Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 593

 

                                              В.Б-т холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор П.Энхболд,

            яллагдагч В.Б,  

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/593 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Энхболдын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дугаартай эсэргүүцлээр В.Б-т холбогдох 1910 00740 0477 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Е овгийн В-н Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ....... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнес, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;

В.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А т” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр 2015 оны 6 дугаар сарын 5-наас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд ажиллахдаа 17.938.583 төгрөгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: В.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: В.Б-т холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2  дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тогтоож чадаагүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч В.Б нь 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс “А т” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилд орж ажилласан байх ба мөн өдөр хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан улмаар тус байгууллага нь түүнийг үндсэн ажилтнаар томилж ажиллуулсан байна.

Худалдааны төлөөлөгч /борлуулалтын менежер/ нь ажлын байрны тодорхойлолтоор ямар ажил үүрэг гүйцэтгэдэг үүрэгтэй байдаг талаар тодорхойлж, В.Б-т танилцуулж гарын үсэг зуруулсан эсэх нь тодорхойгүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээ 1 дүгээр зүйлийн 1.2-т “Гүйцэтгэх ажил үүргийг тодорхойлон танилцуулах”-аар заасан хэдий ч танилцсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч В.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А т” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр 2015 оны 6 дугаар сарын 5-наас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд ажиллахдаа нийт 17.938.583 төгрөгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэх үйлдэлд албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр байгаа эсэхийг тогтоох шаардлагатай.

Иймд шүүгдэгч В.Б-т холбогдох эрүүгийн 1910007400477 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор П.Энхболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

          1. Шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой ба 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/593 дугаартай шүүгчийн захирамж хэт ерөнхий дүгнэж бичсэнээр ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа, түүний үндэслэл, агуулгыг тодорхой дурдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн байна.

          2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан “бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэрэгт албан тушаалын байдлаа ашиглах гэсэн хүндрүүлэх нөхцөлийг заагаагүй бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “албан тушаалын байдлаа ашиглаж” гэсэн хүндрүүлэх нөхцөлийг шинээр оруулж өгсөн.

В.Б нь “А т” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр 2015 оны 6 дугаар сарын 5-наас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байх хугацаанд бараа бүтээгдэхүүн борлуулсны орлогоос 17.938.583 төгрөгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар хүндрүүлэн зүйлчлэх, өөрөөр хэлбэл эрх зүйн байдлыг нь дордуулсан хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч В.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой нэмж хэлэх тайлбар байхгүй. Би уг мөнгийг 2015 оноос эхлэн бага багаар авч байсан. Зарим нэг дэлгүүрүүдтэй тооцоо нийлээгүй тул уг мөнгөө өөртөө авдаг байсан. Одоогийн байдлаар хохиролд 5.000.000 орчим төгрөг төлсөн. ...” гэв.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх В.Б-ыг “А т” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа 17.938.583 төгрөгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэх үйлдэлд албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр байгаа эсэхийг тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

В.Б-т холбогдох хэргийн хувьд, энэ заалтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлвэл зохино.

Түүнчлэн, шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд В.Б-т холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.