Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 561

 

  

2020.5.5                                                             №  561                                                        төсөл

 

 Б.С-, М.Т- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч М.Т-, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,

шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч А.Ундрах, Б.Сүрэнхүү,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэг, түүний өмгөөлөгч А.Энхбуйр, 

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Т-, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, иргэний хариуцагч Х.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.С-, М.Т- нарт холбогдох эрүүгийн 1806080970419 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Мандал овгийн М.Т, 19..... оны ..... дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ...............ажилтай, ам бүл ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;

2. Улаан ямаат овгийн Б.С 19.. оны 6 дугаар сарын 8-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,................... ажилтай, ам бүл................... хамт .....................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ..................../;

М.Т-, Б.С- нар нь 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамтран эргүүлийн офицерын үүрэг гүйцэтгэх хугацаандаа “Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 629 дугаартай “Албадан эрүүлжүүлэх” код журамд заасан үүргээ биелүүлээгүй буюу согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн Н.У-ыг эрүүлжүүлэх байр эсхүл хамгаалах хүнд хариуцуулж өгөөгүйн улмаас 2018 оны 10 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 11 дүгээр гудамжинд Н.У- нь осгож нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Т-, Б.С- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Т-, Б.С- нарыг хууль сахиулагч албаны үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.С-т цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасч, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Т-д цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.С-т оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс, М.Т-д оногдуулсан эрх хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараагаас эхлэн тус тус тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Т-ын урьд цагдан хоригдсон нийт 138 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн цахилгаантай ноосон цамц 1 ширхэг, бүдэг ногоон өнгийн сорочкан цамц 1 ширхэг, саарал өнгийн пудволк 1 ширхэг, хар өнгийн турсик 1 ширхэг, цэнхэр өнгийн оймс 1 хос, түлхүүрийн оосор 2 ширхэг түлхүүртэй, цагаан өнгийн пүүз 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, М.Т- нь 200.000 төгрөг, Б.С- 5.273.505 төгрөгийг гэм хорын хохирол төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлсөн, уг хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Цагдаагийн Ерөнхий газраас 6.519.174 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэгт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэг нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдүүд болон иргэний хариуцагч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, иргэний хариуцагч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, М.Т-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Б.С-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Т- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Намайг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргасан зүйл байхгүй. Яллах дүгнэлтэд намайг эргүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэж байсан гэж ялласан байна. Би тухайн үед ахлах ахлагч цолтой Эргүүлийн цагдаа жолооч албан тушаалд эргүүлийн офицер, дэслэгч Б.С-ын удирдлагад үүрэг гүйцэтгэж байсан. Цагдаагийн Ерөнхий газрын даргын баталсан Эргүүлийн жолооч цагдаагийн ажлын байрны тодорхойлолт болон Цагдаагийн байгууллагын өдөр тутам мөрдөн хэрэгжүүлдэг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам 402, авто эргүүл ажиллуулах журам болон цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шууд удирдах даргын тушаал даалгавар биелүүлж яваад энэ хэрэгт холбогдсоныг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Т-ын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанаас 7 хоногоор хожимдуулж гардууллаа.

Б. Анхан шатны шүүхээс М.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэлээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу "хайнга хандах" гэмт хэргийн бүрэлдэхүүний гэм буруугийн хэлбэр нь болгоомжгүй үйлдлийн улмаас үүсгэгдэнэ. Гэтэл болгоомжгүй байдлаар үйлдэгдэх гэмт хэргийг М.Т-, Б.С- нарыг "санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн" гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж шийдвэрлэсэн нь илтэд буруу, хууль бус боллоо.

В. Прокуророос М.Т-ыг “Б.С-тай ... дүүргийн нутаг дэвсгэрт хамтран эргүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа ... гэмт хэрэг үйлдсэн" гэж ялласан.

Анхан шатны шүүх дээрх прокурорын яллах дүгнэлтэд дурдсан үндэслэлээр түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэснийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг үзвэл хэргийн нөхцөл байдал огт өөр байна. Тухайлбал, Т- цагдаагийн ахлах ахлагч цолтойгоор эргүүлийн цагдаа, жолоочийн үүрэг гүйцэтгэж байжээ.

Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар М.Т- нь хэрэгт холбогдох үедээ офицер болоогүй /хэрэг учрал болсноос хойш 4 сар гаруйн дараа буюу 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/113 дугаар тушаалаар офицер болж дэслэгч цол шагнагдсан, хэргийн 2 дугаар хавтас, 200 дугаар хуудас/ байсан.

Түүнчлэн хэрэг учрал болсноос хойш 8 сар гаруйн дараа М.Т-ыг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “офицер, дэслэгч цолтой” гэж яллагдагчаар байцаасан тэмдэглэлд тусгаж ял сонсгожээ /хэргийн 3 дугаар хавтас, 45 дугаар хуудас/.

Т-ыг ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан, ямар үүрэгтэй оролцсон талаар хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед тодруулалгүй орхигдуулжээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт хэрэгт авагджээ. /хэргийн 2 дугаар хавтас, 205, 206 дугаар хуудас/. Түүнд ажлын байрны нэр-хэв журмын офицер .,. гэж бичигджээ.

Дээрх тодорхойлолтод М.Т-д холбогдох ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтыг, тухайлбал “цагдаа, жолооч” ямар ажил, үүрэг гүйцэтгэх тухай заагаагүй байна. Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тодотгох шаардлагатай байсан гэж үзэж байна.

Г. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны А/264 дүгээр тушаалаар “Эргүүлийн үүрэг гүйцэтгэх” "Код 40Г-ийг баталж, 401.2.2-т зааснаар зохицуулсан байна. Мөн даргын дээрх өдрийн тушаалаар "Авто эргүүл ажиллах" "Код 402"-ыг баталжээ.

Дээрх кодын 402.6.5-д: "Автомашинд хөтлөгдөж байгаа бичиг баримтуудыг тухайн эргүүлийн ахлах болон офицер хөтлөх ба жолооч-цагдаа энэ үед орчны хөдөлгөөн, нөхцөл байдалд хяналт тавьж, автомашины аюулгүй байдлыг хангана",

Мөн кодын 402.6.8-д: Гэмт хэрэг, зөрчлийн дуудлагад очсон үед жолооч цагдаа нь эргүүлийн ахлах болон офицерын удирдлагаар зөвхөн туслах үүрэгтэй ажиллана" гэжээ.

Монгол улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д: “Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа ... нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтална". Мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 5.2.1-д: “дээд шатны цагдаагийн ,.. албан тушаалтны шийдвэрийг доод шатны цагдаагийн ... албан хаагч биелүүлнэ”, Цагдаагийн албаны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д: "Цагдаагийн алба хаагчийн гүйцэтгэх чиг үүргийг ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтоор тогтоох бөгөөд уг тодорхойлолтыг цагдаагийн төв байгууллагын дарга батална". Мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д: “Эрхэлж байгаа албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн алба хаагчид ... цол олгоно" гэж тус тус заажээ.

Дээрх хууль тушаалаас үзэхэд, ямар цол албан тушаалтай, ямар ажил үүрэг гүйцэтгэж явсан болон офицер Б.С-, цагдаагийн ахлагч, жолооч-цагдаа М.Т- нарын гүйцэтгэх үүрэг, оролцоог нарийвчлан зааглаж өгчээ.

Эдгээрээс дүгнэвэл, "М.Т-ыг Б.С-тай ... хамтран эргүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа ..." гэж прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор яллаж, шийтгэсэн" нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Д. “79 дүгээр сургуулийн баруун талд хүн байхаар Д.Гантуяа нь 22 цаг 10 минутын үед, Ц.Одбаяр нь 23 цаг 12 минутын үед тус тус дуудлага өгсөн”. Цагдаагийн ахлагч Д.Одхүү нь “00 цаг 20 минутын үед 115 дугаар чиглэлд хүлээлгэн өгсөн” гэж мэдүүлжээ.

Хэргийн газрын үзлэгээр талийгаачийн цогцсыг Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 14 дүгээр гудамж, "Газарчин" сургуулийн орчим байсныг тогтоосон. Хохирогч Н.Уранчимэгийн мэдүүлэгт: “талийгаачийг цагдаагийн машинд аваад явж байсан” гэсэн. Д.Баатарзоригт хамгийн сүүлд талийгаачийг гэрт нь хүргэж өгсөн гэжээ.

Дээрхээс үзэхэд, талийгаачийг Т- нар авч явсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, дуудлага өгсөн Гантуяа, Одбаяр, дуудлагад очсон гэх цагдаагийн ахлагч Д.Одхүү нараас согтуу хүнийг таньж олуулах ажиллагааг хуульд заасны дагуу хийгээгүй, талийгаачийн явсан маршрут чиглэлийг бүрэн гүйцэд тогтоогоогүй, талийгаачийг хамгийн сүүлд гэрт нь хүргэж өгсөн гэх Д.Баатарзоригтоос болсон явдлын талаар тодруулж бүрэн гүйцэд асуугаагүй, "талийгаачийг цагдаагийн машинд аваад явж байсан" гэсэн хохирогч Н.Уранчимэгийн мэдүүлгийн эх сурвалжийг тогтоогоогүй байна.

Ийнхүү эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байна.

Е. Дээрх бүх нөхцөл байдлуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь дэх хэсэг "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгч ... -д ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсний дагуу М.Т-ыг гэм буруугүйд тооцож өгнө үү.

Хоёр. Шүүгдэгч М.Т- дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

А. М.Т- нь цагдаагийн ахлах ахлагч цолтойгоор эргүүлийн цагдаа, жолоочийн албан үүргийг гүйцэтгэж яваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хайнга хандах "хөнгөн" зэргийн гэмт хэрэгт холбогдсон, хийсэн үйлдлээ ойлгож, маш их гэмшдэг. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед хэргээ хүлээн мэдүүлж байсан. Гэмт хзргийн улмаас учруулсан хохирлоо заавал нөхөн төлнө гэдэг. Хорих 409, 461 дүгээр ангиудад удаан хугацаагаар цагдан хоригдож байгаа бөгөөд дахин ямар нэгэн хэрэг, зөрчилд холбогдохгүй гэж ярьдаг.

Иймд дээрх байдлыг харгалзан түүнд анхан шүүхээс оногдуулсан хорих ялыг аль болох хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч Х.Наранбаатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх М.Т-ыг гэм буруутай гэж үзсэн атлаа учруулсан гэм хорыг нь ажиллаж байсан байгууллагаар нь төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэснээс учирсан хохирлыг төр хариуцна” гэж зохицуулсан бөгөөд шүүхээс шүүгдэгч нарыг хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулаагүй гэж дүгнэж хорих ял оноосон, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад баримталсан хуулийн зохицуулалтаас үзвэл гэм хор учруулсан этгээд хохирлыг төлөхөөр зохицуулсан байтал байгууллагаас гаргахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг буюу иргэний нэхэмжлэлийн асуудлыг байгууллагаар төлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.С- тус шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би тушаалаар үүрэг гүйцэтгэж байсан тул хохирлыг төр хариуцах ёстой. ...” гэв.

            Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч А.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлыг Б.С- төлсөн. Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол шүүгдэгч М.Т-д хамааралтай юм байна. ...” гэв.

            Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Б.Сүрэнхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...: А.Ундрах өмгөөлөгчтэй санал нэг байна. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэгийн өмгөөлөгч А.Энхбуйр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, иргэдийн аюулгүй байдлыг хангах нийтлэг үүргийнхээ хувьд жолооч ч байна уу, офицер ч байна уу, тангараг өргөсөн цагдаагийн албан хаагч үүргээ биелүүлэх ёстой. Хохирлыг Цагдаагийн Ерөнхий газар хариуцах ёстой. Шүүгдэгч М.Т-д анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлыг төлөөгүй гэх үндэслэлээр хорих ял оногдуулсан байгаа. Одоо хүртэл хохирлыг төлөөгүй байна. ...” гэв.

            Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Т-ын өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь үндэслэлгүй гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд болгоомжгүйгээр гэдэг ойлголт байхгүй. Цагдаагийн албаны үүргээ биелүүлэхгүй байгаа үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж хэлэхгүй. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.6 дугаар зүйлд зааснаар цагдаагийн албан хаагч бусдын тушаал шийдвэрийг биелүүлсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх асуудлыг ярьж байна. Шүүгдэгч М.Т- нь Б.С-ын тушаал шийдвэрийг биелүүлсэн гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тогтоогдоогүй. Харин ч эсрэгээрээ М.Т- нь Б.С-аас туршлагатай ажилтан байсан гэдгээрээ санал солилцоод явж байсан болох нь тогтоогддог. Шүүгдэгч нарыг Цагдаагийн албаны тухай хуульд заасан нийтлэг журам буюу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй тайван байлгах үүргээ биелүүлэх бүтэн баг гэж ойлгож байна. Энэ дундаас би офицер биш гэдгээрээ гэмт хэргээс мултрах гэж байгаа нь тохиромжгүй юм. Амь хохирогчийг М.Т-, Б.С- хоёр үүргээ гүйцэтгэж явахдаа дуудлагаар очиж авсан болох нь нотлогдон тогтоогдсон. Иргэний хариуцагчтай холбоотой асуудлыг анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн тул эсэргүүцэл бичээгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.С-, М.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

М.Т-, Б.С- нар нь 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамтран эргүүлийн офицерын үүрэг гүйцэтгэх хугацаандаа “Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 629 дугаартай “Албадан эрүүлжүүлэх” код журамд заасан үүргээ биелүүлээгүй буюу согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн Н.У-ыг эрүүлжүүлэх байр эсхүл хамгаалах хүнд хариуцуулж өгөөгүйн улмаас 2018 оны 10 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 11 дүгээр гудамжинд Н.У- нь осгож нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч П.Бямбасүрэнгийн “... Тухайн өдөр манай эрүүлжүүлэх байрны ачаалал хэвийн байсан. Хэрэв согтуу хүн эрүүлжүүлэхээр авч ирсэн бол бид хүлээн авна. Манай эрүүлжүүлэх байрны хувьд тухайн өдөр ачаалал хэвийн, хүлээн авах бүрэн боломжтой байсан...” /1хх 242/,

гэрч Б.Ариунцэцэгийн “...Ер нь бусад дүүргийн эрүүлжүүлэх байр дүүрсэн тохиолдолд ёс журмын эргүүлээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу харъяаллын бус иргэдийг хүлээн авдаг... Харъяаллын бус иргэн авчирсан тохиолдолд эрүүлжүүлэх боломжтой. ...” /1хх 245/,

гэрч Д.Гантуяагийн “... Ил шарх сорив байгаагүй, их согтуу, биеэ авч явах чадваргүй, хөл дээрээ арай ядан тогтож байхад нь нөхрийн хамтаар сугадаад хажуу хашаа руу булан түшүүлэн суулгаад зам руу орж болохгүй гэж анхааруулаад өөрийн 88091093 дугаараас цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд нөхрийн хамт явсан. ...” /1хх 31/,

гэрч Ц.Одбаярын “...79 дүгээр сургуулийн баруун талд согтуу хүн нилээд бээрч даарсан шинжтэй хэвтэж байхаар нь 23 цаг 12 минутанд 102 дугаарын утас руу залгаж мэдээлэл өгсөн. Удалгүй 23 цаг 46 минутад 99226534 дугаараас залгаад хөдөлгөөнт эргүүлийн цагдаа байна байршил нь яг хаана вэ гэхээр нь би байршлийг нь тодорхой зааж өгсөн, тэгэхэд 3 дуудлагын дараа яваад очлоо гэж хэлсэн. ...” /1хх 32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2185 дугаартай “... Нэр хаяг тодорхойгүй эрэгтэй хүний бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дотор эрхтнүүдэд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдохгүй байна. Нэр хаяг нь тодорхойгүй эрэгтэй осгож нас баржээ. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь 5,0% спиртийн агууламж илэрсэн гэсэн хариу ирүүлсэн байна. Энэ нь хүнд зэргийн согтолтод хамаарна. Цус нь ABO –н системээр OI-р бүлэгтэй байна. Нэр бүхий тодорхойгүй эрэгтэйн бие цогцост хийгдсэн шинжилгээгээр үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна. Талийгаач нь хүнд зэргийн согтолттой байсан нь үхэлд нөлөөлсөн байж болно. Осголт нь хэт нам хэмийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Биеийн ил хэсэгт үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн үхэлд нөлөөгүй хөнгөн гэмтэл болно. ...” гэх цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1хх 45-49/ зэргээр нотлогдон, тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч М.Т-, Б.С- нарыг хууль сахиулагч албаны үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Т-, Б.С- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч М.Т-, Б.С- нарын гэмт хэрэгт оролцсон үүрэг, оролцоо, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирол нөхөн төлсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүх шүүгдэгч нарт цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар тус тус хасч, шүүгдэгч М.Т-д 1 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Б.С-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч М.Т- “би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, тухайн үед офицер, дэслэгч Б.С-ын удирдлагад цагдаа жолоочоор ажиллаж байсан тул шууд удирдах даргын тушаал даалгавар биелүүлж явсан тул Эрүүгийн хуулийн 4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хөнгөрөөр шийдвэрлэж өгнө үү”,

түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр “анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хайнга хандах гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдлээс үүсдэг байтал санаатай бүлэглэж үйлдсэн гэсэн нь хууль бус болсон. Хэрэгт зарим шаардлага ажиллагаа хийж нотлох баримт бүрэн цуглуулаагүй. Хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй тул ашигтайгаар шийдвэрлэж гэм буруугүйд тооцож өгнө үү”,  

иргэний хариуцагч Х.Наранбаатар “анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзсэн атлаа гэм хорыг байгууллагаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийн 7 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргасныг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэсний дараа гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн байдал, холбогдсон гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн эсэх, үйлдсэн гэмт хэрэгт оролцсон оролцоо тус бүрийг харгалзан хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн төрийн тусгай алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж явахдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн тул гэм хорын хохирлыг ажил олгогч буюу Цагдаагийн ерөнхий газраас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад Иргэний хуулийн зүйл хэсгийг дутуу баримталсныг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд заасан “гэм хор учруулснаас үүсэх үүрэг”-ийг тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаас гадна 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасныг давхар баримтлах байжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/292 дугаартай шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 7 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар ...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Т-, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, иргэний хариуцагч Х.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ