Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2020/0113

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч В.У нарыг оролцуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “ ... Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3, 3.1.5, 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн 29.2.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б.Б-ийг ажлаас халах тухай Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан “А У У” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

              2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

              Нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдолдоо:

              1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 он 12 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай шийдвэр нь хэрэглэх ёсгүй хууль тогтоомжийг хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хариуцагчид ашигтайгаар тайлбарлан дүгнэсэн, хэт нэг талыг барьсан, холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн талаар

              Б.Б миний биеийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалт, Компанийн тухай хуулийн 6.13 83.15 дахь хэсэг, “А у у” ОНӨ ХХК-ийн дүрмийн 6.4.1, 6.4.2, 6.4.17, 7.1, 7.4, 7.6.9, 7.6.11, 9.3.1, 9.3.2, 9.3.4 дэх заалт, “А у у” ОНӨ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг тус тус үндэслэн “А у у” ОНӨ ХХК-ийн захирал Б.Б нь тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бүтэц, орон тооны саналаа ирүүлээгүй атал, баталсан орон тоог дур мэдэн хэтрүүлэн ажилтан авч, компанийн санхүүд ноцтой хохирол учруулсан, өөртэй нь болон өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Э.Д-ийн “Ц-Ө” ХХК-тай гурван талт гэрээ байгуулж, ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргасан байх тул гэх үндэслэлээр ажлаас халсан. Гэтэл анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай шийдвэрийн 4 дэх талын Үндэслэх хэсэгт

              Б.Б-ийг ажлаас халах болсон үндэслэлээ:

              1.Түүнийг “А У У" ХХК-ийн захирал Б.Б нь тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бүтэц орон тооны саналаа ирүүлээгүй атал, баталсан орон тоог дур мэдэн хэтрүүлэн ажилтан авч, компанийн санхүүд ноцтой хохирол учруулсан гэх үндэслэлийн тухайд: “... “А у у” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Б, А.Э-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч байгууллагыг хуулийн дагуу төлөөлөн оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоон хохирлыг гаргуулан олгосныг буруутгах үндэслэл байхгүй байна. Тодруулбал, гүйцэтгэх захирал компанийн батлагдсан орон тоо хэтрээгүй буюу 2 ус түгээгчийн ажлаас чөлөөлснөөс хойш 69 ажилтны орон тоотой ажиллаж байх үед А.Э-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож 70 ажилтны орон тоотой болжээ.

              Иймд хариуцагчийн захирамжид дурдсан энэ үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ” гэж тус маргаан бүхий захиргааны актын 1 дэх үндэслэлийг хууль бус болохыг тогтоосон атлаа Б.Б миний биеийг ажлаас халсан захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгоогүй нь “Захиргааны ерөнхий хуулийн 47.3-т заасан “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” ...гэж заасан Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтын дагуу тухайн маргаан бүхий актыг гаргахдаа гол үндэслэл болгосон өөр хоорондоо уялдаа холбоотой тухайн акт нь бүхэлдээ хүчингүй болохоор зохицуулагдсан хуулийн заалтыг ноцтой зөрчсөн.

              Өөртэй нь болон өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Э.Д-ийн “Ц-Ө” ХХК-тай гурван талт гэрээ байгуулж, ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргасан гэх үндэслэлийн тухайд “...дүгнэхэд нэхэмжлэгч Б.Б нь нийтийн албан тушаалыг эрхлэх явцдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг удаа дараагийн үйлдлээр зөрчсөн байгаа нь түүнийг уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй этгээд гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нийтийн албан тушаалтны хувьд үйл ажиллагаандаа баримтлах зарчим, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалтыг удаа дараа зөрчиж байгаа хувь хүний ёс зүйн асуудал нь “хөөн хэлэлцэх хугацаа”-аар хязгаарлагдахгүй гэж шүүх үзсэн болно” ...гэж дүгнээд захирамжийн 2 дахь үндэслэлээр Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Б.Б-ийг ажлаас халах тухай” Б/21 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэсэн нь хууль тогтоомжийг бүхэлд нь ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан.

              Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.18-д “Захиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуульд заасныг баримтална”. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д “Сахилгын зөрчлийг илэрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан байхад анхан шатны шүүх ямар хууль тогтоомжийг үндэслэж ... хувь хүний ёс зүйн асуудал нь “хөөн хэлэлцэх хугацаа”-аар хязгаарлагдахгүй гэж үзэж дүгнэлт хийсэн нь тодорхойгүй. Хууль тогтоомж нь нэг мөр, ялгамжгүй хэрэглэгдэх хуулийн үндсэн зарчим байдаг гэтэл Б.Б гэдэг хүнд нэг өөр хэрэглэх ёсгүй.

              Тус Б.Б-ийг ажлаас халсан тус маргаан бүхий захиргааны актад тухайн захиргааны актыг гаргах болсон шаардлагаа:

              1.Түүнийг “А у у” ХХК-ийн захирал Б.Б нь түс компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бүтэц орон тооны саналаа ирүүлээгүй атал, баталсан орон тоог дур мэдэн хэтрүүлэн ажилтан авч, компанийн санхүүд ноцтой хохирол учруулсан.

              2. Өөртэй нь болон өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Э.Д-ийн “Ц-Ө” ХХК-тай гурван талт гэрээ байгуулж, ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргасан гэсэн 2 үндэслэлээр тодорхойлсон байхад анхан шатны шүүх дүгнэлтэндээ /Анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 109/ШШ2019/0018 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсэг буюу 7 дахь хуудсан дээр авагдсан дүгнэлт хэсгээс/ ... нэхэмжлэгч Б.Б нь нийтийн албан тушаалыг эрхлэх явцдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг удаа дараагийн үйлдлээр зөрчсөн байгаа нь түүнийг уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй этгээд гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нийтийн албан тушаалтны хувьд үйл ажиллагаандаа баримтлах зарчим, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалтыг удаа дараа зөрчсөн гэж дүгнэсэн нь Б.Б-ийг ажлаас халсан 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын Б/21 дүгээр захирамжид заасан 2 үндэслэлээс хальж анхан шатны шүүх дүгнэлт хийсэн байна.

              Б.Б нь удаа дараа зөрчил гаргасан талаар захирамжийн үндэслэлд дурдагдаагүй байхад анхан шатны шүүх нь маргаан бүхий актын үндэслэлээс хальж “Архангай аймгийн Засаг дарга өмнө нь буюу 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжаар Б.Б-ийг ажлаас халахдаа ... өөрийн нөхөр Э.Д-ийн “Ц-Ө” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж 20909800 төгрөгийн ажил гүйцэтгэсэн ...” гэх үндэслэлээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасныг зөрчсөн гэж үзэж ажлаас халсан.

              Хэдийгээр давж заалдах болон хяналтын шатны шүүхүүдээс дээрх захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх боловч, өөрийн хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулсан зөрчлийг үгүйсгээгүй бөгөөд уг үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, Авлигатай тэмцэх газраас Б.Б-т ажлаас халах хариуцлага хүлээлгэхийг үүрэг болгосон бичиг ирүүлж байжээ. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.Б нь нийтийн албан тушаалыг эрхлэх явцдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг удаа дараагийн үйлдлээр зөрчсөн байгаа нь түүнийг уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй этгээд гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нийтийн албан тушаалтны хувьд үйл ажиллагаандаа баримтлах зарчим, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалтыг удаа дараа зөрчиж байгаа хувь хүний ёс зүйн асуудал нь “хөөн хэлэлцэх хугацаа”-аар хязгаарлагдахгүй гэж шүүх үзсэн болно” ... гэж тус маргаан бүхий захиргааны актад дурдагдаагүй, тухайн хэрэгт хамааралгүй өмнөх маргааны давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийг тус маргаанд хамааруулан хариуцагч нарт ашигтайгаар уг шүүхийн шийдвэрт тайлбарлан дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьсан нь Б.Б миний биеийг буруутгах шалтаг хайсан мэт харагдаж байна. Мөн өмнөх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Дээд шүүхийн тогтоолыг анхан шатны шүүх нь тайлбарлан дүгнэлт хийх хууль эрх зүйн үндэслэл байхгүй болохыг анхаарч үзнэ үү.

              Анхан шатны шүүхийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн талаар:

              1. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэсэн хуулийн заалтыг анхан шатны шүүх нь үндэслэсэн атлаа Б.Б-тэй төлөөлөн удирдах зөвлөл нь гэрээ байгуулсан эсэхэд дүгнэлт хийгээгүй.

              2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3, 3.1.5, 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн 29.2.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3 дэх хэсгүүдийг үндэслэсэн байдаг. Гэтэл тухайн хуулийн 28.1.1-д нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Авлигын тухай хуулийн 321.1.2-д “энэ хуулийн 321.1.1-д зааснаас бусад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар хуулийн хэрэгжилтэд хяналт тавихаар хуульчлагдсан байдаг.

              Харин Авлигатай тэмцэх газраас тухайн маргаан бүхий актад дурдагдсан зөрчлийн талаар гэмт хэрэг бүртгэгдээгүй талаар албан бичгийг тус анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын тухай хуулинд заасан тухайн маргаан бүхий актад үндэслэгдсэн зөрчлүүдийг Б.Б нь үйлдсэн талаар Авлигатай тэмцэх газраас дүгнэлт хийгдээгүй байхад аймгийн Засаг дарга Б.Б-ийг ажлаас халсан маргаан бүхий актдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийг үндэслэн хууль тогтоомжийг зөрчсөн гэх үйл баримтлан дээр анхан шатны шүүх дүгнэлт өгөлгүйгээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгтээ мөн тус хуулиудыг баримталсан нь хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

              2. Б.Б миний биеийг ажлаас халсан Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийн үндэслэлийн тухайд:

              Архангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “А У У” ХХК-ийн захирал Б.Б нь тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бүтэц орон тооны саналаа ирүүлээгүй атал, баталсан орон тоог дур мэдэн хэтрүүлэн ажилтан авч, компанийн санхүүд ноцтой хохирол учруулсан гэх үндэслэлд хийгдсэн. “...“А У У” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Б А.Э-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч байгууллагыг хуулийн дагуу төлөөлөн оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоон хохирлыг гаргуулан олгосныг буруутгах үндэслэл байхгүй байна. Тодруулбал, гүйцэтгэх захирал компанийн батлагдсан орон тоо хэтрээгүй буюу 2 ус түгээгчийн ажлаас чөлөөлснөөс хойш 69 ажилтны орон тоотой ажиллаж байх үед А.Э-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож 70 ажилтны орон тоотой болжээ. Иймд хариуцагчийн захирамжид дурдсан энэ үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг дэмжиж байна.

              Миний бие нь тухайн захирамжид заасан тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд бүтэц орон тооны саналаа ирүүлээгүй атал, баталсан орон тоог дур мэдэн хэтрүүлэн ажилтан авч, компанийн санхүүд ноцтой хохирол учруулсан гэх зөрчлийг гаргаагүй.

              Өөртэй нь болон өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Э.Д-ийн “Ц-Ө” ХХК-тай гурван талт гэрээ байгуулж, ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргасан” гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үндэслэлд дурдагдсан зөрчил нь холбогдох хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй болох нь хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 136 дугаар хуудсанд авагдсан Авлигатай тэмцэх газрын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 05/4797 албан бичиг ... Архангай аймгийн “А У У” ОНӨ ХХК-ийн захирал Б.Б, түүний нөхөр Э.Д-ийн “Ц-Ө” ХХК-д холбогдох гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг одоогоор бүртгэгдээгүй талаар тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 173 дугаар дотоод албан бичгээр хариуг ирүүлсэн болно. Мөн Компанийн хууль дүрэмд зааснаар тус компанийн захиралд арга хэмжээ авахдаа ТУЗ нь компанийн захирлын зөрчлийг хянан шалгаад аймгийн Засаг даргад санал оруулах тогтоол гаргах ёстой байдаг. “А У У” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын сарын 29-ний албан бичиг болон зөвлөлийн дэлгэрэнгүй тэмдэглэлд Б.Б өөртэй нь болон өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Э.Д-ийн “Ц-Ө” ХХК-тай гурван талт гэрээ байгуулж, ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргасан” талаар дүгнэлт байхгүй. Архангай аймгийн Засаг даргад хүргүүлсэн ТУЗ-ийн Б.Б-т хариуцлага тооцуулах тухай саналд тусгагдаагүй болох нь хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 25-27 дугаар хуудсанд авагдсан “А У У” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн албан бичиг, төлөөлөн удирдах зөвлөлийн дэлгэрэнгүй тэмдэглэлээр тогтоогдоно.

              Тус маргаан бүхий захиргааны актад үндэслэсэн хууль тогтоомжийн талаар:

              Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д “энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг, 11, 12,15,16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нь энэхүү хуулийн аль заалтыг зөрчсөн нь тодорхойгүй, ашиг сонирхлын зөрчил үүссэн гэх тохиолдол тогтоогдоогүй”, энэ талаар хариуцлага бүрэн нотлохгүйгээр маргаан бүхий тушаалыг гаргасан нь Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/21 дүгээр “Б.Б-ийг ажлаас халах тухай” захирамж нь хуульд нийцээгүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

              Мөн тухайн маргаан бүхий актад “А У У” ОНӨ ХХК-ийн дүрмийн 6.4.1, 4.6.2,' 6.4.17, 7.1, 7.4, 7.6.9, , 7.6.11, 9.3.1, 9.3.2, 9.3.4 дэх заалтуудыг үндэслэсэн байдаг. Гэтэл тухайн дүрмийн долоо Компанийн гүйцэтгэх удирдлагын холбогдох 7.2 “Гүйцэтгэх захирал нь компанийн дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна. 7.4 Гүйцэтгэх захирал нь албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа энэхүү дүрэм, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, компанийн нэр хүнд, эдийн засгийн байдалд ноцтой хохирол учруулсан болох нь тогтоогдвол Төлөөлөн удирдах зөвлөл нь бүрэн эрхийг зогсоох тухай саналаа аймгийн Засаг даргад гаргаж, шийдвэрлүүлнэ. Компанийн тухай хуулийн 83.6-д гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулна. 83.7 Энэ хуулийн 83.6-д заасан гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийг төлөөлж төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурах бөгөөд гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх үүрэг хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна ... гэж заасан холбогдох хууль тогтоомж болон дүрмээр Б.Булганчимэг гүйцэтгэх захиралтай тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь гэрээ байгуулж тухайн гэрээнд заасны дагуу хариуцлага тооцох тогтоол шийдвэрээ гарган, саналаа аймгийн Засаг даргад хүргүүлэх байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл Б.Б миний биетэй гэрээ байгуулаагүй байж хууль тогтоомжийг ноцтой зөрчин хариуцлага тооцож байгаа нь дээрх Б.Б миний биеийг ажлаас халсан захирамжид үндэслэсэн хууль тогтоомжоо хариуцагч тал өөрсдөө ноцтой зөрчсөн байгаа нь тогтоогдож байна.

              Архангай аймгийн “А У У” ОНӨ ХХК-ийн захирал Б.Б миний биеийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үүрэгт ажлаас халж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж эгүүлэн ажилдаа томилогдсон боловч удалгүй 2017 оны 05 дугаар сард аймгийн Засаг дарга нь үндэслэлгүйгээр дахин ажлаас халж Захиргааны хэргийн заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны 409 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 457 тогтоолоор эгүүлэн ажилдаа томилогдсон боловч тус давж заалдах шатны шүүх болон Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй байхад 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дахин ажлаас халсан. Миний зүгээс өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг биелүүлэхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл Засаг дарга уг шийдвэрүүдийг үл тоож биелүүлээгүй.

              Өнөөдрийг хүртэл өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалин хөлсөө аваагүй, ажлаа бүрэн хүлээж аваагүй, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийгдээгүй талаар уг маргаан бүхий хэрэгт холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Б.Б миний эрх ашгийг тус аймгийн Засаг дарга нь удаа дараа зөрчиж байгаа талаар анхан шатны шүүх мөн дүгнэлт хийгээгүй болно.

              Иймд дээрх үндэслэлүүдээр Архангай аймгийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож иргэн Б.Б миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар шийдвэртэй хэргийг хянав.

Нэхэмжлэгч Б.Б: “Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Б.Б-ийг ажлаас халах тухай” Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан “А У У” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Энэнхүү маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Б.Б-ийг ажлаас халах тухай” Б/21 дүгээр захирамж нь 2 үндэслэлээр гарсан байна.

1. “А У У” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд бүтэц, орон тооны саналаа ирүүлээгүй атал, баталсан орон тоог дур мэдэн хэтрүүлэн ажилтан авч, компанийн санхүүд ноцтой хохирол учруулсан,

2. Өөртэй нь болон өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Э.Д-ийн “Ц-Ө” ХХК-тай гурван талт гэрээ байгуулж, ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргасан гэсэн 2 үндэслэлийг захирамждаа дурдсан байна.

Анхан шатны шүүхээс захирамжийн эхний үндэслэлийн талаар зөв дүгнэлт хийжээ. Тухайлбал “гүйцэтгэх захирал компанийн дүрэмд заасан их хэмжээний хэлцэл хийгээгүй, иргэн А.Э-ыг “А У У” ХХК-ийн тоолуурын инженерийн албан тушаалд томилсноор тус компанийн батлагдсан орон тоо хэтрээгүй буюу 2 ус түгээгчийг ажлаас чөлөөлснөөс хойш 69 ажилтны орон тоотой ажиллаж байх үед А.Э-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож 70 ажилтны орон тоотой болжээ” гэж анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

Харин аймгийн Засаг даргын захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь үндэслэлгүй болжээ. Тухайлбал “...хувь хүний ёс зүйн асуудал нь хөөн хэлэлцэх хугацаа”-аар хязгаарлагдахгүй гэж шүүх үзсэн болно ...” гэж дүгнэжээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэрэгт тодорхой хөөн хэлэлцэх хугацааг тогтоож өгсөн байдаг. Аливаа төрлийн хариуцлага ногдуулахад ч гэсэн хөөн хэлэлцэх хугацаа хамаарах ёстой.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.18-д “Захиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуульд заасныг баримтална” гэж, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д “Сахилгын зөрчлийг илэрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан байна.

Иймд давж заалдах гомдолд дурдаж байгаа “... хувь хүний ёс зүйн асуудал нь “хөөн хэлэлцэх хугацаа”-аар хязгаарлагдахгүй гэж үзэж дүгнэлт хийсэн нь тодорхойгүй. Хууль тогтоомж нь нэг мөр, ялгамжгүй хэрэглэгдэх хуулийн үндсэн зарчим байдаг. Гэтэл Б.Б гэдэг хүнд нэг өөр хэрэглэх ёсгүй” гэж гомдсон нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл хууль нэг мөр, тэгш үйлчлэх ёстой.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын Б/21 дүгээр захирамжид “удаа дараа зөрчил гаргасан” гэсэн үндэслэл заагаагүй байна. Өөрөөр хэлбэл өмнө шийдвэрлэгдсэн асуудалтай нь холбогдуулан хариуцлага ногдуулаагүй, ажлаас халаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх өөрөө санаачлагаараа “удаа дараа зөрчил гаргасан” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй болжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх энэхүү маргаанд хамааралгүй, өмнөх хэргийн үйл баримтыг дурдаж, үнэлж шүүхийн шийдвэрээ гаргасан нь буруу юм. Энэ нь нэг зөрчилд 2 шийтгэл ногдуулж буй мэт ойлгомжгүй төдийгүй, шүүх хөндлөнгийн байр суурьнаас бус хариуцагчийн талд орж, хэт нэг талаас нь нотлох баримт, үйл баримтыг дүгнэсэн гэсэн ойлголтод хүргэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Б нь анх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үүрэгт ажлаасаа халагдаад Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж эгүүлэн ажилдаа томилогдсон боловч, 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Засаг дарга нь дахин ажлаас халж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 409 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 457 тогтоолоор эгүүлэн ажилдаа томилогдсон байна. Гэвч шүүхийн шийдвэр бүрэн биелэгдээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй байхад 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дахин ажлаас халсан нь тогтоогджээ. Хэрэгт Б.Б-ийн ажлыг хүлээлцсэн тухай комиссын ямар нэгэн баримт авагдаагүй байна. Мөн өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалин хөлсөө аваагүй, ажлаа бүрэн хүлээж аваагүй, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийгдээгүй талаарх нотлох баримтууд авагджээ.

Ийнхүү нэг хүнийг удаа дараа халж байгаа нь “гаргасан зөрчил дээр нь хариуцлага ногдуулсан” хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий захиргааны акт гэхээсээ илүүтэйгээр “тодорхой нэг этгээдийг ямар нэгэн зөрчил олж, зөрчил бий болгож ажлаас халж байгаа” гэж санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон