Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00693

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2017/02399 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 154 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Т” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 3 306 511 354 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 1 078 363 100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангоо, хариуцагчийн өмгөөлөгч П.Сарантуяа, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

БНСУ-ын иргэн Ким Хю Жин /Kim Hyo Jin/ би 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1 дүгээр шийдвэрээр гадаадын хөрөнгө оруулалттай “Э” ХХК-ийг үүсгэн байгуулж гадаад худалдаа, бетон зуурмагийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа амжилттай явуулж ирсэн. Тус компанийн ерөнхий захирал Ким Хю Жин би 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 017 дугаар тушаалаар Д.Дэлгэрийг компанийн ерөнхий менежерийн ажилд авч хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 001//009 дүгээр тушаалаар “Э” ХХК-ийн ерөнхий захирлаар томилж компанийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах үүрэг хариуцуулсан. ...“Т” ХХК нь “Э” ХХК-ийн GBR/120m3/ Hr маркийн бетон зуурмагийн 01 дүгээр үйлдвэрийг түрээслэн ажиллуулах, ийнхүү ажиллуулснаас олсон борлуулалтын орлогын 20 хувийг түрээслүүлэгч компанид шилжүүлж байхаар харилцан тохирч 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 009/001 дугаар Хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Хамтран ажиллах 009/001 дугаар гэрээний хугацаа дуусмагц “Э” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 010/001 дугаартай хамтран ажиллах гэрээг дахин байгуулж 5 жилийн хугацаатайгаар өмнөх гэрээтэй ижил нөхцлөөр байгуулан ажилласан.

Гэтэл 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Д.Дэлгэр бид ажил төрлөөс болж маргалдан Д.Дэлгэр нь “Т” ХХК-д холбогдох санхүүгийн тайлан, баримт, тамга тэмдэг зэргийг бүгдийг авч явсан. “Э” ХХК нь “Т” ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулж байсан тул “Э” ХХК-ийн бүхий л орлого, бусдаас авах өр төлбөр зэргийг “Т” ХХК-ийн данс, кассаар хүлээн авч байсан бөгөөд харилцагч компаниудаас шилжүүлсэн ихээхэн хэмжээний төлбөрийн мөнгийг хариуцагч компанийн данс, кассаар орж ашиглагдсан. 

Иймд “Т” ХХК-иас 2009 оны 009/001, 2010 оны 010/001 дугаар хамтран ажиллах гэрээний дагуу борлуулалтын орлогын 20 хувиар тооцон нэхэмжлэл гаргаж байна. Урьд нь гэрээнд заасны дагуу алданги, гэрээний үлдэгдэл төлбөр нийт 3 306 511 354 төгрөг нэхэмжилсэн. Харин шинжээчийн 120 дүгнэлттэй холбогдуулж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж одоо зөвхөн түрээсийн төлбөрийн үлдэгдэл буюу “Т” ХХК-тай байгуулсан 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 009/001 дугаартай хамтран ажиллах гэрээ, 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 010/001 дугаартай хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгчид төлөх борлуулалтын орлогын 20 хувийн төлбөрийн үлдэгдэл 392 041 562 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч “Э” ХХК-тай 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 009/001 тоот хамтран ажиллах гэрээ, мөн 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 010/001 тоот хамтран ажиллах гэрээг байгуулж, хамтран ажилласан. Гэрээний гол нөхцөл нь “Э” ХХК нь өөрийн эзэмшлийн GBR/120m3/Hr маркийн бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрийг “Т” ХХК-д түрээслүүлэх, түрээсийн төлбөртөө “Т” ХХК-ийн үйлдвэрлэсэн бетон зуурмагийн борлуулалтын орлогоос 20 хувийг “Э” ХХК-д төлж байх үүргийг талууд хүлээсэн. “Т” ХХК гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрөө цаг тухайд нь төлж байсан боловч “Э” ХХК-ийн захирал Ким Хью Жин шалтгаангүйгээр гэнэт 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Т” ХХК-ийн ажилчдыг хөөн гаргасан. Нэхэмжлэгч нь анх шүүхэд гэрээний үүрэгт 3 306 511 354 төгрөг нэхэмжилсэн боловч сүүлийн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж гэрээний үлдэгдэл төлбөр 392 041 562 төгрөг нэхэмжилсэн байна. Хариуцагч тал гэрээний үлдэгдэл төлбөр 392 041 562 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийн талаар маргахгүй. Харин энэ төлбөрийг нэхэмжлэгч “Э” ХХК-д үндэслэлгүйгээр түрээсийн төлбөрт илүү төлсөн хэсгээс хасч тооцсон гэж үзэж байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 

Гэрээний дагуу үйл ажиллагаа хэвийн явагдаж байтал 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Э” ХХК-ийн зүгээс “Т” ХХК-ийг ажиллуулахгүй гэж хөөж гаргасан. Гэрээний хугацаанд дараахи мөнгө болон эд хөрөнгийг “Э” ХХК нь түрээсийн төлбөрт авах ёстой дүнгээс илүү гарган “Т” ХХК-иас авч үндэслэлгүй хөрөнгөжсөн тул илүү төлсөн мөнгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Үүнд, “Т” ХХК-ийн захирал Д.Дэлгэр нь 2011 оны 07 сард бага хүүгээ төрүүлсэн бөгөөд ирэн очин ажлаа хийж байсан ба энэ хугацаанд хамтран ажиллагч Ким Хю Жинд өөрийн “Т” ХХК-ийн ажлыг хариуцуулан үлдээсэн байсан. Энэ хугацаанд Ким Хю Жин нь тус компанийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой гүйлгээг өөрт ойлгомжтой байлгах үүднээс, “орсон-гарсан” гүйлгээний утгыг Монгол-Солонгос хэл дээр үйлдүүлж орлого, зарлагыг хянан, гарын үсэг зурж баталгаажуулан 28 хуудас бүхий кассын дэвтэр хөтлүүлж байсан байдаг. Энэ дэвтэрт авагдсан баримтаар Ким Хю Жин нь нийт 65 000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 856 831 340 төгрөг, төгрөгөөр 56 433 017 төгрөг, нийт 913 274 357 төгрөгийг авсан болохоо баталгаажуулан гарын үсэг зурсан байсан. Мөн энэ дэвтэрт хянасан, шалгасан гэсэн хэсэгт зурагдсан гарын үсэг нь Ким Хю Жин-х мөн болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1368 тоот Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Ким Хю Жин нь өөрөө гарын үсэг зурж хүлээн авсан мөнгөө аваагүй гэж маргаж олон жил намайг хохироосон. Иймд түүнээс Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 913 274 357 төгрөгийг гаргуулах, мөн 2011 оны 07 дугаар сарын 08-нд бэлнээр 7 624 180 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 17-нд гаалийн татвараа төлнө гэж 7 150 837 төгрөг, 2012 оны 07 дугаар сарын 01-нд мкд каргонд төлнө гэж 1 828 000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 12-нд 300 000 төгрөг, 2012 оны 07 дугаар сарын 09-нд 3 000 000 төгрөг, 2012 оны 07 дугаар сарын 01-нд 300 000 төгрөг, 2011 оны 09 дүгээр сарын 09-нд түрээсийн тооцоонд ХАОАТ-т 3 000 000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 24-нд 20 000 000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 06-нд 13 240 000 төгрөг, 1 дүгээр баримтаар “Э” ХХК-ийн захирал Ким Хю Жин нь “Т” ХХК-иас нийт 659 000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 856 831 340 төгрөг, төгрөгөөр 56 443 017 төгрөг, нийт 913 274 357 төгрөгийг авсан нь нотлогдсон гэж үзэж байна. Учир нь энэ баримт нь Монгол Солонгос хэл дээр үйлдэгдсэн байх ба хянасан гэсэн хэсэгт Ким Кю Жин болон кассын нярав ч мөн гарын үсэг зурсан байсан. Хэрэв энэ мөнгийг аваагүй байсан бол Ким Хю Жин нь уг баримтыг хянаж шалгасан хүний хувьд гарын үсэг зурахгүй байх бүрэн боломж өөрт нь байсан.

Түүнчлэн “Э” ХХК нь 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хамтран ажиллах гэрээний хугацаа дуусаагүй байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг гэнэт цуцлаж, “Т” ХХК-ийг ажилчидтай хамт хөөн гаргасан. Энэ үед “Т” ХХК-ийн түүхий эд болон үндсэн хөрөнгөндөө худалдан авсан бүх эд хөрөнгүүд нь “Э” ХХК-ийн мэдэлд буюу үйлдвэрийн хашаа болон конторын барилгад үлдсэн. Үүнийгээ өнөөдрийг хүртэл буцаан авч чадаагүй. Ингээд “Т” ХХК нь цагдаад өгч шалгуулсны үндсэн дээр УМБГ-ын эрүүгийн 201201011744 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөнд шинжилгээ хийлгэх 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр УМБГ-ын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн ахмад О.Одонбаатар, “Итгэлт эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, “Э” ХХК-ийн байранд очиж үзлэг хийн, талуудын өмгөөлөгчдийг байлцуулан, “Т” ХХК-ийн түүхий эд болон үндсэн хөрөнгүүдийг газар дээр нь очиж шалган, санхүүгийн анхан шатны баримтаар нь тулган бүртгэж нийт 135 934 900 төгрөгний түүхий эд материал, үндсэн хөрөнгө нь “Э” ХХК-ийн үйлдвэрийн хашаанд болон конторт үлдсэн болохыг тогтоож дүгнэлт гаргасан. Гэтэл нэхэмжлэгч тал үүнээс зөвхөн элс, хайргатай холбоотой 85 098 000 төгрөгийг зөвшөөрсөн үлдэх хэсгийг нь өөрийн компанийн үндсэн хөрөнгө гэж худал төөрөгдүүлж байна.

Иймд 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Э” ХХК нь өөрийн үйлдвэрийн байрнаасаа “Т” ХХК-ийг хөөж гаргахдаа авч үлдэж өдий хүртэл өгөхгүй байгаа элс, хайрга болон пүү, ширээ сандал, эйркондейшн, компьютер, сэйф, зэрэг эд хөрөнгө, гэх мэт “Э” ХХК-ийн зам талбай бетондсон, агуулах, манаачийн байр, блокон хашаа бариулсаны үнэ нийт 335 934 900 төгрөг гаргуулах, мөн “Э” ХХК-ийн татваруудыг төлсөн 221 195 413 төгрөгийг гаргуулах, ШШҮХ-ийн эдийн засгийн шинжээч нарын 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 120 тоот дүгнэлтээр “Т” ХХК-ийн “Э” ХХК-д төлсөн 1 055 579 944 төгрөг 1 983 686 664 төгрөг, нийт 3 039 266 608 төгрөгийн дүнд 221 195 413 төгрөг ороогүй болох нь батлагдсан. 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 120 тоот шинжээчийн дүгнэлтийн хавсралт 3-н 162-176 дугаар талд байгаа. Энэхүү 221 195 413 төгрөгийг “Т” ХХК нь өөрийн орлогоосоо гарган “Э” ХХК-ийн өмнөөс бусдад төлөх ёстой төлбөр, улсад төлөх ёстой татваруудад нь төлсөн юм. Учир нь “Э” ХХК-д “Т” ХХК нь гэрээний дагуу түрээсийн төлбөр төлдөг байсан тул, тус компанийн төлөх ёстой төлбөр, татваруудыг өмнөөс нь төлөөд, дараа нь түрээсийн төлбөрийн тооцоондоо оруулж тооцох зарчмаар хамтран ажилладаг байсан. Гэтэл “Э” ХХК нь бидний хооронд ажил хэргийн хүрээнд тогтсон дээрх зарчмыг, өөртөө хууль бусаар ашиглан, манай “Т” ХХК-иар төлүүлсэн 221 195 413 төгрөгийг өөрөө төлсөн хэмээн балансандаа давхардуулан бүртгэж, гэрээний дагуу авах ёстой дүнгээсээ илүү гаргаж авсан болно. Иймд 221 195 413 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Энэ мөнгийг “Э” ХХК нь “Т” ХХК-иас илүү авсан болох нь 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1368 тоот Шинжээчийн дүгнэлтээр Ким Хю Жингийн гарын үсэг болох нь тогтоогдсон 28 хуудас кассын тайланд тусгагдсан байдлаар тогтоогдож байгаа. Ингээд 913 274 357 төгрөгийг Ким Хю Жин нь Д.Дэлгэрийг эзгүйг далимдуулан санхүүгийн тайлан балансанд нь тусгуулалгүйгээр үндэслэлгүйгээр авсан болох нь түүний өөрийнх нь хянаж баталгаажуулсан Монгол-Солонгос хэл дээр үйлдүүлсэн кассын дэвтэр бүхий 28 хуудас баримтаар нотлогдно. Үүнд 335 934 900 төгрөгийг “Э” ХХК нь өөртөө авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг мөрдөн байцаагч, шинжээч, 2 талын төлөөлөгчдийг байлцуулан газар дээр нь нэг бүрчлэн үзэж тулган “Итгэлт Эстимэйт” ХХК дүгнэлтээрээ гаргасан. 221 195 413 төгрөгийг гаргуулах тухайд 28 хуудас кассын тайлан болон анхан шатны баримтаар нотлогдоно. Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт 1 470 404 670 төгрөгийг түрээсийн төлбөрт илүү авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул үүнээс шинжээчийн 120 тоот дүгнэлтээр тогтоогдсон “Э” ХХК-нд хариуцагчийн төлөх ёстой 392 041 562 төгрөгийг хасаж, үлдэх 1 078 363 100 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулж “Т” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

“Т” ХХК-иас үндэслэлгүй гомдол гаргаж надад холбогдуулан эрүүгийн хэрэг үндэслэлгүйгээр үүсгэн шалгуулсан бөгөөд “Э” ХХК-д төлөх өр төлбөрт харилцан тооцуулах зорилготой арга хэрэглэж байна. Сөрөг нэхэмжлэлээс элс, хайрга, цементийн үнэ 85 098 000 төгрөгийг манай компани хүлээн зөвшөөрч, түрээсийн үлдэгдэл төлбөрөөс хасч тооцож болох бөгөөд “Э” ХХК нь шударгаар авсан өгснөө бүртгэн цаг тухай бүрт нь тайлагнаж, авсан бол авсан хэмжээн хүлээн зөвшөөрч ирсэн тул үлдэх хэсгийн тооцоог хүлээн зөвшөөрөхгүй. “Э” ХХК нь “Т” ХХК-иас 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 009/001 дугаар Хамтран ажиллах гэрээ, 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 010/001 тоот гэрээний дагуу борлуулалтын орлогын 20 хувийг гаргуулахаар шаардаж шүүхэд хандсан ба гэрээний талууд уг байдалд маргадаггүй. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн үндэслэлээ “Э” ХХК-ийн удирдлагад холбогдох 2013 онд шалгасан гэх эрүүгийн 201201011744 дугаар хэргийн мөрдөн байцаалтын явцад авагдсан гэрчийн мэдүүлэг, үйл ажиллагааны тайланг хянаж байсан гэх санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй зөвхөн хянасан гэх ойлголтоор нэхэмжлэгч байгууллагын захирлын зурагдсан гэх гарын үсгийг гол нотлох баримт болгосон, нэхэмжлэгч болон хариуцагч компаниуд санхүүгийн анхан шатны баримтын хүрээнд тухайн цаг хугацаанд тооцоо нийлж, тооцооны үлдэгдлээ баталгаажуулаагүй байсан, эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд гарсан эдийн засгийн шинжээчийн тооцооллыг үндэслэл болгосон гэх боловч эрүү, иргэний хэрэгт авагдсан нотлох баримтууд өөр хоорондоо зөрүүтэй, цаг хугацааны хувьд таарахгүй, талууд харилцан маргаж байсан учраас “Эм Си Эйч Си” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Т” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгчийн захирамжаар шинжээч томилогдон 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаар шинжээчийн дүгнэлтээр талуудын хоорондох өглөг, авлагын тооцоог эцсийн байдлаар тооцож гаргасан бөгөөд уг шинжээчийн дүгнэлтийг зохигчид харилцан хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд дээр дурдсан тайлбарын үндэслэл болоод хэрэгт авагдсан баримтын хүрээнд сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2017/02399 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас 392 041 562 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 914 469 792 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 85 098 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 993 265 100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 16 848 468 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 6 017 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид “Т” ХХК-иас 2 118 157 төгрөг гаргуулж “Э” ХХК-нд, сөрөг нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 583 440 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулж “Т” ХХК-нд тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 2 400 000 төгрөгийг гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /Төрийн сан банкин дахь 100900012005 данс/-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 154 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2017/02399 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.5 дах хэсэгт зааснаар “Э” ХХК-иас 335 934 900 төгрөгийг гаргуулан “Т” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 1 134 469 770 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т “...хариуцагч “Т” ХХК-иас 2 118 157 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д” гэснийг “1 837 625 төгрөгийг гаргуулан “Э” ХХК-д” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7 084 484 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. ...Дээд шатны шүүхээс “Э” ХХК-ий захирал Ким Хю Жин нь хариуцагч компанийн орлого, зарлагын тооцооны баримтаар энэ дүнг тодорхойлсон байх ба шинжээчийн дүгнэлтээр зарлагын баримтад тэрээр гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон байна, Ким Хю Жиний хувьд нэхэмжлэл гаргахад саадгүй гэж дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчиж дүгнэж хөндлөнгийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж дүгнэсэн нь хууль бус юм. Гэтэл 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1368 тоот шинжээчийн дүгнэлтээр Ким Хю Жиний гарын үсэг нь мөн болохыг тогтоосон боловч удаа дараагийн шинжээчийн дүгнэлт буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 108, 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 145, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаар дүгнэлтүүдээр мөнгө авсан нь тогтоогдохгүй байгаа талаар дурдсан байдаг. Нөгөөтэйгүүр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3-т “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 3.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна” гэснээс үзэхэд жагсаалт бүхий 28 хуудас баримт нь нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу нотлох баримтын шаардлага хангаагүй болох нь харагдаж байна. Шүүхээс Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4 дэх заалтыг барьж гэрээний дуусах хугацаа заагаагүй байгаа гэж дүгнэсэн үндэслэлгүй юм. Гэрээнд 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл байхаар заасан байдаг. Гэрээг цуцлагдсан талаар талууд харин маргаагүй юм.

Талууд хамтран ажиллах гэрээ буюу агуулгын хувьд түрээсийн гэрээг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 009/001, 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 010/001 дугаар гэрээнүүдийг тус тус байгуулсан ба “Т” ХХК-ийн эрх үүрэг буюу гэрээний 3.4-т “Үйлдвэрийн байранд урсгал засварыг өөрийн хөрөнгөөр цаг хугацаанд хийнэ”, 3.6-д “Гэрээний хугацаа дуусахад үйлдвэрийн байранд байгаа бөгөөд түүнээс салгаж үл болох засварлаж өөрчлөн сайжруулсан зүйлийн хамт “А” талд буюу “Э” ХХК-д шилжүүлэн өгөхөөр заасан байдаг. Үйлдвэрээ түрээслүүлсэн, түрээсийн төлбөрөө төлөхгүйгээс болж гэрээг цуцалсан ба бидэнд ямар нэгэн эд хөрөнгийг үлдээгээгүй. Шүүхээс 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн Аудитын дүгнэлтийг үндэслэсэн гэсэн боловч дээрх дүгнэлтээр жагсаалт бүхий эд хөрөнгийн үнэлгээг зөвхөн “Т" ХХК-ийн хүсэлтээр тогтоосон болохоос тухайн эд хөрөнгүүдийг эзэмшигч, өмчлөгч гэдгийг тогтоогоогүй юм.

Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1964 дүгээр магадлалын 18 хуудаст эрүүгийн хэргийг шалгах явцад цугларсан баримт нь гэрээний үүрэгтэй холбоотой иргэний хэрэгт нотлох баримт болохгүй гэж үнэлсэн байдлыг буруутгахгүй тухай дурдсан нэгэнт тодорхой үйл байдал байдаг. Магадлалд дурдсанаар “нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гаргаж өгсөн эд хөрөнгийн жагсаалтанд заасан зүйлүүдийг хариуцагч бодитойгоор эзэмшиж, ашиглаж байсан талаар болон үнэлгээний дүнд нэхэмжлэгч маргаагүй, зааглаж нэрлээгүй” хуудас, мөр гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс жагсаалт бүхий эд хөрөнгө, засан сайжруулалтыг хүлээн зөвшөөрөхгүй байдлаа хариу тайлбар, шинжээчийн дүгнэлтүүдээр тайлбарласан байдаг. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д “талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах” эрхтэй гэсний дагуу сөрөг нэхэмжлэлээс 250 836 900 төгрөгийг хангаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь талуудын байгуулсан Түрээсийн гэрээнд засан сайжруулсан эд хөрөнгийг хэрхэн зохицуулах талаар заасан, нэхэмжлэгчээс засвар сайжруулалт хийх талаар зөвшөөрөл аваагүй, нэхэмжлэгчийн зүгээс засан сайжруулалт хийсэн байдалд ямар нэгэн байдлаар үүрэг хүлээгээгүй, жагсаалтанд дурдаж буй эд хөрөнгүүд нь “Т” ХХК-ийн эзэмшлийн эд хөрөнгө гэдэг нь тогтоогдоогүй, түүнийг худалдан авсан орлого, зарлагын баримт байхгүй, санхүүгийн бүртгэлд бүртгэгдээгүй байдлыг харгалзан үзсэнгүй.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12.1-д “хөрөнгө төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна”, мөн хуулийн 12.2-т “жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө, эд хөрөнгө дутагдсан, эд хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзсэн үед хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг заавал хийнэ” гэж заасан байна. Үүнээс харахад өөрийн өмчлөлийн эд хөрөнгө дутагдсан талаарх тооллогыг хийж акт үйлдэх ёстой байна. Хариуцагчийн зүгээс 250 836 900 төгрөгийг нэхэмжлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу өөрийн өмчлөлийн эд зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардсан атал тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэдгээ нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Иймд анхан шатны шүүхийн 184/ШШ2017/02399 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 154 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, талуудын хооронд болсон үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасанд нийцүүлэн үнэлж дүгнээгүй, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэж үзэж байна.

Шүүх магадлалын хянавал хэсэгт сөрөг нэхэмжлэлийн нэг дэх шаардлага болох 913 274 357 төгрөг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгон дүгнэхдээ ...913 274 357 төгрөгийг нэхэмжлэгч компанийн захирал Ким Хю Жин авсан талаар өөрөө хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч хариуцагч компанийн орлого, зарлагын тооцооны баримтаар энэ дүнг тодорхойлсон байх ба шинжээчийн дүгнэлтээр зарлагын баримтанд тэрээр гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон байна. Харин сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасан “сөрөг нэхэмжлэл” гэж үзэх үндэслэлгүй, учир нь нэхэмжлэгч нь “Э” ХХК бөгөөд түүний захирал Ким Хю Жин гэх хувь хүнээс мөнгө төлбөр гаргуулах гэсэн хариуцагчийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдох боломжгүй юм гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Мөн сөрөг нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох 221 195 413 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон хэмээн дүгнэж хэрэгсэхгүй болгосныг тус тус үндэслэлгүй хэмээн гомдол гаргаж байна.

...Давж заалдах шатны шүүх 913 274 357 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ “хариуцагчийг нэхэмжлэгч компаниас бус иргэн Ким Хю Жин гэж хувь хүнээс гаргуулах шаардлага гаргасан байх тул энэ нь хуульд заасан сөрөг нэхэмжлэл биш, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдох боломжгүй, ...гэвч Ким Хю Жин нь хариуцагч компанийн мөнгөн хөрөнгийг үндэслэлгүй авсан талаар нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүй” хэмээн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, талуудын хооронд ажил хэргийн хүрээнд тогтсон заншил, үйл баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд хянаж, шалгалгүйгээр буруу үнэлж дүгнэсэн болно. Учир нь “Т” ХХК нь иргэн Ким Хю Жин гэх хувь хүнтэй гэрээний харилцаанд огт орж байгаагүй бөгөөд харин “Э” ХХК-ийн захирал Ким Хю Жин нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрийг гаргуулан авахдаа, хариуцагч компанийн үйл ажиллагааг улирлын чанартай явагддагтай нь холбогдуулж, орлого орж ирсэн мөнгөтэй байх үед нь урьдчилж авах хүсэлт тавин “Т” ХХК-ийн касснаас 913 274 357 төгрөгийг гарган авч, улмаар гэрээг цуцласны дараа уг мөнгийг тооцоонд оруулалгүй авч хохироосон тул хариуцагч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар 913 274 357 төгрөгийг нэхэмжилсэн юм.

Түүнчилэн “Э” ХХК нь урт хугацаатай гэрээний хугацааг дуусах болоогүй байхад гэнэт цуцалж, улмаар тооцоо нийлэхээс зайлсхийн, авсан мөнгөө аваагүй хэмээн “Т” ХХК-ийг санхүүгийн тайландаа 2,4 тэрбум төгрөгний өртэй гэж худал ташаа гүтгэн тайлагнаж, уг мөнгийг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн Шинжээчийн 120 тоот дүгнэлтээр нэхэмжлэгч компани нь санхүүгийн тайлангаа худал гаргасан болох нь тогтоогдсоноор нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байдаг. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон 28 хуудас баримтанд тэмдэглэгдэн үлдсэн тооцоон дахь зарлагын гүйлгээний баримтыг нэг бүрчлэн шүүж үзэхэд “Э” ХХК нь нийтдээ 40 гүйлгээ хийсэн байдаг бөгөөд үүнээс ердөө 14 гүйлгээг зөвшөөрч, үлдэх 26 гүйлгээг зөвшөөрөөгүй. Энэ 14 гүйлгээний дүн нь нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Шинжээчийн 120 тоот дүгнэлтэнд түрээсийн төлбөрийг төлсөн тооцоонд орж дүгнэгдсэн байдаг. Харин 26 гүйлгээний дүнд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад орсон 659 000 ам.доллар, 56 443 017 төгрөг болон татварт нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн 221 195 493 төгрөгийн гүйлгээнүүд багтсан байсан. Зөвшөөрсөн 14 гүйлгээний дүнг үзэхэд нийт 370 974 865 төгрөг байдаг ба үүнээс үзэхэд “Э” ХХК нь зөвхөн бага дүнтэй гүйлгээнүүдийг түрээсийн төлбөрт тооцож, том дүнтэйг нь үндэслэлгүйгээр хассан байсан. Иймээс уг баримт нь Ким Хю Жин гэх хувь хүнд бус харин “Э” ХХК-ийн захирал Ким Хю Жин болон “Т” ХХК-ийн гэрээний хэрэгжилттэй холбоотой хийгдэж байсан баримт болох нь нотлогддог юм. Түүнчлэн 1-р хавтасны 114-р хуудсанд байгаа “Э” ХХК-ийн захирал Ким Хю Жиний шүүхэд өгсөн тайлбарт Ким Хю Жин захирал нь дээрх мөнгийг авч байсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд гагцхүү зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ заахдаа уг мөнгийг “Т” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбар гаргасан байсан. Гэсэн атал үүнийгээ шүүхэд нотлох баримтаар нотлосон ямарч баримт гаргаж өгөөгүй байсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн энэхүү тайлбарт ямарч дүгнэлт хийгээгүй. Ийнхүү давж заалдах шатны шүүх “Э” ХХК-ийн захирал Ким Хю Жинийг 913 274 357 төгрөгний зарлагын баримтанд гарын үсэг зурсан нь тогтоогдсон байна гэж үндэслэл бүхий зөв дүгнэлт хийсэн боловч дээрх үйл явдал, нотлох баримтуудыг харьцуулан судлалгүйгээр “Сөрөг нэхэмжлэл” биш гэж дүгнэсэн нь зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зохицуулбал зохих эрх зүйн хэм хэмжээг зөв хэрэглээгүй, огт хамааралгүй хэм хэмжээ болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасныг хэрэглэн шийдвэрлэсэн болно. Энэхүү шаардлага нь сөрөг нэхэмжлэл мөн болох тухай нотлох баримтууд нь хэрэгт хангалттай авагдсан.

Хариуцагч “Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан 221 195 413 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг давж заалдах шатны шүүх хэвээр батлахдаа мөн л нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлж дүгнэлгүй алдаа гаргасан. Давж заалдах шатны шүүх талуудыг гэрээндээ түрээсийн төлбөрийг борлуулалтын орлогын 20%-иар хийнэ гэснээс өөрөөр буюу нэхэмжлэгч компанийн бусдад төлөх ёстой татвар, төлбөр зэргийг өмнөөс нь даалгаваргүйгээр гүйцэтгэхээр тохиролцоогүй байна гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдсан 28 хуудас Монгол-Солонгос хэл дээр хийгдсэн Кассын дэвтэр, Шинжээчийн дүгнэлт, түуний хавсралт болон бусад баримтуудыг судлахад “Э” ХХК нь “Т” ХХК-иас гэрээнд заасан түрээсийн төлбөрөө гаргуулан авахдаа тус компанийн касснаас бэлнээр зарлагадаж, өөрийн компанийн ажилчдын цалин, шатахуун, НӨАТ, ААНОАТ, өмгөөлөгчийн хөлс, хоолны мөнгөнд гэх мэтээр гүйлгээний утгыг бичиж зарлага хийж байсан нь тогтоогддог. Энэ үйл баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч нар түрээсийн төлбөрийн тооцоог хийхдээ дээрх зарчмаар тооцон хийж байсан баримт хэрэгт цугларсан байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд ААНОАТТХ-ийн 5 дугаар зүйлийн 1-д зааснаар “...албан татвар төлөх нь аливаа хуулийн этгээдийн үүрэг юм.” гэсэн байсан. Гагцхүү хуульд заасан энэхүү үүргийг биелүүлсэн гэх мөнгөний эх үүсвэр нь “Э” ХХК-иас бус, талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхэд, тэдний хооронд ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор “Э” ХХК-ийн гарах бүхий л төрлийн шаардлагатай зардлуудыг, захирал Ким Хю Жиний хүсэлтээр “Т” ХХК нь борлуулалтын орлогоосоо төлөн, эцэст нь “Э” ХХК-д төлөх түрээсийн төлбөрт оруулан тооцдог байсан зарчмын дагуу бусдад төлөх ёстой татвар, төлбөрт нийт 221 195 413 төгрөгийг хариуцагч компани нь төлсөн байсан. Гэвч “Э” ХХК нь тооцоогоо нийлэлгүйгээр гэрээний хугацаа дуусахаас 2 жил 4 сарын өмнө гэрээг гэнэт цуцалж, улмаар уг мөнгийг түрээсийн төлбөрөөс хасч тооцох үүргээ биелүүлэлгүй зөрчсөн тул илүү төлсөн 221 195 413 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан байсан. Эдгээр мөнгөний эх үүсвэр нь “Э” ХХК-ийн данснаас бус харин хариуцагч “Т” ХХК-ийн данснаас гарсан болохыг нотолсон баримтууд шүүхэд өгсөн нь хавтас хэрэгт авагдсан болно.

...Иймд “Т” ХХК нь нэхэмжлэгч “Э” ХХК-д төлөх төлбөргүй, харин авлагатай болохыг нотлох хангалттай баримтууд хэрэгт цугларсан байхад, анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг зөрчин шийдвэрлэсэн тул мөн хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн 154 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1-д сөрөг нэхэмжлэлээс 335 943 900 төгрөгийг ханган, үлдсэн 1 134 469 770 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон дээрх шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 3 306 511 354 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж, 392 041 562 төгрөг нэхэмжилсэн байна. Хариуцагч “Т” ХХК нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 392 041 562 төгрөгийн шаардлагыг татгалзаагүй боловч нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 078 363 100 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Т” ХХК-тай 2009 онд 01 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай, 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 5 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээнүүд байгуулсан байна. Гэрээгээр хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрийг түрээслэж, төлбөрийг бетон зуурмагийн борлуулалтын орлогын 20 хувиар тооцож, нэхэмжлэгчид төлөхөөр талууд тохиролцсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн багасгасан хэмжээгээр хангасан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д заасан шаардлагад нийцжээ. Талууд гэрээгээ “хамтран ажиллах” гэж нэрлэсэн боловч гэрээний агуулга нь түрээсийн гэрээний шинжтэй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад  аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг байна. Түрээсийн төлбөрийн үлдэгдлийн хэмжээний талаар хариуцагч маргаагүй байна.

Харин сөрөг нэхэмжлэлээс зарим хэсгийг хангахдаа анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3., 492 дугаар зүйлийн 492.1.-д заасныг баримталсан нь алдаатай болжээ. Тухайлбал, шүүх гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн эрх зүйн хоёр өөр ойлголтыг зааглан ялгаагүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасан хоёр үндэслэлийн алиныг нь ч сонгоогүй байна.

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн тул сөрөг шаардлагын эрх зүйн үндэслэлийг түрээсийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцааг зохицуулсан зүйл, заалтаар тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5.-д зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилдэг. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5.-д зааснаар хөлслөгч хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтэд үндэслэн, нэхэмжлэгчээс 335 934 900 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлуудын агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 154 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлуудыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 412 135 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 830 300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН