Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 735

 

 

    2019       08          05                                    2019/ШЦТ/735

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

                 Улсын яллагч Г.Сундуй,

            Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох эрүүгийн   хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт   гэх, урьд ял шийтгэлгүй, Б.Х,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Б.Х нь 2019 оны 03 дугаар сарын 21, 04 дүгээр сарын 24, 04 дүгээр сарын 28-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 23 дугаар байр, 55 тоотод байх хажуу өрөөнд амьдардаг иргэн А.Хулангуагийн хүн байнга амьдрах зориулалттай өрөөнд нэвтэрч нийт 680 ам.доллар, 10.000 воныг хулгайлан авч, 1.815.060 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 9 дүгээр сараас хойш хохирогч А.Хулангуа бид хоёр хамт амьдраад бараг найз нөхөд ах дүүс шиг болсон байсан. Гэрээр их хүмүүс орж гардаг байсан. А.Хулангуа хаалга үүдээ түгжээд байдаггүй байсан. Түжсэн ч түлхэхээр онгойчихдог байсан. Би түрээсийн төлбөрөө өгөх боломжгүй үедээ гэрийг нь цэвэрлээд, хувцасыг нь угаагаад өгдөг байсан. Бие биенийхээ хувцас, нүүрний будгийг хоорондоо солилцож хэрэглэдэг байсан. Хохирогч надаас 5 дугаар сарын 31-ний өдөр дахиад түрээсээ сунгах уу гэхэд нь ажилтайгаа ойртоод өөр газар амьдрана гэж хэлсэн. Мөрдөн байцаалтын явцад байцаагч надад “наад хэрэг чинь зүгээрээ, зөрчлийн хариуцлага авна, торгоод л болоо” гээд байсан. Бас намайг тэр хаалгыг юугаар ч хамаагүй онгойлгоод орсон гээд хэлчих гээд байсан. Тэгээд би зүүгээр онгойлгосон гээд хэлсэн” гэв.

 Хэргийн газрын үзлэг нөхөж хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

 Хохирогч А.Хулангуагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би өөрийн гэртээ ганцаараа амьдардаг байсан. 2018 оны 09 дүгээр сард Б.Х гэх эмэгтэй манай хажуу өрөөг 2 жилийн хугацаатай гэрээ байгуулан cap бүр мөнгөө өгөхөөр тохироод ганцаараа байхаар болсон. Би 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гадаад руу явах гэж байгаад гэртээ гар цүнхээ үзтэл цүнхэнд байсан 200 доллар алга болсон байсан. Тухайн үед нэг их юм бодоогүй. Гадаад руу явчихаад 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ирсэн. Тухайн үед Америкаас авчирсан гар цүнхэндээ 1680 ам доллар, 10.000 воннтой ирсэн. Би тухайн үед тэр мөнгөтэй цүнхээ гэртээ үлдээчихдэг байсан. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр цүнхээ үзэхэд 420 доллар, 10.000 воннтой алга болсон байсан. Тэгэхээр нь дахиж алга болох нь уу гэдгийг үзээд тухайн гар цүнхэнд 287 доллар үлдээчихээд хяналтын камер асааж 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр орхисон. Тэгтэл 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагийн орчимд уг цүнхийг үзэхэд 287 доллар бүрэн бүтэн байсан. ...Тэгээд би 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр амралтнаас ирээд оройн 20 цагийн үед хяналтын камерыг үзэхэд бичлэг хийгээгүй байсан, ямар шалтгааны улмаас бичлэг хийгээгүйг мэдэхгүй байна... 680 доллар, 10.000 вонныг алдсан. Монгол мөнгөөр бодвол ойролцоогоор 1.800.000 гаруй төгрөг болох ёстой... Гэрийн түлхүүр Б.Х болон манай эмээ, надад байдаг. Б.Х бид 2-ын өрөө тусдаа цоожтой ба миний өрөө тусдаа цоожлогддог. Гэхдээ тэр цоожийг ямар ч хүн онгойлгочих боломжтой... Миний зөвшөөрөлгүйгээр миний өрөөнд нэвтрэн орох ямар нэгэн эрх байхгүй. ...надаас авсан мөнгөнүүдээ өгчих гэж хэлтэл Б.Х эхлээд үгүй гэж хэлж байснаа сүүлдээ авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Хохирогч А.Хулангуа мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...Би анх 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 200 доллар алдсанаа мэдсэн. Түүний дараа 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 420 доллар, 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 60 долларыг тус тус алдсан. ...Тухайн үед бичлэг хийгээгүй байсан. Одоо ч ажиллахгүй байгаа ямар шалтгааны улмаас ажиллахгүй байгаа талаар сайн мэдэхгүй байна. ...Би алдсан өдрийн байдлаар ТҮЦ гэж нэрлэгддэг лавлагааны машинаас валютын ханшийг авч хавтаст хэрэгт хавсаргасан. ...Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би анх 2018 оны 09 дүгээр сард А.Хулангуа гэх эмэгтэйн хажуу өрөө хөлслүүлнэ гэсэн зарын дагуу очиж уулзсан. Тэгээд хажуу өрөөнд амьдрахаар болж cap болгон тогтмол мөнгө өгч байхаар болсон. Анх А.Хулангуагийн гоо сайханы барааг хэрэглэх гэж 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр А.Хулангуа гэх эмэгтэйн өрөөний цоожны нүхээр нь зүү хийж байгаад дарахад цоож онгойсон. Өрөөнд байрлах зүйлүүдийг үзэж байгаад шургуулгыг татахад бараан өнгийн түрүүвч байсан. Тухайн түрүүвчинд 100 долларын дэвсгэрт 2 ширхэг байснаас 100 долларын 1 ширхийг нь аваад өрөөг цоожлоод гарсан. 2019 оны дундуур А.Хулангуагийн өрөөний цоожийг зүүгээр онгойлгож байгаад нөгөө түрүүвчинд үлдсэн 100 долларын 1 ширхэг дэвсгэрт байсныг авсан. А.Хулангуа гадаад улс руу явчихаад ирсний дараа ойролцоогоор 2019 оны 04 дүгээр сарын дундуур А.Хулангуагийн өрөө рүү ороод цэнхэр өнгийн гар цүнхэнд байсан 480 доллар, 10.000 вонныг аваад гарсан. ...Уг мөнгөн дэвсгэртүүдийг найман шарга валютын захад очиж солиулаад өөрийн хэрэглээндээ ашигласан. ...Би тэр үед анх удаа зүүгээр онгойлгож үзсэн. Тухайн үед гэмшиж байсан. Одоо ч мөн гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Х-гийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Хохирогч А.Хулангуагийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, гэрчүүдийн орон зай, цаг хугацаа, үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг үнэн зөв, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.  

Шүүхээс шүүгдэгч Б.Х-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 03 дугаар сарын 21, 04 дүгээр сарын 24, 04 дүгээр сарын 28-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 23 дугаар байр, 55 тоотод байх хажуу өрөөнд амьдардаг иргэн А.Хулангуагийн хүн байнга амьдрах зориулалттай өрөөнд нэвтэрч нийт 680 ам.доллар, 10.000 воныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.815.060 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг нөхөж хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Хохирогч эд хөрөнгөө алдагдсаныг мэдүүлж, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн нөхцөл байдал нь хэргийн газрын үзлэг нөхөж хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд тус тус тусгагдаж хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүх шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Б.Х нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч А.Хулангуа хохирлоо бүрэн барагдуулж авсан гэх мэдүүлгээр /хх-ийн 10 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүх шүүгдэгч Б.Х-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдлаа.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б.Х-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ