Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2017/01638

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/01322 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2017/01828 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 15 620 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баасансүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Содончимэг, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.Б- нь Б.А-аас 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 3 500 000 төгрөгийг тус тус бэлнээр зээлж аваад буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байсан тул 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажил дээр нь очиж гэрээний үүргийн биелэлтийг шаардахад цаад талын хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Ингэхдээ вакум цонхны захиалга их байгаа тул төлж дуусгахад мөнгө хэрэгтэй байгаа учир тохирсон хугацаандаа өмнөх 8 500 000 төгрөгийг нийлүүлээд өгнө гэж хэлээд бэлэн байсан 1 665 000 төгрөгийг нэмж зээлээд нийт 10 165 000 төгрөг зээлж авсан нь үнэн болно. Хэрэв хугацаандаа төлөөгүй бол 1 сарын 7 хувийн хүүтэйгээр төлж барагдуулна хэмээн бичгээр гэрээ хийсэн.

Иймд гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй байх тул үндсэн зээл 10 165 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хүү 5 431 482 төгрөг, нийт 15 620 200 төгрөгийг хариуцагч Э.Байгалиас гаргуулж өгнө үү. Гэрээ байгуулсан Э.Байгалиас гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа учраас “Тулга мастер” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд Б.А-аас мөнгө зээлж авсан зүйлгүй. Манай эхнэр н.Туул нь Б.А-аас 2012 оны 01 дүгээр сарын 11-нд 2 000 000 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 11-нд 1 448 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 25-нд 2 475 000 төгрөг нийт 5 923 000 төгрөгийг тус тус зээлж аваад нийт 55 удаагийн төлөлтөөр 19 165 000 төгрөг болгож төлж дуусгасан юм.

Энэ талаар би сүүлд нь мэдсэн. Гэтэл эхнэрийн зээлж авсан мөнгийг надаас нэхээд ажил болон гэрт байнга ирдэг байсан бөгөөд 10 165 000 төгрөгийг төл, төлөхгүй бол өр барагдуулдаг хүмүүсээр гаргуулна гээд 2-3 залуучууд дагуулж ирээд дарамталдаг байсан. Тэгээд жижиг цаасан дээр 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд төлж дуусгана, энэ хугацаандаа төлж барагдуулахгүй бол 7 хувийн хүү бодно гэж цаасан дээр хүчээр гарын үсэг зуруулсан гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/01322 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар Э.Байгалиас зээлийн гэрээний үүрэг 15 620 000 төгрөг гаргуулах тухай Б.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь хариуцагч “Тулга мастер” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 395 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2017/01828 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/01322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 051 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “Зохигчдын хооронд 2076 оны 09 дүгээр саоын 01-ний өдөр 10 165 000 төгрөгийг төлж барагдуулах хугацаандаа төлөөгүй бол сарын 7 хувийн хүүтэйгээр цаашид гэрээ хийж барагдуулахаар тохиролцсон баримт үйлдсэн талаар талууд маргаагүй” гэжээ. Эндээс харахад хариуцагч Э.Б- нь 2015 оны 01 дүгээр сарын 02-нд 5 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 26-нд 3 500 000 төгрөгийг бодитойгоор хүлээн авснаас 1 жилийн дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 02-нд 1 665 000 төгрөг нэмж аваад нийт 10 165 000 төгрөгийг бодитоор зээлж авсан нь үнэн болно гэж энэхүү баримтыг үйлдсэн талаар маргаагүй учир үндсэн зээлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул зөвшөөрсөн хэмжээнд нь шийдвэрлэх боломжтой юм.

Уг баримтыг талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болсон байна. Мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлжээ.

Мөн Э.Б-д “...уг төлбөрийг бодитойгоор шилжүүлэн өгснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 2. 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолсон болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна” гэжээ. Хариуцагч Э.Б- нь уг зээлийг авсан болохоо илэрхийлж баримт үйлдэж өгсөн ба тохирсон хугацаанд төлөөгүй бол 7 хувийн хүүтэй төлж барагдуулахаа илэрхийлсэн нотлох баримтыг гаргаж өгсөн. Мөн тус нотлох баримт нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Содончимэг, гэрч Н.Туул, С.Тогтохбаяр, П.Алтантуяа нарын мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр давхар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөхөд хараагүй байж авахгүй гэхээр нь тамга, тэмдэгтэй баримт шүү дээ гэхэд үзчихээд авахгүй гэж буцаасан нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн юм.

...Хариуцагч Э.Б- нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхдээ эхнэр Н.Туулын Хаан банкны 5065030636 тоот дансаар Б.А-д шилжүүлдэг байсан. Түүнчлэн даргалагчаас гэрчийг “Асуусан асуултынхаа учир холбогдлыг сайн ойлгож байж хариул” гэж загнаж байгаа нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй, хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Гэрчийн мэдүүлэг нь Б.А-ын 5085044158 тоот дансанд Н.Туулын 5065030636 тоот данснаас 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 350 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 595 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 245 000 төгрөг тус тус шилжүүлж байснаар давхар нотлогдоно.

Энэ нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоолыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөхөд хараагүй байж авахгүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн нь мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасан үндэслэл болж байхад давж заалдах шатны шүүх буруутгах боломжгүй гэж үндэслэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн зүгээс алданги шаардаагүй байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг шаардах эрхгүй. Анхан шатны шүүх ...зээлийн гэрээний үүрэг, алдангийг шаардах эрх үүсээгүй талаар дүгнэн шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул энэ талаархи давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Б.А- нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч “Тулга мастер” ХХК болон иргэн Э.Б-д холбогдуулан гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа зөвхөн иргэн Э.Б-д холбогдуулж өөрчилсөн байна.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Э.Б- нь 10 165 000 төгрөгийн төлбөрийг Б.А-д төлөх талаар 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бичиж өгсөн баримтыг зээлийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй бөгөөд бусдын төлбөрийг төлөхөөр зөвшөөрсөн уг бичгийг үүрэг үүсгэх үндэслэл гэж үзэх боломжгүйгээс гадна бодитоор мөнгө зээлүүлсэн этгээдээс үүргийн биелэлтийг шаардах Б.А-ын эрхийг хязгаарлах, үгүйсгэх нөхцөл болохгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.  

Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагчаас үндсэн зээл болон хүү шаардсан ба анхан шатны шүүх энэ шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт алдангийн талаар дүгнэлт хийсэн нь алдаатай болжээ. Харин энэхүү ташаа дүгнэлт нь шийдвэрийг хэвээр баталсан магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/01322 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2017/01828 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН