Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 5054

 

2016 оны 09 сарын 07 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05054

Улаанбаатар хот

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж-4, өөрийн байранд байрлах, Капитрон банк /РД: 2677344/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюуш гудамж, 9А дугаар байр, 6 тоотод оршин суух, Боржигон овогт Доржготовын Нямсүрэн /РД: ЧЗ61072701/-д холбогдох,

 

50 023 329 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэцэцэг, хариуцагч Д.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Капитрон банкны төлөөлөгч Л.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Нямсүрэн нь тус банктай 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3020-14/05 дугаар зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулан 50 000 000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, зээлийн хүү /жилийн/ 25,2 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд Д.Нямсүрэн, П.Баатарсүрэн, Б.Анхбаяр, Б.Мөнгөнбаяр нарын хамтын емчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2205000473 тоот дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо. 4 дүгээр хороолол, 9А дугаар байрны 6 тоот хаягт орших, 35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан бөгөөд зохих журмын дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн. Гэтэл зээлдэгч Д.Нямсүрэн нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсээр байна. Тус банк нь зээлдэгч Д.Нямсүрэнг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүний төлбөрийг тоггоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж, албан шаардлагыг бичгээр хүргүүлж байсан ч зохих үр дүнд хүрэхгүй байна. Иймд зээлдэгч Д.Нямсүрэнтэй байгуулсан 3020-14/05 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 болон 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцлаж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон 451.1 -т заасны дагуу үндсэн зээл 42 307 769 төгрөг, зээлийн хүү 6 341 803 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 100 873 төгрөг, нийт 48 750 446 төгрөгийг Д.Нямсүрэнгээс гаргуулж, зээлийн барцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг дурдаж өгөнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Капитрон банкны төлөөлөгч Л.Ариунаа шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үнийн дүнг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүнд тооцогдох 1 272 885 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Нямсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа. Миний бие 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Капитрон банктай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 60 сарын хугацаатай, 50 000 000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Зээлээс 7 692 231 төгрөгийг төлсөн. Улс орны эдийн засаг, мөнгө төгрөгийн асуудал, ажил үйлчилгээ явуулах боломжгүй байгаагаас зээл төлөлтөнд хүндрэл гарсан. Бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нөхцөл байдлыг харгалзан шүүхийн хүүг бууруулж өгнө үү. Зээлийн гэрээнд эргэн төлөлтийн талаар миний зүгээс нэхэмжлэгчид хандаж байсан боловч нэхэмжлэгч тал өөрчлөлт оруулахгүй гэдэг гэв.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитрон банк нь хариуцагч Д.Нямсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 42 307 769 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн төлбөрт 7 568 612 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 146 948 төгрөг, нийт 50 023 329 төгрөг гаргуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг барьцаа хөрөнгүүдээс гаргуулах буюу гэрээг цуцлах агуулга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...гэрээний хугацаанд 7 692 231 төгрөгийг төлсөн, ...хүүгийн хэмжээ илт их байна, ...эдийн засгийн хүндрэлээс болж зээлийг төлөхөд хүндрэл учирсан” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талууд 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 3020-14/05 дугаартай “зээлийн гэрээ” болон “барьцааны гэрээ”-ээр зээлдэгч Д.Нямсүрэн нь зээлдүүлэгч Капитрон банкнаас 50 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй, зээл, хүүгээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд жилийн 5.04 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөх, үүргийн гүйцэтгэлд Ү-2205000473 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9А дугаар байр, 6 тоотын 35 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, зээлийн болон барьцааны гэрээгээр тус тус нотлогдож байхаас гадна талууд дээрх гэрээнүүдийн нөхцөл болон хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй байна.

 

Гэрээнийн нөхцөл, шинж, талууд гэрээнд гарын үсэг зурсан, тамга дарсан болон хариуцагч зээлийг шилжүүлсэн авсан эсэхэд маргаагүй үйл баримт зэргээс үзвэл дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан нөхцөл, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

 

Гэрээний 3.1.5-д талууд гэрээний хугацааг 60 сар, хүүгийн хэмжээг жилийн 25.2 буюу сарын 2.1 хувь байхаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай харшлаагүй байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд талууд гэрээний 3.1.4-т нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тохирсон байна.

 

Зээлдүүлэгч Капитрон банк нь үндсэн зээл 50 000 000 төгрөгийг зээлдэгч Д.Нямсүрэнд шилжүүлсэн талаар хариуцагч маргаагүй байхаас гадна хүүгийн хэмжээг гэрээгээр тохирсон байх тул хариуцагчийн “...хариуцагчийн хүүгийн хэмжээ илт өдөр” гэх тайлбар үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан мөнгөн хөрөнгийг гэрээнд заасны дагуу хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

 

Харин хариуцагч нь зээл, зээлийн хүү төлөх хуваарьт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт 7 568 612 төгрөгийн, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 146 948 төгрөгийн, нийт 7 715 560 төгрөгийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээл, зээлийн хүүгийн тооцоололоор нотлогдож байхаас гадна хариуцагч нь үүнийг баримтаар үгүйсгээгүй байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болохоор заасан байх ба талуудын хооронд байгуулсан 60 сарын хугацаа нь урт хугацаатай гэрээнд тооцогдохоор байна.

 

Хариуцагч гэрээгээр тохиролцсон үүрэг болох үндсэн зээл, зээлийн хүүг хуваарьт заасны дагуу төлөөгүй зөрчил гаргасан байх боловч нэхэмжлэгч нь хариуцагч нарыг уг зөрчил гаргасантай нь холбогдуулан зөрчлийг арилгуулахаар шаардлага гаргаж байсан нь болон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дээрх урт хугацаатай байгуулсан гэрээнээс татгалзах үндэслэл бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй зөрчил нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан үүргийг ялимгүй зөрчсөн зөрчилд тооцогдохоор байх тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, үлдэх үндсэн зээл 42 307 769 төгрөгийг гэрээний хугацаа дуусахаас өмнө хариуцагчаас шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас зээлийн гэрээний дагуу хуримтлагдсан зээлийн хүү 7 568 612 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 146 948 төгрөг, нийт 7 715 560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх үндсэн зээлийн үлдэгдэл 42 307 769 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Нямсүрэнгээс 7 715 560 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитрон банканд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42 307 769 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436 802 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 74 243 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН