Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1377

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,                            

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэг, түүний өмгөөлөгч А.Энхбуйр,

гэрч О.Ганбаатар,

шүүгдэгч М.Т, Б.С, тэдгээрийн өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Т, Б.С нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 08097 0419 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.Т. 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн офицер, ам бүл 4, эхнэр, хүүхэд, эмээгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3 дугаар хэсэг, Сургуулийн гудамжны 1303 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.С, 1994 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн офицер, ам бүл 3 эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамж 115 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч М.Т, Б.С нар нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамтран эргүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа “Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 629 дугаартай “Албадан эрүүлжүүлэх” код журамд заасан үүргээ биелүүлээгүй буюу согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн Н.Уламбаярыг эрүүлжүүлэх байр эсвэл хамгаалах хүнд хариуцуулж өгөөгүйн улмаас 2018 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 11 дүгээр гудамжинд Н.Уламбаяр нь осгож нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яллах дүгнэлтэд Уламбаярыг авч явсан талаар бичигдсэн байдаг. Уламбаярыг авч явсан гэдэг нь тогтоогдсон уу гэж асуумаар байна. Бидний авч явсан хүн болох Жаргалсайхан нь одоо амьд байгаа. Бид Уламбаяр гэх хүнийг авч яваагүй” гэв.

Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооноос хүн аваад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Батлах Хамгаалах Их Сургуулийн хажуу талын урд хэсэгт буулгасан. Бидний буулгасан хүн одоо амьд сэрүүн явж байгаа. Тэр хүний нэрийг Жаргалсайхан гэдэг. Бид хоёрт хамааралгүй хүний асуудалтай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж байгааг ойлгохгүй байна. Бид энэ хэрэгт хамааралгүй. Бидний Батлан Хамгаалах Их Сургуулийн хажууд буулгасан хүн болох Жаргалсайхан өнөөдөр амьд сэрүүн явж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Миний дүү талийгаач Н.Уламбаяр нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр амь үрэгдсэн юм. Энэ мэдээллийг 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад хандсанаар мэдсэн. 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр бид гэр бүлээрээ аавынхаа гэрт цуглараад орой 16:30 минутын үед бүгдээрээ гэртээ харьцгаасан. Тэгээд манай талийгаач дүүг өнгөрсөн гэдгийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны шөнө Цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн, цагдаагийн ажилтнууд хоёр удаа очсон гэдэг мэдээллийг авсан. 23 цагийн үед цагдаагийн албан хаагчид манай дүүг алаг тэрэгтээ суулгаад явж байхыг Баяр харсан. Энэ мэдээллийг талийгаачийн найз болох Баярын эгчийн хүү нь шөнийн 00-цагийн үед ажлаа тараад гэртээ орох гэж байхдаа талийгаачийг цагдаагийн алаг тэргэнд суулгаад аваад явсан талаар хэлсэн байдаг. Баярыг 20 цагийн үед манай дүү гэрт нь хүргэж өгчихөөд буцаад гарч явахдаа гэрийнхээ үүднээс 20 метрийн зайд унасан. Шүүгдэгч нарын ярьж байгаагаар дуудлага өгсөн гэх газраас очиж авахад 20 метрийн зайд байсан. Маргааш өглөөний 10:00 цаг хүртэлх хугацаанд гэртээ ирэхийг нь хүлээхэд тэрээр ирээгүй бөгөөд өдөржингөө гэртээ ирээгүй. Тэгээд гэртээ ирэхгүй байхаар нь талийгаач дүүгийн гэр бүлийнхэн манай ээж аав руу 2018 оны 10 дугаар сарын 03-ны шөнө утасдаж Уламбаяр ирээгүй талаар хэлсэн. Маргааш өглөө би аавыгаа зуслангаас очиж аваад Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очоод манай дүүг өглөөний 08:30 минутаас эхлэн оройг хүртэл бүтэн өдөржингөө цагдаагийн бүрэлдэхүүн хайсан. Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн албан дээр асуухад та эрүүлжүүлэх байрнаас очоод асуугаарай гэхээр нь эрүүлжүүлэх байрнаас очиж асуусан. Тэгээд Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэх байранд очоод шүүлгэхэд нэр нь гарч ирэхгүй байсан. Танай дүүгийнх хэд дүгээр хороо бэ гэж асуусан тэгэхээр нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо гэж хэлэхэд цагдаагийн 3 дугаар хэлтэст харьяалалтай юм байна гэхээр нь 3 дугаар хэлтэст очоод асуухад эргүүлийн хэлтсийн ажилтнаас нь хүн хайгаад явж байгаа тухайгаа хэлэхэд хариулах хүн байхгүй, яах гэж байгаа юм бэ гэж асуусан. Би хаанаас асуух бэ гэж асуухад та мэдээллийн ажилтнаас асуугаарай гэж хэлсэн. Цагдаагийн байгууллага иймэрхүү байдалтай ажил, албаны чиг үүргээ хэрэгжүүлж ажилладаг гэдгийг мэдсэн. Миний бодлоор жижүүрийн офицер гэх хүн миний асуусан асуултанд хариулах ёстой байх гомдол, санал, хүсэлт гаргаад ирж байгаа хүнийг мэдээлэл лавлагаанаас өөрөө ороод шүү гэж хэлэхэд гайхсан. Би тэд нарын ажлыг хаанаас мэдэж шүүх ёстой бэ?. Би мэдээллийн тасагт нь ороод мэдээллийн хоёр ажилтан сууж байхад нь ороод учраа хэлээд би компъютер дээрээс нь шүүж үзсэн. Би мэдээлэл хөтөлдөг дэвтрийг нь хүртэл шүүж үзсэн байхгүй байсан. Одоо би яах ёстой бэ гэж асуухад та хорооны цагдаа дээр очоод асууж, лавлаад үзээрэй гэж хэлэхэд би хорооны цагдаагийнх нь утсыг гуйж аваад утсаар яриад танай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр алаг тэрэг манай дүүг аваад явсан байна. Танайх баривчилсан зүйл байна уу гэж асуухад миний бүртгэл мэдээллийн дагуу зөвшөөрлийн дагуу гэмт хэрэг гарсан тохиолдолд алаг тэрэг дуудлагаар ирж авдаг талаар хэлсэн. Над дээр тийм бүртгэл байхгүй гэж хэлсэн. Би хаана очих бэ та хороо дээрээ байна уу гэж асуугаад би яваад очъё гэж хэлээд Улиастайгаас Шар хадны 17 дугаар хороонд явж очсон. Намайг хүлээж бай гэх байдлаар зөндөө хүлээлгэсэн. 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 10:30 миниутад цагдаагийн 3 дугаар хэлтэс дээрээс хэсгийн цагдаа руу ярьсан, улмаар явж очиход намайг байж бай, би ажилтай байна гэх байдлаар 12:00 цаг хүртэл хүлээлгэсэн. Дуудлагатай байна хүлээж бай гээд зөндөө хүлээлгэсэн. Би сүүлдээ аргаа бараад 102 руу залгаж 3 удаа дуудлага өгсөн талаар асуусан. Хамгийн сүүлийнх дээр өнөөдрийн эрүүлийг хариуцаж байгаа офицероо яриулаад өгөөч гэж хэлээд яриад учир явдлаа тайлбарлахад улс орон даяар бүртгэл хийе, эрэн сурвалжлая гэж хэлсэн. 11:40 миниутаас эхлэн миний дүүг Монгол улс даяар эрэн сурвалжлах бүртгэл хийсэн. Эрэн сурвалжлах бүртгэл хийх гэж байгаатай холбогдуулан зураг болоод, бусад мэдээллийг нь харьяа дүүргийн хэлтэс дээр очоод хүсэлт гаргаадах гэж хэлсэн. Би талийгаач дүүгийнхээ зургийг хувьлуулж, бичиг баримтыг нь аваад цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр очсон. Хаана ч цагдаагийн байгууллагын албан тушаалтнуудын хариуцлага байхгүй байсан. Төрийн үйлчилгээг явуулж байгаа гэдгийг ухамсарладаггүй. Би мэдүүлэг өгөхөөсөө өмнө 17 дугаар хорооны хэсгийн төлөөлөгч болох Төмөрхүү рүү утасдаад “миний дүү чи одоо ирэхгүй бол би явлаа би 102-т дуудлага өгөөд Монгол улс даяар эрэн сурвалжуулахаар зарлуулсан” тухайгаа хэлсэн. Би өглөөний 08:30 миниутад цагдаад хандаад оройны 20:30 минут хүртэл хариу сонсоогүй. Тэгээд удахгүй танай дүү чинь нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би аав, ээж хоёрыгоо аваад Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр яваад очлоо. Жижүүрт гарч байсан Зоригтоос асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Би аргаа бараад Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хүрээд ир гэж хэллээ гээд хэлэхэд дуртай дургүй хавтсаа гаргаж ирээд нас барсан гэж байна гэж хэлсэн. 10 дугаар сарын 02-ноос 03-нд ажилласан жижүүр нь бичээд өгсөн байсан. 10 дугаар сарын 03-ны өдөр Мөнх-Эрдэнэ гэх хүн раборт бичиж өгсөн байсан. Бүртгэлийн дэвтэр дээр бичсэн зүйлийг яагаад хэлээд өгч болдоггүй юм бэ? Хэн хариуцахыг нь хүртэл бичсэн. Би сүүлд нь Мөнх-Эрдэнэ хаана байна гэж асуухад Мөнх-Эрдэнэ амралттай байна гэж хэлсэн. Тэгээд би утас руу нь олон удаа залгахад утсаа авахгүй байсан. Зоригт албаны дугаараас залгахад би өнөөдөр амралттай байгаа гэж хэлсэн. Тэгээд би 10 дугаар сарын 05-ны өдөр очсон. Тэгэхэд хуралтай байна та 10:00 цаг хүртэл хүлээж байгаарай гэж хэлсэн. Тэгээд өрөө рүү нь ороход манай талийгаачийн хувцас байсан. Тэгээд эгчээ би энэ хүмүүсийг асуучихаад дараа нь таниас мэдүүлэг авъя гэж хэлэхээр нь би аавыгаа дагуулаад дараагийн ажлаа бодъё гэж бодоод Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс гарсан. Оройны 20:00 цагийн үед дахиад ороход өнөөдөр нийтийн ажиллагаатай болсон тул тантай уулзаж болохгүй гэж хэлсэн. 10 дугаар сарын 07-ны өдөр ирж уулзах уу гээд дуудсан. Би тухайн өдөр талийгаачийн том хүүг дагуулаад очсон. Өдрийн 12:00 цагийн үед очиж мэдүүлэг өгсөн. Манай дүү ариун цэврийн өрөө орчихоод гарч ирэхдээ талийгаачийн хувцас ариун цэврийн өрөөнд байна гэж хэлсэн. Манай талийгаач дүүгийн хувцсыг ариун цэврийн өрөөнд хаясан байсан. Би энэ хэргийн араас яваад 10 сар гаруй хугацаа өнгөрч байна. Эцсийн эцэст өнгөрсөн хүнийг шившиг болгоод өнгөрөөдөг нийгэм болсон байна. Ийм хариуцлагагүй хүмүүсээс болж төрийн нэр хүндийг унагааж болохгүй. Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа ажилчид нь ухамсаргүй, ёс суртахуунгүй, хариуцлагагүй. Би С, Т нартай хэд хэдэн удаа таарч байсан. Камер шүүлтэд нь С хамт яваагүй. Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн камер 360 градусын эргэлттэй, талийгаачийг олсон газрын буюу 360 градусын камер байна. 79 дүгээр сургуулийн камерыг шүүх гээд байгууллагынх нь удирдлагад хандсан. Хичээлийн эрхлэгч нарт нь хүртэл устгахгүй байлгаж байгаач гэж хүсэлт тавьсан. Би эхний ээлжинд камеруудыг бүгдийг нь шүүгээд өгөөч гэж хүсэлт тавьсан. Амаар тавьсан хүсэлт бол хүсэлт биш бичгээр гаргах ёстой гэдгийг ойлгосон. Тэгээд хүсэлт бичиж Мөнх-Эрдэнэ дээр явж ороод миний дүү чи үнэхээр их ажилтай байгаа бол албан тоот хийгээд өгөөч гэж гуйсан. Нийт 36 камер байсан. Цагдаагийн явсан маршрутыг тодорхой болгоод камерын бичлэгийг тодорхой болгоод өгөөч гэж гуйсан. Шар хадны эцсээс “Да хүрээ” хүртэл түгжрэлгүй үед 15 орчим миниут явдаг газар юм. Камер шүүлтэд явахад та талийгаачийг дагуулж явсан С болон Т нарыг дагуулаад яваарай гэж хэлсэн. Би сүүлдээ мөрдөгчдөө хэллээ би хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэдгээ хэлээд хамт явмаар байна гэдгээ хэллээ. Манай эрүүгийн бусад тасгууд ажиллаж байгаа мөрдөгчийн зүгээс хэн ажиллах юм бэ гэхэд ажиллах хүн байхгүй гэж хэлсэн. Би хэлтсийн даргын өрөөнд ороход манай дүүгийн хувцас байсан. Тэгээд би дүүгийнхээ хувцсыг авъя гэж хэлэхэд өгөөгүй. Би гомдолтой байна, гомдол гаргана гэдгээ хэлсэн. Би хууль зүйн сайд, Улсын Ерөнхий прокурорт хандаж гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Гэтэл биднийг юугаа ч мэдэхгүй байхад Цагдаагийн 3 дугаар хэлтсийн дотоод хяналт шалгалтынхан ажлаад эхэлсэн байсан. Цагдаа нар албан тушаалынхаа сандал бөглөж суудаг. Би талийгаач дүүгийнхээ алтан савыг нээлгэх гээд хэдэн цаг, хэдэн минутад өнгөрснийг нь мэдэх гээд асуухад бид нар мэдэхгүй гэж хариулсан. Тэгээд би бүртгэлээс нь хараад хэлье гэж хэлээд 09 цагийн үед гэж хэлсэн. Ингээд байж байтал цагдаагийн 102-оос утасдаад та нөгөө хүнээ олсон уу гэж асуусан. Юу гэсэн үг бэ би цагдаагийн байгууллагад хандаад дүүгээ олох гэж дуудлага өгсөн шүү дээ. Тэгээд би “Гандан Хийд” дээр явж байсан болохоор эргээд ярья гээд утсаа тасалсан. Тэгээд дахиад залгаад эгчээ дуудлага хаах гэсэн юм гэхээр нь би өнөөдрийн жижүүртэй нь яръя би цагдаагийн байгууллагад хандсан миний хэлсэн үг өгүүлбэр болгоныг бичээрэй гэж хэлээд бичүүлсэн. 102 бол иймэрхүү байдалтай хариуцлагагүй ажилладаг. Би аргаа бараад хэвлэл мэдээлэлд ханддаг юм бил үү гэж бодсон. Цагдаагийн ерөнхий газрын дарга, хүн амьны онц ноцтой хэргийг мөрдөх газрын дарга нарт хандаж гомдол гаргасан. Энэ хэргийг мөрдөж эхлээгүй байхад эд нарын хэлтэс нь ажилласан. Энэ хэргийг цагдаагийн тусгай субъектээр шалгуулъя гэх хүсэлт гаргаагүй. 10 дугаар сарын 07-ны өдөр хохирогчоор тогтоогоод анхны мэдүүлэг авсан. Дахин очиход тусгай субъект шалгахаар болсон талаар хэлсэн. Талийгаачийн задлан шинжилгээ хийх дүгнэлт гарсан байхаар нь дүгнэлтийг харахад 10 дугаар сарын 03-ны өдөр 09:00 цагт тухайн хэргийн газарт криминалистик шинжилгээг компютерээс олсон байсан. 2009 оны архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад бүртгэгдсэн байсан. Шүүх шинжилгээний байгууллагад задланд орсон байсан. Шүүх шинжилгээний байгууллага нь үнэхээрийн хариуцлагагүй. 10 дугаар сарын 03-ны өдөр задлан шинжилгээгээ хийсэн юм уу, 10 дугаар сарын 04-ны өдөр задлан шинжилгээгээ хийсэн эсэх нь тодорхойгүй. Миний талийгаач дүү хэдэн цагт өнгөрсөн талаар асуухад 10 дугаар сарын 03-ны өдөр 09:00 минутад өнгөрсөн гэх тэмдэглэлийг уншиж өгсөн. Шинжээчийн дүгнэлттэй анхнаасаа санал нийлэхгүй байна. Дээрээсээ нилээн том байгууллага шүүгдэгч нарыг хамгаалж байгаа гэж бодож байна. Энэ хоёр хүн чанар ч байхгүй. Та нарт сэтгэл байсан бол хүргээд өгөөд хөршийнх нь хаалгыг цохиход манай урд талын айл байна гэж хэлээд өгөх байсан. Ердөөсөө сэтгэл байхгүй. Хүн болгоныг ялтаны нүдээр хардаг. Би М.Тд үнэхээр их гомдож байна. Шударга шүүхийн өмнө чи надаас болон манай аав ээжээс уучлалт гуйгаарай. Сая шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж байна гэж хэлэхэд би хэргийн материалтай танилцахаар шүүх дээр ирэхэд хэргийн материал дээр тийм зүйл байгаад би нүдэндээ ч итгээгүй. Би чамайг албан үүрэгтээ хангалтгүй хандаж биелүүлээгүйн улмаас гэж хэлсэн болохоор чамайг гараараа алсан гэж хэлээгүй. М.Таа миний талийгаач дүүгийн нэр хүндийг цэвэр ариунаар үлдээнэ шүү. Түүний ар гэрийнхэн болох үр хүүхэд, ач гуч, аав ээж, ах эгч нар байна. Миний дүү нэртэй төртэй хүн байсан юм. Хамгийн анхны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болоход юу юу гээд байсан бэ. Алхам тутамдаа нэг алхахгүй заль хэрэггүй, нэг алхахгүй заль гаргаснаар амжилтанд хүрэхгүй. Эцсийн эцэст Б.С болон М.Т нар нь эцэг хүн, аав хүн, мэргэжлийн сургуулийг төгссөн эрх зүйч хүн байсан. Яаж ийм муухай байж болдог юм бэ. Хохирогчийн ар гэрийнхэн өөрсдөө ч алсан байж магадгүй гэж хэлсэн байсан. Гэрч нараас удаж мэдүүлэг авсан нь юутай холбоотой гээд байгаа юм бэ. Бид нарт ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Шударга шүүхийн өмнө уучлалт гуйгаарай. Уучлалт гуйхгүй бол бид нар албан ёсоор дахин шүүхэд хандана. Тэр өдөр чамайг ахлаж байгаа гэсэн та цагдаагийн албанд арван жил ажиллаж байгаа хүн. Цагдаагийн ажил албан үүргийг амьдралаараа чиглүүлэх үүрэгтэй. Цагдаагийн Ерөнхий газраас чиг үүрэг өгөхөд цагдаагийн хэлтсээс доошоо явдаггүй. Жилд хичнээн хүн үрэгдэж байна. Зүгээр л нэг малын амь гаргаад идэж байгаа юм шиг үнэгүй болчихсон юм уу. Би үнэхээрийн гомдолтой байна. Шүүх минь үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү. Би сэтгэл бөглөрөөд хэцүү байна. Хэлж чадахгүй байна. Дүүгийнхээ оршуулгын шууд болон шууд бус зардалд 25.275.094 төгрөг, сэтгэл санааны хохирол, гэм хорын хохиролд нийт 135.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь талийгаачийн хүү нь Солонгос улсад гурван жилийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллах гэрээ байгуулсан. Миний талийгаач дүү нь аав, ээж, ах эгчдээ тус дэм болж байсан юм. Түүний хайр халамж эхнэр, хүүхдүүдэд ар гэрийнхэнд нь дутагдаж байна. Би шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд хүсэлт гаргаж байсан. Шинжээчийн дүгнэлтэд хувцасны урагдалтын талаар тусгагдсан байсан. Эцэст нь хэлэхэд миний дүү бол гэр бүлдээ халамжтай эцэг хүн байсан. Шударга үнэн шүүх үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гэрч Ганбаатар шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би согтууруулах ундаа хэтрүүлсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх хуулийг мэднэ. Эрүүлжүүлэх байранд яагаад хүн авдаггүй юм бэ гэхээр 8-аас илүү хүн байсан болохоор аваагүй гэсэн. Би шүүгдэгч нарын аваад явж байсан хүнтэй шөнийн 01 цагийн үед таарсан ба тухайн хүн хар өнгийн хувцас өмссөн явж байсан. Эрүүлжүүлэх байранд багтахгүй тохиолдолд өөр эрүүлжүүлэх байр руу авч очиж эрүүлжүүлэх ёстой. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүний гаргасан зөрчлөөс хамаарч эрүүлжүүлэх шаардлагатай хүнийг тавьж явуулж болно. Архи гарсан эсэхийг нь багажаар шалгаж мэддэг. Манай байгууллагад дуудлага авсан талаар мэдэгддэг. Би Бямбасүрэн гэх хүнийг танина. Намайг эрүүлжүүлэх байр руу ороход Бямбасүрэн өөрөө сууж байсан. Манай эрүүлжүүлэх байрны хүн дүүрсэн гэж хэлээд хаалга онгойлгож өгөхгүй өрөөндөө суугаад байсан. Би дуудлага өгсөн хүнийг танина. Би шүүгдэгч нарын дагуулж явсан хүний царайг нь санахгүй байна. Эрүүлжүүлэх байранд аваачиж өгсөн хүнийхээ нэрийг мэдэхгүй байна. Эрүүлжүүлэх байранд аваачсан боловч эрүүлжүүлэх байранд хүлээж авахаас татгалзсан тухай раборт бичсэн. Мөн дуудлагын дагуу биед нь үзлэг хийдэг. Тухайн хүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 хэлтсийн жижүүрийн ахлагчид аваачиж өгсөн гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд 10 сарын 03-ны орой 21 цагийн орчимд байх Баяраагийн эгч нь манай аав руу залгаад урьд шөнө 00 цагийн орчимд манай хүү ажлаасаа ирээд явж байхад Умбааг /Уламбаяр талийгаач/ цагдаагийн машинд аваад явж байсан гэнэ өглөө болон өдөр очиж харлаа гэртээ байхгүй байна гэж хэлсэн байсан. Тэгээд 10 сарын 04-ний өглөө 07 цагийн орчимд манай ээж над руу залгаад энэ талаар хэлэхээр би аавын хамтаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст ирээд талийгаачийн нэрээр шүүлгэхэд тийм хүн ирээгүй байна гэж хэлсэн тэгээд эрүүлжүүлэхийн бүртгэлээс харахад байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 25 дугаар хуудас/,

Гэрч П.Бямбасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр манай эрүүлжүүлэх байрны ачаалал хэвийн байсан. Хэрвээ цагдаагийн албан хаагч Ганбаатар согтуу хүн эрүүлжүүлэхээр авчирсан бол бид хүлээн авна. Манай эрүүлжүүлэх байрны хувьд тухайн өдөр ачаалал хэвийн, хүлээн авах бүрэн боломжтой байсан. Цагдаагийн албан хаагч Ганбаатарын хувьд согтуу хүн эрүүлжүүлэхээр авчирсан надтай уулзсан асуудал огт байхгүй. Худлаа ярьж байна. Намайг гүтгэж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 242 дугаар хуудас/,

Гэрч Б.Ариунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ер нь бусад дүүргийн эрүүлжүүлэх байр дүүрсэн тохиолдолд ёс журмын эргүүлээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу харьяаллын бус иргэдийг хүлээн авдаг..., ...Хэрвээ манай эрүүлжүүлэхийн байранд аль нэг дүүргийн цагдаагийн албан хаагчдын зүгээс харьяаллын бус иргэн авчирсан тохиолдолд бид цагдаагийн ёс журам, өөрийн дүүргийн цагдаагийн хэлтсийн ерөнхий зохицуулагчид мэдэгдэж шаардлагатай тохиолдолд 103 дуудаж тухайн иргэнийг үзүүлсний үндсэн дээр эрүүлжүүлэх эсэхийг шийддэг. Харьяаллын бус иргэн авчирсан тохиолдолд эрүүлжүүлэх боломжтой...” гэх мэдүүлэг /1хх-ийн 245 дугаар хуудас/,

Гэрч Б.Адьяахүү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Дээрх тохиолдолд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 629 дугаар код журмын 629.1 дэх заалтын дагуу цагдаагийн албан хаагч нь биеэ авч ядах чадваргүй, зөрчил гаргаагүй иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэж өгнө...” гэх мэдүүлэг /2хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Т.Түмэнбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баатараа болон Талийгаач Н.Уламбаяртай 2018 оны 10 сарын 2-ны өдөр 0.75, 0.5-ийн шилтэй архи ууж оройн 19 цаг орчимд Баатараа, Талийгаач хоёр намайг хүргэж өгсөн гэж ээж хэлсэн. Улмаар маргааш нь 10 сарын 3-ны өглөө хашаанд байдаг Түмэнжаргал эгчийнд ороход Уламбаярыг өчигдөр орой цагдаа аваад явсан гэсэн. Тэр орой нь Нэргүй ахруу залгаж Н.Уламбаярыг цагдаа аваад явсан гэж хэлүүлсэн. Бид гурав архи уухдаа муудалцсан явдал огт байхгүй...” гэх мэдүүлэг. /1хх 29 дүгээр хуудас/,

Гэрч Д.Баатарзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: манайх БЗД-ийн 17 дугаар хороо Эмнэлгийн 15-461 тоотод байдаг бөгөөд 2018 оны 10 сарын 02 ны орой 18 цагийн рчимд байх би найз Түмэнбаярруу залгахад би Уламбаярынд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрээсээ гараад манайхаас хойш холгүйхэн байдаг Уламбаярынд ганцаараа очсон. Тэднийд очход Түмэнбаяр, Уламбаяр хоер 0.75 литрийн шилтэй архийг талд нь хүртэл уучихсан сууж байж байсан. Уулзаагүй удсан тул юм яриад сууж байсан. Бид 3 архийг ууж дуусгаад Түмэнбаярыг хөл өвдөөд байна гэхээр нь хүргэж өгөх гээд тэндээс гараад Түмэнбаярыг хашааных нь үүдэнд хүргэж өгөөд харьсан. Тэр үед гадаа харанхуй болоогүй байсан бөгөөд Уламбаяр бид хоёр түүний гэрийн гадаа тав орчим минут ярьсан. Тухайн үед тэр харьлаа гээд хашааруугаа орж байгаа харагдсан. Тэгээд 2 хоногийн дараа байх надруу Түмэнбаяр залгаад Уламбаяр олдохгүй байсан чинь нас барсан байдалтай олдсон гэж надад хэлсэн. Намайг ороход нэг шил архины талаар архи байсан. Тэрийг бид гурав хувааж уусан. Өөр архи байсан эсэхийг мэдэхгүй тэр хоёр тийм согтуу байгаагүй, намайг гэр лүү явахын өмнө талийгаач хашааныхаа үүдэнд үлдсэн. Бид гурав хоорондоо хэрэлдэж муудалцсан асуудал огт гараагүй, тэрнээс хойш уулзаагүй. /1хх 30 дугаар хуудас/,

Гэрч Д.Гантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 сарын 2-ны орой ажлаа тараад нөхөр Галбадрахын хамт БЗД-ийн 17-р хороо 79-р сургуулийн хөл бөмбөгийн талбайн баруун талаар хойш явж байхад зам дээр 30 гарсан жинсэн өмдтэй, цагаан өнгийн пүүз эсвэл кеттэй, дээгүүрээ бараан өнгийн хувцастай хүн хажуу тийш хараад хэвтэж байсан. Ил шарх сорив байгаагүй, их согтуу биеэ авч явах чадваргүй, хөл дээрээ арай ядан тогтож байхад нь нөхрийн хамтаар сугадаад хажуу хашааруу булан төшүүлэн суулгаад замруу орж болохгүй гэж анхааруулаад өөрийн 88091093 дугаараас цагдааруу залгаж дуудлага өгсөн. Тэгээд нөхрийн хамт явсан...” гэх мэдүүлэг /1хх 31 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Одбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 сарын 02-ны орой хадам ээжийнхрүүгээ ороод мод ачаад буцаж явтал 79-р сургуулийн баруун талд согтуу хүн нэлээд бээрч даарсан шинжтэй хэвтэж байхаар нь 23 цаг 12 минутад 102 дугаарын утасруу залгаж мэдээлэл өгсөн. Удалгүй 23 цаг 46 минутад 99226534 дугаараас залгаад хөдөлгөөнт эргүүлийн цагдаа байна байршил нь яг хаана вэ гэхээр нь би байршилийг нь тодорхой зааж өгсөн, тэгэхэд 3 дуудлагын дараа яваад очлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1хх 32 дугаар хуудас/

Гэрч Ж.Мөнхтулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хүүхэддээ сургуульд нь хүргэж өгөхөөр гуаш авж өгөхөөр Мэнгэт гээд дэлгүүр орохоор Хоршооллын гудамжаар явж байтал өрөөсөн гутал нь салсан хүн доошоо хараад хэвтэж байсан, тэгээд шууд хүн нас барсан байх шиг байна гэж цагдаад мэдээлэл өгсөн, ойр хавьд өөр сэжигтэй хүн амьтан харагдаагүй...” гэх мэдүүлэг. /1хх 33 дугаар хуудас/,

Гэрч О.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 сарын 2-ны өдөр ажилтай байсан бөгөөд цагдаагийн ахлагч Ч.Батбаярын хамтаар гарч байсан. 10 сарын 2-ны орой 23 цаг өнгөрч байхад Эмийн ургамлын талбайд согтуу хүн агсраад байна гэх дуудлагаар Ч.Батбаярын хамтаар очсон. Тэгээд 30 орчим насны нэг хүнийг аваад БЗД дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шөнийн 01 цаг өнгөрч байхад ирсэн. Тухайн үед Бямбасүрэн ахмад жижүүртэй байсан бөгөөд энэ хүнийг эрүүлжүүлчих үү гэхэд манайх хүн авах боломжгүй байна, хэлтэс рүү чинь мэдэгдсэн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь хүнээ дагуулж гараад БЗД дэх цагдаагийн 1-р хэлтсийн урд хашаан дотор Гачуурт-115 чиглэлд гарч байсан дэслэгч С, ахлах ахлагч Т нартай таарсан. Тэр хоёр нэг хүн дагуулчихсан явж байсан бөгөөл тухайн үед өөрөө хүнтэй явж байсан болохоор сайн анзаарч хараагүй. Тэгээд би машиндаа хүнээ суулгаад буцаад аваад явсан...” гэх мэдүүлэг /1хх 34 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Үнэнгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 10 сарын 2-ны орой 20 цагаас ээлжинд гарсан бөгөөд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа, цагдаагийн а/ч Одхүүгийн хамтаар гарсан. 10 сарын 2-ны орой 22 цаг 40 минутын орчимд БЗД-ийн 9 дүгээр хорооны Ээж хайрханы 6-116 тоотод очиж хүнээс мэдүүлэг авч байтал дуудлага ирсэн байсан. Одхүү надруу залгаад согтуу хүн хэвтэж байна гэх дуудлага ирсэн гэхээр нь чи очоод шалгаад ир гэж хэлээд явуулсан юм. Мэдүүлэг авч дуусаад 00 цагийн орчимд Одхүү буцаж ирээд надад хэлэхдээ нэг согтуу үн хэвтэж байсан, гэрээ зааж өгөхгүй байхаар нь 115 дугаар чиглэлд өгөөд явуулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1хх 35 дугаар хуудас/,

Гэрч Д.Одхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дуудлага өгсөн хүнрүү залгахад хорооноосоо нэлээд дээшээ өгсөнө гэж хэлсэн, тэгээд 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хажуу талд очиход 35 орчим насны, хар өнгийн куртиктай, халимаг үстэй хүн байсан, тухайн үед харанхуй байсан учраас өмд болон гутлыг нь анзаараагүй. Би тухайн үед хорооны цагдаа, а/ч Сү.Ууганбаяртай хамт явж байсан. Очоод хартал дээшээ хараад хэвтэж байхаар нь босоорой гэж хэлтэл өөдөөс элдэвээр харааж, зайлцгаа гээд байхаар нь гэрээ заагаад өг хүргээд өгье гэтэл албатай юм уу гээд байсан. Тэгээд дараагийн дуудлагаруу очоод шалгаж байтал БЗД-ийн 17-р хороо 79 сургуулийн хажууд согтуу хүн хэвтэж байна гэсэн дуудлага ирсэн. Яваад очтол өмнө очсон хүн байсан. Өмдөндөө шээчихсэн байсан, мөн би хувийн машинтайгаа явж байсан болохоор а/а Түмэнжаргал руу залгаад ирээд авчих гэж хэлсэн, 00 цаг 20 минутын орчимд Түмэнжаргал ирэхээр нь нөгөө хүнийг та одоо сэргэсэн үү, гэр чинь хаана вэ гэхэд хуцаад бай гэх мэтээр харааж байсан. Хүнээ Түмэнжаргалд өгч явуулаад дуудлагыг нь давхардсан дуудлага гээд хаасан. Би дараагийн дуудлаганд явсан...” гэх мэдүүлэг. /1хх 36 дугаар хуудас/,

Гэрч Н.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018.10.02-ны өдөр ЧД-ийн 18 дугаар хороо Салхитын зусланд бид нар байж байгаад миний дүү Н.Уламбаяр /талийгаач/ 16.30 цагийн орчимд найз Баяраагийнхаа хамтаар харьлаа гээд гарсан. Тэгээд 10 сарын 03-ны орой 21 цагийн орчимд манай хүү ажлаасаа ирээд явж байхад Умбааг /талийгаач/ цагдаагийн машин аваад явж байсан гэнэ, өглөө болон өдөр очиж харлаа, гэртээ байхгүй байна гэж хэлсэн байсан. Тэгээд 10 сарын 04-ний өглөө 07 цагийн орчимд манай ээж над руу залгаад энэ талаар хэлэхээр нь би аавын хамтаар БЗД дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст ирээд талийгаачийн нэрээр шүүлгэхэд тийм хүн ирээгүй байна гэж хэлсэн, тэгээд эрүүлжүүлэхийн бүртгэлээс харахад байхгүй байсан. Талийгаач маань БЗД-ийн 17 дугаар хороонд харъяалагддаг учраас БЗД дэх цагдаагийн 3 дугаар хэлтэс рүү очиж асуугаад нэрээр нь шүүлгэхэд тийм хүн байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би урьд шөнө цагдаагийн машин аваад явсан гэсэн, цагдаа аваад явсан юм чинь ямар нэгэн бүртгэл байгаа байх гээл шүүлгэхэд байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би БЗД дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү залгаад, эрүүлжүүлэхийн цагдаа руу залгаад ярихад та өглөөхөн асуугаа биз дээ гэж хэлээд утса тасалсан . Тэгэхээр нь би 102 руу залгаад энэ талаар хэлэхэд за би зарлачихъя гэж хэлсэн, тэгтэл БЗД-ийн 3-р хэлтсийн офицер надруу залгаад та зураг болон бичиг баримтыг минь аваад хүрээд ир гэсэн. Тэгээд 17-р хорооны хэсгийн байцаагч Бөхбаттай уулзаад болсон асуудлаа хэлэхэд хамт байсан Мэндбаяр гэх хүн маань нэг хүнтэй яриад гудамнаас алаг тэргээр авсан байна. Тэгээд 115-р чиглэлд шилжүүлсэн байна. Тэр нь яасныг мэдэхгүй гэж хэлсэн. Би БЗД-ийн 3-р халтэст зарлаж байцаалт өгсөн. Орой 20 цаг 10 минутын орчимд Бөхбат залгаад эгчээ танай дүү нас барсан байдалтай БЗД-ийн 24-р хорооноос олдсон байна гэхээр нь би БЗД-ийн 1-р хэлтэст очиж энэ талаар мэдээллэсэн. Талийгаач маань зан байдлын хувьд үг дуу цөөтэй ажилсаг, архи уухаараа бага зэрэг агсан тавьдаг байсан. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй ээ. Талийгаач маань утасгүй байсан. Мөн ямар нэг архаг хууч өвчин байгаагүй, машин засдаг байсан учраас хүмүүс архи авчирч өгдөг байсан. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаагүй. Баяраа нь талийгаачийн бүр багын найз, хоорондоо маргалдаж муудсан зүйл байгаагүй гэсэн. Би талийгаачийн анх олдсон газрыг очиж харсан, тэгэхэд тийшээ зориод очих газар биш байсан, ядаж ойр хавьд нь таньдаг айл байгаагүй. Тэр гудамд их ус тогтсон байсан. Цагдаагийн байгууллага түүнийг гэрийнх нь үүднээс авч явсан байсан, тэгээд ямар ч бүртгэл байгаагүй, аваад явсан цагдаа нь хүртэл бүртгээгүй байсан. Тийм газраас олдсон гэхээр сэжиглэж байгаа. Анх цагдаад дуудлага өгсөн иргэнийг тодруулж өгнө үү...” гэх мэдүүлэг /1хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид гэрт нь хүргэж өгье гэхээд овог, нэр, регистрийн дугаараа өгөхгүй, би өөрөө гэртээ явчихна та нар манайд очиж яах гээд байгаа юм бэ гэх утгатай юм ярьсан. Тэгээд дараагийн дуудлага ирсэн учраас түүнтэй хамт 2-3 цаг орчим хамт явж архи нь нэлээн гарсан байх гэж бодоод Баянзүрх дүүгийн нутаг дэвсгэр Улаанхуарангийн эцсийн буудал орчим буулгасан. /Драгер үлээлгээгүй...” гэх мэдүүлэг /2хх 6-8 дугаар хуудас/, “...гудамжинд байсан цогцсыг танихгүй, энэ хавийн хүмүүс ч мөн танихгүй...” гэх мэдүүлэг. /1хх-ийн 28 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний талаар шинжээчийн 499 дугаартай шинжээчийн №2185 дугаартай дүгнэлт:

1. Нэр хаяг тодорхойгүй эрэгтэй хүний бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дотор эрхтнүүдэд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдохгүй байна.

2. Нэр хаяг нь тодорхойгүй эрэгтэй осгож нас баржээ.

3. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь 5,0%0 спиртийн агууламж илэрсэн гэсэн хариу ирүүлсэн байна. Энэ нь хүнд зэргийн согтолтонд хамаарна.

4. Цус нь ABO –н системээр OI-р бүлэгтэй байна.

5. Нэр бүхий тодорхойгүй эрэгтэйн бие цогцост хийгдсэн шинжилгээгээр үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна.

6. Талийгаач нь хүнд зэргийн согтолттой байсан нь үхэлд нөлөөлсөн байж болно.

7. Осголт нь хэт нам хэмийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

8. Биеийн ил хэсэгт үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн үхэлд нөлөөгүй хөнгөн гэмтэл болно. гэх дүгнэлт /1хх-ийн 45-49/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №499 дугаартай дүгнэлт:

1.2 Талийгаачид дух, хамрын нуруу, зүүн нүдний гадна булан, зүүн мөр, баруун шууны гадна доод хэсэг, 2 өвдөг, зүүн шилбэнд зулгарал, баруун чихний дэлбээнд цус хуралт бүхий гэмтлүүд үүсчээ.

3.4.10 Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөгүй хөнгөн зэргийн гэмтэл бөгөөд гэмтлүүдийг салган тус бүрд нь гэмтлийг зэрэг тогтоовол эрүүл мэнд сарниулахгүй, хэмжээний хувьд жижиг тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Үхэлд хүргэсэн архаг хууч өвчин үгүй байна.

6. Талийгаач нь нам хэмийн ерөнхий үйлчлэлээр осгож нас баржээ.

7. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

8. Шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан 2185 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

9. Талийгаачид үүссэн нүүр мөчдийн зулгарал нь хатуу мохоо зүйлд шүргэлцэх нидрэгдэх үед үүсэх ба нэг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

10. Гэмтлүүдийн үүссэн дараалал тогтоох боломжгүй.

12. Дээрх гэмтэлтэй хүн үйлдэл хөдөлгөөн хийх бүрэн боломжтой.

13. Талийгаачийг зөөвөрлөсөн шинж тогтоогдохгүй байна.

     14. Гэмтэл үүсгэх хүний хүчнээс давсан үйлчлэл гэсэн ойлголт шүүх эмнэлэгт байдаггүй. гэх дүгнэлт /2хх-ийн 198/,

Амь хохирогч Н.Уламбаярын намтар, хувийн мэдээлэл. /2хх 31-52/, Амь хохирогч Н.Уламбаярын хэрэгт Баянзүрх дүүргийн прокурор Г.Батбаярын дахин шинжилгээ хийлгэх тогтоол болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт. /2хх 193-198 дугаар хуудас/, 2019 оны 02 сарын 15-ны өдрийн Цагдаагийн ахлах ахлагч Мөнх-Өнөрийн Тыг эргүүлийн офицероор томилж, “цагдаагийн дэслэгч” цол олгосон ЦЕГ-ын даргын №Б/113 дугаар тушаал, мөн түүний ажил байдлын тодорхойлолт, хувийн мэдээлэл. /2хх 199-206 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл. /1хх 2-3 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /1хх 4-6 дугаар хуудас/, Хэргийн газрыг Google.map-аар дээрээс нь дүрслэн харуулсан байдал /1хх 7 дугаар хуудас/, Үзлэг хийсэн тэмдэглэл. /1хх 13-14 дүгээр хуудас/, БЗДЦХ-3, Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас /1хх 16-17 дугаар хуудас/, Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт. /1хх 168-169/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 3 дугаар хуудас/, Амь хохирогчийн эгч Н.Уранчимэгийн оршуулгын зардлын нэхэмжлэл болон оршуулга болон бусад зардалд гаргасан мөнгөний баримтууд. /2хх 89-102 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 42-44/, оршуулсан цогцост задлан шинжилгээ хийх ажиллагааг гэрэл гэрэл зургаар болон дуу дүрсний аппаратаар бэхжүүлсэн баримт /3хх 27-35/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх 162, 160 дугаар хуудас/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 103-104 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч М.Т, Б.С нар нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамтран эргүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа “Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 629 дугаартай “Албадан эрүүлжүүлэх” код журамд заасан үүргээ биелүүлээгүй буюу согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн Н.Уламбаярыг эрүүлжүүлэх байр эсвэл хамгаалах хүнд хариуцуулж өгөөгүйн улмаас 2018 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 11 дүгээр гудамжинд Н.Уламбаяр нь осгож нас барсан болох нь

Гэрч П.Бямбасүрэнгийн: “...Тухайн өдөр манай эрүүлжүүлэх байрны ачаалал хэвийн байсан. Хэрвээ цагдаагийн албан хаагч Ганбаатар согтуу хүн эрүүлжүүлэхээр авчирсан бол бид хүлээн авна. Манай эрүүлжүүлэх байрны хувьд тухайн өдөр ачаалал хэвийн, хүлээн авах бүрэн боломжтой байсан. Цагдаагийн албан хаагч Ганбаатарын хувьд согтуу хүн эрүүлжүүлэхээр авчирсан надтай уулзсан асуудал огт байхгүй. Худлаа ярьж байна. Намайг гүтгэж байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Адьяахүүгийн: “...Дээрх тохиолдолд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 629 дугаар код журмын 629.1 дэх заалтын дагуу цагдаагийн албан хаагч нь биеэ авч ядах чадваргүй, зөрчил гаргаагүй иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэж өгнө...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.Түмэнбаярын: “...Баатараа болон Талийгаач Н.Уламбаяртай 2018 оны 10 сарын 2-ны өдөр 0.75, 0.5-ийн шилтэй архи ууж оройн 19 цаг орчимд Баатараа, Талийгаач хоёр намайг хүргэж өгсөн гэж ээж хэлсэн. Улмаар маргааш нь 10 сарын 3-ны өглөө хашаанд байдаг Түмэнжаргал эгчийнд ороход Уламбаярыг өчигдөр орой цагдаа аваад явсан гэсэн. Тэр орой нь Нэргүй ахруу залгаж Н.Уламбаярыг цагдаа аваад явсан гэж хэлүүлсэн. Бид гурав архи уухдаа муудалцсан явдал огт байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Гантуяагийн: “...2018 оны 10 сарын 2-ны орой ажлаа тараад нөхөр Галбадрахын хамт БЗД-ийн 17-р хороо 79-р сургуулийн хөл бөмбөгийн талбайн баруун талаар хойш явж байхад зам дээр 30 гарсан жинсэн өмдтэй, цагаан өнгийн пүүз эсвэл кеттэй, дээгүүрээ бараан өнгийн хувцастай хүн хажуу тийш хараад хэвтэж байсан. Ил шарх сорив байгаагүй, их согтуу биеэ авч явах чадваргүй, хөл дээрээ арай ядан тогтож байхад нь нөхрийн хамтаар сугадаад хажуу хашааруу булан төшүүлэн суулгаад замруу орж болохгүй гэж анхааруулаад өөрийн 88091093 дугаараас цагдааруу залгаж дуудлага өгсөн. Тэгээд нөхрийн хамт явсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Одбаярын: “...2018 оны 10 сарын 02-ны орой хадам ээжийнхрүүгээ ороод мод ачаад буцаж явтал 79-р сургуулийн баруун талд согтуу хүн нэлээд бээрч даарсан шинжтэй хэвтэж байхаар нь 23 цаг 12 минутад 102 дугаарын утасруу залгаж мэдээлэл өгсөн. Удалгүй 23 цаг 46 минутад 99226534 дугаараас залгаад хөдөлгөөнт эргүүлийн цагдаа байна байршил нь яг хаана вэ гэхээр нь би байршилийг нь тодорхой зааж өгсөн, тэгэхэд 3 дуудлагын дараа яваад очлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Мөнхтулгын: “...Хүүхэддээ сургуульд нь хүргэж өгөхөөр гуаш авж өгөхөөр Мэнгэт гээд дэлгүүр орохоор Хоршооллын гудамжаар явж байтал өрөөсөн гутал нь салсан хүн доошоо хараад хэвтэж байсан, тэгээд шууд хүн нас барсан байх шиг байна гэж цагдаад мэдээлэл өгсөн, ойр хавьд өөр сэжигтэй хүн амьтан харагдаагүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.Үнэнгэрэлийн: “...Би 2018 оны 10 сарын 2-ны орой 20 цагаас ээлжинд гарсан бөгөөд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа, цагдаагийн а/ч Одхүүгийн хамтаар гарсан. 10 сарын 2-ны орой 22 цаг 40 минутын орчимд БЗД-ийн 9 дүгээр хорооны Ээж хайрханы 6-116 тоотод очиж хүнээс мэдүүлэг авч байтал дуудлага ирсэн байсан. Одхүү надруу залгаад согтуу хүн хэвтэж байна гэх дуудлага ирсэн гэхээр нь чи очоод шалгаад ир гэж хэлээд явуулсан юм. Мэдүүлэг авч дуусаад 00 цагийн орчимд Одхүү буцаж ирээд надад хэлэхдээ нэг согтуу хүн хэвтэж байсан, гэрээ зааж өгөхгүй байхаар нь 115 дугаар чиглэлд өгөөд явуулчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Одхүүгийн: “...Дуудлага өгсөн хүнрүү залгахад хорооноосоо нэлээд дээшээ өгсөнө гэж хэлсэн, тэгээд 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хажуу талд очиход 35 орчим насны, хар өнгийн куртиктай, халимаг үстэй хүн байсан, тухайн үед харанхуй байсан учраас өмд болон гутлыг нь анзаараагүй. Би тухайн үед хорооны цагдаа, а/ч Сү.Ууганбаяртай хамт явж байсан. Очоод хартал дээшээ хараад хэвтэж байхаар нь босоорой гэж хэлтэл өөдөөс элдэвээр харааж, зайлцгаа гээд байхаар нь гэрээ заагаад өг хүргээд өгье гэтэл албатай юм уу гээд байсан. Тэгээд дараагийн дуудлагаруу очоод шалгаж байтал БЗД-ийн 17-р хороо 79 сургуулийн хажууд согтуу хүн хэвтэж байна гэсэн дуудлага ирсэн. Яваад очтол өмнө очсон хүн байсан. Өмдөндөө шээчихсэн байсан, мөн би хувийн машинтайгаа явж байсан болохоор а/а Түмэнжаргал руу залгаад ирээд авчих гэж хэлсэн, 00 цаг 20 минутын орчимд Түмэнжаргал ирэхээр нь нөгөө хүнийг та одоо сэргэсэн үү, гэр чинь хаана вэ гэхэд хуцаад бай гэх мэтээр харааж байсан. Хүнээ Түмэнжаргалд өгч явуулаад дуудлагыг нь давхардсан дуудлага гээд хаасан. Би дараагийн дуудлаганд явсан...” гэсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч М.Т, Б.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Т, Б.С нарыг хууль сахиулагч нь албаны үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч М.Т, Б.С нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэг нь талийгаачийн оршуулгын зардалд нийт 25.275.094 төгрөг, сэтгэл санааны хохирол, гэм хорын хохиролд нийт 135.000.000 төгрөг, талийгаачийн хүүхдийн Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж олох ёстой байсан орлого нэхэмжилнэ гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.

Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн оршуулгын зардалын баримтыг хуульд заасны дагуу үнэлж шашин зан үйлийн баримтаас бусад зардал болон талийгаачийн хүү У.Мөнх-Эрдэнийн Солонгос улсаас ирсэн онгоцны тасалбарийн үнэ зэргийг оролцуулан нийт 10.547.010 төгрөгийг гэм буруутай этгээдүүд болох шүүгдэгч М.Т, Б.С нараас хувь тэнцүүлэн буюу 5.273.505 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Т, Б.С нар нь Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирол төлөхөөр хуульд заасан завсарлага авсан ба уг хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 400.000 төгрөгийг төлсөн болно.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэг нь талийгаачийн хүү У.Мөнх-Эрдэнийн гадаад улсад ажиллах гэрээний дагуух цалин, сэтгэл санааний хохирол, насанд хүрээгүй хүүхдийн тэтгэмж болон гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх бусад нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдүүдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүх шүүгдэгч М.Т, Б.С нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн ноосон цахилгаантай ноосон цамц 1 ширхэг, бүдэг ногоон өнгийн сорочкан цамц 1 ширхэг, саарал өнгийн подвалк 1 ширхэг, хар өнгийн турсик 1 ширхэг, цэнхэр өнгийн оймс 1 хос, түлхүүрийн оосор 2 ширхэг түлхүүртэй, цагаан өнгийн пүүз 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Т, Б.С нарыг хууль сахиулагч албаны үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2-т зааснаар М.Т, Б.С нарын төрийн албанд ажиллах эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Т, Б.С нарт оногдуулсан эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдлэж дууссаны дараагаас эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Т, Б.С нар оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн ноосон цахилгаантай ноосон цамц 1 ширхэг, бүдэг ногоон өнгийн сорочкан цамц 1 ширхэг, саарал өнгийн подвалк 1 ширхэг, хар өнгийн турсик 1 ширхэг, цэнхэр өнгийн оймс 1 хос, түлхүүрийн оосор 2 ширхэг түлхүүртэй, цагаан өнгийн пүүз 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, М.Т, Б.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар М.Т, Б.С нараас тус бүр 5.073.505 /таван сая далан гурван мянга таван зуун тав/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэгт олгосугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэг нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Т, Б.С нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР