Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 238

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Б.Ихтамир, Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Нолхоосүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэсүх, Ц.Батчимэг,

Шүүгдэгч Т.Бийн өмгөөлөгч Г.Энхцэцэг, Б.Чинбаатар,

Шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Б.Содболд,

Шүүгдэгч С.Сын өмгөөлөгч Н.Баярмаа,

Хохирогч С.Сын өмгөөлөгч Л.Оюунсувд,

Хохирогч О.У,

Шүүгдэгч Т.Б, С.С, М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн С.С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Т.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн М.Н нарт холбогдох эрүүгийн 201709000303 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол улсын иргэн, С.С 1979 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, Дархан-Уул аймаг, Хонгор сум, 2 дугаар баг, Шийрийн бригад хөдөө гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч оршин суух тодорхой хаяггүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 4удаагийн ял шийтгэлтэй.

2. Монгол улсын иргэн, Т.Б 1978 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт оршин суух тодорхой хаяггүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

3. Монгол улсын иргэн, М.Н 1987 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол, 34 дүгээр байр, 50 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 9 дүгээр хэсэг, 9-17 тоотод оршин суух, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

-Яллагдагч С.С нь Т.Бтэй бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сум 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1 б байрны аркад иргэн Д.Ө 287.500 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн,

Мөн С.С нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 9 дүгээр баг Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн хажууд байрлах Кузов засварын манаачийн байранд иргэн Х.С хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж цээжин тус газар нь хутгалж бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан,

Мөн С.С нь М.Нтэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Рояал” зочид буудлын орчим иргэн №ы 454.500 төгрөгийн эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэг,

-Яллагдагч Т.Б нь С.Стай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сум 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1 б байрны аркад иргэн Д.Ө 287.500 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн,

Мөн Т.Б нь хамтран амьдрагч С.Сыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус тус зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 11 дүгээр сарын 2, 13-ны өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5.3 дугаар байрны подвальд иргэн С.Сыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

-Яллагдагч М.Н нь С.Стай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Рояал” зочид буудлын орчим иргэн Л.О-ы 454.500 төгрөгийн эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн,

2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багийн нутаг дэвсгэрт иргэн О.У-тай маргалдаж чулуугаар нүүрэн тус газар нь цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

 

1.1 Шүүгдэгч С.С, Т.Б нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1б байрны аркт иргэн Д.Ө эд зүйлийг хүч хэрэглэн авч 287500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.С-ын өгсөн: Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Т.Бийн өгсөн: Хохирогч Д.Ө-г дээрэмдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Д.Ө өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 22 цагийн үед би гэр рүүгээ харих гээд байрныхаа аркаар явж байтал араас нэг эмэгтэй хүн намайг тэврээд чирээд газарт унагаасан. Тэр эмэгтэйг харахад хээтэй хороололд байдаг Сайхнаа гэх хүүхэн байсан. Тэгтэл Сайхнаа хамт явж байсан хар залууд “халааснаас нь юмыг нь ав” гэж хэлэхэд тэр залуу миний баруун гарыг хойшоо мушгиад өмдний баруун халааснаас түрийвч, зүүн халааснаас гар утас, энгэрээс Хараа нэртэй 0.75 литрийн шилтэй архи зэргийг авсан. Түрийвчид миний тэтгэврийн мөнгө болох 200.000 төгрөг, иргэний үнэмлэх, автобусны тасалбар байсан. Миний гар утас нокиа 1680 маркийн гар утас байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30-32/,

Гэрч Д.На-ийн өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 11 цагийн үед би рестораныхаа хашаан дотор явж байсан чинь Аръяа гэж дууддаг 1 жилийн өмнөөс мэддэг болсон Бүрэнтөгс нокиа маркийн гар утас гаргаж ирээд та авчих гэж хэлсэн. Надад мөнгө байхгүй, би авахгүй гэсэн чинь би шартаж үхлээ гээд байсан. Тэгээд ресторанаас үлдсэн архийг гуйгаад байхаар нь өгсөн чинь надад тэр утсаа өгчхөөд яваад өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37/,

Шүүгдэгч Т.Б-ийн өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр эхнэр С.Сын хамт хээтэй хорооллоор шил, лааз түүгээд явж байхдаа 1б байрны орчимд мөнгө тоолоод явж байсан согтуу өвгөнтэй таарсан. Тэгээд тэр хүнийг араас нь тэврээд халааснаас түрийвч, гар утас 2-ыг нь авсан. Тэгээд С.С бид 2 зугтаасан. Түрийвч дотор 6 ширхэг 20.000 төгрөг байсныг аваад түрийвчийг нь хаясан. Нокиа маркийн гар утсыг нь “Роял” зочид буудлын манаачид хадгалуулсан /1 дүгээр хавтаст хэргийн 15-17, 69/

Гэрч Д.Н-оос 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хар өнгийн нокиа-1680 маркийн гар утас хураан авсан, хохирогч Д.Өд 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хар өнгийн Нокиа-1680 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 22-24/,

“Капитал зууч” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “Иргэн Д.Ө эзэмшлийн Нокиа-1680 маркийн гар утас 20.000 төгрөгийн үнэлгээтэй”, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “эрэгтэй хүний бор өнгийн ширэн түрийвч 30.000 төгрөг, Хараа архи /0,75л/ 11.000 төгрөг, автобусны тасалбар 3500 төгрөг, иргэний үнэмлэх 23.000 төгрөгийн үнэлгээтэй” гэх шинжээчийн дүгнэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 39-40, 46-47/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 498 дугаартай “Д.Ө биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /11 дүгээр хавтаст хэргийн 55/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.2 Шүүгдэгч С.С нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Х.С хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газарт нь хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Сын өгсөн: Х.С агсам тавихаар нь би гэмтэл учруулсан. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Х.Сийн өгсөн: Би 2017 оны 5 дугаар сарын 18-ны орой С.С болон Б.Ундрал нартай Хээтэй хорооллын 5.4 дүгээр байрны урд таарсан. Бид 3 манай гэрт очиж “Түмний хишиг” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи уусан. Тэгээд С.С согтоод “чи намайг шоронд явуулсан” гэж агсам тавьсан. Тэгээд би С.Сд “чи намайг хутгалсан биздээ. Чамайг шорон луу шүүх л явуулсан” гэж хэлэхэд С.С “тэгвэл одоо нэг мөр гүйцээчихье” гээд хутга аваад миний цээж хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд би цээжээ бариад тонгойход нуруу дээрээс бас хатгаад байх шиг байсан. С.С, Б.Ундрал нар миний урд гараад, би араас нь гараад машинд суугаад эмнэлэгт очсон. Би гомдолтой байна. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал болох 300.000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 118-119/,

Гэрч Б.У-ын өгсөн: ...С.С, Х.С бид нар архи ууж байхад тэр хоёр урьдын асуудлаас болоод маргалдаад байсан. Урьд нь С.С нь Х.Сийн гарт нь хутгалж ял авч байсан юм. Тэрийг яриад байх шиг байсан. Би тухайн үед архи их уусан байсан учир болсон асуудлыг сайн санахгүй байна. Х.С хутгалуулсан талаар мэдэхгүй байгаа юм гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 125/,

Гэрч Э.Э-ын өгсөн: “Би яаралтай тусламжийн хүлээн авах тасагт 16:00 цагаас эхлэн үүрэг гүйцэтгэж байна. Манай тасагт 40 орчим насны эрэгтэй хүний бие нь муу, “хутгалуулчихсан юм, туслаач” гээд орж ирсэн. Өөрийгөө Сэрээтэр гээд би одоогоос 2-3 цагийн өмнө байх эмэгтэй хүнтэй хамт архи ууж байгаад хутгалуулсан, тэр хутгалсан эмэгтэйгээ танина гээд нэрийг асуухад огт хэлэхгүй байсан. Хутгалуулчхаад гайгүй байх гээд гэртээ 2-3 цаг харж байгаад бие муудаад байхаар нь ирлээ гээд согтуу ирсэн. Юм асуух тусам ухаан санаа нь балартаад, хэл яриа нь бүдгэрээд байхаар нь олон зүйл асуулгүй нарийн мэргэжлийн эмч дуудаж үзүүлсэн. Шингэн залгасан, биед нь байгаа шархны байдлыг үзэхэд цээжний зүүн дээд хэсэгт зүрхэн тус газарт 1 удаа хутгалуулсан бололтой шарх байсан. Шарханд 3 ширхэг оёдол тавьсан.  Цус гарч байсан шинэ шарх байсан. Ингээд шинжилгээнүүд өгөөд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд шууд хагалгаанд оруулсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 126-127/,

Шүүгдэгч С.С-ын өгсөн: ...Надад Сэрээтэрийг хутгалъя гэсэн бодол байгаагүй. Харин Сэрээтэр өөрөө шар иштэй хутга бариад над руу “чи шаа, гүйцээгээч” гэж дайраад намайг өшиглөсөн. Тэгэхээр нь би тэсэлгүй зүүн гараараа хутгыг нь булааж аваад Х.Сийн цээжин тус газарт нь хатгасан. Би хүний биед хүнд гэмтэл учруулснаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 202, 207-208/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ерөөмаа, цагдаагийн ахлах дэслэгч Н.Марал-Эрдэнэ нарын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 89-99/,

Гэрч Б.У-ын биед болон өмсөж байгаа хувцаст 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 104-106/,

“Сэрээтэр гэх хүн Дархан сервис авто засварын газрын ойролцоо хөхнийхөө дээд талд шархдаад цус гарчихсан, гартаа түлхүүр барьчихсан согтуу явж байна...” хэмээн Цагдаагийн газрын 7037102 дугаарт дуудлага өгсөн талаар утсаар ярьсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 111/,

Шар эрээн өнгийн бариултай хутга 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөн байцаагчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 114-115/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 649 дугаартай “Х.Сийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний шарх, хагалгааны дараах байдал, зүүн даланд сорви тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 134/,

Шинжилгээнд ирүүлсэн Ундралын өмсөж явсан гэх футболк дээр цус илэрсэн, Уг цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 152/,

Шинжилгээнд ирүүлсэн Х.Сийн гэрээс хураан авсан 00-ийн цаас, бэлтгэлийн цамцанд цус илэрсэн, Уг цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 158/,

Шинжилгээнд ирүүлсэн Ундралын гэрээс хураан авсан цэнхэр өнгийн эмэгтэй цамц, ногоон цайвар өнгийн нүүр гарын алчуурт цус илэрсэн, Эмэгтэй цамц дээрх цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 164/,

Шинжилгээнд авсан Х.Сийн цусны бүлэг нь В/III/ байна гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 178/

Хохирогч Х.С нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай түүний 3124 дугаартай өвчний түүх /2 дугаар хавтаст хэргийн 2-27/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар,

 

1.3 Шүүгдэгч С.С, М.Н нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 23-ны орой Дархан-Уул аймгийн 11 дүгээр багт байрлах “Роял” зочид буудлын орчим иргэн Л.Оы эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 454.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.С-ын өгсөн: Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.Н-ийн өгсөн: Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Л.О-ы өгсөн: ...миний гар утас дуугарахаар нь хартал манай нөхөр байсан. Тэгээд би утсаар ярих гээд гадаа харанхуй гудамжинд сандал дээр суугаад утсаар ярьж байтал 2 эмэгтэй хүн ирээд “чи хэнтэй утсаар ярьж байгаа юм бэ?” гэж хэлээд гар утсыг гараас шүүрээд авсан. Тэгтэл нөгөө эмэгтэй нь миний цүнхийг булаагаад аваад явсан. Миний санаж байгаагаар миний эд зүйлийг авсан 2 хүний нэг нь хээтэй хорооллын орц, зоорийн давхраар явдаг том улаан хацартай, шар царайтай, биерхүү, эмэгтэй байх шиг байсан. Нөгөө эмэгтэйг ёстой мэдэхгүй хүн байсан гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 89-92/,

Гэрч И.Г-ын өгсөн: ...”Ноёд” баарны ард нэг согтуу эмэгтэй хүн хүрэм, цүнх, гар утсаа гартаа барьчихсан гуйваад зөрсөн. Дээгий бид 2 тэр эмэгтэйг тоолгүй урагшаа явсан. Нараа, Сайхнаа 2 тэр согтуу эмэгтэйн араас очоод сандал дээр сууж байхад нь Сайхнаа гараас нь гар утсыг нь шүүрэх шиг болсон. Нараа хажуу талаас цүнхийг нь шүүрч аваад ирсэн. Тэгээд Сайхнаа гар утсыг нь Дээгийд өгсөн. Нараа цүнхийг нь ухаад 20.000 төгрөг гаргаж ирээд цүнхийг нь хаясан. Би түрийвчин дотор нь байсан 3 ширхэг виза картыг төв шуудангийн хойд талын бургас руу шидсэн. Бид 4 20.000 төгрөгөөр архи худалдаж аваад хувааж уусан. Маргааш нь Дээгий гар утсыг 20.000 төгрөгөөр зарчихлаа гээд архи, тамхи худалдаж аваад ирсэн гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 96/,

Гэрч Б.Д-ийн өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ганбат, Сайхнаа, Нараа бид 4 “Эзэнт гүрэн” рестораны ойр орчимд явж байтал нэг согтуу эмэгтэй гар утас, цүнхээ бариад нэлээн гуйваад байрны булангаас гараад ирсэн. Нараа, Сайхнаа 2 тэр эмэгтэйн араас яваад 9 дүгээр байрны урд явган хүний зам дагуух сандал дээр суух үед нь Сайхнаа, Нараа 2 очоод гар утас, цүнх 2-ыг булааж аваад зугтаасан. Сайхнаа Ганбат бид 2 дээр буцаж ирээд I phone-6 загварын гар утсыг “чи чулуу болгоорой гээд” надад өгсөн. Нараа хар өнгийн цүнхийг нь үзээд дотроос нь түрийвчийг нь аваад цүнхийг хаясан ба бэлэн 20.000 төгрөг гарч ирэхээр нь бид 4 архи худалдаж авч уусан. Маргааш нь би найз Мандаа руу залгаад “I phone-6 загварын гар утас авах уу” гэхэд “Үзье. Чи аваад Дархан зочид буудалд хүрээд ир” гэсэн. Тэгээд Мандаад 20.000 төгрөгөөр гар утсыг худалдаад архи аваад Сайхнаа, Нараа, Ганбат 3 дээр очсон гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 97-98/,

Гэрч А.Эр-ын өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зүс таних Дэлгэрмөрөнгөөс I phone-6 загварын гар утсыг 20.000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 95/,

Шүүгдэгч М.Нийн өгсөн: ...Ганбат, Сайханжаргал, Дэлгэрмөрөн бид 4 “Эзэнт гүрэн” рестораны хогийн цэг рүү явж байхад “Роял” зочид буудлын орчимд нэг согтуу эмэгтэй уйлаад гар утсаар яриад гудамжинд сандал дээр сууж байсан. Сайханжаргал “тэр эмэгтэй дээр очих уу” гэхээр нь би “тэгье” гээд хамт очоод гар утас, цүнхийг нь авсан... гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 121-122/,

Шүүгдэгч С.Сын өгсөн: ...Ганбат, Дэлгэрмөрөн, М.Н бид 4 шинэ хорооллын 18 дугаар байрны орчимд зогсож байтал нэг согтуу эмэгтэй явж өнгөрсөн. Тэгээд тэр эмэгтэй явган хүний замын хажуугийн сандал дээр суугаад уйлаад утсаар яриад байхаар нь очоод М.Н эхлээд цүнхийг нь аваад дараа нь би гар утсыг нь авсан... гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 125-127/,

Шүүгдэгч М.Нээс бор шаргал өнгийн түрийвч, ягаан өнгийн жижиг уруул өнгөлөгч зэргийг хураан авсан тухай тэмдэглэл /4-р хх-ийн 83/, бор шаргал өнгийн түрийвчид 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 72/,

Гэрч А.Э-аас I phone-6 загварын гар утас хураан авсан тухай тэмдэглэл /4-р хх-ийн 84/, гар утаст 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 80/,

А.Эрдэнэмандал, М.Н нараас хураан авсан I phone-6 загварын гар утас, бор шаргал өнгийн түрийвч, түрийвчээс гарч ирсэн 2 ширхэг барьцаалан зээлдүүлэх газрын бичиг, ягаан өнгийн уруул өнгөлөгч зэрэг эд зүйлийг хохирогч Л.Од 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 73-74/,

Хохирогч Л.О нь таньж олуулах ажиллагаанд оролцсон дугаар барьсан 5 эмэгтэйгээс 1 дугаарыг барьсан эмэгтэйг заасан гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 75-76/,

Гэрч И.Ганбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 77-79/,

“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “иргэн Л.Отгончлууны эзэмшлийн I phone-6 загварын хуучин гар утас 1 ширхэг, эмэгтэй хүний хар өнгийн гар цүнх 1 ширхэг, эмэгтэй түрийвч 1 ширхэг зэрэг эд зүйлс нь 450.000 төгрөг”, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Л.Оы эзэмшлийн Орифлэйм брэндийн ягаан савтай хэрэглэж байсан уруулын тос 1 ширхэг, хар өнгийн савтай хэрэглээд дуусаж байсан уруулын будаг 1 ширхэг зэрэг эд зүйлсийн үнэ 4500 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 106-107, 113-114/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,

 

1.4 Шүүгдэгч М.Н нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багийн нутаг дэвсгэрт иргэн О.Утай маргалдаж чулуугаар нүүрэн тус газар нь цохиж хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М.Нийн өгсөн: “...Би уг зүйл заалтуудыг хүлээн зөвшөөрч байгаа. Манай ээж хохирлыг төлнө гэсэн боловч төлөөгүй. 10 хоногийн дотор манай ээж уг хохирлыг төлнө гэсэн.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч О.Угийн өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт байсан. Би шүүгдэгчийг сайн таньдаггүй. Манай аавтай унтаж хэвтсэн асуудал байсан. Манай дүү тэрийг сонсож уурлаад хүний амьдралд яахаараа оролцдог пизда вэ гээд үсийг нь зулгаасан. Иймэрхүү л зүйл болсон. Эмнэлэгт стор нээсэн, 7 хоног эмнэлэгт хэвтэж 300,000 төгрөгийг төлөх ёстой. Одоо болтол уг төлбөрийг төлөөгүй. Би гомдолтой байна. Цаашид сорвио арилгуулахад мөнгө хэрэгтэй. Хохирлоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 31/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дугаар хавтаст хэргийн 32-34/,

Хэргийн газрын үзлэгээр хураагдсан чулууг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /6 дугаар хавтаст хэргийн 37/,

Хохирогч О.Угаас гаргаж өгсөн хохирлын баримт /6 дугаар хавтаст хэргийн 40/,

Гэрч С.Ою-ийн өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн орчимд нэг шил 1 литрийн Түмний хишиг нэртэй архи өөрийн төрсөн охин О.У, Оюун-Эрдэнэ хоёртой хувааж уусан. Тэгээд би гэрлүүгээ явсан. Маргааш өглөө нь Оюун-Эрдэнэ надад О.Угийн толгойг М.Н хагалчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 47/,

Гэрч О.О-ийн өгсөн: “...О.У бид 2 орой гудмаар юм яриад явж байтал Нараа гэх эмэгтэй халамцуу зөрсөн. Тэр үед эгч маань надад хэлэхдээ “энэ хүүхэн миний нөхөртэй явалдсан” гээд Нарааг заамдаад зууралдаад эхэлсэн. Би дундуур нь ороод тэр хоёрыг салгах гэтэл Нараа гэх эмэгтэй миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд маргалдаад байж байтал нэг хашаанаас Нараагийн аав ээж гарч ирээд болиочээ гээд орилоод байсан. Тэгээд байж байтал гэнэт манай эгч О.Угийн духнаас цус гараад эхэлсэн. Тэгээд цагдаа ирээд салгасан. Манай эгч О.У тухайн үед “миний дух руу чулуу шидчихлээ” гээд орилсон.  Би яг хэн, хаанаас чулуу шидсэнийг хараагүй.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 48-49/,

“Духны голд L хэлбэрийн 1-1,5 см орчим язарсан шархтай” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /6 дугаар хавтаст хэргийн 58/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 291 дугаартай “О.Угийн биед тархи доргилт, духны өмнө хананы цөмөрсөн хугарал, духны шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. О.Уд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /6 дугаар хавтаст хэргийн 61/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.5 Шүүгдэгч Т.Б нь хамтран амьдрагч С.Сыг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 2, 13-ны өдрүүдэд зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.Бийн өгсөн: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хохирогч С.Сын өгсөн: “...2018 оны 11 сард Бүрэнтөгст удаа дараа зодуулсан. Одоо гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

 

Хохирогч С.Сын өгсөн: Т.Бтэй 2010 оны 6 дугаар сараас хойш хамтран амьдарч байна. 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5.4 дүгээр байрны 21 дүгээр орцны арк орчимд Т.Б бид 2 маргалдсан. Т.Б миний үснээс зулгааж унагаад газраас чулуу авч миний толгой руу цохиж хагалсан. Мөн газарт байсан ундааны саванд шээж дотор нь шороо хийгээд над руу цацаж доромжилсон. Би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд Ёогий гэж дууддаг цагдаа ирээд эмнэлэг рүү хамт яваад толгойдоо 2 оёдол хийлгэсэн. 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр “Комфорт” зочид буудлын орчимд Т.Б согтуу байхдаа надтай маргалдаж, миний үснээс зулгааж, биеийн энд тэндгүй өшиглөөд, газраас шил аваад баруун чих рүү цохиж дэлбэнг сэтэлсэн гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 139-144/,

Гэрч А.Т-ын өгсөн: 2017 оны 6 дугаар сард С.С нь миний хоригдож байгаа 7 дугаар өрөөнд орж ирэхэд баруун чих нь голдоо дэлбэнг нь сэтэрч цус гарсан, баруун өвдөг нь шалбарч хөхөрсөн, ам нь тойроод хөхөрсөн, толгойн орой дээр оёдол хийлгэсэн хуучин шархтай, шархнаас нь шүүс гарсан байдалтай байсан. С.С нь надад хэлэхдээ нөхөр Аръяадаа /Т.Б/ зодуулж гэмтсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 160-161/,

Гэрч Б.А-ийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр С.С нь нөхөртөө зодуулсан хэмээн өөрийн биеэр цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргасан. Тухайн үед С.С нь уруул орчим нь хавдсан, толгойн оройн хэсэгт язарсан шархтай байсан гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 170-171,

Гэрч С.У-ын өгсөн: ...Тухайн өдөр С.С нь “манай нөхөр Т.Б хээтэй хорооллын 5.4 дүгээр байрны ард намайг зодчихоод зугтаачихлаа” гэж хэлсэн. С.Сын өмсөж явсан хувцас нь цус болчихсон, толгойн орой хэсэгт нь оёдол хийлгэсэн шархтай, шарх дээр нь цус тогтсон байсан гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 173-174/,

Гэрч С.Э-ийн өгсөн: 2017 оны 6 дугаар сард С.С нь аль нэг чих нь сэтэрсэн байдалтай манай түүхий эд худалдаж авдаг цэг дээр ирсэн. Тэгээд Аръяа буюу нөхөр Т.Бдөө зодуулсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 181-183/,

Гэрч О.Э-ийн өгсөн: Би 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 08 цагийн орчимд С.Сын биед үзлэг хийхэд түүний баруун чихний дэлбэн сэтэрсэн, шархнаас нь цус гарч хатсан байсан гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 184-186/,

Гэрч Д.Г-ийн өгсөн: Би 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр цагдан хорих байранд үүрэг гүйцэтгэж байхдаа С.Сын биед үзлэг хийсэн. Үзлэгээр С.Сын биед толгойн оройн хэсэгт язарсан шархтай, шарханд оёдол хийлгэсэн, баруун гарын сарвууны хэсэгт зүсэгдсэн шархтай, зүүн гарын булчингийн гадна хэсэгт, баруун гарын эгэмний хэсэгт бага зэрэг хөхөрсөн, уруулын дээд хэсэг хавдаж хөхөрсөн, 2 өвдөг шалбарсан, зүүн гарын тохой хэсэгт шалбарсан шархтай байсан гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 187-189/,

С.Сын толгой орой хэсэгт хуйх 2.5 см язарсан, нүүр хавдсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2017300 дугаартай хуудас /3 дугаар хавтаст хэргийн 96/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 138 дугаартай “С.Сын биед толгойн орой хэсгийн хуйхны шарх, нүүрний цус хуралт, баруун чихний дэлбэнгийн сэтэрсэн шарх тогтоогдлоо. Дээрх шарх нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг шарх, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. С.Сд учирсан толгойн орой хэсгийн хуйхны шарх, нүүрний цус хуралт нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, баруун чихний дэлбэнгийн сэтэрсэн шарх нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тус тус үүссэн байх боломжтой. Цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 192/,

Хохирогч С.Сыг 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд хүлээн авч биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 234-239/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 89/,

С.С-аас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол /6 дугаар хавтаст хэргийн 91-92/,

Хохирогч С.С-аас гаргаж өгсөн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, хоригдлын эрүүл мэндийн хяналтын картны хуулбар /6 дугаар хавтаст хэргийн 95-108/,

Гэрч Ц.А-ийн өгсөн: “...Хамгийн сүүлд 2018 оны 11 сард хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Шүүх хуралтай өдөр нь би Сайханжаргалыг шүүх дээр хүргэж өгсөн. Тэгэхэд нүүр нь хөх няц болоод хавдчихсан байсан. Асуухад “Бүрэнтөгс зодсон” гэж байсан.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 123-124/,

Гэрч М.Н-ийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын эхээр юм байна. Сайханжаргал бид хоёр 5.3 дугаар байрны подвальд байж байтал 24:00 цагийн үед Бүрэнтөгс согтуу орж ирээд Сайханжаргалтай хэрэлдээд хөлөөрөө хөл рүү нь өшиглөөд бие рүү нь цохиод байсан. Уг подваль харанхуй учир яг хаашаа нь цохиж байгаа нь харагдаагүй. Цохиж зодоод байхаар нь би салгах гэхэд Сайханжаргал орилоод л цохиулаад Бүрэнтөгс зодоод байхаар нь би “цагдаа дуудлаа” гэхэд Бүрэнтөгс гараад явчихсан юм.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 128/,

Гэрч С.Э-ийн өгсөн: “...2018 оны 10 билүү 11 сард Бүрэнтөгс зодууллаа гээд ирэхдээ нүүр нь хөхрөөд битүү хавдчихсан байсан. Биеийг нь хараагүй. Ер нь сүүлийн 2-3 жил байнга шахуу л нүүр нь хөх болчихсон явдаг байсан. Яасан гэхэд “Бүрэнтөгс зодсон” л  гэдэг.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 130-131/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 123 дугаартай “С.Сын биед 2 нүдний зовхи, зүүн шанаа, баруун гар дал, баруун зүүн талын гуя хэсгийн зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. С.Сын биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. С.Сын биед бөөрний архаг үрэвсэл, шамбарам өвчин III дугаар зэрэг,  өндгөвчний уйланхай бүхий архаг үрэвсэл зэрэг архаг хууч өвчин илэрлээ. С.Сын биед илэрсэн шамбарам өвчин нь дараах хүчин зүйлээс шалтгаалж үүсч болно. Үүнд: хөдөлгөөн багатай амьдралын хэвшил, удаан хугацаагаар суугаа эсвэл зогсоо байрлалд ажиллах, хүнд юм байнга өргөх, байнга суулгадаг эсвэл өтгөн хатдаг байдал, буруу хооллолт, архи согтууруулах ундааны зүйл, хурц хоол, эслэг багатай, өөх тостой хоол хэрэглэх, аарцаг орчмоор хэт даарах, хэт халах, жирэмслэлт, төрөлт, илүүдэл жин, таргалалт, анальны секс буюу шулуун гэдсээр /хошногоор/ байнгын секс хийх, элэг давсагны үрэвсэл, гэдэс болон бага аарцгийн эрхтэний үрэвсэлт өвчин, хавдар, удамшил зэрэг орно.” гэх шинжээчийн дүгнэлт /6 дугаар хавтаст хэргийн 139/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 333 дугаартай “...С.Сын биед 2 нүдний зовхи, зүүн шанаа, чих, баруун гар дал, баруун зүүн гуя хэсгийн зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. С.Сын биед илэрсэн дээрхи гэмтэл нь тогтоолд бичигдсэн “2018.11.02, 2018.11.13-ны өдрүүдэд бусдад зодуулсан” гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. С.Сын биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. С.Сын биед үзлэг хийсэн эмчийн тэмдэглэлд “2018.11.15 ...толгой өвдөнө, 2018.11.20 ...толгой нилдээ өвдөнө, нүүрний яс янгинаж өвдөнө” гэсэн байх бөгөөд тархи толгойны гэмтэлтэй эсэх талаар тэмдэглэл бичигдээгүй, багажийн шинжилгээ хийлгэсэн талаарх бичлэг байхгүй тул тухайн үед С.Сд тархи доргилт болон толгойн бусад гэмтэл байсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна.            2019.01.23-ны өдөр Цагдан хорих байранд С.Сыг өөрийн биеэр нь үзлэг хийхэд тархи доргилтын шинж илрээгүй болно. 2019.01.23-ны өдөр С.Сын биед үзлэг хийх үед илэрсэн зүүн мөрөнд байрлах хөндлөн байрлалтай сорви нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байх ба цаг хугацааны хувьд хэдийд үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. С.Сын биед илэрсэн шамбарам өвчин хэдийд үүссэнийг тогтоох боломжгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /6 дугаар хавтаст хэргийн 145/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Т.Б, хохирогч С.С нар нь хамтран амьдрагч бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч С.С, Т.Б нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1а байрны аркт иргэн Д.Ө гар утас, түрийвчтэй мөнгө, бичиг баримт, архи зэргийг хүч хэрэглэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх гэмт хэргийн,

Шүүгдэгч С.Сийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Х.С хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний шарх бүхий хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан бусдын бие махбодид хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн,

Шүүгдэгч С.С, М.Н нар бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 23-ны орой Дархан-Уул аймгийн 11 дүгээр багт байрлах “Роял” зочид буудлын орчим иргэн Л.Оы 454.500 төгрөгийн үнэ бүхий гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан дээрэмдэх гэмт хэргийн,

Шүүгдэгч М.Н нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багийн нутаг дэвсгэрт иргэн О.Утай маргалдаж чулуугаар нүүрэн тус газар нь цохиж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн,

Шүүгдэгч Т.Бийн хамтран амьдрагч С.Сыг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 2, 13-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5.3 дугаар байрны подвальд иргэн С.Сыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн  шинжийг тус тус агуулж байна.

Иймд шүүгдэгч С.Сыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан бусдын бие махбодид хүнд хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан дээрэмдэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хамтран амьдрагч С.Сыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаас хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаа өнгөрсний дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 2, 13-ны өдрүүдэд хамтран амьдрагч С.Сыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул түүний 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хамтран амьдрагч С.Сыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Гэвч энэ нь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Бийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байна.

Шүүгдэгч С.С, Т.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Өд нийт 277.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогчид 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий нокиа-1680 маркийн гар утсыг буцаан өгсөн, шүүгдэгч нар нь хохирогч Д.Өд 267.500 төгрөгийн хохирол төлбөр нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан гэрч Д.Нацагдоржоос эд зүйл хураан авч хохирогч Д.Өд  гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 22-24/, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 267.500 төгрөгийн хохирол төлбөр хүлээлцсэн баримт, хохирогч Д.Ө бичсэн “...хохирлын мөнгө 267.500 төгрөг хүлээн авсан тул цаашид гомдол саналгүй...” гэх хүсэлт зэргээр, шүүгдэгч Т.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Сын биед толгойн орой хэсгийн хуйхны шарх, нүүрний цус хуралт, баруун чихний дэлбэнгийн сэтэрсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би одоо Аръяад /Т.Б/ гомдол саналгүй...” гэх мэдүүлгээр, шүүгдэгч С.С, М.Н нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Од 454.500 төгрөгийн хохирол учирсан ба хохирогчид гар утас, түрийвч, уруул өнгөлөгч зэргийг буцааж өгсөн, шүүгдэгч нар нь хохирол төлбөрт 52.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан А.Эрдэнэмандал, М.Н нараас хураан авсан I phone-6 загварын гар утас, бор шаргал өнгийн түрийвч, түрийвчээс гарч ирсэн 2 ширхэг барьцаалан зээлдүүлэх газрын бичиг, ягаан өнгийн уруул өнгөлөгч зэрэг эд зүйлийг хохирогч Л.Од 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 73-74/, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагаас гаргаж өгсөн хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт зэргээр тус тус нотлогдож байна.

Харин шүүгдэгч С.Сын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Сийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, бэлэн мөнгөний орлогын баримтаар /1 дүгээр хавтаст хэргийн 250/, шүүгдэгч М.Нийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Угийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогчийн эмчилгээний зардал 447.600 төгрөг болох нь хохирогчийн мэдүүлэг, бэлэн мөнгөний орлогын баримт, орлого, зарлагын баримтууд, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /6 дугаар хавтаст хэргийн 40, 72/ зэргээр нотлогдож байна. Харин сорви арилгах эмчилгээ хийлгэхтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байна.

Иймд С.Саас 300.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Ст, шүүгдэгч М.Нээс 447.600 төгрөг гаргуулж хохирогч О.Уд тус тус олгож, хохирогч О.У нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.С, Т.Б, М.Н нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Т.Б нь Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзан ба тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.С нь 4 удаагийн ял шийтгэлтэй бөгөөд Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 04 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч С.С нь 1995 оны 9 дүгээр сарын 28-нд хүү У.Нямгэрэлийг, 2003 оны 12 дугаар сарын 31-нд С.Төгөлдөрийг, 2007 оны 02 дугаар сарын 26-нд хүү С.Золбоотыг, 2017 оны 10 дугаар сарын 18-нд хүү С.Хүслэнг тус тус төрүүлсэн болох нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 6/99 дугаартай тодорхойлолт, төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаануудаар тогтоогдож байгаа ба хүү У.Нямгэрэл нь 18 насанд хүрсэн тул асрамжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй, хүү Сайханжаргалын Төгөлдөр нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх “Өнөр бүл” хүүхдийн төвийн хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамрагдан тус төвд амьдарч байгаа, Сайханжаргалын Золбоот нь Дархан-Уул аймгийн “СОС” хүүхдийн хотхоны Улаалзгана өрх бүлд амьдарч байгаа болох нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаартай захирамж, Дархан-Уул аймаг дахь “СОС” хүүхдийн хотхоны 2018 оны 02 дугаар сарын 06-ны 05 дугаартай тодорхойлолт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх “Өнөр бүл” хүүхдийн төвийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 80, 81 дугаартай тодорхойлолтууд, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/362 дугаартай захирамжаар, хүү С.Хүслэн нь зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажиг-Фаллогийн дөрвөл оноштойгоор мэс засал хийлгэж, мэс заслын дараах хүндрэлээс шалтгаалан 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан болох нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /5 дугаар хавтаст хэргийн 133/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба шүүгдэгч С.С нь “манай хүү С.Золбоотыг “СОС” хүүхдийн хотхоноос гаргачихсан байна лээ” гэж мэдүүлж байгаа боловч энэ байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул С.Төгөлдөр, С.Золбоот нарын асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэх шаардлагагүй байна.

Шүүгдэгч С.С, Т.Б, М.Н нар нь дээрэмдэх гэмт хэргийг тус тус бүлэглэн үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нар нь хохирогч Д.Ө, Л.О нарт учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Сыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч М.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч С.Сд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт элдэх ялыг 7 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 60 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч М.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 60 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Бт энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр Дархан Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 8 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч С.С, Т.Б, М.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Н нь 2018 оны 12 дугаар сарын 27-нд хүү Н.Дөлгөөнийг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т зааснаар түүнд 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, ялтанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Сын цагдан хоригдсон 517 хоног, шүүгдэгч Т.Бийн цагдан хоригдсон 659 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч М.Н нь 29 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн өмд, дотоож, цамц, куртик, алчуур, эмэгтэй цамц, эмэгтэй футболка, хутга, чулуу зэргийг устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.С, Т.Б нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С, Т.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Нт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.С 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан бусдын бие махбодид хүнд хохирол санаатай учруулах, 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх, 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, 17.2 дугаар зүйлийн 1-т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хамтран амьдрагч С.Сыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч С.Сыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч М.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч С.Сд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт элдэх ялыг 7 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 60 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч М.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 60 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Бт энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр Дархан Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 8 сарын /гурван жил найман сар/ хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар С.Сд оногдуулсан 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Т.Бт оногдуулсан 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял, М.Нт оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Нт 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Сын цагдан хоригдсон 517 /таван зуун арван долоо/ хоног, Т.Бийн цагдан хоригдсон 659 /зургаан зуун тавин ес/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч М.Н нь 29 /хорин ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 2-т тус тус зааснаар шүүгдэгч М.Нт хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ялтан хүүхэд асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч С.С-аас 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Х.С-т олгож, шүүгдэгч М.Н-ээс 447.600 /дөрвөн зуун дөчин долоон мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж, хохирогч О.У-д, олгож, шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Ө, Л.О нар нэхэмжлэх зүйлгүй, хохирогч О.У нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэг, срочкин цамц 1 ширхэг, малгайтай цамц 1 ширхэг, дотоож 1 ширхэг, гар нүүрийн алчуур 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг, эмэгтэй хүний цамц 1 ширхэг, эмэгтэй хүний футболк 1 ширхэг, чулуу 1 ширхэг зэргийг устгасугай.

12. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С, Т.Б нарт авсан цагдан хорих, шүүгдэгч М.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

14. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

15. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.С, Т.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Я.ТУУЛ

ШҮҮГЧИД                         Б.ИХТАМИР

                                                    С.НОЛХООСҮРЭН