Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2017/01578

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2017/01578

Улаанбаатар хот

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

                  

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанааар

            Нэхэмжлэгч:Т.Б ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:  Э нд холбогдох

Ховд аймаг дах Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болох 3.158.720 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчТ.Б , түүний өмгөөлөгч П.Е, хариуцагчийн төлөөлөгч Т.С, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1966 онд Анагаах ухааны их сургуулийн хүүхдийн эмчилгээний ангийг хүний их эмчийн мэргэжлээр, 2012 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр, 2014 онд Төрийн удирдлагын магистраар, 2001-2003 онуудад дүрс оношилгооны эмчийн мэргэжлээр резиденсид суралцан төгсөж, 2010 онд хэт авиан оношилгооны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдан хүүхдийн болон дүрс оношилгооны хос мэргэжилтэй болсон. 1996 оноос Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн Рашаант хүүхдийн хэсгийн бага эмчээр ажлын гараагаа эхэлсэн.

Дараа нь Ховд дахь Бүсийн оношилоо Эмчилгээний төвд 103 хүлээн авахын тасгийн эрхлэгч, хүүхдийн тасгийн амбулаторийн их эмч, тасгийн эрхлэгч, дүрс оношилгооны тасгийн эрхлэгч, 2013 оны 2 дугаар сараас 2014 оны 4 дүгээр сар хүртэл аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар тус тус ажиллаж байсан.

                                                          -1-

 

 Миний бие 2014 оны 3 дугаар сард зарлагдсан Ховд аймаг дах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын сонгон шалгаруулалтад оролцон шалгаруулалтын бүх шатыг амжилттай давж, Э ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 13 дугаар тогтоолыг үндсэн Ховд аймаг дах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлаар томилогдон 2 жил 11 сар  ажилласан.

            Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Э тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ сайн биелүүлэн ажиллаж ирсэн.

Гэтэл Эрүүл мэндийн сайд А.Ц-ийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/98 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5 дах заалтуудыг үндэслэн “Санхүүгийн зөрчил гарган хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээг цуцлах үндэслэл тогтоогдсон” гэсэн хууль бус үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас халсан.

Ажил олгогч нь намайг ажлаас халахдаа  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсэх,”хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” эсэх, эсхүл  40.1.5-д заасан ”мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл , эс үйлдэхүй гаргасан” эсэхийг тушаалдаа нэрлэн дурдалгүйгээр ажлаас халсан тул миний бие ямар үндэслэлээр ажлаас халагдаж байгаагаа өнөөдрийг хүртэл ойлгохүй байна.

Намайг ажлаас халж байгаа нь улс төрийн томилгоотой холбоотой асуудал болоод байгаа юмаа. Учир нь:

Аймгийн засаг даргын орлогч дарга намайг 2017 оны 1 дүгээр сарын 12- ны өдөр өрөөндөө дуудаад ажлаа өг, дарга нар чамтай хамт ажиллахгүй гэсэн тул тохиролцъё, чиний ажлыг Мягмарсүрэнд өгнө  гэсэн. Тэгэхээр нь би нэгэнт улс төр нь ингэж шийдэж байгаа юм бол өгдөг л байхдаа гэж бодож байсан нь үнэн. Гэтэл гэнэт тушаал гараад миний эрхэлж байсан ажлыг Амаржаргалд өгсөн, Амаржаргал нь ажлын байрны шаардлага хангахгүй хүн байсан болохоор өөрийн хийж бүтээсэн зүйлээ Амаржаргалд өгөхгүй гэсэн нь үнэн.

Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын бүрэлдэхүүнд Аудитыг гүйцэтгэсэн тус газрын дарга, тэргүүлэх аудитор М.Н, менежер Л.Э, ахлах аудитор Б.С, шинжээч Д.Э, Б.Х, Б.А, Б.Х, Б.Л гэсэн нэрсүүдийг тайлан дээр бичсэн байгаа боловч хамрагдсан аймгуудад шинжээч нар нь нэг нэгээрээ яваад тухайн аймгийн аудитын газартай хамтран шалгалтаа хийж манай аймагт Б.Х ганцаараа ирж шалгалт хийсэн.

Энэ шалгалтаар Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн 2014-2015 оны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон санхүүгийн баримт материал, худалдан авах ажиллагаанд оролцсон зарим аж ахуйн нэгж, тусламж, үйлчилгээ авсан үйлчлүүлэгчийг хамруулан шалгасан.

                                                   -2-

Энэ шалгалтаар илрүүлсэн гэх зөрчлүүдийн хувьд: 28 ажилтанд 36,6 сая төгрөгийн урамшуулалт цалин олгосон гэх зөрчил нь Эрүүл мэндийн сайдын 2006 оны 277 дугаар тушаалыг баримтлан ажиллаж байх үед хийгдсэн үйлдэл юмаа.

Энэ тушаал нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэ тушаалын 2.3-т нь төлбөрт үйлчилгээний 40%-ийг нь ажилчдын урамшуулалт цалинд олгож болох тухай заасан байдаг.

Дараа нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 470 дугаартай тушаал гарснаар 277 дугаар тушаал хүчингүй болсон. Би тухайн үед мөрдөгдөж байсан хүчин төгөлдөр хууль, дүрэм,тушаалыг баримтлан ажиллаж байсан.

Ажилтнуудад 2015 онд 1,7 сая төгрөгийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг илүү эдлүүлсэн, 4,5 сая төгрөгийн амралтын мөнгийг дутуу олгосон алдаа нь манай нягтлан бодогчийн алдаа байсан тул тухайн үед нь нягтланд арга хэмжээ авч  залруулаад байгууллага ажилчдыг хохиролгүй болгосон.

Төлбөртэй тусламж үйлчилгээний орлогыг касст төвлөрүүлэхгүйгээр 4,3 сая төгрөгийг шууд зардалд зарцуулсан гэж байгаа нь урд 80%-ийг нь зарцуулж байсныг  би багасгаж 30%-ийг нь зарцуулсан. Огт зарцуулахгүй байх боломжгүй, эмнэлэгт яаралтай тусламжийн үед зайлшгүй зарцуулах тохиолдол их гардаг. Энэ тухайгаа тайлан мэдээг гаргаж аймгийн аудитын газарт шалгуулж байсан.

Э наас 2015 оны жилийн эцсийн санхүүгийн аудитлагдсан тайлангаа хуулийн хугацаанд сайн гаргасан байгууллагуудын удирдах болон санхүүгийн ажилтнуудыг урамшуул гэсэн албан бичиг ирсэний дагуу аймгийн аудитын газрын дарга миний 2015 оны ажлын дүгнэлтийг үндэслэн урамшуулал олгож байсан байхад 2014-2015 оны ажлын  тайлан, дүгнэлтийг үндэслэж ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг л хийсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2.-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байхад 2014-2015 оны тайланг үндэслэн,Т.Б надад ямар ч хамааралгүй үйлдэлд сахилгын шийтгэлийн нэг болох ажлаас халах шийтгэлийг ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд намайг Ховд аймаг дах Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болох 3.158.720 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

            Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Б ыг ажлаас чөлөөлөхдөө өөрийнх нь ярьж байгаачлан улс төр, нам, сонгууль ямар ч хамааралгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Монгол улсын ерөнхий аудиторын 2016  оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/147 тоот тушаалаар Аудитын тайланг Ховд аймаг дах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хүргүүлж, тайланд дурдагдсан зөрчлүүдийг арилган өгөгдсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч үр дүнг 2017 оны 6 дугаар сарын 15-ны дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг зөвлөсөн.

                                                -3-

Аудитаар илэрсэн төлбөр, зөрчлийн хувьд хамгийн их өндөр дүнтэй гарсан  нь Ховд аймаг дах Бүсийн оношилгоо, эмчилгээний төв байсан.

            Үндэсний аудитын газрын шалгалтанд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн 2014 -2015 оны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон санхүүгийн баримт материал, түүврийн аргаар худалдан авах ажиллагаанд оролцсон зарим аж ахуйн нэгж, тусламж үйлчилгээ авсан үйлчлүүлэгчдийг хамруулсан.

Т.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна..

1.Ховд аймаг дах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын 2014 оны Төлбөртэй үйлчилгээний хувь олгох тухай А/375 дугаар тушаал, 2015 оны А/42 дугаар тушаалыг үндэслэн 2014-2015 онд эмч, рентген техникч, инженер зэрэг 28 ажилтанд 36,6 сая төгрөгийн урамшуулалт цалин олгож, Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журмын  3.121 гэсэн заалтыг зөрчсөн,

2.Аймгийн аудитын газраас 2014 онд хийсэн аудитаар төлбөртэй тусламж , үйлчилгээний орлогыг касст бүрэн төвлөрүүлэхгүйгээр 26,8 сая төгрөгийг шууд зардалд олгосон зөрчлийг гаргахгүй байх зөвлөмжийг өгч хэрэгжилтийг  шалгахад 2015 онд 4,3 сая төгрөгийг кассаас шууд зардалд зарцуулсан зөрчил илэрсэн,

3.Ховд аймаг дах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ажилтнуудын 2015 оны цалингийн тооцоололд давтан тооцоолол хийхэд ажилтнуудад  1,7 сая төгрөгийн татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг илүү эдлүүлсэнд төлбөрийн акт тогтоосон

4.2015 онд худалдан авалтын тендерийг буруу төлөвлөсөн байгаа юм.

Эдгээр зөрчлүүдийг гаргасан тул Засгийн газрын тухай хуулийн 24.1.4-т заасан эрхийнхээ хүрээнд Эрүүл мэндийн сайд  тушаал гаргажТ.Б ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн гэрээний 4.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах зөрчил гаргасан гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5.-д зааснаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийг хангах үндэстэй. 

            НэхэмжлэгчТ.Б нь Э анд холбогдуулан Ховд аймаг дах Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болох 3.158.720 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, санхүүгийн зөрчил гарган, хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээг цуцлах үндэслэл тогтоогдсон гэж маргажээ.

           Т.Б ыг Эрүүл мэндийн сайдын 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 110  дугаартай  тушаалаар  Ховд  аймаг  дах  Бүсийн  оношилгоо,

                                                               -4-

эмчилгээний төвийн захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байхад нь Эрүүл  мэндийн  сайдын  2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/98 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар, 110, Б/98 дугаартай тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-8,14,15,112-116-р хуудас/

            Ажил олгогч нь Б/98 дугаартай тушаалдааТ.Б ыг санхүүгийн зөрчил гарган, хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээг цуцлах үндэслэл тогтоогдсон үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн гэж байгаа боловч түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, мөн хуулийн 40.1.5.-д заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон”  гэсэн үндэслэлээр  үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.  /хх-ийн 14-р хуудас/

            НЭГ: Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэдгийн “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, биезнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино.

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй байх бөгөөд ажил олгогч Э , ажилтанТ.Б нарын хооронд хийгдсэн хөдөлмөрийн гэрээний 4.1.4.-т заасан ”Ажилтны мэдлэг, ур чадваргүй, хариуцлагагүй байдлаас шалтгаалсан санхүүгийн өр үүсгэх, зөрчил гаргах” гэснийг зөрчсөнөөс “хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл” тогтоогдсон гэж байгааг  хөдөлмөрийн дотоод журмын зарим заалтыг зөрчвөл ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасан гэж үзэх боломжгүй байна.

Ноцтой зөрчил нь нэг удаа үйлдэгдсэнээр л хөдөлмөрийн гэрээг цуцлах хангалттай үндэслэл болдог тул яг ямар зөрчлийг ноцтойд тооцохоо гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан харилцан тохирч хөдөлмөрийн гэрээндээ урьдчилан нэрлэн заасан байх ёстой байтал тэдний хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээнд энэ  тухай тусгагдаагүй байна.

Иймээс ажил олгогч Э болон ажилтанТ.Б нарын хооронд байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ”-нд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

                                               

                                                            -5-

            ХОЁР: Хөдөлмөрийн хуулийн 40.1.5.-д заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон” тухайд:              

Хөдөлмөрийн хуулийн  40.1.5-д заасан ” ... ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл , эс үйлдэхүй гаргасан”  гэдэг нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино.

Хөдөлмөрийн гэрээгээр хүлээж байгаа ажил үүрэг нь ажил олгогчийн мэдлийн буюу өмчлөлийн тодорхой хэмжээний мөнгө буюу эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хамгаалахад эсхүл мөнгө эд зүйлийг тогтоосон журмын дагуу зарцуулах, ашиглах, эрх мэдлийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн ажилтны гаргасан эд хөрөнгийн зөрчил нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачлагаараа цуцлах үндэслэл болно.

Үндэсний аудитын газраас Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2014-2015 оны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон санхүүгийн баримт материал, худалдан авах ажиллагаанд оролцсон зарим аж ахуйн нэгж, тусламж, үйлчилгээ авсан үйлчлүүлэгчийг хамруулан аудитын шалгалтыг хийж, аудитын тайланг гаргажээ./хх-ийн 25-49 –р хуудас/

Эрүүл мэндийн сайд шалгалтын тайланд дурдсан зөрчлүүдийг арилган, өгөгдсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, үр дүнг 2017 оны 6 дугаар сарын 15-ны дотор ирүүлэхийг Өмнөговь, Өвөрхангай, Орхон, Ховд, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд 2016 оны 12 дугаар сарын А/147 дугаартай тушаалаар хүргүүлжээ./хх-ийн 51, 52-р хуудас/

Уг тайланд дурдагдсанТ.Б ын гаргасан гэх зөрчлүүдийн тухайд:

2.1. Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв 2014-2015 онд эмч, рентген техникч, инженер зэрэг 28 ажилтанд 36,6 сая төгрөгийн урамшуулалт цалин олгосон зөрчлийн тухайд:

Эрүүл мэндийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 277 дугаартай тушаалаар “Тусламж үйлчилгээг төлбөртэй үзүүлэх журам”-ыг баталж 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдрийг хүртэл мөрдөж байсан байна.

Энэ журмын 2.3.-т “Энэхүү журмын дагуу үйл ажиллагаа явуулж олсон орлогын 40-өөс дээшгүй хувийг эмч, ажиллагсдын урамшуулалд, үлдэх хувийг эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж, эм хэрэгслээр хангахад зарцуулна” гэжээ. 

Эрүүл мэндийн сайдын 277 дугаартай тушаалын дараа “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам”-ыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 470, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/228 дугаартай тушаалуудаар тус тус баталжээ.

Дээрх 2 тушаалд төлбөртэй үйл ажиллагаа явуулж олсон орлогыг хэрхэн зарцуулах тухай тусгаагүй боловч  “Эрүүл мэндийн тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.-т “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага хууль тогтоомжид нийцүүлэн  нэмэлт  болон  төлбөртэй  тусламж,  үйлчилгээ  үзүүлж, олсон орлогыг эрүүл   мэндийн   ажилтны   хөдөлмөрлөх   нөхцөлийг   сайжруулах,   нийгмийн

                                                  -6-

баталгааг хангах, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах, засвар, үйлчилгээ хийхэд зарцуулах бөгөөд уг орлогыг зарцуулах үлгэрчилсэн журмыг санхүүгийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заажээ.

Эрүүл мэндийн тухай хууль болон Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан журмаар “...төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлж, олсон орлогыг эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах ... зэрэгт зарцуулж болохоор” зохицуулсан байна.

ИймдТ.Б ыг Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журамд  3.121 гэсэн заалт байхгүй болно.

2.2.Аймгийн аудитын газраас 2014 онд хийсэн аудитаар төлбөртэй тусламж , үйлчилгээний орлогыг касст бүрэн төвлөрүүлэхгүйгээр 26,8 сая төгрөгийг шууд зардалд олгосон зөрчлийг гаргахгүй байх зөвлөмжийг өгч хэрэгжилтийг  шалгахад 2015 онд 4,3 сая төгрөгийг кассаас шууд зардалд зарцуулсан зөрчил илэрсэн тухайд:

 Ховд аймгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Л.Галбадрах 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаартай албан бичигт касснаас шууд зардалд зарцуулсан 4,3 сая төгрөгийн орлогыг иргэнТ.Б хувийн зориулалтаар ашиглаагүй байгууллагын үйл ажиллагааны урсгал зардалд  зарцуулагдсан нь аудитаар батлагдсан тул акт тавигдаагүй байна гэжээ. /хх-ийн 117-р хуудас/

Мөн Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2014, 2015 оны санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан, илчлэл тодруулагад тайлагнасан үлдэгдэл, ажил үйлчилгээнүүд нь холбогдох хууль тогтоомжууд болон Сангийн сайдын баталсан заавар журмуудын дагуу алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн тул тус аймгийн Аудитын газраас Аудитын гэрчилгээг 2014, 2015 онуудад тус тус олгосон байна./хх-ийн 81-84-р хуудас/

ИймдТ.Б ыг 2015 онд 4,3 сая төгрөгийг кассаас шууд зардалд зарцуулсанд буруутгах үндэсгүй байна.

2.3.Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ажилтнуудын 2015 оны цалингийн тооцоололд давтан тооцоолол хийхэд ажилтнуудад 1,7 сая төгрөгийн татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг илүү эдлүүлсэн тухайд:

Тус төв нь ажилтнуудад 1,7 сая төгрөгийн татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг илүү эдлүүлсэн талаар төлбөрийн акт тавигдсаныг ажилчдад буцаан олгож илүү олгосоныг  ажилчдаас буцаан гаргуулж хохиролгүй болгон холбогдох хариуцсан ажилтнуудад сахилгын арга хэмжээ авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Б/198 дугаартай тушаал болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ажилчдын цалингийн тооцооны хүснэгт, 2016 оны 8-р сарын 04-ний өдрийн ГА/02 тоот актын хавсралтаар тогтоогдож байна. /хх-ийн 79,91-111-р хуудас/

                                                            -7-

Мөн тус төвийн 2014, 2015 оны санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, илчлэл тодруулагад тайлагнасан үлдэгдэл, ажил үйлчилгээнүүд нь холбогдох хууль тогтоомжууд болон Сангийн сайдын баталсан заавар журмуудын  дагуу  алдаагүй,  үнэн  зөв, шударга илэрхийлэгдсэн тул тус аймгийн Аудитын газраас Аудитын гэрчилгээг 2014, 2015 онуудад тус тус олгосон байна./хх-ийн 81-84-р хуудас/

ИймдТ.Б ын буруутай үйл ажиллагаанаас ажилтнуудад 1,7 сая төгрөгийн татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг илүү эдлүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

2.4.2015 онд худалдан авалтын тендерийг буруу төлөвлөж “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн холбогдох заалтыг зөрчиж  худалдан авалтыг шууд гэрээгээр гүйцэтгүүлсэн болох нь Үндэсний аудитын газрын тайлангаар тогтоогджээ. 

Энэ бүхнээс үзэхэд нэхэмжлэгчТ.Б нь хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, дүрэм, журам зөрчиж, сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй, мөн байгууллагад ямар хэмжээний хохирол учруулсан, байгууллагын эрх  ашигт  харшлах ямар алдаа гаргасан нь тогтоогдохгүй байна.

Мөн ажил олгогч Эрүүл мэндийн сайд  нь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн үйл ажиллаганы үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангийн төсөлтэй танилцаж, тайлангийн төсөлд зарчмын хувьд өгөх саналгүй, аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах тухайгаа  2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1а/4556 дугаартай тушаалаар Үндэсний аудитын газарт мэдэгдсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2.-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.

Ажил олгогч нь 2014, 2015 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлангийн төсөлтэй танилцан түүнд өгөх саналгүй, аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах тухайгаа 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр  Үндэсний аудитын газарт мэдэгдсэн байна.

Хэрэв дээрх зөрчлүүдийг сахилгын зөрчил гэж үзэж байгаа бол тус төвд 2014, 2015 онд гарсан зөрчлийг 2016 оны 4 дүгээр улиралд илрүүлж, ажил олгогч 2016 оны 12 дугаар сард тайлантай танилцсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэдТ.Б ыг Ховд аймаг дах Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл /2 сар 15 хоног/ хугацааны цалинд 3.143.795 төгрөгийг /1.764.391+1.352.264+379.470=3.496.125/,/3.496.125:3=1.165.375/,/1.165.375:21,5=54203/,/1.165.375х2сар=2.330.750,54203х15хоног=813.045,2.330.750+813.045=3.143.795/  ажил олгогчоос гаргуулжТ.Б од олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг нөхөн  төлүүлэн, бичилт хийлгүүлэх, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14.925 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

                                                            -8-

Ажил олгогч Э нь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн болон эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаандаа мөрдөх хууль, дүрэм, журам, стандартыг өнөөгийн шаардлагад нийцүүлэн улам бүр боловсронгуй болгож, эрх тэгш мөрдөн ажиллавал зохино.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтланТ.Б ыг Ховд аймаг дах Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 3.143.795 /гурван сая нэг зуун дөчин гурван мянга долоон зуун ерөн тав/ төгрөг гаргууланТ.Б од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14.925 /арван дөрвөн мянга есөн зуун хорин тав/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан  цалингийн зөрүүд тооцсон дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих  байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт цалингийн зөрүүд ногдох шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчТ.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 65251 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                            Ч.ИЧИНХОРЛОО

 

 

 

 

 

-9-