Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/0015

 

“Д” ХХК-ийн гомдолтой,

ӨВА-ийн ТХ-ийн ТУБ-д холбогдох

зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг,

Шүүгчид:                                    М.Батсуурь,

                                                    Х.Батсүрэн,

                                                    Б.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:   Т.Даваажаргал,

Гомдлын шаардлага: ӨВА-ийн ТХ-ийн 0176052 дугаарын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 121/ШШ2020/0017 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 610 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн өмгөөлөгч С.Батцэрэн, хариуцагч Т.Бадамхорол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 121/ШШ2020/0017 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар Татварын ерөнхий /2008/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан ӨВА-ийн ТХ-ийн ТУБ-йн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0176052 дугаартай шийтгэлийн хуудсаар “Д” ХХК-д ногдуулсан 45,160,581.80 төгрөгийн төлбөрөөс хүү, торгуулийг хасч, 10,426,036.42 төгрөгөөр багасгаж, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-ыг баримтлан “Татварын хэлтсийн 0176052 дугаарын шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдолтой Өвөрхангай аймгийн Татварын хэлтэст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 610 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 4, Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, 74.1.11, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг тус тус баримтлан “Д” ХХК-иас “Татварын хэлтсийн 0176052 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий ӨВА-ийн ТХ-ийн улсын байцаагч Т.Бадамхорол, Өвөрхангай аймгийн Татварын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгон шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гомдол гаргагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна.

4. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4-т захиргааны актад татварын улсын байцаагч гарын үсэг зурж, хариуцсан нэгжийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэтэл 0176052 дугаартай шийтгэлийн хуудаст Өвөрхангай аймгийн татварын хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зураагүй, формаль эрх зүйн шаардлага хангаагүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, хүчин төгөлдөр бус акт байхад 2 шатны шүүх хэрэглэх ёстой дээрх хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн уг шийтгэлийн хуудас нь хэрэглэсэн хуулийн үндэслэл, нөхөн татвар, торгууль, алдангийн төлбөр, зөрчилд ногдуулсан нийт төлбөрийн хэмжээ тодорхойгүй. 35 хувиар торгууль оногдуулж хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн зэрэг зөрчил нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7.2.2-т тус тус заасан хууль зүйн шаардлагыг хангаагүй атал 2 шатны шүүх захиргааны актын эрх зүйн зөрчилд огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

5. “Д” ХХК нь “Монголгранд эйнжил инвэст” ХХК-аас 2015 онд нийт 76,800,000 төгрөгийн бараа материалыг худалдан авсан бөгөөд санхүүгийн анхан шатны бүх баримтууд хэргийн 92-107 хуудаст авагдсан атал 2 шатны шүүх эдгээр баримтыг огт үнэлэлгүйгээр анхан шатны баримт байхгүй, хий бичилттэй падаан болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасантай нийцэхгүй байна.

6. Нөгөө талаар 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр анх зөрчлийн хэрэг нээхэд зөвхөн 2 төрлийн зөрчлийг шалгаж /227,272,727.27 төгрөг, 3,200,000/ прокурор хяналт тавьсан байдаг бөгөөд зөрчлийн хэргийг хаахад мөн зөвхөн дээрх 2 зөрчлийн хүрээнд прокурор шийдвэр гаргасан байдаг. Гэтэл татварын улсын байцаагч нь прокурорын хяналтад хянагдаагүй, Санхүүгийн тайланд тусгасан анхан шатны бүх баримтууд хэрэгт авагдсан 76,800,000 төгрөгийн худалдан авалтыг өөрийн дураар зөрчилд тооцон нэмж, 3 төрлийн зөрчил болгож, шийтгэлийн хуудас оногдуулсан. Өмнө нь 2016 онд Татварын улсын байцаагчид “Д” ХХК-ийн 2015 оны санхүүгийн тайланд 2 удаа шалгалт хийж 76,800,000 төгрөгийн худалдан авалтыг татварын зөрчилгүй гэж дүгнэж байсан бөгөөд 0018958608 дугаарын падааныг татварын улсын байцаагчид ажлын уялдаа холбоогүй, хариуцлагагүй үйлдлийн улмаас эх хувийг үрэгдүүлсэн нь Татварын улсын байцаагч Ж.Оюуны мэдүүлгээр тогтоогдсоор байхад энэхүү хариуцлагагүй үйлдэл, эс үйлдэлд огт дүгнэлт хийгээгүй атлаа анхан шатны баримт байхгүй гэж дүгнэсэн төдийгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 32 дугаар зүйлийн 32.1-т заасан хэрэгт ач холбогдол бүхий баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Бид хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан шийдвэрийг энэхүү хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж Өвөрхангай аймгийн Прокурорын газарт удаа дараа уг баримтыг гаргаж өгөх талаар хүсэлт гаргасан боловч боломжгүй гэх хариу өгсөн.

7. Давж заалдах шатны шүүх нөхөн татварт ногдох торгуулийн хэмжээг 30 хувиар тооцсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нөхөн татварт ногдуулах торгуулийн хэмжээ 30 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтыг зөрчиж, 35 хувиар торгууль ногдуулж, эрх хэмжээгээ хэтрүүлсэн. /Нөхөн татвар 30,029,090.90*30%=9,008,727.27 төгрөг атал 10,405,090.90 төгрөгийн торгууль оногдуулсан/

8. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2016/ 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.12-4.1.18, 4.1.20-4.1.21, 17 дугаар зүйлийн 17.3.4-т тус тус зааснаар 22384594 дугаарын падаан нь дангаараа төлбөрийн баримт болохоор зохицуулсан бөгөөд уг падаан нь төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан 22384594 дугаарын падаан хэрэгт авагдсан атал 2 шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

9. Иймд, дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал, ӨВА-ийн ТХ-ийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0176052 дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалд өөрчлөлт оруулж, шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийг багасгаж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

11. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “цалин олгохдоо хувь хүний орлогын албан татвар суутгаагүй, хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглаж, татвар ногдох орлого бууруулсан” гэх үндэслэлээр 45,160,581 төгрөгийн төлбөр тогтоосон байна.

12. Гомдол гаргагч “Д” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар “Монгол гранд эйнжил инвэст” ХХК-иас 69,818,181 төгрөгийн, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 227,272,727 төгрөгийн бараа, материал худалдан авсан гэх боловч бодитоор худалдан авалт хийгдээгүй, хий бичилттэй болох нь шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 58 дугаар тогтоолоор тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

13. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан тул гомдол гаргагчийн “бараа материал худалдан авсан” гэх гомдол үндэслэлгүй, санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдохгүй байна.

14. Шийтгэлийн хуудсаар “2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хий бичилттэй падаан ашигласан” гэх зөрчилд 6,981,818 төгрөгийн нөхөн татвар, 3,490,909 төгрөгийн торгууль оногдуулж, 50 хувиар торгуулийн хэмжээг тооцсон нь  эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй байх тул төлбөрийг 2,158,545 төгрөгөөр багасгах хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. 

15. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4-т “нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зохицуулсан.

16. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2016 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлбэл зохих иргэн, хуулийн этгээд харъяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж дараах хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “нөхөн төлбөл зохих албан татварын 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулах” гэж заасан байна.

17. Иймээс гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4-т зааснаар дээрдүүлсэн байх тул зөрчлийн энэ хэсэгт нөхөн төлөх татвараас 30 хувийн торгууль тооцох хууль зүйн үндэслэлтэй, давж заалдах шатны шүүхийн “илүү нарийвчилсан хуулийн заалтыг баримтлах” тухай дүгнэлт буруу болжээ.

18. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “2015 онд хувь хүний орлогын албан  татвар суутгаагүй” гэх зөрчилд 320,000 төгрөгийн нөхөн татвараас 50 хувиар тооцож, 160,000 төгрөгийн алданги тогтоосон нь гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

19. Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасан нь гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалт байх бөгөөд энэ зүйлд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөлт орж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн, тухайн үед 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шийтгэлийн хуудас үйлдэх үед энэ хуулийг гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалт гэж үзэж хэрэглэнэ.

20. Гомдол гаргагчийн “нийт төлбөрийн хэмжээ тодорхойгүй 35 хувиар торгууль оногдуулж, хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн” тухай гомдол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагчаас зөрчил тус бүрийн нөхөн татвар, торгууль, алдангийг задалж тооцсон нь хуульд нийцсэн, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг холбогдох хуулиар ялгаатай тооцохоор заасан тул төлбөрөөс 35 хувиар торгууль тооцоогүй, гомдлын энэ хэсэг үндэслэлгүй байна.

21. Гомдлын “зөвхөн хоёр зөрчлийн хүрээнд прокурор хяналт тавьсан, сайн дураар 3 төрлийн зөрчил болгож, нэмсэн” гэх үндэслэлийн тухайд: 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Зөрчлийн хэрэг илрүүлсэн тухай тэмдэглэл, 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээс үзэхэд зөрчил шалгах ажиллагаа нь гурван зөрчлийн хүрээнд шалгагдсан, энэ талаар гомдол гаргагч мэдэж байсан болох нь зөрчилд холбогдогчийн “...2015 оны 12 дугаар сарын 30-нд нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр 76,800,000 төгрөгийн барилгын материал худалдаж авсан баримттай. Нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр 250,000,000 төгрөг баримтгүй байгаа. Тодорхой хэмжээний бараа олгож байгаа, гэхдээ дүнгийн нь нэмсэн байхаа” гэх тайлбараар няцаагдсан, зөрчил шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна.

22. Дээрх үндэслэлүүдээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 610 дугаар магадлалын 1 дэх заалтын “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, төлбөрийн хэмжээг 43,002,036 төгрөг болгож багасгасугай” гэж өөрчилж, гомдол гаргагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ