Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1646

 

Б.Димагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                   

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01481 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Димагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 77 000 000 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Дима, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Димагийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаа эгч Б.Дэнсмаагийн зээлийн барьцаанд түүний гуйлтаар барьцаалсан. Б.Дэнсмаа нь "Ариг банк" ХХК-иас 30 000 000 төгрөгийг зээлсэн ба зээлээ төлж чадаагүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 728 дугаар шийдвэрээр Б.Дэнсмаагаас 30 242 560 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах боломжгүй болж эрхээ алдсан. Энэ байр миний эцгээс өвлөгдөж ирсэн ганц хөрөнгө маань юм. Би өөрөө орон сууцыг хотын A зэрэглэлийн бүсэд ашигтай байрлалд байдаг үндэслэлээр 110 000 000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дур мэдэн миний орон сууцыг 77 000 000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оролуулахаар шийдсэн байсан. Хүний хөрөнгөд халдаж байгаа тохиолдолд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба комисс томилж үнэлгээ хийлгэж болох л байсан. Гэтэл тэгээгүйд нь гомдож байна. Иймд анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 77 000 000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмөрөнгийн шүүхэд гаргасан тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дугээр сарын 20-ны өдрийн 728 дугаар шийдвэрээр Б.Дэнсмаагаас 30 242 560 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 309 163 төгрөгийн хамт гаргуулж Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгч Б.Дэнсмаад хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155/09 тоот мэдэгдэл гардуулан өгсөн боловч мэдэгдлийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 байрны 42 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилж хураасан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгөд талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Б.Дэнсмаа болон өмчлөгч Б.Дима нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 110 000 000 төгрөгөөр үнэлснээр талууд харилцан тохиролцож, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт болох анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарласан боловч тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/Ш32017/03264 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь талуудын тохиролцсон үнэлгээнээс хуульд заасан хувь хэмжээ болох 70 хувиар нь анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон нь хуульд нийцсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул Б.Димагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг баримтлан анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 77 000 000 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн Б.Димагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Димагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь бусдын хөрөнгийг хэт үнэгүйдүүлж дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийж байна. Манай өмчлөлийн уг орон сууц нь хотын А зэрэглэлд байршилтай, эцгээс минь өвлөж ирсэн надад байгаа ганц хөрөнгө юм. Гэтэл уг байрыг 77 000 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хариуцагчийн эд хөрөнгө болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломж байсан. Гэтэл энэ байдлыг олгохгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/01481 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.    

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Дима нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байрны 42 тоот, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба дуудлага худалдаанд оруулах доод үнийг 77 000 000 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 728 дугаар шийдвэрээр Б.Дэнсмаагаас 30 551 723 төгрөг гаргуулж "Ариг банк" ХХК-д олгож, Б.Дэнсмаа нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс хангуулахыг Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрт 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэнийг үндэслэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17280020 тоот тогтоолоор ажиллагааг үүсгэжээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байрны 42 тоот, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155/1220 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 oны 12 дугаар сарын 28-ны өдрийн 155/09 тоот тогтоолоор хураажээ. /хх-38, 40/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд төлбөр төлөгч Б.Дэнсмаа болон өмчлөгч Б.Дима нараас дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авахад 110 000 000 төгрөгөөр үнэлэх саналаа өгсөн байх ба уг үнийн саналыг төлбөр авагч "Ариг банк" ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрсөн тухай нотлох баримт авагдсан байх тул үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцсон гэж үзсэн нь зөв болно. /хх.32, 56-57/

 

Талуудын харилцан тохиролцсон үнэлгээний 70 хувиар тооцож анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 77 000 000 төгрөгөөр тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдаж буй “шийдвэр гүйцэтгэгч бусдын эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлж, дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийж, нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн” гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж үзнэ.

                                                                                   

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Димагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01481 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Димагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

 

                                                        ШҮҮГЧИД                                        Ч.ЦЭНД

 

                                                                                                                 Б.НАРМАНДАХ