Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 366

 

Б.С, М.Т нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч М.Т-ын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.У болон түүний өмгөөлөгч А.Энхбуйр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 561 дүгээр магадлалтай, Б.С, М.Т нарт холбогдох 1806080970419 дугаартай хэргийг шүүгдэгч М.Т-ын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн офицер ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхэд, эмээгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3 дугаар хэсэг, Сургуулийн гудамжны 1303 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, М овогт М-ийн Т,

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн офицер ажилтай байсан, ам бүл 5 эхнэр, хүүхэд, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамж 115 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, У овогт Б-ийн С.

 

М.Т, Б.С нар нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамтран эргүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа “Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 629 дугаартай “Албадан эрүүлжүүлэх” код журамд заасан үүргээ биелүүлээгүй буюу согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн Н.У-ыг эрүүлжүүлэх байр эсвэл хамгаалах хүнд хариуцуулж өгөөгүйн улмаас 2018 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 11 дүгээр гудамжинд Н.Унь осгож нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

            

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Т, Б.С нарыг хууль сахиулагч албаны үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.С-д цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Т-д цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  иргэний хариуцагч Цагдаагийн Ерөнхий газраас 6,519,174 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар ...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, иргэний хариуцагч X.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Т-ын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүх “Хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг тусгана гэсэн хуулийн шаардлагыг хангасангүй.

Анхан шатны шүүх дээрх прокурорын яллах дүгнэлтэд дурдсан үндэслэлээрТүвшинжаргалыг гэм буруутайд тооцож ял шийтгэснийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна.

Т-ыг ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан, ямар үүрэгтэй оролцсон талаар хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед тодруулалгүй орхигдуулжээ.

М.Т-ыг Б.С-тай хамтран эргүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа гэж прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор яллаж, шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Анхан шатны шүүхээс М.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэлээ.

Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “хайнга хандах” гэмт хэргийн бүрэлдэхүүний гэм буруугийн хэлбэр нь болгоомжгүй үйлдлийн улмаас үүсгэгдэнэ. Гэтэл болгоомжгүй байдлаар үйлдэгдэх гэмт хэрэгт М.Т нарыг “санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж шийдвэрлэсэн нь илтэд буруу, хууль бус боллоо.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон нь дараах байдлаар илэрч байна.

Хэрэг учрал болсон цаг хугацааг прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн тогтоолд “2018 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө” гэж бичсэн байхад давж заалдах шатны шуүхийн магадлалд “2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04- нд шилжих шөнө” гэж бичжээ.

Түүнчлэн хэргийн газрын үзлэгээр хохирогч Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 14 дүгээр гудамж, "Газарчин” сургуулийн зүүн хойд орчмоос осгож нас барсан байдалтай олддог /1 хх-н 5/.

Гэтэл түүнийг цагдаа, жолооч Т нар авч явсан гэж прокуророос яллаж, шүүхээс ял шийтгээд байгаа нь ихэд эргэлзээтэй.

Ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2, 2.1 дэх хэсэгт заасан: “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо ... гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацааг ... тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдлыг тусгана” гэсэн хуулийн шаардлагыг бүрэн дүүрэн хангасангүй.

Цагдаад дуудлага өгсөн Д.Гантуяа, Ц.Одбаяр дуудлаганд очсон гэх цагдаагийн ахлагч Д.Одхүү, хохирогчийн төлөөлөгч Н.У, шүүгдэгч М.Т, Б.С нараас хохирогчийг таньж олуулах ажиллагаа хийгээгүй, талийгаачийн явсан маршрут чиглэлийг бүрэн гүйцэд тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч нь хүн, ... тодорхой газар ... -ыг гэрч, хохирогч, яллагдагчаар таньж олуулж болно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт: “ямар шинж тэмдэг, онцлогтойг ...тайлбарлуулж тэмдэглэлд тусгана”, мөн хуулийн 25.6 дугаар зүйлийн 1.5-д “Мэдүүлгийг газар дээр нь шалгах” зэргийг ноцтой зөрчжээ.

Ийнхүү эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, хэргийн бодит байдлыг тогтоох” зэрэг ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байна.

Эрүүгийн хуулийн 4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдаагийн ахлагч, жолооч-цагдаа М.Т нь офицер, цагдаагийн дэслэгч Б.С-ын тушаал зааврыг биелүүлж явсныг анхаарна уу.

Дээрх бүх нөхцөл байдлууд болон албан үүргээ гүйцэтгэж байгаад анх удаа гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгчид холбогдох хэргийн үнэн зөвийг олж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хзрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг... шүүгдэгч...-д ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсний дагуу М.Т-ыг гэм буруугүйд тооцож өгөхийг хүсье” гэжээ.

Мөн шүүхэд иргэний хариуцагчийн төлөөлөгч Х.Н гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй." гэсэн заалтыг баримтлан Цагдаагийн ерөнхий газраас 6.519.174 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх иргэний хуулийн заалт нь гэм хор учруулсан этгээд гэм хороо арилгах үүрэгтэй гэж шууд заасан байхад М.Түвшинжаргалыг гэм буруутай, гэм хор учруулсан гэж үзсэн атлаа гэм хорыг нь ажиллаж байсан байгууллагаар нь төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзээд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан боловч шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг давхар барих ёстой байсан гэж зөвтгөлөө гэж шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасан.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд зөвтгөлөө гэж нэмсэн иргэний хуулийн 498.1 дэх хэсэг, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан мөн хуулийн 497.1 дэх хэсгийг давхар баримталж байгаа нь бие биеэ үгүйсгэсэн 2 зохицуулалтыг баримталсан нь ойлгомжгүй байгаа бөгөөд 2 шатны шүүхээс яагаад дээрх хоёр заалтыг баримталсныг тодорхой тайлбарлаагүй байна.

Цагдаагийн байгууллага нь өөрийн үндсэн чиг үүргийг гүйцэтгэхдээ Цагдаагийн албаны тухай хуулийг баримталдаг бөгөөд уг хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэснээс учирсан хохирлыг төр хариуцна." гэж зохицуулсан бөгөөд шүүхээс шүүгдэгч нарыг хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулаагүй гэж дүгнэж, гэм буруутайд тооцсон атлаа байгууллагаас гэм хорын хохирлыг гаргахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Байгууллагын зүгээс цагдаагийн албаны хуульд нийцүүлэн алба хаагчаас үйл ажиллагаандаа дагаж мөрдөх дүрэм, журмыг батлан мөрдүүлж байгаа ба тухайн алба хаагчид уг дүрэм журмыг баримтлан үйл ажиллагаагаа явуулсан бол дээрх тохиолдол гарахгүй байсан.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалын иргэний нэхэмжлэлийг цагдаагийн байгууллагаар төлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Энхбуйр хэлсэн саналдаа “2018 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдэж, анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн бүрэн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Мөн Цагдаагийн ерөнхий газрыг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй. Шүүгдэгч Б.С хохирлыг төлж, М.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд цолны ялгаа байсан, ажил үүргийн хувиараар үүргээ гүйцэтгэсэн гэх тайлбарууд нь  үндэслэлгүй юм. Тангараг өргөсөн төрийн албан хаагчийн хувьд офицерийн удирдлага дор хамтарч баг ажиллах, дүрэм журамд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нар нь “Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 629 дугаартай “Албадан эрүүлжүүлэх” код журамд заасан үүргээ биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага тухайн иргэнийг ар гэрт нь хүлээлгэж өгсөн байдлаар хаагдсан. Гэтэл ар гэрт нь хүлээлгэж өгөөгүй, гудамжинд орхиж явсан болох нь шүүгдэгч Б.С-ын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн амь хохирогч нь тухайн үед хүнд зэргийн согтолттой байсан нь тогтоогдсон.

Шүүх Б.С, М.Т нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Т-ын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.С, М.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

М.Т, Б.С нар нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хууль сахиулагчийн хувиар үүрэг гүйцэтгэх явцаа “Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 629 дугаартай “Албадан эрүүлжүүлэх” журамд заасан үүргээ биелүүлээгүй, албаны үүрэгтэй хайнга хандаж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн Н.Уламбаярыг эрүүлжүүлэх байр, эсвэл хамгаалах хүнд хариуцуулж өгөөгүйн улмаас улмаас 2018 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 11 дүгээр гудамжинд Н.У нь осгож нас барсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч М.Т, Б.С нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна.

Мөн шүүх шүүгдэгч М.Т, Б.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг дүгнэж, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь хуульд нийцээгүй байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “хайнга хандах” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч тус бүрийн хувьд албаны үүрэгтэй хайнга хандсан, хэн аль нь үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй эс үйлдэхүйгээр тухайн хэргийг үйлдсэн байхад “санаатай нэгдэж үйлдсэн” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоож, үүний дараа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тус хохирлыг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь гэм хор учруулснаас үүсэх хариуцлага,  түүнийг хүлээлгэх ерөнхий үндэслэлийг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтыг баримтлан шийдвэрлэсэн анхан шатны шүүх, түүнчлэн тухайн харилцааг тусгайлан зохицуулсан хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 зүйлийг давхар баримтлан гэм хорыг шийдвэрлэсэн давж заалдах шатны шатны шүүхийн шийдвэрийг буруутгах, эсхүл дээрх заалтуудыг хоорондоо агуулгын хувьд зөрүүтэй гэж дүгнэх үндэслэлгүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гэмт хэргийг “санаатай нэгдэж гүйцэтгэсэн” гэж дүгнэсэн заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н-ын гаргасан “...иргэний нэхэмжлэлийг цагдаагийн байгууллагаар төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах”, шүүгдэгч М.Т-ын  өмгөөлөгч З.Цэнгэнбаярын гаргасан “...хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ үүсэж байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгуулах” тухай гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, харин өмгөөлөгчийн гомдлын зарим хэсэг болох “шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг журамлаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэснийг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 561 дүгээр магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг журамласан хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Т-ын өмгөөлөгч З.Цэнгэнбаярын гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН