Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 394

 

                                                                                                

 

 

 

 

 

 

 

       

           Н.Цэвээндорж, О.Эрдэнэбаяр нарт

          холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ө.Алтантуяа,

Ялтан Н.Цэвээндорж, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Цагаатгагдсан О.Эрдэнэбаярын өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Цэвээндоржийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Цэвээндорж, О.Эрдэнэбаяр нарт холбогдох эрүүгийн 201626012338 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Дураал овогт Намсрайн Цэвээндорж, 1968 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Чингис Соосэ их сургуулийн хажуу талын 32 дугаар байрны 2 тоотод түр оршин суудаг,

          1989 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр АА-ийн Эрдэнэт гарнизоны цэргийн тусгай шүүхийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 276 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, хорих ялын оронд мөн хугацаагаар гарнизоны сахилгажуулах ангид явуулсан,

          2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 457 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.9 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял тус тус оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялуудыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялын хугацааг 10 жилээр тогтоосон ба 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

2012 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 181 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 24 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ХВ68112316/,

 

          Цогнууд овогт Очирбатын Эрдэнэбаяр, 1969 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 6 дугаар багийн 2-2 тоотод суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57-гийн буудал гэх нийтийн эзэмшлийн газарт вагончикт амьдардаг,

          2007 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 467 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 5 жил 3 сар 2 хоногийн ялаас 3 жилийг өршөөн хасч, 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: РЭ69072713/.

         

          Н.Цэвээндорж, О.Эрдэнэбаяр нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 1-ний шөнийн 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Залуус-2” хорооллын баруун талын үерийн далан дотор иргэн П.Санжсүрэнгийн хоолойг боож, санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

         

          Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Н.Цэвээндорж, О.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Цогнууд овогт Очирбатын Эрдэнэбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Дураал овогт Намсрайн Цэвээндоржид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Н.Цэвээндоржийг шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар Н.Цэвээндоржийг 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цэвээндоржийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цэвээндоржид оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, шүүгдэгч О.Эрдэнэбаярыг 193 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цэвээндоржийн цагдан хоригдсон 193 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цэвээндоржоос 2.791.310 төгрөгийг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Н.Пүрэвсүрэнд олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Самсунг” загварын гар утас, амь хохирогч П.Санжсүрэнгийн өмсөж байсан хүрэн өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн юүдэнтэй цамц, шар өнгийн фудволк, цагаан өнгийн хос пүүз, цайвар ногоон өнгийн 1 хос оймс, цэнхэр өнгийн дотоож зэргийг хохирогчийн төлөөлөгч Н.Пүрэвсүрэнд, шүүгдэгч Н.Цэвээндоржийн өмсөж байсан саарал өнгийн саравчтай малгай, саарал өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн тэлээ, хөх өнгийн куртик, хүрэн өнгийн 1 хос ботинк зэргийг шүүгдэгч Н.Цэвээндоржид тус тус буцаан олгож, 2 ширхэг хуванцар аяга, “Сэрүүн” нэртэй ногоон өнгийн хуванцар сав, “Хараа” нэртэй архины шил зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Н.Цэвээндорж, О.Эрдэнэбаяр нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Эрдэнэбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Цэвээндоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Н.Цэвээндорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Н.Цэвээндорж би өөрийн холбогдсон хэрэгтээ маш их гэмшиж байна. Би энэ хэргийн талаар урьд нь мөрдөн байцаалтад ч, шүүхийн хэлэлцүүлэгт ч үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Би О.Эрдэнэбаярыг хамт явсан гэж огт худал хэлээгүй. О.Эрдэнэбаяр нь тэр өдөр надтай хамт явсныг нотлох баримт маш их байгаа. Гэтэл мөрдөн байцаагч нэг чиглэл рүү хэргийг чиглүүлж зөвхөн намайг л энэ хэргийг үйлдсэн болгож анхнаас нь хөтөлж байцааж, нотлох баримтуудыг бүрдүүлж байсан. О.Эрдэнэбаяр нь хэрэг үйлдэхэд хамт явсан, зодолдсон, хамгийн сүүлд хохирогчтой далан доор үлдээд орилоод байсан зэрэг нь хавтаст хэргийн материалд тодорхой байхад тэр бүгдийг үгүйсгэж зөвхөн намайг яллаж байгаад гомдолтой байна.

Хэргийн газраас олдсон О.Эрдэнэбаярын нүдний шил эд мөрийн баримтаар хураагдаж явж байгаад шүүхэд ирэхэд алга болсон. “Драгон”, “Геологийн төв лаборатори”, “Содон” хорооллын автобусны буудлын камерт О.Эрдэнэбаяр, хохирогч бид гурвын бүдэг ч гэсэн дүрс байдаг. Гэрч Нямлхагва нь урьд өгсөн мэдүүлгээсээ зөрж шууд баттайгаар мэдэж байгаа юм шигээр анхан шатны шүүх хурал дээр “би О.Эрдэнэбаярыг тэр өдөр түгжсэн” гэж худал мэдүүлэг өгсөн.

Хохирогчийг санаатай алсан гэж үзэж байгаа бол энэ хэрэгт би өөрийгөө буруутай, буруугүй гэж огт мэлзээгүй. Харин О.Эрдэнэбаяр энэ өдөр надтай хамт явсан, мөн О.Эрдэнэбаяраас болж тэр зодоон үүссэн байхад анхнаасаа мөрдөн байцаагч, шүүгч нар нь О.Эрдэнэбаярыг шууд л огт байхгүй байсан болгож байгаа нь сонин байна.

Би тэр хүний юүдэнтэй цамцны юүдэнгээс татаад арагшаа далан руу хамт унаад босоход хохирогч амьд байсан. Тэгээд орилоод үлдсэн. О.Эрдэнэбаяр хохирогчтой үлдээд бараг 5-6 минут болсон. Орилоод л байсан. Тэр хүнийг нас барсан гэж би огт мэдээгүй. Гар утсыг О.Эрдэнэбаяр доороос ирэхдээ надад өгсөн болохоор нь би 2 хоногийн дараа өөрт нь өгсөн. Тэр надад утасны үнэ биш зүгээр л архины мөнгө гэж 5.000 төгрөг өгсөн. Тэрийгээ сүүлд утас худалдаж авсан гэж худлаа зохиож мэдүүлсэн байдаг. Энэ гэрч Нямлхагва, шүүгдэгч О.Эрдэнэбаяр нар нь найз болохоор анхнаасаа үгсэж тохироод мөн хуулийн мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авч намайг ийм байдалд хүргэж байгааг л үнэн зөвөөр шалгаж өгөөч…” гэв.

Ялтан Н.Цэвээндоржийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Цэвээндоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Н.Цэвээндоржийг шунахай сэдэлтээр бусдыг алсан гэдгийг зөвшөөрөхгүй. Улсын Дээд шүүхийн тайлбарт зааснаар шунахай сэдэл нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө үүссэн байх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогчийн гар утсыг авах зорилгоор алаагүй болох нь тогтоогддог. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Цагаатгагдсан О.Эрдэнэбаярын өмгөөлөгч Б.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Цэвээндорж гэмт хэрэг үйлдэхдээ О.Эрдэнэбаяртай хамт явсан гэж хэлдэг ч хэргийн газрын үзлэгээр хураагдсан эд мөрийн баримт болон бусад нотлох баримтуудаар О.Эрдэнэбаяр гэмт хэрэг хамтран үйлдсэн болох нь нотлогддоггүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ө.Алтантуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Н.Цэвээндорж “хэрэг үйлдэх үед О.Эрдэнэбаяр байсан. Талийгаачийг малгайн цамцнаас нь дээш татахад Эрдэнэбаяр 2-3 удаа цохисон. Намайг дээш гарахад далангийн дор О.Эрдэнэбаяр талийгаачийн хамт үлдсэн. Би О.Эрдэнэбаярт “юу хийгээд байгаа юм бэ, явъя” гэж хэлэхэд О.Эрдэнэбаяр талийгаачийг эргүүлж, тойруулаад халаасыг нь ухаад байсан” гэж мэдүүлсэн. Гэрч Нямлхагва “О.Эрдэнэбаярыг тухайн үед цоожилсон эсэхээ санахгүй байна”, гэрч Өлзийбат “О.Эрдэнэбаяр нэг их гадуур яваад байдаггүй. Ажлын байрандаа л байж байдаг. 2016 оны 10 дугаар сарын эхээр гар утсаа алдчихаад 5.000 төгрөгөөр хүнээс утас худалдаж авлаа гэж ярьж байсан”, гэрч Нацагнямын “Манай байрны урд байдаг гүүрэн доор 3 хүн байх шиг байсан. Юу хийж байсныг нь мэдэхгүй. Нэг эрэгтэй хүн 4 удаа чанга орилсон”, гэрч Моломжамцын “далангийн урд байдаг гүүрэн доор 2-3 эрэгтэй хүн хэрэлдээд байх шиг байсан” гэх мэдүүлгүүдэд үндэслэн О.Эрдэнэбаярыг Н.Цэвээндоржтой бүлэглэн талийгаач Санжсүрэнгийн хоолойг боож алсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Нямлхагва “2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Эрдэнэбаярыг ажлынхаа байранд цоожилсон” гэж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг өгсөн боловч түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Нямлхагвыг худал мэдүүлэг өгсөн гэж үзээгүй талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Нацагням, Моломжамц нарын мэдүүлгийн нотолгооны хувьд ач холбогдолгүй, хэрэгт хамааралгүй гэж шүүх дүгнэсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан эд мөрийн баримтууд, гэрч нарын мэдүүлэг зэргээр О.Эрдэнэбаяр нь шүүгдэгч Н.Цэвээндоржтой бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогддоггүй. Шүүгдэгч Н.Цэвээндорж хэрэг үйлдэгдэх үед О.Эрдэнэбаяр байсан талаар мөрдөн байцаалт болон прокурорын шатанд удаа дараа хүсэлт гаргаж байсан. О.Эрдэнэбаярын тухайд уг гэмт хэрэг үйлдэгдэх үед байгаагүй гэдгээ анхны мэдүүлгээс эхэлж хэлсэн. Тэрээр мөрдөн байцаалт, прокурорын шатанд гэмт хэрэгт үйлдэгдэх үед байгаагүй гэдэг байдлаар удаа дараа хүсэлт гаргаж, түүний хүсэлтийг шалгах ажиллагаа хийгдэж байсан. Прокурорын зүгээс О.Эрдэнэбаярыг уг гэмт хэргийг үйлдсэн байх боломжтой гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн. Анхан шатны шүүхэд шинжлэн судалсан нотлох баримтуудаар түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Н.Цэвээндоржийн хувьд прокурорын байгууллагад анх мэдүүлэг өгөх үеэс эхлэн түүнийг өмгөөлөгчөөр хангаж, прокурор байцаалтад биечлэн оролцсон. Н.Цэвээндоржийн өмнө ял шийтгэгдэж байсан байдлыг авч үзэхэд өмнө нь хүнд гэмт хэрэг үйлдэж ялгүйд тооцох хугацаа болоогүй байхдаа дахин онц хүнд гэмт хэрэг үйлдсэн. Үйлдлийнх нь тухайд хохирогч өөрийнх нь эсрэг үйл хөдлөл хийх бүрт хоолойг нь боодог байсан. Шүүгдэгч Н.Цэвээндоржийг шунахай сэдэлтээр бусдыг амь насыг хохироосон гэж үзэж байна. Учир нь талийгаачийн гар утсыг авч, О.Эрдэнэбаярт зарсан учир шунахай сэдэлтээр бусдын амь насыг хөнөөсөн гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон учир прокуророос эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

Н.Цэвээндорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 1-ний шөнийн 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Залуус-2” хорооллын баруун талын үерийн далан дотор иргэн П.Санжсүрэнгийн хоолойг боож, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Пүрэвсүрэнгийн “...2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр утсаа “блоколчихлоо” уулзах гэж явсан найзтайгаа уулзчихлаа гээд эгч Ням-Осортойгоо ярьсан байсан. 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн орчим явсан. Явахдаа цайвар цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан пүүз, урдуураа эрээн өнгийн цэнхэр өнгийн малгайтай цамц, бор өнгийн хүрэм гэмээр куртик, хар өнгийн нүдний шилтэй, дотуураа улбар шар өнгийн “adidas” гэсэн бичигтэй фудволктой гарсан. Биедээ бэлэн 9.000 төгрөг, гар утастай явсан ямар гар утастай байсныг нь би мэдэхгүй байна. Талийгаачийн оршуулгын зардалд нийт 3.580.400 төгрөгний зардал гарсан бөгөөд үүнээс 1.410.400 төгрөг нь баримттай үлдсэн зардал нь баримтгүй байгаа. Би талийгаачийн оршуулганд гарсан зардлыг нэхэмжилнэ...” /хх-92-94-I, хх-186-II/,

Гэрч У.Өнөтэгшийн “...Эхнэр С.Уранчимэг бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус-2” хорооллын 84 дүгээр байрны далан талын 1 давхарын тагтан доогуур хоноглодог. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр С.Уранчимэгтэй хамт 5 шарын орчмоор шил, лаазаа түүчихээд 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны “Залуус-2” хорооллын 84 дүгээр байрны баруун талын 1 давхрын тагтан доороо ирж амарсан. Шөнө 02-03 цагийн орчимд ертөнцийн зүгээр хойд талаас далангийн баруун талаас үхэр мөөрөөд, хонь майлаад байгаа юм шиг эсвэл хүн огиод, бөөлжөөд байгаа юм шиг чимээ гараад хүмүүс ярилцаад байх шиг байсан. Тэгээд би босоод харсан. Тухайн үед гадаа сарны гэрэлтэй, гэгээтэй байсан. Тэгсэн нэг цагаан куртиктэй согтуу хүн далангийн баруун талаас далан руу гүйж орж ирээд урд зүг рүү далангаар гүйгээд явсан. Тэгээд би буцаад унтсан...” /хх-95-97-I/,

Гэрч Н.Мөнхсүхийн “...2016 оны 10 дугаар сарын 1-ний өглөө 06 цаг 55 минутын үед цонхоороо баруун тийш харсан чинь манай байрны баруун талын далангийн гол руу баруун талаас нь нүүрээ хийгээд доошоо хараад хэвтсэн цэнхэр жинсэн өмдтэй, хар куртиктэй хүн байхаар нь цагдаа дуудлага өгсөн...” /хх-101-102-I/,

Гэрч Б.Шинэболдын “...2016 оны 10 дугаар сарын 1-ний шөнө 02 цаг дөнгөж өнгөрч байхад манай 3 дугаар постны харалдаа ертөнцийн зүгээр зүүн урагш 200 метр орчим зайтай далан дотор нэг эрэгтэй хүн орилох шиг чимээ сонсогдсон ба миний сонссоноор 1-3 удаа орилсон ба нэг их сонин орилсон. Миний бодсоноор хоолой нь бөглөрөөд юм тээглэхээр эвгүй орилдог, түүн шиг дуу чимээ гараад байсан. Би тэр үед нь өөрийн албаны хэрэгцээний гар чийдэнгээ тусгаж үзэхэд юм харагдахгүй байсан. Тухайн үед хүн хоорондоо ярих дуу чимээ гараагүй, мөн зодоон нүдээн болоогүй...” /хх-107-108-I/,

Гэрч Т.Нацагнямын “...Шөнө 00:00-01:00 цагийн үед манай байрны урд байдаг гүүрний тэр хавьд 3 эрэгтэй хүн л байх шиг байсан. Тэр хүмүүс юу хийж байсныг мэдэхгүй. Нэг эрэгтэй хүн л 4 удаа чанга орилсон. Гэхдээ ямар нэгэн зүйл хэлээгүй. Зүгээр л “аа” гээд орилоод байсан...” /хх-110-111-I/,

Гэрч Д.Моломжамцын “...Би өчигдөр найзтайгаа хөдөө явчихаад өглөө гэртээ ирсэн. Манай гэрт манай 2 дүү хоносон юм. Тэгээд өглөө намайг гэртээ ирэхэд манай 2 дүү шөнө 00:00-01:00 цагийн үед далангийн урд хэсэгт байдаг гүүрний тэр хавьд 2-3 эрэгтэй хүн хоорондоо хэрэлдээд зодолдоод байх шиг дуу чимээ гарсан гэж хэлж байсан...” /хх-114-I/,

Гэрч Н.Ням-Осорын “...Талийгаач миний төрсөн эгч Пүрэвсүрэнгийн хүү юм. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 22 цаг өнгөрч байхад талийгаач өөрийнхөө “80580180” дугаарын утаснаасаа над руу залгаад Мөөгий “найзынхаа найзын төрсөн өдөрт Нарангийн голд байна, ойрхон болохоор би удахгүй яваад очно” гэсэн. Тэгэхээр нь би “нөгөө эмэгтэй юу болсон бэ” гэхэд би “өнөө өглөө Дархан руу явуулсан” гэж хэлэхээр нь “чи архи уусан юм уу” гэж асуухад “2, 3-хан пиво уусан, одоо очлоо” гээд утсаа тасалсан. Талийгаач гэрээс гарахдаа цагаан өнгийн пүүз, цайвар жинсэн өмд, шаргал өнгийн фудволктай, малгайтай саарал өнгийн ноосон цамцтай, бор өнгийн куртиктэй байсан... мөн 9.000 төгрөг, хар өнгийн товчлууртай “Самсунг” гар утас, хар өнгийн нүдний шилтэй явсан...” /хх-125-127-I/,

Гэрч Д.Нямлхагвын “...Би 2016 оны 4 дүгээр сард гэрийнхээ тэр хавиар явж байгаад хийн гагнуур хийдэг Эрдэнэбаяр гэдэг хүнтэй анх танилцаж хамтарч гагнуурчин хийдэг болсон юм. Харин Цэвээндоржийг бол нэр зүс мэдэхээс цаашгүй. Эрдэнэбаяр дээр хааяа ирэхэд нь л харж байснаас өөр ямар нэгэн харилцаагүй. 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр үдээс хойш би Эрдэнэбаярын амбаарт түүнтэй цуг байж байхад гаднаас Цэвээндорж орж ирсэн. Тэр өдрөөс хэд хоногийн өмнө Эрдэнэбаяр гар утсаа хаячихсан гэж байсан бөгөөд Эрдэнэбаяр Цэвээндорж бид хоёрт утсаа хаячихсан талаараа хэлэхэд Цэвээндорж товчлууртай жижиг хар утас гаргаж ирээд Эрдэнэбаярт өгч “май чи энэ утсыг ав” гэхэд нь Эрдэнэбаяр “за ашгүй, утастай боллоо, одоо симээ сэргээж хийнээ, яаж хүнээс зүгээр утас авах вэ” гэж хэлээд Цэвээндоржид 5.000 төгрөг өгч байсан. Тэгээд нэг их удалгүй Цэвээндорж явсан бөгөөд маргааш нь буюу 10 дугаар сарын 5-ны өдөр миний утасны цэнэг дуусчихаар нь би Эрдэнэбаярын амбаар луу ороод утсаа цэнэглэх гэсэн чинь Эрдэнэбаяр би “симээ сэргээж амжаагүй байна” гэж хэлээд надад Цэвээндоржоос авсан утсаа өгөхөөр нь би өөрийнхөө утсыг цэнэглэж орхичихоод Эрдэнэбаярын өгсөн утсанд өөрийн “88702616” дугаарын сим картаа хийгээд хүмүүстэй ярьчихаад орой нь Эрдэнэбаярт утсыг нь буцааж өгөхөд Эрдэнэбаяр өөрийнхөө “99871728” дугаарын сим картыг сэргээчихсэн байсан. Тэгтэл маргааш нь над руу цагдаагаас яриад уулзах хэрэг байна гэхээр нь уулзсан чинь “мэдүүлэг авна” гээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр дагуулж авчирсан юм. Эрдэнэбаярт нэг хүн 2 ширхэг шүдний оо өгсөн. Тэрнийхээ нэгийг нь надад өгч байсан. Харин Цэвээндоржид өгсөн эсэхийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан утсыг нь авахдаа оо өгөөгүй. Эрдэнэбаяр ер нь гадуур яваад байдаггүй амбаартаа л ажил хүлээгээд ажил олдвол хийчихээд л байж байдаг байсан. Тэдний амбаар зам дагуу байдаг болохоор шөнө орой хүмүүс хаалга үүдийг нүдээд байдаг, заримдаа таньдаг хүмүүс ирж архи уух гээд байдаг гээд Өлзийбат бид хоёроор хаалгаа гаднаас нь цоожлуулдаг байсан. Ер нь ихэнхдээ л би цоожилдог байсан. 2016 оны 9 дүгээр сарын 29, 30 болон 2016 оны 10 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд Эрдэнэбаяр өдөр нь ажлаа хийгээд, орой нь амбаартаа л байсан байх. Би урьдынх шигээ л амбаарыг нь цоожлоод гэртээ харьдаг байсан. Тэгээд өглөө нь 07-09 цагийн үед өөрөө ирж онгойлгодог, жоохон удахаар Эрдэнэбаяр өөрөө утасдаад гарга гэдэг байсан. Тэрнээс 2, 3 өдрөөр нь цоожлоод хаяад явчихна гэж байхгүй. Тэгэж олон хоног байлгасан нэг ч удаа байхгүй. Орой болохоор л утасддаг байсан. Эрдэнэбаярыг өөрийнх нь цоожил гэснээр л цоожилдог байсан. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Эрдэнэбаяр, Цэвээндорж нар нь Эрдэнэбаярын амбаарт архи уусан талаар надад мэдэх зүйл байхгүй. Миний санаж байгаагаар Цэвээндорж 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Эрдэнэбаярт утас өгөх гэж ирснээс өмнө бараг ирээгүй шиг л санагдаж байна. Хэргийн газраас хурааж авсан нүдний шил Эрдэнэбаярын гагнуур хийхдээ зүүдэг шил биш байна. Тэр шил нь бөөрөнхий хэлбэртэй хар шил байдаг. 2016 оны 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд яг тэр үед Эрдэнэбаярыг цоожилсон эсэхийг сайн санахгүй байна. Ер нь бол байнга л цоожилдог байсан. Ер нь алгасаад байдаггүй юм. Гаднаас нь цоожилсон тохиолдолд гарах боломж байхгүй...” /хх-132-I, хх-192-193-II, хх-161-162-III/,

Гэрч Т.Өлзийбатын “...2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Эрдэнэбаяр хүнтэй цуг архи уусан эсэхийг нь мэдэхгүй байна. Эрдэнэбаярын амьдардаг амбаар нь 3 түлхүүртэй бөгөөд нэг нь Эрдэнэбаяр, нөгөөдөх нь Нямлхагва бид хоёрт байдаг юм. Эрдэнэбаяр шөнө унтахдаа зарим үед гаднаасаа Нямлхагва бид хоёроор цоожлуулж унтдаг байсан бөгөөд шөнө хүн амьтан ирээд хаалга тогшоод унтуулдаггүй юм гэдэг байсан. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр амбаартаа хоносон үгүйг нь би мэдэхгүй байна. ...Ер нь Эрдэнэбаяр нэг их гадуур яваад байдаггүй бөгөөд тэр 2016 оны 9 дүгээр сарын 29, 30-ний өдрүүдэд амбаартаа ажлаа хийгээд л байж байсан байх гэж бодож байна. Тэр үед яг юу хийж байсан талаар нь надад мэдэх зүйл байхгүй байна. ...Уг шил нь Эрдэнэбаярын гагнуур хийхдээ зүүдэг шилтэй ойролцоо л шил байна. Гэхдээ би хэд хоногийн өмнө Эрдэнэбаярын амбаарт ороход дотор нь түүний гагнуур хийхдээ зүүдэг 2 шил нь байж байгаа харагдсан. 2016 оны 10 дугаар сарын эхээр шиг санагдаж байна, Эрдэнэбаяр надад хэлэхдээ “гар утсаа алдаад оронд нь 5.000 төгрөгөөр ийм гар утас авлаа” гээд товчлууртай хар өнгийн “Самсунг” маркийн утас үзүүлж байсан. Хэзээ, хэнээс авсан гэдгийг нь мэдэхгүй. Харин надад 120.000 төгрөг алдсан талаараа ямар нэгэн зүйл хэлээгүй...” /хх-187-189-II/,

Н.Цэвээндоржийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Архиа “Драгон” төв дээрээс авахдаа цуг авсан цаасан аяганд хийж гурвуулаа нэг, нэг татсан бөгөөд архи уугаад явган сууцгааж байхад нөгөө залуу Эрдэнэбаяртай маргалдаад байхаар нь би Эрдэнэбаярыг өмөөрөөд “чи дуугүй бай” гэж хэлсэн чинь тэр залуу миний зүүн нүдний доод талд баруун гараараа 1 удаа цохихоор нь би тэр залуугийн юүдэнтэй цамцных нь юүдэнгийнх нь араас зүүн гараараа атгаад нөгөө залууг зүүн тийш нь татаж далан руу бид 2 хамт унасан юм. Бид 2 дээр доороо ороод далан дотор унасан бөгөөд талийгаач миний дээр гарчихаар нь би доороос нь түлхээд дээр нь гарсан. Тэр үед би тэр залуугийн юүдэнгийн анх барьсан газраасаа тавиагүй байсан бөгөөд босч ирэхдээ цамцных нь юүдэнгээс дээш өргөөд босч ирэхэд тэр залуугийн цамцных нь зах хоолойг нь бооход тэр залуу гараараа нүүр самардах гээд байсан мөн хөлөөрөө миний шилбэ рүү өшиглөөд байсан. Тэгтэл Эрдэнэбаяр далан дээрээс бууж ирээд намайг нөгөө залуугийн цамцных нь юүдэнгээс барьчихсан зогсож байхад хажуунаас түүний нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохиход нь би тэр залууг юүдэнгээс нь тавиад архиа тавьсан газар луугаа буюу далангийн дээр нь гарах гээд өгсөж байхад Эрдэнэбаяр нөгөө залуутай цуг үлдсэн. Тэгээд намайг далан дээр гараад эргээд тэр 2 луу харахад Эрдэнэбаяр тэр залууг эргүүлж тойруулж байгаа харагдсан. Удалгүй Эрдэнэбаяр миний хойноос далан дээр гарч ирэхдээ товчлууртай, жижигхэн, хар өнгийн гар утас авчирч надад өгөхөөр нь би аваад куртикнийхээ зүүн талын дотор халаасанд хийчихсэн юм. Тэндээсээ бид 2 ертөнцийн зүгээр хойш далангаа дагаж алхаад шинэ баригдаж байгаа гүүрээр гарч ирсэн бөгөөд 21 дүгээр хорооллын автобусны буудлаас такси бариад Эрдэнэбаярыг гэрт нь хүргэж өгчихөөд би цааш таксигаараа Офицеруудын ордонгийн урд талынх нь автобусны буудал дээр буугаад тэндээсээ алхаад Улиастайд байдаг дүү Батжавынхаа гэрт нь очоод “согтуу байгаа болохоор загнаж магадгүй” гэж бодоод байшингийнх нь ард гадаа хоночихоод өглөө 08 цаг 30 минутын үед босч гэрт нь ороход Батжавын гэрт Батжав, Дөлгөөн Гүнжинлхам гэдэг 2 хүүхэдтэйгээ цуг байсан. 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 15 цагийн үед Эрдэнэбаярын гэрт нь очиж нөгөө залуугийн утсыг нь өгчихөөд буцаад Батжавынд очсон. Тэгээд түүнээс хойш Эрдэнэбаяртай уулзаагүй бөгөөд өнөөдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр миний “99611499” дугаарын утас руу Эрдэнэбаяр “99871728” дугаарын утаснаас залгаад “хаана байна уулзаадахъя” гэхээр нь би “Сансарын клонкийн буудал дээр сургуулиас хүүхэд авах гээд байж байна” гэхэд Эрдэнэбаяр “за би яваад очъё” гэсэн. Тэгээд удалгүй Эрдэнэбаяр хэдэн цагдаатай цуг ирээд намайг авч цагдаагийн газар авч очоод надаас тайлбар авсан бөгөөд дараа нь тэндээсээ Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авчирсан юм. Би 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хамт архи уусан залууг нас барсныг одоо л мэдэж байна. Би талийгаачийг урьд нь таньдаггүй байсан, бид хоёрын хооронд өр авлага, өс хонзон болон бусад хувийн таарамжгүй харилцаа байгаагүй. ...Эрдэнэбаяр бид хоёр талийгаачтай таарахаас өмнө бол Эрдэнэбаяр их хэмжээний согтолттой, би дунд зэргийн согтолттой байсан. Эрдэнэбаяр өөрийн үйлдэл, үг яриаг удирдан жолоодох чадвараа бараг алдсан буюу хөл дээрээ нилээн гуйвж дайвж байсан. Бид хоёр өөрөө тийм согтолттой байсан болохоор талийгаачийг ямар согтолттой байсныг нь сайн мэдээгүй. ...Би тэр өдөр одоо өмсөж яваа саарал өнгийн саравчтай малгай, хөх өнгийн куртик, цээжээрээ хөх өнгийн оруулгатай саарал өнгийн ноосон цамц, хөх өнгийн жинсэн өмд, бор өнгийн ботинк зэрэг хувцастай явсан бөгөөд Эрдэнэбаяр ажлын хар цамц, цайвар саарал өнгийн ажлын өмд, саарал өнгийн пүүзэн гутал зэрэг хувцас өмссөн байсан юм…”,

“...2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Эрдэнэбаяр бид 2 анх цагдаад баригдаж ирээд ганц худагт 72 цагаар саатуулагдахад Эрдэнэбаяр миний хажуу талын камерт орсон бөгөөд надаас “чи юу гэж хэлсэн юм бэ” гэхээр нь би “онц хүндийнхэнд би болсон хэргийг үнэнээр нь хэлчихсэн” гэж хэлтэл Эрдэнэбаяр “би тэд нарт 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр чамайг манай гэрт ирээд архи уучихаад явсан, тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр надад гар утас авчирч өгсөн гээд хэлчихсэн шүү, би чамтай явсан гэдгээ хэлээгүй, чи бид 2 нэг нэгэндээ гэрч болохгүй нь мэдээж, тэгэхээр чи энэ хэргийг даачих, хоёулаа бол хүндэрнэ” гэж хэлсэн юм. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эрдэнэбаяр бид хоёрыг ганц худгаас гаргаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс рүү авч явах замд Эрдэнэбаяр “одоо мэдээж очиход байцаалт авна, би бол анх өгсөн мэдүүлгээрээ л явна шүү, чи бид хоёр нэгэндээ гэрч болохгүй” гэж хэлсэн. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Эрдэнэбаяр бид хоёр Шар хадны эмнэлэгт сэтгэцээ үзүүлж байхад Эрдэнэбаяр надад “одоо сар болох гэж байна, чи ер нь юу гэж бодож байна, би бол анхныхаа л мэдүүлгээр л явна, чи заавал яах гээд намайг чирэх гээд байгаа юм бэ” гэхээр нь би “чи эр хүний жудгаар үнэнээ л хэлээч дээ, тэртээ тэргүй үүрэх үйлийн лайгаа би ганцаараа үүрмээргүй байна” гэж хэлсэн. Дээрх байдлуудаас үзэхэд Эрдэнэбаяр хэрэг болох үед хохирогчийг нас барсан гэдгийг мэдсэн байх гэж бодож байна. Би бол хохирогчийг амьд л үлдсэн байх гэж бодож байсан юм...” /хх-192-196, 197-200-I, хх-63-66-III/,

О.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би хэдний өдөр гэдгийг санахгүй байна нэг өдөр 16-17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэнжийн мянга” явах зам дагуу байрлалтай цэнхэр өнгийн воганчигт ажлаа хийгээд байж байтал Цэвээндорж манай ажил дээр ганцаараа ирсэн. Тэгээд би найз Майнбаярын эхнэрийн Ганчимэгийн ажлын газраас авч ирсэн ямааг хуйхлаад дууссаны дараа “Цэвээндорж юу байна, сонин юутай, чи гар утастай болоо юу” гэж асуусан. Тэгэхээр нь “утастай болоогүй” гэхэд “май” гээд надад хар өнгийн “Самсунг” гэсэн товчлууртай гар утас өгөхөөр нь “баярлалаа” гэж хэлээд аваад “миний найз 5.000, 10.000 төгрөг авах юм уу” гэхэд “за яах вэ дээ” гэж хэлэхээр нь би “май” гээд 5.000 төгрөг, жижиг Collegate шүдний оо өгсөн. Тэр үед манай ажлын газрын Нямлхагва миний хажууд зогсож байхаар нь би Нямлхагвад бас 1 шүдний оо өгсөн. Миний ажлын цагаан өнгийн өмд урагдаж түлэгдэж урагдсан болохоор би Цэвээндоржийн хамт “Дэнжийн мянга”-ын комиссын дэлгүүрээс 8.000 төгрөгөөр ногоон өнгийн ажпын халаастай өмд худалдаж аваад би ажил дээрээ очсон. Тэгэхэд Цэвээндорж 3, 4 дүгээр хороолол явлаа гээд надаас салсан. Хаашаа явсныг нь би мэдэхгүй байна. Тэгээд би ажил дээрээ очоод гагнуурын ажлаа хийж байгаад харанхуй болсны дараа би гагнуурын аппаратаа хураагаад воганчигтоо хоол цайгаа хийж идээд унтаж амарсан. Тэгээд маргааш нь би ажлаа хийгээд байж байтал ажлын газрын дуудлагаар гагнуур хийдэг Нямлхагва миний Цэвээндоржоос авсан хар өнгийн “Самсунг” брендийн утсанд сим картаа хийгээд халтуурын ажилд явсан. Тэр хойгуур нь би 16-17 цагийн хооронд 7 буудлын эцэст Мобикомын салбар дээр очиж өөрийн “99871728” дугаарын утасны сим картыг сэргээлгээд ажил дээрээ эргээд ирээд ажлаа хийгээд байж байтал орой харанхуй болсон үед Нямлхагва ирэхээр нь би “сим картаа сэргээлгэсэн утсаа” авъя гээд Нямлхагваас Цэвээндоржоос авсан гар утсыг авч барьсан. Тэгээд 3-4 хоног ажлаа хийгээд өнөөдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр воганчиг дээр ажлаа хийж байтал Нямлхагва өөрийнхөө “88702616” дугаарын утаснаас миний “99871728” гэж асуухаар нь “би ажил дээрээ ирж байна” гэж хэлэхэд воганчигийн урд машин дотор сууж байна гээд яваад очиход цагдаа нар ирчихсэн намайг барьсан. Би ...2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, “Дэнжийн 1000” явах зам дагуу байрлах цэнхэр вагончиг дотор гадна талаасаа цоожлуулсан байсан. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 9 хоног архи уусан. 2016 оны 9 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд намайг Нямлхагва воганчиг дотор цоожилж би воганчигнаас гараагүй. 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс ажлаа хийж эхэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 16-17 цагийн орчим Цэвээндорж ирж надад гар утас өгсөн. Цэвээндорж 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс өмнө 3-4 хоногийн өмнө над дээр ирэх үед нь би 120.000 төгрөг болон гар утсаа хулгайд алдчихсан байсныг Цэвээндорж мэдэж байсан болохоор надад гар утас авчирч өгсөн. Би Цэвээндоржоос ямар ч зүйл асуугаагүй гар утсыг авсан. Цэвээндорж ч надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Хэзээ хаана хэнээс авсан гар утас гэдгийг би мэдэхгүй. Намайг 2016 оны 9 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд воганчиг дотроо цоожтой байсныг манай хажуу талын дугуй засварын Доржоо гэж залуу болон намайг гаднаас цоожилсон найз Нямлхагва нар мэдэж байгаа. Надад харуулж байгаа энэ нүдний шилийг харж байгаагүй, мэдэхгүй. Би Санжсүрэн гэдэг хүн танихгүй. Нэмж хэлэхэд Цэвээндорж надад гар утастай болсон уу гэж хэлээд утас өгөх үед миний хажууд найз Нямлхагва хараад сонсоод байж байсан. Би Цэвээндоржид “2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр чамайг манай гэрт ирээд архи уучихаад явсан, тэгээд 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр надад гар утас авчирч өгсөн гээд хэлчихсэн шүү, би чамтай явсан гэдгээ хэлээгүй, чи бид хоёр нэг нэгэндээ гэрч болохгүй нь мэдээж, тэгэхээр чи энэ хэргийг даачих, хоёулаа бол хүндэрнэ” гэж хэлээгүй...” /хх-201-204-I, хх-67-68-III/,

Шинжээч Ц.Ганболдын “...Шинжилгээ хийхэд талийгаач нас бараад 16 цагаас дээш цаг болсон байсан. Талийгаачийн хүзүүнд үүссэн боолтын ором нь 0.5 см орчим өргөн уяагаар үүсгэгдсэн байж болох бөгөөд уг үйлдлийг араас нь татсан байж болно. Боолтын үед нүүрэнд цус чинэрч хуралддаг учир нүүр бүлцийсэн. Мөн архи их үнэртэж байсан тул архины хордлогоор хавагнаж болно. 30 орчим настай байсан. Салст нь улайсан байсан. Талийгаачийн нүдний байдал хэвийн бүлцэндүү, нүүрэнд үүссэн зулгаралтууд шинэ байсан. Талийгаачийн нурууны ар хэсэгт хүүрийн толбо үүссэн байсан. Талийгаач хэргийн газраас олдохдоо доошоо харсан байсан ч хэвлий хэсэгт нь хүүрийн толбо үүсээгүй байсан. Үүнээс үзэхэд талийгаачийг нас барсны хойно зөөвөрлөх хөдөлгөх гэх үйлдлүүд хийгдсэн байж болно. Талийгаачийн ходоодонд хоолны агууламж байгаагүй. Ходоодонд илэрсэн спиртийн хэмжээг одоогоор тогтоох боломжгүй...”,

“...Цогцост хийсэн үзлэгээр амь хохирогчийн зүүн дээд зовхи хавдсан, духны баруун төвгөр овойж хавдсан дээр нь 1 х 0.4 см, 1 х 0.3 см, 1 х 0.2 см, 0.2 х 0.2 см хэмжээ бүхий улаан өнгийн зулгаралтуудтай, баруун дунд хэсэгт 2 х 0.4 см, түүнээс харалдаа 1.5 х 0.4 см, хүзүүний зүүн урд хэсэгт 2 х 0.3 см, хэмжээтэй улаан өнгийн цус хуралттай, хамрын нуруунд 1.5 х 1 см, духны зүүн дээд хэсэгт 2 х 2 см талбайд, эрүүний зүүн доод хэсэгт босоо байрлалд 2.5 х 1 см, баруун хацрын хумсны харалдаа 3 х 2 см талбайд, хацрын шаантанд 2 х 1 см улаан өнгийн зулгаралтуудтай, нүүр хүрэн улаан өнгөтэй, дээд хоёр зовхины салстад цэгчилсэн шигүү цус харвалтуудтай, уруулын жирэвгэр нугалааст цус харвалтууд байсан. Зүүн завьжны дотор салстад цус хурсан зэрэг гэмтлүүд тогтоогдсон. Задлан шинжилгээгээр гавал яс, дотор эрхтнүүдэд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Талийгаач нь амьсгал бүтэлтийн улмаас нас барсан болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Энэ нь хүзүүн дэх боолтын ором, 2 нүдний салст, зовхи, амны хөндийн салст, нүүрэн дэх бүдэг хөх өнгөтэй цус харвалтууд, дотор эрхтэнд гэнэтийн үхлийн шинжүүдээр илэрсэн. Амь хохирогчийн ходоодонд хоолны агууламж байгаагүй. Ходоод, дотор эрхтнээс спиртийн зүйл үнэртэж байсан. Энэ нь химийн шинжилгээгээр нарийвчлан гарна. Амь хохирогчийн цогцост хүүрийн толбо биеийнх нь ар нуруу хэсгээр хөхөлбөр ягаан өнгөөр тод үүссэн, дарахад цайхгүй байсан. Боомилолтын ором хүзүүний 2 талаар хөндлөн шулуун, тасархайтсан байдалтай үүссэн байсан. Боолтын чиглэлийг нарийвчлан хэлэх боломж алга. Босоо, суугаа, хэвтээ аль байрлалд байхад нь үүссэнийг тодорхой хэлэх боломжгүй. Зүүн завьжны салстад цус хуралт нь цохилтоос үүсэх боломжтой. Уушги, амьсгалын замд ус, шингэн байхгүй байсан. Боомилогдсон тохиолдолд богино хугацаанд буюу дорхноо л үхэлд хүргэнэ. Амь хохирогчийн нүүр хэсэгт үүссэн цус хуралт, зулгаралтууд нь үрэгдэх, шүргэгдэх, цохигдох үед үүсэх боломжтой. Нүүрэнд үүссэн цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь шинэ гэмтлүүд болно...”,

“...Санжсүрэнд 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 17-18 цагийн хооронд задлан шинжилгээнд орсон. Задлан шинжилгээнд ороход талийгаач нас бараад 17 цаг орчим болсон байсан. Тэгэхээр талийгаач нь ойролцоогоор 10 дугаар сарын 1-ний өдрийн 02-04 цагийн хооронд нас барсан байх боломжтой. ...Талийгаачийн цусанд 2.3 промилл спиртийн агууламж илэрсэн. 2.3 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Дунд зэргийн согтолт нь биеэ хамгаалах чадвартай, ухамсарт үйлдэл хийх боломжтой байсан. Биеэ хамгаалах чадвартай гэж үзнэ...” /хх-167-168, 169-170-I, хх-165-166-III/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1807 тоот шинжээчийн дүгнэлтэд “…а/ Талийгаачид механик амьсгал бүтэлт-боолт, нүүр мөчдийн зулгаралт, зүүн жавьжинд цус хуралт тогтоогдлоо. Амьсгал бүтэлт нь зөөлөн зүйлийн хүзүүг боож дарах үйлчлэлээр, нүүр, мөчдийн зулгаралт нь цохих, унах үед үүснэ. Зүүн жавьжны цус хуралт нь цохих үед үүсгэгдэнэ. б/ Боолт нь үхэлд хүргэжээ. в/ Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй. г/ Талийгаач нь амьсгал бүтэж нас баржээ. д/ Цус нь 3 дугаар бүлэг байна. е/ Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ…” гэх дүгнэлт /хх-148-149-I/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13884 тоот дүгнэлтэд “…а/ Н.Цэвээндоржийн биед баруун зүүн өвдөгний шилбэнд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй…” гэх дүгнэлт /хх-164-I/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13883 тоот дүгнэлтэд “…а/ О.Эрдэнэбаярын биед гэмтэл тогтоогдсонгүй…” гэх дүгнэлт /хх-166-I/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1056 тоот дүгнэлтэд “…а/ Н.Цэвээндорж нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан эсэх баримт үгүй байна. б/ Н.Цэвээндорж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. в/ Н.Цэвээндорж нь мэдүүлэг өгөх чадвартай байна. г/ Н.Цэвээндорж нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. д/ Н.Цэвээндорж нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт шинж үгүй байна. е/ Н.Цэвээндоржид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна…” /хх-11-13-III/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1055 тоот дүгнэлтэд “…а/ О.Эрдэнэбаяр нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. б/ О.Эрдэнэбаяр нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. в/ О.Эрдэнэбаяр нь мэдүүлэг өгөх чадвартай байна. г/ О.Эрдэнэбаяр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. д/ О.Эрдэнэбаяр нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт, шинж үгүй байна. е/ О.Эрдэнэбаяр нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна…” /хх-18-20-III/ гэх дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-9-I/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-20-I/, хэрэг учралын газарт самналт хийсэн тэмдэглэл /хх-47-58, 234-237-I/, эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-21-24-I/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25-32-I/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-33-36-I/, хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-37-42-I/, гэрч У.Өнөтэгшийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-43-46-I/, туршилт хийсэн тэмдэглэл /хх-59-60-I/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-62-63-I/, хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-86-88-I/, сэжигтэн Н.Цэвээндоржийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-64-85-I/, Н.Цэвээндоржийн эзэмшлийн “Самсунг” загварын хөх өнгийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-89-90-I/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-185-II/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон болсон үйл баримтаас дүгнэн үзэхэд шүүгдэгч О.Эрдэнэбаяр нь энэхүү хэрэгт Н.Цэвээндоржтой хамтран оролцсон болох нь нотлогдон тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Түүнчлэн Н.Цэвээндорж нь “…хохирогч, О.Эрдэнэбаяр бид гурав хамт явсан, О.Эрдэнэбаяр хохирогчтой маргалдсанаас зодоон үүссэн, би жалганд хохирогчийг орхиод гарсны дараа О.Эрдэнэбаяр хохирогчтой үлдсэн, хохирогч орилоод байсан…” гэж мэдүүлж, давж заалдах гомдолдоо дурдаж буй хэдий ч энэ үйл баримт нь гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар няцаагдаж байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий байна.

Иймд ялтан Н.Цэвээндоржийн гаргасан “…О.Эрдэнэбаяр энэ өдөр надтай хамт явсан, мөн О.Эрдэнэбаяраас болж тэр зодоон үүссэн байхад анхнаасаа мөрдөн байцаагч, шүүгч нар нь О.Эрдэнэбаярыг шууд л огт байхгүй байсан болгож байгаа нь сонин байна. …О.Эрдэнэбаяр хохирогчтой үлдээд бараг 5-6 минут болсон. Орилоод л байсан. Тэр хүнийг нас барсан гэж би огт мэдээгүй. Гар утсыг О.Эрдэнэбаяр доороос ирэхдээ надад өгсөн болохоор нь би 2 хоногийн дараа өөрт нь өгсөн. …гэрч Нямлхагва, шүүгдэгч О.Эрдэнэбаяр нар нь найз болохоор анхнаасаа үгсэж тохироод, намайг ийм байдалд хүргэж байгааг л үнэн зөвөөр шалгаж өгөөч…” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэмт хэрэг үйлдэхээс өмнө болон үйлдэх үед шүүгдэгч Н.Цэвээндоржид амь хохирогч П.Санжсүрэнгийн гар утас болон эд зүйлсийг авах шунахайн сэдэлт, зорилго үүссэн байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэг үйлдэгдэх үед амь хохирогч П.Санжсүрэн, шүүгдэгч Н.Цэвээндорж нараас өөр хүн байгаагүй байх ба тэдний хооронд хэрхэн таарамжгүй харилцаа бий болсон, юунаас маргаан, зодоон үүссэн талаар шүүгдэгчийн мэдүүлгээс өөр баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Н.Цэвээндоржийг шунахайн сэдэлтээр, гар утас болон бусад эд зүйлсийг нь авах зорилгоор хохирогч П.Санжсүрэнгийн хоолойг боож санаатай алсан гэж үзэх үндэслэлгүй байх тул Н.Цэвээндоржид холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, ялтан Н.Цэвээндоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэж,

         3 дахь заалтын “Шүүгдэгч Дураал овогт Намсрайн Цэвээндоржийг хүнийг санаатай алах гэмт хэргийг шунахайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Дураал овогт Намсрайн Цэвээндоржийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

    4 дэх заалтын “...91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар Н.Цэвээндоржийг 20 /хорь/ жилийн...” гэснийг “…91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Н.Цэвээндоржийг 15 /арван тав/ жилийн...” гэж,

    6 дахь заалтын “…52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цэвээндоржид оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг…” гэснийг “…52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цэвээндоржид оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг…” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Н.Цэвээндоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

                    

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                  ШҮҮГЧИД                                                     Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                       Д.МЯГМАРЖАВ