Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 207/ма2016/00159

 

 

 

 

 

 

 

 

                                     

****ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1034 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ****ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****д холбогдох

891.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ****гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч ****

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр **** нь **** дугаарын утаснаас залгаж гар утас зээлээч гэсэн, энэ өдөр бид хоёр утсаар ярьж тохиролцоод 2.881.000 төгрөгний гар утсыг зээлж авсан, захисан утсыг **** тендерийн машинд өгч явуулсан. Үүнээс хойш 2.881. 000 төгрөгнөөс 2.150.000 төгрөгийг ****тоот дансанд хийсэн. Үлдэгдэл 731.000 төгрөгийг нэхсэн боловч олон шалтгаан тоочиж өдийг хүртэл өгөөгүй. Үүнээс болж 2016 оны 06 дугаар сарын 2-ны өдөр **** хотод ирж тус аймгийн Цагдаагийн газар өргөдөл гаргасан. Дахин 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ирсэн. Иймд ****хотын хооронд машинд бензин хийсэн 160.000 төгрөгний зардлыг нэмэн нийт 891.000 төгрөгний хохирлыг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **** бид хоёр 2016 оны 3 сараас эхлээд 4 сар хүртэл 6 удаа утас авч өгөлцсөн. Хамгийн эхэлж 2016 оны 3 дугаар сарын 16-нд 895 000 төгрөгийн үнэтэй 7 ширхэг утас, 3 дугаар сарын 21-нд 1.940.000 төгрөгийн үнэтэй 12 утас, 3 дугаар сарын 26-нд 1.315.000 төгрөгийн үнэтэй 10 утас, 3 дугаар сарын 29-нд 1.510.000 төгрөгийн үнэтэй 14 ширхэг утас, 4 дүгээр сарын 5-нд 1 990 000 төгрөгөнд 15 ширхэг утас, 4 дүгээр сарын 9-нд 2.665.000 төгрөгийн үнэтэй 26 ширхэг утас авсан. Сүүлд авсан зарим утаснууд нь эвдэрхий байсан болохоор 4 дүгээр сарын 11-нд эвдэрхий 5-н утсан дээр нь өөрийнхөө нэг утсыг нэмж 6 утас буцааж явуулсан. Би утас авч байх хугацаандаа нийтдээ утасны мөнгө гэж 10 сая төгрөг шилжүүлсэн. Миний тооцоогоор 280.000 төгрөгийн үлдэгдэл байсан. Тухайн үед тэр мөнгийг нь өгнө би чамаас утас авахаа болъё гэж хэсэн чинь уурлаад байхаар нь би нөхрийнхөө таньдаг дүүг гуйгаад эвдэрхий утсыг хот руу өгч явуулсан. Одоо би бол ****д төлөх ямар нэгэн төлбөр байхгүй. Үлдэгдэл мөнгөнд нь буцааж эвдэрхий утаснуудыг нь өгч явуулсан. Мөн тэр хүн ****эд ирсэн гээд байгаа боловч ирээгүй. Хэрэв ирсэн бол над дээр ирж уулзах байсан. Мөн бензиний мөнгийг ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1034 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч ****гаас 731.000 төгрөг гаргуулж нэхэмжпэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.900 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ****гаас 22.094 төгрөг гаргуулан нэхэмжпэгч ****д олгож шийдвэрлэжээ.

                      Хариуцагч **** давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ төлөх мөнгөний оронд гар утаснуудыг нь буцаагаад өгснийг анхан шатны шүүх хуралдаанд орсон гэрчүүд гэрчилнэ. Гэрчийн мэдүүлгийг шүүх огт үнэлэхгүй байна.Тэр хүн надаас мөнгөний оронд утас авчихаад ахиад мөнгө авна гэдэг бол шудрага ёсонд нийцэхгүй. Би гомдолтой байна гэжээ.

                                                             ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч **** гар утасны зөрүү үнэ, замын зардал бүгд 891.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хариуцагч гар утасны тооцоог бүрэн хийж дуусгасан, төлбөр тооцоогүй гэсэн үндэслэлээр шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэгч ****ийн шилжүүлсэн гар утасны үнийн дүнгээс 731.000 төгрөгийг хариуцагч дутуу шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэсэн дүгнэлт хийж хариуцагч ****гаас гар утасны үнэ 731.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч **** “... 2.881.000 төгрөгний үнэ бүхий гар утсыг нэхэмжлэгчээс зээлээр худалдан аваагүй харин нийт 10.315.000 төгрөгний үнэ бүхий гар утаснуудыг авснаас 9.578.800 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлж өгсөн, 4 ширхэг гар утсыг буцаан өгч явуулсан” гэх хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэгч няцааж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүх нотолгооны үүргийг хариуцагчид хариуцуулсан нь буруу байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүргийг хүлээдэг ба зохигчдын аль нэгэнд хуулиар нотлох үүргийг хүлээлгэх бөгөөд зээлээр худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн барааны үлдэгдэл мөнгөө буцаан шаардаж байгаа тохиолдолд шаардлага хэрэгжүүлж байгаа тал буюу нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч **** нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.3-д Худалдагч гэрээ болон дагалдах баримт бичгийн хувийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй. гэж заасны дагуу хариуцагч ****д шилжүүлж буй гар утасны марк, үнэ зэрэг байдлыг тодорхойлох дагалдах баримт бичгийн хувийг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүйгээс гадна хариуцагч ****гийн буцаасан гар утсыг хүлээж аваагүй гэдгээ нотолж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгч ****ийн гар утасны үнийн зөрүү, замын зардал бүгд 891.000 төгрөгийг хариуцагч ****гаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1034 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар ****ийн 891.000 төгрөгийг хариуцагч ****гаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.900 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу хариуцагч ****гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.100 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                     ШҮҮГЧИД                                  Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ