Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 1481

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 24 өдөр            Дугаар 181/ШШ2017/01481          Улаанбаатар хот

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,                      

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8-42 тоотод оршин суух, Буурлууд овогт Баасайн Дима /РД:ХМ67082262/-гийн нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3-д байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 77,000,000 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Дима, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмөрөн, нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Би өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаа эгч Б.Дэнсмаагийн зээлийн барьцаанд түүний гуйлтаар барьцаалсан. Б.Дэнсмаа нь “Ариг банк” ХХК-аас 30,000,000 төгрөгийг зээлсэн ба зээлээ төлж чадаагүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 728 дугаар шийдвэрээр Б.Дэнсмаагаас 30,242,560 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах боломжгүй болж эрхээ алдсан.

Энэ байр миний эцгээс өвлөгдөж ирсэн ганц хөрөнгө маань юм. Хүн орон байраа алдах гэдэг их аймшигтай юм байна. Би өөрөө орон сууцыг хотын А зэрэглэлийн бүсэд ашигтай байрлалд байдаг үндэслэлээр 110,000,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дур мэдэн миний орон сууцыг 77,000,000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оролуулахаар шийдсэн байсан.

Хүний хөрөнгөд халдаж байгаа тохиолдолд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба комисс томилж үнэлгээ хийлгэж болох л байсан. Гэтэл тэгээгүйд нь гомдож байна. Иймд анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 77,000,000 төгрөгөөс тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 728 дугаар шийдвэрээр Б.Дэнсмаагаас 30,242,560 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 309,163 төгрөгийн хамт гаргуулж “Ариг банкинд” олгохоор шийдвэрлэсэн.

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үүсгэж, төлбөр төлөгч Б.Дэнсмаад хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155/09 тоот мэдэгдэл гардуулан өгсөн боловч мэдэгдлийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 байрны 42 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжилж хураасан.

            Дээрх үл хөдлөх эд хөрөнгөд талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Б.Дэнсмаа болон өмчлөгч Б.Дима нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 110,000,000 төгрөг үнэлснээр талууд харилцан тохиролцож, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт болох анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарласан боловч тус шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2017/03264 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь талуудын тохиролцсон үнэлгээнээс хуульд заасан хувь хэмжээ болох 70 хувиар нь анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон нь хуульд нийцсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул Б.Димагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан нотлох баримтуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасныг нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Дима нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 77,000,000 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 728 дугаар шийдвэрээр Б.Дэнсмаагаас 30,551,723 төгрөг гаргуулж “Ариг банк” ХХК-д олгож, Б.Дэнсмаа нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс хангуулахыг Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн ба уг шийдвэрт 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 641 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 12 сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, одоо ажиллагаа хийгдэж байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003224 дугаарт Б.Дима /РД:ХМ67082262/, Д.Хүслэн /РД:УП00291303/ нарын өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байр, 42 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155/1220 тоот актаар битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 155/09 тоот актаар хураажээ.

 

Хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг өмчлөгч Б.Дима /Д.Хүслэн насанд хүрээгүй/ болон төлбөр төлөгч Б.Дэнсмаагаас авахад Б.Дима, Б.Дэнсмаа нараас 110,000,000 төгрөгөөр үнэлсэн саналаа 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргаж өгсөн ба төлбөр авагч “Ариг” банк уг үнийн саналыг зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 356 тоот албан бичгээр мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн байна.

 

Төлбөр төлөгч, өмчлөгч нарын гаргасан үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрсөн тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба талуудыг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тохиролцож тогтоосон гэж үзэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тогтоосон үнэ 110,000,000 төгрөгийн 70 хувиар буюу 77,000,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, энэ тухай 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 3/4820 тоот мэдэгдлийг өмчлөгч Б.Димад хүргүүлж, улмаар орон сууцыг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт болох Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна.

 

Шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч Б.Дэнсмаа сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба барьцаа хөрөнгийг битүүмжилж, хурааж, эд хөрөнгийн үнийн саналыг талуудаас авч, өөрсдийнх нь тогтоосон үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5, 37 дугаар зүйлийн 37.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь талууд үнийн саналаа өгсөн боловч үнэлгээг зохих байгууллагаар хийлгэх боломж хариуцагчид байсан гэж гомдлын үндэслэлээ тайлбарласан.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг талууд тохиролцож тогтоогоогүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т  заасны дагуу шинжээч томилж, үнэлгээг тогтоолгох журамтай.

 

Гэвч хуульд заасан шинжээчээр үнэлгээ тогтоолгох үндэслэл үүсээгүй тул шүүх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг шинжээч томилоогүй үндэслэлээр буруутгах хууль зүйн боломжгүй юм.

 

Иймд шүүх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчөөгүй, хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй тул Б.Димагийн гаргасан анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 77,000,000 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

    ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг баримтлан анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 77,000,000 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн Б.Димагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ө.УЯНГА