Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2017/01543

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01481 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1646 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Д-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 77 000 000 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д-, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаа эгч Б.Дэнсмаагийн зээлийн барьцаанд түүний гуйлтаар барьцаалсан. Б.Дэнсмаа нь “Ариг банк” ХХК-иас 30 000 000 төгрөгийг зээлсэн ба зээлээ төлж чадаагүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 728 дугаар шийдвэрээр Б.Дэнсмаагаас 30 242 560 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах боломжгүй болж эрхээ алдсан. Энэ байр миний эцгээс өвлөгдөж ирсэн ганц хөрөнгө маань юм. Би өөрөө орон сууцыг хотын A зэрэглэлийн бүсэд ашигтай байрлалд байдаг үндэслэлээр 110 000 000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дур мэдэн миний орон сууцыг 77 000 000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдсэн байсан. Хүний хөрөнгөд халдаж байгаа тохиолдолд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба комисс томилж үнэлгээ хийлгэж болох л байсан. Гэтэл тэгээгүйд нь гомдож байна. Иймд анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 77 000 000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 728 дугаар шийдвэрээр Б.Дэнсмаагаас 30 242 560 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 309 163 төгрөгийн хамт гаргуулж “Ариг” банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгч Б.Дэнсмаад хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155/09 тоот мэдэгдэл гардуулан өгсөн боловч мэдэгдлийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 байрны 42 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилж хураасан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгөд талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Б.Дэнсмаа болон өмчлөгч Б.Д- нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 110 000 000 төгрөгөөр үнэлснээр талууд харилцан тохиролцож, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт болох анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарласан боловч тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/Ш32017/03264 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь талуудын тохиролцсон үнэлгээнээс хуульд заасан хувь хэмжээ болох 70 хувиар нь анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон нь хуульд нийцсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул Б.Д-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01481 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг баримтлан анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 77 000 000 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн Б.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1646 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01481 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хэргийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэлт хийсэнтэй санал нийлэхгүй байна.

Уг барьцааны хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө биш, цаана нь өмчлөгчдийн эрх ашиг зөрчигдөж байна. Би өөрийн хөрөнгийг хэт үнэгүйдүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийх гэж байгаад гомдолтой байна. Миний байр нь хотын А зэрэглэлд байрлалтай эцгээс минь өвлөгдөж ирсэн байр юм. Өмчлөгчийн эрх ашгийг хэтэрхий дордуулж, өмчийг нь үнэгүйдүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг 77 000 000 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181\ШШ2016\00728 дугаар шийдвэрээр Б.Дэнсмаагаас 30 242 560 төгрөгийг гаргуулж “Ариг” банкинд олгохоор шийдвэрлэжээ. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар Б.Дэнсмаа шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 8 дугаар байрны 42 тоот 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шийдвэрт заажээ.

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 8 дугаар байрны 42 тоот 2 өрөө орон сууц нь Б.Д-, Д.Хүслэн нарын өмчлөлийн эд хөрөнгө байна.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181\ГХ2016\00641 дугаартай гүйцэтгэх хуудас, дүүргийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181\Ш32016\07208 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.

Шүүхийн шийдвэрт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь барьцааны эд хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Харин барьцааны эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал авсан ажиллагаа тодорхой бус байгааг шүүх анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.

Төлбөр төлөгч Б.Дэнсмаа, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Д- нарт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлсэн хоёр мэдэгдэлд “...Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу үнийн санал авч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын харилцан тохиролцсон үнэ 110 000 000 төгрөгийн 70 хувь буюу 77 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон” гэж мэдэгдсэн байна.  

Гэтэл хариуцагчаас нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн төлбөр авагчийн албан бичигт “Төлбөр төлөгч нь барьцааны зүйлийн үнийн саналыг 110 000 000 төгрөгөөр өгсөн байгааг төлбөр авагч “Ариг” банкнаас зөвшөөрч байна. Тус үнийн дүнгээр хуулийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулж өгнө үү” гэж заасан байна. Төлбөр авагч нь төлбөр төлөгч болон өмчлөгчийн санал болгосон 110 000 000 төгрөгийг дуудлага худалдааны санал болгох доод үнэ гэж ойлгон хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Харин төлбөр төлөгч Б.Дэнсмаа болон өмчлөгч Б.Д- нарын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан үнийн санал гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангаагүй хэлбэртэй байна. Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх ёстой. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болдог.

Дээрх баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгсөн гэж үзэхээр боловч шүүх хуралдаанаас өмнө хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудын дунд энэ баримт байхгүй, шүүх хуралдаан дээр зохигчдын хэн алин нь шинээр нотлох баримт гаргаж өгөөгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Түүнчлэн, анхан шатны шүүх хуралдаан даргалагч дээрх хоёр баримтыг нэхэмжлэгч талд шүүх хуралдаан дээр танилцуулсан, мөн шүүх хуралдаан дээр хуулбар хувиудыг эх хувьтай нь тулган үзсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд заажээ. Шүүх нотлох баримтын нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар хувийг эх хувьтай нь тулгаж үзсэнээр нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт өгөх шаардлагыг хангахгүй бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэргийн оролцогчид хэргийн материалтай танилцсанаас хойш шүүхэд дээрх хоёр баримтыг хэн, хэзээ, хэрхэн ирүүлсэн болох нь тодорхойгүй байгаагаас гадна нотлох баримтын хэлбэрийн шаардлагыг хангаагүй баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ.

Төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нар нь барьцаа эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн талаар нэгдмэл саналтай байх талаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан байх ба эдгээр этгээд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эсхүл дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар тохиролцсон гэж үзэх нь тодорхой бус байгаа тохиолдолд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01481 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1646 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН