Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0166

 

  Д.А нарын нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

           

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Д.О, Ш.О, нэхэмжлэгч Д.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, нэхэмжлэгч Д.О өмгөөлөгч Д.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Ж, түүний өмгөөлөгч Л.Д нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг гуравдагч этгээд “С-Ү” ХХК-ийн төлөөлөгч М.Ж-ны давж заалдах гомдлоор Д.А, П.Э, С.Д, Д.О, Ш.О нарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар нэхэмжлэгч нарын Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,

2 дахь заалтаар: Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “С-Ү” ХХК-ийн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дэх заалт, тогтоолын хавсралтын хүснэгт 4-ийн 4, 5 дахь заалтыг хүчингүй болгож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож” тус тус шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “С-Ү” ХХК-ийн төлөөлөгч М.Ж шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэгдүгээрт: Шүүх маргааны гол зүйлийг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэлийн хүрээнээс хэтрүүлж хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн талаар: Нэхэмжлэгч нар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаартай захирамжийн 2 дахь хэсэгт эзэмшүүлсэн газрыг хагалахгүйгээр ашиглах эрхийг “С-Ү” ХХК-д олгосон боловч 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн “С-Ү” ХХК-ийн тоног төхөөрөмж орж ирэн газрыг хууль бусаар хагалж эхэлсэнд малчид бид гомдолтой байна. Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хуралд тус багийн малчин өрх биднийг оролцуулаагүй, мэдэгдээгүй шийдвэр гаргасанд гомдолтой. Хятадын хөрөнгө оруулалттай “С-Ү” XXК-д газар эзэмшүүлж байгаа нь малчин бидний эрх зөрчигдөж байна. Иймд хууль бус үйлдлийг таслан зогсоож Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоол, түүний дагуу гарсан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгч нар ийнхүү нэхэмжлэл гаргасныхаа дараа шүүхэд хандаж: газрыг хагалахгүйгээр ашиглана гэсэн байхад “С-Ү” ХХК нь газрыг хагалсан хууль бус үйлдэл гаргаж байгаа тул захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж газар хагалж байгаа үйлдлийг хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар нэн яаралтай зогсоож өгнө үү гэж л шүүхэд гаргаж шүүгч энэ хүсэлтийг хүлээн авч 78 дугаартай захирамж гаргаж нэхэмжлэгч нарын хүсэлтийг хангаж захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн юм. Шүүгчийн тус захирамжид дурдахдаа тус газрыг хагалахгүйгээр эзэмшүүлсүгэй гэж заасан байхад “С-Ү” ХХК нь газрыг хагалж эхэлсэн нь нотлогдсон, газрыг хагалсан нь малчдын эрх ашиг хөндөгдөж болзошгүй байх тул маргаан бүхий актын биелэлтийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж заасан юм. Энэ бүгдээс дүгнэж үзэхэд нэхэмжлэлийн утга, маргааны гол зүйл нь газрыг хагалсан гэдэг зүйл болж байгаа нь тодорхой байгаа юм. Нэхэмжлэлийн хүрээ нь ийнхүү газар хагалсан, хагалаагүй гэдэг зүйл байсан учраас л мэргэжлийн шинжээч нар томилогдож дүгнэлтээ гаргасан бөгөөд газрыг хагалаагүй байна, хөрс боловсруулалтын үйл ажиллагаа явагдсан байна гэж дүгнэлт гаргасан билээ. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа газар хагалсан эсэх тухай гол маргааныг шийдвэрлэхгүй орхигдуулж нэхэмжлэлийн шаардлагын хүрээг хэтрүүлж тариалангийн болон атар газарт шилжүүлсэн талаарх Засгийн газрын тогтоол хэрэгт авагдаагүй байна гэж шийдвэрлэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хуулийн үндэслэлгүй, хуулиар олгогдоогүй эрхийг шүүгч эдэлсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Монгол улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заахдаа шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасан байна. Хуулийн энэ заалтыг шүүгч хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Тодруулбал Засгийн газрын тогтоол гарах ёстой байсан талаар нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ огт дурдаагүй бөгөөд энэ тухай талууд маргаагүй юм. Шүүгч дээр дурдсан хуулийн заалтыг хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсангүй гэж үзэж байна. Хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-ын шүүх хуралдаанд хэлж тайлбарлаж байсан болон шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд иргэдэд хурал болохыг мэдэгдсэн, нэхэмжлэгч нараас өөрсдөө тус хуралд оролцсон байгаа тухай баримт байдаг. Иргэдийн хурал хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч нарын эрхийг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч нар манай “С-Ү” ХХК-ийг Хятад улсын хөрөнгө оруулалттай компани гэж энэ талаар их мэдэгдэл хийдэг. Гэтэл тус газрын эзэмших эрхийг Монгол улсын иргэн М.Ж нь хуулийн дагуу дуудлага худалдаагаар авсан билээ. Газрын эзэмших эрхийг хуулийн дагуу аваад тариалан эрхлэх гээд хөрөнгө оруулалт хайж явсан бөгөөд Орос улс руу яваад хөрөнгө оруулагч олж чадаагүй тул Хятад улс руу явж хөрөнгө оруулалт олж хамтран ажиллахаар болсон нь үнэн юм. Ер нь Монгол улсын иргэн хүн Гадаадын орны иргэд, байгууллагатай хуулийн дагуу хамтран ажиллаж болно гэж үзэж байна. “С-Ү” ХХК нь Хятадын компанитай хамтарч ажиллаж байна гэж нэхэмжлэгч нар цахим орчноор мэдэгдэл гаргаад улмаар бидний үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй байдалд хүргэсэн тул хэдийгээр бид хууль журам зөрчөөгүй ч гэсэн Хятад улсын хөрөнгө оруулалтыг буцааж өгөөд одоо “С-Ү” ХХК нь монгол компани эргээд болсон юм. Энэ тухай баримтууд хэргийн материалд байгаа билээ.

Хоёрдугаарт: Шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан талаар юм. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т заахдаа: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дэх заалт, тогтоолын хавсралтын хүснэгт 4-ийн 4.5 дахь заалтыг хүчингүй болгосугай гэж заажээ. Энэ заалтаас дүгнэлт хийхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 71 дугаартай тогтоолын 1 дэх хэсгийг бүхэлд нь болгосон байна. Энэ нь буруу гэж үзэж байна. Учир нь: иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 71 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт: Сумын Барилга, байгууламжийн дэвсгэр газрын төлөвлөлт, Аялал жуулчлалын газрын ашиглалт, хамгаалалтын төлөвлөлт, Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх газрын байршил, Гэр бүлийн хэрэгцээнд болон аж ахуйн нэгж, байгууллагад төмс, хүнсний ногоо, таримал мод, ургамал тариалах зориулалтаар эзэмшүүлэх байршил, хэмжээ, Өвөлжөөний газрын байршил, хэмжээ гэсэн олон зүйлүүдийн талаар заасан байдаг. Гэтэл шүүх эдгээр заалтыг бүгдийг нь хүчингүй болгож байгаа нь бусдын эрх ашигт нөлөөлсөн, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Гуравдугаарт: Манай “С-Ү” ХХК-ийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр хэвээр байгаа талаар: Нэхэмжлэгч нар шүүх хуралдааны үед шүүхэд хандаж Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэсэн. Шүүх тэр татгалзлыг баталсан юм. Шүүх нэхэмжлэгч нарын татгалзлыг баталсан атлаа нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж, гуравдагч этгээдээр оролцож байгаа “С-Ү” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэлийн агуулга, бие даасан шаардлагын хүсэл зорилгын илэрхийллийг зөв тодорхойлж чадаагүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамж хүчин төгөлдөр байгаа учраас манай “С-Ү” ХХК-ийн газар эзэмших эрх мөн хүчин төгөлдөр байгаа болно. Ийм нөхцөлд шүүх “С-Ү” ХХК-ийн тариалангийн газартай холбоотой хэвийн ажиллах үйл ажиллагааг зогсоож, захиргааны актыг түдгэлзүүлсэн 78 дугаартай шүүгчийн захирамжаа хүчингүй болгох ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл одоо Засаг даргын газар эзэмшүүлсэн захирамж хүчинтэй байгаа, нэхэмжлэгч нар тус захирамжийг хүчингүй болгох шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталсан байгаа мөртлөө захиргааны актыг түдгэлзүүлсэн шүүгчийн 78 дугаартай захирамжаа хүчинтэй хэвээр нь байлгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт: Манай “С-Ү” ХХК нь хууль зөрчөөгүй талаар: Манай “С-Ү” ХХК нь хууль журмын үндсэн дээр дуудлага худалдаанд оролцож тариалангийн газар эзэмших эрх авч технологийн дагуу хөрс боловсруулалт хийж тариалалт хийсэн юм. Нэхэмжлэгч нар “С-Ү” ХХК нь бэлчээрийг газрыг сүйтгэж байна гэж нэхэмжлэлдээ бичсэн нь үндэслэлгүй юм. Харин нэхэмжлэл гаргасан энэ 5 хүн тариалангийн бүс нутагт малаа бэлчээрлүүлж байгааг буруу зүйл гэж үзэж байна. Монгол Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1,2,3 дугаар багийг тариалангийн бүс нутаг гэж заасан байгаа билээ. Тариалангийн бүс нутагт тариалан эрхэлнэ. Мал аж ахуй эрхэлнэ гэж байгаа бол зөвхөн эрчимжсэн мал аж ахуй л эрхэлнэ гэж заасан юм. Иймд нэхэмжлэгч нар эрчимжсэн мал аж ахуй эрхлэхгүй малаа бэлчээрлүүлж байгаа нь Засгийн газрын тогтоолыг зөрчиж байгаа үйлдэл юм. Анхнаасаа энэ газар бэлчээрийн газар байгаагүй, хууль журмаараа ч бэлчээрийн газарт шилжээгүй юм.

Манай компани нь зохих зөвшөөрлийн дагуу эмийн ургамал тариалж байгааг олон иргэд, зөгийчид дэмжиж байгаа юм.Энэ тухай баримтууд хэргийн материалд байгаа билээ. Эмийн ургамал тариалснаар балт ургамал их ургаж хөрсний үр шим сайн болдог, зөгийнд их шим тэжээл болдог юм. Зөгийн бал шим тэжээлтэй болсноор иргэдийн эрүүл мэнд, нийгэмд их ач тустай юм. Балт ургамал малын тэжээлд ч мөн их ач тустай байдаг. Бид нийгэмдээ үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд нутаг орны хүмүүстээ байр бий болгож байна. Нэхэмжлэгч нар нь “С-Ү” ХХК-ийг дэрэвгэр, жирэвгэр нэртэй ургамлыг тариалж байгаа нь хууль зөрчсөн гэж зүйл гэж хэлдэг. Энэ нь үндэслэлгүй юм. Засгийн газраас тогтоол гаргаж тус ургамлыг байгалиас түүхийг түр хориглосон юм. Энэ нь байгалиа хамгаалж байгаа зөв зүйтэй шийдвэр юм. Харин тарималжуулж ургуулахыг төр засгаас дэмжиж байгаа юм. Улсын их хурлаар Таримал ургамлын үр сортын тухай хууль хэлэлцэгдэж дэмжигдэж байгаа билээ. Ургамал ногоон тэжээлийг тарималжуулснаар үрийн удмын санг сайжруулж, эрүүл хүнс, хүнсний аюулгүй байдалд их хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа билээ. Манай компани хууль журам зөрчөөгүй тул энэ гомдолд дурдсан нөхцөл байдлуудыг дүгнэн үзэж Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байгаа манай “С-Ү” ХХК-ийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 39 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “С-Ү” ХХК-ийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг хянав.

Юуны өмнө ойлгомжтой байлгах үүднээс хэргийн оролцогчдын эрх зүйн байдал, гомдол гаргах эрхийн талаар товч дүгнэлт хийх шаардлагатай байна.

Гуравдагч этгээд “С-Ү” ХХК-ийн төлөөлөгчөөс гадна анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтай байсан С.М-ын өмгөөлөгч Т.У-ээс давж заалдах гомдол гаргасан байна. Өмгөөлөгч Т.У нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Шаамар сумын Засаг даргын өмгөөлөгчөөр оролцсон байна. Гэвч нэхэмжлэгч нарын зүгээс Шаамар сумын Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шүүх Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолтой холбогдох маргааныг хянан хэлэлцээд зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Тухайн үед С.М нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтай тул хариуцагч байгууллагыг төлөөлөн шүүх хуралдаанд оролцжээ.

Гэтэл анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болж, хэргийг шийдвэрлэснээс хойш 14 хоногийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас С.М-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж 92 дугаар тогтоолыг гаргасан байна. С.М нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөө шүүхэд мэдэгдэлгүй, 12 хоногийн дараа 2019 оны 12 сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэрийг гардан авч улмаар өмгөөлөгчөөр Т.Урангэрэлийг авч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс давж заалдах гомдол гаргасныг дэмжихгүй гэдгээ шүүхэд удаа дараа илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Давж заалдах гомдол гаргасан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцож, шүүгч захирамж, ... гаргана” гэж заасны дагуу шийдвэрлэж тус шүүхийн шүүгчийн 478 дугаар захирамжийг гаргасан болно.

            Иймд хариуцагч Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Т.У-ийн гомдлыг хэлэлцээгүй болно.

            Гуравдагч этгээд “С-Ү” ХХК-ийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын тухайд: Анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 92 дугаар шүүгчийн захирамжаар “С-Ү” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

Улмаар “С-Ү” ХХК-ийн зүгээс 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Бие даасан шаардлага гаргах тухай” хүсэлтийг ирүүлсэн байна. Хэдийгээр “нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн шаардлага нь бие даасан шаардлагад тавигдах шалгуурыг хангаагүй, бие даасан шаардлага гэж үзэх боломжгүй боловч анхан шатны шүүх хүлээн авч, улмаар талуудад гардуулан хариу тайлбар авчээ. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд дээрх шаардлагыг нь хэлэлцэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаараа “бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

Мөн шийдвэрийн 4 дэх заалтаар гуравдагч этгээд нь давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн, улмаар гомдлыг нь хүлээн авч хэргийг тус шүүхэд ирүүлсэн байх тул давж заалдах шатны шүүхийн зүгээс “давж заалдах гомдол”-д нь тодорхой дүгнэлт хийх шаардлагатай гэж үзлээ.

“Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэснийг бие даасан шаардлага гэж үзэхгүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж тус тус заажээ. Дээрх хуулийн заалтаас үзэхэд “С-Ү” ХХК нь уг хэргийн хувьд гуравдагч этгээд байх үндэслэлтэй боловч түүний гаргасан шаардлага нь бие даасан шаардлага биш байна.

Учир нь дээрх хуулийн 22 дугаар зүйлд зааснаар бие даасан шаардлага нь юуны өмнө “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар” гаргасан байх ёстой. Гэтэл энэхүү хэргийн тухайд “С-Ү” ХХК-ийн гаргасан гэх бие даасан шаардлага нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсхүл татгалзаж байгаа эсэх талаарх гуравдагч этгээдийн байр суурийг илэрхийлсэн байна. Маргааны үйл баримтын талаар гаргасан бие даасан шаардлага гэж үзэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байжээ. Иймд энэ талаарх өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх “гуравдагч этгээдийг давж заалдах гомдол гаргах эрх бүхий” этгээд гэж үзэж шүүхийн шийдвэрийг хянасан боловч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам эсэхийг шүүх хянах үүрэгтэй.

Нэхэмжлэгч Д.А нарын зүгээс “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан байна. Анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий 71 дүгээр тогтоолын 1 дэх заалт, тогтоолын хавсралтын 4 дүгээр хүснэгтийн 4, 5 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын тулд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маргаан бүхий акт зөрчсөн эсэх, эсхүл зөвхөн зарим заалт нь зөрчсөн эсэх, тухайн актын холбогдох хэсгийг хүчингүй болгосноор уг акт хүчин төгөлдөр үлдэх эсэх зэргийг харгалзан үзэх ёстой.

Нэхэмжлэгч нарын зүгээс “Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлагыг гаргасан байна. Гэвч тухайн тогтоол нь “Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөг батлах тухай” тогтоол бөгөөд 3 заалттай, 5 хавсралттай байна. Уг тогтоолын 2 дахь заалт нь тогтоолыг мөрдөж ажиллахыг сумын Засаг даргад даалгасан, 3 дахь заалт нь Газрын даамалд тодорхой үйл ажиллагааг даалгасан агуулгатай байна. Энэхүү 2 заалтын тухайд нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйлгүй бөгөөд нэхэмжлэгч нар ч мөн адил тухайн заалтууд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болохыг илэрхийлж байна.

Харин тогтоолын 1 дэх заалт нь дотроо 5 хавсралт буюу хүснэгттэй бөгөөд анхан шатны шүүх уг 1 дүгээр заалтыг бүхэлд нь мөн хавсралт 4 дүгээр хүснэгтийн 4, 5 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь тогтоолын 1 дэх заалтаар 5 хавсралт хүснэгтийг баталсан бөгөөд хэрвээ 1 дэх заалтыг хүчингүй болгож байгаа бол уг 5 хавсралт бүхэлдээ хүчингүй болохоор байна. Гэтэл 1 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн атлаа дахин уг заалт дотроосоо 4 дэх хавсралт хүснэгтийг 2 заалтыг нь давхар хүчингүй болгож байгаа нь зөрчилтэй болжээ гэдгийг дурдах нь зүйтэй.

Маргаан бүхий 71 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар 5 хавсралт хүснэгтийг баталжээ. 1 дүгээр хүснэгтээр Сумын барилга байгууламжийн дэвсгэр газрын төлөвлөлт, 2 дугаар хүснэгтээр Аялал жуулчлалын газрын ашиглалт, хамгаалалтын төлөвлөгөө, 3 дугаар хүснэгтээр Иргэнд гэр бүлийн зориулалтаар шинээр өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, 4 дүгээр хавсралтаар Гэр бүлийн хэрэгцээнд болон аж ахуйн нэгж байгууллагад төмс, хүнсний ногоо, таримал мод, ургамал тариалах зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, 5 дугаар хавсралтаар Өвөлжөөний газрын байршил хэмжээг тус тус баталжээ. Энэхүү 5 хавсралтаас зөвхөн нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх хэсэг нь 4 дүгээр хавсралт байна.

Чухамхүү “Гэр бүлийн хэрэгцээнд болон аж ахуйн нэгж байгууллагад төмс, хүнсний ногоо, таримал мод, ургамал тариалах зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ”-г тогтоосон 4 дүгээр хавсралтыг үндэслэн Засаг дарга захирамж гаргаж “С-Ү” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Иймд зөвхөн 4 дүгээр хүснэгтийн тухайд дүгнэлт хийх шаардлагатай байжээ. Уг хавсралт хүснэгт нь дотроо мөн 6 хэсгээс бүрдэж байгаа бөгөөд №4-д 1 дүгээр баг Үржихийн энгэрийн баруун урд хэсэгт 100 га, Эмийн ургамал тариалах, №5-д Дулаан зөрлөгийн зүүн урд дэнжид 200 га Эмийн ургамал тариалах гэж тус тус заажээ. Энэ 2 хэсэг нь нэхэмжлэгч 1 дүгээр багийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл анхан шатны шүүх 1 дүгээр заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Иймд зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Маргаан бүхий актын эрх зүйн үндэслэлийн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй. Тодруулбал 71 дүгээр тогтоолыг гаргахдаа баримталсан Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхтэй холбоотой заалтыг баримталсан, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “з” буюу нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар цогц хөтөлбөр боловсруулах заалтыг баримталсан нь шийдвэрлэсэн асуудлын буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах агуулгатай огт хамааралгүй заалтыг баримталсан байжээ.

Мөн Тариалангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “тариалангийн талбай гэж тариалангийн зориулалтаар эзэмшиж ашиглаж байгаа нэгж газрыг”, 3.1.3-д “...атар газар... гэж холбогдох судалгаагаар тариаланд тохиромжтой газар гэдэг нь тогтоогдсон, тариалан эрхлэх зориулалтаар ашиглагдаагүй байгаа газрыг ойлгоно”, 10 дугаар зүйлийн 10.1-д “...Атаршсан газарт гурван жил тариалалт, уринш хийгээгүй тариалангийн газар хамаарна...” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтуудаас дүгнэн үзэхэд маргаан бүхий 300 га газар нь тариалан эрхэлж байгаа газар биш, түүнчлэн атаршсан газар биш болох нь тогтоогдож байна. Харин тариалан эрхлэх боломжтой, тариалан эрхлэх зориулалтаар ашиглагдаагүй байгаа буюу атар газар гэж үзэхээр байна.

Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэхэд тодорхой дэс дарааллын дагуу процесс ажиллагаа явагдахаар байна. Тухайлбал Тариалангийн тухай хуулийн “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх” 5 дугаар зүйлд зааснаар:

1/ Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх талаарх Засаг даргын санал гарсан байх ёстой.

2/ энэхүү саналыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэж шийдвэр гаргана.

3/ Аймаг, нийслэлийн Засаг дарга сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн гаргасан сум, дүүргийн Засаг даргын саналыг нэгтгэж тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулна.

4/ Тухайн шатны хурлаас холбогдох шийдвэр гаргуулна.

5/ Уг саналыг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

6/ атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх талаарх тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналаа гаргана

7/ Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх талаарх тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газарт оруулна.

8/ Засгийн газар шийдвэр гаргана гэсэн дарааллаар явагдахаар байна.

Гэтэл энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй ажээ.

Иймд Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 71 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 4 дүгээр хүснэгтийн №4 болон №5 дахь хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

“С-Ү” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо өөрийгөө хууль зөрчөөгүй гэжээ. Энэхүү маргааны тухайд “С-Ү” ХХК-ийг хууль зөрчсөн үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан агуулгагүй тул түүнд тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй юм.

Нэхэмжлэгч талаас “С-Ү” ХХК-ийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “С-Ү” ХХК нь анх байгуулагдсан, багийн иргэдийн Нийтийн Хуралд уг компанийн захирал оролцсон, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, Засаг даргын захирамж гарсан байдал, хувьцаагаа бусдад зарсан, буцаан худалдан авсан зэргээс нь дүгнэхэд хэлбэрийн хувьд гаднаас нь харахад газрыг хуулийн дагуу эзэмшсэн мэт харагдуулж байгаа болно.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн зүгээс фермерийн аж ахуй эрхлэхийг голлон анхаарч байгаа. Сэлэнгэ аймгийг “тариалангийн бүс нутаг” гэж зарласан зэрэг үндэслэлийг тайлбарлаж байна. Гэвч дээрх үндэслэл нь Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан журмыг зөрчих эрхийг олгохгүй юм.

“С-Ү” ХХК шүүх хэрэгт хамааралгүй, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн гэсэн үндэслэлийг дурдаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, нэхэмжлэлийн хүрээнээс хэтрүүлж шийдвэрлэсэн гэжээ. Захиргааны хэргийн шүүх нотлох үүргийнхээ хүрээнд хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж, нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзал, бие даасан шаардлага, түүнд дурдагдсан үндэслэл тус бүрт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн хүрээнээс хэтэрсэн гэж үзэх үндэслэл болохгүй байна. Шүүх шийдвэрийнхээ Тогтоох нь хэсгээр зөвхөн маргаан бүхий акттай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.

Иймд гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон