Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0163

 

“Д” ХХК-ийн гомдолтой

зөрчлийн хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргагчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Д” ХХК-ийн гомдолтой, Өвөрхангай аймгийн Татварын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4, 1.5 дугаар зүйлийн 8, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, 74.3.11, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д заасныг тус тус баримтлан дахин шинэ акт гаргах хүртэл татварын улсын байцаагчийн 0176052 дугаар шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Хэрэгт цугларсан нотлох барримтыг зөв үнэлж дүгнээгүй. Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч нарын бичсэн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 дугаар дүгнэлт, Нийслэлийн прокурорын газрын 58 дугаар прокурор, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд байсан.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу татварын хяналт шалгалтыг иж бүрэн хийж гүйцэтгэсэн. Зөрчил гаргасан “Д” ХХК-д 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 0176052 дугаар шийтгэлийн хуудсаар нөхөн татвар, торгууль, алданги, хүү тус тус ногдуулсан татварын хяналт шалгалтыг татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсын биелэлтийг түдгэлзүүлж дахин хяналт шалгалтыг хийх шаардлагагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн байцаагчийн оногдуулсан шийтгэл нь хуульд үндэслээгүй, холбогдох хуулийн шаардлагыг хангаагүй, хууль бус акт болохыг мөн нэхэмжлэгчийн хуурамч падаан үйлдэж татвар ногдох орлогоо бууруулсан гэх зөрчлийг хангалттай нотолж, тогтоогоогүй талаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй, зөв үнэлж дүгнэлт өгсөн атлаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүйгээр халдсан илэрхий алдаатай, хүчин төгөлдөр бус актыг шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, захиргааны байгууллагад өөрт нь засах нэхэмжлэгчийн эрхэд халдах боломж олгож байгаад гомдолтой байна.

Шүүх захиргааны байгууллага албан тушаалтан болохоор алдаагаа засах бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд дахин халдах боломж олгодог, иргэд аж ахуйн нэгж болохоор шууд хариуцлага хүлээлгэдэг шударга бус шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй ба хууль хүн бүрт тэгж, шударга үйлчлэх учиртай. Ингэснээр татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим жинхэнэ утгаараа хэрэгжинэ.

Шүүхийн үндсэн чиг үүрэг нь захиргааны акт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, маргаан бүхий актыг хүчингүй болгох хуулийн үндэслэлд хамаарч буй талаар хууль тайлбарлан хэрэглэж шийдвэрлэх асуудал байхад илт хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, шийтгэлийн хуудсыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

      Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

          Гомдол гаргагч “Д” ХХК-аас “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 0176052 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасан байх ба дээрх маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Д” ХХК-ийг 2014-2018 онуудад татвараа үнэн зөв тодорхойлж тайлагнах, төлөх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан хэмээн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, 4 дэх хэсэгт заасныг үндэслэн 10,405,090.90 төгрөгийн торгууль, 4,726,400 төгрөгийн хохирол, 30,029,090.90 төгрөгийн нөхөн төлбөр нийт 45,160,581.80 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

          Анхан шатны шүүх “... “М” ХХК нь дээрх худалдан авалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татваруудыг төлөөгүй буруутай бол тус компаниас олгосон нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа татвараас чөлөөлөгдөх орлогоор тусгасан нь “Д” ХХК-ийн буруу биш бөгөөд энэ тохиолдолд татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдаж байх учиртай. 2 удаагийн худалдах, худалдан авах харилцаа үнэхээр үүссэн эсэхийг дахин нягтлан шалгаж, тогтоосны эцэст хэн буруутай этгээдээр хуульд заасан хэмжээгээр нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлж, түүнд ногдох хариуцлагыг хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэхээр байна” гэж маргааны үйл баримтаас хальсан дүгнэлт хийж шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцээгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээргүй, анхан шатны шүүх маргааны үйл баримттай холбогдуулан нотлох баримт цуглуулж, шийдвэрлэх боломжтой байна.

          Тодруулбал, хуурамч, хий бичилттэй падааныг бичиж өгсөн, түүнийг үндэслэн татвар ногдох орлогоо бууруулсан гэх зөрчил нь тусдаа ойлголт тул “М” ХХК-аас барилгын материал худалдаж аваагүй атлаа авсан мэтээр татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчил гаргасан хэмээн шийтгэлийн хуудас бичигдсэн, энэ тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт бодитоор хийгдсэн эсэхэд гол маргааны үйл баримт оршиж байх бөгөөд хэн буруутай этгээдээр хуульд заасан хэмжээгээр нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлэх асуудал яригдахгүй бөгөөд анхан шатны шүүх гомдол гаргагч нь “М” ХХК-аас барилгын материал худалдаж аваагүй атлаа авсан мэтээр татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчлийг хариуцагч бүрэн тогтоож, шийтгэл ногдуулахдаа нотлох баримтаа хангалттай бүрдүүлсэн эсэх, тухайн баримт нь үндэслэлтэй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой.  

          Хариуцагчаас “дээрх зөрчлүүд нь Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн мэргэшсэн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаар дүгнэлтийн хуулбар, кассын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан падаан, кассын орлогын ордер, холбогдох, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа” хэмээн тайлбарласан байна.

          Гэтэл анхан шатны шүүхээс “М” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг эрүүгийн журмаар шалгасан баримтыг хэрэгт бүрэн аваагүй, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгчид олгосон гэх 0018958608 дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хэрэгт авагдаагүй, хуулбар баримт дээрх бичилт уншигдахгүй байна. Мөн Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолыг хэрэгт хавсаргасан боловч уг тогтоолд маргаан бүхий 2 падааныг хэрхэн дүгнэсэн, энэ нь ямар үйл баримтыг нотлох талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүйгээс гадна 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

          Түүнчлэн нэхэмжлэгч “Д” ХХК нь “М” ХХК-аас 2015 онд нийт 76.800.000 төгрөгийн бараа материалыг худалдан авснаас 59.300.000 төгрөгийг төлсөн, 17.500.000 төгрөгийн бараа материалын үнийг төлсөн эсэх нь тогтоогдоогүй, 27.000.000 төгрөг төлсөн гэх баримт нь 2015 онд худалдан авалт хийсэн эсэх нь тодорхойгүйгээс гадна нэхэмжлэгчийн татвар ногдох орлогоо бууруулсан гэх үйл баримтыг бүрэн дүүрэн баримтаар нотолж тогтоогоогүй, нөхөн татварт ногдуулсан торгуулийг 30 хувиар тооцсон гэх боловч шийтгэлийн хуудсан дахь дүнгээс бодоход 35 хувиар тооцсон зэргээр нэхэмжлэгч болон хариуцагчийн зөрүүтэй тайлбарт дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

                  ШҮҮГЧ                                                                             Г.БИЛГҮҮН

                  ШҮҮГЧ                                                                             Д.БААТАРХҮҮ