Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/01451

 

“А” ББСБ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/01268 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1555 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “А” ББСБ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.М-ад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11 582 087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.М-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насантогтох, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.М- 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөг, сард 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Гэрээний хугацаанд буюу 2016 оны 05 сар хүртэл үндсэн зээлд 7 947 501 төгрөг, зээлийн хүүд 3 831 525 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 24 445 төгрөг төлсөн. Зээлдэгч нь цайны газрыг бусдад түрээслэдэг бөгөөд зээлийг цайны газартаа засвар хийх зориулалтаар авсан. Одоо зээлийн үлдэгдэл 7 052 208 төгрөг, зээлийн хүү 3 772 620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 756 968 төгрөгийг төлөөгүй байгаа тул 11 582 208 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

2016 оны 03 сараас зээлээ төлж чадаагүй нь эдийн засгийн хямралтай холбоотой, түрээслэгч нар түрээсээ өгч чадахгүй болсон. 2016 оны 10 сараас хүүхэд маань хүнд өвдөж, хүүхдээ сахиж, орлого тасарсан. Би зээл авсан тул төлнө. Миний амьдралын хүнд нөхцөл байдлыг харгалзан, нэмэгдүүлсэн хүү болон зээлийн хүүг гүйцэд төлөх боломжгүй байгааг харж үзнэ үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/01268 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Г.М-аас зээлийн гэрээний үүрэгт 11 106 926 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 475 161 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 200 270 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 192 661 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1555 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “А” ББСБ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Г.М-ад холбогдох 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/01268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 661 төгрөгийг улсын орлогод үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Миний амьдралд тооцоолж төлөвлөх боломжгүй гачигдал гарч зээлээ төлж чадахгүй график алдсан. Би учир байдлаа амаар болон бичгээр удаа дараа мэдэгдэж байсан. Хуримтлагдсан хүү 3 772 620 төгрөгийг төлөх боломжгүй байгааг харгалзан үзэж ядаж хүү, алдангийн 50 хувийг хасч тооцож өгнө үү гэжээ. 

                                                                           ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Г.М-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 11 582 087 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрөөгүй нэхэмжлэлийг татгалзаж маргажээ.

Зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч тал хариуцагчид 15 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлсэн ба зээлдэгч нь үндсэн зээлээс 7 947 501 төгрөг, хүүд 3 831 525 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 162 400 төгрөг төлсөн байна. Дээрх гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгогдсон зээлийн харилцааг үүсгэсэн байна.

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дууссан байх ба шүүх нэхэмжлэгчийг үндсэн зээлээс гадна нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д заасан нэмэгдүүлсэн хүүгийн шүүхээс гаргасан тооцооны талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй болно.              

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/01268 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1555 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192 661 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН