Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1964

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Д цэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2016/00918 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 3 306 511 354 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Түүхий эд материал, техник тоног төхөөрөмж, түрээсийн зүйлийг засаж сайжруулахад гарсан зардлын үнэ 596 170 975 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н , И.А ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н ,

Хариуцагчийн өмгөөлөгч П.С ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-ын иргэн Ким Хью Жин би 2007 онд гадаадын хөрөнгө оруулалттай, “Э” ХХК-ийг үүсгэн байгуулж гадаад худалдаа, бетон зуурмагийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа амжилттай явуулж ирсэн ба Д.Д 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 001/009 дүгээр тушаалаар “Э” ХХК-ийн ерөнхий захирлаар томилж компанийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах үүрэг хариуцуулсан. Тэрээр компани 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай учир Монгол улсад үйл ажиллагаа хүндрэлтэй, шалгалт их, дотоодын компани бол тийм зүйл байхгүй гэж намайг ятгаж, 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай компани байгуулж үйл ажиллагаа явуулах санал гаргасныг би дэмжиж дүрмийн сан болох 1 000 000 төгрөгийг компанийн касснаас гаргаж “Т” ХХК-ийг байгуулсан. Харин тус компанийг үүсгэн байгуулагчаар Д.Д гарын үсэг зурсан. Ийнхүү “Т” ХХК нь “Э” ХХК-ийн зуурмагийн үйлдвэр, зуурмаг түгээх миксер автомашинууд, зуурмагийн түүхий эд материалууд зэрэг бүхий л зүйлсийг ашиглан үндсэндээ компанийн дотоод бүтэц, ажилчид, үйлдвэрлэлийн явц адилхан боловч цаасан дээрх нэр л солигдон “Т” ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулах болсон юм. “Т” ХХК нь “Э” ХХК-ийн GBR/120m3/Hr маркийн бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрийг түрээслэн ажиллуулах, ийнхүү ажиллуулснаас олсон борлуулалтын орлогын 20 хувийг түрээслүүлэгч компанид шилжүүлж байхаар харилцан тохирч 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 009/001 дугаар “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан юм. Хамтран ажиллах 009/001 дугаар гэрээний хугацаа дуусмагц “Э” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 010/001 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г 5 жилийн хугацаатайгаар 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатайгаар өмнөх гэрээтэй ижил нөхцлөөр байгуулан ажилласан. Гэтэл 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр бид ажил төрлөөс болж маргалдан Д.Д нь “Т” ХХК-д холбогдох санхүүгийн тайлан, баримт, тамга тэмдэг зэргийг бүгдийг авч явсан. “Э” ХХК нь “Т” ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулж байсан тул “Э” ХХК-ийн бүхий л орлого, бусдаас авах өр төлбөр зэргийг “Т” ХХК-ийн данс, кассаар хүлээн авч байсан бөгөөд харилцагч компаниудаас шилжүүлсэн ихээхэн хэмжээний төлбөрийн мөнгийг хариуцагч компанийн данс, кассаар орж ашиглагдсан. Иймд “Т” ХХК-иас 2009 оны 009/001, 2010 оны 010/001 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу борлуулалтын орлогын 20 хувиар тооцон нэхэмжилж байгаа юм. “Т” ХХК-тай байгуулсан 009/001 дугаар “хамтран ажиллах гэрээний” 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу төлбөрийн үлдэгдэл 78 639 436 төгрөг, гэрээнд заасан алданги 39 319 715 төгрөг, 010/001 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу төлөх төлбөрт 2 297 088 795 төгрөг, нийтдээ 2 415 047 941 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна.

“Э” ХХК-ийн өмчлөлийн GBR/120m3/Hr маркийн бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрийг “Т” ХХК нь 2009 оны 01 дүгээр сарын 01-нээс 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл түрээслэн ажиллуулах, энэ өдрийг хүртэл түрээслэгч компаниас өдөр бүрийн борлуулалт, харилцагч нарын худалдан авсан бараа бүтээгдэхүүний хэмжээ, үнэ болон анхан шатны баримтууд, кассын орлого зарлагын тооцооны талаар ирүүлж байсан мэдээллийн дагуу хоёр компани тус бүрдээ адил бүртгэн харилцан тооцоо нийлж байсан болно. “Т” ХХК нь өглөг авлагаа дутуу бүртгэсэн, авлага өглөгийн дүнг үнэн зөв санхүүгийн тайлан тооцоонд тусгаж байгаагүй, бодит болуулалтын орлогыг дарагдуулсан дүнгээр “Хамтран ажиллах гэрээ”-ний түрээсийн орлогыг багаар тооцож байсан байх тул 2009 оноос 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хариуцагч компанийн бодит орлогын хэмжээг баримтаар нотлогдож байгаа дараах байдлаар тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх үндэслэл болгож байна.

УМБГ-ын тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээч нар “Т” ХХК, “Э” ХХК, “Т”ХХК, “Ш” ХХК-иудын 2008-2012 оны санхүүгийн баримтуудад болон холбогдох баримтуудад шалгалт хийж 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 145 дугаартай Шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтээр “Т” ХХК-ийн түрээс ногдох нийт 17 156 540 851 төгрөгийн борлуулалт хийсэн, “Т” ХХК нь “Э” ХХК-д 2009 оны 5 дугаар сараас 2012 оны 8 дугаар сарыг дуустал 3 431 308 170 төгрөг өгөх ёстой, 1 055 579 944 төгрөгийг өгсөн, “Э” ХХК нь 2 375 728 226 төгрөгийн түрээсийн авлагын үлдэгдэлтэй болохыг тогтоосон. Иймд 891 463 413 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нийт 3 306 511 354 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Э” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо “Т” ХХК-тай байгуулсан 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 009/001 тоот “Хамтран ажиллах гэрээ”, мөн 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 010/001 тоот “хамтран ажиллах гэрээ”-ний үүргээ биелүүлээгүй хэмээн түрээсийн үлдэгдэл төлбөр, алдангийн хамтаар гаргуулахаар нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Э” ХХК-ийн захирал Ким Хью Жинд эрүүгийн 201201011744 тоот хэрэг үүсгэн, энэхүү нэхэмжилж байгаа мөнгөний тухайд шалгасан ба “Т” ХХК-иас түрээсийн төлбөрт байр, машин, мөнгө авсан гэдэг нь хөдлөшгүй баримтаар нотлогдож, тэрээр хүлээн зөвшөөрсөн тул эрүүгийн хэргийг 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 251 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Манай компани “Э” ХХК-тай нэхэмжлэлд дурдсан 2 гэрээг байгуулж ажиллаж байсан. Гэрээний гол нөхцөл нь “Э” ХХК нь өөрийн эзэмшлийн GBR/120m3/Hr маркийн бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрээ, “Т” ХХК-д түрээслүүлэх, түрээсийн төлбөртөө “Т” ХХК-ийн үйлдвэрлэсэн бетон зуурмагийн борлуулалтын орологоос 20 хувийг “Э” ХХК-д төлж байх үүргийг талууд хүлээсэн. “Т” ХХК гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрөө цаг тухайд нь төлж байсан боловч “Э” ХХК-ийн захирал Ким Хью Жин шалтгаангүйгээр гэнэт 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Т” ХХК-ийн ажилчдыг хөөн гаргасан. Ингээд зогсохгүй түрээсийн төлбөрт мөнгө, валют, байр машинаар төлсөн 3 178 655 184 төгрөг, тухайн үед Ким Хью Жиний мэдэлд үлдсэн 788 223 306 төгрөгийн түүхий эд, эд хөрөнгө нийт 3.9 тэрбум төгрөгийг үгүйсгэж, 2,4 тэрбум төгрөгийг төлөөгүй гэж үндэслэлгүйгээр гүтгэж, “Т” ХХК-ийн харъяа компаниудын ашиг орлогыг тооцоолж, бүх ашигтай бизнесийг Д.Д хийж байна гэж элдэв юм нэхэж сүрдүүлсэн. “Т” ХХК-ийн зүгээс яагаад ингэх болсныг тодруулахад “цаасан дээр ийм байна. энэ бол бизнес” гэж хэлсэн болно. Тухайн үед бид Ким Хью Жинд хөөгдөж гарахдаа элс, хайрга, цемент, нэмэлт болон бусад эд хөрөнгө, мөн санхүүгийн бүх бичиг баримтаа авч чадалгүй үлдээсэн, ажилчид болон харилцагч нарынхаа өмнө хүнд байдалд орсон бөгөөд 2012 оны 9 дүгээр сарын 12-ны орой Ким Хью Жинтэй ажиллаж байсан монголчууд түүнийг “Т” ХХК-ийн бичиг баримтыг шатааж байна гэж мэдэгдсэн. Ингээд “Э” ХХК-ийн захирал Ким Хью Жинд холбогдуулан Баянгол дүүрийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж улмаар 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр түүнд эрүүгийн 201201011744 тоот хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын хүсэлтээр 2 удаа аудитын шалгалт, 2 удаа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилж санхүүгийн баримтанд дүгнэлт гаргасан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 145 тоот дүгнэлтээр “Т” ХХК нь “Э” ХХК-д 1 983 689 664 төгрөг түрээсийн төлбөрт төлсөн нь нотлогдсон, 1 761 993 413 төгрөгийг мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатай байна гэсэн бөгөөд үүнээс 1 310 425 007 төгрөгийн түүхий эд хөрөнгө, мөнгө, Ким Хью Жинд байгааг шалгаж тогтоосон. Ийд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Т” ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бетон зуурмагийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх байгуулагдсан. Ингээд “Э” ХХК-ийн ТЭЦ-4 баруун талд байрлах бетон зуурмагны үйлдвэрийг түрээслэхээр болж гэрээ байгуулсан. 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу нийт борлуулалтын орлогын 20 хувийг төлж байхаар харилцан тохиролцсон. Ингээд үйл ажиллагаа хэвийн явагдаж байтал 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Э” ХХК-ийн зүгээс “Т” ХХК-ийг ажиллуулахгүй гэж хөөж гаргасан. Үүний улмаас “Т” ХХК нь тухайн үед авсан бетон зуурмагийн түүхий эд, хөрөнгөө түрээслүүлэгч компанийн хашаанд үлдээсэн. Мөн “Э” ХХК-ийн захирал Ким Хю Жинд 3.9 тэрбум төгрөгийг өгсөн байхад аваагүй гэж гүтгэн, 2.4 тэрбум төгрөгийн өртэй гэж хилсээр өр төлбөрт оруулсан. Анх цагдаад өгч шалгуулах болсон гол үндэслэл нь “Э” ХХК-ийн үлдсэн ажилчдаас танай үлдээсэн баримтыг шатааж байна гэсний дагуу 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст Д.Д ийн зүгээс өргөдөл өгч шалгуулсан. Шалгалтын явцад “С” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 619 тоот дүгнэлт, “Г” ХХК-ийн шинжээчийн 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 10/4-944 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1368 /гарын үсэг шинжилсэн/, 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 108 тоот дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 145 тоот дүгнэлтүүд гарсан. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад “Т” ХХК-иас Ким Хю Жин энэхүү мөнгийг авсан болохыг шалгаж тогтоосон. Криминалистик шинжээчийн 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1368 тоот дүгнэлтэд кассын орлого баримтад зурсан гарын үсгүүд түүний гарын үсэг мөн болохыг тогтоосон байгаа. Тус дүгнэлтэд Ким Хю Жин нь “Т” ХХК-ийн кассын мэдээ тайланг Монгол-Солонгос хэл дээр гаргасан. Гаргасан мөнгөн дүнгээ өөрөө гарын үсэг зураад хянаж баталгаажуулдаг, мөн кассын нягтлангийн гарын үсэг зурагддаг. Энэ кассын тайланг Монгол-Солонгос хэл дээр хийлгүүлж үйл ажиллагаандаа ашиглаж байсан. Энэ тайлан дээр нийтдээ бэлнээр 913 274 357 төгрөгийг Ким Хю Жин гарын үсэг зураад авсан, энэ 28 хуудас тайланд байгаа учраас үүгээр нотолж байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож дурдсан. Үүнийгээ орчуулж өгсөн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 657 386 445 төгрөгөөс 61 217 750 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтээ шүүхэд өгсөн. Мөрдөн байцаалтаар нийт 1 310 425 007 төгрөгийн бэлэн мөнгө, эд хөрөнгийг Ким Хю Жин авсан юм байна гэж тогтоосон. Түүхий эд, элс, хайргыг тухайн үед Улсын мөрдөн байцаах газраас шинжээч томилж 2 талын төлөөлөгчийг аль алиныг байлцуулж байгаад үзлэг хийгээд энэ нь манайх, энэ нь “Т” ХХК-ийнх гэж үзлэгийн тэмдэглэл нь хэрэгт авагдсан байгаа. “И” ХХК-ийн дүгнэлтээр түрээслэж байх хугацаандаа барилга байгууламжийн засаж сайжруулсан юм байна, талбайг нь бетондсон байна, төмөр суулгасан, дээвэр зассан, төмөр замын гарам хийсэн, сахиулын байр хийсэн гээд түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр засан сайжруулалтад гарсан зардал энэ бүгд нийлээд 335 934 900 төгрөг гарч байна гэж тогтоосон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн ахлах шинжээч н.А-ын гаргасан 145 тоот дүгнэлттэй холбогдуулан Улсын мөрдөн байцаах газраас шинжээчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан мэдүүлэг авсан. Ингээд энэ мэдүүлгээр “Т” ХХК нь “Э” ХХК-д 653 038 562 төгрөг өгөхөөр байна гэж дурдсан ба мөрдөн байцаалтаар тогтоосон 1 310 425 007 төгрөгөөс энэ дүнг хасч 657 386 440 төгрөг гаргуулъя гэж шаардсан. Үүнээс байрны үнэ болох 61 215 750 төгрөгийг хасаад нэхэмжлэлийн шаардлагаа 596 170 695 төгрөг болгосон, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь энэхүү сөрөг нэхэмжлэлээр яг үнэндээ ийм их хэмжээний хөрөнгийг “Э” ХХК-д үлдээгээд өнөөдөр авах гээд нэхээд байгаа зүйл байхгүй. Энэ нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлдээ тооцуулах, ямар нэгэн байдлаар өөрсдөө хохирсон болж харагдах гэсэн ийм үйл ажиллагаа гэж харж байна. Нэгэнт шинжилгээгээр дүгнэлт нь гарсан байхад өнөөдөр өөр баримт үзүүлээд ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл энэ санхүүгийн баримтаар нэхээд байгаа зүйл нь өнөөдөр санхүүгийн баримтын анхан шатны шаардлагыг хангасан, хүлээн авсан хүний гарын үсэг, өгсөн мөнгөний зориулалт, тухайн мөнгийг хүлээн авсан гэдэг нь нотлогдож байх ёстой. Үүнийг Ким Хю Жингийн гарын үсгийг криминалистикийн шинжээчийн дүгнэлт, кассын тайлангаар нотолсон гэж байна. Гэтэл криминалистикийн шинжээчийн дүгнэлт нь Ким Хю Жингийн гарын үсэг, кассын баримт нь дээрх гарын үсэг байна гэж тогтоосон байж болно. Гэхдээ яг энэ мөнгийг Ким Хю Жин авсан уу үгүй юу гэдгийг шинжээч нар тогтоогоогүй, кассын тайлан дээрээ хянасан гэж гарын үсэг зурсан болохыг тогтоосон. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хоёр хүнээс гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд Ким Хю Жин өдөр тутмын кассын тайланг хянаад гарын үсэг зурдаг байсан гэж н.Ц, н.Б гэдэг хоёр хүн мэдүүлсэн, тухайн үед Ким Хю Жин нь компанийн эзэн нь байсан учир энэ хүмүүс танилцуулж, нягтлан бодогч нар нь гарын үсэг зуруулдаг, хянуулдаг байсан байна. Гэтэл хяналаа гээд гарын үсэг зурсных нь төлөө тэр компанийн үйл ажиллагаанд гарсан бүхий л зардал хамааралгүй юм. “Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлээс элс, хайрга, цементний үнэ 85 098 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч түрээсийн үлдэгдэл төлбөрөөс хасч тооцуулж болох бөгөөд үлдэх хэсгийн тооцоог хүлээн зөвшөөрөхгүй. “Т” ХХК нь 2009, 2010, 2011 орны санхүүгийн тайландаа манай компанид өглөгтэй гэж тайлагнасан нь хоёр компанийн харилцан тооцоо нийлж гаргасан тооцоо бөгөөд эдгээр төдбөрийг төлөөгүй юм. Ийм байтал хариуцагч компани 2012 оны тайланд өмнөх онуудын авлагатай гэж тусгасан нь хууль бус үйлдэл юм. Сөрөг нэхэмжлэлд бичигдсэн үндсэн хөрөнгө гэх 250 837 000 төгрөг нь манай компанид хамааралгүй бөгөөд яг ямар эд хөрөнгө болох талаар нотлох баримт байхгүй. Гэтэл энэ нэхээд байгаа хөрөнгө чинь манай үндсэн хөрөнгийн бүртгэл дээр 2009 оноос хойш бүртгэлтэй байгаа болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 313 дугаар зүйлийн 313.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас 3 306 511 354 төгрөг гаргуулах тухай нэхэмжжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэл, “Э” ХХК-иас 596 170 975 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 848 468 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 448 830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч ИХТТТХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-т тус тус заасны дагуу хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүх нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас удаа дараа татгалзсан атлаа нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд тогтоогдохгүй байна гэж үндэслэлгүй дүгнэсэн тухай

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн цаг мөчөөс эхлэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор өөрөө олж бүрдүүлэн гарган өгөх боломжгүй нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах, үзлэг хийлгэх, шинжээч томилж дүгнэлт гаргуулах талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангахаас үндэслэлгүй дүгнэлт хийж татгалзаж байсан тул нэхэмжлэгч удаа дараа давж заалдах гомдол гаргаж шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх шаардлага гаргаж байсан юм.

Гэтэл шүүгч нэхэмжлэгчийн шаардлагаа нотлох зорилгоор гаргасан нотлох баримтууд болон нэмж бүрдүүлэх, хариуцагчаас гаргуулан авах, нягтлан бодох бүртгэлийн нотлох баримтуудад шинээр шинжээч томилох тухай хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож байсан мөртлөө шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...шинжээчийн дүгнэлтүүд нь гэрээний үүргийг буюу түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн иргэний хэрэгт нотлох баримт болгон ашиглах үндэслэлгүй гэж үзлээ” хэмээн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Тухайлбал 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан Татварын Ерөнхий газраас нэр бүхий компаниудын “Т” ХХК-аас авсан зуурмагийн худалдан авалтын дүнг гаргуулах, “Э” ХХК-ийн захирал Ким Хью Жины [email protected] цахим хаягт “Т” ХХК-ийн нягтлан бодогч Я.Б-ээс өөрийн tseegii [email protected] хаягаас 2010 оны 11 сарын 30-ны өдөр ирүүлсэн и-мэйл, түүний хавсралтад үзлэг хийлгэх, талуудын санхүүгийн анхан шатны баримтанд тулгуурлан шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай хүсэлтүүдийг гаргаж байсан бөгөөд шүүхийн журмаар бүрдүүлсэн бол хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримтууд байх байсан юм.

Нэхэмжлэгч нь хариуцагч “Т” ХХК-ийн нягтлан бодогч нараас “Э” ХХК-ийн захирал Ким Хью Жинд cap бүр гарган өгч танилцуулдаг байсан үйлдвэрийн cap бүрийн борлуулалтын мэдээ, мөн НӨАТ-гүй буюу тайландаа тусгалгүй борлуулсан борлуулалтын талаарх мэдээллийг огноо, худалдан авагч, борлуулалтын хэмжээгээр нь жагсаан шүүхэд гарган өгсөн бөгөөд энэхүү нотлох баримтыг үнэн зөв болохыг нотлох зорилгоор “Т” ХХК-аас худалдан авалт хийсэн тодорхой нэр заасан компаниудын санхүүгийн тайланд тайлагнасан зуурмагийн худалдан авалтын дүнг Татварын ерөнхий газраас гаргуулах тухай хүсэлт гаргасан юм. Гэвч шүүхээс хэрэгт хамааралгүй гэсэн үндэслэл зааж хангаагүй,

Хариуцагч “Т” ХХК-ийн нягтлан бодогч Я.Б нь 2010 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ким Хю Жины цахим хаяг руу “Т” ХХК-ийн бодит борлуулалтын мэдээг и-мэйлээр илгээсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч нь “Т” ХХК-ийн нягтлан бодогч ажилтай Я.Б-ээс и-мэйл ирүүлсэн үйл баримт болон дээрх бодит борлуулалтын мэдээ гэх нотлох баримт нь “Т” ХХК-ийн өөрсдийн өдөр бүр, cap бүрээр бичиж тооцоолсон мэдээ болох энэ хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, анхдагч нотлох баримт болохыг нотлох зорилгоор үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан боловч шүүгч нь “үзлэг хийлгэх тухай хүсэлтүүдийг хоёр компанийн албан ёсны харилцаа бус, хувь хүмүүсийн хоорондын харилцаа байна” гэж дүгнэж хангахгүй орхисон.

Гэтэл дээрх мэдээлэл нь цаг, минут, өдөр, сараар нарийвчлан бичигдсэн, худалдан борлуулсан тоо хэмжээ, худалдан авагчийн мэдээллийг бүрэн агуулсан бөгөөд шүүхээс үзлэг хийж гарган авсан Үйлдвэрийн компьютерийн мэдээтэй тоо хэмжээ болоод бусад мэдээллийн хувьд яг таарч байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг нотлох чухал баримт юм.

Дээрх хүсэлтүүдийг хангахгүй орхисноор нэхэмжлэгчид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа нотлох боломжоор хангаагүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хохироосон төдийгүй нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гарган өгсөн Үйлдвэрийн мэдээ, “Т” ХХК-ийн cap бүрийн борлуулалтын мэдээ зэрэг баримтыг шүүх үнэлэх боломжгүй болгосон юм.

2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлт

2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хариуцагч “Т” ХХК-ийн 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд батлаж мөрдсөн 8 удаагийн үнийн саналыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь шүүхэд бетон зуурмагийн үйлдвэрийн толгой компьютерт бичигдсэн 2009-2012 оны үйлдвэрлэсэн зуурмагийн мэдээ, “Т” ХХК-ийн нягтлан бодогчоос ирүүлсэн бодит борлуулалтын мэдээг шүүхэд гарган өгсөн. Иймд “Т” ХХК-ийн 2009-2012 онуудад мөрдөж байсан зуурмагийн борлуулалтын үнийн саналыг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хариуцагчийн тайлбарыг үндэслэн “хариуцагч байгууллага ийм нотлох баримт байхгүй, гаргаж өгөх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд биелэгдэх боломжгүй байх тул хангахгүй орхив” хэмээн хэт хариуцагч нэг талын эрх ашигт үйлчилж, талуудын эрх тэгш байх зарчмыг зөрчиж манай нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь бүтээгдэхүүний үнийн саналын огноо дугаарыг шүүхэд тодорхой бичиж, хуулбар хувийг гарган өгч, үйлдвэрийн мэдээгээр үйлдвэрлэсэн нийт зуурмагийн хэмжээ тодорхой болсон тул үнийн саналыг гаргуулан нийт борлуулалтын хэмжээг тогтоох ач холбогдолтой болох талаар хүсэлтээ хангалттай үндэслэл гарган тайлбарласан боловч хариуцагч манайд ийм баримт байхгүй гэж байна гэж татгалзсан нь хэтэрхий шудрага бус, нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг хязгаарлаж хуульд заасан журмаар нотлох баримт бүрдүүлэх, шаардлагаа нотлох боломж олгоогүй захирамж гаргаж байсан болно.

2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлт, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гаргасан хариуцагчаас нийт 29 хавтас бүхий кассын тайланг гаргуулах хүсэлт,

Талуудын гарган өгсөн санхүүгийн тайлан, санхүүгийн анхан шатны баримтанд тулгуурлан Шинжээч томилж, “T” ХХК нь 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нийт хэдэн төгрөгийн борлуулалт хийсэн болох, хариуцагч нь нийт борлуулалтын орлогоос хэдэн төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох, түрээсийн төлбөрийн үлдэгдэл нь хэдэн төгрөг болох асуултын хүрээнд дүгнэлт гаргуулах,

Нэхэмжлэгч нь шүүхэд “Т” ХХК-ийн 2009-2012 оны Кассын тайланг гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, “Т” ХХК нь 109 хуудас бүхий тайланг гарган өгсөн боловч энэ нь шүүхэд шинээр бэлтгэн гаргаж өгсөн тайлан болох нь баримт дээр бичигдсэн бэлтгэсэн огноо: 2015.07.06, Мөрдөн байцаагч Г.З-ын 2012.10.08-ны өдрийн Санхүүгийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэлд Кассын баримт - 29 хавтас гэснээс тодорхой харагдана.

Нэхэмжлэгч нь шүүхэд ИХШХШТХ-ийн дагуу шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж, эрүүгийн хэрэгт гаргасан дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй, мөнгөний үнийн дүн давхардсан, алдаатай болох талаар зарласан шүүх хурал болгон дээр нотлон тайлбарлаж байсан боловч шүүгч тэр болгонд хүлээн авахаас татгалзан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож байсан тул шүүгчийг энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэнэ гэдэгт эргэлзээ төрж шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахад хүрч байсан билээ.

Нэгэнт шүүгч хүсэлтийг бүрдүүлбэр талаас нь хангахаас татгалзаж байсан тул шүүгчийн захирамжинд дурьдсан асуудлыг зөвтгөн дахин хүсэлт гаргах эрх нь нээлттэй, гэтэл шүүгч нь энэ асуудлыг шийдвэрлэсэн өмнөх шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна гэх үндэслэлээр хангахаас татгалзсан нь хэтэрхий үндэслэлгүй байна.

ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус заасныг шүүгч эрүүгийн хэрэгт хийгдэж байсан шинжээчдийн дүгнэлтүүд байгаа гэх шалтаг гарган хэрэгсэхгүй болгодог, хүсэлтийг дахин гаргахаар өмнө нь энэ асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчинтэй байна гэх үндэслэлээр хүлээж авдаггүй, хүсэлтийг шийдвэрлэхдээ дан ганц хариуцагчийн тайлбарыг ишлэн шийдвэрлэдэг байсан.

Шүүгч нь нэхэмжлэгч, хариуцагч хоёр компанийн 2009-2012 оны 4 жилийн хугацааны их хэмжээний өглөг авлагын асуудлыг шинжээч томилохгүйгээр, нотлох баримт гаргуулахгүйгээр шийдвэрлэхээр улайран, хэргийг шийдвэрлэх чухал баримт болох шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг удаа дараа хангаагүй мөртлөө нотлох баримт байхгүй, эрүүгийн хэрэгт гаргасан дүгнэлтийг үнэлэхгүй хэмээн шийдвэрлэж байгаа нь илтэд тохуурхсан мэт, хуульчийн мэргэжлийн болон ёс зүйн зөрчилтэй үйл ажиллагаа явуулсан гэж үзэхэд хүргэж байна.

2. Шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 00918 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэр болсон талаар:

Шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон.

А. Шүүхийн Шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй талаар:

Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т Иргэний хуулийн 227.1 “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 313 дугаар зүйлийн 313.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр хийнэ” хэмээн заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүх шийдвэртээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгож байгаа хууль зүйн үндэслэлийг тусгаагүй, зөвхөн хуулийн ерөнхий заалтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаар Хамтран ажиллах гэрээ, 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 010/001 дугаар Хамтран ажиллах гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан байхад уг гэрээг санхүүгийн түрээсийн гэрээ гэж дүгнэж, санхүүгийн түрээсийн гэрээнд холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

Зохигчдын хэн аль нь нөгөө талаасаа гэрээг цуцалсантай холбоотой хохирол, төлбөрийг нэхэмжлээгүй, гэрээг цуцалсал үйл баримт дээр маргаагүй байхад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгон заасан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гэж үзэхээр байна.

Шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэх бөгөөд шүүхийн шийдвэрт тухайн харилцааг зохицуулаагүй, өөр харилцааг зохицуулсан хуулийн заалтыг үндэслэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь тус шийдвэрийг хуулийн шаардлагад нийцээгүй болохыг тодорхой харуулж байна.

Б. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй талаар:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Шинжээчийн дүгнэлтүүд нь гэрээний үүргийг буюу түрээсийн гэрээний төлбөрийг нэхэмжилсэн иргэний хэрэгт нотлох баримт болгон ашиглах үндэслэлгүй гэж дүгнэлээ” хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

ИХШХШТХ-ийн 37 дугаар зүйл “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ” гэж заасан байх бөгөөд зохигч нараас шүүхэд гарган өгсөн шинжээчийн дүгнэлтүүд нь тухайн хоёр компанийн 2009-2012 оны хоорондын төлбөр тооцоо, түрээсийн төлбөрийн үлдэгдлийг талуудын тайлан, баланс, санхүүгийн анхан шатны баримтанд тулгуурлан гаргасан энэхүү хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бичгийн нотлох баримт байхад үнэлэлгүйгээр шийдвэрлэж ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болжээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь шүүхэд өөрийн 2009-2012 оны санхүүгийн тайланг гарган өгсөн, хариуцагч “Т” ХХК нь мөн адил санхүүгийн тайлан, түрээсийн төлбөрт холбогдох санхүүгийн анхан шатны баримтуудыг гарган өгсөн бөгөөд талууд дээрх баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцсэн байхад шийдвэрт энэхүү баримтуудыг хэрхэн үнэлсэн эсэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй ямар нөхцөл илрээд үнэлээгүй, үнэлэх боломжгүй болох талаар тусгаагүй орхисон нь үндэслэлгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтуудаас шийдвэрийн үндэслэл болж буй баримт болон тэдгээрийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэн өөрийн хууль зүйн дүгнэлт бүхий үнэлгээг шийдвэртээ тусгаснаар шүүхээс гарч буй шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангах байтал шүүгч нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг үндэслэлгүй дүгнэлт хийж үнэлсэн, талуудын санхүүгийн тайлан, анхан шатны баримтыг огтоос үнэлж үзээгүй, энэ талаар шийдвэрт тусгаагүй болно.

3. Шүүгч нь нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг хязгаарлан, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн, хэрэгт талуудын эрх тэгш байдлыг хангалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулсан талаар:

Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулахдаа нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт бүрдүүлэх, шинжээч томилох тухай хүсэлтүүдийг хангахаас удаа дараа үндэслэлгүйгээр татгалзаж, хүсэлтийг шийдвэрлэхдээ дан ганц хариуцагчийн тайлбарыг үндэслэн шийдвэрлэж нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан талаар дээр дэлгэрэнгүй дурдсан билээ.

Үүнээс гадна шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг шүүхэд 3 удаа гаргасан боловч шүүгч зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн хангахаас бас л татгалзан шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн уг захирамжуудад гомдол гаргасны дагуу гомдол хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүн 2 удаа захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгон тогтоол гаргаж байсан.

Гэтэл шүүгч нь хүсэлт шийдвэрлэсэн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосоор байхад шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг дахин хэрэгсэхгүй болгон орхиж байсан.

Мөн нэхэмжлэгчийн нийт 4 удаагийн шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг “нэгэнт эрүүгийн хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлт байхад дахин энэ талаар шинжээч томилох шаардлагагүй, талууд шаардлага татгалзлаа хангалттай нотлох баримт бүрдүүлсэн байна гэж би үзэж байна”, “Шинжээчийн дүгнэлтүүдэд тооцооллын болон бусад алдаа байна гэж би харахгүй байна, шинжлэн судлахдаа талууд тайлбар гаргаад тодруулаад явах боломжтой” гэж нэхэмжлэгч талтай мэтгэлцэж хариуцагчийн байр сууринаас хэрэгт хандаж тайлбар хийж байсан тул нэхэмжлэгч нь шинжээч томилуулахын тулд арга буюу хүсэлтээ шүүгчийн үндэслэлд нийцүүлэн өөрчлөн гаргах шаардлагатай болдог байсан. Гэвч дахин гаргасан хүсэлтэнд ямар нэгэн шалтаг зааж хангахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй бол өмнө нь энэ асуудлыг шийдвэрлэсэн Захирамж хүчин төгөлдөр гэх үндэслэл зааж хэрэгсэхгүй болгож байсан.

Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчаас нотлох баримт албадан гаргуулах тухай хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 32171 дүгээр захирамжаар шийдвэрлэхдээ захирамжийн үндэслэх хэсэгт “хариуцагч талд тийм баримт байхгүй, гаргаж өгөх боломжгүй гэх тайлбарыг өгсөн бөгөөд биелэгдэх боломжгүй байх тул хангахаас татгалзав” хэмээн хүлээн авахаас татгалзсан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргуулахыг хүссэн баримтуудын хуулбар хувийг гарган өгсөөр байхад дан ганц хариуцагчийн “ийм баримт манайд байхгүй” гэх тайлбарыг үндэслэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож байсанд гомдолтой.

Нэхэмжлэгч “Э” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүгчийг ИХШХШТХ-ийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр 3 удаа татгалзан гаргах хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгчид гаргаж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан ёс зүйн зөрчил, нэхэмжлэгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан үйлдлийн талаар Шүүгчийн ёс зүйн хороонд гомдол гаргаад байгаа болно.

ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д тус тус заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тус шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй болно.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч “Т” ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 2 415 047 941 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд энэхүү шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлохдоо талууд хоорондын маргаанаа эрүүгийн журмаар шалгуулах явцад хийлгүүлсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шилжилгээний 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 145 тоот дүгнэлтийг үндэслэн гаргасан гэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дээрх шаардлагаа нэмэгдүүлсэн ба энэ үндэслэлээ тодорхойлохдоо Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан санхүүгийн тайлангаа зөвтгөсөн, үүгээр “Т” XXК-ийн бодит борлуулалтын дүнг зөв болгосон гэсэн үндэслэлээр 891 463 413 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 3 306 511 354 төгрөг гаргуулахаар шаардсан.

Харин хариуцагчийн зүгээс эдгээр шаардлагуудыг эс зөвшөөрч, “Э” ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан болно. Үүнд:

“Т” ХХК нь “Э” ХХК-тай 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 009/001 тоот гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Энэ гэрээний хугацаа дуусахад 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 010/001 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г дахин байгуулж хугацааг 5 жил байхаар гэрээ байгуулсан.

Гэрээний гол нөхцөл нь “Э” ХХК нь өөрийн эзэмшлийн CBP\120m3\Hr маркийн бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрээ “Т” ХХК-нд түрээслүүлэх, түрээсийн төлбөртөө “Т” ХХК-ийн үйлдвэрлэсэн бетон зуурмагийн борлуулалтын орлогоос 20%-ийг нь авах, “Т” ХХК нь “Э” ХХК-ийн үйлдвэрийг түрээслэн бетон зуурмаг үйлдвэрлэж, борлуулах үйл ажиллагаа явуулах, түрээсийн төлбөрт борлуулалтын орлогын 20%-ийг “Э” ХХК-нд төлж байх үүргийг талууд тус тус хүлээсэн байсан.

“Т” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлбөрөө цаг хугацаанд нь төлж байсан боловч, “Э” ХХК-ийн захирал Ким Хю Жин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээний хугацаа дуусаагүй байхад гэнэт 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Т” ХХК-ийг ажилчдын хамт хөөн гаргасан.

Ингээд зогсохгүй “Т” ХХК-иас түрээсийн төлбөрт монгол мөнгө, доллар, байр, машинаар төлсөн 3 178 665 184 төгрөг, тухайн үед Ким Хю Жиний мэдэлд үлдсэн 88 223 306 төгрөгийн түүхий эд, эд хөрөнгө нийт 3.9 тэрбум төгрөгийг авснаа үгүйсгэж, 2.4 тэрбум төгрөгийг төлөөгүй гэж үндэслэлгүйгээр гүтгэж, “Т” ХХК-аас эсхүл карьерын газраа шилжүүлж өг, үгүй бол санхүүгийн тайлангаар чи надад өртэй гарсан гэж айлган сүрдүүлсэн.

“Т” ХХК-ийн зүгээс яагаад ингэх болсон учрыг Ким Хю Жинээс асууж тодруулахад цаасан дээр ийм байна ...”энэ бол бизнес”... гэж хэлсэн.

Тухайн үед “Т” ХХК нь Ким Хю Жинд хөөгдөж гарахдаа элс, хайрга, цемент, нэмэлт болон бусад эд хөрөнгө, мөн санхүүгийн бүх бичиг баримт материалаа авч чадалгүй “Э” ХХК-ийн үйлдвэрт үлдээсэн байсан. “Т” ХХК ажилчид болон харилцагч нарын өмнө хүнд байдалд орсон.

Гэтэл Ким Хю Жинтэй хамт ажиллаж байсан монгол хүмүүс 2012 оны 9 дүгээр сарын 12-ны орой “Т” ХХК-ийн захирал Д.Д лүү утсаар ярьж Ким Хю Жин “Т” ХХК-ийн санхүүгийн баримтуудыг шатааж байна гэж мэдэгдсэн.

Ингээд “Т” ХХК нь “Э” ХХК-д түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан тул захирал Ким Хю Жинд холбогдуулан Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж улмаар 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр түүнд Эрүүгийн 201201011744 тоот хэрэг үүсгэн энэхүү нэхэмжилж байгаа 2.4 тэрбум төгрөгийн өр төлбөрт оруулсан хэргийг шалгаж эхэлсэн.

2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Т” ХХК-ийн санхүүгийн баримтыг Баянгол дүүргийн Цагдаагийн хошууч Г.З “Э” ХХК-иас гаргуулан “Т” ХХК-д хүлээлгэн өгсөн.

Шалгалтын явцад Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс болон Улсын мөрдөн байцааг газар нь талуудын хүсэлтээр 2 удаа аудитын шалгалт, 2 удаа Шүүх Шинжилгээний Үндэсний төвийн Шинжээч томилж санхүүгийн баримтанд дүгнэлт гаргасан.

Мөн “Т” ХХК-ийн Ким Хю Жиний гарын үсэгтэй кассын тайланд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн.

“С” ХХК-ний Шинжээчийн дүгнэлт 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 619 тоот, “Г” ХХК-ийн Шинжээчийн дүгнэлт 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №10/4-944 тоот, Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлт 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1368 тоот /гарын үсгийн Криминалистикийн шинжилгээ/, Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлт 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 108 тоот, Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлт 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 145 тоот дүгнэлтүүд болон мөрдөн байцаалтаар “Э” ХХК-д 2.4 тэрбум төгрөгийг “Т” ХХК төлсөн болох нь нотлогдсон.

Хамгийн сүүлийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 145 тоот дүгнэлтээр Авлага, өглөгийн зөрүү дүнг эцсийн байдлаар нэгтгэн дүгнэсэн тооцоог харуулбал:

“Т” ХХК нь “Э” ХХК-д төлөх ёстой дүн 3 431 308 170 төгрөг, “Т” ХХК-иас “Э” ХХК-д төлсөн дүнг аль аль нь ямар ч маргаангүйгээр тайландаа тусгасан дүн 1 055 579 944 төгрөг, талуудын тайлангаар үлдсэн төлөх ёстой дүн 2 375 728 226 төгрөг, үүн дээр Ким Хю Жингээс авсан мөнгийг буцаан өгөх дүн 261 000 000 төгрөг, нийт Э ХХК-д төлөх дүн 2 636 728 226 төгрөг.

Үүнээс шинжилгээгээр “Э” ХХК нь “Т” ХХК-аас авсан мөнгөний дүн 1 983 689 664 төгрөг, эцсийн байдлаар “Т” ХХК-иас “Э” ХХК-д төлөх төлбөрийн дүн 653 038 562 төгрөг төлөх дүнг гаргасан болно.

Энэ дүгнэлтээр “Т” ХХК нь “Э” ХХК-д тайланд тусгагдсан 1 055 579 944 төгрөгнөөс гадна нийт 3 966 878 490 төгрөг төлсөн гэсэн боловч дүгнэлтээр 1 983 689 664 төгрөг төлсөн нь тогтоогдсон, 221 195 413 төгрөг давхардсан тул хасаж тооцох, 1 761 993 413 төгрөгийг мөрдөн байцаалтаар тогоох шаардлагатай байна гэсэн дүгнэлт гаргасан. Үүний дагуу мөрдөн байцаалтын ажиллагаагаар “Т” ХХК нь “Э” ХХК-нд 1 761 993 413 төгрөгийг төлсөн эсэх үйл баримтыг шалгасан. Энэхүү шалгалтаар 1 249 209 257 төгрөгийн мөнгө эд хөрөнгийг “Э” XXК авсан болох нь илэрсэн.

“Э” ХХК-д 913 274 357 төгрөгийг өгсөн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Мөн кассын тайланг Ким Хю Жин хянаж өөрийн авсан мөнгөө баталгаажуулж гарын үсэг зурсан ба энэ нь 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1368 тоот Кримналистик шинжилгээ, гэрч кассын нярав В.Ц , нягтлан бодогч Я.Б ийн мэдүүлгээр давхар тогтоогдсон.

Нэхэмжлэгчийн хашаанд үлдсэн элс, хайрга, цементийн үнийг 335 934 900 төгрөг болохыш “И” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.

Ингэж “Т” ХХК-ийн нийт 1 249 209 257 төгрөгийн мөнгө эд хөрөнгө “Э” ХХК-д байгаа болох нь бодитоор нотлогдсон болно.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч н.А-ийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны мэдүүлэгт, 2013 оны 8 дугаар сарын 07-ны 145 тоот дүгнэлтээр “Т” ХХК нь “Э” ХХК-д 653 038 562 төгрөгийн өглөгтэй байна гэсэн. Тэгвэл “Т” ХХК нь “Э” ХХК-аас 1 249 209 257 - 653 038 562 = 596 170 695 төгрөгийн авлагатай байх тул үүнийгээ нэхэмжилнэ.

Иймд манай “Т” ХХК нь “Э” ХХК-нд төлөх төлбөргүй байх тул тус компанийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэсэн шаардлага гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн 1 249 209 257 төгрөгийг нотолсон баримтуудыг өгсөн.

“Т” ХХК нь “Э” ХХК-ийн үйлдвэрийг түрээслэж байх хугацаандаа засан сайжруулалтад Нийт 158 950 500 төгрөг гаргасан байх тул уг зардлаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар “Э” ХХК-иас шаардсан болно.

Мөн “Т” ХХК нь “Э “ХХК-иас 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хөөгдөн гарах үедээ авч явж чадаагүй, өөрийн компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй 71 нэр төрлийн 86 286 300 төгрөгийн эд хөрөнгө, түүнээс гадна тус бүр нь 2 800 000 төгрөгийн үнэтэй нийт 5 600 000 төгрөгийн 2 ширхэг 40 тн-ын контейнер, 85 098 000 төгрөгийн үнэ бүхий элс, хайрга нийт 176 984 300 төгрөгийн үнэ бүхий өөрийн өмчийг Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардсан болно.

Эдгээр нь “И” ХХК-ийн дүгнэлтэнд бүрэн тусгагдсан бөгөөд нийт 335 934 900 төгрөг болж байгаа болно.

Харин 913 274 357 төгрөгийн тухайд “Т” ХХК нь Хамтран ажиллах гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 653 038 562 өгөх ёстойгоос “Э” ХХК нь 657 386 445 төгрөгийг илүү тооцон авсан байсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “ ...түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй” гэж заасан. Энэхүү заалтаар түрээслэгч нь зөвхөн гэрээгээр тохирсон хөлсийг л төлөх үүрэгтэй байна. Гэтэл “Э” ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаас илүү төлбөрийг “Т” ХХК-иас гарган авч хохироосон тул энэхүү илүү төлсөн мөнгийг “Э” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцуулж гаргуулахаар сөрөг гаргасан болно.

Ийнхүү “Т” ХХК нь шүүхэд дээрх нотлох баримтуудыг хуульд заасны дагуу нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн байтал шүүх ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж дээрх баримтуудыг огт үнэлэлгүй сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон юм. Тодруулбал, шүүх Үндэслэх хэсэгтээ хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нь талуудын хооронд байгуулагдсан 009/001, 010/009 тоот гэрээнд тулгуурлаагүй гэж үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн ба эдгээр дүгнэлтүүд нь дээрх гэрээнд тулгуурласан дүгнэлт байснаас гадна зохигчдын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон байсан.

Түүнчлэн шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ заахдаа “Т” ХХК-иас гарган өгсөн кассын тайлан гэх баримтыг ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй гэж буруу дүгнэсэн. Гэтэл энэхүү монгол-солонгос хэл дээр үйлдэгдсэн баримтыг хариуцагч нь баталгаат орчуулгаар орчуулуулж, нотариатаар эх хувийг батлуулан өгснөөс гадна энэ баримтан дээр хянасан гэсэн гарын үсгийг Ким Хю Жин зурсан болохыг тогтоосон Кримналистик шинжээчийн дүгнэлтийн хамт шүүхэд өгсөн байсан.

Мөн эрүүгийн хэргийг шалгах явцад хийгдсэн “И” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланг болон уг тайланг гаргахад маргалдагч талуудын төлөөлөгчид мөн тухайн хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчид бүгд хамт байлцан “Т” ХХК-ийн үндсэн хөрөнгийг газар дээр нь буюу “Э” ХХК-ийн эзэмшлийн байр хашаанд очиж ялгаж зааглан заасны үндсэн дээр үзлэг хийж үнэлгээг тогтоосон нотлох баримтыг шүүхэд өгсөн байтал үүнийг нэхэмжлэгч компанийн үндсэн хөрөнгөнд давхар бүртгэгдсэн гэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь сөрөг нэхэмжлэлд дурьдсан “И” ХХК-ийн дүгнэлтэд орсон элс, хайрганы үнэ болох 85 098 000 төгрөгийн эд хөрөнгийг “Э” ХХК нь авсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч үндсэн нэхэмжлэлээсээ хасуулахыг зөвшөөрсөн байсан. Мөн шүүх энэхүү дүгнэлтэд дурьдсан “Т” ХХК-ийн үндсэн хөрөнгүүдийг “Э” ХХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлтэй давхацсан байна гэж нотлох баримтыг сайтар хяналгүй буруу дүгнэсэн. Учир нь эдгээр хөрөнгүүд нь нэхэмжлэгч компанийн үндсэн хөрөнгөтэй ижил нэр төрлийн хөрөнгүүд боловч огт давхцаагүй тус тусдаа хөрөнгө болох нь “И” ХХК-ийн дүгнэлтийн үндэслэл болсон анхан шатны баримтуудаар тодорхой харагдаж байгаа юм.

Түүнчлэн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Т” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон 1 310 425 007 төгрөгийг эрүүгийн хэргийг шалгах явцад мөрдөн байцаалтаар тогтоосон гэсэн нь үндэслэлгүй гэсэн байх ба “Т” ХХК-ийн тухайд сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг талуудын хооронд үүссэн маргааныг эрүүгийн журмаар шалгуулах үед авагдсан нотлох баримтуудад тулгуурлан гаргасан болохыг шүүх анхааралгүйгээр, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна хэмээн буруу дүгнэж алдаа гаргасанд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэгч “Э” ХХК нь “Т” ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэлд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 145 тоот Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 653 038 562 төгрөгийг л шаардах ёстой атал “Т” ХХК-иас төгрөгөөр 913 274 357 төгрөгийг илүү тооцон авсан, мөн 335 934 900 төгрөгийн эд хөрөнгийг нь буцаан өгөлгүй өөртөө ашиглаж, нийт 1 249 209 257 төгрөгийн мөнгө болон эд хөрөнгийг нь өөртөө авсан нь баримтаар тогтоогдож байгаа тул “Э” ХХК-д төлөх түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 653 038 562 төгрөгийг “Т” ХХК-ийн авах авлага болох 1 249 209 257 төгрөгтэй харилцан тооцуулж, үлдэх 596 170 695 төгрөгийг “Э” ХХК-аас гаргуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг хангаж, ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-иас хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан 2009 оны 009/001 дүгээр гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 78 639 431 төгрөг, алданги 39 319 715 төгрөг бүгд 117 959 146 төгрөг, 2010 оны 010/001 дүгээр гэрээний үлдэгдэл төлбөр 2 297 088 795 төгрөг, нийт 2 415 047 941 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 3 306 511 354 төгрөг болгосныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөрт 3.9 тэрбум төгрөг төлсөн гэж, түүхий эд материал, техник тоног төхөөрөмж, түрээсийн зүйлийг засаж сайжруулахад гарсан зардлын үнэ 596 170 975 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай 009/001 дугаар, 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 5 жилийн хугацаатай 010/001 дугаар “Хамтран ажиллах” нэртэй гэрээ тус тус байгуулагдаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах GBR/120m3/Hr маркийн бетон зуурмагийн 1 дүгээр үйлдвэрийг түрээслэж, бетон зуурмагийн борлуулалтын орлогын 20 хувиар тооцож төлбөрийг сар бүр нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон болон нэхэмжлэгчийн санаачлагаар 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ цуцлагдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

/хэргийн 1 дэх хавтас 16-19 дүгээр хуудас/

 

Нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөр шаардсан нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан “Түрээсийн гэрээ”-ний үүрэг гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй байна.

 

Харин талууд борлуулалтын орлого, төлбөрийн хэмжээний талаар маргажээ.

 

Тодруулбал, хариуцагчийн гэрээний дагуу төлөх төлбөрийн хэмжээг нэхэмжлэгч 26 тэрбум төгрөгийн, хариуцагч 17 тэрбум төгрөгийн 20%-иар тус тус тооцох ёстой гэж мэтгэлцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг дээрх 2 гэрээнд заасан 20 хувиар тооцон хариуцагчаас нэхэмжилж байгаа тохиолдолд бетон зуурмаг борлуулсан орлогын хэмжээ тодорхой байх ёстой бөгөөд хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой юм.

 

Учир нь зохигчид гэрээнд төлбөрийн хэмжээг тодорхой үнийн дүнгийн хэмжээгээр бус, борлуулалтын орлогоос тодорхой хувиар тооцохоор тохиролцсон байгаа явдал нь талуудын гэрээгээр хүлээсэн үүргийн хэмжээ, түүнийг биелүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт хийхэд дээрх нөхцөл байдал тодорхой байх шаардлагатай.

 

Гэтэл хэрэгт талуудын хоорондын маргаантай холбоотой эрүүгийн хэргийн материал болох шинжээчийн дүгнэлтүүд авагдсан байгаагаас зохигчдын шаардлага, татгалзлын үндэслэл болсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 145 дугаар шинжээчийн дүгнэлт нь зохигчид болон гэрээний оролцогч бус

“Т” ХХК, “Ш” ХХК-иудын санхүүгийн баримтуудыг үндэслэл болгосноос гадна, эрүүгийн хэргийг шалгах явцад цугларсан баримт нь гэрээний үүрэгтэй холбоотой иргэний хэрэгт нотлох баримт болохгүй гэж анхан шатны шүүх үнэлснийг буруутгах боломжгүй хэдий ч дээрх үйл баримтуудыг тогтоолгохоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хариуцагчийн санхүүгийн баримтанд үзлэг хийлгэх, эрх бүхий байгууллагаас хариуцагчийн санхүүгийн баримт, тайлантай холбоотой нотлох баримт гаргуулах, хариуцагчийн орлогын хэмжээг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулахаар удаа дараа гаргасан хүсэлтүүдийг шүүх хангахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ. /хэргийн 2 дахь хавтас 394, 397, 441-443, 445, 470, 475, 3 дахь хавтас 571, 575, 581, 591 дүгээр тал/

 

Иргэний хэрэгт зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын тайлбар үндэслэлийг нотлох баримтыг өөрөө гаргах, цуглуулах үүрэгтэй боловч энэхүү үүргээ хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэх хүсэлтийг мөн хуулийн 25.1.3, 38.6 дахь хэсгүүдэд зааснаар шүүхэд гаргах эрхтэй юм.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч “Т” ХХК-ийн төлөх төлбөр буюу нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ нь гэрээнд заасны дагуу хариуцагчийн борлуулалтын орлогын хэмжээнээс хамаарч байгаа тохиолдолд нэхэмжлэгч нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх замаар цуглуулах боломжтой эсэх, түүний нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэхээр гаргасан хүсэлт нь хэргийн үйл баримтыг тогтооход хамааралтай, ач холбогдолтой эсэхэд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

 

Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэхэд тооцоо, тоо бүртгэл зэрэг тусгай мэдлэг шаардлагатайгаас шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй бол хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачлагаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчжээ.

 

Иймээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлүүдэд заасан “шүүхийн өмнө эрх тэгш байх”, “мэтгэлцэх зарчим”-ыг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Мөн шүүх үндсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн 3 306 511 354 төгрөгийн шаардлагад анх нэхэмжлэлийн шаардлага гаргахад дурьдагдсан 2009 оны 009/001 дүгээр гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 78 639 431 төгрөгийн хугацаа хэтрүүлсний алдангид тооцсон 39 319 715 төгрөг багтаж байгаа эсэх, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох нэхэмжлэгчийн санаачлагаар гэрээ цуцлагдаж дуусгавар болсонтой холбоотойгоор хариуцагч нь түүхий эд материал, техник тоног төхөөрөмж, түрээсийн зүйлийг засаж сайжруулахад гарсан зардлын үнэ 596 170 975 төгрөгийг шаардаж байгаа нь өөрийн өмчлөлийн зүйлийг бусдын эзэмшлээс, эсхүл гэрээ цуцласнаас учирсан хохирол гэж шаардаж байгаа эсэх зэргийг тус тус тодруулж, зохигчдын хоорондох маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох заалтуудыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Шүүх зохигчдын нотлох баримт бүрдүүлүүлэх хүсэлтийг хангах замаар мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж дээрх үйл баримтуудыг тодруулах боломжтой эсэхэд дүгнэлт хийлгүй зохигчдын гаргаж өгсөн хариуцагчийн орлоготой холбоотой кассын тайлан, үйлдвэрийн мэдээ зэрэг санхүүгийн баримтуудыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 6 дугаар зүйлийн 6.1, 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, хэрэгт цугларсан баримтуудаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд тогтоогдоогүй гэж хэрэгсэхгүй болгосон нь буруу байх бөгөөд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт “Шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.” гэсэн, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана.” гэсэнтэй тус тус нийцээгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг арилгаж, хариуцагч “Т” ХХК нь хичнээн хэмжээний борлуулалт хийсэн, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 009/001, 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 010/001 дугаартай гэрээнүүдэд зааснаар нэхэмжлэгчид хэдэн төгрөгийн төлбөр төлөхөөс хэдийг төлсөн, хэдэн төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан эд хөрөнгө нь зохигчдын хэний өмчлөл, эзэмшлийн зүйл болох зэрэг хэргийн үйл баримт болон эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй байх тул зохигчдын давж заалдах гомдлыг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн
167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2016/00918 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, зохигчдын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлсөн 16 690 507 төгрөгийг, хариуцагч “Т” ХХК-ийн төлсөн 3 138 850 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.Д ЦЭЦЭГ

 

                      ШҮҮГЧИД                                                        А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                               С.ЭНХТӨР