Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2020/0099

 

 

Т.Д-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Т.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 820 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Т.Д-гийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 820 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /хуучин/ 11 дүгээр зүйлийн 11.5.1, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн / хуучин/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д-гийн нэхэмжлэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119 дүгээр байрны үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгийн Y-2205044174 улсын бүртгэлийг хүчингүй болгож,

            2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж” тус тус шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээ, хэмжээнд биш нэхэмжлэлийн шаардлагыг давуулж хангаж шийдвэрлэснээрээ Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй.

Нэхэмжлэгч Т.Д Ү-2205044174 дугаартай улсын бүртгэлийг бүхэлд нь буюу “И” ХХК дээрх бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаагүй. Энэ нь ч түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбараар нотлогддог. Тэрээр “И” ХХК-иас иргэн С.А болон түүнээс цааш иргэн Ч.Б, иргэн Ч.Б-ээс иргэн П.Т, Д.Я нарт тухай үл хөдлөх хөрөнгө шилжсэн бүртгэлтэй л холбоотой маргасан байдаг бөгөөд шүүхийн шийдвэр гарснаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 115 дүгээр байрны 200 м.кв талбай бүхий зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгийн Ү-2205044174 дугаартай “И” ХХК-д бүртгэлтэй байсан анхны үл хөдлөх хөрөнгийн бүртгэл болон иргэн С.А, Ч.Б нар дээр ч өмнө бүртгэгдэж байсан бүртгэл хүчингүй болчихоод байгаа юм.

Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 болон 52.5.1-д зааснаар яг аль бүртгэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байж, түүний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нягталж байж хэргийг шийдвэрлэх учиртай.

            2. Өмнө дурдсан бүртгэлүүдээс харахад уг хэргийг шийдвэрлэхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа “И” ХХК болон иргэн С.А нарыг гуравдагч этгээдээр 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 7814 дүгээр шүүгчийн захирамжаар татсан байдаг боловч хэрэг хянан шийдвэрлэгдэхээс 22 хоногийн өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дээрх захирамжийг 8000 дугаартай шүүгчийн захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Уг захирамжийг гуравдагч этгээд “И” ХХК-д огт мэдэгдээгүй бөгөөд хамгийн гол нь өөрийг нь гуравдагч этгээдээр татсаныг ч “И” ХХК, түүний захирал С.Б огт мэдээгүй байгаа юм. Ингэснээрээ хэргийн оролцогч болох гуравдагч этгээдийн хуулиар олгогдсон хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

            3. Хэргийг шийдвэрлэгдэхээс хангалттай хугацааны өмнө “И” ХХК-ийн өв залгамжлалын маргаан Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж 2019.07.10-ны өдөр “И” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх захирлаар С.Б нь улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан бөгөөд Анхан шатны шүүх ч үүнийг нь мэдэж байсан болох нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “... С.Б гэгч хүн ... 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр бүртгүүлсэн байна” гэж хууль зүйн дүгнэлт өгснөөс харагдаж байгаа юм. Түүнчлэн шударга өмчлөгч болох иргэн С.А, Ч.Б нарын ч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ч дээрх бүртгэлтэй холбоотойгоор хөндөгдөж байхад гуравдагч этгээдээр заавал оролцуулж байж хэргийг шийдвэрлэх ёстой байсан гэж хариуцагчийн хувьд үзэж байна.

            4. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 200 м.кв талбай бүхий зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгийн Ү-2205044174 дугаартай үл хөдлөх хөрөнгө 2012.06.07-нь өдөр “И” ХХК-иас иргэн С.А-д шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2012.06.07-ны өдөр битүүмжлэх тогтоолоо гаргаж Улсын бүртгэлийн байгууллага болон Иргэн Т.Д нарт мэдэгдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллагад шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилсэн тогтоол шийдвэр, албан бичиг ирээгүй байсан байгаа юм. Хэрвээ улсын бүртгэлийн байгууллагад хөрөнгө битүүмжлэх тухай шийдвэр ирсэн байсан бол дээрх бүртгэл огт хийгдэхгүй хоригт орох байсан.

            5. Т.Д 2017._._-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа юм Өөрөөр хэлбэл “И” ХХК-ийн өв залгамжлалын маргаан шүүхэд түтгэлзчихээд байх явцад энэхүү нэхэмжлэлийг гаргасан нь “Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д заасан тохиолдолд хамаарах юм. Дээрх маргаан бүхий Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 200 м.кв талбай бүхий зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгийн Ү 2205044174 дугаартай үл хөдлөх хөрөнгө нь Т.Д-гийн өмчлөлд өмнө ч огт байгаагүй бөгөөд одоо ч огт хамааралгүй хөрөнгө юм. Тэрээр энэхүү барилгыг огт бариагүй бөгөөд тухайн үед “И” ХХК-ийн захирал байсан талийгаач С.Б-ын зөвлөхөөр ажиллаж байсан гэж өөрийгөө ярьдаг. Өөрийнх нь хөрөнгө болох талаар Иргэний хэргийн шүүхийн шийдвэр ч байхгүй зүгээр л Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хэрэг үүссэн нэхэмжлэгчээр оролцож байгаа хүн шууд захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаад явах эрх үүсээгүй нэхэмжлэгч битгий хэл хэргийн оролцогч ч биш байх ёстой хүн.

            6. Мөн Т.Д нь Улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаас өмнө хариуцагч байгууллагад хандаж энэхүү бүртгэлтэй холбогдуулан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэж байгаагүй бөгөөд уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа ч өнгөрсөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д заасан тохиолдол байсан гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 820 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх, эсхүл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 820 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 200 м.кв талбай бүхий зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгийн Y-2205044174 дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон байна.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Т.Д нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө “И” ХХК-иас иргэн С.А болон түүнээс цааш иргэн Ч.Б, иргэн Ч.Б-ээс иргэн П.Т, Д.Я нарт шилжсэнийг бүртгэсэн бүртгэлтэй холбогдуулан маргасан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл тухайн тодорхой иргэнийг нэр  зааж өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл болон түүнд олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардаагүй, харин улсын бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шаарджээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 115 дүгээр байрны 200 м.кв талбай бүхий зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгийн Ү-2205044174 дугаартай “И” ХХК-д бүртгэлтэй байсан анхны үл хөдлөх хөрөнгийн бүртгэл болон иргэн С.А, Ч.Б нар дээр өмнө бүртгэгдэж байсан бүртгэл хүчингүй болоод тухайн эд хөрөнгө ямар нэгэн улсын бүртгэлгүй болж байгаа ажээ. Энэ тохиолдолд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 болон 52.5.1-д зааснаар яг аль бүртгэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байж, түүний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нягталж байж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 820 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчаас гадна “И” ХХК давж заалдах гомдол гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “И” ХХК болон иргэн С.А нарыг гуравдагч этгээдээр 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 7814 дүгээр шүүгчийн захирамжаар татсан байдаг боловч хэрэг хянан шийдвэрлэгдэхээс 22 хоногийн өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дээрх захирамжийг 8000 дугаартай шүүгчийн захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Түүнчлэн захирамжийг гуравдагч этгээд “И” ХХК-д огт мэдэгдээгүй, гомдол гаргах эрхээр хангаагүй нь буруу болжээ. Ингэснээрээ хэргийн оролцогч болох гуравдагч этгээдийн хуулиар олгогдсон хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.1, 121.3.3, 121.3.7 дахь заалтыг удирдлага болгон