Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01483

 

Н.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01388 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1587 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.Л-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Г-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Н.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэвээнцэрэн, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.Л- нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Н.Г-т 10 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн. Зээлийн гэрээг харилцан тохиролцож, байгуулсан бөгөөд хариуцагч нь 10 000 000 төгрөгийг хүлээн авлаа гэж гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний хугацаа дууссан учир талууд 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дахин 6 сарын хугацаагаар гэрээг сунгаж, өмнөх 5 сарын зээлийн гэрээний хүүг тооцож 13 500 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүрэг 6 сарын хугацаанд биелэгдээгүй. Н.Г-тай өмгөөллийн гэрээтэй, гэрээ байгуулахгүйгээр хамтран ажиллаж байсан учир зээлийн гэрээний дагуу авах мөнгөнөөс түүнд өгөх өмгөөллийн хөлсөнд 5 000 000 төгрөгийг нь суутгаад үлдэгдэл 5 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Н.Л-, Н.Г- нар гэрээ, баримтгүйгээр зээл авч, өгдөг байсан. Ингэж цувуулж зээл авч явсаар 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж, мөнгө хүлээж авсан гэдгээ зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Уг 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хариуцагч анх шүүх хуралдаанд тайлбарлахдаа “өмгөөллийн хөлсөнд авах ёстой мөнгөө зээл маягаар бичиж байсан” гэдэг. Хэрвээ ийм бол гэрээнд зээлдэгч нь Н.Л-, зээлдүүлэгч нь Н.Г- байх ёстой байсан. Гэтэл энэ гэрээнд зээлдуүлэгч нь Н.Л-, зээлдэгч нь Н.Г- гэж гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Би Н.Л-той Зар мэдээ сонины зараар танилцаагүй. Түүний хүмүүст зээлсэн мөнгийг гаргуулж өгөхөөр хамтран ажиллаж, эрх зүйн туслалцаа үзүүлсэн. Н.Л-ид өмгөөллийн хөлс, төлбөрийн талаар ярихад бүх мөнгөө хүмүүст зээл болгож өгчихсөн, урьдчилгаа мөнгө өгч чадахгүй байна, харин таны бусдаас гаргуулах мөнгөнөөс өмгөөллийн хөлсийг төлөөд явья, би таныг гомдоохгүй гэсэн учир 2013 оны 06 дугаар сараас өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг байгуулж, 10 000 000 төгрөг хүлээн авлаа гэж гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 284.2-т зааснаар мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцдог. Н.Л- нь яг одоо мөнгө алга, цөөхөн хэдэн төгрөг хүнээс авах гэж байгаа тэгэхээр нь би танд шилжүүлье гэхээр нь би гарын үсэг зурсан. Түүнээс биш бодитоор авсан зүйлгүй. Нэхэмжлэгч нь хүнд мөнгө өгөхдөө дансаар эсвэл баримт үйлдэж өгдөг. Энэ мөнгийг авсан, өгсөн гэж үйлдсэн нь 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2 000 000 төгрөг бэлнээр авсан баримт байдаг. Ийм маягаар бид нэр бүхий хүмүүсийн мөнгийг шилжүүлдэг байсан. Гэрээ хийснээр мөнгө авсан гэсэн үг биш бөгөөд заавал шилжүүлж өгснөө баталж 2 тал гарын үсэг зурснаар баталгаажих ёстой. Энэ гэрээний төлбөрийг дансаар хийх юм байна гэж бодож гарын үсэг зурсан.

Гэрээний дагуу 1 550 000 төгрөгийг тухайн үед Голомт банкны дансаар шилжүүлсэн. Энэ гэрээ нь зээлийн гэрээ биш. Тухайн үед Н.Л- надад хандан, С.Мөнхжаргалд 3 сая төгрөг, У.Ууганбаярт 4 сая төгрөг, О.Сарангуад 4 сая төгрөг зээлдүүлсэн боловч зээлийн гэрээ байгуулалгүйгээр, баримт үйлдэхгүйгээр мөнгө өгсөн, та миний энэ асуудлыг шийдээд өгөөч гэж гуйсан. Нийт гаргуулсан мөнгө болон эрх зүйн туслалцаа үзүүлсний эцэст бодитойгоор гаргуулсан нийт дүнг тусад нь тооцож, зээл дээр байгаа мөнгийг хасах буюу нэмэх асуудлыг шийдэх болно гэж хэлсэн. Эцсийн хувилбараар юмаа хаагаад тооцоогоо хийнэ шүү гэсэн боловч одоо хүртэл тооцоо хийгээгүй, шүүхэд хандсан байна. Яагаад 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 13 500 000 төгрөгийн гэрээ хийсэн бэ гэхээр 1 550 000 төгрөгийг өгөөд үүнээс хойш О.Сарангуа, С.Мөнхжаргал, У.Ууганбаяр, н.Тогтох, н.Даваасүрэн нараас мөнгийг гаргуулах юм бол 13 500 000 төгрөгийг өгнө гэсэн. Эдгээр хүмүүсээс мөнгийг гаргуулах эсэх нь тодорхой бус учраас өмгөөллийн хөлсийг зээлийн гэрээ гэж хийж дараа нь хүмүүсээс тооцоог хийгээд гэрээгээ хаахаар тохиролцсон байсан. Н.Л- анхны шүүх хуралдаанд “би танд 10 сая төгрөгийг бэлнээр өгсөн” гэсэн. Бэлнээр өгсөн баримт байхгүй, гарын үсэг зурсан болохоор бэлнээр өгсөн гэж гүтгэж байна. Мөн нотариатч мэдүүлэг өгсөн бөгөөд үндсэн материал дээр тэмдэглэгээ, ар талд тэмдэг, мөнгө өгсөн, авсан гарын үсэг байхгүй гэдэг. Би тухайн үед Н.Л-ийг танд шилжүүлье гэхээр нь авлаа гээд гарын үсэг зурсан. Үүнийг нотариатч авсан, өгсөн гэсэн зүйл байхгүй гэж гэрчилж байна. Нэхэмжлэгч 2014 оны 12 дугаар сарын үед архивт хадгалагдаж байгаа гэрээний эх хувь дээр 10 сая төгрөг авлаа гэж гарын үсэг байна уу үзээд өгөөч гэж явсан байсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01388 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Г-аас 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Л-ид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаap нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Л-ид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1587 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөвхөн нэхэмжлэгч талын ашиг сонирхолд нийцүүлэн үнэлж дүгнэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг үндэслэж, мөнгөн дүнг давхардуулан тооцож, тоо тооцооллын илт алдаатай дүгнэлт хийсэн, нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө шилжүүлснээ хуульд заасан журмын дагуу бүхэлд нь нотолж чадахгүй байхад хариуцагч нь нэхэмжлэгчээс 7 550 000 төгрөг зээлсэн гэж үзэж шийдвэр гаргасан. ...Хэргийн 128-129-р талд авагдсан зээлийн гэрээний ард мөнгө зээлсэн тухай бичвэрт “2013.08.27-нд нийт 1 500 000 төгрөг авав, 2013.09.05-нд 1 сая төгрөг, 10 хувь авав. Нийт 2 500 000 төгрөг” гэж хариуцагч Н.Г- би өөрийн гараар бичиж гарын үсэг зурсан нь үнэн боловч Н.Л- нь 2013.09.23-нд 100 000 төгрөгийг миний ХААН банк дахь дансаар шилжүүлсэн, харин бусад 2 400 000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй юм. Тухайн үед уг мөнгөнүүдийг өгнө гэсэн тул “авав” гэж бичсэн, харин мөнгөнүүдийг шилжүүлж өгөөгүй, шилжүүлж өгсөн нь дансаар эсвэл хоёр талын гарын үсгээр хэзээ өгсөн нь үйл баримтаар тогтоогдоогүй байхад урьдчилж бичсэн бичгийг үндэслэж мөнгө шилжүүлж өгсөн нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ бичиг нь давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан шиг ...хэргийн 5-р талд авагдсан зээлийн гэрээний арын бичвэрт 10 сая төгрөгийг “бэлнээр” хүлээн авав гэж бичсэн байгаа хэдий ч зээлдэгчид 10 сая төгрөгийг тухайн өдөр өгөөгүй гэж дүгнэсэнтэй адил Н.Л- нь зээлийн гэрээ байгуулаад надаар мөнгө авлаа гэж бичүүлээд мөнгийг бодитойгоор шилжүүлж өгдөггүй байсныг давхар нотлох нотолгоо юм.

Мөн 128-129-р талд авагдсан зээлийн гэрээний ард мөнгө зээлсэн тухай миний урьдчилж бичсэн бичвэрийн доод талд Н.Л- өөрөө дангаар бичиж тэмдэглэсэн 2013 он 09 дүгээр capын 27-нд 2 000 000 төгрөг 1 сарын 10 хувиар зээлэв. Нийт 4500 гэсэн нэхэмжлэгч талын өөрөө бичсэн бичгийг үндэслэн хариуцагч намайг 2 сая төгрөг шилжүүлэн авсан гэж шүүх дүгнэсэн нь шударга ёсонд огт нийцэхгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх үндэслэлгүй, хууль зүйн шинжлэх ухаанд нотлох баримтыг ингэж үнэлж бусдад хариуцлага хүлээлгэх нь бусдыг хилсээр ял тулгаж байгаатай адил гэж үзэж байна. Анхан шатны шүүх энэ нэхэмжлэгчийн өөрөө бичсэн 2 сая төгрөгийн бичвэрийг холбон амь оруулахдаа намайг энэ мөнгийг авсан гэж хэлсэн, хүлээн зөвшөөрсөн мэтээр бичиж байгааг гайхаж байна. Харин би хэргийн 30-р хуудсанд байгаа мөнгө өгч авалцсан тухай баримтаар 2013.08.15-нд өмгөөллийн хөлсөнд 2 сая төгрөг авсан гэж хэлсэн нь үнэн бөгөөд энэ бол бодит үйл баримт юм.

Зээлийн гэрээ хийх болон мөнгө авлаа гэж бичих нэг хэрэг, мөнгийг бодитойгоор шилжүүлэн авсан эсэх нь гол үйл баримт гэдгийг анхаарахыг хүсч байна. Мөнгийг бэлнээр бодитойгоор авсан бол өмгөөллийн хөлс 2 сая төгрөг авсан тухай “мөнгө өгч авалцсан тухай баримт”-ыг тусад нь үйлдэж мөнгө авсан, өгсөн хоёр талын гарын үсгээр баталгаажих ёстой, ийм баримтыг л хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзнэ гэж бодож байна. Бодит байдал дээр 2013.08.27-ны өдрийн 1 500 000 төгрөгийн гэрээгээр Н.Л- нь 09.23-ны өдөр 100 000 төгрөгийг миний Хаан банк дахь дансанд, 2013.11.01-ний өдрийн 10 сая төгрөгийн гэрээгээр тухайн өдөр Голомт банк дахь дансанд 1 550 000 төгрөг, нийт 1 650 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлж авсан. Энэ мөнгөний төлбөрт би Н.Л-ийг У.Ууганбаяр, С.Мөнхжаргал, О.Сарангуа нартай гэрээ байгуулах, төлбөрийг гаргуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Гэтэл Н.Л- нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хурлын эхэн үед 2013.11.01-ний өдрийн 10 сая төгрөгийн гэрээний дор миний “10 сая төгрөг бэлнээр авав” гэсэн бичгийг ашиглаж надад 10 сая төгрөг бэлнээр өгсөн гэж гүтгэж байсан, мөн таны үлдсэн хувьд ийм бичилт байна уу гэж нотариатч Сүнжидмаагаас аль жилийн өмнө асууж явсан байдаг. Эдгээр санаа нь биелэхгүй болохоор 2013.08.27-ны өдрийн гэрээ болон түүний ард бичсэн бичвэрүүдийг ашиглаж надад мөнгө өгсөн гэж гүтгэж энэ ажилдаа өмгөөлөгч Цэвээнцэрэнг Нийслэлийн шүүхэд ажиллаж байсныг ашиглаж танилын нүүр халуун гэдгээр асуудлыг шийдүүлж байгаа нь нууц биш юм.

Нэхэмжлэгч Н.Л- нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ...2013.11.01-ний өдрийн 10 сая төгрөгийн гэрээ байгуулан мөнгө авсан гэсэн. Гэтэл анхан шатны шүүх 7 550 000 төгрөг авсан байна гэж хууль зүйн үндэслэлгүй баримтуудыг үндэслэн дүгнээд 5 сая төгрөгийг ямар тооцоо, үндэслэлээр гаргуулж байгаа, үлдэх 2 550 000 төгрөгийг ямар үндэслэл, тооцоогоор яаж шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй, зөвхөн нэхэмжлэгчийн хүссэн тоогоор шийдвэр, магадлал гаргаж байгаа нь анхан болон давж заалдах шатны шүүх нэг талыг барьж шийдвэр гаргаж байгааг харуулж байна.

Иймд маргааныг шударгаар хууль зүйн үндэслэлтэй шийдэж өгнө үү гэжээ.

                                                                         ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Л- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Н.Г-т 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай сарын 5%-ийн хүүтэй зээлүүлсэн гэж, уг мөнгөнөөс өмгөөллийн үйл ажиллагааных нь хөлсөд 5 000 000 төгрөг суутган 5 000 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзвэл зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, улмаар хариуцагч нь нэхэмжлэгчид хууль зүйн туслалцааны  үйлчилгээ үзүүлж байсан байна. Хариуцагч Н.Г- нь нэхэмжлэлийг татгалзсан тайлбартаа энэ талаар мөн дурдсан байх ба анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Н.Л-ид холбогдуулан сөрөг нэхэмжлэл хоёр удаа гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.-д зааснаар хариуцагч үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 Хариуцагч Н.Г- нь нэхэмжлэгч Н.Л-оос өмгөөллийн хөлсөд 5 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлагад хариу тооцогдохгүй шаардлага гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Мөн хариуцагч Н.Г- нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 500 000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ажлын хөлсөд 2 600 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч анхан шатны шүүх эдгээр шаардлагыг үндсэн нэхэмжлэлд хариу тооцогдохгүй, улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Мөнгөн төлбөрийн шаардлагууд нь хоорондоо хариу тооцогдох боломжтойгоос гадна үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагчийн гаргасан сөрөг шаардлага үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэгдэх үндэслэлтэй байхад шүүх хариуцагчийн хуулиар тогтоосон эрхийг хязгаарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн алдаа болно.

Түүнчлэн, шүүх хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд заасан боловч хэдий хэмжээний хураамж дутуу төлсөн болох нь тодорхой бус, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг шүүгчийн туслах хариуцагчид буцаан өгсөн баримт хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгч Н.Л- нь хариуцагчаас хууль зүйн туслалцаа авч байснаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ зээлүүлсэн гэх мөнгөний үнийн дүнгээс хариуцагчийн ажлын хөлсийг хасч тооцсон байхад шүүх хариуцагчийн сөрөг шаардлага үндсэн нэхэмжлэлтэй хариу тооцогдохгүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан байхад давж заалдах шатны шүүх уг алдааг илрүүлж, залруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 168.3.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01388 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1587 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 95 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН