Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 899

 

В.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор П.Энхболд,

            хохирогч Б.Б,

            шүүгдэгч В.Б,  

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Б-н гаргасан давж заалдах гомдлоор В.Б-т холбогдох 1910 00740 0477 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Е овгийн В-н Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ....... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнес, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;

В.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А т” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр 2015 оны 6 дугаар сарын 5-наас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд ажиллахдаа 17.938.583 төгрөгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: В.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: В.Б-ыг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Б-ыг 3.000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан В.Б-т оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар В.Б-с 14.652.417 төгрөг гаргуулж, хохирогч “А т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “А т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Б миний бие шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болон хэргийг буруу зүйлчлэн шийдвэрлэсэн тухай үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

            1. Миний бие 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд прокурор П.Энхболд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 145 дугаартай тогтоол, “Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай” 145 дугаартай прокурорын санал, 383 дугаартай яллах дүгнэлтийг тус тус үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.

Ингээд 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “яллагдагчийн шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаан товлон зарлах тухай” 1137 дугаар захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж мөн өдрийнхөө 12 цаг 30 минутад шүүх хуралдааныг товлон гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх болон эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааныг хийжээ. Ийнхүү шүүх хуралдаан явуулахдаа хохирогч тал болон түүний хууль ёсны төлөөлөгч болох надад огт мэдэгдээгүй бөгөөд хэргийг шийдвэрлэж, шийтгэх тогтоол гарсан эсэхийг мэдээгүй явсаар 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шийтгэх тогтоолыг гардан авсан. Иймээс хохирогч талд мэдэгдэхгүй, оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан тул үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

2. Шүүх, прокурор хэргийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн тухайд 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолоор В.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Энэхүү тогтоолынхоо дагуу 383 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн...

Гэтэл В.Б нь “А т” ХХК-д худалдааны төлөөлөгчийн албан тушаалд ажиллаж байсан. Хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэхээр хуульчилсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т заасны дагуу албан тушаалын нэр буюу гүйцэтгэх ажил, албан тушаал нь Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болдог. Мөн “А т” ХХК болон В.Б нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.1-т “худалдааны төлөөлөгч” гэж албан тушаалыг тодорхойлсон. В.Б нь ажил олгогчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гуравдагч этгээдэд борлуулж, борлуулалтын орлогыг авч ажил олгогчид тушаах энэхүү ажил, албан тушаалаа ашиглаж ажил олгогчийн эд хөрөнгийг завшсан үйлдлийг буруу зүйлчлэн шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хэдийгээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй хэрэг боловч прокурор хэргийг буруу зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн тохиолдолд хэргийг прокурорт буцаах боломж шүүхэд байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зөвхөн эрүүгийн хариуцлагыг прокурорын саналын хүрээнд шийдвэрлэхээр хуульчилсан ба хэргийн зүйлчлэл тохироогүй бол хэргийг прокурорт буцаах боломжтой байсан гэж үзэж байна. Иймээс В.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Дээрхээс үзвэл хэргийг хохирогч талд мэдэгдэхгүйгээр хянан шийдвэрлэсэн тул хэргийн зүйлчлэл тохироогүй тухай тайлбар хийх боломж олдоогүй болно.

Иймээс давж шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хүндрүүлж шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч В.Б давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “А т” ХХК-д ажиллах 3 жилийн хугацаандаа бага багаар компанийн орлого зээлийн мөнгөнөөс дутаасан нь үнэн. Дутаасан мөнгөнөөс барьцаа 1.000.000 төгрөг, цалин 300.000 төгрөг, мөн өөрөө 1.000.000 төгрөгийг одоогоор төлж барагдуулаад байна. Өөрийн гэм бурууг сайн ойлгож байна. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэр гарсан гэж үзэж байна. “А т” ХХК-д учруулсан хохирлын үлдэгдлийг аль болох хурдан хугацаанд төлж барагдуулах болно. Гэм буруугаа сайтар ойлгож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Прокурор П.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хоёр талаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу прокурор хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хохирогч хэргийн материалтай танилцах явцдаа мэдсэн байсан. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд эрх бүхий албан тушаалтан гэж ямар албан тушаалтан байх талаар хуульчилсан. Энэ хуульд зааснаар Б-н эрхэлж байсан худалдааны төлөөлөгчийн албан тушаал нь эрх бүхий албан тушаалтан биш гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч В.Б-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

В.Б-т холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б болон яллагдагч В.Б нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу прокурорт гаргажээ.

Уг хүсэлтийг прокурор хянаад “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай”, “хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай” тогтоол гаргаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан тусгай журмыг хэрэглэхээс гадна ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахаар зохицуулагдсан гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх хохирогч Б.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, түүний Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох” эрхийг хангалгүйгээр шүүх хуралдааныг явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна.” гэсэн заалт нь хохирогчийн дээрх үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй ба хохирогч оролцох талаараа бичгээр хүсэлт гаргасан бол заавал оролцуулах зохицуулалт юм. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, В.Б-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгосонтой холбогдуулан хохирогч Б.Б-н “зүйлчлэлийн талаар” гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.