| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 106/2019/0809/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2023-03-15 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.10.4.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 48
Б.М, З.Ж нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.З, З.М, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, Б.Наранцэцэг, шүүгдэгч З.Ж-ын өмгөөлөгч Б.Дашдорж, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 684 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1167 дугаар магадлалтай, Б.М, З.Ж нарт холбогдох эрүүгийн 1927000710226 дугаартай хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.М, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Галдан бошигт овогт Б.М нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэрэгт,
2.Монгол Улсын иргэн, 1955 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Харчу овогт З.Ж нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхшүүгдэгч Б.М-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, шүүгдэгч З.Ж-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар Б.М-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар З.Ж-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан 6 жил хорих ялаас 2 жилийг хасаж, эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, З.Ж-т оногдуулсан 2 жил хорих ялаас 2 жилийг хасаж, түүнийг ял эдэлсэнд тооцож,
Б.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 412 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, З.Ж-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос З.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч З.Ж-т холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Ж-ын өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.З, Б.М нарын өмгөөлөгч Ц.Амар, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, Б.Гэрэл-Очир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.М-ийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 87 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг 10 минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэрт “Уугант” гэх газарт "Субару” маркийн “Форестер” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс, Х.Б-ыг мөргөж, амь нас нь хохирсон,
шүүгдэгч З.Ж нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг 15 минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэрт “Уугант” гэх газарт “Ниссан” маркийн “Патрол” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэлд мөргөгдөн зам дээр хэвтэж байсан Х.Б-ыг дайрч, амь нас нь хохирсон гэх эрүүгийн 1927000710226 дугаартай хэрэгт Б.М, З.Ж нарыг холбогдуулан хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
… Давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Прокуророос З.Ж-ыг “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэснийг шүүх үгүйсгээгүй атлаа түүний гэм буруу байхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж заажээ.
Энэ заалтаас үзэхэд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан гэсэн агуулгаар дүгнэх ёсгүй. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэснээр бол З.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодон явахад гэрлийн гялбаа үүсэх юм уу, хөдөлгөөнд аюул саад тулгарсан үед ямар ч тохиолдолд хурдыг хасч, улмаар тээврийн хэрэгслийг зогсоох үүрэгтэй байсан. Гэтэл энэ нөхцөл байдал үүссэн буюу жолооч үүргээ биелүүлээгүй байхад гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/684 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ДШМ/1167 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Шүүгдэгч Б.М хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “…Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж, гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа анхан болон давж заалдах шатны шүүхэд удаа дараа илэрхийлсэн боловч тус шүүхүүд надад хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтуудыг хэрэглээгүй, 6 жилийн хорих ял оногдуулж, З.Ж-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийг хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Миний бие гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр болон бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хоёр хүүхэд маань нас бага учир эхнэр ажил хийдэггүй, хүүхдүүдээ асардаг. Би ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, амьдралаа авч явдаг байсан. Одоо би хоригдож байгаа учир эхнэр маань хоёр хүүхдийн хамт өдөр хоногийг хэцүү өнгөрүүлж байна. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 1167 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтуудыг хэрэглэж хорих ялыг багасгаж өгнө үү” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, мөн зүйлийн 1.3-т “Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” бол гэж заасныг үндэслэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 12-ны өдрийн ШЦТ 684 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 сарын 08-ны өдрийн ДШМ 1167 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны журмаар дараах гомдол гаргаж байна.
Шүүхээс гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандсан сэтгэхүйн дотоод харьцаа, илэрхийлэгдэж байгаа байдал, тэдгээрийг тогтоосон нотлох баримтуудын харилцан хамаарал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад процессын хэлбэр ба баталгаа хэрхэн хангагдсан, эрүүгийн хэрэг дээр нотолгооны зүйл нотлогдсон байдал зэргийг бүхэлд нь хянан үзэж, хууль зүйн бодит дүгнэлт хийхийг хууль зүйн зарчим, хэм хэмжээ шаарддаг. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.М амь хохирогч Х.Б-ыг тээврийн хэрэгсэл ашиглаж амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 захь хэсэгт зааснаар зүйлчлэн ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, энэ нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх хэм хэмжээнд нийцээгүй гэж үзэж байна...
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих” гэмт хэргийг, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хүний амь нас“ хохирсон бол хүндрүүлэх шинж болгон хуульчилжээ. Зам тээвэр хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн субъектив шинж нь гэм буруугийн холимог хэлбэр буюу зам тээвэр, хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөн үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүнээс бий болсон хор уршигт болгоомжгүй хандсан байхыг ойлгох ба гэм буруугийн санаатай хэлбэрээс хүсэл зоригийн шинжээрээ ялгагдан зүйлчлэгддэг. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээ, хязгаар, нотолгооны хүчин чадал, харилцан хамаарал зэргийг задлан шинжилж, нэгтгэн дүгнэвэл амь хохирогч Х.Б-ыг тээврийн хэрэгслээр дайрч амь насыг хохироосон Б.Мөнх-Эрдэнийн үйлдлийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх гэрч Б.Н нь шүүгдэгч Б.М-тэй найз нөхдийн дотно харилцаатай болох нь тогтоогдож байхаас гадна мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн эхний мэдүүлэгтээ “Амь хохирогч Х.Б шүүгдэгч Б.М хоёрын хувийн таарамжгүй харилцаа сумын төвөөс эхэлж, улмаар маргалдаж, зодолдсон, Б.М-ийн согтуурсан, биеэ авч явсан байдал, мөн хэргийн газарт “... бие засах гээд буусан, замын хажууд дөнгөж гармагц гэнэт машин “огцом” хаазлах чимээ гарсан, амь хохирогч ёолж замын голд дээшээ харж хэвтсэн...” гэж хэрэг гарсан байдлын талаар маш тодорхой мэдүүлсэн. Гэрчийн анхны мэдүүлгээр тогтоогдож буй нөхцөл байдлаас үзэхэд Б.М хувийн таарамжгүй байдлаас шалтгаалан амь хохирогчийг тээврийн хэрэгсэл ашиглан амь насыг нь хохироосон байх хангалттай үндэслэл бий болсон байна. Хэрэг үйлдэгдэх агшин зуурын хугацаа, тээврийн хэрэгслээр мөргөсөн зай, тээврийн хэрэгслийг огцом хаазалж хөдөлгөсөн зэрэг үйлдэл нь шүүгдэгч Б.М-ийн үйлдэлдээ хандсан сэтгэхүйн дотоод харьцаа болох гэмт хэрэг үйлдсэн санаа, зорилго субъектив шинжийг тогтоосон гэж үзэх үндэслэлтэй.
Хуулийн хэрэглээний хувьд анхан шатны шүүхээс тээврийн хэрэгслийг ашигласан байдалд дүгнэлт хийж, харин субъектив талд дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “гэмт хэргийн сэдэлт, зорилго гэм буруугийн хэлбэрийг нотолно” гэж заасантай нийцээгүй байна. Гэрч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа ноцтой зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа нь “зориуд санаатай худал мэдүүлэг” өгөх гэмт хэргийн шинж байгааг шалгаж тогтоох замаар хэргийн бодит байдлыг тогтоох тухай дээд шатны шүүхийн захирамжийн биелэлт хангагдаагүй, хэргийн бодит байдлыг тогтоож, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн зарчим бүрэн хангагдахгүй байхад хүргэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.М нь амь хохирогч Х.Б-ыг хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалж, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл ашиглаж амь насыг нь хохироосон үйлдлийг гэм буруугийн шууд бус санаагаар үйлдсэн гэж өмгөөлөгчийн байр сууринаас үзэж байна. Өөрөөр хэлбэл, Б.М нь оюун санааны шинжийн хувьд өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарласан, хүсэл зоригийн шинжийн хувьд Х.Б-ын амь насыг хохироох хор уршгийг хүсээгүй боловч тээврийн хэрэгсэл ашиглаж түүнийг мөргөсөн үйлдлээрээ амь насыг хохироосон хор уршигт хүргэж, шууд бус санаагаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотолгооны хэмжээ, хязгаарын хувьд бүрэн тогтжээ гэж үзэж байна. Иймд тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Үйлчлүүлэгчийнхээ хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч Б.М гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүхээс Б.М-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлбэл зохих нөхцөл байдлыг дүгнэж үзээгүй байна. Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдал байхад 6 жил хорих ял оногдуулсан нь хүндэдсэн гэж үзэж байна. Иймд Б.М-д оногдуулсан 6 жил хорих ялыг багасгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Б.Наранцэцэг тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Миний бие энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Б.М-ийг гэм буруугаа хүлээгээгүй үндэслэлээр 1 жил гаруй цагдан хорьсон. Миний хувьд Б.М-ийг энэ хэрэгт буруугүй гэж үздэг. Хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гээд гурван удаа буцсаны дараа Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш нар аргагүйн эрхэнд дүгнэлт гаргасан учир Б.М гэм буруугаа хүлээсэн байх. Гэтэл шүүх хэтэрхий нэг талыг барьж энэ хэргийн гол буруутан З.Ж-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжтой байсан” гэв.
Шүүгдэгч З.Ж-ын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүх З.Ж-ын автомашинд зорчиж явсан гэрчүүдийн мэдүүлэгт огт дүгнэлт өгдөггүй. Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь биеийн баруун хэсэгт үүссэн байдаг. Хэрэв З.Ж амь хохирогчийг дайрсан бол түүний толгой машины доогуур байх байсан. З.Ж хэрэг гарсны дараа очсон бөгөөд машин замаасаа хэрхэн хазайсан зэрэг нөхцөл байдалд анхан шатны шүүх анхаарал хандуулаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын прокурор О.Сарангэрэл тус шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчиж Х.Б-ыг "Субару Форестер” загварын автомашинаар мөргөж унагаасны дараа шүүгдэгч З.Ж “Ниссан Патрол” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр дайрсны улмаас Х.Б-ын амь нас хохирсон үйл баримтыг зөв тогтоосон байна. Анхан шатны шүүх тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.М, З.Ж нарыг гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулж, Өршөөл үзүүлэх хуулийн 6.2 дугаар зүйлд хамруулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч З.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж З.Ж-ыг цагаатгасан талаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгалийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд З.Ж осол болсон газар дөхөж ирэх үед Д.М-ийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн гэрэл ассан байсан талаар буюу гялбаанд орсон талаар мэдүүлсэн бөгөөд энэ үед тээврийн хэрэгслийг хурдыг хасах, шаардлагатай тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй. Дээрх үйл баримт нь гэрч Б.Н-ын мэдүүлгээр давхар нотлогдсон. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 684 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1167 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгалийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.М, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.М, З.Ж нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
2.Шүүгдэгч Б.М нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Х.Б, Б.Н нартай хамт согтууруулах ундаа хэрэглэж, улмаар хүндээр согтсон амь хохирогч Х.Б-той (шинжилгээгээр Б.Мөнх-Э-ний цусанд 1.6 промилль, Х.Б-ын цусанд 3.3 хувийн промилль спиртийн агууламж илэрсэн, 2хх-212) хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, 00 цагийн үед Нарийн хүр багийн "Уугант" гэх газар түр зогсолт хийж хамт буусан боловч удалгүй Х.Б, Б.Н нарыг орхин тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэх үедээ машиныхаа зүүн урд талын хэсгээр Х.Б-ыг мөргөж унаган биед нь баруун дунд чөмөгний бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан,
шүүгдэгч З.Ж-ын хувьд дээр дурдсан газар, цаг хугацаанд "Nissan Patrol" загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа автомашинд мөргөгдөн хүндээр гэмтсэний улмаас замын зорчих хэсэгт хэвтэж байсан Х.Б-ыг дайрч, биед нь бүсэлхий баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж, улмаар Х.Б нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан үйл баримт анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
3.Амь хохирогч Х.Б нь шүүгдэгч Б.М-ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргөгдөж унасан, мөн З.Ж-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд дайрагдсаны улмаас биед нь учирсан гэмтлийн шинж чанар, уг гэмтлүүд ямар дарааллаар хэрхэн үүссэн талаар шүүх эмнэлгийн шинжээчид өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 641 дугаар /2хх-63/, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 343 дугаар /2хх-72/, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 413 дугаартай дүгнэлтүүд /7хх-12/, гаргасан дүгнэлтийнхээ талаар шинжээч эмч шинжээч Ч.Эрдэмболор /2хх-73/, Ж.Ганцэнгэл /7хх-24/ нарын өгсөн мэдүүлгүүд /2хх-73/, Тээврийн цагдаагийн албаны шинжээч, Цагдаагийн ахмад Э.Энхболдын гаргасан 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 216 болон 216/1 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /2хх-89, 4хх-214/, “Subaru Forester” загварын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн 3 дугаартай дүгнэлт /2хх-89/, “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийн зүүн урд талын хэсгээр амь хохирогчийг мөргөсний улмаас гупер шахагдаж, баруун урд хэсгийн бэхэлгээ нь мултарч гадагшаа ангайж салсан талаар шинжээч Э.Энхболдын өгсөн мэдүүлэг /3хх-245/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг /1хх-4, 26, 4хх-205/, зам тээврийн ослын талаар гэрч Б.Н, Г.Б, Б.Ч, Ч.И, Г.У, Г.Э, шүүгдэгч З.Ж нарын өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтууд нь агуулгын хувьд харилцан зөрүүгүй байх бөгөөд шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх нөхцөл байдал хяналтын шатны шүүх хуралдаанаар тогтоогдоогүй болно.
4.Анхан шатны шүүх Б.М-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 10.1-д заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцлийг хангана" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хүний амь насыг хохироосон гэм буруутай талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдалд тохирсон гэж үзэв.
5.Шүүхээс Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.М-ийн ял хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлын тухайд түүнд оногдуулсан 6 жил хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй талаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанарыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6.Анхан шатны шүүх шүүгдэгч З.Ж-ыг "Nissan Patrol" загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэлд мөргөгдөн зам дээр хэвтэж байсан Х.Б-ыг дайрч, амь насыг нь хохироосон гэм буруутай гэж дүгнэхдээ тухайн осол гарахад нөлөөлсөн Б.М-ийн буруутай үйл ажиллагаа болон шүүгдэгч З.Ж-ын гэм бурууг үгүйсгэх нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан байна.
Өөрөөр хэлбэл, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Б.М Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 болон 10.1-д заасныг тус тус зөрчиж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэхдээ амь хохирогч Х.Б-ыг мөргөж унаган, улмаар автомашиныхаа холын гэрлийг асааж, өөдөөс ирж явсан шүүгдэгч З.Ж-ын үзэгдэх орчныг хязгаарлаж, дахин осол гарах аюултай нөхцөл байдлыг бүрдүүлсэн үйл баримт нь тухайн замын зорчих хэсэгт хэвтэж байсан Х.Б шүүгдэгч З.Ж-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд дайрагдах гол шалтгаан нөхцөл болжээ.
Харин шүүгдэгч З.Ж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасныг зөрчин тухайн нөхцөлд тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож яваагүй гэх эс үйлдэхүй нь амь хохирогч Х.Б анх Б.М-ийн тээврийн хэрэгсэлд мөргөгдөн унаж, хүндээр гэмтэх шалтгаан нөхцөлийг бий болгоогүйгээс гадна З.Ж нь амь хохирогч Х.Б-ыг дайрсан үйлдэл болон хохирогч нас барсан үйл баримтын хооронд гэм буруугийн бодит хамаарал тогтоогдоогүй гэж үзэв.
Энэ талаар давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, З.Ж-ыг гэм буруугүйгээр Эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан гэж дүгнэн прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул дээрх шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
7.Зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл, болж өнгөрсөн үйл баримтын талаар гэрч Б.Н, шүүгдэгч Б.М нарын өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд, тухайн осол гарсны дараах нөхцөл байдлын талаар шүүгдэгч З.Ж болон түүний автомашинд зорчиж явсан нэр бүхий гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд, амь хохирогч Х.Б-ын цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийж, түүний биед бусадтай тэмцэлдсэн ул мөр илрээгүй талаар дурдсан 641 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-63/, шүүгдэгч Б.М, амь хохирогч Х.Б нарын хувийн байдал, хоорондын харилцааны талаар нэр бүхий гэрчүүдийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад баримтат мэдээллээс үзэхэд шүүгдэгч Б.М-ийн хувьд амь хохирогч Х.Б-той хамт архи ууж согтуурсан үедээ маргасан үйл баримт тогтоогдсон хэдий ч түүнийг зориуд тээврийн хэрэгслээр мөргөж, гэм буруугийн санаатай хэлбэрээр амь насыг нь хохироосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Анхан болон давж заалдах шатны шүүх Тээврийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.М-ийн хувьд Монгол Улсын Зам хөдөлгөөний дүрмийн 3.7 болон 10.1-д заасныг тус тус зөрчиж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаар хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.М-ийг шууд бус санаатай хэлбэрээр хүний алах гэмт хэрэгт холбогдуулан дахин шалгуулах талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн хяналтын журмаар бичсэн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Иймдпрокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.М, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 684 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1167 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгалийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.М, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН