Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 2134004320099 |
Дугаар | 75 |
Огноо | 2023-04-19 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Ичинхорол |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 75
****д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ичинхорол, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар магадлалтай, ****д холбогдох 2134004320099 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбатын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ****, 1987 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “ **** ********” ХХК-ийн хэлтсийн захирал ажилтай, ам бүл 3, урьд ял шийтгэлгүй,
2. Шүүгдэгч **** нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн **** сумын **** 3 дугаар багийн нутаг дэвсгэр “ **** ****” ХХК-д “ **** *******” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан хэлтсийн захирлын ажлыг хийж байхдаа хууль бусаар гар аргаар алт олборлогч иргэд дайрах үед Gediz загварын 9 мм-ийн хар өнгийн EG-20081831 гол мөрийн дугаартай хийн гар буугаар иргэн **** руу буудлага хийж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч ****ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****д оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 350,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар **** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэжээ.
4. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...2 шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хамгаалж байгаа эд хөрөнгө, объект болон ...эсхүл бүлэглэн халдсан тохиолдолд ...аргагүй хамгаалалтын хүрээнд галт зэвсэг хэрэглэж болно” гэж заасан бөгөөд компанийн эзэмшлийн хамгаалж байсан объект руу согтуу, зэвсэглэсэн, бүлэг хүмүүс /нинжа/ нар дайран орж улмаар хамгаалагч ****ийн толгойн тус газар осков төмрөөр цохиж ухаан алдуулсан байдаг. Харуулын ахлагч **** нь дээрх байдлыг таслан зогсоохын тулд дээрх хуулийн дагуу үүргээ гүйцэтгэсэн. Гэтэл хуулийн дагуу ажил, үүргээ гүйцэтгэж явсан хүн гэмт хэрэгтэн болж, хууль зөрчиж бусдын эзэмшил газарлуу бүлэглэн дайрч, хууль зөрчсөн нь хохирогч болж байгаа нь /хэрэг биш/ Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болно.
Төв аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 552 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд мөн өдрийн 522 дугаартай шүүгчийн захирамж одоог хүртэл хүчинтэй үйлчилж байхад хэргийг анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь эргэлзээтэй. Шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх ёстой. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-т гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарах шалгуур шинжийг тодорхойлсон байхад 2.4-т заасан гэмтлийн “хөнгөн” зэрэгтэй хамааруулж нэг гэмтлийн зэрэг буюу хөнгөн гэмтэл гэж дүгнэсэн байдаг. Шинжээчийн 504 тоот дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн бор эрээн цамцны ар талд хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн 12-6 мм хэмжээтэй шинэ цооролтыг хийн гар бууны резинэн сумаар үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн байх бөгөөд хохирогчийн биед учирсан гэмтэл нь юуны үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй” гэж тусгасан байдаг. Албан үүргээ гүйцэтгэсэн буюу объектоо хамгаалсан хүн гэмт хэрэгтэн болоод объект руу дайрсан нинжа гээд байгаа хүмүүс өнөөдөр хохирогч болсон явж байдаг. Өмгөөлөгчийн хувьд ****ын дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна.” гэв.
6. Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ичинхорол тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч ****д холбогдох хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд хохирогч ****ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлд “шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн” гэж бичсэн. Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж зөрүүтэй байдлаар бичигдсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” 1.9-д “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэг зөрүүтэй бол” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд хамаарна гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг илрүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгүүлэх арга хэмжээ авалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
7. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбатын гомдлыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 272 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул ****д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
8. Хоёр шатны шүүх шүүгдэгч ****ыг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг зөв тогтоож дүгнэсэн атлаа зөвхөн хохирогчид учирсан гэмтлийн шинж чанар, хор уршигт хэт ач холбогдол өгч, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоож, шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болохуйц гарцаагүй байдалд хохирол учруулах нөхцөл байдлыг анхаарахгүй орхигдуулснаас Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
9. Шүүх хэргийн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож үнэлэлт, дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай бөгөөд гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн болохыг зөв тодорхойлох нь шүүн таслах ажиллагааны гол зорилтын нэг байх ёстой.
Тодруулбал, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд болсон үйл явдлын бодит байдал, гэмт хэрэг үйлдсэн гэх хүний үйлдэл, үйл хөдлөлийн гадаад илрэл болон түүндээ хандаж буй сэтгэл зүйн хандлага, түүнчлэн хохирогчийн үйлдэл зэрэг хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, нарийвчлан хянах үүрэгтэй бөгөөд тэдгээрийн үнэн зөв байдал, хэмжээ хязгаар, агуулга зэрэгт эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоох үүрэгтэй.
10. Хэрэгт хохирогч ****ы “ ...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн **** сумын **** 3 дугаар багийн нутаг ****ын эх гэх газар үйл ажиллагаа явуулдаг “ **** ****” ХХК-ийн уурхайн усан буу нь бууж байгаа гээд хүмүүс яваад цуглаад байхаар нь дүү **** гэж залууг дагуулаад очсон юм...”, гэрч ****ын “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Төв аймгийн **** сумын **** 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ****ын амны **** **** ХХК-ийн уурхайд дуудагдаж очсон юм. ...Тэгэхэд хүмүүс дайрч ороод дийлдэхгүй байхад хамгаалалтын албаны дарга **** хар өнгийн хийн гар буугаар анхааруулга өгч дээш нь 2-3 удаа буудсан. ...Бөөн үймээн болж байхад хамгаалалтын албаны дарга ****ыг салгаж кемп рүү авч явсан...”, ****ийн “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр амарч байгаад тэгээд нэмэлтээр өдөр 11 цагийн орчим Төв аймгийн **** сумын **** 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ****ын амны “ **** ****” ХХК-ийн уурхайд дуудагдаж очсон. ...төхөөрөмж дээр 1 нинжа гарсан байхаар нь наана чинь гарч болохгүй буу гээд гараас нь татсан чинь тухайн цацруулагчтай ажлын хувцастай царай зүсийг нь муухан санахад шар гэмээр царайтай махлагдуу залуу эргэж хараад гартаа барьсан осков төмрөөр миний толгойдоо өмссөн байсан каск малгай руу цохиж авсан чинь миний ухаан балартаад ухаан алдсан. Нэг мэдсэн чинь манай хамгаалалтын албаны ээлжийн ахлах ****** намайг түшсэн үйлдвэрийн хэсгээс гаргаж байсан. Би тэгээд дээшээ гараад үйлдвэр байгаа 3 дугаар постны пүүтгэнд орж тэнд байсан хүйтэн хар цайгаар толгойгоо шавшаад тэр пүүтгэнээсээ айгаад гаралгүй тэндээ байсан юм.”, ****ийн “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 09 цагийн үед Цагдаагийн хэлтсийн жижүүрээс залгаад “ **** ****” ХХК-ийн ашиглалтын талбайд хууль бус гар аргаар алт олборлогч иргэд дайраад үйл ажиллагаанд саад учруулаад байна гэсэн дуудлага гарсан тул дуудлагад яв гэсний дагуу **** сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүр дээр ирээд жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ****, экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч ****, эргүүлийн цагдаа ****, д/а ****, д/а ****, д/а ****, д/а **** нарын хамтаар албаны фургон загварын тээврийн хэрэгсэлтэй дуудлагын дагуу явсан. ...Уурхайн хамгаалалтын албаны дарга **** ...нь хийн гар буу гаргаж ирээд дээш нь нэг удаа хий буудсан. Тэгээд хүмүүс гарахгүй байсан болохоор усан буу руу ороод шороо хамж байсан хүмүүс рүү хоёр удаа буудсан юм...”, ****гийн “...Өдөр 13-14 цагийн үед уурхайн ард хэсэгт байрлах худгийн орчим хүмүүс цуглаж эхэлсэн. Тухайн газарт 200 орчим иргэд мөн 40-өөд тээврийн хэрэгсэл цугларсан байсан. ...Тухайн үеэр орон нутгийн иргэд болон харуул хамгаалалтын ажилчид хоорондоо маргалдаж хэрэлдээд байсан. ...Нинжа нар үйлдвэрийн хэсэг рүү дайраад орсон хойно үйлдвэрийн хэсэг дотор хоёр удаа буун дуу гарсан. ...Тэгэхэд хажууд байсан залуу чи миний чих рүү буудсан гээд нөгөө хар хувцастай **** гэдэг хамгаалагч залуу руу дайрч маргалдаж байгаад ноцолдоод эхлэхэд бусад иргэд нөгөө залуу руу дайраад эхэлсэн. ...удалгүй дахин үйлдвэрийн баруун талд буун дуу гарсан...”, ****ийн “...Тухайн талбайд 200 орчим иргэд цугларсан байсан учир тэнд байсан хамгаалагч, цагдаа нар тэдгээр иргэдийг зогсоож дийлээгүй уурхайн талбай, усан буу руу иргэд дайраад орсон...”, ****н “...Уулан дээр байсан хэсэг хүмүүс нь түрүүлээд уурхайн үйлдвэрийн хэсэг рүү дайраад ороход худгийн орчим байсан 2 хэсэг нинжа нар дайраад орсон. Тэнд байсан хамгаалагч, цагдаа нар тэдгээр иргэдийг зогсоож дийлээгүй. ...үйлдвэрийн хэсэг рүү ороход үйлдвэрийн хананы сэндвичийн дээрээс харуулын дарга болох **** нь шоткон буугаар буудаж хууль бус аргаар алт олборлогч нар нь **** руу бөөнөөрөө чулуу шидэж байсан. ... ****ыг цааш нь дагуулж гүйгээд цагаан өнгийн уурхайн “Прадо-120” загварын тээврийн хэрэгсэлд суулгаж явуулсан...”, ******ын “...хамгаалалтын албаны хар хувцастай өндөр биетэй хамгаалагч ...барьсан байсан хар өнгийн гар буугаараа буудаж өгсөөд гүйгээд гарсан. Тэгсэн усан бууны шалам шороо руу гардгийн орчим хүмүүс бөөгнөрч цуглаад хүн буудуулсан гэхэд нь яваад очиход **** ах байсан...” гэх мэдүүлгүүдийг үгүйсгэх, хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг өөрөөр тогтоохуйц хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтууд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тогтоогдохгүй байна.
Дээрх мэдүүлгүүдээс үзвэл шүүгдэгч **** нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн **** сумын **** 3 дугаар багийн нутаг дэвсгэр “ **** ****” ХХК-ийн уурхайд “ **** ******” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа хууль бусаар гар аргаар алт олборлогч иргэд дайрах үед Gediz загварын 9 мм-ийн хар өнгийн EG-20081831 гол мөрийн дугаартай хийн гар буугаар буудлага хийсний улмаас ****ы эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан, нөхцөл болжээ.
11. Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан гарцаагүй байдалд бусдад хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг мөн хэдий ч бодит агуулгаараа Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан хөндлөнгийн хууль бус аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан хор, хохирлын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж бусдад хохирол учруулах байдлаар илэрдэг.
Хууль зүйн хувьд гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдлийг хуулиар хамгаалсан ашиг сонирхолд бодит аюул тулгарсан үед хуулиар хамгаалсан өөр ашиг сонирхолд хохирол учруулахыг зөвшөөрсөн ойлголт бөгөөд энэ нь хувь хүний эрх юм.
Энэ эрхийг хэрэгжүүлж байгаа хүний үйл ажиллагаа нь нийгмийн ашиг сонирхол, тодорхой этгээдийн хуулиар хамгаалсан амь нас, эрүүл мэнд гэх мэт бусад эрх ашгийг тулгарсан аюулаас хамгаалах зорилготой байдаг тул зохих нөхцөлийн дагуу хийсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэгт тооцохгүй.
Аюул тулгарсан нь бодитой үүссэн, аюул нэгэнт эхэлсэн дуусаагүй үргэлжилж байгаа, аюул тулж ирээгүй боловч хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд бодитойгоор шууд заналхийлсэн байхыг ойлгодог. Харин хараахан тулгараагүй, ирээдүйд бий болох, эсхүл таслан зогсоогдсон /өнгөрсөн/, холуур өнгөрөх нь тодорхой байгаа аюул гарцаагүй байдлын нөхцөлд хамаарахгүй юм.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд тулгарах аюул нь гол төлөв гэнэтийн шинжтэй, богино хугацаанд, онцгой нөхцөлд болдгоос хамаарч аюулыг зайлуулж байгаа хүн өөрөө гол төлөв сэтгэл санааны гэнэтийн цочирдолд ордог учир зан үйлийнхээ оновчтой хувилбарыг тэр болгон зөв сонгох боломж хязгаарлагдмал байдаг тул шүүх тогтоогдсон үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ зайлуулагдсан хохирол, учирсан хор уршиг хоёрын харьцааг заавал харгалзан үздэг учиртай.
12. “ **** *****” ХХК нь “ **** ****” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, Цагдаагийн ерөнхий газар 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1 жилийн хугацаагаар сунгасан тусгай зөвшөөрөлтэйгөөр Төв аймгийн **** сумын **** 3 дугаар багийн нутаг дэвсгэр “ **** ****” ХХК-ийн уурхайн бүс, олборлолтын талбайд Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан 13.1.5-д заасан үүргийнхээ дагуу харуул хамгаалалтын үйл ажиллагааг явуулж байжээ.
Шүүгдэгч **** нь иргэний болон харуул, хамгаалалтын зориулалтай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан байх бөгөөд “ **** *********” ХХК-д харуул хамгаалалт хариуцсан хэлтсийн захирлын ажлыг гүйцэтгэж байхдаа Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд бүртгэлтэй тус компанийн Gediz загварын 9 мм-ийн хар өнгийн EG-20081831 гол мөрийн дугаартай хийн гар бууг эзэмшиж, ашиглаж байсан тул Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2003 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12/05 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Харуул хамгаалалтын алба хаагч галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, албаны нохой ашиглах зааврын 2.1.1, 2.1.2-т зааснаар галт зэвсэг хэрэглэх эрхтэй.
13. Төв аймгийн цагдаагийн газрын **** сумын сум дундын цагдаагийн хэлтсээс дуудлага, мэдээллийн дагуу тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт уурхайн үйл ажиллагаа явуулдаг “ **** ****” ХХК-ийн уурхайн бүс, олборлолтын талбайд очиж үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид “ **** ******” ХХК-ийн явуулж байсан харуул хамгаалалтын үйл ажиллагаатай холбогдуулан Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан шаардлага тавиагүй тул шүүгдэгч **** нь хуульд заасан харуул хамгаалалтын үйл ажиллагаанаас чөлөөлөгдөхгүй болно.
14. Шүүгдэгчийн тогтвортой өгсөн мэдүүлгүүд нь гэрч нарын өгсөн мэдүүлгүүдээс агуулгын хувьд зөрүүгүй, Төв аймгийн цагдаагийн газрын **** сумын сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчийн нийтийн хэв журам сахиулах, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэвийн явуулахад чиглэсэн хууль ёсны шаардлагыг “ **** ****” ХХК-ийн уурхайн бүсэд цугларсан олон тооны иргэд үл ойшоож, улмаар эмх замбараагүй байдал үүсгэн олборлолтын талбай, үйлдвэр рүү дайран орохдоо харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан “ **** ******” ХХК-ийн ажилтан ****ийн биед халдан, уурхайн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг эвдсэн тул энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор **** хийн гар буугаар дээшээ агаарт буудсан хэдий ч иргэдийн хууль бус үйлдэл үргэлжилж, хөндлөн буудахад хохирогч **** оногджээ.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд **** нь “ **** ******” ХХК-ийн эзэмшлийн Gediz загварын 9 мм-ийн хар өнгийн EG-20081831 гол мөрийн дугаартай хийн гар бууг хууль ёсоор ашиглаж байсан бөгөөд цагдаагийн байгууллагын албан хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй олборлолтын талбай, үйлдвэр рүү дайран орохдоо харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан “ **** *******” ХХК-ийн ажилтан ****ийн биед халдан, уурхайн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг эвдсэн олон тооны иргэдийн үргэлжилж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох, хамгаалж буй эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамт ажиллагсдын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор буудлага хийх явцад оногдсон ****д гэмтэл учруулах зорилго агуулан хор уршгийг урьдчилан тооцож хүссэн гэж үзэх баримт тогтоогдоогүйн дээр, тухайн үйл явдал болсон нөхцөл байдлаас дүгнэхэд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэхээр байна.
Учир нь, олон тооны иргэд оролцсон хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч ****д өөрт нь болон цагдаагийн байгууллагын алба хаагч, “ **** ********” ХХК-ийн ажилтан, бусад иргэдийг гэмтээх, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах гэмт хэрэг, зөрчил үйлдэх боломжтой байсан нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж хийн гар буугаар буудлага хийсэн шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал” буюу мөн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан “Гарцаагүй байдалд хохирол учруулах” гэсэн ойлголтод хамаарна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
15. Иймд шүүгдэгч ****ын өмгөөлөгч С.Энхбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, прокуророос шүүгдэгч ****д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажшийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч ****д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6-д зааснаар хэрэгт хураагдсан Gediz загварын 9 мм-ийн хар өнгийн EG-20081831 гол мөрийн дугаартай хийн гар бууг “ **** *******” ХХК-д буцааж олгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ