Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/01615

 

Т.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01578 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1761 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Э-д холбогдох,

Ховд аймаг дах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 3 158 720 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Содгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, нарийн бичгийн даргаар Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1996 оноос Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн Рашаант хүүхдийн хэсгийн бага эмчээр ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь Ховд аймаг дах Бүсийн оношилгоо Эмчилгээний төвд 103 хүлээн авахын тасгийн эрхлэгч, хүүхдийн тасгийн амбулаторийн их эмч, тасгийн эрхлэгч, дүрс оношилгооны тасгийн эрхлэгч, 2013 оны 02 дугаар сараас 2014 оны 04 дүгээр cap хүртэл аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар тус тус ажиллаж байсан. Миний бие 2014 оны 03 дугаар сард зарлагдсан Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын сонгон шалгаруулалтад оролцон шалгаруулалтын бүх шатыг амжилттай давж, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 13 дугаар тогтоолыг үндсэн Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлаар томилогдон 2 жил 11 cap ажилласан. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Эрүүл мэндийн яамтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ сайн биелүүлэн ажиллаж ирсэн. Гэтэл Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/98 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн “Санхүүгийн зөрчил гарган хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээг цуцлах үндэслэл тогтоогдсон” гэсэн хууль бус үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас халсан. Ажил олгогч нь намайг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсэх, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх, эсхүл 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэхийг тушаалдаа нэрлэн дурдалгүйгээр ажлаас халсан тул миний бие ямар үндэслэлээр ажлаас халагдаж байгаагаа өнөөдрийг хүртэл ойлгохгүй байна.

Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын бүрэлдэхүүнд Аудитыг гүйцэтгэсэн тус газрын дарга, тэргүүлэх аудитор М.Наранжаргал, менежер Л.Эрдэнэчулуун, ахлах аудитор Б.Саруул, шинжээч Д.Эрдэнэцогт, Б.Хишигтогтох, Б.Анхбаатар, Б.Хаш-Эрдэнэ, Б.Лхагвацэрэн гэсэн нэрсүүдийг тайлан дээр бичсэн боловч хамрагдсан аймгуудад шинжээч нар нь нэг нэгээрээ яваад тухайн аймгийн аудитын газартай хамтран шалгалтаа хийж манай аймагт Б.Хишигтогтох ганцаараа ирж шалгалт хийсэн. Энэ шалгалтаар Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн 2014-2015 оны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон санхүүгийн баримт материал, худалдан авах ажиллагаанд оролцсон зарим аж ахуйн нэгж, тусламж, үйлчилгээ авсан үйлчлүүлэгчийг хамруулан шалгасан. Энэ шалгалтаар илрүүлсэн гэх зөрчлүүдийн хувьд 28 ажилтанд 36,6 сая төгрөгийн урамшуулалт цалин олгосон гэх зөрчил нь Эрүүл мэндийн сайдын 2006 оны 277 дугаар тушаалыг баримтлан ажиллаж байх үед хийгдсэн үйлдэл юм. Энэ тушаал нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэ тушаалын 2.3-т нь төлбөрт үйлчилгээний 40 хувийг нь ажилчдын урамшуулалт цалинд олгож болох тухай заасан байдаг. Дараа нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 470 дугаартай тушаал гарснаар 277 дугаар тушаал хүчингүй болсон. Би тухайн үед мөрдөгдөж байсан хүчин төгөлдөр хууль, дүрэм, тушаалыг баримтлан ажиллаж байсан. Ажилтнуудад 2015 онд 1,7 сая төгрөгийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг илүү эдлүүлсэн, 4,5 сая төгрөгийн амралтын мөнгийг дутуу олгосон алдаа нь манай нягтлан бодогчийн алдаа байсан тул тухайн үед нь нягтланд арга хэмжээ авч залруулаад байгууллага ажилчдыг хохиролгүй болгосон. Төлбөртэй тусламж үйлчилгээний орлогыг касст төвлөрүүлэхгүйгээр 4,3 сая төгрөгийг шууд зардалд зарцуулсан гэж байгаа нь урд 80 хувийг нь зарцуулж байсныг би багасгаж 30 хувийг нь зарцуулсан. Огт зарцуулахгүй байх боломжгүй, эмнэлэгт яаралтай тусламжийн үед зайлшгүй зарцуулах тохиолдол их гардаг. Энэ тухайгаа тайлан мэдээг гаргаж аймгийн аудитын газарт шалгуулж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 cap, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байхад 2014-2015 оны тайланг үндэслэн Т.Б- надад ямар ч хамааралгүй үйлдэлд сахилгын шийтгэлийн нэг болох ажлаас халах шийтгэлийг ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд намайг Ховд аймаг дах Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болох 3 158 720 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Т.Б-ыг ажлаас чөлөөлөхдөө өөрийнх нь ярьж байгаачлан улс төр, нам, сонгууль ямар ч хамааралгүй юм. Монгол Улсын ерөнхий аудиторын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/147 тоот тушаалаар Аудитын тайланг Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хүргүүлж, тайланд дурдагдсан зөрчлүүдийг арилган өгөгдсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч үр дүнг 2017 оны 06 дугаар сарын 15-ны дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг зөвлөсөн. Аудитаар илэрсэн төлбөр, зөрчлийн хувьд хамгийн их өндөр дүнтэй гарсан нь Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв байсан. Үндэсний аудитын газрын шалгалтанд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн 2014-2015 оны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон санхүүгийн баримт материал, түүврийн аргаар худалдан авах ажиллагаанд оролцсон зарим аж ахуйн нэгж, тусламж үйлчилгээ авсан үйлчлүүлэгчдийг хамруулсан.

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын 2014 оны Төлбөртэй үйлчилгээний хувь олгох тухай А/375 дугаар тушаал, 2015 оны А/42 дугаар тушаалыг үндэслэн 2014-2015 онд эмч, рентген техникч, инженер зэрэг 28 ажилтанд 36,6 сая төгрөгийн урамшуулалт цалин олгож, Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журмын 3.121 гэсэн заалтыг зөрчсөн, Аймгийн аудитын газраас 2014 онд хийсэн аудитаар төлбөртэй тусламж, үйлчилгээний орлогыг касст бүрэн төвлөрүүлэхгүйгээр 26,8 сая төгрөгийг шууд зардалд олгосон зөрчлийг гаргахгүй байх зөвлөмжийг өгч хэрэгжилтийг шалгахад 2015 онд 4,3 сая төгрөгийг кассаас шууд зардалд зарцуулсан зөрчил илэрсэн, Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ажилтнуудын 2015 оны цалингийн тооцоололд давтан тооцоолол хийхэд ажилтнуудад 1,7 сая төгрөгийн татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг илүү эдлүүлсэнд төлбөрийн акт тогтоосон, 2015 онд худалдан авалтын тендерийг буруу төлөвлөсөн байгаа юм. Эдгээр зөрчлүүдийг гаргасан тул Засгийн газрын тухай хуулийн 24.1.4-т заасан эрхийнхээ хүрээнд Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж Т.Б-ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн гэрээний 4.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах зөрчил гаргасан гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01578 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Т.Б-ыг Ховд аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 3 143 795 төгрөг гаргуулан Т.Б-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 925 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан цалингийн зөрүүд тооцсон дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт цалингийн зөрүүд ногдох шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Б- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 65 251 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1761 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01578 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж заасан. Энэхүү асуудлыг давж заалдах шатны шүүх нягтлан үзэхгүйгээр Хөдөлмөрийн гэрээнд “ноцтой зөрчил” гэж бичигдээгүй нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил үүсээгүй гэж үзсэн нь буруу юм. Учир нь Т.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр хэсэгт гэрээг цуцлах үндэслэлүүдийг заасан ба гэрээний 9.1.2-т гэрээний 4 дэх хэсэг буюу Хориглох зүйлсийн аль нэг заалтыг зөрчсөн тохиолдолд гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан нь гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил мөн юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж заасан. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны А/147 дугаар тушаалд Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд санхүүгийн зөрчил болон өр үүсгэсэн байдал тогтоогдсон талаар заасан байх бөгөөд Т.Б- нь тус байгууллагын захирлаар буюу Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн шууд захирагчаар ажиллаж байсан тул дээрх зөрчлийг хариуцах этгээд мөн юм. Хэрэв санхүүгийн зөрчил болон өр үүсгээгүй гэж үзвэл Т.Б- нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны А/147 дугаар тушаалыг эсэргүүцэж шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй байсан ба ийнхүү гаргаагүй нь дээрх зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд Хөдөлмөрийн тухай хууль болон Т.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож, гэрээг цуцлах үндэслэл болсон тул Эрүүл мэндийн сайдын 2017 оны Б/98 дугаар тушаалаар Т.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцэж байгаа болно. Харин энэхүү асуудлыг шүүх нягтлан үзэхгүйгээр сахилгын зөрчил гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн нь буруу юм.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй болно. Үндэсний аудитын газраас Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийн дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн аудитын тайланг баталгаажуулсан үйл баримтад нэхэмжлэгч гомдол гаргаж маргаагүй тул дээрх эрхийн баримт бичгүүд хүчин төгөлдөр гэж үзэж байна. Энэхүү баримт бичигт Т.Б-од хамаарах зөрчлүүдийг тогтоосон бөгөөд нийтдээ 42,8 сая төгрөгийн зөрчлийг хавсралтандаа жагсаасан болно. Т.Б- нь аудитаар илэрсэн зөрчилд гомдол гаргаагүй ба шүүхэд тайлбар өгөх үеэр ажлаа Мягмарсүрэн гэгч хүнд маргахгүй өгөх байсан, харин Амаржаргалд өгөхийг зөвшөөрөхгүй гэж ярьж байгаа нь хоорондоо харилцан хамааралгүй болж буй үйл баримтын хамаарлыг шүүх хуульд нийцүүлэн зөв үнэлээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ. Шүүх дээрх үйл баримтад хамааралтай харилцааг зөв тодорхойлж, үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр санхүүгийн зөрчлүүд тогтоогдоогүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох нөхцөл үүсээгүй гэх үндэслэлээр эрх зүйн алдаатай дүгнэлт хийжээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Т.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Т.Б- өөрийгөө Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Э-д холбогдуулан            гаргажээ.

Хариуцагч Эрүүл мэндийн яам нэхэмжлэгчийг санхүүгийн зөрчил гаргасан, улмаар хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах үндэслэл үүссэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.Б- нь Эрүүл мэндийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 110 дугаар тушаалаар Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалд томилогдож, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б\98 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5.-д заасан зохицуулалтад үндэслэжээ. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол, түүнчлэн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх хоёр зохицуулалтаар хөдөлмөрийн гэрээг цуцлахын тулд ажилтан зөрчил гаргасан,  тухайн зөрчил хөдөлмөрийн гэрээг цуцлах шууд үндэслэл болох  зэрэг нь баримтаар тогтоогдсон байх учиртай.

Хоёр шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Үндэсний аудитын газраас Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2014-2015 оны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон санхүүгийн баримт материал, худалдан авах ажиллагаанд оролцсон зарим аж ахуйн нэгж, тусламж, үйлчилгээ авсан үйлчлүүлэгчийг хамруулан хийсэн аудитын шалгалтын тайланд дурдагдсан зөрчлүүд нь нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзжээ. Энэхүү тайланд дурдагдсан зөрчлүүд Т.Б-од шууд хамааралтай болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар, 2014, 2015 онд гарсан гэх зөрчилд 2017 онд сахилгын шийтгэл ногдуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан шаардлагад нийцэхгүй гэж шүүх үзсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т зааснаар ажил олгогч нь сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах боломжтой.

Хөдөлмөрийн гэрээг цуцалж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан тул Т.Б-ыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль зөрчөөгүй байна.  

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01578 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1761 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН