Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 126/2019/0023/З |
Дугаар | 221/МА2020/0091 |
Огноо | 2020-02-05 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2020/0091
Ц.Ц-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ц.Ц нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Я.Т-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу Ц.Ц-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, 8 дугаар зүйлийн 1-ийн 2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Я.Т-ын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 69 тоот “Тэтгэвэр түр түдгэлзүүлэх тухай” актыг хүчингүй болгож, аваагүй хугацааны тэтгэвэр /5 сарх856108/ 4,280,540 төгрөгийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж Ц.Ц-д олгож, “...учирсан хохирлыг барагдуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Я.Т давж заалдах гомдолдоо: “...Ц.Ц-ын 972930 дугаарын хувийн хэрэгт бүрдүүлсэн баримт бичиг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дахин хянасан бөгөөд Ц.Ц-ын ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасан шаардлагыг хангаагүй байсан. Тиймээс хуульд заасан шаардлагыг хангуулахын тулд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны А/30 дугаар тушаалыг үндэслэн Ц.Ц-ын тэтгэврийг түр түдгэлзүүлсэн буюу хуулийн дагуу захиргааны акт гаргасан учраас тус захиргааны актыг шүүхийн шийдвэрт дурдсан шиг Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчим, Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх үндсэн зарчмыг баримтлаагүй гэж үзэх үндэслэлгүй.
Ц.Ц-д 2019 оны 07 дугаар сарын тэтгэвэр олгохоос өмнө 94941833 дугаартай утсаар ярьж, зурвас бичиж, ажлаас чөлөөлөгдсөн тушаалын үндэслэл нь хуулийн шаардлага хангаагүй байгаа тул хуулийн шаардлага хангах хүртэл түүний тэтгэврийг түр түдгэлзүүлэх тухай болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалын үндэслэлийг өөрчилж авчирсан тохиолдолд тэтгэврийг үргэлжлүүлэн олгох боломжтой талаар мэдэгдсэн байна.
Үүнээс хойш Ц.Ц-ын зүгээс ажлаас чөлөөлөгдсөн тушаалын үндэслэлийг өөрчилсөн тушаал авч ирээгүй учраас 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр албан ёсоор захиргааны акт гаргаж тэтгэврийг нь түр түдгэлзүүлсэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг баримтлан тэтгэвэр авагч Ц.Ц-д баримтаа бүрдүүлж ирэх боломж олгож, тодорхойгүй хугацаагаар хүлээсэн, нэхэмжлэгч Ц.Ц 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хэлтэст ирэхдээ тушаал өөрчлөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн учир тэтгэврийг албан ёсоор түдгэлзүүлэх акт шийдвэр 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гаргаж, хэлтсийн даргын албан бичгээр актын 1 хувийг хүргүүлэхээр бичиг хэрэгт хүлээлгэн өгсөн. Бичиг хэрэгт Мөрөн сумын 8 дугаар багт оршин суудаг гэрийн хаягаар хэд хэдэн удаа очсон боловч гэртээ байхгүй байсан гэдгийг нотолдог.
Тиймээс Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 69 дүгээр актаар “Ц.Ц-ын №972930 дугаарын хувийн хэрэгтэй цэргийн өндөр насны тэтгэврийг баримтын бүрдэл хангагдах хүртэл түр түдгэлзүүлэхийг даалгаж” шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн болон Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 1997 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж[1] байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 6/302 дугаар тушаалаар “2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” байна[2].
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болно”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана” гэж тус тус заасан бөгөөд үүний дагуу Ц.Ц-д 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 856,108 төгрөгийн тэтгэвэр олгохоор шийдвэрлэсэн байна[3]. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Ц нь хуулийн дагуу, эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр тэтгэврээ тогтоолгожээ.
Харин маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн тэтгэврийг түр түдгэлзүүлсэн үндэслэл нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй” нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч “цэргийн алба хаах нас хэтэрч” халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 6/302 дугаар тушаалаар Ц.Ц-ыг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэн, энэ талаар хариуцагч маргаагүй, 48 нас хүрсэн байсан буюу цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн байжээ.
Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ хуулийн 13 дугаар зүйлийн 1-д “Эмэгтэйчүүд ахлагч, офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 45 нас хүртэл хааж болно”, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Эмэгтэйчүүд офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 47 нас хүртэл хаана.” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч нь үүрэгт ажлаас чөлөөлөгдөх үедээ тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн байсан тул түүний тэтгэврийг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэлгүй байсан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Өөрөөр хэлбэл нэгэнт “тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн, цэргийн алба хаах нас хэтэрч” үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байхад хариуцагч тухайн чөлөөлсөн тушаалд өөрчлөлт оруулахыг шаардаж, тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох буюу уг шалтгаанаар тэтгэврийг түтгэлзүүлэх хууль зүйн зохицуулалт байхгүй байхад ийнхүү шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Мөн маргаан бүхий захиргааны акт гарах хууль зүйн үндэслэлгүй байсан тул тэтгэврийг түдгэлзүүлснээс хойших 5 сарын хугацааны тэтгэвэр болох 4,280,540 төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Харин банк болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс[4] учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулах боломжгүй.
Учир нь уг гэрээ нь иргэн болон хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан байх бөгөөд гэрээний үүргийн биелэлтийг талууд хариуцахаар зохицуулсан, иймээс “Учирсан хохирлыг барагдуулах” нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчид хамааралгүй тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Иймд нэхэмжлэгч нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэтгэврийг түр түдгэлзүүлэх тухай акт гаргасан нь хууль бус бөгөөд энэ хэсэгт холбогдох хуулийн зүйл, заалтыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт баримтлаагүй, мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдсэн байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 2 дахь хэсгийн 3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Я.Т-ын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 69 дүгээр “Тэтгэвэр түр түдгэлзүүлэх тухай” актыг хүчингүй болгож, аваагүй хугацааны тэтгэвэр /5сарх856108/ 4.280.540 төгрөгийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж Ц.Ц-д олгож, үлдэх “...учирсан хохирлыг барагдуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 41 хуудас
[2] Хавтаст хэргийн 40 хуудас
[3] Хавтаст хэргийн 37 хуудас
[4] Хавтаст хэргийн 9 хуудас