Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01398

 

 *******

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/05141 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* *******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 28,445,684 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Талуудын хооронд 2015 оны 03 сарын 01-ний өдрийн №15/2-35 тоот гэрээгээр ******* давхарт 380 м.кв талбайтай дэлгүүрийн барилгыг 2015 оны 03 сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл сард 4,940,000 төгрөгөөр, мөн дүүргийн ******* гудамжинд байрлалтай ногооны зоорины объектыг төмс, хүнсний ногоо хадгалах зориулалтаар 2014 оны 09 сарын 15-ны өдрөөс эхлэн сарын 7,000,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй түрээслэхээр тохиролцон түрээсийн гэрээ байгуулсан.

1.2. Хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж, түрээсийн зүйлийг түрээслэгч сайн дураар чөлөөлөөгүй ба ******* ХХК-ийн эзэмшлээс ******* давхарт 380 м.кв талбайтай дэлгүүр, ******* гудамжинд байрлалтай ногоон зоорийг чөлөөлөх тухай 3 шатны шүүхийн шийдвэр гарч, 2018 оны 06 сарын 19-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон.

1.3. Улмаар хариуцагч ******* ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, объектуудыг чөлөөлж өгөөгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр *******-т хандаж, тус газраас ажиллагаа явуулан ногоон зоорь объектыг 2018 оны 10 сарын 02-ны өдөр чөлөөлж, төлбөр авагчид шилжүүлсэн.

1.4. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2018 оны 10 сарын 02-ны өдөр хүртэл хариуцагч нь ногоон зоорины талбайг чөлөөлөөгүй, нэхэмжлэгчээс тус объектыг бусдад түрээслэн орлого олох боломжоо алдаж, тэр хэмжээгээр хохирол учирсан.

1.5. Хохирлыг тооцвол ногоон зоорь объектыг ******* ХХК-д түрээсэлж байсан 5,000,000 төгрөгөөр тооцон 2018 оны 7, 8, 9 саруудад ашигласны төлбөр 15,000,000 төгрөг, 33 дугаар байрны дэлгүүрийн 2018 оны 07 сарын төлбөр нь түрээсийн гэрээний төлбөр буюу 4,940,000 төгрөгөөр, ногоон зоорийг *******-тай хамтран чөлөөлөхөд гарсан зардал 8,470,684 төгрөг, нийт 28,445,684 төгрөг болно. Иймд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тусгайлан заасан тул хариуцагчаас гэм хорын хохиролд 28,445,684 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* бол шийдвэр гүйцэтгэх байгууллага биш. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх, түүнтэй холбоотой зардлыг хэрхэн шийдвэрлэх тусгайлсан зохицуулалтай.

2.2. Хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэртэй холбоотой ганц мэдэгдэл байна. Мэдэгдлээс өөр төлбөр авагч талтай ямар ажиллагаа яаж хийсэн, гарсан зардал зэргийг нотолсон баримт байхгүй. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагаа хийгээгүй, баримт байхгүй. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

2.3. Бусдаар ажил хийлгэсэн гэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан ажиллагааны дагуу хийсэн эсэх, энэ нь хуульд нийцэж байгаа нь тогтоогдохгүй байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулийн дагуу гүйцэтгэх ёстой.

2.4. Шүүхийн шийдвэр гарснаас хойш ногоон зоорь объектыг ашигласны төлбөр болох 15,000,000 төгрөгийг манайхаас нэхэмжилж байгаа. Шийдвэр гарснаас хойш хэрхэн ашигласан талаарх баримт хавсаргаж өгөөгүй. Гэм хорын хохирол гэж шаардсан 28,445,684 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ******* ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 28,445,684 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******, *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч *******, *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,178 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох тээш худалдааны төвийн ногоон зоорийг 2018 оны 7, 8, 9 cap хүртэл 3 cap ашигласны төлбөр 15,000,000 төгрөг, 33 дугаар байрны 380 м.кв талбай бүхий дэлгүүрийн байрыг 2018 оны 07 сарын төлбөр 4,940,000 төгрөг гаргуулах шаардлага нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэх үндэслэлд хамаарахгүй, Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэх агуулгаар дүгнэж нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

4.2. Хэрэгт Улсын Дээд шүүхийн 2022 оны 06 сарын 02-ны өдрийн 001/ХТ2022/00685 дугаар тогтоол авагдсан бөгөөд энэхүү тогтоолоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/00907 дугаар шийдвэр авагдсан бөгөөд тус шийдвэрээр Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсгийг үндэслэн хариуцагчаас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг Дээд шүүхээс дүгнэхдээ түрээсийн эрх зүйн харилцааны талаарх зохицуулалт буюу Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн нь оновчгүй гэж дүгнэн маргааны зүйлийн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж хэргийг шийдвэрлүүлэхээр буцаасан байхад тэрхүү үндэслэлээр буюу Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь заалтаар дахин хэрэглэж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг алдагдуулсан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

4.3. Шүүхээс талуудын хооронд үүссэн үүргийн харилцааг зөрчлийн улмаас үүсэх гэм хорын харилцаа биш гэж дүгнэсэнд гомдолтой байна. Бусдын хууль зөрчсөн үйлдлээр учирсан хохирол гэдэгт тухайн этгээдийн эрх зөрчигдсөнөөс түүнийг сэргээн тогтооход гаргах ёстой зардал, хэрэв үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол олж авах ёстой байсан орлого, алдсан ашиг хамаардаг бөгөөд хохирлыг тодорхойлох нь шаардах эрхийн урьдчилсан нэг нөхцөл мөн.

4.4. Өөрөөр хэлбэл талуудын хооронд үүссэн түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсон, уг маргаантай асуудлыг 3 шатны шүүх нэгэнт эцэслэн шийдвэрлэсэн тул хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох 28,445,684 төгрөгийг гаргуулахаар Иргэний хуулийн 227, 229, 497 дугаар зүйлд заасныг үндэслэн шаардах эрхтэй байхад дээрх үндэслэлүүдэд хамаарахгүй гэж шийдвэрлэлээ.

4.5. Талуудын хооронд үүссэн түрээсийн гэрээний харилцаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дуусгавар болсон ба түүнээс хойш бий хохирол тул гэрээний бус үүрэг буюу зөрчлийн улмаас үүссэн үүргийн харилцаа бөгөөд гэм хор учруулснаас үүссэн үүрэг нь зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа болно.

4.6. Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй байдаг тул энэ утгаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй хариуцагчийн буруугаас шалтгаалж, түрээсийн зүйлийн бусдад түрээсэлж олох ёстой байсан орлого, шийдвэрийг албадан гүйцэтгэхэд гарсан зардлыг шаардах эрхтэй.

4.7. Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол нэхэмжлэгч нь дээрх зардлыг гаргаж хохирох ёсгүй байсан. Уг зардлыг нэхэмжлэгч өөрөөсөө гаргаснаар эд хөрөнгөд нь хохирол учирсан гэж үзэж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/05141 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Түрээсийн төлбөртэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацаанд зоорийг түрээсэлж олох байсан орлогыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5.2. Ногоон зоорийг давхар түрээсэлж байсан олон түрээслэгчид байсан бөгөөд тус түрээслэгчдийн барааг зөөх, нүүлгэх гэх мэт асуудлууд үүссэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бидэнтэй ирж уулзан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад шаардагдах хугацаа олгосон. Гэтэл нэхэмжлэгч тал дээрх хугацааг үл хайхарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сайн дураараа явуулсан.

5.3. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахад шаардагдах зардлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжүүлнэ гэж шүүхийн шийдвэрт дурдсан. Гэтэл нэхэмжлэгч тал дээрх зардлыг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

5.4. Мөн хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас гэм хор учирсан байх ёстой ба хариуцагч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан, зөрчсөн гэх баримт хэрэгт авагдаагүй.

Улсын дээд шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсгийг үндэслэн хэргийг шийдвэрлэж болохгүй гэж дүгнээгүй. ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биш тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт олох байсан орлого 19,940,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 8,470,684 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 102/ШШ2018/00011 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 сарын 02-ны өдрийн 588 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 сарын 19-ний өдрийн 001/ХТ2018/01010 дугаар тогтоолоор талуудын хооронд үүссэн Түрээсийн гэрээний маргааныг эцэслэн шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон./1хх-81-84/

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний зүйлийг хөлсийг ******* давхарт байрлах 380 м.кв талбай бүхий дэлгүүрийг 1 сарын 4,940,000 төгрөгөөр, ******* гудамжинд байрлах зоорийг 1 сарын 5,000,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон үйл баримтыг тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

4. Нэхэмжлэгч нь ... Дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд ногооны зоорийг ******* ХХК-ийн өмнө нь түрээсэлж байсан хөлс буюу 5,000,000 төгрөгөөр тооцон 2018 оны 07, 08, 09 саруудад ашигласны төлбөр 15,000,000 төгрөг, 33 дугаар байрны дэлгүүрийн 2018 оны 07 сарын төлбөр нь түрээсийн гэрээний төлбөр буюу 4,940,000 төгрөг, ногооны зоорийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран чөлөөлөхөд гарсан зардал 8,470,684 төгрөг, нийт 28,445,684 төгрөг болно. Иймд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тусгайлан заасан тул хариуцагчаас гэм хорын хохиролд 28,445,684 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч нь ... ******* бол шийдвэр гүйцэтгэх байгууллага биш тул 8,470,684 төгрөгийг зөвшөөрөхгүй, мөн шүүхийн шийдвэр гарснаас хойш хэрхэн ашигласан талаарх баримт хавсаргаж өгөөгүй. Гэм хорын хохирол гэж шаардсан 28,445,684 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан.

 

4.1. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй.

 

4.2. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

4.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 08 сарын 16-ны өдрийн 4/12676 тоот мэдэгдлээр ... ******* давхарт байрлах 380 м.кв талбай бүхий дэлгүүр болон ******* гудамжинд байрлах зоорийг 2018 оны 08 сарын 22-ны өдөр чөлөөлж өгөхийг мэдэгдсэн гэж хариуцагчид мэдэгдэл хүргүүлэх ажиллагааг гүйцэтгэжээ. /1хх-78/

 

4.4. Хариуцагч байгууллагын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ******* нь 2018 оны 09 сарын 20-ны өдөр ... 2018 оны 09 сарын 30-ны дотор багтааж холбогдох хүмүүст ногоог нь хүлээлгэн өгч зоорийг хоосон болгох болно ... гэсэн агуулгатай хүсэлт гаргаж, улмаар 2018 оны 10 сарын 02-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан чөлөөлжээ.

 

4.5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байхыг шаардана.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж үзнэ. Ийнхүү сайн дураар биелүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэгчийн түрээсийн объект нь хариуцагчийн хууль бус эзэмшилд байсан зөрчил үргэлжилж байгаа тохиолдолд түрээсийн мөнгөн хөрөнгөөр буюу олох ёстой байсан орлогоор хохирсон байх тул гэм буруутай үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй.

 

4.6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.

 

Хариуцагч нь бусдын өмчлөлийн хөрөнгийг шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас хойш үнэ төлбөргүйгээр эзэмшиж, ашиглах байдлаар үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй бөгөөд хариуцагч байгууллагын эзэмшил, ашиглалтад байсан 07, 08, 09 сард ашигласны төлбөр 15,000,000 төгрөг, 33 дугаар байрны дэлгүүрийн 2018 оны 07 сарын түрээсийн гэрээний төлбөр буюу 4,940,000 төгрөгийг нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого гэж үзэх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 19,940,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад олгох нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт нийцнэ.

 

5. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 8,470,684 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийн зөв тайлбарлан хэрэглээгүй алдаа гаргасныг залруулна.

 

5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч энэ зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэхэд цагдаагийн байгууллага болон мэргэжлийн бусад байгууллагын туслалцаа авч болно. Туслалцаа авахтай холбоотой гарсан зардлыг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд тооцно.

 

Энэ зохицуулалт нь мэргэжлийн байгууллагын туслалцаа авсан тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд тооцон гаргахаар зохицуулагдсан.

 

5.2. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч байгууллагыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд туслалцаа үзүүлсэн зардлаа гаргуулах талаар шийдвэр гүйцэтгэх байгууллагатай тохиролцсон, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хандсан болох нь тогтоогдохгүй, мөн *******, ******* нь дээрх хуульд заасан мэргэжлийн байгууллагад хамаарахгүй байх тул анхан шатны шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдэл зөв болжээ. Энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/05141 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 19,940,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,470,684 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,178 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 257,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,178 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР