Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 07

 

 

  

  

 

 

 

 

 

 

С.Гэрэлтуяад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2016/0100/Э

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   С.Гэрэлтуяа  

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Д.Дарьбазар

            Иргэний хариуцагч                                       Б.Энхжаргал

           Иргэний хариуцагчийн өмгөөлөгч           Б.Энхтуяа

           Нарийн бичгийн дарга                             И.Буманбаяр нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолтой С.Гэрэлтуяад холбогдох 201606000179 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Баян-Бургуул” хоршоонд жолооч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 40-08 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, РС75120713 регистрийн дугаартай. Баяжих овогт Сэсрэнгийн Гэрэлтуяа,

 

 

  Шүүгдэгч С.Гэрэлтуяа нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг дэвсгэрт  "Соната-6" маркийн 91-88 ХӨА улсын дугаартай автомашин  жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж,  улмаар “УАЗ-Пургон” маркийн 45-60 ДГО улсын дугаартай машинтай  мөргөлдөж иргэн Д.Баярсайхан, М.Баасантуяа, Б.Отгонцэцэг нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж, иргэн Т.Амгаланбаатарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор:

 Баяжих овогт Сэсрэнгийн Гэрэлтуяаг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3.т зааснаар шүүгдэгч С.Гэрэлтуяагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

 Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч С.Гэрэлтуяад оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Шүүгдэгч С.Гэрэлтуяа нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй,, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдаж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3.т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №76070 дугаартай шүүгдэгч С.Гэрэлтуяагийн жолооны түр үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, №01119151 дугаартай 91-88 ХӨА Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Баянбургуул Хоршоонд буцаан олгож, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын хүчингүй болгож, 91-88 ХӨА Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Баянбургуул Хоршоонд буцаан олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1.д зааснаар шүүгдэгч С.Гэрэлтуяагаас 4.971.780 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Нарантуяад, хохирогч Б.Отгонцэцэгт 363.796 төгрөг, хохирогч М.Баасантуяад 1.382.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Хэнчбишид 530.500 төгрөгийг тус тус олгож, иргэний хариуцагч Баянбургуул Хоршооноос УАЗ-Пургон машины үнэ болох 15.588.900 төгрөгийг гаргуулж Дорноговь аймгийн Эм эргэлтийн санд олгож, хохирогч Б.Баярсайхан нь эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2.т зааснаар шүүгдэгч С.Гэрэлтуяагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар давж заалдах гомдолдоо: 

          “...Тухайн осол болсон хэргийн газрын үзлэгийг туйлын хангалтгүй хийсэн. Нэг чигийн хөдөлгөөнт мотоцикль, “Соната-5”, “Соната-6” гэсэн тээврийн хэрэгслүүд явж байсан бөгөөд осол болох үед мотоцикль “Соната-5” маркийн машинаас хэдэн метр зайд зогссон, эсхүл эргэх хөдөлгөөн хийсний схем зурагт тэмдэглээгүй.

“Соната-5” машин гэнэт зогсох үйлдэл хийсэн гэдгийг гэрчүүд мэдүүлсэн байдаг. Тэгвэл яагаад гэнэт зогсох болсныг тогтоолгох. хэргийн газраас машинаа хөдөлгөж өөр байрлалд очих болсныг тодруулах, ар араасаа явж байсан 2 машин мөргөлдсөний дараа нэг чигийн хөдөлгөөн үйлдэж байсан 3 дахь тээврийн хэрэгсэл өөдөөс ирж явсан фургон машинтай мөргөлдөн дээрх осол гарсан. Иймд “Соната-5” маркийн машины жолооч буруутай эсэхийг шинжээч томилуулан шалгуулах.

Булган аймгийн Цагдаагийн газрын Журмын хашаанд байгаа Соната-6 маркийн автомашинд үзлэг хийлгэж хурдны хайрцаг хэд дүгээртээ гацсан, спидометрийн заалт мөн хэдийн тоог зааж гацсан, гүйцэж түрүүлэх дохио өгсөн эсэхийг тогтоолгох шаардлагатай байна.

... “фургон машиныг жолоодож явсан Т.Амгаланбаатар нь 1.4%-н согтолттой, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна” гэж дүгнэлт гаргасан. Иймд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүй өвчтэй буюу ядарсан гэдгийг тогтоолгох, буруутай эсэхийг шалгах.

Дээрх зөрчилтэй жолоочоор хүн ачсан тээврийн хэрэгсэл жолоодуулж хамт явсан байгууллагын удирдлага Баярням Эрүүгийн хуулийн 221 дүгээр зүйлд заасан буруутай эсэхийг шалгуулах зэргээр эрүүгийн хэргийн бүрдлийг нэг мөр хангуулах, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан хэргийг мөрдөн байцаалтанд буцааж... шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг хүлээж авна уу...” гэжээ.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах гомдолдоо:

 “... Анхан шатны шүүх ... эрх зүйн дүгнэлтийг хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн боловч тус шүүхийн шийтгэл тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна …, мөрдөн байцаалтын шатанд Ц.Гэрэлтуяад холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгахдаа хэрэг учралын газарт болсон үйл баримтыг бодит байдлаар нь бүх талаас нь бүрэн гүйцэт эргэлзээгүйгээр шалгаж тогтоож чадаагүй.

            Хэрэг учралын газарт зам тээврийн осол хоёр давтамжтай гарсан байдаг … зам тээврийн осол эхлээд “Соната-5,” “Соната-6” машинууд  хоорондоо мөргөлдсөнөөр үүссэн, ингээд осолд ороод зогсож байсан Соната-6 тээврийн хэрэгсэлтэй эсрэг урсгалаар орж ирсэн согтуу жолоочтой “Пургон “  машин маш хурдтай орж ирэн дахин мөргөлдөж зам тээврийн осол 2 дахин гарсан байдаг.....

            Гэтэл дээрх болсон бодит үйл баримтыг болсон чигээр нь дүрслэн гаргаж тогтоохын тулд 4 тээврийн хэрэгсэлийн жолооч нарын үйлдлээс зам тээврийн осол 2 давтамжтай гарсан /мотоциколь, “Соната-5”,” Соната-6”,” пурган” машин/, үүнд хэн нь ямар буруутай, хэн нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар ямар заалтуудыг зөрчсөн болохыг бүрэн гүйцэт тогтоох ёстой байсан. Үүнээс зам тээврийн осол гаргасан жолооч нарын гэм буруугийн хэр хэмжээ түүнийг үндэслэж гэм хорын хохиролын хэр хэмжээг шударгаар хуваарилан хариуцуулахад чухал ач холбогдолтой байсан юм.

            Гэтэл хэргийн газрын үзлэгийн зургийг бүрэн гүйцэт хийгээгүй, хх 10, 11-р талд авагдсан үзлэгийн тэмдэглэл болон бүдүүвч зурганд Соната-6 Пургон машин 2 мөргөлдсөн мэтээр хийгдсэн байдаг. Зүй нь эхлээд Соната-5, Соната-6 хоёрын мөргөлдсөн цэг зогсоолтыг тодорхойлж дараа нь Соната-6, Пургон машин 2-ын мөргөлдсөн цэг, ул мөрийг тогтоон шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой байсан. Тэгээд схем зурагт мөргөлдсөн цэгийг А цэгээр тодорхойлоогүй бөгөөд үүнд тайлбар хийгээгүй бүрхэг байдаг юм.

            Нөгөө талаар 45-60 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслэлийн жолооч хөдөлгөөнд оролцохдоо согтуу байсан ба Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр амь хохирогчийн цусанд 1,4% спирт илэрсэн үүгээр жолооч нь сэтгэх, самбаачлах, замын чиг баримжаа барих, хөдөлгөөнөө зохицуулах хажуугийн юм үзэгдлийг ойлгож мэдрэх хурдаа зохицуулах зэргээр аюулгүй байдлаа хангаж явах чадвар алдагдсаны улмаас уг осол гарах болон өөрөө амь хохироход хүрсэн бөгөөд нөлөөлсөн юм. Тийм учраас жолооч Т.Амгаланбаатарыг ЗХД-ийн 2.7 А “Согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх заалтаар буруутгасан байдаг. Гэтэл тус тээврийн хэрэгслэлийн жолооч өөрөө хамгаалах бүс зүүгээгүй ЗХД-ийн 2.3Б “Хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалт зөрчсөний улмаас жолооч өөрөө цонхоороо гарч шидэгдэн амь насаа алдсан ... Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “Пургон авто машин бүхэлдээ эвдэрч хэлбэр дүрсээ алдсан ”  гэх тэмдэглэл 7 кадр гэрэл зургийн үзүүлэлтүүд нь Пургон машин хэр хурдтай явсан болохыг тус тус нотолж байхад дээрх нөхцөл, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтанд бүрэн шалгаж тогтоогоогүй. Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт нь бүрэн биш хийгдсэн ...

            Мөн ... хэрэг учрал болсон асфальтан замын нийт өргөн 7.56 ба голын шугамын хоёр талын 2 урсгал замын өргөн нэг талдаа 3.53 гарч байгаа юм. Соната-6 тээврийн хэрэгслэлийн баруун урд дугуй голын шугам даваагүй нь 3,51 гэсэн хэмжилтээр харагдаж байна. Гэтэл гол шугамнаас Соната-6 тээврийн хэрэгслэлийн зүүн урд дугуй хэдэн метр гарсан тухай хэмжилт хийгдээгүй, харин гол шугамнаас гарсан дугуйнаас нь эсрэг урсгал дахь замын ирмэг хүртэлх хэмжилт нь 2.40 байгаа нь Соната-6 эсрэг урсгалд бүрэн орж мөргөөгүй болохыг баталж байна. Үүгээр Пургон машин Соната-6 машиныг мөргөхгүйгээр чөлөөтэй гараад явах зай хэмжээ байгаа болохыг баталж байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр Соната-6 машиныг эсрэг урсгалд орж урдаас нь мөргөсөн мэтээр дүгнэсэн байгаа нь учир дутагдалтай болжээ.

            Шинжээчийн дүгнэлтээр “Баянбуурал” ХХК-ыг жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулсан гэж буруутган Иргэний хариуцагчаар татсан боловч жолооч С.Гэрэлтуяа нь 2016 оны 4 дүгээр сард тус компанид жолоочоор орохдоо жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан ба 2 сарын дараа буюу 6 дугаар сарын сүүлээр эрхээ хасуулаад удаагүй 7 дугаар сарын эхээр 76070 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох В,С, Д, Е ангиллын түр эрхийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газраас авч тээврийн хэрэгслэлээ үргэлжлүүлэн барьж явсан байна. Эрхээ хасуулсан гэдгээ ч “Баянбуурал” ХХК-д мэдэгдээгүй байна … Түр үнэмлэх нь жинхэнэ үнэмлэх үү, хуурамч үнэмлэх үү гэдгийг тогтоогоогүй. Хэрэв жинхэнэ үнэмлэх бол “Баянбуурал” ХХК-ыг буруутгах үндэслэл болохгүй юм.

            Шүүх зам тээврийн ослоос болж тээврийн хэрэгслэлд болон хүний амь нас хохироход зохих буруутай байсан цолоочийн гэм буруу, гэм хорын хариуцлагыг С.Гэрэлтуяа болон Баянбуурал ХХК-д 100 хариуцуулан шийдвэрлэсэн нь хэт нэг талыг баримталсан шударга бус шийдвэр боллоо гэж үзэж байна … Иймд ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

            Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлага хангасан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

           Булган аймгийн Прокурорын газраас С.Гэрэлтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх С.Гэрэлтуяаг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял  оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

          Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, нөхцөл байдал, болсон үйл баримт, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт хийсэн үзлэг, тэмдэглэлээс үзвэл :

         Дээрх зам тээврийн осол нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 13 цагийн орчим Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт дэвсгэрт болсон бөгөөд тухайн үед авто замын нэг чигийн урсгалд “мотоцикль”, “Соната-5”, “Соната-6” гэсэн  гурван тээврийн хэрэгсэл явж байсан...,  

...  гэтэл мотоциклийн үйлдлээс шалтгаалан “Баянбургуул” хоршооны эзэмшлийн 91-88 ХӨА улсын дугаартай “Соната-6” маркийн автомашиныг жолоодож явсан С.Гэрэлтуяа  нэг чигийн хөдөлгөөнд замын хөдөлгөөнд оролцож явсан Д.Хэнчбишийн жолоодож явсан 58-39 УНД улсын дугаартай “Соната-5” маркийн автомашины зүүн хойд талаас мөргөж осол гаргаад тэд зогссон байна ..., энэ үед эсрэг урсгалаар замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч Т.Амгаланбаатар нь Дорноговь аймгийн Эм эргэлтийн сангийн эзэмшлийн 45-60 ДГО улсын дугаартай  ”Пургон”  УАЗ-220692 маркийн  машин  жолоодож яваад  хөдөлгөөнд оролцоогүй осол гаргаад зогсож байсан “Соната-6” маркын машиныг мөргөж дахин нэг осол гарсан байна.

           Үүнээс үзвэл тухайн цаг хугацаанд  дээрх зам тээврийн осол хоёр давтамжтай  үйлдэгдсэн буюу хоёр өөр үйлдэл  байгаагаас гадна “Соната-6” машиныг хөдөлгөөнд орлцоогүй байхад нь  “Пургон” машин эсрэг урсгалаас ирж мөргөжээ.

              Гэтэл  дөрвөн тээврийн хэрэгсэлийн жолооч нарын үйлдлээс зам тээврийн осол 2 давтамжтай гарсан /мотоциколь, “Соната-5”,” Соната-6”, ”Пургон” машин/  байхад мөрдөн байцаалтын шатанд  энэ талаар ямар ч нотлох ажиллагаа хийгээгүй,  хэн нь ямар буруутай, хэн, хэн нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар, ямар заалтуудыг зөрчсөн болохыг бүрэн гүйцэт шалгаагүйгээс зам тээврийн ослыг хэн гаргасан, түүний гэм буруугийн хэр хэмжээг тогтоогоогүй байна.  

              Мөн хэргийн газрын үзлэгийн зургийг бүрэн гүйцэт хийгээгүй, хэргийн 10, 11-р хуудсанд  авагдсан үзлэгийн тэмдэглэл болон бүдүүвч зурганд мотоциклийн талаар болон    “Соната-5,” “ Соната-6” хоёр машины  мөргөлдсөн цэг, зогсолтыг тодорхойлоогүй, дараа нь “Соната-6”  машиныг  “Пургон машин мөргөсөн цэг, ул мөрийг тогтоогоогүй,  энэ талаар  ямар нэг дүгнэлт гараагүй байна.

             Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар  нотолбол зохих асуудлууд болох Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг нарийвчлан тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

          Мөн С.Гэрэлтуяа нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 6 сарын хугацаагаар хасуулсан атлаа тээврийн хэрэгсэл жолоодох түр үнэмлэхтэй байсан гэх тул уг түр үнэмлэхийг хууль, дүрэмд заасан журмын дагуу авсан эсэхийг шалгуулах шаардлагатай байна.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нарын давж заалдах гомдол хуулийн үндэслэл бүхий байх тул хүлээн авах нь зүйтэй.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.2.1, 325 дугаар зүйлийг зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Баяжих овогт Сэсрэнгийн Гэрэлтуяад холбогдох, 201606000179 дугаартай, 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Булган аймгийн Прокурорын газарт буцаасугай.

           2. Хэрэг  Прокурорт очтол С.Гэрэлтуяад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.       

           3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

           4. Магадлалд  гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй эрхгүйг дурьдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ё.БЯМБАЦЭРЭН

                                      

  ШҮҮГЧИД                                                                            Ц.ТУЯА

     

                                                                                                     С.УРАНЧИМЭГ