Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 01

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийн

Нэхэмжлэгч: “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Татварын хэлтэс, тус хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох

Татварын хэлтсийн №0176052 дугаарын шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн, хариуцагч татварын улсын байцаагч Т.Б, хамтран хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн төлөөлөгч, дарга Н.Э, Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, гэрч О.Э, Б.Б, шүүх хуралдааны дэг сахиулагч Ч.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...“Д” ХХК нь Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 09-р сарын 10-ны өдрийн №0176052 ...дугаартай шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 1. Зөрчлийн тухай хуулийн 1.5-р зүйлийн 1.3 дахь заалт буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Зөрчлийн хуулиар шийтгэсэн. 2. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5-р заалт буюу Эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй. Иймд дээрх үндэслэлээр Татварын хэлтсийн №0176052 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 06 дугаар сард татварын улсын байцаагч Т.Б нь манай “Д” ХХК-д 2014-2018 онуудад татварын тайлангаа үнэн зөвөөр тодорхойлж тайлагнаагүй бөгөөд дараах зөрчлийг гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэгдүгээрт 2015 онд суутганы татвараа төсөвт төлөөгүй гэсэн байсан. Өөрөөр хэлбэл 3200000 төгрөгийн ажлын хөлснөөс суутган татвар аваагүй гэсэн. Гэтэл хүмүүст өгсөн цалингийн хэмжээ нэрстэйгээ баримтаар байгаа. Хамгийн гол нь нягтлангийн санамсаргүй алдаанаас болж орхигдуулснаас болоод суутганы татвар аваагүй. Түүнээс биш санаатайгаар нуун дарагдуулсан зүйл байхгүй. Бусад баримтууддаа тусгасан. Хоёрдугаар зөрчил нь 2015 онд “М” ХХК-аас хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авсан гэсэн зөрчил байгаа. Үүнийг манай талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл энэ компаниас манайх цемент, арматур, цагаан замаск гэсэн гурван төрлийн 76900000 төгрөгийн материал авсан. Уг материалуудыг авсан зарлагын баримт, орлогын баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг компанийн тамга тэмдэгтэй бичиг баримтууд нь бүгд байгаа. Уг бичиг баримтуудыг 2015 оны санхүүгийн тайландаа буюу бараа материал худалдан авалтын бүртгэлдээ бүгдийг нь тусгасан.  Ямар нэг байдлаар нуун дарагдуулсан зүйл огт байхгүй. Бид нар өөр компанийн тамга тэмдгийг ашиглаж бичиг баримт хуурамчаар үйлдэх ямар ч үндэслэл байхгүй. Тухайн компанийн өгсөн тамга тэмдэгтэй бичиг баримт нь байгаа учраас тус зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 онд Татварын ерөнхий газрын сайт дээр хар жагсаалтанд орсон компаниудын нэрсийг гаргасан байсан. Тухайн жагсаалтыг харахад “М” компанийн нэр байгаагүй. Тийм учраас үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан компанийг бичиг баримтаа хуурамчаар өглөө гэж үзэх үндэслэл байхгүй. ...Мөн 2016 оны 05 дугаар сард манай компанийн 2013-2015 оны санхүү татварын тайланд шалгалт хийсэн. Энэ шалгалтын үеэр нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлаар ямар нэг зөрчил илрээгүй. Гэтэл олон жилийн дараа гэнэт шалгаад зөрчилтэй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 онд “М” ХХК-аас авсан бараа материалын төлбөрийн заримыг нь зээлээр, заримыг нь бэлэн мөнгөөр нь төлж байсан. Энэ талаар нягтлан бодох бүртгэлийн бүх баримт бичигтээ тусгасан байгаа. Нууж хаасан зүйл огт байхгүй. 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг анх цахимаар хийж эхлэхэд хамгийн найдвартай, хуурамч бичилт хийх ямар ч боломж байхгүй гэж хэлээд орон даяар нэвтрүүлж байсан. Тийм учраас бүх компани итгэж байсан учраас тухайн компанийг хуурамч баримт үйлдсэнийг мэдэх ямар ч боломж байгаагүй. Иймд дээрх гурван зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын татварын байгууллага нь татвар төлөгчдөд эрх тэгш үйлчилнэ, татвар төлөгчдийн нууцыг хадгална гэсэн тангараг өргөсөн байдаг. Гэтэл энэ зарчим нь манай компани дээр хэрэгжээгүй. ...2018-2019 онуудад шалгалт хийгээд хэрэг бүртгэлт нээхдээ 2015 оны 69818181 төгрөгийн баримтыг шалгахдаа баримттай байна. Энэ нь зөрчилд оруулахгүй гэж байсан хэрнээ дараа нь нэмж оруулсан. Тухайн үед энэ баримт нь эх хувиараа байсан. ...Манай “Д” ХХК-ийн 2015 оны баримт үдээстэй байна. Эхлээд баримтаа өгөхдөө байхгүй байна гэхээр нь би өөрөө очиж Т.Б байцаагчид баримт нь энэ байна гээд нугалаад үлдээж байсан. ...Тэгэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, орлогын ордер, зарлагын падаан бүгд байсан. Манайх анхан шатны баримтаа бүгдийг нь өгсөн. Энд нэмэгдсэн зүйл байхгүй... Манай нягтлан бодогч энэ баримтуудыг он оноор нь үдэж хадгалдаг. Нягтлангаас танай Татварын хэлтэст л очиж байгаа. Өөр ийш тийшээ авч явдаггүй. ...Энэ баримт байсан болоод л анхан шатны баримтанд бичсэн байгаа шүү дээ. Бид нар компанийн тамга тэмдэгтэй зүйлийг хуурамчаар хийнэ гэж байхгүй... 2018 онд бид нар эх хувиар нь өгсөн. Буцааж авахдаа ...баримтаа дугаарлаагүй байсан болохоор шалгаж аваагүй. Хаашаа яагаад алга болсон юм мэдэхгүй... Өөрөө манайд байсан эх хувиас авсан байгаа. Өөр газраас авах боломж байхгүй. 2015-2018 онуудын баримтыг шалгахад энэ баримтыг байгаагүй гэж нэг ч удаа хэлээгүй. ...2015 оны анхан шатны санхүүгийн баримтыг татварын хяналт шалгалтанд оруулахдаа өгч авалцсан бүртгэл байхгүй. ...“М” ХХК нь 250000000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны шивэлт хийчихсэн... Бид нар 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварт шалгалт хийчихээд дахин шалгаж акт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны хувьд нэмэгдсэн өртөгийн албан татвар шингэсэн зүйлийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч, хамтран хариуцагч Татварын хэлтсийн төлөөлөгч, хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас манай татварын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0176052 дугаартай шийтгэлийн хуудас үндэслэлтэй... Энэ нь ...прокурорын 58 дугаартай дүгнэлтээр тогтоогдоод байгаа гэж байна. Гэтэл шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоол 2 дээр зөвхөн “М” ХХК болон хэдэн компанийг шалгасан баримт л байгаа. Харин “Д” ХХК-ийн санхүүгийн тайлан тооцоог яаж шалгасан, хуурамч гэж үзээд байгаа падаан нь яагаад хуурамч байсан гэдгийг хангалттай нотолсон баримттай үг, үсэг, өгүүлбэр орсон баримт огт хэрэгт авагдаагүй. Прокурорын 58 дугаартай дүгнэлт болон шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаартай дүгнэлтээр тогтоогдоогүй. ...Тэнд хэдэн тоо тавьчихсан л байгаа, тэр тоо нь хаанаас гарч ирсэн юм мэдэхгүй... Хариуцагч тал дахин дахин татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0176052 дугаартай шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй гээд яриад байна. Энэ нь хуульд нийцсэн... Хуульд тавьсан шаардлагыг биелүүлсэн байх ёстой. Гэтэл ...Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх, мөн хуулийн 40.2 дугаар зүйлд заасан бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг огт хангаагүй... 40.2.3-т заасан захиргааны актын хууль зүйн ...үндэслэлд “Захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заах” гэснийг зөрчсөн. ...Татварын Ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар татварын улсын байцаагчийн гаргаж байгаа эрх зүйн баримт бичиг нь акт буюу дүгнэлт гэсэн 2 хэлбэртэй гарна. ...34.2 дахь хэсэгт зааснаар татварын улсын байцаагчийн актад татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч татварын хяналт шалгалт хийсэн хэлтэс /түрүүн дарга би хянаж шалгадаг гээд хэлээд байсан/-ийн дарга нь хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Бид нар энэ актыг хүчин төгөлдөр бус акт гэж үзэж байна. Энэ актад хэлтсийн дарга болон тасгийн дарга нь гарын үсэг зурж баталгаажуулна гэж 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон хуулиар тодорхой заагаад өгсөн. ...Мөн Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь хэсэгт татвар төлөгчид хариуцлага оногдуулахдаа акт үйлдэх бөгөөд татварын дарга нь гарын үсэг зурж татварын улсын байцаагчийн овог нэр, гарын үсэг, тэмдэглэл, он, сар, өдөр, гардуулсан он, сар, өдрийг тусгана гэж заасан. Шийтгэл оногдуулахдаа хэрэглэсэн Татварын ерөнхий хууль нь 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөн найруулсан... Гэтэл энэ акт дээр татварын улсын байцаагчийн овог нь байхгүй. Хэний Бадамхорол юм бүү мэд, хянасан гэдэг дээр Татварын хэлтэс, тасгийн даргын овог, нэр, гарын үсэг нь огт байхгүй байгаа. Мөн гардуулсан огноо заавал байх ёстой. Энэ огт байхгүй. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 заалтуудыг хангаагүй хүчин төгөлдөр бус захиргааны акт учраас цаашид биелэгдэх боломжгүй ...гэж үзэж байна. Хууль зөрчсөн талаар ямар хуулийг яаж зөрчсөн бэ? гэхээр би өмнөх шүүх хуралдаан дээр 7 зөрчлийн талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа. Одоо цаг хэмнэх үүднээс гол гол зөрчлийг дурдаад явъя гэж бодож байна. ...Зөрчлийн тухай хуульд нэмэгдсэн өртгийн албан татвар зохицуулагдаагүй, орхигдуулсан байгаа. Зөвхөн Татварын Ерөнхий хууль зөрчих гэж л байгаа. Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн гэж хэрэг нээгээд татварын улсын байцаагч нар шалгаад байгаа. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт төсөөтэй хэрэглэхгүй гээд заасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг Зөрчлийн тухай хуульд хэрэглэж байгаа нь хууль зөрчсөн процессын алдаа юм. Хоёрдугаарт: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.12-т зааснаар 11 зөрчлийг шалгахаар заасан. Энэ зөрчилд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зөрчлийг татварын улсын байцаагч шалган шийдвэрлэх эрх олгогдоогүй байгаа. Гуравдугаарт: Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т “эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ..” мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5-д “шийтгэлийн хэмжээг хүндрүүлсэн, эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэсэн хуулийн шаардлагуудад  аль хууль нийцэх байсан гэхээр тухайн зөрчил үйлдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийг хэрэглэх байсан. Хуулиа дэнслэж үзээрэй гэсэн байгаа. Энэ 2 хуулийн алийг нь хэрэглэх вэ? гэсэн юм. Гэтэл татварын улсын байцаагч нар тухайн үеийн хүчингүй болсон хуулийг хэрэглэж эрхзүйн байдлыг дээрдүүлж байна гээд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг хэрэглэж 2 хуулийг хольж хутгаад байдаг. Энэ нь өөрсдийнхөө эрх хэмжээг хэтрүүлсэн. Үүнийг ингэж хэрэглэх эрх нь татварын байцаагчид байхгүй, зөвхөн шүүхэд л байдаг эрх юм. Энэ нь Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, хууль дээдлэх зарчим, хуулийг нэг мөр хэрэглэх зарчмыг ноцтойгоор зөрчсөн. Мөн энэ хуулийн 30.1.5 дахь хэсэгт зааснаар хууль дээдлэх зарчмыг гажуудуулахыг хориглоно гэж заасан... Хуульд юу гэж заасан байна, түүнийг л дагаж мөрдөх ёстой. Ялангуяа иргэн аж ахуйн нэгжийн эрх ашигт халддаг албан тушаалтнууд хуулийг зайлшгүй чандлан сахих ёстой. Тийм учраас хуулиас дээгүүр эрх эдлэж алдаатай шийдвэр гаргаж байна. Шийтгэл оногдуулахдаа 30 хувиар оногдуулсан гэж түрүүнээс хойш яриад байна. Гэтэл бодит байдал дээр 35 хувиар шийтгэл оногдуулсан. 1396663 төгрөгөөр хэтрүүлж оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй акт юм... Захиргааны хариуцлагын тухай ...хууль нь 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүчингүй болсон хууль байгаа. Зөрчил гаргасан этгээдийн эрх зүйн байдал нь дээрдэж байгаа, хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийнээ дууссан байсан. Бусад татварын байцаагч нар 3, 4 хуудас шийтгэлийн акт бичиж түүнийгээ хуульд нийцүүлээд хуулийн үндэслэлээ бичиж оногдуулаад явж болоод байгаа. Өвөрхангай аймгийн Татварын улсын байцаагч нар ганцхан хуудас акт гаргаж тэр нь хуулийн шаардлага хангаагүй, хууль зөрчиж байна, хуулийг нэг мөр хэрэглэх, хууль дээдлэх зарчмыг асар ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна. ...тэмдэглэлдээ тусгасан байгаа гээд яриад байх юм. ...Тэмдэглэлийг ...акт гэж үзэхгүй... 30029090  төгрөгийн шийтгэлийн 30 хувь нь 9000000 гаран төгрөг болж байна. Гэтэл үндсэн шийтгэл дээрээ оногдуулсан нь 10409010 төгрөг болоод байгаа юм. ...алданги торгууль бүх зүйл ороод 45000 000 төгрөг байгаа шүү дээ... Энэ хоёрын хоорондох зөрөө нь шал өөр... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106 дугаар зүйлийн 106.3.12 заасан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү? гэсэн саналтай байна” гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б би 2603381 регистрийн дугаартай “Д” ХХК-ийг ...2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, анхан шатны баримт, харилцах дансны хуулга, хөрөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн татварын хяналт шалгалтуудыг хийсэн. Уг шалгалтуудыг хийхэд дараах зөрчил илэрсэн. Нэгдүгээрт 2015 онд бусдад олгосон хөдөлмөрийн хөлснөөс хувь хүний орлогын албан татварыг суутган төлөөгүй байсан 3200000 төгрөгийн зөрчил илэрсэн. Монгол Улсын хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “албан татвар төлөгчийн хөлс, шагнал, урамшуулал тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараах орлого хамаарна” гэж... 11.1.6-д “үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого” гэснийг зөрчсөн тул нөхөн татвар болох 320000 төгрөг, торгууль нь 96000 төгрөг, алданги нь 160000 төгрөг болсон... Татварын ерөнхий хуулийн 74.1 дэх заалтыг барьсан. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т заасан ”Зөрчилд тооцох, зөрчил гаргасан хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан үеийн хуулиар шийдвэрлэнэ гэсэн заалтыг баримтлан 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шинэчлэн найруулсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т  “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж, ...74.1.3-т зааснаар нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгагдахгүй орхигдуулах, ...74.1.4-т зааснаар “тоо, хэмжээ үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх” гэсний дагуу 30 хувийн торгууль 96000 төгрөг, ...74.3-т зааснаар энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасны дагуу 160000 төгрөгийн алданги ногдуулсан. Тухайн үед ийм зөрчил гарсан гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Д” ХХК-ийн менежер Б.Н нь зөвшөөрсөн. Нийт 576000 төгрөг байгаа. Мөн “Д” ХХК нь 2016 оны санхүүгийн баримтад “М” ХХК-аас цемент, арматур худалдан авсан гэсэн кассын орлогын ордер, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан байсан хэдий ч эдгээр нь хуурамч гэдэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн мэргэшсэн шинжээч Д.Мөнхцэцэгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гаргасан 228 дугаар дүгнэлтийн хуулбараар үгүйсгэгдэж байгаа тул үүнийг зөрчил гэж үзсэн байгаа... Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т заасныг баримтлан тухайн үед дагаж мөрдөж байсан 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар 69818181.82 төгрөгийн зөрчилд нөхөн татвар 6981818.18 төгрөгийг ногдуулсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийг 17.1-д нөхөн татварыг 50 хувь, хүү нь 0.3 хувиар боддог гэдэг утгаар нь тэгж бодсон. 3490909.10 төгрөгийн торгууль, 20940.50 төгрөгийн хүүг тус тус ногдуулсан. Нийт 10493672.80 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги төлөхөөр гаргасан. Гуравдугаарт 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “М” ХХК-аас барилгын материалыг аваагүй атал авсан мэтээр хий бичилт хийж нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тайланд тусгаж татвар ногдох орлогоо бууруулсан, 227272727.27 төгрөгийн зөрчлийг ямар ч анхан шатны баримт байхгүйгээр зөвхөн цахимаар шийдсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан байсан. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т заасныг баримтлан Нэмэгдсэн өртгийн албан татвар, бусад падаанд тусгагдаагүй бол тооцохгүй гэсний дагуу 10 хувийн нөхөн татвар 22727272.73 төгрөгийн торгууль ногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр 3-т заасныг баримтлаад Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.11 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн. Мөн 30 хувийн торгууль 6818181.82 торгууль, алданги нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар 50 хувь байна гэж заасан боловч Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нөхөн татварт ногдох алдангийн хэмжээг 50 хувь байсныг 20 хувь болгож өөрчилсөн байсан тул компанид ашигтай байдлаар нь би 20 хувийг нь авсан учраас эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн гэж үзэж байна. Ингээд 4545454,50 төгрөгөөр алдангийг оногдуулсан. Шийтгэлийн хуудсыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай тогтоолоор Маягт-1, 2 гэсэн шийтгэлийн хуудасны маягт батлагдсан. ... 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128 дугаартай тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон. ...Энэ ...батлагдсантай холбоотой Хууль зүй дотоод хэргийн яамнаас зөрчил шалгах эрх бүхий байгууллага бүрт Маягт-1,2-ыг А4, А5 маягтад хэвлэж нөхөж бичихээр албан ёсны үнэт цаасан дээр хэвлэж гаргасан. Үүнийг бид нар гараар нөхөж хэрэглэж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тэмдэглэл дээр энэ хуулийн заалтуудыг бичсэн байгаа. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага нь “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох “Татварын хэлтсийн 0176052 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй байгаа. Нэхэмжлэгч талаас зөрчлийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дурдсан. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3-т зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Зөрчлийн тухай хууль хэрэглэсэн гэж үзсэн. Энэ заалт нь Татварын ерөнхий хуульд хамаарах заалт биш юм. ...Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө” гэсний дагуу Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар татварын хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заасан байдаг. Бид татварын асуудлыг шалгахдаа хөөн хэлэлцэх хугацааг 5 жилээр тогтоосон байдаг учраас Монгол Улс даяар хөөн хэлэлцэх хугацааг ухрааж үзэж байгаа. 2015, 2016 оны зөрчлүүдийг Зөрчлийн тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5-т эрх зүйн байдлыг дордуулж хэрэглэхгүй гэсэн заалт байсан. Татвар төлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ нэгдүгээр шаардлагын үндэслэлд заасан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Хоёрдугаарт эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн нь үндэслэл муутай байна. Иймд “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0176052 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгөхийг хүсч байна... Татварын Ерөнхий газраас бид нарт акт дүгнэлтийн талаар чиглэл өгдөг. Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн хуудас бичнэ гэсний дагуу бүх татварын байцаагч нар шийтгэлийн хуудсыг бичиж байна. ...Дэлгэрэнгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл дээр байгаа... Та 35 хувь гээд байх юм. Энэ чинь 30 хувь байгаа, программаас бодоод гаргаад ирсэн... 35 хувь гэсэн зүйл хаана ч байхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.12-т зааснаар 11 зөрчлийг шалгахаар заасан. Энэ зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зөрчлийг татварын улсын байцаагч шалган шийдвэрлэх эрх ...орсон байгаа юм. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан... алдангитайгаа холиод байх шиг байна. 320000 төгрөгийн 30 хувь нь 96000 төгрөг.. 69818181.12 төгрөгийн 50 хувь нь 3990990.10 төгрөг... 22727272.70 төгрөгийн 30 хувь нь 6818131.80 байгаа... Бид Татварын Ерөнхий хууль болон бусад холбогдох хуулиудыг дагаж мөрддөг. ...акт гаргаагүй гэж үзээд байна. Би 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш энэ шалгалтыг хийж байгаа... Татварын Ерөнхий газраас шийтгэлийн хуудсаа бич гэсэн загвар өгсөн. Үүнийг ганц би бичээгүй. ...Шинжээчийн дүгнэлт бол ойлгомжтой. Цагдаагийн Ерөнхий газраас хуурамч гэж тогтоосон. Прокурорын тогтоол дээр ч байгаа. 438 аж ахуйн нэгж дотор ч энэ компани байгаа ...Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон... Намайг үзэхэд зарлагын падаан байгаагүй. Кассын орлогын ордер байсан... Би хүлээж авсан баримтыг программд оруулсан боловч баримт нь товъёог байхгүй надад хүндрэлтэй байсан учраас бүртгэж аваагүй... Энэ баримтаа хяналт шалгалт хийж байгаа байцаагчдаа орхиод явчихдаг. Тухайн үед нь байлгах боломжгүй учраас үзчихээд дараа нь дуудаж ийм зөрчил байна гэж хэлдэг... Бид нарт тэр падааныг харах эрх байгаа. Падаан дээр гарын үсгээ зурах ёстой... “М” ХХК-ийн тооцооллыг танд сүүлд хэвлэж өгсөн. Нэмэгдсэн өртгийн албан татвар дээр 100 төгрөг ч төлөөгүй юм билээ. “М” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвараа шивж байна гэдэг чинь 10 хувиар нэмэгдсэн өртөгийн албан татвараа төлнө гэсэн үг. “Д” ХХК нь төлөх нэмэгдсэн өртөгийн албан татвараа багасгасан гэсэн үг юм... 10 хувиар төлөх нэмэгдсэн өртөгийн албан татвар нь хасагдаж гарч ирнэ... Энэ компани худалдан авалтаараа татвар ногдох орлогоосоо хасах ёстой. Үүнийг “М” ХХК нь төсөвт төлөхгүйгээр гаргасан юм билээ. “М” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр борлуулалтаа хийсэн гэсэн үг... Кассын орлогын ордер нь намайг үзэхэд бүдэг, нягтлан нь тодруулаад биччихсэн, бичилт нь ч гэсэн сүүлд би харьцуулж харахад шал өөр байсан. Эх баримтаас зарлагын баримтыг хараагүй. Би “Д” ХХК-нд оногдуулж болох хариуцлагын хамгийн хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулиудын заалтуудыг хэрэглэсэн...” гэв.

Хамтран хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн төлөөлөгч, дарга Н.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Д” ХХК-тай холбоотой хяналт шалгалт 2018 онд эхэлсэн байгаа. Би татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0176052 дугаартай шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хуурамч падаантай холбоотой асуудал маань 2018 онд эхэлсэн байдаг. 2018 онд Эрүүгийн цагдаагийн газраас дамжуулан Татварын ерөнхий газраас хяналт шалгалтанд хамруулах чиглэл ирсэн. Үүний дагуу манайх хяналт шалгалт хийж эхлүүлсэн. Тухайн үед хуурамч падаан бичсэн гээд байгаа “М” ХХК-ийн өөрийнх нь асуудал шийдэгдээгүй байсан учраас хуулийн байгууллагаас шийдвэр иртэл нь хойшлуулсан байгаа. “Д” ХХК-ийн энэ асуудал 2019 оны төлөвлөгөөт хяналт шалгалтанд ирсэн. 2019 оны төлөвлөгөөт хяналт шалгалтанд орохоос өмнө ...“М” ХХК-ийг хуурамч падаан байна гэсэн шинжээчийн дүгнэлт ирсэн. Тухайн үед 438 компани хуурамч падаан гаргаж өгсөн байсан. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр гаргаж өгсөн мэдээллээр 63 компанийн асуудал шийдэгдээгүй байсан. Одоо бол шийдэгдээд дууссан байх гэж бодож байна. Бусад нь ямар нэгэн байдлаар татварын хяналт шалгалтанд хамрагдаж шийтгэлийн хуудас гарч нэмэгдсэн өртгийн албан татвараа засварлаад дууссан. Энэ засварлана гэдэг нь хуурамч бичилтээ буцаана гэсэн үг юм. Өмнөх нэг жилийн татварын тайланг засварлах эрхтэй байдаг. Энэ 63 компаниас бусад нь  акт гаргаад засварлаад явсан... Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиараа бол манай байцаагчийг шалгах үед анхан шатны баримтыг гаргаж өгөх ёстой. Татварын хяналт шалгалтын гол баримт бол анхан шатны баримтыг бүрэн гаргаж өгснөөрөө орлого, зарлагаа нотлох ёстой. Тийм учраас нэмж гаргаж ирсэн зарлагын падааныг би тооцохгүй гэж бодож байна. ...Шинжээчийн дүгнэлтээр ... 393 татвар төлөгчийн зөрчлийг хуурамч гэж ...гаргаад ирсэн байна. ...татварын системд нийтдээ 2000 гаруй татварын байцаагч ажилладаг. Үүний 400 гаруй нь зөрчлийг шалгаад гаргаад ирсэн байхад шийтгэлийн хуудсыг үндэслэлгүй гээд байгааг хуулийн үндэслэлгүй гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг өөрийнхөө хуулиар хийсэн... Татварын улсын байцаагч эрх бүхий албан тушаалтан. Ийм үйл ажиллагааг үндэслэлгүй гэж шүүхдээд байх юм бол Монгол улсад татварын хуулийг хэрэгжүүлэх, татвараа төлөх аж ахуйн нэгж гарахгүй. ...томоохон дүнтэй шийтгэлийн хуудас гарахаар шүүхдээд байх юм бол татвар төлөх хүн гарахгүй... Би ...Татварын байцаагчийн үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлэх, хянах, хяналт шалгалт хийх, төлөвлөгөөг батлах үүрэгтэй оролцдог. Эрх бүхий албан тушаалтнууд гаргасан актандаа өөрөө хариуцлагаа үүрч байгаа... Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар бол худалдах, худалдан авах гэрээ, кассын орлогын ордер гэдэг өөрөө бэлэн мөнгө өгч авалцсаныг хэлнэ. Зарлагын падаан бол бараа материал өгч авалцсаныг хэлнэ. Бэлнээр кассын орлогын ордер, зарлагын падаан заавал байх ёстой. Нэхэмжлэгч талд орлогын ордер байх ёстой. Сүүлд Сангийн сайдын тушаал гарсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болно гэдэг зохицуулалт хэдий хугацаанаас үйлчлэх бол гэдэг дээр би өөрөө эргэлзээд байна. Би 2017 оноос хэрэгжиж эхэлсэн гэж бодоод байх юм... Худалдагч компани нэмэгдсэн өртгийн албан татварын шивэлтээ хийсэн байгаа нь бараа материал нь зарлагадаж гарсан ...үүнийгээ хүлээн зөвшөөрсөн баримт гэж ойлгож болно. “М” ХХК нь “Д” ХХК-д бараагаа борлуулсан гэсэн үг. Бид нарт тэр падааныг харах эрх байгаа. Падаан дээр гарын үсгээ зурах ёстой...” гэв.

Хамтран хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 онд анх Цагдаагийн Ерөнхий Газар, Эрүүгийн цагдаагийн газар, Татварын Ерөнхий газрын хяналт шалгалтын газраас албан тоот ирсний дагуу шалгасан. Шалгалтаар “М” ХХК-аас “Д” ХХК нь 326000000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаан авсан нь илэрсэн. Би анх энэ компанийг үйл ажиллагааг шалгасан. Бүх баримтыг “Д” ХХК-ийн нягтлан бодогч О.Эээс хүлээн авч 2015-2016 онуудын албан бичгийн дагуу 76250000 төгрөг, 126000000 төгрөг нийт 326000000 төгрөгийн баримтуудыг шалгаж үзсэн. Ингээд шалгахад 250000000 төгрөгийн баримтын кассын тайланд хий бичилт хийгдсэн байсан. Үүнийг  нэхэхэд байхгүй, би нэхээд байгаа юм гэж нягтлан бодогч нь өөрөө хэлсэн. 76000000 төгрөгийн баримтыг бид нар нягтлантай нь сууж байгаад үзэхэд цаад компаниас 68000000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, бүдэгхэн бичилттэй 3 кассын орлогын ордер байсан санагдаж байна. Үүнийг баримтанд хавсаргасан байсан. Энэ баримтыг нягтлантай нь үзээд “76000000 төгрөгийн баримтыг би сайн хүлээн зөвшөөрч мэдэхгүй байна. Хэрвээ баримт нь байвал хасагдана” гэсэн тайлбарыг би тухайн үед өгч байсан. Шинжээчийн дүгнэлтээр энэ 2 баримт нь хуурамч гэдэг нь нотлогдсон. Тэгээд хяналт шалгалтын дагуу “Д” ХХК-ийг бүрэн шалгахаар албан бичиг ирсэн. Үүний дагуу татварын улсын байцаагч Т.Б шалгаад Нэмэгдсэн өртгийн албан татвар болон хүн амын орлогын албан татварын зөрчлүүдийг гаргаж акт гаргасан. Ингээд татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0176052 дугаартай шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй гэж үзэж байна... алга болсон баримтыг эх хувиас нь канондсан гэж ойлгож болно... татварын улсын байцаагчид “Д” ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг хүлээж авсан бүртгэл байхгүй...” гэв.

Гэрч Б.Б шүүх хуралдаан[1]-д гаргасан мэдүүлэгтээ: “...“Д” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын “М” компаниас бараа материалын худалдан авалтыг би хийсэн. Улаанбаатар хотод дулааны шугамд ашиглахаар 500-гийн диаметртэй ган турбо 46 ширхэгийг худалдаж авсан. Уг турбог зээлээр авсан бөгөөд мөнгийг нь хувааж нэлээд удаж байж өгсөн. Уг турбоны нэг метрийн үнэ нь 460000 орчим төгрөг болж байсан бөгөөд нийт үнэ нь 240 саяас 250 сая орчим төгрөг болсон. Барилгын материалын бүх худалдан авалт Улаанбаатар хотын Гурвалжин зах дээр явагдаж байгаа. Бид нар ч мөн тэндээс худалдан авалт хийсэн. Өвөрхангай аймгийн гаралтай Ганбаа гээд нөгөө талыг төлөөлж байсан хүн байсан. Батцэцэг гээд нягтлан нь байсан. Тэд нартай холбогдож байгаад мөнгө төгрөгийг нь цувуулж өгнө гэж тохиролцоод төмрийн наймаа хийж байсан. Тэр турбонуудыг тэднээс худалдаж аваад цааш нь зарсан. 250000000 төгрөгийн худалдан авалтын эргэн төлөлтийг ерөнхийдөө зээлээр авсан бөгөөд олон удаа цувуулж... Бэлэн мөнгөөр төлсөн. Хувийн дансаар ганц нэг удаа төлсөн байх. Анх төлбөрөө бүрэн төлж дууссаны дараа баримтуудаа өгөлцөж авалцана гэж тохирсон. Гэвч төлбөр мөнгөө төлж дууссаны дараа баримтуудаа өгнө гэж ярьж байгаад сураг тасраад алга болсон. Хамгийн сүүлийн төлбөрөө яг хэзээ төлж дуусгасан гэдгийг нь сайн санахгүй байна. Өгч авалцах хугацааны хувьд 2 сарын дотор үргэлжилсэн. Анх 2016 оны 02 дугаар сараас эхлээд яриа хэлэлцээр хийж эхэлсэн. Төлбөр төлөлт 2016 оны 04  дүгээр сард дууссан байх. “М” ХХК-ийн үйлдвэрлэлийн дарга Ганбаа болон нягтлан Батцэцэг гэх хүмүүс нь тухайн үедээ Улаанбаатар хотод UBH төвд байдаг байсан. Би тэр хүмүүстэй холбогдож ярихаар наад асуудал чинь манайхаас ямар ч хамааралгүй. Хэрэг нь хаагдсан учраас та нар татвартайгаа учраа ол гэж хэлдэг...” гэв.

Гэрч О.Э шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...“Д” ХХК нь... улирлын чанартай ажилладаг. Зун бол нилээд хэдэн ажилтантай. Өвөл бол тогтмол 4-5 хүн ажилладаг. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөөр ирсэн. Зун гэрээгээр ажилладаг хүмүүст нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Хувь хүний орлогын албан татварыг 10 хувиар тооцох ёстой... Хэдэн ажилтан ажиллуулж цалин хөлс өгсөн юм билээ. Үүнийг төлсөн баримт байгаа. Би 10 хувийг нь суутгаж аваагүй буруутай зүйл байгаа. Миний санаж байгаагаар 3, 4 хүн л байсан... Бусдаар гүйцэтгэх ажлын хөлс учраас нийгмийн даатгал төлөхгүй. Харин татварыг суутган авч төсөвт төлөх ёстой. Би баримтуудаа нэг бүрчлэн үддэг... үдсэн баримтынхаа хуудсыг дугаарлаагүй юм. Энэ л миний буруу боллоо. ...Татварын хяналт шалгалтанд ороход би байлцсан. 2015 онд “Д” ХХК нь график шалгалтанд орсон юм. Татварын улсын байцаагч Наранчимэг байсан. Нэг нь хэн байлаа санахгүй байна. Тэр үед баримт байхгүй байсан бол яагаад байхгүй байгаа юм бэ? гэж надад хэлэх ёстой л байсан гэж бодож байна. Түүнээс хойш 3 хүний гар дамжсан. Тухайн үед баримт байсан учраас акт тавиагүй гэж бодож байна. 2018 оны 03 дугаар сард татварын хяналт шалгалтын ахлах байцаагч Ж.О өөрөө шалгасан. Тэгэхэд баримт байсан. Доторхи баримтуудыг үзэж шалгасан. Дараа нь намайг дуудаад баримтуудаа канондсан. Тэгэхэд байсан... баримтыг канондахад үдээсийг нь задалсан эсэхийг би сайн санахгүй байна. Эвгүй байна гээд байсан задалсан байхаа. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 250000000 төгрөгийн худалдан авалт хийсэн Сантехникийн баримт гэж бөөнөөр нь ...тайландаа бичсэн. Анхан шатны баримт, кассын тайландаа тусгасан. Үүнийг татварын хяналт шалгалтын ахлах байцаагч Ж.О үзээд... Баримтаа бүрдүүлж өг гэсэн... 2016 оноос цахим тайлан нэвтэрсэн. Давтагдашгүй дугаараар “М” ХХК нь манай “Д” ХХК-д еbarimt-аа шивж илгээсэн. Би үүнийг үндэслэж бичсэн... орлогын ордер, кассын тайлан гэх мэт баримт байгаагүй... Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь дангаараа анхан шатны баримт болж орно гэж сүүлд хуулинд өөрчлөлт орсон. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд байгаа. ...2015 онд 4, 5 удаагийн худалдан авалт хийсэн падаан байгаа. Би бүрдүүлээд өгсөн. Тэгээд 12 дугаар сард бөөн бичсэн. 2016 онд “М” ХХК нь дахин давтагдашгүй дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан шивсэн. Татварын хэлтсийн цахим тайланд шивэгддэг. Худалдагч, худалдан авагч хоёрт харагдана. Татварын хэлтэс харахгүй. Хяналт шалгалтынхан шалгалтын үед харах эрхтэй байдаг. ...график шалгалтаар ...2013-2016 он хүртэл шалгаж акт тогтоосон. Торгууль оногдуулсан. 2015 онд 76800000 төгрөгийн зөрчлийг шалгаад зөрчилгүй байсан. Намайг кассын ордер чинь байна. Зарлагын падаан байхгүй байна гээд байгаа. Би хамт өгсөн. ...Баримтын үдээсийг задалсан байна уу? гэдгийг шалгаж аваагүй. Энэ баримтыг буцааж авахад дотор нь зарлагын падаан болон нэмэгдсэн өртгийн албан татварын баримт байсан эсэхийг үзээгүй. Би баримтаа үддэг. Зарлагын падаан болон нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг үдсэн...” гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь “Татварын хэлтсийн №0176052 дугаарын шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нь “Д” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны санхүү, татварын тайлан, анхан шатны баримт, харилцах дансны хуулга, хөрөнгийн мэдээлэл зэрэгт хяналт шалгалтыг хийж “...а) 2015 онд бусдад олгосон хөдөлмөрийн хөлснөөс хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй 3200000 төгрөгийн зөрчил нь Монгол Улсын хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11.1, 11.6-д заасныг,

б) 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “М” ХХК-аас  барилгын материал аваагүй атлаа авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хуурамч хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан 69818181,82 төгрөгийн зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д ...заасныг,

в) 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “М” ХХК-аас  барилгын материал аваагүй атлаа авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хуурамч хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан 227272727,27 төгрөгийн зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д ...заасныг тус тус зөрчсөн...[2] хэмээн нийт 300290909,09 төгрөгийн “зөрчил”-д 10405090.90 төгрөгийн шийтгэл, 4726400 төгрөгийн хохирол, 30029090.90 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 45160581.80 төгрөгийг “Д” ХХК-аар төлүүлэхээр 0176052 дугаарын шийтгэлийн хуудсыг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргажээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь “Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3 дахь заалт буюу зөрчил шалган шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ...мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т заасан энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, 1.4 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэснийг зөрчсөн, ...татварын улсын байцаагч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан зөрчлийг хянан шалгах эрхгүй... шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3, 40.3-д заасан шаардлагуудыг хангаагүй... Захиргааны хариуцлагын тухай хуулийг хэрэглэх байсан...” гэсэн агуулгаар маргаж байна.

Нэг. Зөрчил шалган шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө” гэж,

Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил ...” гэж тус тус хуульчилжээ.

Тиймээс энэхүү хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй бөгөөд хариуцагч нь “Д” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны санхүү, татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, харилцах дансны хуулга, хөрөнгийн мэдээлэл зэрэгт татварын хяналт шалгалтыг хийсэн нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор байна.

Хоёр. Татварын улсын байцаагч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн эсэхийг хянан шалгах эрхтэй эсэх тухайд: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.12-т “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ...11.19 зүйл...-д заасан зөрчлийг шалган шийдвэрлэнэ” гэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19[3] дүгээр зүйлд “Татварын ерөнхий хууль зөрчих” гэсэн байгаа бол уг зүйлийн 3-5 дахь хэсгүүдэд нэмэгдсэн өртгийн албан татвартай холбогдох зөрчил, уг зөрчилд холбогдох этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар тусгажээ.

Харин Татварын ерөнхий хуулийн зорилтыг “...татвар төлөгч болон татварын албаны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” хэмээн тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Татварыг татварын төрөлд ангилах ба тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна” гэж, 7.3 “..Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх дараах татвар улсын татварт хамаарна”, 7.3.3-т “нэмэгдсэн өртгийн албан татвар” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1, 29.1.6 дахь хэсгүүдэд татвар ногдуулах, төлөх, татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх, татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулах бүрэн эрхийг татварын улсын байцаагч эдлэхээр тус тус хуульчилсан байна.  

Тодруулбал: Монгол Улсын албан татвартай холбогдолтой үүсэх харилцааг зохицуулах суурь хууль нь Татварын ерөнхий хууль бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар нь Монгол Улсын албан татварын нэгэн төрөл байна.

Тиймээс тус төрлийн татвартай холбогдолтой аливаа харилцааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар зохицуулах ба тухайн хуулиар зохицуулагдаагүй /нэмэгдсэн өртгийн албан татвартай холбогдолтой/ харилцаанд Татварын ерөнхий хуулийн зохицуулалтыг хэрэглэнэ. Тухайлбал: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар тус хуулийг зөрчсөн эсэхийг хянан шалгахтай холбогдолтой харилцааг зохицуулаагүй тул энэ төрлийн харилцаанд Татварын ерөнхий хуульд заасан зохицуулалтыг хэрэглэх нь зүйн хэрэг юм.

Тиймээс татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд “Д” ХХК-ийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн эсэхтэй холбоотой зөрчлийг хянан шалгах эрхийг эдлэх бөгөөд дээрх хуулийн зохицуулалтуудаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... татварын улсын байцаагч нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой зөрчлийг хянах, шалгах эрхгүй...” хэмээх тайлбар үгүйсгэгдэж байна.

Гурав. “...Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй...” гэх тайлбарын тухайд:  Татварын улсын байцаагч  нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0176052 дугаарын шийтгэлийн хуудас /цаашид “шийтгэлийн хуудас” гэх/-ын 1 дэх заалтдаа “...Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ТЕХ-ийн 74.1, 74.3, 74.1.11, НӨАТ-ын 17.1-д заасан торгуулийн шийтгэл оногдуулж...” гэжээ.

Шийтгэлийн хуудсын дээрх заалт болон татварын улсын байцаагчийн гаргаж буй тайлбар зэргийг дүгнэхэд хариуцагч нь 1926000724 дугаарын зөрчлийн хэргийн холбогдогч “Д” ХХК-нд шийтгэл ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан бус тус хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг[4]-т заасныг үндэслэн зөрчил гарах үед үйлчилж байсан Татварын ерөнхий хууль, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын зохицуулалт болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан хариуцлагыг ногдуулжээ.

Тиймээс хариуцагчийг Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэх боломжгүй юм.

Дөрөв. “...Захиргааны хариуцлагын тухай хуулийг хэрэглэх байсан...” гэх тухайд: Захиргааны хариуцлагын тухай хууль нь 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон байна. Өөрөөр хэлбэл 2015-2016 онуудад хүчин төгөлдөр үйлчилж байжээ. Уг хуулиар захиргааны зөрчил гаргасан этгээдэд захиргааны хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулж байсан ч татварын, тэр дундаа Хувь хүний орлогын албан татварын тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудыг зөрчсөн этгээдэд хариуцлага ногдуулах эсэхтэй холбогдолтой ямар нэгэн зохицуулалт байхгүй байна.

Тиймээс зөрчил үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан албан татвартай холбогдолтой харилцааг нарийвчлан зохицуулсан хууль болох Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад заасан зохицуулалтыг хэрэглэсэн хариуцагчийг “Захиргааны хариуцлагын тухай хуулийг хэрэглээгүй” гэж буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.  

Тав. Хариуцагч нь “Д” ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн эсэх, шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3, 40.3-д заасан шаардлагыг хангасан эсэх тухайд: Энэхүү хэргийн маргааны зүйл нь хувь хүний орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, төлөхтэй холбогдон үүссэн маргаан байна.

0176052 дугаарын шийтгэлийн хуудсанд тусгагдсан татваруудыг ногдуулах, төсөвт төлүүлэх, буцаан олгох, тайлагнах, хянан шалгах эрх зүйн харилцааг тухайлан зохицуулсан хууль нь Татварын ерөнхий хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиуд юм.     

Харин Татварын ерөнхий хууль болон Зөрчлийн тухай хуулиудаар татварын хууль тогтоомжийг зөрчсөний улмаас татвар төлөгчид хүлээлгэх хариуцлагатай холбогдох эрх зүйн харилцааг зохицуулдаг бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлдсэн нэмэгдсэн өртгийн албан татвартай холбогдох зөрчилд хүлээлгэх хариуцлагыг 2006 онд батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль нэгэн адил зохицуулж байсан байна.

Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх татварын хяналт шалгалт хийх “...хөөн хэлэлцэх хугацаа 5 жил...” гэх заалт болон Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ”, 4 дэх хэсэгт заасан “...эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 5 дахь хэсэгт заасан “...эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” хэмээх заалтуудаар татварын алба, татварын улсын байцаагч нь цаг хугацааны хязгаарлалтгүйгээр хяналт шалгалтыг явуулж татвар төлөгчид хүндрэл учруулахгүй, төрийн хяналт шалгалт, эрх мэдлийн дарамтаас хамгаалсан, хяналт шалгалтаар нэгэнт зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд түүнд хамгийн хөнгөн байх хариуцлагыг ногдуулж болох хуулийг сонгож хэрэглэхийг эрх бүхий этгээдэд үүрэг болгосон зохицуулалтууд юм.

Тухайн зөрчил үйлдэгдэх үед батлагдаагүй байсан, эсхүл батлагдсан ч хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй байсан хууль нь татварын хяналт шалгалтаар зөрчлийг илрүүлэх үед шинээр үйлчилж эхэлсэн байгаа тохиолдолд түүнийг хэрэглэхийг “..хуулийг буцаан хэрэглэнэ” гэж ойлгох бөгөөд “Д” ХХК-ийн гаргасан гэх зөрчлүүдэд Зөрчлийн тухай хууль болон Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль[5]-уудыг тус компанийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн тохиолдолд буцаан хэрэглэнэ. 

Хариуцагч татварын улсын байцаагч нь “...Би “Д” ХХК-нд ...хариуцлага ногдуулахдаа эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулиудын заалтуудыг хэрэглэсэн...” гэж мэтгэлцэж байна.

Тиймээс шүүх зөрчил тус бүрд холбогдох нотлох баримт болон маргаан бүхий шийтгэлийн хуудсын бичилт, хууль зүйн үндэслэлийг судлан үзэхэд дараах байдал тогтоогдлоо. Үүнд:

Шийтгэлийн хуудсанд “...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, 4 дэх хэсэгт заасан шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байх тул... ШИЙДВЭРЛЭХ нь: 1. Холбогдогч “Д” ХХК-нд нийт 300,290,909.90 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ТЕХ-ийн 74.1, 74.3, 74.1.11-д, НӨАТ-ын 17.1-д заасан торгуулийн шийтгэл оногдуулж...” гэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2,  4 дэх хэсэгт “...нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж... хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Харин шийтгэл ногдуулсан хуулиудын холбогдох заалтуудыг харвал: 2008 онд батлагдсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж,

- 74.3-т “...алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж,

- тус хуульд 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан зохицуулалтад болох 74.1.11-д “...нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүйгэж,

- 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан зохицуулалт болох 74.1-д “...алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж,

- 2006 онд батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлбэл зохих иргэн, хуулийн этгээд харъяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж дараахь хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус хуульчилсан байсан байна.

А) Нэхэмжлэгч нь “...2015 онд бусдад олгосон цалин, хөдөлмөрийн хөлс болох нийт 3200000 төгрөгөөс хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлсөн...” [6] эсэх маргааны тухайд: “Д” ХХК нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 болон 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар ажилтанд олгох цалин, хөдөлмөрийн хөлснөөс албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүргийг хүлээсэн суутгагч байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар Монгол Улсын иргэн нь хуулиар ногдуулсан албан татварыг төлөх үндсэн үүргийг ёсчлон биелүүлэх үүрэгтэй. Харин “Д” ХХК нь албан татвар суутгагч хуулийн этгээдийнхээ хувьд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 болон 11 дүгээр зүйлийн 11.1, 23 дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1.1-д тус тус зааснаар өөрөөс иргэн /ажилтан/-д олгож буй цалин, хөдөлмөрийн хөлсний орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр ногдох албан татварыг суутган авч төсөвт төлөх замаар тухайн иргэний татвар төлөх үүргийг хэрэгжүүлэх учиртай.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д тус тус зааснаар бусдад олгож буй цалин, хөдөлмөрийн хөлсний орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох бөгөөд тухайн орлогод ногдох жилийн албан татварт 84000 төгрөгийн албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр зохицуулжээ.

Гэтэл “Д” ХХК нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн  дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэлгүйгээр 2015 оны 8-11 дүгээр саруудад нийт 5 удаагийн гүйлгээгээр буюу 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Энхсайханы Баярчимэгт 500000 төгрөг, Ганхуягийн Пэрлийдуламд 300000 төгрөг, 08 дугаар сарын 31-ний өдөр Ганхуягийн Пэрлийдуламд 1500000 төгрөг, 09 дүгээр сарын 14-ний өдөр Дамбын Бямбадашид 600000 төгрөг, 11 дүгээр сарын 23-ны өдөр Батмэндэд 300000 төгрөг, бүгд 3200000 төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлсийг олгохдоо Нийгмийн даатгалын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтад заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг суутган авч төсөвт төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2015 онд ...3200000 төгрөгийн ажлын хөлснөөс ...нягтлангийн санамсаргүй алдаанаас болж орхигдуулснаас болоод суутганы татвараа аваагүй...” гэх тайлбар, гэрч О.Эийн “...Хувь хүний орлогын албан татварыг 10 хувиар тооцох ёстой... Хэдэн ажилтан ажиллуулж цалин хөлс өгсөн юм билээ. ...Би 10 хувийг нь суутгаж аваагүй буруутай зүйл байгаа...” гэх мэдүүлэг, “Д” ХХК болон тус компанийн захирал Д.Батдоржоос иргэн Батмэнд, Д.Бямбадаш, Г.Пэрлийдулам, Э.Баярчимэг нарт бүгд 3200000 төгрөгийг шилжүүлсэн ХАС банкны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Төлбөрийн баримт”, ХААН банкны 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Орлогын мэдүүлэг, 2015 оны 08 дугаар сарын 21, 09 дүгээр сарын 14-ний өдрүүдийн “Мөнгөн шилжүүлэг”-ийн баримтууд, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 280 дугаарын албан бичиг зэргээр нотлогдож байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалт нь тухайн иргэнд олгох орлогын бодит дүнгээс нь тооцож татвараа суутгахыг заасан зохицуулалт бөгөөд нэгэнт “Д” ХХК нь дээрх нэр бүхий иргэдэд олгосон цалин, хөдөлмөрийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл суутгаагүй, энэ талаар маргаагүй тул иргэн /ажилтан/-д олгосон орлогын бодит дүнгээс нь татвар ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.   

Гэхдээ хариуцагч нь маргаан бүхий 0176052 дугаарын шийтгэлийн хуудсаар дээрх 3200000 төгрөгийн зөрчилд хариуцлага ногдуулахдаа ямар төрлийн татварын тухайлсан хуулийг хэрэглэсэн болон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн “74.1” гэсэн нь тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан болон оруулахаас өмнөх зохицуулалтуудын чухам яг алийг нь хэрэглэсэн, нөхөн татвар, торгууль, алданги тус бүрт хэдэн төгрөг тооцсон, тухайн зөрчилд ногдуулсан нийт төлбөрийн хэмжээ зэрэг нь тодорхойгүй байгаа нь хариуцагчийн шийтгэлийн хуудас гаргахдаа үндэслэл болгосон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...шийтгэл оногдуулах ...хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл ...талаар тусгана” гэх зохицуулалтыг хангаагүй байна.  

Б) “Д” ХХК нь  “...“Монгол гранд эйнжил инвест” ХХК-аас барилгын материалыг аваагүй атлаа авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хуурамч хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогыг бууруулан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 69818181,82 төгрөгийн зөрчил гаргаж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг, ...2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 227272727,27 төгрөгийн зөрчил гаргаж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг зөрчсөн...” эсэх тухайд: 1926000724 дугаар зөрчлийн хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Мөнхцэцэгийн гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаар дүгнэлтийг хавсаргажээ.

Уг дүгнэлтэд: “...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын ТУБ Б.Баяртогтох, З.Баяржаргал нар нь “М” ХХК-ийн 2012.01.01-ний өдрөөс 2016.12.31-ний өдрийг дуустал хугацаанд албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалтыг хийж  ... ...2. 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 56 793 641 886.81 төгрөгийн борлуулалттай  /391 ш падаан/...”, “3. 2016 онд 127 279 733 846.93 төгрөгийн борлуулалттай /1084 ш падаан/...”, ”... 368 690 515 795.50 төгрөгийн зөрчил илрүүлэн 2017.06.22-нд 250000817 тоот ТУБ-ийн дүгнэлт гаргасан байна. ...дүгнэлт нь үндэслэлтэй байна... 368 690 515 795.50 төгрөгийн зөрчлөөс 53 343 887 927.25 төгрөгийн зөрчлийг хасч 315 346 627 868.30 төгрөгийн зөрчилд 31 534 662 786.83 төгрөгийн НӨАТ нөхөн төлөхөөр байна...”, ... “М” ХХК нь 2012, 2015-2016 онуудад нийт 1479 аж ахуйн нэгжүүдээс /давхардсан тоогоор/ 184 217 012 098.14 төгрөгийн борлуулалт хийсэн гэж НӨАТ-ын тайланд тусгасан нь үндэслэлгүй байна. ...Шинжилгээгээр 130 873 124 170.13 төгрөгийн зөрчил тооцов... ”М” ХХК болон бусад худалдан авалт хийсэн мэтээр цахим баримт хэвлүүлж тайлагнасан аж ахуйн нэгжүүдийн аль нь хариуцах эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Аж ахуй нэгж бүрээр нь хавсралтаар харуулсан болно /Хавсралт №...6/...” гэсэн байх ба дүгнэлтийн ““М” ХХК-ний татварын зөрчлийн тооцоо” /хавсралт 6/-д бүртгэгдсэн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтаас “Д” ХХК-нд холбогдох хэсгийг хүснэгтэд тэмдэглэгдсэнээр харуулбал[7]:

VatiNo

огноо

Падаан

дугаар

Худалдан авагч

Татвар ногдуулах орлогын дүн

Нэмэгдсэн өртгийн албан татвар

Нийт дүн

Татвар ногдуулах нийт

орлогын дүн (6+7)

Нэмэгдсэн өртгийн

албан татвар

Нийт дүн

Татвар ногдуулах нийт орлогын дүн (6+7)

Нэмэгдсэн өртгийн албан татвар

Нийт дүн

Тайлбар

ЗЦГ-аас ирүүлсэн хөндлөнгийн мэдээллийн дагуу буцаалтаар хасагдсан

...376

18958608

30 DEC-15

5437024

2603381

Д

69,818,181.82

6,981,818.18

76800000

 

 

 

69,818,181.82

6,981,818.18

76800000

 

 

...Дүн

56,793,641,886.81

5,679,364,188.54

62,473,006,075.46

3102722200

310272220

3412994420

53,690,919,686.83

5,369,091,968.63

59,060,011,655.47

 

...91

30-MAR-16

22384594

5437024

2603381

Д

227,272,727.27

22,727,272.73

250,000,000.00

 

 

 

227,272,727.27

22,727,272.73

250,000,000.00

 

 

...2016 оны дүн

127,279,733,847.69

12,727,973,385.00

140,007,707,232.69

50,241,165,727.25

5,024,116,572.85

55,265,282,300.10

77,038,568,120.44

7,703856,812.15

84,742,424,932.59

 

 

Нийт дүн

184,217,012,098.14

18,421,701,209.90

202,638,713,308.15

53,343,887,927.23

5,334,388,792.86

58,678,276,720.09

130,873,124,170.91

13,087,312,417.04

143,960,436,588.06

 

гэжээ.

“Д” ХХК-ийн гаргасан гэх нэмэгдсэн өртгийн албан татвартай холбогдох зөрчлүүдийг он тус бүрээр задлан үзвэл: “...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр татвар ногдуулах орлогыг бууруулсан 69818181,82 төгрөгийн зөрчил гаргаж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг зөрчсөн...” эсэх. 2006 онд батлагдаж 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр хүчингүй болсон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “бараа” гэж мөнгөн хөрөнгөөс бусад бүх төрлийн хөрөнгийг” гэж, 4.1.3-т “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа ...ний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгоно гэж, 14 дүгээр зүйлийн 14.3[8]-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж тус тус заасан байна 

Хариуцагчаас 5437024 дугаарын регистртэй “М” ХХК-аас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2603381 дугаарын регистртэй “Д” ХХК-нд олгосон 0018958608 дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хуулбарыг хэрэгт нотлох баримтаар ирүүлжээ.

Гэвч уг баримтан дээрх худалдан авалтын бичилтийг унших боломжгүй байдлаар хуулбарласан байх тул шүүх уг баримтын эх хувийг хэрэгт нотлох баримтаар ирүүлэхийг хариуцагч болон “М” ХХК-ийн захирал Р.Батсуурьт холбогдох эрүүгийн хэргээс авч ирүүлэхийг Нийслэлийн прокурорын газраас тус тус шаардсан боловч “байхгүй” гэсэн хариуг ирүүлсэн бөгөөд  “Д” ХХК энэ баримтыг хэрэгт нотлох баримтаар өгөөгүй болно.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” гэжээ.

Нэхэмжлэгч нь “М” ХХК-аас: - 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр цагаан замаск 400 /хэмжих нэгж бичигдээгүй/ нэгж тутмыг 8000 төгрөг, бүгд 3200000 төгрөгөөр худалдан авсныг 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр[9],

- 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цемент 80 тонныг нэгж тутмыг 170000 төгрөг, бүгд 13600000 төгрөгөөр худалдан авсныг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр,

- 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр цемент 120 тонныг нэгж тутмыг 170000 төгрөг, бүгд 20400000 төгрөгөөр худалдан авсныг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр,

- 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр цемент 130 тонныг нэгж тутмыг 170000 төгрөг, бүгд 22100000 төгрөгөөр худалдан авсныг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус тус төлсөн гэх зарлагын баримт болон кассын орлогын ордер[10]-уудыг,  

- 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр арматур Ф-16, Ф-22 гэх бараа, материалыг 14 тонныг нэгж тутмыг 1250000 төгрөг, бүгд 17500000 төгрөгөөр худалдан авсан гэх зарлагын баримт,

- арматурын үнэ 13500000 төгрөг төлсөн гэх огноо бичигдээгүй кассын орлогын ордер[11],

- 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр арматурын үнэ 13500000 төгрөг төлсөн гэх кассын орлогын ордер[12]-уудын хуулбарыг нотлох баримтаар өгсөн бөгөөд эдгээр баримтуудад “М” ХХК-ийн санхүүгийн “ХТА6419 5437024” дугаар бүхий тэмдэг дарагдсан байна.

Дээрх баримтуудаас харахад “Д” ХХК нь “М” ХХК-аас 2015 онд нийт 76800000 төгрөгийн бараа материалыг худалдан авснаас 59300000 төгрөгийн төлбөрийг төлсөн, 17500000 төгрөгийн бараа материалын үнийг төлөөгүй байх боломжтой байх ба 2 удаагийн тус бүр 13500000 төгрөг, бүгд 27000000 төгрөгийг төлсөн гэх кассын орлогын ордер нь 2015 онд худалдан авсан байх боломжтой дээрх бараа материалын үнийг төлсөн баримт мөн эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй[13] байна.

Гэхдээ шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь “...2015 онд “М” ХХК-аас ...манайх цемент, арматур, цагаан замаск гэсэн гурван төрлийн 76900000 төгрөгийн материал авсан... зарлагын баримт, орлогын баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг компанийн тамга тэмдэгтэй бичиг ...баримтуудыг 2015 оны санхүүгийн тайландаа буюу бараа материал худалдан авалтын бүртгэлдээ бүгдийг нь тусгасан... Манайх анхан шатны баримтаа бүгдийг нь өгсөн. Энд нэмэгдсэн зүйл байхгүй... 2015-2018 онуудын баримтыг шалгахад энэ баримтыг байгаагүй гэж нэг ч удаа хэлээгүй...” гэж, хариуцагч татварын улсын байцаагч нь “...Намайг үзэхэд зарлагын падаан[14] байгаагүй. Кассын орлогын ордер байсан...” гэж мэтгэлцэж байна.

Татварын хяналт шалгалтаар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг гаргаж өгөх, түүнд хяналт шалгалтыг хийж үнэлэх асуудал нь холбогдох хуулийн этгээд, татварын алба, татварын улсын байцаагчийн эрх, үүргийн хэмжээний асуудал бөгөөд шүүх татварын хяналт шалгалтаар хянагдсан эсэх нь эргэлзээтэй нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт /зарлагын баримт/-ыг нотлох баримтаар шууд үнэлэн маргаж буй нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч тооцох, эсхүл тооцохгүй байх учиртай хэмээн дүгнэх боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал юм.

-“...2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр татвар ногдуулах орлогыг бууруулсан 227272727,27 төгрөгийн зөрчил гаргаж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг зөрчсөн...” эсэх: 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэжээ.

Зөрчлийн 1926000724 дугаарын хэргийн 144 дүгээр хуудсанд “Д” ХХК нь “М” ХХК-аас 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 250000000 төгрөгийн бараа материал худалдан авсан гэх ДДТД: 000005437024000160408000001043969, 22384594 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хавсаргасан байх ба хэргийн оролцогчдоос тус худалдан авалттай холбогдолтой өөр нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “М” ХХК-аас “Д” ХХК-д тухайн худалдан авалтад хамааралтай нягтлан бодох бүртгэлийн анхан шатны өөр баримт өгөөгүй талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Дээрх 22384594 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд “Огноо: 2016-03-30, Борлуулагчийн ТТД: 5437024, Нэр: М” ХХК, Худалдан авагчийн ТТД: 2603381, Нэр: Д, Бараа, ажил, үйлчилгээний нэр Барилгын материалын төрөлжсөн бус дэлгүүрийн жижиглэн худалдаа, Код 6216, Хэмжих нэгж ш, Тоо, хэмжээ 1,00, Нэгжийн үнэ 250,000,000, Бүгд дүн 250,000,000, Бараа, ажил үйлчилгээний үнэ: 227,272,727.27, Нэмэгдсэн өртгийн албан татвар: 22,727,272.73, Нийт дүн: 250,000,000” гэж тэмдэглэжээ.      

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд  “...2015 онд Татварын ерөнхий газрын сайт дээр хар жагсаалтанд орсон компаниудын нэрсийг гаргасан байсан. Тухайн жагсаалтыг харахад “М” компанийн нэр байгаагүй... 2016 онд “М” ХХК-аас бараа материалын төлбөрийн заримыг нь зээлээр, заримыг нь бэлэн мөнгөөр нь төлж байсан. Энэ талаар нягтлан бодох бүртгэлийн бүх баримт бичигтээ тусгасан байгаа. Нууж хаасан зүйл огт байхгүй... нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг дангаараа анхан шатны баримт болно гэж журамд заасан байгаа” гэж, харин хариуцагч нар нь “...2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “М” ХХК-аас барилгын материалыг аваагүй атал авсан мэтээр хий бичилт хийж нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг тайланд тусгаж татвар ногдох орлогоо бууруулсан 227272727.27 төгрөгийн зөрчлийг ямар ч анхан шатны баримт байхгүйгээр зөвхөн цахимаар шийдсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан байсан. ...Нэмэгдсэн өртгийн албан татвар, бусад падаанд тусгагдаагүй бол тооцохгүй гэсний дагуу нөхөн татвар, 10 хувийн 22727272.73 төгрөгийн торгууль ногдуулсан... нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг дангаараа анхан шатны баримт болно гэсэн зохицуулалт хэзээнээс үйлчилж эхэлснийг сайн санахгүй байна” гэж тус тус мэтгэлцэж байна.

“М” ХХК нь 2016 онд татварын цахим бүртгэлд бүртгэх замаар 22384594 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг “Д” ХХК-нд олгосон болох нь гэрч О.Эийн “...2016 оноос цахим тайлан нэвтэрсэн. Давтагдашгүй дугаараар “М” ХХК нь манай “Д” ХХК-д еbarimt-аа шивж илгээсэн...” гэх мэдүүлгээр тогтоогдож байх ба хэргийн оролцогчид үүнийг үгүйсгэсэнгүй.  

Татварын улсын байцаагчийн 2019 оны 0176052 дугаартай шийтгэлийн хуудсаар “Д” ХХК-нд хариуцлага ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвартай холбогдох зөрчлүүдийн талаар нэгтгэн дүгнэвэл: Хариуцагч нарын нотлох баримтаар үнэлэн “...”Д” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хуурамч болох нь тогтоогдсон...” хэмээн тайлбарлаж буй Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаарын дүгнэлтээр:

Нэгдүгээрт: “М” ХХК-аас “Хавсралт-6”-д тэмдэглэгдсэн аж ахуйн нэгжүүдтэй 2012, 2015-2016 онуудад “...борлуулалт хийсэн гэж НӨАТ-ын тайланд тусгасан нь үндэслэлгүй...” гэж дүгнэжээ.

- 2006 онд батлагдан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр хүчингүй болсон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт зааснаар 0018958608 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг татварын албанаас “М” ХХК-нд олгосон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичиг,

- 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-4.1.18, 4.1.20-4.1.21, 17 дугаар зүйлийн 17.3.4-т тус тус зааснаар 22384594 дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь “М” ХХК-аас татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хариуцсан нэгдсэн системд бүртгэл оруулах замаар “Д” ХХК-нд олгож буй баримт бичиг байх тул уг дугаарын нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хуурамч гэж үзэх боломжгүй байна.

Харин шинжээчийн 228 дугаарын дүгнэлтэд “...тайланд тусгасан нь үндэслэлгүй...” гэж дүгнэсэнчлэн энэхүү хоёр хязгаарлагдмал хариуцлагатай компанийн аль нэг нь, эсхүл хэн аль нь дээр дурдагдаж буй хоёр удаагийн борлуулалтын зарлага, худалдан авалтын орлогоо нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгасан байдал нь зөрчилтэй байх боломжтой юм. Өөрөөр хэлбэл тухайн 2 нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээрх бичилт нь зөрчил үүсгэх нөхцлийг бүрдүүлсэн байх боломжтой юм.

Тиймээс тус хоёр компанийн хооронд 2 удаагийн худалдах, худалдан авах ажиллагаа бодитоор явагдсан эсэхийг дахин нягтлан шалгаж, хэн буруутай талаар нь холбогдох албан татварыг нөхөн төлүүлэн, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх замаар буруутай татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлүүлэх, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж буй татвар төлөгчийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хэрэгжүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэхээр байна.

Хоёрдугаарт: Татварын хяналт шалгалтыг дахин явуулах шаардлагатай гэж үзсэн шалтгаан нь - Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Баяртогтох, З.Баяржаргал нар нь “М” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт /бүрэн/ хяналт шалгалтыг хийж 368,690,515,795.5 төгрөгийн зөрчлийг илрүүлснийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 250000817 дугаартай дүгнэлтийг гаргажээ. Уг дүгнэлтийн хавсралтын 218 дугаарт ““Д” ХХК Өвөрхангай 297,090,909,09” гэсэн бүртгэл байна.

Харин Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “М” ХХК болон “Дашиншил” ХХК-уудын захирал Р.Б гэх хүнд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 201725020896 дугаартай хэрэг үүсгэж, улмаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт явуулсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр уг эрүүгийн хэргийг хаах тухай санал гарган прокурорт хүргүүлсэн, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор уг хэргийг хаасан болох нь Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоол[15]-оор нотлогдож байна.

Дээрх 58 дугаар тогтоолд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “их хэмжээний хохирол”-д хүрэхгүй буюу зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдсон тул Татварын байгууллагад Татварын ерөнхий хуулийн дагуу зохих арга хэмжээг авахуулахаар эдгээр аж ахуйн нэгжийн нэрсийг албан бичгээр хүргүүлсэн нь үндэслэлтэй байна” гэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаарын дүгнэлтийн 11 дэх асуултын хариултад “...“М” ХХК болон бусад худалдан авалт хийсэн мэтээр цахим баримт хэвлүүлж тайлагнасан аж ахуйн нэгжүүдийн аль нь хариуцах эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна...” гэжээ.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 250000817 дугаарын дүгнэлт болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 228 дугаарын дүгнэлт, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 58 дугаарын тогтоолуудын аль алинаар нь “Д” ХХК-ийг “М” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хийсэн 69,818,181.82 төгрөгийн, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хийсэн 227,272,727.27 төгрөг, нийт 297090909,09 төгрөгийн худалдан авалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх үүрэгтэй хэмээн дүгнээгүй байх ба харин “М” ХХК болон “Д” ХХК-ийн хэн алиных нь анхан шатны баримтад татварын хяналт шалгалтыг явуулсны эцэст холбогдох этгээдээр нэмэгдсэн өртгийн албан татварыг төлүүлэх чиглэлийг заасан байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нь “Д” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж 0176052 дугаарын шийтгэлийн хуудсыг гаргасан талаар өмнө тэмдэглэсэн.

Гэвч “М” ХХК болон “Д” ХХК-уудын хооронд 2015, 2016 онуудад хийгдсэн гэх худалдан авах ажиллагаатай холбогдох баримтууд, гэрч Б.Бгийн “...“Д” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын “М” компаниас бараа материалын худалдан авалтыг би хийсэн. Улаанбаатар хотод дулааны шугамд ашиглахаар 500-гийн диаметртэй ган турбо 46 ширхэгийг худалдаж авсан. Уг турбог зээлээр авсан бөгөөд мөнгийг нь хувааж нэлээд удаж байж өгсөн. Уг турбоны нэг метрийн үнэ нь 460000 орчим төгрөг болж байсан бөгөөд нийт үнэ нь 240 саяас 250 сая орчим төгрөг болсон...” гэх мэдүүлэг болон Өвөрхангай аймгийн Татварын хэлтэс, татварын улсын байцаагч нар нь дээрх 2 хуулийн этгээдийн хооронд 2015 онд хийгдсэн гэх худалдан авалттай холбогдолтой санхүүгийн анхан шатны баримтанд татварын хяналт шалгалтыг явуулж 2016 онд зөрчилгүй, 2019 онд зөрчилтэй хэмээн эсрэг агуулгыг илэрхийлсэн 2 өөр шийдвэр гаргасан талаар тайлбарлаж буй нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, энэхүү тайлбарыг хариуцагч нар үгүйсгэхгүй байгаа зэргээр тус 2 компанийн хооронд худалдах, худалдан авах ажиллагаатай холбогдох харилцаа огт байгаагүй гэдэг нь нотлогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2019 онд хийсэн татварын хяналт шалгалтад “Д” ХХК болон “М” ХХК-уудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хийсэн гэх борлуулалтын анхан шатны зарим баримтыг хамруулсан эсэх талаараа маргаж байгаагаас гадна уг борлуулалтыг нотлох нэмэгдсэн өртгийн албан татварын падааны эх хувийг алга болгосон зэрэг зөрчилтэй байдлууд үүссэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байгаа, хэргийн оролцогчдын хэн ал нь өөрийн маргаж байгаа асуудлаа бүрэн нотолж чадахгүй байгаа зэрэг нь шүүх татварын хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийгдсэн эсэхэд эргэлзэх нөхцөл байдал үүслээ.

Захиргааны байгууллага, албан тушаалтан болох татварын алба, татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалтыг явуулж, холбогдох захиргааны актыг гаргахдаа уг харилцааг зохицуулсан тухайлсан хуулиас гадна Захиргааны ерөнхий хуульд заасан тусгай зарчмууд болон холбогдох бусад зохицуулалтуудыг үйл ажиллагаандаа баримтлах үүрэгтэй.

Хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас харахад хариуцагч нар нь “Д” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоо бууруулсан гэдгийг хангалттай нотлож чадахгүй байх ба тэдгээрийн нэхэмжлэгчийг буруутган нотлох баримтаар үнэлж буй Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 250000817, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 228  дугаарын дүгнэлтүүдээр “Д” ХХК-ийг зөрчил гаргасан болохыг нотолж тогтоогоогүй байна.

Хэрвээ нэхэмжлэгч нь “М” ХХК-тай дээр дурдсан хоёр удаагийн худалдан авалтыг бодитоор хийсэн нь тогтоогдвол Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ын дагуу “Д” ХХК-ийн хувьд “М” ХХК-аас олгосон нэмэгдсэн өртгийн албан татварыг үнэн зөв хууль ёсны дагуу олгогдсон гэж итгэх итгэл хамгаалагдах учиртай.

Тиймээс татварын алба нь “М” ХХК болон “Д” ХХК-уудын хооронд нэмэгдсэн өртгийн албан татвар орсон дүнгээр 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 76800000 төгрөгийн, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 250000000 төгрөгийн худалдах, худалдан авах ажиллагаа бодитоор хийгдсэн эсэхийг тус хоёр компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг байлцуулан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад дахин тухайлсан шалгалтыг хийж, эргэлзээтэй байдал гарвал 2 компанийн хооронд хийгдсэн худалдан авалтын баримт бичгүүдийг тулгаж үзэх, үүрэг бүхий этгээдүүдээс тайлбар, холбогдох этгээдээс гэрчийн мэдүүлэг авах, шаардлагатай тохиолдолд дээрх ажиллагааг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэстэй хамтран ажиллах замаар тухайн 2 зөрчлийг гаргасан хуулийн этгээдийг нэгбүрчлэн, эргэлзээгүй байдлаар тодруулсны үндсэн дээр үүрэг бүхий талаар нэмэгдсэн өртгийн албан татваруудыг төлүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэвзээ “М” ХХК нь дээрх худалдан авалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татваруудыг төлөөгүй буруутай бол тус компаниас олгосон нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа татвараас чөлөөлөгдөх орлогоор тусгасан нь “Д” ХХК-ийн буруу биш бөгөөд энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн дээрх зарчим үйлчилж татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдаж байх учиртай.

Харин “Д” ХХК нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг хуурамчаар бүрдүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгасан болох нь хангалттай нотлогдвол түүнд хуульд заасан хариуцлага ногдуулах нь зүйн хэрэг юм.

Мөн бодит байдал дээр маргаанд дурдагдаж буй 2 зөрчлийг үүсгэх нөхцөл байдлыг “М” ХХК болон “Д” ХХК-уудын хэн аль нь бий болгосон бол өөр өөрсдийн холбогдох буруутай хэсэгтээ хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцнэ.

Гуравдугаарт: Шийтгэлийн хуудсын бичилтийн тухайд дүгнэхэд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “...Шийтгэл оногдуулахдаа 30 хувиар оногдуулсан гэж ...яриад байна. Гэтэл бодит байдал дээр 35 хувиар шийтгэл оногдуулсан. 1396663 төгрөгөөр хэтрүүлж оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй акт юм. ...30029090  төгрөгийн шийтгэлийн 30 хувь нь 9000000 гаран төгрөг болж байна. Гэтэл үндсэн шийтгэл дээрээ оногдуулсан нь 10409010 төгрөг болоод байгаа...” гэж, хариуцагч татварын улсын байцаагч нь “...программаас бодоод гаргаад ирсэн. ...Торгууль нь 50 хувь байгаа. ...35 хувь гэсэн зүйл хаана ч байхгүй...” хэмээн мэтгэлцэж байна.

Хэдийгээр хариуцагч нар “Д” ХХК-нд хариуцлага ногдуулсан шийтгэлийн хуудсынхаа агуулгыг Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрхэн хэрэглэсэн байдлаа тайлбарлаж байгаа боловч түүний 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан 0176052 дугаарын шийтгэлийн хуудсын 1 дэх хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ТЕХ-ийн 74.1, 74.3, 74.1.11, НӨАТ-ын 17.1-д заасан торгуулийн шийтгэл[16] оногдуулсныг зааж, 2 дахь хэсэгт шийтгэлийн 10,405,090.90 төгрөг, хохирлын 4,726,400 төгрөг, нөхөн төлбөрийн 30,029,090.90 төгрөг, нийт 45,160,581.80 төгрөгийн төлбөрийг Төрийн сангийн дансанд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхийг даалгасан байна.

Шийтгэлийн хуудсын энэхүү бичилтээс харахад “Д” ХХК-ийн хэзээ гаргасан гэх аль зөрчилд нь хэзээ батлагдаж, ямар хугацаанд үйлчилж байсан ямар хуулийн аль зүйл, хэсэг, заалтыг үндэслэн нөхөн татвар, торгууль, алданги, хүү тус бүр хэдэн төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хууль буцаан хэрэглэсэн эсэхийг нягтлан шалгах боломжгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн тайлбарласан шиг уг шийтгэлийн хуудаснаас зөрчил тус бүрийн ялгаа, тэдгээрт ногдуулсан нөхөн татвар, ногдуулсан хариуцлагын хэмжээг ялгаж харах боломжгүй байгаагаас гадна түүнд бичигдсэн 30,029,090.90 төгрөгийн зөрчлийн 30% нь 9,008,727 төгрөг болж байхад “...шийтгэлийн 10,405,090.90 төгрөг...” гэсэн нь 30,029,090.90 төгрөгийн 34,65 орчим хувьтай тэнцэж байна.

Мөн хариуцагч татварын улсын байцаагч нь “...Зөрчил шалган шийдвэрлэх тэмдэглэл дээр энэ хуулийн заалтуудыг бичсэн байгаа...” гэж тайлбарлаж байна. Гэвч Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.8-д зааснаар тэмдэглэлийг үйлдэх бөгөөд энэ нь захиргааны актын шинжийг агуулахгүй ба уг тэмдэглэлийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хөтөлсөн бөгөөд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг мөн оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан, 3200000 төгрөгийн зөрчилд холбогдох тухайлсан хуулийн зохицуулалт огт байхгүй[17] зэрэг зөрчлүүдийг агуулжээ.

Ийнхүү маргаан бүхий шийтгэлийн хуудсын нэг мөр ойлгогдох байдал нь эргэлзээ төрүүлэхүйц бичилттэй, зөрчил тус бүрийн хууль зүйн үндэслэл, төлбөр, хариуцлагын хэмжээг ялгаа заагтай ойлгомжтой бичээгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах ...хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл...талаар тусгана” гэх шаардлагуудыг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...30 хувиар оногдуулсан гэж ...байна... бодит байдал дээр 35 хувиар шийтгэл оногдуулсан... эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн” гэж тайлбарлаж байгааг шүүх буруутгах, няцаах боломжгүй байна.

Зүй нь хариуцагч нар нь зөрчил тус бүрт холбогдуулан захиргааны акт гарган хэдэн онд батлагдан хэзээ хүртэл  үйлчилж байсан ямар хуулийн аль зүйл, хэсэг, заалтыг баримтлан ямар төрлийн татварын зөрчилд ямар хэмжээний нөхөн төлбөр, хүү, алданги, торгууль ногдуулж байгаагаа тусгасан бол ойлгомжтой бөгөөд хуульд нийцсэн захиргааны акт болох байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагчийг “Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар “улсын байцаагчийн акт” гаргах байсан” гэж буруутгаж байгааг анхаарч үзэх нь зүйтэй юм.

Эцэст нь дүгнэхэд өмнө тайлбарласанчлан 3 төрлийн зөрчлөөс “Д” ХХК болон “М” ХХК-уудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрүүдэд хийгдсэн гэх 2 удаагийн худалдах, худалдан авах харилцаа үнэхээр үүссэн эсэхийг дахин нягтлан шалгаж тогтоосны эцэст хэн буруутай этгээдээр хуульд заасан хэмжээгээр нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлж, түүнд ногдох хариуцлагыг хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэхээр байна.

Ийнхүү шүүх маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Д” ХХК-нд хариуцлага ногдуулахдаа тус компанийн эрх зүйн байдлыг дордуулсан болон дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй бөгөөд дээрх нөхцөл байдлуудыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн боловч нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч нар нь “Д” ХХК болон “М” ХХК-уудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрүүдэд хийгдсэн гэх худалдан авах ажиллагаатай холбогдох нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад татварын хяналт шалгалтыг нарийвчлан хийж “Д” ХХК-нд холбогдох 1926000724 дугаарын зөрчлийн хэрэгт дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0176052 дугаарын шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин “Д” ХХК-ийн холбогдсон “...2015 онд бусдад олгосон цалин, хөдөлмөрийн хөлс болох нийт 3200000 төгрөгөөс хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлсөн эсэх...” зөрчлийг нэхэмжлэгч үгүйсгээгүй, холбогдох баримтаар нотлогдож байгаа тул хариуцагч нь энэхүү зөрчилд нь холбогдох захиргааны актыг хуульд нийцүүлэн гаргах нь зөв бөгөөд хариуцагч нар нь энэхүү гурван сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0176052 дугаарын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг тайлбарлах нь зүйтэй байна.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4, 1.5 дугаар зүйлийн 8, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, 74.3.11 /2008 онд батлагдан 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 /2006 онд батлагдсан/, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д заасныг тус тус үндэслэн Өвөрхангай аймгийн Татварын хэлтэс, татварын улсын байцаагчийг “Д” ХХК-нд холбогдох 1926000724 дугаарын зөрчлийн хэрэгт дахин шинэ акт гаргах хүртэл татварын улсын байцаагчийн 0176052 дугаарын шийтгэлийн хуудсыг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.    

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Өвөрхангай аймгийн Татварын хэлтэс, татварын улсын байцаагч нь шүүхээс тогтоосон гурван сарын хугацаанд “Д” ХХК-нд холбогдох 1926000724 дугаартай зөрчлийн хэрэгт дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шүүх тус хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0176052 дугаарын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Д” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд давж заалдах гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЧИМЭГ

                                      

 


[1] 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хийсэн.

[2]а, б, в” гэж ялгасан бичвэрүүдийг татварын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-д тусгаснаар оруулав.

[3] Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд уг хуулийг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө. 

[4] Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ”.

[5] Нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил 2015 оноос эхэлсэн тул түүнээс хойш батлагдсан, эсхүл хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудыг харьцуулан судлах үүрэг үүсч байна.

[6] Зөрчлүүдийн тухайлан бичсэн (А, Б гэх) хэсгийг татварын улсын байцаагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт бичсэнээр товчлон оруулав.

[7] Бүртгэлийг шийдвэрт тусгахдаа энэхүү А4 цаасны босоо бичилтийн стандарт хэмжээнд багтаах үүднээс хүснэгтийн ихэнх босоо бичвэрийг хажуу тийш харуулж бичсэн бөгөөд дугаарын өмнөх “...” тэмдэглэгээ нь “үүнээс өмнө бичилт бий” гэсэн санааг илэрхийлж байгаа болно. 

[8] Хариуцагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргах үндэслэл болгон тайлбарлаж буй заалт.

[9] Зөрчлийн хэргийн 136 дугаар хуудас.

[10] Хэргийн 95, Зөрчлийн хэргийн 137 дугаар хуудас.

[11] Зөрчлийн хэргийн 137 дугаар хуудас.

[12] Хэргийн 97 дугаар хуудас.

[13] Тухайн огноогүй болон 2017 оны огноотой 2 ширхэг төлбөрийн баримтуудыг 2015 онд хийгдсэн гэх худалдан авалтад хамааралтай гэдэг талаар нэхэмжлэгч талаар тайлбар хийсэнгүй.

[14] Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн “Зарлагын баримт”-ууд. Хэргийн 92-94 дүгээр хуудас.

[15] Зөрчлийн 1926000724 дугаарын хэргийн 113 дугаар хуудас.

[16] Шийтгэлийн хуудсанд бичигдсэнээр бичив.

[17] Хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас Хувь хүний орлогын албан татварын тухай хууль зөрчсөн зөрчил гэдгийг ойлгосон.