Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1636

 

“Ика” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01845 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ика” ХХК-ийн нэхэмжлэлтэй,       

Хариуцагч “Камдер” ХХК-д холбогдох

 

225 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ика” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 126 магистралын шугамны 700 шугамнаас салаалж байгаа Олимп хотхоны дулааны 400 шугамын 11 дүгээр цэгээс дулааны огтолгоог 300 хоолойгоор хийх зөвшөөрлийг “Ика” ХХК-иас “Камдер” ХХК-д өгөх, “Камдер” ХХК үүнийг төлбөрт 350 000 000 төгрөгийг “Ика” ХХК-д төлөхөөр 2014 оны 7  дугаар сарын 08-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан тохиролцсон. “Камдер” ХХК нь гэрээний дагуу огтолгоог хийн ажлаа дуусгасан боловч үлдэгдэл 150 000 000 төгрөгийг төлөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний нийт үнийн дүн 200 000 000 төгрөгийг хариуцагч “Тайгам Алтай” ХХК-ийн дансаар шилжүүлснийг “Ика” ХХК хүлээн авсан, энэ талаар маргаан байхгүй. Мөн талууд гэрээгээ 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулж уг өдрөөс 45 хоногийн дотор огтолгооны ажлаа дуусган төлбөр төлөх ёстой байсан. Уг хугацаанаас хойш тоолбол 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ныг хүртэл 822 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 150 000 000 төгрөгийн 0.5 хувийн алданги 616 500 000 болж байгаа юм. Үүнээс хуулийн дагуу алдангийн хэмжээг 75 000 000 төгрөг болгон багасгаж нэхэмжилж байна. Иймд “Ика” ХХК болон “Камдер” ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 150 000 000 төгрөг, алданги 75 000 000 төгрөг, нийт 225 000 000 төгрөгийг “Камдер” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Энканто-2 хотхоны барилгыг барих явцад төвийн дулааны шугамд “Ика” ХХК-ийн татсан дулааны шугамаар дамжин холбогдох шаардлагатай болсон. Ингээд 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Ика” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, тус компанийн эзэмшлийн 12Б магистралын шугамын 700-ын шугамаас Олимп хотхоны дулааны 400-ын шугамын 11 дүгээр цэгээс дулааны огтолгоог 300-ын хоолойгоор хийхээр харилцан тохиролцож, шугам татахтай холбогдох бүхий л хүчин зүйлсийг харгалзан үзэж төлбөрийг 350 000 000 төгрөг байхаар тохиролцсон.

Гэрээний дагуу бид эхний 200 000 000 төгрөгийг тэдний толгой компани гэх “Тайгам Алтай” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Гэтэл дулааны шугам татах ажил эхлэхэд М.Батсайхан гэх иргэн гарч ирээд “Ика” ХХК-ийн дулааны шугамаас холболт хийхэд надад төлбөр төлөх ёстой гэсэн тайлбар хийгээд шугам татах ажиллагаанд саад учруулсан. Үүнийг бид “Ика” ХХК-д мэдэгдэхэд уг компани “бид н.Батсайхантай гэрээтэй, гэрээнийхээ дагуу зохицуулж өгнө” гэсэн боловч эргэж холбоо барилгүй алга болсон. Бид дулааны шугамын ажлаа богино хугацаанд дуусгах шаардлагатай байсан тул ажлаа үргэлжлүүлэхийн тулд “Ика” ХХК-д төлөх үлдэгдэл төлбөрийн 120 000 000 төгрөгийг М.Батсайханд төлж ажлаа дуусгасан. Түүнчлэн “Тайм Тү Тайм” ХХК болон манай компани бид шугам татах төлбөр, зардлаа хамтран гаргасан тул үлдэгдэл төлбөрийг “Тайм Тү Тайм” ХХК-иас төлсөн байдаг болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Камдер” ХХК-иас 225 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ика” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Камдер” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 282 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ика” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан зөрчил гаргасан.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ гэж буруу тодорхойлж шийдсэн. Талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 08-нд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжийг агуулсан гэрээ юм.

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д дулааны эрчим хүч хэрэглэгчийн үүргийг тодорхойлсон байдаг. Энэ хуулийн заалтыг энэ иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх ёстой байсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “УБДСүлжээ” ТӨХК, хэрэглэгч нь “Ика” ХХК, бусад хэрэглэгч нь “Камдер” ХХК байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэнгүй. “Камдер” ХХК нь “Грийн хаус сити” ХХК-тай хамтран Энканто таун-2 хотхоныг барьж байсан тул Эрчим хүчний яамны Техникийн нөхцөл олгох комиссын 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар “Грийн хаус сити” ХХК-д олгосон 30/2014 тоот техникийн нөхцлийн 4-т “Холболтын цэг: Холболтыг 12Б магистраль, Олимп хотхоны 400 мм-ийн голчтой салаа шугамын үл хөдлөх тулгууртай цэгээс шугам эзэмшигчтэй зөвшилцөн тусдаа салаа шугам татаж холбох” гэж заасныг үндэслэн УБДС ТӨХК-ийн 12Б магистраль дулааны шугамын 700 мм-ийн голчтой шугамаас салаалсан Олимп хотхоны дулааны 400 мм-ийн голчтой шугамын эзэмшигч гэх “Ика” ХХК-аас тус салаа шугамын 11 дүгээр цэгийг ашиглан Энканто таун-2 хотхоны дулааны шугамыг холбох зөвшөөрлийг 2014 оны 7 дугаар сарын 08-нд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ” нэртэй гэрээгээр авсан. Уг гэрээний 1.9-д “45 хоногт багтаан ... холболт хийх ажлыг бүрэн хийж дуусгана” гэж заасны дагуу “Ика” ХХК нь тус салаа шугамын 11 дүгээр цэгийг “Камдер” ХХК-ийн ашиглалтад түр хугацаагаар шилжүүлж, холболт хийх нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байна. Мөн гэрээний 3.1.1-т “А тал /Ика ХХК/ нь Б тал /Камдер ХХК/-ын ажил гүйцэтгэх явцад хяналт тавьж, гэрээгээ биелүүлэхийг шаардах эрхтэй”, 3.1.2-д “А тал нь Б талаас ... төлбөр тооцоогоо төлөөгүй тохиолдолд ажлыг зогсоох эрхтэй” гэж тус тус заасан нь “Ика” ХХК-аас салаа шугамын 11 дүгээр цэгийн ашиглалтыг хянах, ашиглалтыг зогсоох эрхтэй байсныг харуулж байх тул дээрх гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж тодорхойлон хэргийг шийдвэрлэх ёстой байсан.

2. Анхан шатны шүүх бүх нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг зөрчсөн.

А. Анхан шатны шүүх “Камдер” ХХК-аас М.Батсайхантай байгуулсан хамтран ажиллах гэрээг энэ хэрэгт хамааралгүй гэж буруу дүгнэсэн.

“Ика” ХХК нь өөрийн эзэмшлийн салаа шугамын 11 дүгээр цэгийг “Камдер” ХХК-д ашиглуулахаар шилжүүлэхдээ гуравдагч этгээдийн эрхийн талаар буюу уг 11 дүгээр цэг нь бусдын эзэмшлийн газар дээр байгаа талаар “Камдер” ХХК-д мэдэгдэлгүй нуун дарагдуулж, Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д заасан эрхийн доголдолгүй байдлаар шилжүүлэх үүргээ зөрчсөн. Мөн хуулийн 290 дүгээр зүйлийн 290.3-д “Хөлслөгчийн хөлслөн авсан эд хөрөнгийн талаар гуравдагч этгээд ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй байвал тухайн эд хөрөнгийг эрхийн доголдолгүй гэнэ” гэж заасан байдаг. Гэтэл “Ика” ХХК-тай гэрээ байгуулсны дараа “Камдер” ХХК-аас тус салаа шугамын 11 дүгээр цэгийг ашиглаж эхлэхийн өмнө М.Батсайхан гэх гуравдагч этгээд уг 11 дүгээр цэг өөрийнх нь эзэмшлийн газар дээр байрладаг тул өөр этгээд ашиглах тохиолдолд өөрөөс нь зөвшөөрөл авах ёстой гэсэн шаардлага тавьсан. Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.4-д заасны дагуу гуравдагч этгээдийн шаардлагыг шийдвэрлэж, эрхийн доголдлыг арилгаж өгөхийг “Ика” ХХК-аас хүссэн боловч ямар нэг үр дүн гараагүй тул “Ика” ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дараа “Ика” ХХК-ийн салаа шугамын 11 дүгээр цэг байрлаж байгаа газрын эзэмшигч М.Батсайханд буюу түүний эхнэр Туяа Бадамын Голомт банкны 1169055954 тоот дансанд 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 120 сая төгрөг төлж, 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр М.Батсайхантай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, “Ика” ХХК-ийн салаа шугамын 11 дүгээр цэг байрлаж байгаа газрыг ашиглаж дулааны шугам татах зөвшөөрөл авсан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн дээрх нөхцөл байдлын талаар бичгээр гаргасан тайлбарт ач холбогдол өгөөгүй бөгөөд “Камдер” ХХК-аас М.Батсайхантай байгуулсан Хамтран ажиллах гэрээг энэ хэрэгт хамааралгүй гэж буруу дүгнэсэн. М.Батсайхантай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.1-д “...огтолгоо авах цэг ... нь М.Батсайханы газраар явж өнгөрөх” гэж заасныг анхан шатны шүүх анхаарсангүй. Хариуцагч нь Нийслэлийн газрын албанаас М.Батсайханы газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй.

Иргэний хуулийн 290 дүгээр зуйлийн 290.7-д заасны дагуу гуравдагч этгээдийн шаардлагыг биелүүлж, “Камдер” ХХК-аас М.Батсайханд төлсөн 120 сая төгрөгийг мөн хуулийн 238.1, 238.4-д зааснаар “Ика” ХХК-д төлөх үлдэгдэл төлбөр болох 150 сая төгрөгөөс хооронд нь тооцох эрхтэй байсан.

Б) “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 07/286 тоот албан бичигт дурдагдсан 5 компанийн Хамтын ажиллагааны гэрээг нотлох баримтаар гаргуулах хариуцагчийн хүсэлтийг хангаагүйгээс анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг бүрэн зөв тогтоогоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан зөрчил гаргасан.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 07/286 тоот албан бичигт дурдсанаар Олимп хотхоны 400 мм-ийн голчтой салаа шугамыг “Эйч Эс Би” ХХК, “Ай Эс Юу Би” ХХК, “Парк од” ХХК, “Эрчимт сүлжээ зам” ХХК, “Ика” ХХК гэсэн 5 компани хамтын ажиллагааны гэрээ байгуулан хувь нийлүүлж, өөрсдийн хөрөнгөөрөө гүйцэтгэж 2013 онд ашиглалтад оруулсан. Үүний дараа 2014 онд “Камдер” ХХК нь “Ика” ХХК-тай Хамтран ажиллах гэрээ, мөн М.Батсайхантай Хамтран ажиллах гэрээг тус тус байгуулж, дулааны шугам холбох ажлыг гүйцэтгэсэн боловч дулааны шугамыг холбосны дараагийн өдөр нь “Эйч Эс Би” ХХК, “Ай Эс Юу Би” ХХК, “Парк од” ХХК, “Эрчимт сүлжээ зам” ХХК-уудаас ирж “Камдер” ХХК-ийн хийлгэсэн дулааны холболтыг салгасан тохиолдол 3 удаа болсон. Тэдгээр компаниудын “Камдер” ХХК-ийн холболтыг тасалсан шалтгаан нь ганц “Ика” ХХК-аас биш, бүх компаниудаас зөвшөөрөл авч, бүгдэд нь мөнгө төлөх ёстой гэсэн шаардлагыг тэдгээр компаниуд тавьж байсан. “Камдер” ХХК-ийн зүгээс тэдгээр компаниудын энэ шаардлагын талаар “Ика” ХХК-д хэлсэн боловч ямар нэг хариу өгөөгүй. “Ика” ХХК дээрх маргаантай байдлыг шийдвэрлэж өгөөгүй, мөн “Камдер” ХХК-ийн барьж байсан Энканто таун-2 хотхон 2014 онд биш 2015 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан тул дээрх компаниудын тасалсан холболтыг дахин буцааж холбох оролдлого хийх боломжгүй гэж үзээд холболтгүй чигээр нь орхисон болно. Өөрөөр хэлбэл, “Камдер” ХХК нь “Ика” ХХК-тай байгуулсан гэрээнийхээ зорилгод хүрч чадаагүй. Иймд “Ика” ХХК нь Олимп хотхоны 400 мм-ийн голчтой салаа шугамын 11 дүгээр цэгийг ашиглуулах зөвшөөрлийг бусад 4 компанитай өгөх ёстой байсан эсэхийг анхан шатны шүүх дээрх гэрээг шинжлэн судлаж тодруулах ёстой байсан.

В) Анхан шатны шүүх “Камдер” ХХК-аас “Тайм Тү Тайм” ХХК-тай байгуулсан Дулааны шугам татах хамтран ажиллах гэрээг хэрэгт хамааралгүй гэж буруу дүгнэсэн, “Тайм Тү Тайм” ХХК-ийн Дулааны шугам эзэмшлийн заагийн зураг, Тайм тауэр хотхоны дулааны шугамыг 2014 онд ашиглалтад оруулсан актуудыг нотлох баримтаар үнэлээгүй.

“Камдер” ХХК нь хөрш зэргэлдээ газарт “Тайм тауэр” хотхон барьж байсан “Тайм Тү Тайм” ХХК-ийн хүсэлтээр 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Дулааны шугам татах хамтран ажиллах гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр “Камдер” ХХК нь Олимп хотхоны 400 мм-ийн голчтой салаа шугамын 11 дүгээр цэгээс Энканто таун-2 хотхон хүртэл дулааны шугам татах, “Тайм Тү Тайм” ХХК нь дээр дурдсан Олимп хотхоны салаа шугамын 11 дүгээр цэгээс холболт хийх зөвшөөрөл авах болон бусдын газар дээгүүр дулааны шугам татах зардал, мөн талуудын эзэмшлийн талбайн дунд хийгдэх дулааны худаг хүртэл дулааны шугам татах зардлын 50 хувийг ажил гүйцэтгэх явцад болон ажлыг дууссаны дараа “Камдер” ХХК-д төлөх үүрэг хүлээсэн. Хоёр тал талуудын эзэмшлийн талбайн дунд хийгдэх дулааны худгаас өөрсдийн барилга хүртэлх дулааны шугамыг өөрсдөө гүйцэтгэхээр тохирсон. “Камдер” ХХК нь уг гэрээний дагуу Олимп хотхоны 400 мм-ийн голчтой салаа шугамын 11 дүгээр цэгээс Энканто таун-2 хотхон хүртэл буюу талуудын эзэмшлийн талбайн дунд хийгдэх дулааны худаг хүртэл дулааны шугам татсан боловч дээр дурдсанаар дулааны холболтоо удаа дараа таслуулсан тул дахин холболт хийлгүй орхисон. Гэвч “Тайм Тү Тайм” ХХК-ийн Тайм тауэр хотхоны барилгууд 2014 онд ашиглалтад орох ёстой байсан тул “Камдер” ХХК-ийн татсан дулааны шугамыг Олимп хотхоны 400 мм-ийн голчтой салаа шугамын 11 дүгээр цэгт холбох зөвшөөрлийг “Тайм Тү Тайм” ХХК нь “Ика” ХХК болон “Эйч Эс Би” ХХК, “Ай Эс Юу Би” ХХК, “Парк од” ХХК, “Эрчимт сүлжээ зам” ХХК гэсэн 5 компаниас авч, бүгдэд нь мөнгө төлж байж, өөрийн зардлаар уг холболтыг хийлгэсэн. Ингэснээр “Ика” ХХК нь Олимп хотхоны 400 мм-ийн голчтой салаа шугамын 11 дүгээр цэгт “Камдер” ХХК-ийн татсан дулааны шугамыг холбох зөвшөөрлийн төлбөр гэж “Камдер” ХХК болон “Тайм Тү Тайм” ХХК хоёроос хоёулангаас нь мөнгө авсан байсан. “Тайм Тү Тайм” ХХК нь “Ика” ХХК-д хэдэн төгрөг төлсөн нь нууц, тодорхойгүй хэвээр үлдсэн. Энэ талаарх баримтыг “Ика” ХХК болон “Тайм Тү Тайм” ХХК-аас гаргуулах хариуцагчийн хүсэлтийг шүүх хангаагүй.

Уг холболтыг хийсний дараа 2014 онд ашиглалтад орж, хийгдсэн “Тайм Тү Тайм” ХХК-ийн барилгын дулааны зангилаа, ус халаагчийг угсарсан акт, дотор халуун, хүйтэн усан хангамж, гал эсэргүүцэх системийг угсарсан, сорилтоор шалгасан актыг шүүхэд өгсөн боловч нотлох баримтаар үнэлээгүй атлаа “Камдер” ХХК-ийн Энканто-2 хотхоны барилгыг 2015 оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан улсын комиссын актад үндэслэн “Камдер” ХХК-ийн “Ика” ХХК-тай байгуулсан гэрээний зорилго хэрэгжсэн гэж өнгөцхөн дүгнэсэн нь дээрх цаг хугацааны дарааллыг ойлгоогүй болохыг харуулж байна. “Камдер” ХХК-аас “Ика” ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээний 3.1.3-д “Б тал /Камдер ХХК/ нь гэрээний үүргээ зөрчиж гуравдагч этгээдэд дулаан дамжуулан ашиглуулсан бол А тал гэрээний төлбөрийг буцаан олгохгүйгээр энэхүү гэрээг шууд цуцлах үндэслэл болно”, 3.2.4-д “А тал /Ика ХХК/-аас авсан дулааны эх үүсвэрээ цааш нь гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүрэгтэй”, 3.2.6-д “А талын эзэмшлийн шугамнаас авсан дулааны эх үүсвэрээ гуравдагч этгээд болон хувь хүн, хуулийн этгээдэд дамжуулан ашиглуулсан тохиолдолд гэрээг шууд цуцлах” гэж тус тус заасныг зөрчсөн гэж “Камдер” ХХК-ийг буруутгаад “Ика” ХХК нь өөрөө “Тайм Тү Тайм” ХХК-тай тусдаа гэрээ байгуулж, мөнгө авсан. Үүний дараа “Тайм Тү Тайм” ХХК нь Дулааны шугам эзэмшлийн заагийн зургаа “УБДС” ТӨХК-тай хамтран баталсан бөгөөд уг зурагт Олимп хотхоны 400 мм-ийн голчтой салаа шугамын 11 дүгээр цэг хүртэл хэрэглэгчдийн хамтран эзэмших шугам гэж тэмдэглэгдсэн, түүнээс хойшхи нь хэрэглэгч “Тайм Тү Тайм” ХХК-ийн шугам гэж тэмдэглэгдсэн байсан. Энэхүү заагийн зураг нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн “Ика” ХХК-ийн заагийн зурагтай зөрчилдөж байхад анхан шатны шүүх “Ика” ХХК-ийн хохирлын тодорхойлолт зэрэг баримтад үндэслэн уг шугамыг “Тайм Тү Тайм” ХХК хамтран эзэмшдэг гэж үзэхээргүй байна гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийсэн.

Мөн уг заагийн зурагт хоёр байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг зурсан огноо 2014 он, 2015 он гэж хоёр янзаар бичигдсэн байсан бөгөөд аль огноо нь зөв талаар шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн.

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасан зөрчил гаргасан.

Шүүхийн шийдвэрийн 5 дугаар талд хариуцагчийн өмгөөлөгчид 2017 оны 5 дугаар сарын 29-ний 13 цаг 30 минутад болох хурлын товыг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэх хуудсаар болон утсаар мэдэгдсэн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчид шүүх хурлын товыг 2017 оны 5 дугаар сарын 29-ний 13 цаг 50 минутад утсаар мэдэгдсэн болно. Шүүх хуралд хариуцагчийн өмгөөлөгчийн биечлэн оролцох эрхийг хангаагүй, мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй нь шүүхийн шийдвэр алдаатай гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч талуудын хоорондох маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглээгүйг зөвтгөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч “Ика” ХХК хариуцагч “Камдер” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 150 000 000 төгрөг, алданги 75 000 000 төгрөг, нийт 225 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, М.Батсайханд 120 000 000 төгрөг төлсөн тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, нэхэмжлэгч шугамын эзэмшигч биш гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч “Ика” ХХК нь өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 12б магистрал шугамын 700-ын шугамаас салаалж байгаа Олимп хотхоны дулааны 400-ын шугамын 11 дүгээр цэгээс дулааны огтолгоог 300-ын хоолойгоор хийх зөвшөөрлийг хариуцагч “Камдер” ХХК-д өгөх, “Камдер” ХХК нь 350 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” гэх нэртэй гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд гэрээний агуулга, талуудын хүсэл зоригоос үзэхэд талууд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

/хэргийн 4 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 12б магистрал шугамын 700-ын шугамаас салаалж байгаа Олимп хотхоны дулааны 400-ын шугамын 11 дүгээр цэгээс дулааны огтолгоог 300-ын хоолойгоор татан авч Энканто таун-2 хотхоны дулааныг хангасан, болон нэхэмжлэгчийн дансаар 200 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо хариуцагчийн Энканто таун-2 орон сууцны хорооллын 2 дугаар ээлжийн үйлчилгээтэй 399 автомашины дулаан зогсоолтой, 174 айлын орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2015/725 дугаартай комиссын акт, мөнгө шилжүүлсэн баримт, зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хэргийн 19, 157-159 дүгээр тал/

 

Хариуцагч үлдэгдэл 150 000 000 төгрөгийн төлбөрөөс 120 000 000 төгрөгийг М.Батсайханд төлсөн, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг “ТАЙМ ТҮ ТАЙМ” ХХК нь нэхэмжлэгчид төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татзалжээ.

 

Хариуцагч “Камдер” ХХК нь М.Батсайхантай 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, нэхэмжлэгчтэй байгуулсан дээрх гэрээний дагуу хийгдэх дулааны 300-ын хос /трасс/ шугамыг М.Батсайханы эзэмшлийн газар /талбайг/-аар явуулж, төлбөрт 120 000 000 төгрөг төлөхөөр, мөн “ТАЙМ ТҮ ТАЙМ” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Дулааны шугам татах хамтран ажиллах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “ТАЙМ ТҮ ТАЙМ” ХХК-ийн “Тайм тауэр” орон сууцны хотхон болон “Энканто таун” 2 дугаар ээлжийн орон сууцнууд, оффис, зочид буудлын барилгуудын дулааны шугамыг нэхэмжлэгчийн эзэмшилийн дээрх Олимп хотхоны 400-ын шугамын 11 дүгээр цэгээс батлагдсан зургийн дагуу “Камдер” ХХК өөрийн зардлаар татах, гарах зардлыг “ТАЙМ ТҮ ТАЙМ” ХХК хуваан төлж, татсан дулааны шугамыг хамтран өмчлөхөөр тус тус тохиролцжээ.

/хэргийн 25, 26-28 дугаар тал/

 

Хариуцагч “Камдер” ХХК нь М.Батсайхантай байгуулсан гэрээний дагуу түүний эзэмшилийн талбайгаар дулааны шугамыг явуулсны төлбөрт 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 120 000 000 төгрөг шилжүүлсэн байх боловч энэ нь нэхэмжлэгчид төлөх 150 000 000 төгрөгийн төлбөрт тооцогдохгүй юм. Харин “ТАЙМ ТҮ ТАЙМ” ХХК-иас хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх дээрх төлбөрөөс төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Түүнчлэн М.Батсайхан, “ТАЙМ ТҮ ТАЙМ” ХХК-тай хариуцагчийн байгуулсан дээрх 2 гэрээ нь 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэгчийн эзэмшлийн шугамаас огтолгоог хийх зөвшөөрлийг /эрхийг/ худалдах-худалдах авах гэрээний харилцаанд хамааралгүй, тусдаа бие даасан харилцааг зохицуулсан байх бөгөөд тэдгээр нь хариуцагчийн өмнөөс нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй буюу нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний талууд биш байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн өмнөөс М.Батсайхан болон “ТАЙМ ТҮ ТАЙМ” ХХК-ууд нэхэмжлэгчид гэрээний дагуу төлбөр төлсөн нь тогтоогдохгүй байна.

 

Мөн хэргийн 92-94 дүгээр талд авагдсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Баян Монгол хорооллын урд талын “Олимп цогцолбор” ТББ, “ИКА” ХХК гэх орон сууцны цогцолбор хорооллуудын дулааны гол шугамын байгуулалтын М1:500, зураг төслийг эрх бүхий байгууллагуудаас батласан байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь тухайн дулааны шугамыг эзэмших эрхтэй байх бөгөөд өөр этгээд уг дулааны шугамыг эзэмших эрхтэй гэх баримт хэрэгт авагдаагүй буюу хариуцагч уг шугамыг ашиглах эрхийг нэхэмжлэгчээс өөр этгээдээс олж авсан гэх баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Талууд 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцжээ. Иймд хариуцагч “Камдер” ХХК-иас гэрээний үүрэгт 150 000 000 төгрөг, алданги 75 000 000 төгрөг, нийт 225 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ика” ХХК-д олгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

 

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан журмын дагуу тайрбарлаагүй буюу талуудын хүсэл зориг, үгийн шууд утгыг анхааралгүй, маргаантай харилцаанд хамааралгүй Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний зохицуулалтыг хэрэглэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулж, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                     

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/01845 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “476 дугаар зүйлийн 476.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1”гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 282 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.МӨНХЗУЛ    

                     

                                              ШҮҮГЧИД                            Д.ЦОГТСАЙХАН

                   

                                                                                          С.ЭНХТӨР