Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 918

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Эм Си Эйч Эс” ХХК

Хариуцагч: “Төгс зуурмаг” ХХК /

 Гэрээний үүрэгт 3 306 511 354  /гурван  тэрбум гурван зуун зургаан сая таван зуун арван нэгэн мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, 596 170 975 /таван зуун ерэн зургаан сая нэг зуун далан мянга есөн зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шажинбат, И.Амаржаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тайван, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангоо, хариуцагчийн өмгөөлөгч П.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эм Си Эйч Эс” ХХК-ийн захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  БНСУ-ын иргэн Ким Хью Жин би 2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийдвэрээр гадаадын хөрөнгө оруулалттай, “Эм Си Эйч Эс” ХХК-ийг үүсгэн байгуулж гадаад худалдаа, бетон зуурмагийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа амжилттай явуулж ирсэн. Тус компанийн ерөнхий захирал  Ким Хью Жин би 2007 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 017 дугаар тушаалаар Монгол улсын иргэн Д.Дэлгэрийг компанийн ерөнхий менежерийн ажилд авч хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2008 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 001//009 дүгээр тушаалаар  “Эм Си Эйч Эс” ХХК-ийн ерөнхий захирлаар томилж компанийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах үүрэг хариуцуулсан. Д.Дэлгэр нь компани 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай учир Монгол улсад үйл ажиллагаа хүндрэлтэй, шалгалт их, дотоодын компани бол тийм зүйл байхгүй гэж намайг ятгаж, 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай компани байгуулж үйл ажиллагаа явуулах санал гаргасныг би дэмжиж дүрмийн сан болох 1 000 000 төгрөгийг компанийн касснаас гаргаж “Төгс зуурмаг” ХХК-ийг байгуулсан, харин тус компанийг үүсгэн байгуулагчаар Д.Дэлгэр гарын үсэг зурсан. Ийхүү “Төгс зуурмаг” ХХК нь “Эм Си Эйч Эс” ХХК-ийн зуурмагийн үйлдвэр, зуурмаг түгээх миксер автомашинууд, зуурмагийн түүхий эд материалууд зэрэг бүхий л зүйлсийг ашиглан үндсэндээ компанийн дотоод бүтэц, ажилчид, үйлдвэрлэлийн явц адилхан боловч цаасан дээрх нэр л солигдон “Төгс зуурмаг” ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулах болсон юм. “Төгс зуурмаг” ХХК нь  “Эм Си Эйч Эс” ХХК-ийн GBR/120m3/ Hr маркын бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрийг түрээслэн ажиллуулах, ийнхүү ажиллуулснаас олсон борлуулалтын орлогын 20 хувийг түрээслүүлэгч компанид шилжүүлж байхаар харилцан тохирч 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 009/001 дугаар “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан юм. Хамтран ажиллах 009/001 дугаар гэрээний хугацаа дуусмагц “Эм Си Эйч Эс” ХХК болон “Төгс зуурмаг” ХХК-ийн хооронд 2010 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 010/001 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г 5 жилийн хугацаатайгаар 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаатайгаар өмнөх гэрээтэй ижил нөхцлөөр байгуулан ажилласан. Гэтэл 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Д.Дэлгэр бид ажил төрлөөс болж маргалдан Д.Дэлгэр нь “Төгс зуурмаг” ХХК-д холбогдох санхүүгийн тайлан, баримт, тамга тэмдэг зэргийг бүгдийг авч явсан. “Эм Си Эйч Эс” ХХК нь “Төгс зуурмаг” ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулж байсан тул “Эм Си Эйч Эс” ХХК-ийн бүхий л орлого, бусдаас авах өр төлбөр зэргийг “Төгс зуурмаг” ХХК-ийн данс, кассаар хүлээн авч байсан бөгөөд харилцагч компаниудаас шилжүүлсэн ихээхэн хэмжээний төлбөрийн мөнгийг хариуцагч компанийн данс, кассаар орж ашиглагдсан. Иймд “Төгс зуурмаг” ХХК-иас 2009 оны 009/001, 2010 оны 010/001 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу борлуулалтын орлогын 20 хувиар тооцон нэхэмжилж байгаа юм. “Төгс зуурмаг” ХХК-тай байгуулсан 009/001 дугаар “хамтран ажиллах гэрээний” 2 дугаар зүйлийн 2.31  дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.21 дэх хэсэгт заасны дагуу төлбөрийн үлдэгдэл 78 639 436 төгрөг, гэрээнд заасан алданги 39 319 715 төгрөг, 010/001 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу төлөх төлбөрт 2 297 088 795 төгрөг, нийтдээ 2 415 047 941 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж  байна.

“Эм Си Эйч Эс” ХХК-ийн өмчлөлийн GBR/120m3/Hr маркын бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрийг “Төгс зуурмаг” ХХК нь 2009 оны 1 дүгээр сарын 1-нээс 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл түрээслэн ажиллуулах, энэ өдрийг хүртэл түрээслэгч компаниас өдөр бүрийн борлуулалт, харилцагч нарын худалдан авсан бараа бүтээгдэхүүний хэмжээ, үнэ болон анхан шатны баримтууд, кассын орлого зарлагын тооцооны талаар ирүүлж байсан мэдээллийн дагуу хоёр компани тус бүрдээ адил бүртгэн харилцан тооцоо нийлж байсан болно. “Төгс зуурмаг” ХХК нь өглөг авлагаа дутуу бүртгэсэн, авлага өглөгийн дүнг үнэн зөв санхүүгийн тайлан тооцоонд тусгаж байгаагүй, бодит болуулалтын орлогыг дарагдуулсан дүнгээр “Хамтран ажиллах гэрээ”-ний түрээсийн орлогыг багаар тооцож байсан байх тул 2009 оноос 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хариуцагч компанийн бодит орлогын хэмжээг бармтаар нотлогдож байгаа дараах байдлаар тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх үндэслэл болгож байна.

УМБГ-ын тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээч нар “Төгс зуурмаг” ХХК, “Эм Си Эйч Эс” ХХК, “Төгс эхлэл”ХХК, “Шидэг шинэ эхлэл” ХХК-иудын 2008-2012 оны санхүүгийн баримтуудад болон холбогдох баримтуудад шалгалт хийж 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 145 дугаартай Шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтээр “Төгс зуумаг” ХХК-ийн түрээс ногдох нийт 17 156 540 851 төгрөгийн борлуулалт хийсэн, “Төгс зуурмаг” ХХК нь “Эм Си Эйч Эс” ХХК-д 2009 оны 5 дугаар сараас 2012 оны 8 дугаар сарыг дуустал 3 431 308 170 төгрөг өгөх ёстой, 1 055 579 944 төгрөгийг өгсөн, “Эм Си Эйч Эс” ХХК нь 2 375 728 226 төгрөгийн түрээсийн авлагын үлдэгдэлтэй болохыг тогтоосон. Иймд 891 463 413 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нийт 3 306 511 354 төгрөгийг хариуцагч “Төгс зуурмаг” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Хариуцагч “Төгс зуурмаг” ХХК-ийн захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Эм Си Эйч Эс” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо “Төгс зуурмаг” ХХК-тай байгуулсан 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 009/001 тоот “Хамтран ажиллах гэрээ”, мөн 2010 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 010/001 тоот “хамтран ажиллах гэрээ”-ний үүргээ биелүүлээгүй хэмээн түрээсийн үлдэгдэл төлбөр, алдангийн хамтаар гаргуулахаар нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.  Учир нь 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Эм Си Эйч Эс” ХХК-ийн захирал Ким Хью Жинд эрүүгийн 201201011744 тоот хэрэг үүсгэн, энэхүү нэхэмжилж байгаа мөнгөний тухайд шалгасан ба “Төгс зуурмаг” ХХК-иас түрээсийн төлбөрт байр, машин, мөнгө авсан гэдэг нь хөдлөшгүй баримтаар нотлогдож, тэрээр хүлээн зөвшөөрсөн тул эрүүгийн хэргийг 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 251 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Манай компани “Эм Си Эйч Эс” ХХК-тай нэхэмжлэлд дурдсан 2 гэрээг байгуулж ажиллаж байсан. Гэрээний гол нөхцөл нь “Эм Си Эйч Эс” ХХК нь өөрийн эзэмшлийн GBR/120m3/Hr маркын бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрээ, “Төгс зуурмаг” ХХК-д түрээслүүлэх, түрээсийн төлбөртөө “Төгс зуурмаг” ХХК-ийн үйлдвэрлэсэн бетон зуурмагийн борлуулалтын орологоос 20 хувийг “Эм Си Эйч Эс” ХХК-д төлж байх үүргийг талууд хүлээсэн. “Төгс зуурмаг” ХХК гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрөө цаг тухайд нь төлж байсан боловч “Эм Си Эйч Эс” ХХК-ийн захирал Ким Хью Жин шалтгаангүйгээр гэнэт 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Төгс зуурмаг” ХХК-ийн ажилчдыг хөөн гаргасан. Ингээд зогсохгүй түрээсийн төлбөрт мөнгө, валют, байр машинаар төлсөн 3 178 655 184 төгрөг, тухайн үед Ким Хью Жиний мэдэлд үлдсэн 788 223 306 төгрөгийн түүхий эд, эд хөрөнгө нийт 3.9 тэрбум төгрөгийг үгүйсгэж, 2,4 тэрбум төгрөгийг төлөөгүй гэж үндэслэлгүйгээр гүтгэж, “Төгс зуурмаг” ХХК-ийн харъяа компаниудын ашиг орлогыг тооцоолж, бүх ашигтай бизнесийг Д.Дэлгэр хийж байна гэж элдэв юм нэхэж сүрдүүлсэн. “Төгс зуурмаг” ХХК-ийн зүгээс яагаад ингэх болсныг тодруулахад “цаасан дээр ийм байна. энэ бол бизнес” гэж хэлсэн болно. Тухайн үед бид Ким Хью Жинд хөөгдөж гарахдаа элс, хайрга, цемент, нэмэлт болон бусад эд хөрөнгө, мөн санхүүгийн бүх бичиг баримтаа авч чадалгүй үлдээсэн, ажилчид болон харилцагч нарынхаа өмнө хүнд байдалд орсон бөгөөд 2012 оны 9 дүгээр сарын 12-ны орой Ким Хью Жинтэй ажиллаж байсан монголчууд түүнийг  “Төгс зуурмаг” ХХК-ийн бичиг баримтыг шатааж байна гэж мэдэгдсэн. Ингээд “Эм Си Эйч Эс” ХХК-ийн захирал Ким Хью Жинд холбогдуулан Баянгол дүүрийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж улмаар 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр түүнд эрүүгийн 201201011744 тоот хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын хүсэлтээр 2 удаа аудитын шалгалт, 2 удаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилж санхүүгийн баримтанд дүгнэлт гаргасан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 145 тоот дүгнэлтээр “Төгс зуурмаг” ХХК нь “Эм Си Эйч Эс” ХХК-д 1 983 689 664 төгрөг түрээсийн төлбөрт төлсөн нь нотлогдсон, 1 761 993 413 төгрөгийг мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатай байна гэсэн бөгөөд үүнээс 1 310 425 007 төгрөгийн түүхий эд хөрөнгө, мөнгө, Ким Хью Жинд байгааг шалгаж тогтоосон. Ийд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч “Төгс зуурмаг” ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, нэхэмжлэлээ дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төгс зуурмаг” ХХК нь 2009 оны 1 сарын 21-ний өдөр бетон зуурмагын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх байгуулагдсан. Ингээд “Эм Си Эйч Эс” ХХК-ийн ТЭЦ-4 баруун талд байрлах бетон зуурмагны үйлдвэрийг түрээслэхээр болж гэрээ байгуулсан. 2010 оны 1 сарын 05-ны өдөр 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу нийт борлуулалтын орлогын 20 хувийг төлж байхаар харилцан тохиролцсон. Ингээд үйл ажиллагаа хэвийн явагдаж байтал 2012 оны 9 сарын 10-ны өдөр “Эм Си Эйч Эс” ХХК-ийн зүгээс “Төгс зуурмаг” ХХК-ийг ажиллуулахгүй гэж хөөж гаргасан. Үүний улмаас “Төгс зуурмаг” ХХК нь тухайн үед авсан бетон зуурмагын түүхий эд, хөрөнгөө түрээслүүлэгч компанийн хашаанд үлдээсэн. Мөн “Эм Си Эйч Эс” ХХК-ийн захирал Ким Хю Жинд 3.9 тэрбум төгрөгийг өгсөн байхад аваагүй гэж гүтгэн,  2.4 тэрбум төгрөгийн өртэй гэж хилсээр өр төлбөрт оруулсан. Анх цагдаад өгч шалгуулах болсон гол үндэслэл нь “Эм Си Эйч Эс” ХХК-ийн үлдсэн ажилчдаас танай үлдээсэн баримтыг шатааж байна гэсний дагуу 2012 оны 9 сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст Д.Дэлгэрийн зүгээс өргөдөл өгч шалгуулсан. Шалгалтын явцад “Ситико аудит” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 619 тоот дүгнэлт, “Голден пейж аудит” ХХК-ийн шинжээчийн 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 10/4-944 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 1368 /гарын үсэг шинжилсэн/, 2013 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 108 тоот дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 145 тоот дүгнэлтүүд гарсан. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад “Төгс зуурмаг” ХХК-иас Ким Хю Жин энэхүү мөнгийг авсан болохыг шалгаж тогтоосон. Криминалистик шинжээчийн 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1368 тоот дүгнэлтэд кассын орлого баримтад зурсан гарын үсгүүд түүний гарын үсэг мөн болохыг тогтоосон байгаа. Тус дүгнэлтэд Ким Хю Жин нь “Төгс зуурмаг” ХХК-ийн кассын мэдээ тайланг Монгол-Солонгос хэл дээр гаргасан. Гаргасан мөнгөн дүнгээ өөрөө гарын үсэг зураад хянаж баталгаажуулдаг, мөн кассын нягтлангийн гарын үсэг зурагддаг. Энэ кассын тайланг Монгол-Солонгос хэл дээр хийлгүүлж үйл ажиллагаандаа ашиглаж байсан. Энэ тайлан дээр нийтдээ бэлнээр 913 274 357 төгрөгийг Ким Хю Жин гарын үсэг зураад авсан, энэ 28 хуудас тайланд байгаа учраас үүгээр нотолж байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож дурдсан. Үүнийгээ орчуулж өгсөн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 657 386 445 төгрөгөөс 61 217 750 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтээ шүүхэд өгсөн. Мөрдөн байцаалтаар нийт 1 310 425 007 төгрөгийн бэлэн мөнгө, эд хөрөнгийг Ким Хю Жин авсан юм байна гэж тогтоосон. Түүхий эд, элс, хайргыг тухайн үед Улсын мөрдөн байцаах газраас шинжээч томилж 2 талын төлөөлөгчийг аль алиныг байлцуулж байгаад үзлэг хийгээд энэ нь манайх, энэ нь Төгс зуурмаг ХХК-ийнх гэж үзлэгийн тэмдэглэл нь хэрэгт авагдсан байгаа. “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн дүгнэлтээр түрээслэж байх хугацаандаа барилга байгууламжийн засаж сайжруулсан юм байна, талбайг нь бетондсон байна, төмөр суулгасан, дээвэр зассан, төмөр замын гарам хийсэн, сахиулын байр хийсэн гээд түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр засан сайжруулалтад гарсан зардал энэ бүгд нийлээд 335 934 900 төгрөг гарч байна гэж тогтоосон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн ахлах шинжээч Алтанцэцэг нарын гаргасан 145 тоот дүгнэлттэй холбогдуулан Улсын мөрдөн байцаах газраас шинжээчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан мэдүүлэг авсан. Ингээд энэ мэдүүлгээр “Төгс зуурмаг” ХХК нь “Эм Си Эйч Эс” ХХК-д 653 038 562 төгрөг өгөхөөр байна гэж дурдсан ба мөрдөн байцаалтаар тогтоосон 1 310 425 007 төгрөгөөс энэ дүнг хасч  657 386 440 төгрөг гаргуулъя гэж шаардсан. Үүнээс байрны үнэ болох 61 215 750 төгрөгийг хасаад нэхэмжлэлийн шаардлагаа 596 170 695 төгрөг болгосон, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

            Нэхэмжлэгч “Эм Си Эйч Эс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс  сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь энэхүү сөрөг нэхэмжлэлээр яг үнэндээ ийм их хэмжээний хөрөнгийг “Эм Си Эйч Эс” ХХК-д үлдээгээд өнөөдөр авах гээд нэхээд байгаа зүйл байхгүй. Энэ нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлдээ тооцуулах, ямар нэгэн байдлаар өөрсдөө хохирсон болж харагдах гэсэн ийм үйл ажиллагаа гэж харж байна. Нэгэнт шинжилгээгээр дүгнэлт нь гарсан байхад өнөөдөр өөр баримт үзүүлээд ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл энэ санхүүгийн баримтаар нэхээд байгаа зүйл нь өнөөдөр санхүүгийн баримтын анхан шатны шаардлагыг хангасан, хүлээн авсан хүний гарын үсэг, өгсөн мөнгөний зориулалт, тухайн мөнгийг хүлээн авсан гэдэг нь нотлогдож байх ёстой. Үүнийг Ким Хю Жингийн гарын үсгийг криминалистикийн шинжээчийн дүгнэлт, кассын тайлангаар нотолсон гэж байна. Гэтэл криминалистикийн шинжээчийн дүгнэлт нь Ким Хю Жингийн гарын үсэг, кассын баримт нь дээрх гарын үсэг байна гэж тогтоосон байж болно. Гэхдээ яг энэ мөнгийг Ким Хю Жин авсан уу үгүй юу гэдгийг шинжээч нар тогтоогоогүй, кассын тайлан дээрээ хянасан гэж гарын үсэг зурсан болохыг тогтоосон.  Нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хоёр хүнээс гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд  Ким Хю Жин өдөр тутмын кассын тайланг хянаад гарын үсэг зурдаг байсан гэж Цэнд-Аюуш, Батцэцэг гэдэг хоёр хүн мэдүүлсэн, тухайн үед Ким Хю Жин нь компанийн эзэн нь байсан учир энэ хүмүүс танилцуулж, нягтлан бодогч нар нь гарын үсэг зуруулдаг, хянуулдаг байсан байна. Гэтэл хяналаа гээд гарын үсэг зурсных нь төлөө тэр компанийн үйл ажиллагаанд гарсан бүхий л зардал хамааралгүй юм. “Төгс зуурмаг” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлээс элс, хайрга, цементний үнэ 85 098 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч түрээсийн үлдэгдэл төлбөрөөс хасч тооцуулж болох бөгөөд үлдэх хэсгийн тооцоог хүлээн зөвшөөрөхгүй. “Төгс зуурмаг” ХХК нь 2009, 2010, 2011 орны санхүүгийн тайландаа манай компанид өглөгтэй гэж тайлагнасан нь хоёр компанийн харилцан тооцоо нийлж гаргасан тооцоо бөгөөд эдгээр төдбөрийг төлөөгүй юм. Ийм байтал хариуцагч компани 2012 оны тайланд өмнөх онуудын авлагатай гэж тусгасан нь хууль бус үйлдэл юм. Сөрөг нэхэмжлэлд бичигдсэн үндсэн хөрөнгө гэх 250 837 000 төгрөг нь манай компанид хамааралгүй бөгөөд яг ямар эд хөрөнгө болох талаар нотлох баримт байхгүй. Гэтэл энэ нэхээд байгаа хөрөнгө чинь манай үндсэн хөрөнгийн бүртгэл дээр 2009 оноос хойш бүртгэлтэй байгаа болно.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Эм Си Эйч Эс” ХХК нь хариуцагч “Төгс зуурмаг” ХХК-иас хамтран ажиллах гэрээний үүрэгт нийт 3 306 511 354  /гурван  тэрбум гурван зуун зургаан сая таван зуун арван нэгэн мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч “Төгс зуурмаг” ХХК гэрээг цуцалснаас учирсан хохиролд 596 170 975 /таван зуун ерэн зургаан сая нэг зуун далан мянга есөн зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 009/001 дугаартай, 2010 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 010/001 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус байгуулсан бөгөөд уг гэрээнд талуудыг төлөөлж “Эм Си Эйч Эс” ХХК-ийн захирал Ким Хью Жин, “Төгс зуурмаг” ХХК-ийн захирал Д.Дэлгэр нар гарын үсгээ зурж, 2 компанийн тамга дарагдсан байна. /1-р хх 16, 18-р тал/

Талууд гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх, гэрээний агуулгын  тухайд маргахгүй, харин нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй, борлуулалтын орлогоо нууж гэрээний төлбөрт төлөх ёстой төлбөрийг дутуу шилжүүлсэн гэж, хариуцагч тал татгалзал, болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний үүргийг биелүүлж байсан, гэрээг үндэслэлгүй цуцалж, түрээслэсэн обьектоос хөөж гаргаснаас хохирол учирсан гэж тайлбарлаж байна.

Хэдийгээр талууд 009/001, 010/001 дугаартай гэрээнүүдийг хамтран ажиллах тухай гэж нэрлэн байгуулсан байх боловч уг гэрээгээр хариуцагч “Төгс зуурмаг” ХХК нь нэхэмжлэгч “Эм Си Эйч Эс” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах GBR/120m3/Hr маркын бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрийг бүхэлд нь түрээслэн ажиллуулах, ийнхүү ажиллуулснаас олсон борлуулалтын орлогын 20 хувийг түрээслүүлэгч компанид шилжүүлж байх, түрээсийн төлбөрийг сар бүр хийхээр тохиролцсон зэргээс үзэхэд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.  2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 009/001 тоот гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан, гэрээний хугацаа 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дууссан, 2010 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 010/001 тоот гэрээг  5 жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд 010/001 тоот гэрээг нэхэмжлэгч “Эм Си Эйч Эс” ХХК-ийн санаачилгаар 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр цуцалж, түрээслүүлэгч тал түрээслүүлсэн үйлдвэр /обьект/-ийг буцаан авчээ.

“Төгс зуурмаг” ХХК-ийн захирал Д.Дэлгэрийн гомдлоор нэхэмжлэгч “Эм Си Эйч Эс” ХХК-ийн захирал БНСУ-ын иргэн Ким Хью Жинд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс 201201011744 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 428, 251 дүгээр  тогтоолуудаар / 1 дүгээр хх-ийн 39/ Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэргийг шалгах явцад талуудын хоорондын тооцоог тодруулах үүднээс “Төгс зуурмаг” ХХК, “Эм Си Эйч Эс” ХХК, “Төгс эхлэл” ХХК, “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн санхүүгийн баримтуудыг үндэслэн “Ситико аудит” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 619 тоот дүгнэлт, “Голден пейж аудит” аудит ХХК-ийн шинжээчийн 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 10/4-944 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 1368 /гарын үсэг шинжилсэн/, 2013 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 108 тоот дүгнэлт, бүрэлдхүүнтэй шинжээчийн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 145 тоот дүгнэлтүүд гарсан байх ба эдгээр дүгнэлтүүдэд дурдсан тоо баримтыг талууд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийнхээ үнийг тодорхойлсон болно. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын эрүүгийн 201201011744 тоот хэрэгт дахин шинжилгээ хийсэн тухай 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 145 тоот дүгнэлтээр /1-р хх 179-р тал/ “Төгс зуурмаг” ХХК-иас , “Эм Си Эйч Эс” ХХК-д өгөх өглөгийг 2 375 728 226 төгрөг, “Төгс зуурмаг” ХХК-иас , “Эм Си Эйч Эс” ХХК-д эд хөрөнгө болон мөнгөөр 1 983 689 664 төгрөгийг өгсөн нь тогтоогдож, 1 761 993 413 төгрөгийн тухайд мөрдөн байцаалтаар тогтоогдохоор байгааг дурджээ.  

Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч “Эм Си Эйч Эс” ХХК-ийн захирал хариуцагч компанитай байгуулсан 009/001 тоот гэрээ, 010/001 тоот гэрээний үйлчлэх хугацаанд сар бүрийн орлого зарлагыг нь хянаж, кассын баримтуудад гарын үсэг зурж байсан гэж тайлбарлаж байгаа боловч, өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 145 тоот дүгнэлтэнд тулгуурлан гаргаж, “Төгс зуурмаг” ХХК-ийн 2009 оноос 2012 оны хооронд хувь хүн, хуулийн этгээдэд бетон зуурмаг борлуулсан бодит орлогыг тодорхойлон шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч тал хариуцагч “Төгс зуурмаг” ХХК-ийн 2009-2012 оны борлуулалтын орлогыг зөвхөн өөрт байсан санхүүгийн баримт, үйлдвэрийн мэдээ гэх баримтанд тулгуурлан тооцсон байх бөгөөд эдгээр баримтууд нь хариуцагч компаниас Татварын байгууллагад тайлагнасан тухайн онуудын тайлангаас илтэд зөрүүтэй, мөн харилцан тооцоо нийлж баталгаажуулаагүй байна. Зохигч компаниуд нь Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан охин болон хараат компани биш, харилцан хамааралгүй, тусдаа тайлан баланс гаргадаг хуулийн этгээдүүд болох нь хэрэгт авагдсан “Төгс зуурмаг” ХХК, “Эм Си Эйч Эс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг баримтаар нотлогдох бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг” ойлгоно гэж, мөн хуулийн  6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө”, 13 дугаар зүйлийн 13.5 дах хэсэгт “анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно” гэж тус тус зохицуулснаас үзэхэд нэхэмлэгч талын шардлагаа нотлосон харилцан тооцоо нийлээгүй, нэг талын санхүүгийн тэмдэгтэй, Татварын албанд тайлагнаж баталгаажуулаагүй тайланг үндэслэх, нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлэх боломжгүй юм.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр талуудыг байлцуулан хариуцагч “Төгс зуурмаг” ХХК-ийн түрээслэж байсан Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах GBR/120m3/Hr маркын бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрийн комьпютерт үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр нэхэмжлэгчээс гаргаж өгсөн үйлдвэрийн мэдээ гэх баримтаас түүвэр байдлаар авсан баримтуудыг уг комьпютерийн мэдээллийн сангаас авсан болох, үйлдвэрийн мэдээлэл нь тухайн өдөр үйлдвэрлэсэн бетоны хэмжээ найрлагыг илэрхийлсэн бөгөөд захиалагч болон үнийн талаар мэдээлэл агуулаагүй болохыг тогтоосон.  

Хариуцагч талаас энэхүү үйлдвэрийн мэдээ гэх баримт нь боруулалтын орлогын хэмжээг тодорхойлохгүй, 2012 оноос хойш бидний хяналтанд байгаагүй учир эргэлзэж байна, өөрийн болон түрээслэгч компанийн бетон зуурмагийг үйлдвэрлэдэг байсан тул үйлдвэрээс гарсан болгоныг борлуулсан гэж үзэж болохгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 009/001, 010/001 тоот гэрээгээр түрээслэгчийн төлөх түрээсийн төлбөрийн хэмжээг борлуулалтын орлогын 20 хувь байх, борлуулалтын орлогыг тодорхойлон түрээсийн төлбөрийг сар бүр хийх талаар талууд тохиролцсон ба 010/001 тоот гэрээг 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр цуцлах хүртэл түрээсийн төлбөрийн төлбөрийн талаар маргаж байсан гэх, мөн 009/001 тоот гэрээг дүгнэсэн баримтгүй байх боловч 009/001 тоот гэрээг дуусгавар болгон 010/001 тоот гэрээг 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 5 жилийн хугацаагаар байгуулсан гэж үзэхээр байна.

Шүүхийн шижилгээний үндэсний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 145 тоот дүгнэлтээр /1-р хх 241-р тал/ “Эм Си Эйч Эс” ХХК нь “Төгс зуурмаг” ХХК-иас 3 794 830 871 төгрөг авах ёстой гэснээс нийт 2 636 728 226 төгрөг, үүнээс түрээсийн авлага 2 375 728 226 төгрөг нь шинжилгээгээр тогтоогдож, 1 158 12 645 төгрөг нь шинжилгээгээр тогтоогдох боломжгүй тул мөрдөн байцаалтаар тогтоогдохоор байгаа талаар дүгнэжээ.

Хариуцагч “Төгс зуурмаг” ХХК-ийн захирал Д.Дэлгэрийн гомдлоор үүссэн Эрүүгийн 201201011744 тоот хэрэгт маргаж буй талуудын хоорондын тооцоог эрүүгийн хэрэгт авагдсан, мөрдөн байцаалтын явцад цугласан нотлох баримтууд, зохигч компаниудын болон “Төгс эхлэл” ХХК, “Шилдэг шинэ эхлэл” ХХК-ийн санхүүгийн баримтуудад тулгуурлан тогтоосон  шинжээчийн дүгнэлтүүд  нь гэрээний үүргийг буюу түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн иргэний хэрэгт нотлох баримт болгон ашиглах үндэслэлгүй гэж дүгнэлээ.   

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: “Төгс зуурмаг” ХХК нь нэхэмжлэгч “Эм Си Эйч Эс” ХХК-тай 2010 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр байгуулсан 010/001 тоот хамтран ажиллах гэрээг  тус компанийн захирал  Ким Хью Жин 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр цуцлан, тэр өдрөө түрээсийн зүйлийг буцаан авч, компанийн ажилчдыг хөөн гаргаснаар компанид хохирол учирсан гэж сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд  нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 108 тоот дүгнэлт, 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 145 тоот дүгнэлт, Эрүүгийн 201201011744 тоот хэрэгт шинжээч Л.Алтанцэцэгийг байцаасан тэмдэглэл, “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хөрөнгө үнэлсэн тухай 54/09 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Төгс зуурмаг” ХХК-ийн кассын тайлан зэрэг баримтаар нотлохоор мэтгэлцсэн болно. “Эм Си Эйч Эс” ХХК-ийн захирал Ким Хью Жин нь 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Төгс зуурмаг” ХХК-д хандан гаргасан мэдэгдэлдээ 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 010/001 тоот гэрээг цуцлах, 2010-2012 оны 8 дугаар сар хүртэл түрээсийн төлбөр 2 415 590 864 төгрөгийг 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дтор төлөх талаар дурдсан боловч гэрээний зүйл болох бетон зуурмагийн үйлдвэрийг 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр буцаан авчээ.

Талууд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах, гэрээнээс татгалзах нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй гэж үзэх нөхцөл байдал үүссэн эсэх талаар маргахгүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 145 тоот дүгнэлтээр “Төгс зуурмаг” ХХК нь “Эм Си Эйч Эс” ХХК- 1 983 689 664 төгрөг өгсөн нь тогтоогдсон, 1 761 993 413  төгрөг нь мөрдөн байцаалтаар тогтоогдох талаар дүгнэсэн боловч сөрөг нэхэмжлэлд дурдсанчилан 1 310 425 007 төгрөгийн авлагыг мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй юм.  Учир нь эрүүгийн 201201011744 тоот хэрэг нь Д.Дэлгэрийн компанийн бичиг баримт шатаасан, залилан мэхэлсэн гэх гомдлоор Ким Хью Жинд үүсгэсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтүүд нь талуудын хооронд байгуулсан 009/001, 010/009 тоот гэрээнд тулгуурлаагүй, мөн эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. 

Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн кассын тайлан /н.б хх 45-73-р тал/ гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2013 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн 54/09 дугаартай дүгнэлтэд /1-р хх 211-р тал/  битүүмжлэгдсэн элс, хайрга, жагсаалтанд дурдагдсан хөрөнгийн үнийг 335 934 900 төгрөг гэж үнэлснийг “Төгс зуурмаг” ХХК-д учирсан хохиролд тооцох боломжгүйгээс гадна нэхэмжлэгч компанийн үндсэн хөрөнгөд давхардан бүртгэгдсэн байна.  

Хариуцагч “Төгс зуурмаг” ХХК нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.4 дэх хэсгүүдэд  зааснаар гэрээг хугацаанаас өмнө үндэслэлгүй цуцлснаас учирсан хохирлоо “Эм Си Эйч Эс” ХХК-иас шаардах эрхтэй байх боловч нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 313 дугаар зүйлийн 313.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Төгс зуурмаг” ХХК-иас 3 306 511 354  /гурван  тэрбум гурван зуун зургаан сая таван зуун арван нэгэн мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжжлэгч “Эм Си Эйч Эс” ХХК-ийн нэхэмжлэл, “Эм Си Эйч Эс” ХХК-иас 596 170 975 /таван зуун ерэн зургаан сая нэг зуун далан мянга есөн зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай хариуцагч “Төгс зуурмаг” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 848 468 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 448 830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.БАТСҮХ