| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 116/2022/0028/З |
| Дугаар | 001/ХТ2025/0114 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2025/0114
Дорнод аймгийн Засаг дарга,
тус аймгийн Газрын харилцаа, барилга,
хот байгуулалтын газарт тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 117/ШШ2025/0008 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2025/0609 дүгээр магадлалтай,
Хэргийн оролцогчид: Хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, өмгөөлөгч Ч.Э нарыг оролцуулан,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 537 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх гэсэн үндэслэлээр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.Хэргийн нөхцөл байдал: “Х” ХХК-иас үл хөдлөх хөрөнгийн доорх газар, орц, гарцын асуудлыг шийдүүлэхээр захиргааны байгууллагад хандсан боловч “.... шүүхийн шийдвэрт барилгын доорх газрын асуудал тусгагдаагүй, танай үл хөдлөх хөрөнгө байгаа газрыг Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны А/400 дугаар захирамжийн 5 дахь заалтаар “Д” ХХК-д олгосон тул бусдын газар дээр орц, гарц гаргах асуудлыг газар эзэмшигчийн санал зөвшөөрөлгүйгээр шийдвэрлэх боломжгүй” гэсэн байна.
3.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс “... хувьчлалаар агуулахын зориулалттай барилгыг худалдан авсан. 1990 оноос хойш ашиглаж байгаа, үл хөдлөх хөрөнгийн холбогдох бичиг баримтыг бүрдүүлээд очиход газрын гэрчилгээгүйгээр үл хөдлөхийн гэрчилгээ өгсөн, 710 м.кв агуулахын үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, гэтэл Газрын алба 2012 онд “Д” ХХК-д 4069 м.кв газрыг эзэмшүүлэхдээ тухайн газар дээр манай өмч байгаа эсэхийг шалгахгүйгээр манай агуулахын доорх газрыг давхцуулж эзэмшүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг тул газрыг эзэмших эрхтэй” гэж,
4.Хариуцагч нараас “... үл хөдлөх хөрөнгийн газрын асуудлыг эзэмшигчийн зөвшөөрөлгүй шийдэх боломжгүй, барилгын доорх газар нь кадастрын нэгдсэн системд бүртгэгдээгүй, “Х” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2005 онд авахдаа ямар газрын материал үндэслэж авсан нь тодорхойгүй, үл хөдлөх хөрөнгийнхөө доорх газрыг авах хүсэлт гаргаж байгаагүй, газрын кадастрын мэдээллийн санд тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн доорх газар “Д” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, эрх бүхий Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлээгүй тохиолдолд газрын хэмжээг байршил, заагийг тогтоох орох, гарах гарцтай кадастрын зураглал олгох боломжгүй...” гэж,
5.Гуравдагч этгээдээс “... нэхэмжлэгчээс шүүх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж тогтоосон гэж яриад байгаа болохоос өөр баримт байхгүй, харин “Д” ХХК нь анхнаасаа 1997 оны 280 тоот захирамжаар эзэмшиж байсан, захирамжийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа нь үндэслэлгүй, манайд газар эзэмшүүлсэн захирамжуудын аль аль нь “Х” ХХК-ийн эрх ашгийг зөрчөөгүй, 1992 онд Дорнод барилгын бүх зүйлийг “Д” ХХК-д шилжүүлээд 1997 оноос бичиг баримтаа бүрдүүлсэн, 2012 онд шинэчлэн олгосон, газрын ямар нэгэн давхцал байхгүй” гэж тус тус маргасан.
6.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн:
6.1.Нэхэмжлэгч “Х” ХХК нь үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 710 м.кв талбай бүхий агуулахын хууль ёсны өмчлөгч мөн боловч уг агуулахын доорх газрын эзэмших эрхийг анх хувьчлалаар шилжүүлж аваагүй, мөн маргаан бүхий акт гарах хугацаанд үйлчилж байсан 1994, 2002 оны Газрын тухай хуулиудад зааснаар газар эзэмших хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаж, эзэмших эрхээ баталгаажуулаагүй.
6.2.Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 710 м.кв талбай бүхий агуулахын доорх газарт хуульд заасны дагуу газар эзэмших эрх үүсээгүй байна. Харин маргаан бүхий актын хувьд хариуцагч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Д” ХХК-д 4069 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон тул захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхгүй.
6.3.Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зааснаар үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзлаа.
7.Давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн:
7.2.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон захиргааны акт болох Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны А/400 дугаар захирамж байх бөгөөд тухайн үед уг захирамжийг гаргахдаа хариуцагч хууль зөрчсөн, илэрхий алдаатай шийдвэр гаргасан гэж маргаж байгаа эсэх, эсхүл сүүлд бий болсон үйл баримт болох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 77 дугаар магадлалаар газар дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон тул гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн 2012 оны А/400 дугаар захирамж илт хууль бус гэж маргаж байгаа эсэх нь агуулга, үндэслэлийн хувьд эрс тэс ялгаатай байхад шүүх нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлийг бүрэн тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх хууль зүйн үүрэгтэйг анхаараагүй нь учир дутагдалтай байна.
7.3.Мөн нэхэмжлэлд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг шүүхээр даалгуулах хууль зүйн үндэслэл, хариуцагчийн ямар хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрэн тодорхойлогдоогүй байхад эдгээрийг тодруулалгүйгээр шүүх хэргийг шийдвэрлэсэн.
7.4.Харин хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас шүүхэд гаргасан тайлбартаа удаа дараа ... нэхэмжлэгч нь Засаг даргад ямар ч хүсэлт гаргаагүй ... гэх тайлбарыг гаргаж маргасан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн зүгээс газрыг орох, гарах гарцтай нь “Д” ХХК-ийн контор, агуулахыг зориулалттай 4069 м.кв газраас хасаж өөрчлөн өөртөө захирамж гаргуулахаар хүсэлт гарган хандаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх баримт байгаа эсэхийг шүүх нэг мөр эцэслэн тодруулаагүй байна.
7.5.Гэтэл анхан шатны шүүхээс дээрх захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэж одоо маргаж буй даалгах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан ... маргаан бүхий актад хууль зөрчсөн, илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ тохиолдолд дээрх нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүйгээс гадна уг нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар дүгнэж шийдвэрлэсэн Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа ... гэж дүгнэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь ойлгомжгүй, ийнхүү татгалзахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан аль үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан болох нь тодорхойгүй,
7.7.Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 319 дүгээр магадлалд ... маргаан бүхий объектыг болон газрыг нэхэмжлэгч хэзээ хэрхэн ямар шийдвэрээр олж авсан буюу хууль ёсны өмчлөгч мөн эсэхийг тодруулаагүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, ... нэхэмжлэгч нь өмч хувьчлалаар тус газрыг эзэмшсэн эсэх, хууль ёсоор газар эзэмших эрхтэй эсэх талаарх баримтуудыг цуглуулсны эцэст дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байтал энэ талаарх баримтыг цуглуулах ... гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүхээс магадлалд заасан ажиллагааг хийж, холбогдох баримтыг цуглуулж, хууль зүйн дүгнэлт өгөх үүргээ гүйцэтгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна..
8.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
8.1.Анхан шатны шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчид, тэр дундаа нэхэмжлэлийн шаардлагаа маш сайн тодорхой болгох талаас олон асуулт асууж чиглүүлсэн, гуравдагч этгээдээр оролцож байгаа “Д” ХХК нь гомдолтой байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон учир гомдол гаргаагүй.
8.2.Илт хууль бусаар тооцуулах гээд байгаа Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамж нь газар эзэмших гэрчилгээг шинээр биш шинэчлэх тухай захиргааны акт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д хамаарахгүй.
8.3.Цаг хугацаанд нь хууль ёсоор бичиг баримтаа бүрдүүлж үл хөдлөхийн гэрчилгээ болоод газар эзэмших зөвшөөрлөө дүрэм журмын дагуу авсан “Д” ХХК-ийн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгааг нь буруутгасан мэт үйлдэл болоод байна.
8.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... “Х” ХХК нь 2005 онд агуулахын барилгаа бүртгүүлэхдээ өөр газрын эзэмших эрхийн гэрчилгээг хавсаргаад бүртгүүлсэн байдаг. Тухайн газрыг “Х” ХХК-иас эзэмшсэн баримт байхгүй. Мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Засаг даргын захирамж гарсны дараа тухайн газрын байршил заагийг зааж өгдөг биш, эхлээд энэ ажиллагаа явагдсаны үндсэн дээр Засаг даргын захирамж гардаг. Гэтэл захирамж гарсны дараа Газрын албанаас зааж өгсөн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны захирамж нь Хэрлэн сумын Засаг даргын 1997 онд олгосон газрын эзэмших эрхийг шинэчлэн олгосон захирамж юм. Анхнаасаа шинээр газар олгосон зүйл биш” гэж тайлбарт давж заалдах шатны шүүхээс бодитой хууль зүйн дүгнэлт өгөөгүй.
8.5.Нэхэмжлэгч “Х” ХХК нь огт өөр байршил, координат дахь өөрийн эзэмшлийн газрын бичиг баримт дээр үндэслэн үл хөдлөхийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан үйл баримт нь хууль хэрэглээний зөрчилтэй, Газрын тухай хуулийг зөрчсөн, Улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн эсэх асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс буруутгасан хууль зүйн дүгнэлт хийсэн гомдолтой байна.
8.6.Өөр байршилд байх газрын бичиг баримтыг ашиглан үл хөдлөхийн гэрчилгээ авах баримтын бүрдүүлбэр хийсэн талаарх дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9.Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж зааснаар давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан баримтыг бүхэлд нь, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн шийдвэрлэх чиг үүрэгтэй, энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс энэ чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, маргааны үйл баримтад ач холбогдолгүй үндэслэл зааж, өөрөө дүгнэн шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, процессын хэмнэлттэй байх зарчимд нийцэхгүй байна.
11.Тухайлбал, давж заалдах шатны шүүхийн “… нэхэмжлэгчээс ... бусдын үл хөдлөх хөрөнгө уг хүсэлт гаргасан газарт нь байрлаж байгаа эсэхийг нягтлан шалгалгүйгээр газар эзэмших эрх олгосон гэсэн үндэслэлээр маргаж байгаа эсэх, эсхүл ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 77 дугаар магадлалаар нэхэмжлэгч компанид өмчлөх эрх бий болсон тул уг шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий актыг шүүх илт хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй ... гэж маргаж байгаа эсэх нь ойлгомжгүй байна” гэх дүгнэлт нь хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах, маргааны үйл баримтад шууд нөлөөлөх, заавал тодруулах үндэслэл биш юм.
12.Түүнчлэн “... Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны А/400 дугаар захирамж байх бөгөөд тухайн үед уг захирамжийг гаргахдаа хариуцагч хууль зөрчсөн, илэрхий алдаатай шийдвэр гаргасан гэж маргаж байгаа эсэх, эсхүл сүүлд бий болсон үйл баримт болох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 77 дугаар магадлалаар газар дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон тул гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн 2012 оны А/400 дугаар захирамж илт хууль бус гэж маргаж байгаа эсэх нь агуулга, үндэслэлийн хувьд эрс тэс ялгаатай байхад шүүх нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлийг бүрэн тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх хууль зүйн үүрэгтэйг анхаараагүй нь учир дутагдалтай” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийг зайлшгүй буцаах үндэслэл болж чадахгүй.
13.Мөн давж заалдах шатны шүүхийн “хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас шүүхэд гаргасан тайлбартаа удаа дараа ... нэхэмжлэгч нь Засаг даргад ямар ч хүсэлт гаргаагүй ... гэх тайлбарыг гаргаж маргасан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн зүгээс газрыг орох, гарах гарцтай нь “Д” ХХК-ийн контор, агуулахыг зориулалттай 4069 м.кв газраас хасаж өөрчлөн өөртөө захирамж гаргуулахаар хүсэлт гарган хандаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх баримт байгаа эсэхийг шүүх нэг мөр эцэслэн тодруулаагүй” гэх дүгнэлт үндэслэлгүй, шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэн шийдвэрлэх бүрэн боломжтой байсан, өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхээс нэгэнт дүгнэсэн асуудлаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь үндэслэлгүй байна.
14.“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр хянан хэлэлцэж, “... “Х” ХХК-ийн өмчлөлд хивсний үйлдвэрийн урд талд байршилд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 710 м.кв талбай бүхий складыг бүртгэсэн 2005 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Ү-******** дугаартай улсын бүртгэл, ******** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн гаргасан “Д” ХХК-д олгосон улсын бүртгэлийн Ү-******** тоот гэрчилгээнд өөрчлөлт оруулан 1209.88 м.кв-аас 710 м.кв-ыг хасаж 499.88 м.кв талбай болгон өөрчлөн бүртгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэж байсныг,
15.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 77 дугаар магадлалаар “... Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэснийг ““Д” ХХК-д олгосон улсын бүртгэлийн Ү-********** тоот гэрчилгээнд өөрчлөлт оруулан тоосгон агуулахын 1209.88 м.кв-аас 710 м.кв-ыг хасаж 499.88 м.кв талбайтай болгон өөрчлөн бүртгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, уг магадлалд “Д” ХХК-иас хяналтын гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 180 дугаар тогтоолоор хяналтын шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.
16.Энэхүү магадлалд “... “Х” ХХК нь маргаан бүхий 710 м.кв складыг 1990 оноос хойш барилгын материал хадгалан, бусдад түрээслэх болон зээлийн барьцаанд барьцаалуулах байдлаар өмчлөх эрхээ хэрэгжүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, уг үйл баримттай нэхэмжлэгч өмнө нь маргаж байгаагүй, гуравдагч этгээд “Х” ХХК маргаан бүхий объектыг хэрхэн захиран зарцуулж байсныг нэхэмжлэгч “Д” ХХК мэдэж байсан, 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ********** дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд 6 объект гэж дурдсан боловч маргаан бүхий 710 м.кв склад уг 6 объектод хамаарахааргүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нэгэнт тогтоогдсон, нэхэмжлэгчийн маргаан бүхий складыг өмчлөх эрх “Х” ХХК-ийн өмчлөх эрхийн бүртгэлийг хийлгэснээс хойш үүссэн, хариуцагч байгууллагаас Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009 он)-ийн 11 дүгээр зүйлд заасан нягтлан шалгах үүргээ биелүүлээгүйгээс “Д” ХХК-д давхардсан бүртгэл хийсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна” гэж дүгнэж байжээ.
17.Өмнө нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 319 дүгээр магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс “... магадлалд заасан ажиллагааг хийж, холбогдох нотлох баримтыг цуглуулж, хууль зүйн дүгнэлт өгөх үүргээ гүйцэтгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй” гэж дахин хэргийг буцаахдаа анхан шатны шүүхийн дүгнэлт, хэрэгт авагдсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт хийгээгүй атлаа “... маргаан бүхий объектыг болон газрыг нэхэмжлэгч хэзээ хэрхэн ямар шийдвэрээр олж авсан буюу хууль ёсны өмчлөгч мөн эсэхийг тодруулаагүй, нэхэмжлэгч нь өмч хувьчлалаар тус газрыг эзэмшсэн эсэх, хууль ёсоор газар эзэмших эрхтэй эсэх” гэж дүгнэсэн нь буруу болжээ.
18.Давж заалдах шатны шүүхээс “... Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 127/ШШ2020/0003 дугаар шийдвэрээр “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүх ямар үндэслэлээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн талаар мөн дүгнэлт хийх шаардлагатай гэх дүгнэлттэй холбогдуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилд хамаарч байна” гэж дүгнэсэн буруу бөгөөд холбогдох шүүхийн шийдвэрийг маргааны үйл баримтад холбогдуулан давж заалдах шатны шүүхээс эцэслэн дүгнэх бүрэн боломжтой.
19.2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Д” ХХК нь Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан, энэ хэрэг өмнө нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 629 дүгээр магадлал, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 439 дүгээр магадлалаар тус тус дахин хэлэлцүүлэхээр хоёр удаа буцааж байсан буюу 710 мкв агуулахын барилгын хүрээнд нэхэмжлэгч, гуравдагч нар солигдож, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөж, 2 удаа, нийтдээ 4 удаа хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байсныг давж заалдах шатны шүүхээс анхаараагүй байна.
20.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан аль үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг тодорхой заагаагүй буруутай боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөх ноцтой зөрчил биш, давж заалдах шатны шүүхээс залруулж болох зөрчил байна.
21.Гуравдагч этгээдийн “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэх гомдлыг хангах үндэслэлгүй, учир нь давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар эцэслэн дүгнэж, эрх зүйн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийг хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох дүгнэлт хийгээгүй тул хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, харин магадлалыг хүчингүй болгох гомдлыг хангах үндэслэлтэй.
22.Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан боловч хариуцагчтай ижил ашиг сонирхол бүхий Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд оролцож байгаа тул тайлбар гаргах бүрэн боломжтой, нөгөө талаас хэргийг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан” эсэх үндэслэлээр хүлээн авсан, хууль хэрэглээний дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх агуулгаар гуравдагч этгээдийн хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлээгүй тул уг хүсэлтийг хангахгүй орхив.
23.Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2025/0609 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ