсон итгэмжлэлд буруу үнэлэлт дүгнэлт өгсөн. Учир нь талууд уг итгэмжлэлийг хийх шаардлага болоод хүсэл зоригийн илэрхийлэл байсан бөгөөд тухайн үед   талууд итгэмжлэлийг хийж, эрх зүйн харилцаа үүсч нэхэмжлэгч нар нь Р.Энхбаяраар дамжуулан хүсэл зорилгодоо хүрснийг үнэлж дүгнээгүй.

Мөн миний бие Р.Энхбаярт холбогдуулан шүүхэд хандсан бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01346 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан байдаг. Уг захирамжаар талуудын хооронд байгуулагдсан итгэмжлэл болоод зээлийн гэрээ, барьцааны гэрээг хуульд заасны дагуу байгуулагдсныг шүүх үнэлэлт дүгнэлт өгч нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тэмдэглэлд нэхэмжлэгч Г.Мөнхбат нь “төлбөрийг төлнө 14 хоногийн хугацаа тогтоож өгнө үү” гэх хүсэлтийг тухайн үед гаргаж байсан нь итгэмжлэлийг банкны барьцаанд тавих гэсэн юм, хувь хүнээс зээл ав гэж хэлээгүй гэх тайлбар нийцэхгүй байна. Р.Энхбаяр нь тухайн үед өөрөө банкинд зээлтэй байсан бөгөөд ямар ч банкнаас зээл авах шаардлага нөхцөл бүрдэхгүй байгаа гэдгээ хэлж надаас санхүүгийн асуудлаа Р.Энхбаяр болоод Н.Болдбаатар нар шийдүүлж авсан юм. Г.Мөнхбат нар нь Р.Энхбаярт олгосон итгэмжлэлийг өнөөдрийг хүртэл шүүх болоод бусад эрх бүхий байгууллага хүчингүйд тооцсон шийдвэр байхгүй бөгөөд итгэмжлэлийг Нотариатын тухай хуульд заасны дагуу одоог хүртэл шүүх болоод Монголын нотариатчийн танхимд хандаж хүчингүй болгуулаагүй нь өөрсдийн төлөөлүүлэгчийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаагийн нэг илрэл гэж үзэж байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай тогтоолын 5.1-д "Иргэний хуулийн 56 дуraap зүйлийн 56.1.1-д заасан "хууль зөрчсөн" гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй" гэж тайлбарласан байна. Мөн шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлээд хариуцагч Ш.Бадамсайханд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг, хариуцагч Г.Наранчимэгт 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг тус тус гардуулсан байна. Ингэхдээ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч нарыг дуудан ирүүлээгүйгээр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан гэж харагдахаар байна. Мөн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр болсон шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагчаас "3 хариуцагч байна. Нотариатчийг хариуцагчаар татсан боловч түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй байна гэж” асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж магадгүй гээд татсан. Хэрэг нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа. Хариуцагчаас хасаад шийдвэрлүүлье" гэж хариуцагчаас татгалзсныг уг шүүх хуралдаанаар хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дахь хэсэг, мөн хуулийн 28.1, 28.3 дахь хэсэгт тус тус заасан. Мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу эрх эдэлж, үүрэг хүлээж нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байхад шүүх нэхэмжлэгчийн эдлэх эрхийг өмгөөлөгчид эдлүүлж хэрэгжүүлсэн нь дээрх хуулийг ноцтой зөрчиж байна гэж хариуцагч миний зүгээс үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шийдвэрлэсэн байтал шийдвэрийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ёсчлон бичиж хариуцагч надад гардуулсан байдаг. Энэ хугацаанд миний бие болоод өмгөөлөгч нар шүүхэд очиж шийдвэрийг гардаж авах талаар хандахад шийдвэр гараагүй гэсээр уг хугацаанд (1 cap 3 хоног) хүрсэн байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасныг мөн л зөрчиж байна. Иймд анхан шатны шүүх зохигчдын гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд болон тайлбараар Ш.Бадамсайхан, Р.Энхбаяр нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл нь хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтууд болоод үйл баримтаар нотлон тогтоогдохгүйгээр барахгүй нэхэмжлэгч нар нь уг асуудлыг мэдэж байсан хүсэл зоригийн илэрхийлэл байсан, зээлийн мөнгийг авч захиран зарцуулсан болохыг анхаарч үзнэ үү. Үүнд: зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, өмчлөгч нараас Р.Энхбаярт олгогдсон барьцаанд тавихийг зөвшөөрсөн итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэнгийн тайлбар, хариуцагч Г.Наранчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагч Р.Энхбаярын тайлбар.

Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3056 дугаартай тогтоолд "...Н.Болдбаатар, Р.Энхбаяр нар нь Завхан аймгийн Ургамал суманд уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр сум хөгжүүлэх санд байршуулах мөнгөний эх үүсвэр олохын тулд Н.Болдбаатар нь Р.Энхбаярт өөрийн өмчлөлийн байрыг барьцаанд тавих итгэмжлэл хийж иргэн Ш.Бадамсайханаас 50 000 000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлэн авсан байна. Уг мөнгийг Завхан аймгийн Ургамал суманд уул уурхайн нөхөн сэргээлт явуулах бизнесийн үйл ажиллагаандаа Н.Болдбаатар, Р.Энхбаяр нар нь хамтарч зарцуулсан болох нь гэрч нарын мэдүүлгүүдээр, гэрч Н.Наранчимэгийн мэдүүлэгт тус тус тусгагдсан байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3388 дугаартай тогтоолд гэрч Н.Болдбаатарын мэдүүлэгт "тухайн үед би эхнэртээ Р.Энхбаярт итгэмжлэл хийж өгөөд байраа барьцаалуулж хүнээс мөнгө авна гэж хэлсэн байсан. Банкны барьцаанд тавьж мөнгө зээлээч гэсэн зүйл яриагүй, тэгээд тохирсон ёсоор нөхөн сэргээх үйл ажиллагаанд 50 000 000 төгрөгийг 100 хувь зарцуулсан..." гэсэн. Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага болон бичгийн нотлох баримтуудад буруу үнэлэлт дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Р.Энхбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: 2015 оны хавраас эхлэн Г.Мөнхбатын нөхөр Н.Болдбаатарын санал болгосноор Завхан аймгийн Ургамал суманд нөхөн сэргээлтийн ажил хийхэд санхүүжилт хэрэгтэй учир иргэн Ш.Бадамсайханаас
2015 оны 07-р сарын 02-ны өдөр 50 000 000 төгрөг зээлэхээр түүний нөхөр Ж.Дорждэрэмтэй утсаар ярьж тохиролцон Дархан хотоос дуудан ирүүлж Н.Болдбаатар болон түүний эхнэр Г.Мөнхбат, хүүхдүүдийн хамт уг зээлийг авахаар нотариат дээр цугларч итгэмжлэл, барьцааны гэрээ болон зээлийн гэрээ хийж, Н.Болдбаатар нь 50 000 000 төгрөгтэй дүйцхүйц 25 300 ам.долларыг хүлээн авч зарцуулсан болно. Энэ үед миний бие "Монголын санхүүгийн групп" ББСБ-д зээлтэй байсан учир ямар нэгэн банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах ямарч бололцоо байхгүй байсан. Энэ байдлыг Н.Болдбаатар болон хамтрагч М.Төгсбаяр бид бүгд ойлгож байсан учраас хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө олохоор тохиролцон уг зээлийг хийсэн. Энэхүү зээл нь бидэнд тухайн үед хэрэг болж бидний санхүүгийн хэрэгцээг хангасан. Тэр үед нэхэмжлэгч Г.Мөнхбат нь уг зээлийн талаар маш
сайн мэдэж байсан төдийгүй 15 хувийн хүүтэй зээл авч байгааг хүлээн зөвшөөрч
итгэмжлэл хийхэд гарын үсгээ зурсан. Г.Мөнхбат нь одоо мэдээгүй дүр эсгэн Н.Болдбаатарыг өр төлбөр хариуцуулахгүй арга хэрэглэн нотриатчийн алдааг ашиглан хариуцлагаас өөрсдөө зайлах оролдлого хийж байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын 12-р сарын 22-ны 3388 дугаар тогтоол дээр гэрч Н.Болдбаатарын “Бид тохирч хүвь хүнээс зээл авахаар
тохирсон” гэх мэдүүлэг зэргийг анхаарч үзэх байсан.

Тухайн үед нотариатч бидэнд гэрчлэхдээ хувь хүнээс зээл авч байгааг, 15 хувийн
хүүтэй зээл авч байгааг асууж мэдсэн төдийгүй гэрээний тухай бидэнд
тайлбарлаж, бид хүлээн зөвшөөрч гарын үсэг зурцгаасан. Иймд Нотариатч
Г.Наранчимэгийг хариуцагчаар оролцуулах ёстой гэж үзэж байна. Мөн Г.Мөнхбат нь 2016 оны 08-р сарын 16-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох хурал дээр 73 000 000 төгрөгийг төлөхөд надад 2 сарын хугацаа өгөөч” гэж гуйж байсан.
Өнөөдөр Н.Болдбаатар, Г.Мөнхбат нар нь Завхан аймагт хийсэн ажил үр дүнгүй болж, их хэмжээний өрөнд ороод хамтрагч М.Төгсбаяр, Р.Энхбаяр нартай өр зээлээ хуваалцахаар тохиролцсоны дараа заль зохиож гэр бүлээ цуцлуулсан хэдий ч одоо хүртэл хамтран амьдарч өр зээлээсээ зугтан бултаж байгааг шалгуулах хэрэгтэй.

Г.Мөнхбат нь намайг эрүүгийн журмаар шалгуулж, уг хэрэг БЗД-н прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон. Энэ хэргийг шалгах явцад Н.Болдбаатарт хууль сануулж авсан мөрдөн байцаагчийн асуултанд өгсөн тайлбарыг татан авч шалгаагүй. Мөн тухайн үед хамтран ажилласан М.Төгсбаяр, Д.Отгонбаатар, Д.Даваадорж нараас гэрчийн мэдүүлэг аваагүй төдийгүй хэргийг дан ганц нэхэмжлэгчийн эрх ашгийг харж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Миний өмгөөлөх эрх хангагдаагүй ба миний бие хууль эрх зүйн мэдлэг дутуугаас өмгөөлөгч авах эрхээр хангагдаагүй шүүх хуралд оролцсон болно. Иймд шудрага шүүх хэргийг дахин нягталж ул суурьтай шалган, буруутай этгээдийг тогтоож, мөнгө зээлдүүлсэн Ш.Бадамсайханыг хохиролгүй болгож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг залруулан өөрчлөх шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Г.Мөнхбат, Н.Болдбаатар, Б.Халиунаа, Б.Дармаа нар нь хариуцагч Ш.Бадамсайхан, Р.Энхбаяр нарт холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаардсныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Г.Мөнхбат, Н.Болдбатар, Б.Халиунаа, Б.Дармаа, Б.Маргадыг төлөөлж хууль ёсны төлөөлөгч Н.Болдбаатар нар нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Р.Энхбаярт "Итгэмжлэл" олгож, улсын бүртгэлийн Ү-2204006257 дугаарт бүртгэгдсэн өөрсдийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хорооллын 25-р байрны 8 тоот 4 өрөө орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон, /хх-5,33/ Р.Энхбаяр нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ш.Бадамсайхантай "Зээлийн гэрээ" байгуулж 50 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэйгээр зээлэхдээ 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан барьцааны гэрээг байгуулсан /хх-6, 7/ үйл баримт тогтоогдсон байна.

 

Хариуцагч Р.Энхбаяр нь Ш.Бадамсайхантай бусдын өмчлөлийн зүйлийг барьцаалах гэрээ хийх тохиолдолд тухайн хөрөнгийн өмчлөгчөөс олгогдсон итгэмжлэл, зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлж хэрэгжүүлэх үүрэгтэй.

 

Р.Энхбаярт өмчлөгч нараас Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасны дагуу олгосон итгэмжлэлд Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12-р хороолол 25-р байрны 8 тоот 4 өрөө орон сууцыг банкны зээлийн гэрээний барьцаанд тавих эрхийг олгосон байна. Банкны зээлийн гэрээ гэдгийг Иргэний хуулийн 451 дугаар зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүрээнд ойлгох бөгөөд  итгэмжлэлд зөвхөн энэ төрлийн зээлийн гэрээний барьцаанд тавих зөвшөөрлийг олгосон гэж үзнэ. Харин Ш.Бадамсайхан, Р.Энхбаяр нарын хооронд байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцаагаар хангагдах шаардлага үүсэж буй үүрэг нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлээр зохицуулсан зээлийн гэрээний харилцаа байх тул уг хэлцлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй итгэмжлэлтэй төлөөлөгчтэй хийгдсэн гэж үзэхээр байна. Энэхүү үндэслэлээр уг барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж шүүх тогтоосныг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгч нар буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар нь барьцаалагч Ш.Бадамсайханы өмнө тодорхой үүрэг хүлээгээгүй бөгөөд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Шүүх нэхэмжлэгч нараас хариуцагчид олгосон итгэмжлэл, барьцааны гэрээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх шаардлагыг зөрчөөгүй, хариуцагч нарт эрх, үүргийг тайлбарлах хуульд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн ба Р.Энхбаяр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авах талаар хүсэлт гаргаж байгаагүй, энэ талаар нотлох баримт авагдаагүй тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, гомдол үндэслэлгүй болно.

 

Харин анхан шатны шүүх хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл болох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримталж, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд оновчтой бус байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дах хэсэгт заасан үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/00955 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...56 дугаар зүйлийн 56.1.1...” гэснийг “...56 дугаар зүйлийн 56.1.8...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 815 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

       

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

 

                                                                                        Б.НАРМАНДАХ