Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 26

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн иргэн З.Гэрэлийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалын З.Гэрэлд холбогдох заалтыг хүчингүй болгон, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж цалин хассаныг, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө ажиллаж байсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгах, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоог батлах тухай” А/58 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

 

  Шүүх хуралдаанд: Хариуцагч аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Балжинням, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч З.Гэрэл шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зоригтбаатар овогтой Гэрэл миний бие нь 2013 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс / хуучин нэршлээр/ одоогийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт зохион байгуулагчаар, 2014 онд төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцэн дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа байгууллагын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээ жил бүр А үнэлгээтэй дүгнүүлж үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Гэтэл Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/285 дугаар тушаалаар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Балжинням томилогдсон. Томилогдсон цагаасаа хойш өмнөх даргатай төрийн албаны маргаантай асуудлаа ажилчдад хамааруулж, намайг дайрч доромжилж, ажлаас гарах өргөдлөө өг хэмээн удаа дараа шаардаж, миний чиг үүргийн ажлыг надаар гүйцэтгүүлэлгүй өөр хүнээр хийлгэх зэргээр дарамт шахалт үзүүлж байсан. Энэ байдлыг нь албан хаагчдын зүгээс шүүмжилж төрийн албаны ажилд гадны хүн оролцуулахгүй байх, тус тусын хариуцсан чиг үүргээ хуулийн дагуу гүйцэтгэж ажиллах талаар тавьсан шаардлагыг үл ойшоож манай намын бодлого учраас та нарт хамаагүй, бид бодлогоо хэрэгжүүлж, багаа бүрдүүлнэ гэх зэргээр хүлээн авдаггүй байсан. 

Улмаар эрх мэдлээ урвуулан ашиглаж хувийн өш хонзон санаж үндэслэлгүйгээр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, цалин хасаж, улмаар 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалаар ажлаас хууль бусаар чөлөөлсний улмаас миний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна. 

Учир нь О.Балжинням нь Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан “төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн нам эвслийн үйл ажиллагаанд оролцохгүй байх”, 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл “аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуй нэгж, нам, олон нийтийн байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх” гэж заасныг, “Ашиг сонирхлын тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “ албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал, давхар эрхлэхийг хориглоно” гэж заасныг, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “ төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг тус тус зөрчин томилогдсон бөгөөд энэ нь Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 05/2354 тоот албан бичгээр баталгаажиж байгаа тул бүтцийн өөрчлөлт хийж албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, томилох эрхгүй гэж үзэж байна. 

Мөн түүнчлэн дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4, 26.4, 26.5 дахь заалтуудыг зөрчсөн бөгөөд миний хариуцан ажиллаж байсан мэргэжилтний албан тушаал, ажлын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа болно. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн дагуу миний бие тус албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байна. 

Иймд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалын З.Гэрэлд холбогдох заалтыг хүчингүй болгон, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж цалин хассаныг, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө ажиллаж байсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж намайг хохиролгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ. 

 

Нэхэмжлэгч З.Гэрэл 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоог батлах тухай” А/58 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна. Тус захиргааны актын 1 дэх хэсгээр манай байгууллагын бүтцийг шинэчлэн баталж, 3 дахь хэсгээр бүтэц баталсан өмнөх захирамжийг хүчингүй болгосон. Ингэхдээ миний ажиллаж байсан орон тоог хасч шийдвэрлэсэн учир намайг ажлаас халах үндэслэл бий болж миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа.  

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь өөрийн хуулиар тогтоосон чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан бол тус акт нь илт хууль бус захиргааны акт болдог байна. Аймгийн Засаг даргад манай байгууллагын бүтцийг батлах бүрэн эрх хуулиар олгогдоогүй учир дээрх захиргааны акт нь илт хууль бус захиргааны акт байна. 

Аймгийн Засаг дарга нь дээрх захиргааны актыг батлан гаргахдаа Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2.12 дахь хэсгийг үндэслэсэн байх бөгөөд хуулийн тус хэсэгт төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн тогтоох бүрэн эрхтэй талаар заасан байна. Гэвч Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллага биш юм. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүн нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, даргыг томилж чөлөөлөх бүрэн эрхтэй юм. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний ажил эрхэлнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна” гэж заасан бөгөөд хуулийн 20 дугаар зүйлийн 5.8 дахь хэсэгт зааснаар Хүүхэд залуучууд, гэр бүлийн хөгжлийн асуудал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудалд хамаарах юм. Иймд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтын дагуу манай байгууллагын бүтцийг батлах нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын бүрэн эрх юм. 

Энэ талаар нарийвчилсан зохицуулалтыг авч үзвэл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183.1 дэх хэсэгт “Засгийн газар нь үйл ажиллагааныхаа зохих хүрээ, салбарт тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн бүдүүвчийн дагуу байгуулан ажиллуулж болно” гэж, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу тухайн үйл ажиллагааны зохих хүрээ, ерөнхий сайд, сайдын саналыг үндэслэн Засгийн газар байгуулна” гэж тус тус заасан байх бөгөөд хуулийн тус заалтуудын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолоор Засгийн газрын агентлагуудыг тус тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б/285 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтыг үндэслэн аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар О.Балжиннямыг томилсон нь манай байгууллага сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага болохын нотолгоо, илрэл юм. 

Манай байгууллага нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллага бус, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллага тул аймгийн Засаг дарга байгууллагын бүтцийг тогтоосон нь илт хууль бус байх тул тус захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Балжинням шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Очирбат овогтой Балжинням миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/285 дугаар тушаалаар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Тус тушаал гарсантай холбогдон 2016 оны 12 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын томилсон ажил хүлээлцүүлэх комисс Гэр бүл, хүүхэд залуучуудын газар очсон боловч дарга өвчтэй, амралттай гэх шалтгааны улмаас ажил хүлээлцэж чадаагүй буцсан. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Мандахнар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга н.Баасандорж, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Баянмөнх нарын бүрэлдэхүүнтэй Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын өрөөнд орж н.Мандахнар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалыг ажилчдад танилцуулан ажил үүргээ гүйцэтгэхийг надад даалгасан. 

Үдийн цайгаа уучихаад ажилдаа иртэл дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн З.Гэрэл нь даргын өрөөний хаалгыг цоожлоод түлхүүрийг нь авч явсан байсан. Утас руу нь залгаж түлхүүр авъя гэхэд би ажилтай байна гээд утсаа салгасан. Дахин 20 гаруй удаа залгасан боловч утсаа аваагүй, тэр өдөр ажилдаа ирэлгүй ажлаа тасалсан. Би 18 цаг өнгөртөл өрөөний үүд сахиж сууж байгаад тайлбар бичиж тэнд байсан ажилчдаар гарын үсэг зуруулаад явсан. 

З.Гэрэл нь яамны томилгоотой төрийн албан хаагчдыг утасны цаанаас хэл амаар доромжлох, дээд албан тушаалтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн ажлын байранд бичлэг хийж дарамтлах зэрэгт нь хариу үйлдэл үзүүлэхгүй болохоор уурлаж цаас шидэх, хэл амаар доромжлох зэргээр бах таваа хангаж төрийн албан хаагчийн ёс зүйд үл нийцэх үйлдлийг удаа дараа гаргаж байсан. З.Гэрэлтэй хамтарч ажиллах гэж авир араншин болгоныг нь тэвчиж хүлээгээд болохгүй болохоор нь 2017 оны 01 дүгээр сарын 23-нд Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны хууль, байгууллагын дотоод журам зөрчсөн дээрх үйлдэлд нь хууль ёсны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан болно. 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 тоот тогтоолоор хуучнаар Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтэс нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болж гэр бүл залуучуудын хөгжлийн асуудлыг хүүхдийн хөгжил хамгаалалтай хамтад нь шийдвэрлэх, төрөөс хүн амын бүлгийн асуудлыг цогцоор нь авч үзэх бодлогын томоохон өөрчлөлт хийсэн. Ингээд тус хэлтэс нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болж өөрчлөгдсөнтэй холбоотой цаашид бүтэц орон тоо шинэчлэн батлах, төсөв хөрөнгө нэмэгдүүлэхгүйгээр хэмнэлтийн горимд ажиллах, эрх зүйч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч мэргэжилтэй боловсон хүчин ажиллуулах, байгууллагын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан ажлын байрны тодорхойлолтод заагдсан мэргэжлийн боловсон хүчин ажиллуулах шаардлага бий болсон. 

Учир нь манай байгууллага нь сум, баг, айл өрх бүрт хууль сурталчилах, эрх нь зөрчигдсөн хүмүүст үйлчилгээ үзүүлэх, хамгаалах зэрэг үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан мэдээллийн баазыг бий болгох, дүрсэд хөдөлгөөн оруулж, ухуулга сурталчилгаа хийх, орчин үеийн мэдээллийн хэрэгсэл ашиглан мэдээллийг шуурхай хурдан түгээх зэрэг хэрэгцээ шаардлагын улмаас мэргэжлийн программист ажиллуулах шаардлагаар программистад бичиг хэргийн ажлыг хавсран гүйцэтгүүлэх болсон. 

З.Гэрэл нь ажлаас чөлөөлөх тушаал гармагц байгууллагын өмч болох албан бичиг баримтыг хууль бусаар авч явсан, өөрийн ажил үүргийн хувьд хэрэглэж байсан компьютер доторх бүх мэдээллийг мөн 200.000 төгрөгийн үнэ бүхий архивын программыг устгаж төрийн албан хаагчдын хувийн хэрэг, үр дүнгийн гэрээг зөвшөөрөлгүйгээр авч яван өөрийн мэдэлд байлгасаар байгаа ба албан байгууллагад тагнах, чагнах төхөөрөмж тавьсан тухай интернэт орчинд мэдээлэл тавьсан зэрэг нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, зарчмыг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. 

Сүлжээ, бичиг хэргийн ажилтнаар томилогдсон хүн нь программист давхар сэтгэл зүйч мэргэжилтэй хүн байгаа. З.Гэрэл бол Төрийн захиргааны ажилтан гэсэн мэргэжилтэй хүн. Манай байгууллагад энэ мэргэжил ач холбогдолгүй, онцын шаардлагагүй гэж үзсэн. Үүний дагуу З.Гэрэлийг ажлаас нь чөлөөлж, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэр гаргасан. Байгууллагын төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа болохоор 3 сарын тэтгэмжийг нь олгож чадаагүй байгаа.

Нэхэмжлэгч өнөөдөр Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн ирүүлж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа:

  1. О.Балжинням нь хуулийн дагуу Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар томилогдсон. Томилсон тушаалаар О.Балжиннямд байгууллагын даргын эрх, үүргийг хүлээлгэсэн байдаг. Энэ эрх, үүргийн дагуу З.Гэрэлд сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий субъект мөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч З.Гэрэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4, байгууллагын  дотоод журмын 3.1.5, 9.1а дахь заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл гаргасан. Энэ зөрчилд нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. 

Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан цалин олгохоор зохицуулсан байгаа. Үүний дагуу байгууллагын нягтлан бодогч З.Гэрэлийн ажил тасалсан хоногийн цалинг хасаж бодсон. 

Төрийн жинхэнэ албан хаагч хууль дээдлэх, хуулийг сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүйн дээр Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасан “ажил хаялт болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох” гэсэн хориглосон заалтуудыг зөрчсөн. Иймээс “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

2. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэж заасан байдаг. Үүний дагуу захиргааны байгууллага өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ дагуу З.Гэрэлийг ажлаас чөлөөлсөн. Энэ шийдвэрийг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явагдсан. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэж байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хийсэн байгууллагын ажилчдын хурал дээр бүтэц хийхтэй холбоотойгоор санал хүсэлтээ албан ёсоор бичгээр өгөхийг хэлсэн байдаг. Ингээд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр З.Гэрэлийг ажлаас чөлөөлөх тушаалыг эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан.

Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу орон тоо хасагдсан гэж үзэж байна. Ингээд ажлаас чөлөөлөгдсөн учраас 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгох баталгааг сонгосон байдаг. 

Хариуцагчийг Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь заалтыг зөрчсөн гэдэг асуудал ярьдаг. Хариуцагч нам, эвслийн дотоод ажилд оролцохгүй гэсэн хүсэлтээ аймгийн Засаг дарга болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бичгээр гаргаж үүргээ биелүүлсэн байдаг. 

3. Нэхэмжлэгч аймгийн Засаг даргын А/58 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Энэ асуудал бол анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээр шийдэгдсэн асуудал гэж үзэж байна. Аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд бүтэц, орон тоог баталсан болохоос төсөв батлаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Гэрэл “Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулж, үндэслэлгүйгээр цалин хассан, ажлаас чөлөөлснийг тогтоож, өмнө нь ажиллаж байсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж ирүүлжээ. 

 

Нэхэмжлэгч З.Гэрэл нь “нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ ихэсгэсэнтэй холбоотойгоор шүүхээс нэхэмжлэлийг аймгийн Засаг даргад гардуулах ажиллагаа хийж, тайлбар авах, хэрвээ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэвэл гомдол гаргах боломжоор хангах, түүнчлэн өөрөө Улаанбаатар хотод ажилтай, шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа зэргийг харгалзан шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргажээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс “Шүүх хуралдаан 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр товлогдсон боловч хариуцагчаас шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаж шүүх хуралдаан 6 хоногийн хугацаагаар хойшилсон. Ингэхдээ шүүгч нэхэмжлэгч болон хариуцагч талуудыг байлцуулж шүүх хуралдааныг ямар хугацаагаар хойшлуулах талаар саналыг нь сонсож байгаад шийдсэн. Нэхэмжлэгчээс гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийн үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаан биш” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна. 

 

Тодруулбал, нэхэмжлэгч З.Гэрэл нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “удаан хугацаагаар гадаад явах болсон тул шүүх хуралдааныг ойрын хугацаанд хуралдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан, шүүхээс шүүх хуралдааныг ямар хугацаагаар хойшлуулах талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын саналыг сонсож тэдгээрийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, тайлбар гаргах эрхийг нь хангаж, боломжит хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан, шүүх хуралдааны тов мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч өөрөө гардаж авсан зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийн үндэслэлийг “хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтсон, байгалийн гамшиг тохиолдсон, албан томилолтоор явсан зэрэг өөрөөс үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаан” бий болсон гэж үзэх үндэслэлгүй байна. 

 

Нэхэмжлэлд  2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгаж энэ хугацаа дуусч байгаа, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан, өөрөө шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн нь Улаанбаатар хотоос ирж шүүх хуралдаанд оролцдог зэргийг харгалзан хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно. 

 

1. Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж,  үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, цалин хассаныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

 

Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.1, “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.4.4, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дотоод журмын 3.1.5, 9.1а заалтыг тус тус үндэслэн Дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн З.Гэрэлд “төрийн ажил цалгардуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/285 тоот тушаалыг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, ажил хүлээлцэхэд саад учруулан 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажил тасалсан” үндэслэлээр “сануулах” сахилгын шийтгэл ногдуулжээ. 

 

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/285 дугаар тушаалаар О.Балжиннямыг Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн томилжээ.

 

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “... 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр сайдын тушаал гарч намайг аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд 12 дугаар сарын 23-ны өдөр төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Мандахнар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Баасандорж, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Баянмөнх нарын бүрэлдэхүүнтэй Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт очиж сайдын тушаалыг ажилчдад танилцуулан, ажил үүргээ гүйцэтгэхийг надад даалгаад явсан. Үдийн цайгаа уучихаад ажилдаа иртэл дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн З.Гэрэл нь даргын өрөөний хаалгыг цоожлоод түлхүүрийг нь авч явсан байсан. Утас руу нь залгаж түлхүүр авъя гэхэд би ажилтай байна гээд утсаа салгасан. Дахин 20 гаруй удаа залгасан боловч утсаа аваагүй, тэр өдөр ажилдаа ирэлгүй ажлаа тасалсан. Би 18 цаг өнгөртөл өрөөний үүд сахиж сууж байгаад тайлбар бичиж тэнд байсан ажилчдаар гарын үсэг зуруулаад явсан. Намайг хэл амаар доромжлох, бичиг цаас шидлэх гэх мэтээр төрийн албан хаагчийн ёс зүйд үл нийцэх үйлдлийг удаа дараа гаргаж байсан учраас сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ...” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Төрийн жинхэнэ албан хаагч З.Гэрэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4-т заасан “захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх” ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх, байгууллагын дотоод журмын 3.1.5-д заасан “Ажлын цагийн хуваарийг чанд мөрдөх,  ... ” үүрэгтэй байтал аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон О.Балжиннямыг хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж, 2017 оны 12 дугаар сарын 23-нд албан өрөөнийх нь хаалгыг түгжин явж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 4 цаг ажил тасалж, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн үйлдсэн тэмдэглэл /хх-ийн 165-рт/, З.Гэрэлийн 2016 оны 12 дугаар сарын ажлын цагийн бүртгэлээр /хх-ийн 120-рт/ нотлогдож байна. 

 

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасны дагуу аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга нь тухайн байгууллагын албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй бөгөөд З.Гэрэлийн гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан түүнд “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна. 

 

Байгууллагын дотоод журмын 5.4-т “Ажлын цагийн бүртгэл, сарын мэдээг тухайн сарын 28-ны дотор санхүүд гаргаж өгөх ба ажилтны цалинтай тооцож байна. Цагийн бүртгэлийг буруу хөтлөх, ажилтны ажиллаагүй хоногт цалин бодож өгөх, зүй зохисгүй үйлдлийг хаацайлахыг хориглоно”, 9.2б-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас хожимдсон, ажил тасалсныг ноцтой зөрчилд хамааруулахаар заасан ба ажил тасалсан, хожимдсон минутыг нийлүүлэн тооцож 30-аас дээш минутыг 1 цагт дэвшүүлэн, энэ цагт нь ногдох хөлсийг цалингаас суутган тооцно” гэж заасны дагуу З.Гэрэлийн 2017 оны 12 дугаар сарын 23-нд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 4 цаг ажил тасалсныг байгууллагын дотоод журмын 9.2б-д зааснаар тооцож 8 цаг буюу ажлын 1 өдрийн цалин 24.547 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын цалингаас нь хасч тооцсоныг буруутгах боломжгүй юм.

 

Түүнчлэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан зөрчилд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гаргасан нь сахилгын зөрчлийг илрүүлсэн буюу сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий албан тушаалтан олж мэдсэнээс хойш 1 сарын дотор байгаа учир сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй, мөн хэрэгт авагдсан баримтаар нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулж ногдуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5-д заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. 

 

Иймд З.Гэрэлд “сануулах” сахилгын шийтгэл ногдуулж, түүний ажил тасалсан 1 өдрийн цалинг хасаж олгосон нь хууль зөрчөөгүй байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

2. Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь ажиллаж байсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

 

Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Засгийн газрын 2011 оны 62, 2016 оны 9 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжийг тус тус үндэслэн “байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын чиг үүрэг, хамрах хүрээ, ажлын байранд тавигдах шаардлага өөрчлөгдөж “Дотоод ажил, бичиг хэрэг” гэсэн орон тоо хасагдсан” гэсэн үндэслэлээр уг орон тоонд ажиллаж байсан З.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ. 

 

З.Гэрэл нь Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар тус хэлтсийн Дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан ба үүрэгт ажлаас нь чөлөөлсөн аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар “... Аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжаар батлагдсан бүтцэд миний хариуцан ажиллаж байсан мэргэжилтний албан тушаал, ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа учраас намайг үргэлжлүүлэн томилж ажиллуулах ёстой ...” хэмээн маргаж байна. 

 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно.” гэж заажээ. 

 

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино” гэжээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байсан Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болгон өөрчилсөнтэй холбогдуулж Сүхбаатар аймгийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжаар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоог баталжээ. 

 

Шинээр батлагдсан бүтэц, орон тоонд нэхэмжлэгч З.Гэрэлийн ажиллаж байсан албан тушаалын нэр өөрчлөгдөж, төрөөс баримталж буй бодлого шийдвэр, бодлогын баримт бичиг, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх чиг үүрэг нь хасагдаж, өмнө хэрэгжүүлж байсан чиг үүрэг дээр байгууллагын дотоод сүлжээ хариуцан ажиллах чиг үүрэг нэмэгдэн, байгууллагын бичиг баримтыг стандартын дагуу хөтлөн боловсруулах, архивлах, мэдээлэл судалгаа гаргах, хүүхдийн мэдээллийн нэгдсэн судалгааг хариуцах зэрэг үндсэн чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн болох нь Дотоод ажил, судалгаа, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтний 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолт болон Сүлжээний ажилтан, бичиг хэргийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан үзэхэд тодорхой харагдаж байна. 

 

Ийнхүү Дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг шинээр батлагдсан орон тоонд хэвээр хадгалагдан үлдсэн, уг ажлын байр хасагдаагүй, түүнчлэн байгууллагын орон тоо цөөрөөгүй харин ч нэмэгдсэн байхад хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “ ... төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ...” гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаж, нэхэмжлэгчийг Сүлжээний ажилтан, бичиг хэргийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах ёстой байтал үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний хөдөлмөрлөх, төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг нь зөрчсөн шийдвэрийг гаргажээ.  

 

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор баталсан Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолт боловсруулах зааврын 4-т “Ажлын байрны тодорхойлолтыг ажил эрхлэгчид тохируулах бус, тухайн байгууллагын зорилт, чиг үүргийг үр ашиг, үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай нийцүүлэн ажлын байрны шинжилгээ, үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулна.”, 7-д “Тухайн байгууллага, нэгжийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, тэдгээрт тусгагдсан зорилт, чиг үүрэг өөрчлөгдсөн тохиолдолд ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, зохих журмын дагуу баталж мөрдүүлнэ.”, Хоёрын Д-гийн 1.г-д “... Ажилтан шинээр авах ажлын байранд шинжилгээ хийж, ажлын байрны тодорхойлолт, түүнд тавигдах шаардлагыг шинэчлэн боловсруулсан байна. Шинээр орон тоо бий болсон тохиолдолд ажлын байрны тодорхойлолтыг шинээр боловсруулж баталгаажуулна.” гэжээ. 

 

Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болж, байгууллагын бүтэц, орон тоо нь  шинэчлэн батлагдсан боловч гэр бүл, залуучуудын хөгжил, төлөвшил, тогтвортой байдлыг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах болон хүүхдийн эрх хөгжил, хамгааллын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилтийг хангах гэсэн байгууллагын үндсэн үйл ажиллагаа, чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй байна. 

 

Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлтэй Дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн энэ тохиолдолд Сүлжээний ажилтан, бичиг хэргийн албан тушаалыг шинэ орон тоо гэж үзэх эрх зүйн орчин үүсэхгүй бөгөөд ажлын байрны тодорхойлолтыг төрийн үйлчилгээний албан хаагчийн ангилал, зэрэглэлээр баталж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэлээ болгож байгаа нь үндэслэлгүй байна. 

 

Иймээс “... Сүлжээний ажилтан, бичиг хэрэг гэсэн төрийн үйлчилгээний албан тушаал шинээр бий болсон. Ажлын байрны тодорхойлолт шинээр батлагдсан. З.Гэрэл нь энэ ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй ...” гэх хариуцагчийн тайлбарыг дээрх үндэслэлээр шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангасан хуулийн зохицуулалт, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах гэсэн төрийн албаны суурь зарчмыг алдагдуулсан Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгож, З.Гэрэлийг ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн Сүлжээний ажилтан, бичиг хэргийн албан тушаалд тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч З.Гэрэлийн ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх нийт ажлын 123 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу тооцоолж 3.146.955 (гурван сая нэг зуун дөчин зургаан мянга есөн зуун тавин тав) төгрөгийг Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэлээ.

 

Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Балжиннямыг томилсон Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/285 дугаар тушаал  нь хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаа, түүнийг хөндсөн ямар нэгэн эрхийн акт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-д зааснаар албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын эрхийг эдэлж, үүргийг хэрэгжүүлж ажиллахаар зохицуулсан байх тул О.Балжиннямыг аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын  хөгжлийн газрын албан хаагчдыг ажлаас чөлөөлж, томилох эрх бүхий албан тушаалтан гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчээс энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “... О.Балжинням нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчин томилогдсон тул төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлж, томилох эрхгүй...” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

3. Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч З.Гэрэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоог батлах тухай” А/58 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 114 дүгээр шүүгчийн захирамжаар уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамжид гомдол гарч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/ШТ2017/0446 дугаар шүүхийн тогтоолоор маргаан бүхий акт болох “Сүхбаатар аймгийн Засаг даргын А/58 дугаар захирамжийг нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчид шууд чиглэсэн шинжгүй” гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар маргаж буй захиргааны акт болон маргааны үйл баримтын талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон давж заалдах шатны шүүхийн тогтоол байгаа, уг тогтоолоор  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл арилах боломжгүй буюу Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоог батлах тухай” А/58 дугаар захирамж нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар  “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Гэрэлийн “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоог батлах тухай” А/58 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай. 

 

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, 26.3, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Гэрэлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Гэрэлийг Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Сүлжээний ажилтан, бичиг хэргийн албан тушаалд тогтоож, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.146.955 (гурван сая нэг зуун дөчин зургаан мянга есөн зуун тавин тав) төгрөгийг Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгаж, Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, цалин хассаныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.ЦЭРЭНХАНД