Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 1761

 

Т.Баяртогтохын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                               

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01578 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Баяртогтохын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Эрүүл мэндийн яаманд холбогдох

 

Ховд аймаг дах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 3 158 720 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Баяртогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Баяртогтохын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 1966 онд Анагаах ухааны их сургуулийн хүүхдийн эмчилгээний ангийг хүний их эмчийн мэргэжлээр, 2012 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр, 2014 онд Төрийн удирдлагын магистраар, 2001-2003 онуудад дүрс оношилгооны эмчийн мэргэжлээр резиденсид суралцан төгсөж, 2010 онд хэт авиан оношилгооны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдан хүүхдийн болон дүрс оношилгооны хос мэргэжилтэй болсон. 1996 оноос Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийн Рашаант хүүхдийн хэсгийн бага эмчээр ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь Ховд аймаг дах Бүсийн оношилгоо Эмчилгээний төвд 103 хүлээн авахын тасгийн эрхлэгч, хүүхдийн тасгийн амбулаторийн их эмч, тасгийн эрхлэгч, дүрс оношилгооны тасгийн эрхлэгч, 2013 оны 2 дугаар сараас 2014 оны 4 дүгээр cap хүртэл аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар тус тус ажиллаж байсан. Миний бие 2014 оны 3 дугаар сард зарлагдсан Ховд аймаг дах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын сонгон шалгаруулалтад оролцон шалгаруулалтын бүх шатыг амжилттай давж, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 13 дугаар тогтоолыг үндсэн Ховд аймаг дах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлаар томилогдон 2 жил 11 cap ажилласан. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Эрүүл мэндийн яамтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ сайн биелүүлэн ажиллаж ирсэн. Гэтэл Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/98 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дах заалтуудыг үндэслэн "Санхүүгийн зөрчил гарган хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээг цуцлах үндэслэл тогтоогдсон" гэсэн хууль бус үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас халсан. Ажил олгогч нь намайг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсэх, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх, эсхүл 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэхийг тушаалдаа нэрлэн дурдалгүйгээр ажлаас халсан тул миний бие ямар үндэслэлээр ажлаас халагдаж байгаагаа өнөөдрийг хүртэл ойлгохүй байна.

Намайг ажлаас халж байгаа нь улс төрийн томилгоотой холбоотой асуудал болоод байна. Учир нь Аймгийн Засаг даргын орлогч дарга намайг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өрөөндөө дуудаад “ажлаа өг, дарга нар чамтай хамт ажиллахгүй гэсэн тул тохиролцъё, чиний ажлыг н.Мягмарсүрэнд өгнө” гэсэн. Тэгээд гэнэт тушаал гараад миний эрхэлж байсан ажлыг н.Амаржаргалд өгсөн, н.Амаржаргал нь ажлын байрны шаардлага хангахгүй хүн байсан болохоор өөрийн хийж бүтээсэн зүйлээ тэр хүнд өгөхгүй гэсэн нь үнэн.

Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын бүрэлдэхүүнд Аудитыг гүйцэтгэсэн тус газрын дарга, тэргүүлэх аудитор М.Наранжаргал, менежер Л.Эрдэнэчулуун, ахлах аудитор Б.Саруул, шинжээч Д.Эрдэнэцогт, Б.Хишигтогтох, Б.Анхбаатар, Б.Хаш-Эрдэнэ, Б.Лхагвацэрэн гэсэн нэрсүүдийг тайлан дээр бичсэн боловч хамрагдсан аймгуудад шинжээч нар нь нэг нэгээрээ яваад тухайн аймгийн аудитын газартай хамтран шалгалтаа хийж манай аймагт Б.Хишигтогтох ганцаараа ирж шалгалт хийсэн.

Энэ шалгалтаар Бүсийн онощилгоо, эмчилгээний төвүүдийн 2014-2015 оны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон санхүүгийн баримт материал, худалдан авах ажиллагаанд оролцсон зарим аж ахуйн нэгж, тусламж, үйлчилгээ авсан үйлчлүүлэгчийг хамруулан шалгасан. Энэ шалгалтаар илрүүлсэн гэх зөрчлүүдийн хувьд 28 ажилтанд 36,6 сая төгрөгийн урамшуулалт цалин олгосон гэх зөрчил нь Эрүүл мэндийн сайдын 2006 оны 277 дугаар тушаалыг баримтлан ажиллаж байх үед хийгдсэн үйлдэл юм.

Энэ тушаал нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэ тушаалын 2.3-т нь төлбөрт үйлчилгээний 40 хувийг нь ажилчдын урамшуулалт цалинд олгож болох тухай заасан байдаг. Дараа нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 470 дугаартай тушаал гарснаар 277 дугаар тушаал хүчингүй болсон. Би тухайн үед мөрдөгдөж байсан хүчин төгөлдөр хууль, дүрэм.тушаалыг баримтлан ажиллаж байсан.

Ажилтнуудад 2015 онд 1,7 сая төгрөгийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг илүү эдлүүлсэн, 4,5 сая төгрөгийн амралтын мөнгийг дутуу олгосон алдаа нь манай нягтлан бодогчийн алдаа байсан тул тухайн үед нь нягтланд арга хэмжээ авч залруулаад байгууллага ажилчдыг хохиролгүй болгосон. Төлбөртэй тусламж үйлчилгээний орлогыг касст төвлөрүүлэхгүйгээр 4,3 сая төгрөгийг шууд зардалд зарцуулсан гэж байгаа нь урд 80 хувийг нь зарцуулж байсныг би багасгаж 30 хувийг нь зарцуулсан. Огт зарцуулахгүй байх боломжгүй, эмнэлэгт яаралтай тусламжийн үед зайлшгүй зарцуулах тохиолдол их гардаг. Энэ тухайгаа тайлан мэдээг гаргаж аймгийн аудитын газарт шалгуулж байсан.

Эрүүл мэндийн яамнаас 2015 оны жилийн эцсийн санхүүгийн аудитлагдсан тайлангаа хуулийн хугацаанд сайн гаргасан байгууллагуудын удирдах болон санхүүгийн ажилтнуудыг урамшуул гэсэн албан бичиг ирсэний дагуу аймгийн аудитын газрын дарга миний 2015 оны ажлын дүгнэлтийг үндэслэн урамшуулал олгож байсан байхад 2014-2015 оны ажлын тайлан, дүгнэлтийг үндэслэж ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг л хийсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 cap, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байхад 2014-2015 оны тайланг үндэслэн.Т.Баяртогтох надад ямар ч хамааралгүй үйлдэлд сахилгын шийтгэлийн нэг болох ажлаас халах шийтгэлийг ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд намайг Ховд аймаг дах Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор болох 3 158 720 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Эрүүл мэндийн яамны шүүхэд гаргасан хариу тайлбарт: Т.Баяртогтохыг ажлаас чөлөөлөхдөө өөрийнх нь ярьж байгаачлан улс төр, нам, сонгууль ямар ч хамааралгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Монгол Улсын ерөнхий аудиторын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/147 тоот тушаалаар Аудитын тайланг Ховд аймаг дах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хүргүүлж, тайланд дурдагдсан зөрчлүүдийг арилган өгөгдсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч үр дүнг 2017 оны 06 дугаар сарын 15-ны дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг зөвлөсөн. Аудитаар илэрсэн төлбөр, зөрчлийн хувьд хамгийн их өндөр дүнтэй гарсан нь Ховд аймаг дах Бүсийн оношилгоо, эмчилгээний төв байсан.

Үндэсний аудитын газрын шалгалтанд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн 2014 -2015 оны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон санхүүгийн баримт материал, түүврийн аргаар худалдан авах ажиллагаанд оролцсон зарим аж ахуйн нэгж, тусламж үйлчилгээ авсан үйлчлүүлэгчдийг хамруулсан. Т.Баяртогтохын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй.

1. Ховд аймаг дах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын 2014 оны Төлбөртэй үйлчилгээний хувь олгох тухай А/375 дугаар тушаал, 2015 оны А/42 дугаар тушаалыг үндэслэн 2014-2015 онд эмч, рентген техникч, инженер зэрэг 28 ажилтанд 36,6 сая төгрөгийн урамшуулалт цалин олгож, Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журмын 3.121 гэсэн заалтыг зөрчсөн,

2. Аймгийн аудитын газраас 2014 онд хийсэн аудитаар төлбөртэй тусламж, үйлчилгээний орлогыг касст бүрэн төвлөрүүлэхгүйгээр 26,8 сая төгрөгийг шууд зардалд олгосон зөрчлийг гаргахгүй байх зөвлөмжийг өгч хэрэгжилтийг шалгахад 2015 онд 4,3 сая төгрөгийг кассаас шууд зардалд зарцуулсан зөрчил илэрсэн,

З. Ховд аймаг дах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ажилтнуудын 2015 оны цалингийн тооцоололд давтан тооцоолол хийхэд ажилтнуудад 1,7 сая төгрөгийн татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг илүү эдлүүлсэнд төлбөрийн акт тогтоосон.

4. 2015 онд худалдан авалтын тендерийг буруу төлөвлөсөн байгаа юм. Эдгээр зөрчлүүдийг гаргасан тул Засгийн газрын тухай хуулийн 24.1.4-т заасан эрхийнхээ хүрээнд Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж Т.Баяртогтохыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн гэрээний 4.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах зөрчил гаргасан гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Т.Баяртогтохыг Ховд аймаг дах Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 3 143 795 төгрөг гаргуулан Т.Баяртогтоход олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 925 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан цалингийн зөрүүд тооцсон дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт цалингийн зөрүүд ногдох шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Баяртогтох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 65 251 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Содгэрэлийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

Шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй алдааны талаар:

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Энэхүү асуудлыг анхан шатны шүүх нягтлан үзэхгүйгээр Хөдөлмөрийн гэрээнд "ноцтой зөрчил" гэж бичигдээгүй нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил үүсээгүй гэж үзсэн нь буруу юм. Учир нь Т.Баяртогтохтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлд гэрээг цуцлах үндэслэлүүдийг заасан ба 9.1.2-т гэрээний 4 дэх хэсэг буюу Хориглох зүйлсийн аль нэг заалтыг зөрчсөн тохиолдолд гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан нь гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил мөн юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж заасан. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны А/147 дугаар тушаалд Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд санхүүгийн зөрчил болон өр үүсгэсэн байдал тогтоогдсон талаар заасан байх бөгөөд Т.Баяртогтох нь тус байгууллагын захирлаар буюу Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн шууд захирагчаар ажиллаж байсан тул дээрх зөрчлийг хариуцах этгээд мөн. Хэрэв санхүүгийн зөрчил болон өр үүсгээгүй гэж үзвэл Т.Баяртогтох нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны А/147 дугаар тушаалыг эсэргүүцэж шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй байсан ба ийнхүү гаргаагүй нь дээрх зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд Хөдөлмөрийн тухай хууль болон Т.Баяртогтохтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож, гэрээг цуцлах үндэслэл болсон тул Эрүүл мэндийн сайдын 2017 оны Б/98 дугаар тушаалаар Т.Баяртогтохыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцэж байгаа болно. Харин энэхүү асуудлыг анхан шатны шүүх нягтлан үзэхгүйгээр сахилгын зөрчил гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн нь буруу юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй болно. Тухайлбал, Үндэсний аудитын газраас Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийн дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн аудитын тайланг баталгаажуулсан үйл баримтад нэхэмжлэгч гомдол гаргаж маргаагүй тул дээрх эрхийн баримт бичгүүд хүчин төгөлдөр гэж үзэж байна. Энэхүү баримт бичигт Т.Баяртогтоход хамаарах зөрчлүүдийг тогтоосон бөгөөд нийтдээ 42,8 сая төгрөгийн зөрчлийг хавсралтад жагсаасан болно.

Т.Баяртогтох нь аудитаар илэрсэн зөрчилд гомдол гаргаагүй ба шүүхэд тайлбар өгөх үеэр ажлаа н.Мягмарсүрэн гэгч хүнд маргахгүй өгөх байсан, харин н.Амаржаргалд өгөхийг зөвшөөрөхгүй гэж ярьж байгаа нь хоорондоо харилцан хамааралгүй болж буй үйл баримтын хамаарлыг шүүх хуульд нийцүүлэн зөв үнэлээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ. Шүүх дээрх үйл баримтад хамааралтай харилцааг зөв тодорхойлж, үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр санхүүгийн зөрчлүүд тогтоогдоогүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох нөхцөл үүсээгүй гэх үндэслэлээр эрх зүйн алдаатай дүгнэлт хийжээ. Дээр дурьдсан үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/01578 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Т.Баяртогтохын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                        ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Т.Баяртогтох нь хариуцагч Эрүүл мэндийн яаманд холбогдуулан Ховд аймаг дах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 3 158 720 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, санхүүгийн зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээг цуцлах үндэслэл тогтоогдсон гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар Т.Баяртогтох нь Эрүүл мэндийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 110 тоот тушаалаар Ховд аймаг дах Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайдын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/98 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна. /Хх.5-8, 14, 15/

 

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/98 тоот тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны Аудитын тайланг баталгаажуулах тухай А/147 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтыг тус тус үндэслэсэн ба хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

 

Ажил олгогч дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дах хэсгийг баримталсан үндэслэлээ Т.Баяртогтохыг санхүүгийн зөрчил гарган, хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээг цуцлах үндэслэл тогтоогдсон гэж тайлбарласан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т "хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан", мөн хуулийн 40.1.5-д заасан "мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон" тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заажээ.

 

Талууд гэрээгээр ямар зөрчлийг “ноцтой зөрчил” гэж тооцох талаар харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй /хх.6-8/ байх бөгөөд ажил олгогч Эрүүл мэндийн яам, ажилтан Т.Баяртогтох нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.1.4-т "Ажилтны мэдлэг, ур чадваргүй, хариуцлагагүй байдлаас шалтгаалсан санхүүгийн өр үүсгэх, зөрчил гаргах" гэснийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

 

Үндэсний аудитын газраас Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2014-2015 оны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон санхүүгийн баримт материал, худалдан авах ажиллагаанд оролцсон зарим аж ахуйн нэгж, тусламж, үйлчилгээ авсан үйлчлүүлэгчийг хамруулан аудитын шалгалтыг хийж, аудитын тайланг гаргасан бөгөөд уг тайланд дурдсан зөрчлүүдийг арилган, өгөгдсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, үр дүнг ирүүлэхийг Эрүүл мэндийн сайд Өмнөговь, Өвөрхангай, Орхон, Ховд, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд 2016 оны 12 дугаар сарын А/147 тоот тушаалаар хүргүүлжээ. /хх.25-49, 51, 52/

 

Дээрх тайланд дурдагдсан Т.Баяртогтохын гаргасан гэх зөрчлүүд нь түүнд шууд хамааралтай болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд уг зөрчлүүд болох 2014, 2015 оны зөрчилд 2017 оны 3 сард ажил олгогч арга хэмжээ авч байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.  

 

Иймээс ажил олгогч Эрүүл мэндийн яам болон ажилтан Т.Баяртогтох нарын хооронд байгуулагдсан "Хөдөлмөрийн гэрээ"-нд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэл нь хуульд нийцээгүй,  Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг баримтлалгүйгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн байх тул нэхэмжлэгч Т.Баяртогтохын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.   

  

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01578 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                              ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                                                    Б.НАРМАНДАХ