Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 165

 

“*******” ББСБ-ын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/01282/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч     О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 853 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: “*******” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Боржигон овогт Б-ийн С-д

            Хариуцагч Хааныхан овогт Ж-ын С нарт холбогдох  

            “209.360.004 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

           Хариуцагч Ж.С-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн,

           2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Ихбаяр /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, хариуцагч Ж.С-, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “*******” ББСБ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

“*******” ББСБ нь иргэн М.А-, Б.С-, П.Ж-, Ж.С- нартай 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 14/004 тоот зээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг 15 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 14/004А тоот барьцааны гэрээ байгуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 16 дугаар байрны ******* тоот хаягт байрлах 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц /Ү-*******/, Дархан-Уул аймаг,  Дархан сумын  16 дугаар баг,  1 дүгээр хороолол, 9  дүгээр байрны  ******* тоот хаягт байрлах 42,1 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц /Ү-*******/-ыг тус тус барьцаалсан болно.

Зээлдүүлэгч тал зээлдэгч талд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа уулзаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боовч зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа болно. Энэ нь манай байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу иргэн Б.С-, Ж.С- нараас 14/004 тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 16,893,337 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 90,906,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,*******0,001 төгрөг нийт 209,360,004 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 12-р баг, 6-р хороолол, 16-р байр, ******* тоот хаягт байрлах 50,5 мкь талбай бүхий 4 өрөө орон сууц /Ү-*******/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг, 1-р хороолол, 9-р байр, ******* тоот хаягт байрлах 42,1 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нараас 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 14/004 тоот зээлийн болон болон барьцааны гэрээний дагуу шаардаж байгаа. Барьцааны гэрээгээр барьцааны зүйл 2 байгаа. Манай байгууллага зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн. Гэтэл хариуцагч нар зохих ёсоор биелүүлээгүй. Үүнээс болж манай байгууллагын санхүүгийн болон бусдад зээл олголт зэрэг хэвийн үйл ажиллагаа доголдож байгаа. 2015 оны 05 дугаар сарын 14-нөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлхи хугацаа буюу 2015 оны 10 дугаар сарын 30 хүртэл 17 сарын хугацаанд зээл төлөөгүй тул төлж дуусах хүртэлхи хугацааны хүүг нөхөн төлөх үүрэг, зээл, хүүг төлж дуусгаагүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх заалтын дагуу үндсэн зээл 80 000 000 төгрөг, 17 сарын хүү 95 200 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19 040 000 төгрөг нийт 194 240 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа.

Мөн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Ж.С-, Б.С- нар нь хамтран зээлдэгч шүү. Ийм учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.3, 242 дугаар зүйлийн 242.1-ийн зохицуулалт үйлчилнэ. Мөнгө авсан нь биш хамтран зээлдэгч мөн барьцааны зүйлийн өмчлөгч нар тул манайхүүргийг шаардаж байгаа. Маргаад байгаа М.А- гэрээний нэг тал дангаараа байсан бол бид нэхэмжлэл гаргахгүй байсан. Барьцааны гэрээ байгуулж, өмчлөгч нар зөвшөөрч гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцаалбарт байгаа тул барьцааны хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа. Анх нэхэмжлэл гаргахдаа 2 хариуцагчийг тодорхойлсон. Явцын дунд М.А-г татж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах гэсэн боловч хаягт байхгүй, хил гаалиар нэвтрэх эрхийг хаах ажиллагааг зохих байгууллага хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу хариуцагчаа хэнийг тодорхойлох нь манай эрх. Харин Тахарын алба чиг үүргийнхээ дагуу М.А-г эрэн сурвалжилсан. Хүүг ашигласан хугацаанд төлөх үүрэгтэй, ийм учраас 17 сарын хүү нэхэмжилсэн. Ж.С- одоо яриад байгаа М.А-г Цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулсан байдаг. Гэмт хэрэг биш гэдгийг тогтоосон гэж байна. Сайнхүү өөрөө асуугдсан байдаг, энэ үед тодорхой асуудлаа тавиад, эрүүгийн хэрэг үүсэхээс татглазсан тогтоолд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Анх зээл хүсэхдээ 90 000 000 төгрөг гэж байсан боловч манай байгууллага 80 000 000 төгрөгийг олгосон, үүнийгээ нэхэмжилсэн. Барьцаа хөрөнгийн тухайд хуулийн зохицуулалтын дагуу явагдана. Түүнээс биш ногдох хэсгээс төлбөрийн асуудал яригдахгүй байх гэж үзэж байна.

Энэ бол дараагийн шатны асуудал. Иргэний хуулийн 153 дугаар зүйлд заасан барьцааны гэрээ хийгдсэн, өмчлөгч хэн байхаас үл хамааран барьцааны зүйлээр гэрээний үүрэг хангагдана. М.А- хэргийн оролцогч биш. Зээл төлөгдөөгүй 24 сар болж байна. Бид шүүхэд өгснөөс хойшхи хугацааны хүүг нэмэгдүүлээгүй байгаа. Барьцааны хөрөнгийг өмчлөгч нар эрх зүйн чадамжтай, хамтран зээлдэгчээр зөвшөөрлөөр орсон, гарын үсгээ зурсан. Манайх хариуцагчаар татахаас татгалзсан тул М.А-г эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэхгүй. Зээлийн гэрээ барьцааны гэрээнд гарын үсэг зурсан 2 хариуцагч 2-лаа эрх зүйн чадамжтай, нотариатч гарын үсэг зурсаныг нь гэрчилсэн. Өөрсдөө үр дагаврыг ойлгох чадвартай. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д тодорхойлох боломжгүй гэсэн нэмэлт нөхцөл бий. Үүнийг тайлбарлах нь шүүхийн үүрэг. Зээлийн гэрээгээр тус бүрт гэрээний үүрийг тусад нь салгаагүй, тусад нь салгах байсан тус тусдаа гэрээ хийх байсан байх. Хэн ч төлсөн тохиолдолд барьцааны зүйлрүү орохгүй. Мөнгө бүтнээр төлөгдөх, 1 нь төлөх, хэсэгчилэн төлөх нь хамаагүй. Өөрсдийнх нь асуудал, яаж төлөх нь. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.С- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Анх бизнес хийх зорилгоор 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ хийж, хамтран зээлдэгч болсон. Миний бие нь энэхүү зээлийг авахдаа өөрийн Дархан сумын 12 дугаарт багт байрлах 16 дугаар байрны ******* тоот байраа барьцаалуулсан юм. Тухайн үед хэдийгээр хамтран зээлдэгч болсон ч энэхүү зээлсэн 80,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Иймд нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.А- нь энэ мөнгийг өөрөө авсан.

“*******” ББСБ-тай анх зээлийн гэрээг 3 сараар байгуулсан. Гэрээнд зааснаар гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо Эко капитал ББСБ-ын хуульч, эдийн засагч нартай уулзаж мэдэгдэж байсан. Гэрээг цуцлах боломжгүй гэж тайлбар өгөөд өөрсддөө ашигтайгаар элдэв хүү нэхэмжилж байна. Мөн зээлийн гэрээг 3 сараар байгуулсан атлаа нэхэмжлэлдээ 15 сарын хугацаатай гэж нэхэмжилсэн байна. Миний бие нь зээлийн гэрээнээс нэг ч төгрөг аваагүй учир Эко капитал ББСБ-ын нэхэмжилсэн нийт 209,360,004 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төлбөрийн үнийн дүнгийн талаар ярих зүйлгүй. Энэ зээлээс нэг төгрөг ч аваагүй. 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйг залилж байрны гэрчилгээнд өөрийн нэр оруулж, барьцаа хөрөнгө болгосон. Зээл олгож байгаа ББСБайгууллага өөрийн үйл ажиллагааны дүрмээ бариагүйгээс энэ асуудал гарсан. Зээлийг яаж хэн эргэн төлөх, эрсдэлээ яаж хамгаалах талаар судлаагүй. М.А-д зээлийг олгосон атлаа хамтран зээлдэгчээр оролцуулахгүй нь сонирхолтой байна. Барьцааны гэрээ, зээлийн гэрээнд гарын үсэг зуруулахдаа энэ эмэгтэйн итгэл, мөн найз нөхдийн нөхөрлөлийг ашигласан. Мөнгө авчихсан нь завшаад байраа барьцаалсан нь орох оронгүй болж байгаа нь шударга бус байна. Эко капитал гэрээтэй гэх байх. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ зээл олголтод хяналт тавиагүй нь эдний буруу. Ийм учраас төлөхгүй. М.А- гэмт хэрэг үйлдчихээд зугатаад яваад байна. Ж.С-гийн аав ярихад данс өгчихөө төлнө гэхэд эдний байгууллага хувь хүний данс өгсөн байсан. М.А-д мөнгө шилжүүслэн атлаа Ж.С-, Б.С- нараас нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Гэрээний дагуу 80 000 000 төгрөг 17 сарын хүү, нэмэгдүүлсэн хүү гэж байна. Хэд ч байсан аваагүй тул төлөхгүй. Үүргийн гүйцэтгэлийн хувьд Б.С- М.А-тэй хамтран өмчлөгч, хууль эрхийн мэдэлггүйгээс ийм өмлчөгөөр нэмж бүртгүүлсэн. М.А- хамтран өмчлөгч тул өөрийн ногдох хэсгээс төлбөрөө төлнө.

 Гэтэл М.А-г татан оролцуулаагүй атлаа ногдох хэсгээс яаж төлүүлэх юм. Хариуцагчаар хэнийг сонгох нь нэхэмжлэгчийн эрх нь үнэн. Хариуцагчаа сонгож байгаа нь Иргэний хуулийн дагуу байх ёстой. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар олон этгээд үүрэгт оролцож байгаа. М.А-н нэр гэрээнд орсон байхад татахгүй байна. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.4-т зааснаар хугацаа зөрчсөн тохиолдолд бусад үүрэг гүйцэтгүүлэгчид хамаарахгүй гэсэн байгаа. Гурвуулаа мөнгийг авсан бол хамтран үүрэг хүлээж болох юм. Энэ мөнгө хувь хүний дансанд орсон. Хариуцагчийн дансанд ороогүй. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангах үед М.А-н ногдох хэсгийг яах юм. Зээлээ төлөхгүй, барьцааны зүйлийн ногдох хэсэг нь өөрт нь үлдэнэ. Хуульд заасан тэнцүү үүрэг, төлбөрийн чадваргүй үед хэрхэх гээд М.А-г байгаа үед ярих зүйл өөр. Шүүхийн шийдвэр бодитой байж чадахгүй. Тахарын алба ажлаа олигтой хийгээгүй. Сая утсаар ярихад төлнөө л гэж байна. Хэрэглэж байгаа дугаар дээрээ байж л байна. Мөн зээлдэгчийн анкет дээр эхнэр, хүүхдүүдийн хаяг байна. Мөн ээж нь байгаа. Эд нараас асууж ажиллагаа хийсэн эсэх нь эргэлзээтэй. Үүрэг тэнцүү байхад зөвхөн 2 хүнийг л оруулж ирсэн. 1 нь найзых нь хүүхэд, 1 нь хамтран амьдрагч. Булган аймагт уурхайн үйл ажиллагаа явуулна гэж байсан. Одоо Ж.С-гийн аавын болон миний сая холбогдсон дугаар Хятадын үүрэн телефон дугаар гэх юм. Гэтэл Монгол улсад байгаад энэ дугаараа ашиглаж байгаа бол Тахарын алба олохгүй байдаг. Нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хэт өрөөсгөл хандаж байна. Нэхэмжлэлийн хүрээнд 2 хүнээс төлбөр гаргуулах талаар шүүх шийдэх л байх. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй хүнээс яаж төлбөр гаргуулах юм. Хариуцагч Ж.С-гийн аав П.Ж- гуай утсаар ярьсан бичлэгтээ танай ээжийнд очоод хэвтчихнэ шүү гэж байна. Хөгшин настай ээжтэйгээ холбоо барьж л байгаа. Эдний байгууллагыг нэхэмжлэлээ буруу гаргасан хохир гэж байгаа юм биш. Гэхдээ иргэн хохирох ёсгүй. Ялангуяа Б.С- их хохирч байгаа. Ээжийх нь нэрээр тэтгэвэрийн зээлийг 2017 он хүртэл авахуулсан, мөн хүүхдийх нь хадгаламжаас мөнгө авсан гэх мэтээр, энэ талаар Цагдаагийн газарт хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ. Энэ үед М.А-г олж ирэх байх. Энэ хэргийг түдгэлзүүлж болно.  Мөнгөө өгсөн хүнээсээ авах хэрэгтэй. Барьцааны зүйлийн өмчлөгч нараар зээлээ төлүүлнэ гэж амархан ярьж болохгүй. Тийм ч амархан өгчихгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.С- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Жаргал овогтой Сайнхүү би “*******” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэл нь:

1.Уг 80,000,000 төгрөгийн зээлийг би аваагүй. Манай аавын найз болох М.А-д мөнгө хэрэгтэй болоод байна гээд 3 сарын хугацаатай зээл авч манай байрыг барьцаанд тавъя гэхэд би анхнаасаа зөвшөөрөөгүй. Тэгээд ч уг зээлийг М.А-н дансанд шилжүүлж М.А- хүлээн авсан гэсэн баримт болох дансны хуулгын тус ББСБ нэхэмжлэлийн хамт өгсөн байна.

2.М.А- нь уг зээлийг авахдаа миний аав болох П.Ж- бид 2-ын нэр дээр байдаг байрыг барьцаалахыг болон итгэмжлэл өгөхийг би эхнээсээ зөвшөөрөөгүй. Зээлийг М.А- авсан гэдгийг тус ББСБ сайн мэдэж байгаа атлаа надаас нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээнд зээлдэгч М.А-, хамтран зээлдэгчээр Б.С- /М.А-н эхнэр/, П.Ж- /миний аав/, Ж.С- бид нарын нэр байгаа. Гэтэл яагаад зөвхөн хамтран зээлдэгчид болох Б.С-, Ж.С- биднийг хариуцагчаар татсаныг ойлгохгүй байна. Эко капитал ББСБ нь М.А-гаас зээл нэхэмжлэх, түүний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 12-р баг, 6-р хороолол, 16-р байрны ******* тоот хаягт байрлах 50,5 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

3.Зээлийн гэрээг анх 3 сарын хугацаатай хийж байгаа гэж би ааваас сонссон. Мөн гэрээний хавсралт болох зээл эргэн төлөх хуваарьт 3 сарын хугацаатай зээл гэж бичин төлөх графикийг ч 3 сараар тооцож бичсэн байхад ББСБ-ын нэхэмжлэлд 15 сарын хугацаатай зээл авсан гэсэнтэй зөрчилдөж байна. Мөн ББСБ-ын нэхэмжилсэн нэхэмжлэлийн дүн нь холбогдох хуулийг бармитлаагүй, үндэслэлгүй, хэт өндөр байна.

4.Би М.А-д холбогдуулан өөрийг байрыг залилуулсан гэсэн гомдлыг цагдаад хандан гаргаж, энэ хэргийг шалгаж байгаа болно. Би М.А-н авч ашиглсан мөнгөний барьцаанд аавынхаа болон өөрийн насаараа амьдарсан орон байрыг алдахдаа тулсанд маш их гомдолтой байна.Иймд тус байгууллагын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зээл авсан хүн нь М.А-. М.А- бол манай аавын найз. Бизнесийн үйл ажиллагаа хийхээр болж аавыг ятгасан. Аав намайг ятгаж байраа барьцаанд тавьсан. Мөнгийг М.А- өөрийн дансанд авсан. Бид нар нэг төгрөг ч аваагүй. Ийм учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Зээл өгсөнөөс хойш энэ байгууллага манайхаас шаардаж байгаагүй. Гэрээ 3 сар юм билээ. Энэ хугацаанд төлөөгүй бол яагаад шаардаагүй юм. Бид нарыг зээлдэгч гэж байгаа бол энэ үеэс л шаардах байсан. Энэ хооронд М.А-тай тохирч байсан байх. Энэ тохиролцоо нь алдагдахаар бид нарыг шүүхэд өгсөн байх. 80 000 000 төгрөг гэж байна. Гэтэл 90 000 000 төгрөг хүссэн байсан. 10 000 000 төгрөгийг нь яасан. Бид нарын байрыг л авах зорилготой байх юм. Зээл өгсөнөөс хойш 1 жил илүүгийн дараа шаардаж байгаа нь шударга бус. Тийм хуультай байхыг үгүйсгэхгүй. Аав одоо ч холбогдсоор байгаа. Данс явуулаач гэж байсан, гэтэл төлөөгүй. Үндсэн зээлдэгч нь байна, мөн 10 000 000 төгрөгийн асуудал байна. Мөнгөө аваагүй мөртлөө барьцааны зүйл болох орон сууцаар төлүүлэхийг зөвшөөрөхгүй. Энэ байр аав бид 2-ын нэр дээр ч эгч, түүний 4 хүүхдийн эрх ашиг хөндөгдөнө. Эднийх зээлийг судлахдаа дүрэм журмаа биелүүлээгүй.Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Гэрээ байгуулсан өдөр бол ажлын бус өдөр, нэг цонхны үйлчилгээн дээр ажил тарсаны дараа очсон. Аав шахаж байж уурлан зуруулсан. Би дургүй л байсан.

Нотариатч гэрээтэй танилцах боломж олгоогүй. Гэрээ байгуулж байна гэж бодоогүй, их стресстэй аав мэдэж байгаа биз гэж л зурсан. Хамтран зээлдэгч гэж зураагүй. М.А-д 3 сар мөнгө авахад нь тусалж байна гэж байраа барьцаалахыг зөвшөөрч байна гэж л зурсанаас хамтран зээлдэгч гэж зураагүй. М.А-г хамтран зээлдэгчээр татсан гэх юм. Шүүх үүнийг ор нэр төдий хийсэн. Шүүх хуралдаанд оролцуулья гээд нэр төдий хийгээд Тахарын албанд өгөөд, Тахарын алба нь додомдоод сар хүрэхгүй хугацаанд татгалзлаа гэсэн. Тахарын албанаас надтай ярьсан. Би найз нөхдөөсөө асуухад М.А-г Эрээнд байна гэсэн. Эд нар тохироод яваад байгаа юм болов уу гэсэн хардалт байна. Би Цагдаагийн газарт М.А-г өгсөн. Аавыг байцаагаад ингээд луйвардуулчихлаа гэснээ хэлсэн болохоос тодорхой тайлбарлаж танилцуулаагүй юм билээ. Зээлийн гэрээ барьцааны гэрээнд гарын үсэг зурсан гэдгээр эрүүгийн хэрэг үүсгээгүй. Тахар богинохон хугацаанд ажиллагаа хийсэн. 5 дугаар сарын 25-нд аавтай ярьсан бичлэгийг сонсгосон. Энэ асуудлаас болж эрүүл мэндийн хувьд тааж болохгүй эрсдэлд орохоор байна. Гэрээний үүргийг байраар гүйцэтгүүллээ гэхэд ар гэрийн байдал хүнд байна. Энэ байранд бас эгч, түүний 4 хүүхэд амьдарч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.С-гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.С- нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Зээлийг анхнаасаа олгохдоо хууль дүрмэнд нийцүүлсэн ажиллагаа явуулсан эсэх нь эргэлзээтэй байгаа. Зээлдэгчийн талаар судалгаа хийх ёстой. Ямар хүнд зээл өгөх гэж байгаа. Мөн зээл авсан хүн нь төлбөрөө буцаан төлөх чадвартай юу гэх зэргээр судалгаа хийж байж зээлээ өгөх ёстой. “*******” ББСБ-аас мөнгөө шилжүүлэхдээ М.А- гэх хүний данс руу шилжүүлсэн байдаг шүү дээ. Тэгсэн мөртлөө байраа барьцаанд тавьсан хамтран зээлдэгч нараас мөнгийг нь нэхээд байгааг гайхаж байна. Хавтаст хэргээс үзэхэд М.А- гэх хүн нь Б.С-, Ж.С- нарыг залилан мэхлээд яваад байдаг. Зээл авахдаа 90.000.000 төгрөгийн хүсэлт бичиж өгөөд байхад 80.000.000 төгрөгний зээл өгсөн байдаг. Батлагдсан зээл нь 90.000.000 төгрөг. Одоо Андрей гэх хүн нь олдохгүй байгаа гэж байна. *861*******47933284+ дугаартай утаснаас залгаад яриад байгаа. Тэгэхээр энэ хэрэгт М.А- заавал хариуцагчаар оролцох ёстой гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 853 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 194.240.000 төгрөгийг хариуцагч Ж.С-, Б.С- нараас гаргуулан “*******” ББСБ-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “*******” ББСБ-аас 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ХААН банк төрийн сан 190000941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 1.204.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ж.С-, Б.С- нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох 194.240.000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 1.129.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ББСБ-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ж.С-, Б.С- нар 194.240.000 төгрөг төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиодолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сум 12 дугаар баг 6 дугаар хороолол 16 дугаар байр ******* тоот 50.5 мкв 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Дархан Уул аймаг Дархан сум 16 дугаар баг 1 дүгээр хорооолол 9 дүгээр байр ******* тоот 42.1 мкв 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болох 194.240.000 төгрөгийг хангах учрыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.С- давж заалдсан гомдолдоо:                     

          “*******” ББСБ-ын нэхэмжилж байгаа мөнгийг би аваагүй бөгөөд үндсэн зээлдэгч болох иргэн М.А- нь нэхэмжлэгч талтай үгсэн хуйвалдаж, биднийг хууран мэхлэх төлөвлөгөө боловсруулан миний аав П.Ж-аас олон жил нөхөрлөсөн итгэл дээр нь дөрөөлж одоо амьдарч байгаа 3 өрөө байраа нэг сарын хугацаатайгаар барьцаанд тавьж өгч туслаач, бизнес хийх мөнгө хэрэгтэй байна хэмээн ятгасан ба үүнийг анхнаасаа би хүлээн зөвшөөрөөгүй юм. Улмаар аав М.А-н үгэнд итгэн хууртагдаж намайг ятгаж гарын үсэг зуруулсан. Бүх мөнгийг М.А- нь өөрийн дансаар авсан бөгөөд “Эко капитал” ББСБ-д одоо болтол ямарч эргэн төлөлт хийгээгүй, миний хувьд энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй байтал хариуцагчаар намайг татаж, М.А-г ямарч хариуцлага хүлээлгэлгүй шүүх хуралдаанд оролцуулахаас татгалзаж хоорондоо үгсэн нийлж залилан мэхлэх гэмт хэрэг хийж биднийг эд хөрөнгө болон сэтгэл санааны хохиролд орулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “*******” ББСБ хариуцагч Б.С-, Ж.С- нарт холбогдуулж, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн 14/004 тоот, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн барьцааны  14/004А тоот гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар үндсэн зээл 80.000.000 төгрөг, 17 сарын хүү 95.200.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19.040.000 төгрөг, нийт 194.240.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. 

Хариуцагчид болох Б.С-, Ж.С- нар энэ зээлийн гэрээгээр бид нэг ч төгрөг аваагүй, зээлийн үндсэн зээлдэгч нь М.А- бөгөөд бид зээлийн барьцаанд үндсэн хөрөнгөө тавьсан нь үнэн боловч энэ хэрэгт М.А-г заавал хамтран хариуцагчаар татан оролцуулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зөв гэж маргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хамтран зээлдэгч Б.С-, Ж.С- нараас 194.240.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ББСБ-д олгож  шийдвэрлэсэн байна.

Энэ шийдвэрийг хариуцагч Ж.С- эс зөвшөөрч давж заалдсан гомдолдоо: М.А-н зээлсэн мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй, үндсэн зээлдэгч М.А- нэхэмжлэгч талтай үгсэн хуйвалдаж, миний аав П.Ж-тай олон жил нөхөрлөсөн итгэл дээр дөрөөлж бидний орон сууцыг барьцаанд тавиулсан. Миний аав П.Ж- М.А-н үгэнд итгэн хууртагдаж намайг ятгаж гарын үсэг зуруулсан. Миний хувьд нэг ч төгрөг аваагүй байхад хариуцагчаар татаж, М.А-д ямар ч хариуцлага хүлээлгэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзээд дараах дүгнэлтийг хийлээ.

Хэргийн 10-13 дугаар талд авагдсан Зээлийн гэрээнээс үзвэл энэхүү зээлийн үндсэн зээлдэгч нь М.А- байх бөгөөд хамтран зээлдэгчээр Б.С-, П.Ж-, Ж.С- нар оролцож гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

Хэргийн 7 дугаар талд авагдсан “Зээл хүсэлтийн маягт” гэх баримтаас харвал М.А- 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч байгууллагад хандаж зээл хүссэн байна.

Зээлийн гэрээ хийгдсэний дараа 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 70.000.000 төгрөг, 05 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг М.А-гийн эзэмшлийн ХААН банкны 5046288103 тоот дансанд шилжсэн болох нь хэргийн 9,10 дугаар талд авагдсан зарлагын болон орлогын мэдүүлгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг зөв тогтоож чадаагүй, хариуцагчдын хэн нь хэдэн төгрөгийн төлбөр төлөхийг зааглан ялгаагүй байна.

Үүрэг гүйцэтгэх 4 этгээд байх бөгөөд зээлийг буцаан төлөх гэрээний үүргийг хэн нь ямар хэмжээгээр хариуцах нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, зөвхөн нэхэмжлэгчийн сонгосон 2 үүрэг гүйцэтгэгчээс төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэхдээ үүрэг гүйцэтгэгч тус бүр зээлийг ямар хэмжээгээр хариуцаж төлөхийг тодорхойлоогүй нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл үндсэн зээлдэгч М.А-, хамтран зээлдэгч П.Ж- нарыг энэ хэрэгт хамтран хариуцагчаар татан оролцуулсны эцэст хэргийн бодит байдал тогтоогдох  буюу шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг хэрэглэх боломжтой байхад энэ ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч Ж.С-гийн давж заалдсан гомдлыг хангаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 853 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ж.С-гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.129.150 / Нэг сая нэг зуун хорин есөн мянга нэг зуун тавин/ төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ 

                           ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНЦЭЦЭГ 

                                                                                              Л.АМАРСАНАА