Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1051

 

Б.Х-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Сундуй,

шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Ю.Батболд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 735 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Х-д холбогдох эрүүгийн 1909019740665 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б.Х, 1993 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт оршин суудаг, ял шийтгэлгүй,

             Б.Х- нь 2019 оны 3 дугаар сарын 21, 4 дүгээр сарын 24, 28-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод байх хажуу өрөөнд амьдардаг иргэн А.Х-гуагийн хүн байнга амьдрах зориулалттай өрөөнд нэвтэрч, 680 ам.доллар, 10.000 воныг хулгайлан авч, нийт 1.815.060 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Х-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2019 оны 6 дугаар сард жирэмсэн болсон. Ураг их тонустай, эндэх магадлал өндөр байгаа тул яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Эндсэн тохиолдолд дахин жирэмслэх магадлал тун бага байгаа. Нэг өмчлөгчтэй байранд хамтран амьдарч байсан найзынхаа цүнхнээс мөнгө авсан нь үнэн бөгөөд хийсэн хэрэгтээ их харамсаж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Х-гийн өмгөөлөгч Г.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал буюу нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүйгээс хууль хэрэглэхэд эргэлзээтэй нөхцөл үүсч, хууль хэрэглээг буруу тайлбарлах аргаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Энэ нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэх эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг зөрчихөд хүргэсэн. Шүүгдэгч Х- хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдэгтээ маргаагүй. Зөвхөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдээгүй гэдэгт маргаж байгаа. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Орон байр” гэдэг ойлголтыг буруу тайлбарласан. “Орон байр” гэдэг ойлголтыг тайлбарлахдаа алгасуулан иш татсан диспозитив байдлаар хуулийг хэрэглэж байгаа. Ингэхдээ Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар ойлгож байгаа. Шүүгдэгч Х- нь тухайн орон сууцыг өмчлөх эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр уг орон сууцанд амьдрах эрхээ олж авсан. Түүний зөвшөөрлөөр амьдарч байхдаа Х-гуагийн эд зүйлийг хулгайлсан. Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолд хууль ёсоор тухайн орон байранд нэвтэрсний дараа бусдын эд зүйлийг хулгайлж авбал “Орон байранд нэвтэрсэн” гэж үзэхгүй талаар тодорхой тайлбарласан байдаг. Хохирогч Х-гуагаас “...манай өрөөний цоожийг эвдээд орсон байсан. Уур хүрээд хэлчихсэн юм. Тэрнээс биш бид хоёр найз нөхөд, нэгнийхээ өрөөгөөр чөлөөтэй орж гардаг байсан. ...” гэж мэдүүлсэн. Гэвч энэхүү мэдүүлгийг шүүх анхаарч үзээгүй. Түүнчлэн шүүгдэгч Х- жирэмсэн байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгээд байна. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Сундуй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуульд “Орон байр” гэх ойлголтыг тодорхой тайлбарлаад өгсөн байхад өөр салбар эрх зүйн хуулийг тайлбарлаж, зүйлчлэлд өөрчлөлт оруулах гээд гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хуульд “Орон байр” гэдгийг тайлбарлахдаа хүн байнга болон түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт, сувилалын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэсэн байгаа. Хавтас хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Х-, хохирогч Х-гуа нар тус тусдаа өрөөнд амьдарч байсан болох нь тогтоогдсон. Иймд шүүгдэгч Х-гийн үйлдлийг бусдын орон байранд нэвтэрсэн гэж зүйлчилсэн. Өмгөөлөгч Батбаяр тайлбартаа хохирогч Х-гуагийн “...бид хоёр найзууд байсан. Нэгнийхээ өрөөгөөр орж, гардаг байсан...” гэсэн мэдүүлгийг иш татаж байна. Хохирогч Х-гуа 3 удаа мэдүүлэг өгөхдөө ийм мэдүүлэг өгч байгаагүй. Түүнчлэн шүүгдэгч Х- жирэмсэн талаарх нотлох баримтаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд гаргаж өгөөгүй. Жирэмсэн гэдгээрээ хорих ялаас мултрах, чөлөөлөгдөх тухай ойлголт Эрүүгийн хуульд байхгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэхэд, Б.Х-д холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 735 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос Б.Х-г “2019 оны 3 дугаар сарын 21, 4 дүгээр сарын 24, 28-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод байх хажуу өрөөнд амьдардаг иргэн А.Х-гуагийн хүн байнга амьдрах зориулалттай өрөөнд нэвтэрч 680 ам.доллар, 10.000 воныг хулгайлан авч, нийт 1.815.060 төгрөгийн хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Х-г тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

 Гэвч ийнхүү шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хорих ялыг хөнгөрүүлэх болсон шалтгаан, үндэслэлээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан шаардлагад нийцээгүй байна.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заажээ.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Өөрөөр хэлбэл, шүүх гэм буруу, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нь хуульд нийцнэ.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад, шүүгдэгч Б.Х- өөрийгөө “бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч ороогүй” хэмээн үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар маргасан байхад шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг зөрчжээ.

Иймд шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, Б.Х-д холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул үйл баримт, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн талаар гаргасан шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын давж заалдсан гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 735 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Х-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч Б.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН