Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 117

 

Б.П-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц, Ч.О, цагаатгагдсан этгээд Б.П-ын өмгөөлөгч С.Тэгшжаргал, С.Чинзориг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1402 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 212 дугаар магадлалтай, Б.П-д холбогдох 346206 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б-ын П нь 2003 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 11 дүгээр гудамжны 16 тоот гэртээ төрсөн эх Ч.Б, өөрийн ихэр Б.П нарыг хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... тус эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд хангалттай, бодит эргэлзээ гарсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.6-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.П-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 346206 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Б.П-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Б.П нь энэ хэрэгт 560 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэлдээ ... анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлээр эсэргүүцэл гаргаж байна.

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрах би эрүүгийн 346206 дугаартай яллагдагч Б.П-д холбогдох хэрэгт 755 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Яллагдагч Б.П нь төрсөн эхийнхээ өмдний халаасанд оёсон байсан мөнгөнөөс хулгайлах зорилгоор шунахай сэдэлтээр 2003 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 11 дүгээр гудамж 16 тоотод өөрийн төрсөн эх хохирогч Ч.Б, төрсөн дүү Б.П нарын унтаж байсан өрөөнд хутгатай нэвтрэн орж, мөнгийг хулгайлах явцад ээж Ч.Б мэдэж, улмаар амь хохирогчийн “Чи мөнгө хулгайлсан, хулгайлдаг" гэх хувийн таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас өөр гэмт хэргийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгож, нуун далдлах зорилгоор, маргалдаж, ноцолдож, амь хохирогч Ч.Быг цээжин тус газарт 3 удаа хутгалсан, мөн өөрийн төрсөн дүү Б.Пүрэвдагвыг унтаж сэрмэгц цээжин тус газарт 2 удаа хутгалж хоёр хүнийг алсан буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүнийг алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Пд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.6 дахь заалтад заасан гэмт хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 1402 дугаар цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн 1402 дугаартай цагаатгах тогтоолыг прокурор эс зөвшөөрч 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 44 дугаартай прокурорын бичсэн эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 2023/ДШМ/212 дугаартай магадлал гаргаж дараах дүгнэлтийг хийсэн.

“Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Прокуророос Б.П-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, төрсөн эхийнхээ өмдний халаасанд оёсон байсан мөнгөнөөс хулгайлах зорилгоор шунахайн сэдэлтээр 2003 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 11 дүгээр гудамж, 16 тоотод өөрийн төрсөн эх Ч.Б, төрсөн дүү Б.П нарын унтаж байсан өрөөнд хутгатай нэвтрэн орж, мөнгийг хулгайлах явцад ээж Ч.Б мэдэж, улмаар амь хохирогчийн “чи мөнгө хулгайлдаг” гэх хувийн таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас өөр гэмт хэргийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгож, нуун далдлах зорилгоор, маргалдаж, ноцолдож, амь хохирогч Ч.Б-ыг цээжин тус газарт 3 удаа хутгалсан, мөн өөрийн төрсөн дүү Б.П-ыг унтаж сэрмэгц цээжин тус газарт 2 удаа хутгалж, хоёр хүнийг алсан буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүнийг алсан гэх үйл баримт хөдөлбөргүй, эргэлзээгүй, нотлогдож тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Б.П-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад, прокурорын үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд “... шүүгдэгч Б.П-ыг амь хохирогч Ч.Б-ын мөнгийг авах зорилгоор түүнийг алсан, түүнчлэн өөрийн төрсөн дүү Б.П-ыг унтаж сэрмэгц цээжин тус газарт 2 удаа хутгалж алсан гэх боловч тус нөхцөл байдлууд огт тогтоогдоогүй буюу улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан 43 нотлох баримтаас нэг ч шууд нотлох” баримтгүй болох нь тогтоогдсон.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц гэх хүн 2004 онд болсон шүүх хуралд оролцохдоо өөрийн бодол таамаглалаа хэлсэн гэж үзэхээр байгаа. Гэр бүлийн дотор буюу ээж, охины хооронд бага зэргийн мөнгөний асуудал гардаг байсан, ээжийнхээ ажил дээр очиж мөнгө нэхдэг байсан талаар амь хохирогч Ч.Б, шүүгдэгч Б.П нар хэлсэн байдаг, мөн гэрч Я.У, М.Э, О.М, З.Д /1 дэх хавтаст хэргийн 219-249 дэх тал/ нарын бусдаас сонссон, ээж, охин хоёрын харилцаанаас дүгнэлт хийж мэдүүлсэн мэдүүлэгт үндэслэж Б.П-ыг хулгай хийх зорилгоор хүн алсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно. Б.П-ыг өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн бөгөөд энэ гэмт хэргээс өмнө өөр ямар гэмт хэрэг үйлдсэн, ямар оролдлого хийсэн талаар нотолж тогтоосон ажиллагаа огт хийгдээгүй, “...шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгаж, “ишгүй цагаан өнгийн хутга” хурааж авсан гэх ажиллагаа тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул нотолгооны чадваргүй. 2003 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 134 дэх тал/ нь хууль зөрчсөн буюу насанд хүрээгүй шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй явагдсан, “...Полиграфи бол мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад хийгддэг хуулиар зөвшөөрөгдсөн нотлох баримт цуглуулах арга, ажиллагааны хэрэгсэл биш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2, 16.8 дугаар зүйлд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад хамаарахгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй болно”. Тус хэргийг шалгаж эхлэх үед буюу анхнаасаа шүүгдэгч Б.П-ын бие махбод, хувцас, хэрэглэл зэрэгт гэмт хэргийн шинжтэй гэх ул мөр огт илрээгүй болох нь тогтоогдсон ...” гэх үндэслэлээр Б.П-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан гэм буруугүйн зарчимд нийцэж байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. гэсэн зарчимд тулгуурлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс Б.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Мөн тухайн гэмт хэргийн холбогдогч тогтоогдоогүй үндэслэлээр хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай 2005 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 218 дугаартай тогтоолоор /Зхх-163/ түдгэлзүүлээд, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2068 дугаартай тогтоолоор /4хх-4/ сэргээсэн, мөн яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогүй үндэслэлээр 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 249 дугаартай тогтоолоор /4хх-108/ түдгэлзүүлээд, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1184 дугаартай тогтоолоор /4хх-109/ тус тус сэргээсэн боловч энэ цаг хугацаанд шинээр нэмж нотлох баримт цугларч, бэхжүүлэгдээгүй байхад Б.П-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог. Гэтэл хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүхээр хэлэлцэж гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд хангалтгүй, ач холбогдол хамаарлын хувьд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Ундрахын “анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах”-аар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байна.

Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан 43 нотлох баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх “Нэг ч шууд нотлох баримт байхгүй” гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна. Учир нь:

Эдгээр 43 нотлох баримтуудад шүүгдэгч Б.П-ыг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд багтсан байгаа, дээрх хэрэгт Б.П нь холбогдон шалгагдаж 2003 оноос 2005 оны хооронд сэжигтнээр 7 удаа, яллагдагчаар 10 удаа, шүүгдэгчээр 1 мэдүүлэг өгөхдөө бүх мэдүүлэгтээ Б.Оюунбилэг өмгөөлөгчийг оролцуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, түүний мэдүүлгүүдэд тусгагдсан нөхцөл байдлууд нь тухайлбал “Төрсөн дүүгээ боомилсон, хутгалсан, хутгыг гаргаж хаясан, хүн алсан хутгаа заасан, түүний заасан хутгаар гэмт хэрэг үйлдэгдэх боломжтой талаар дүгнэлт гарсан, ээжийнхээ зөвшөөрөлгүй мөнгийг нь авч хэрэглэдэг байсан, тухайн шөнө гаднаас хүн орж ирээгүй, ээжийнхээ трусикийг модон чемоданд хийсэн, хэргийн газраас олдсон цустай хувцас, хөвөн зэрэг эд зүйлүүд нь хүний цус болох нь батлагдсан, Б.П нь хэргийн газарт байсан болох нь үсний дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр ээмэг, тавчиг тогтоогдсон, гаднаас хүн орж ирээгүй болох нь үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хэрэгт авагдсан 43 нотлох баримтуудад авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн мэдүүлэг, полиграфийн магадалгаа, мэдүүлэг шалгасан тэмдэглэл зэрэг 42 баримтуудаар Б.П-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгийн эх сурвалж хангалттай тогтоогдож байгаа юм.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан яллах талын “Шууд нотлох баримт байхгүй” гэж дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, мөн зүйлийн 2.5 дахь заалтад заасан “Шүүгдэгчийг яллаж байгаа хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийн нотлох баримтыг агуулга”-ыг магадлалдаа тусгаагүй, мөн магадлал нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаагүй, 39.8 дугаар зүйлийн 1.10 дахь заалтад зааснаар “Илтэд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн шүүхийн шийдвэрт нөлөөлж байна гэж дүгнэж байна.

Б.П нь төрсөн эхээсээ мөнгө нэхдэг, мөнгийг унтаж байхад нь өрөөнөөс нь хулгайлдаг, хулгайлах зорилгоор талийгаач нарын унтаж байсан өрөөнд орсон болох нь түүний өөрийнх нь яллагдагч, шүүгдэгчээр өгсөн “Би ээжийнхээ зөвшөөрөлгүй мөнгийг нь хэрэглэдэг байсан, ээж хулгай хийсэн гэж намайг хөөж байсан” гэх удаа дараагийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож, үүнийг гэрч Я.У, М.Э, О.М, З.Д нар давхар нотолж байхад бусдаас сонссон мэдүүлгээр дүгнэлт хийж, Б.П-ыг хулгай хийх зорилгоор хүн алсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлт хийхдээ няцаан үгүйсгэсэн баримтуудыг дурдалгүй дүгнэлт хийжээ.

-Шүүгдэгч Б.П нь тухайн шөнө ээжийнхээ өмдний халаасанд оёдолтой байсан мөнгийг хулгай хийх зорилгоор нэвтрэн орсон боловч тухайн үеийн эхтэйгээ мөнгөний хувийн таарамжгүй асуудлаас болж эхийнхээ амь насыг хөнөөж, улмаар эхийгээ алсан буюу хүнийг санаатай алсан гэмт хэргийг нуун далдлах зорилгоор төрсөн дүү Б.П-ыг алсан, өөрөөр хэлбэл ганц үлдэх амьд гэрчийн амь насыг хөнөөсөн нөхцөл байдал тогтоогдсон, ийнхүү гэмт хэргээ нуух оролдлого хийсэн хэргийн газрын үзлэгээр илэрсэн цустай хөвөн, эд зүйлүүд дээрх ул мөр, ул мөрөө баллаж хутгыг гаргаж хаясан, урд айлын усны канистраар ул мөрөө баллаж угааж цэвэрлэсэн, эхийнхээ хэрэг учрал болох үед өмсөж байсан трусикийг авч нуусан, төрсөн дүүгээ үхэхгүй болохоор нь зурагтын тавиур дээр байх үдээсээр боомилсон, хутгаа насанд хүрээгүй гэрч О.Г-д хадгалуулсан зэргээр худлаа хэлсэн” мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 214-215 дахь тал/ зэрэг нөхцөл байдлуудаар тогтоогдсоор байхад шүүх өөр гэмт хэргийн нуун далдлах зорилгоор үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байгаа нь учир дутагдалтай байна.

Мэдүүлэг шалгасан ажиллагаагаар “Ишгүй цагаан өнгийн хутга” хураан авсан ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, нотолгооны чадваргүй дүгнэж байгаа хэдий боловч Б.П-ын “Энэ миний заасан хутга мөн байна, хутга заасан нь үнэн” гэсэн мэдүүлэг, гэрч П.-ын “Б.П нь хутга хаясан газрыг хэрэг үйлдэгдсэн гэх айлаас холгүй байдаг гудамжинд байгаа гэж заасны дагуу тухайн бусад алба хаагчдын хамтаар явж уг хутга олдсон гэх Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамж 22 тоот хашаанаас ертөнцийн зүгээр 18 метр зайны газарт, жалганы баруун эргээс, баруун тийш 4 метр зайд хагас налуу ногоон зүлгэн дотроос ишгүй цагаан өнгийн хутга байсныг Б.П нь заахдаа уг газарт очоод энд гэж заасны дагуу хэсэг газарт самналтыг хийхэд ишгүй цагаан өнгийн тэмдэглэлд тусгасан хутгыг гаргаж ирснийг тэмдэглэл үйлдэж хурааж авсан” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2448 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн хутгаар үйлдэгдсэн байж болно” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 81 дэх тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.П-ын дүүгээ хутгалсан үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний акт 2003 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 923 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Б.П-ын хүзүү хоолойг боох, ам, хамрыг таглах гэсэн оролдлого хийсэн байна гэж үзэв.” гэсэн дүгнэлт, /1 дэх хавтаст хэргийн  60-61 дэх тал/, хэргийн газрын үзлэгийн гэрэл зураг, Хэргийн материалаар шүүх эмнэлгийн хамтарсан давтан магадалгаа явуулсан 2003 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 367 дугаартай “П-ын биед /хүзүү, ам, завжинд/ үүссэн боолтын ором нь шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн үдээсээр үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлт, /2 дахь хавтаст хэргийн 118-119 дэх тал/, Б.П-ын “Би тэгээд дүү хөдлөөд байхаар нь зурагтын тавиурын хажууд эвхээд ороогоод тавьчихсан байсан урт хар гутлын үдээс юм шиг нэлээн урт уяа байхаар нь дүү П-ын амыг уг уяагаар ороогоод хүзүүнийх нь араар оруулж буцаж урд талд нь солбиж гаргаж татсан” гэсэн мэдүүлгийг /2 дахь хавтаст хэргийн 230-234 дэх тал/ няцаасан баримтуудаа тусгаагүй, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэж байна.

Энэ гэмт хэрэг 2003 онд үйлдэгдсэн буюу 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль үйлчилж байх цаг хугацаанд үйлдэгдсэн гэмт хэрэг юм. Полиграфийн магадалгаа бол тухайн цаг үедээ хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, хэргийг эцэслэн шийдвэрлэх зорилгоор хийгддэг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн буюу туршилтын үр дүн байсан, хууль, шүүхийн байгууллагын нотолгооны чухал ач холбогдолтой баримт байхад үүнийг 2017 онд батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2, 16.8 дугаар зүйлд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад хамаарахгүй гэж цаг хугацааны хувьд одоогийн үйлчилж байгаа хууль тогтоомж хэрэгжихээс өмнө хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны нотлох баримтыг үндэслэл, журмаар цуглуулаагүй гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй байгаа нь өрөөсгөл дүгнэлт юм.

Хэргийн газрын үзлэгээр Б.П-ын өмсөж байсан трико дээрээс хүний арчигдсан цус илэрсэн, түүний биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2003 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4174 дугаартай актаар “баруун өвдгөнд 1.5x0.7 см тав тогтсон хуучин зулгаралттай” гэсэн дүгнэлт, /1 дэх хавтаст хэргийн 74-75 дахь тал/, энэхүү зулгаралт нь сорвижоогүй, шүүх эмнэлэгт 6 хоногийн дараа үзүүлсэн болох нь хэрэгт авагдсан дүгнэлтээр тогтоогдсон, түүнийг хэргийн газарт буюу талийгаач нарын унтаж байсан өрөөнд нэвтрэн орж хэрэг учрал болох үед байсан болох нь талийгаач Б.П-ын хонго дээрээс түүний үс олдсон, ээжийнх нь алганаас түүний үс олдсон, өмсөж байсан цагаан өнгийн тавчиг нь өрөөнөөс олдсон, саарал өнгийн пиджак, цагаан өнгийн свитер зэргээс ээжийнх нь цус илэрсээр байтал Б.П-ын бие махбод, хувцас, хэрэглэл зэрэгт гэмт хэргийн шинжтэй ул мөр огт илрээгүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж, хэрэгт шүүгдэгчийг цагаатгах буюу гэмт хэрэг үйлдээгүй гэх нэг ч баримт байхгүй байхад шүүгдэгчид холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан цагаатгах тогтоолд тусгавал зохих “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, үгүйсгэсэн үндэслэл”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шүүхийн шийдвэрийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлийн 1-д “Нотлох баримтыг шинжлэн судлахад талууд хэрэгт авагдсан эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шүүх, шүүгдэгч, гэрч, шинжээчид танилцуулна”, 2-д “Эд мөрийн баримт, бичмэл нотлох баримттай танилцсан оролцогч, шүүгдэгч, гэрч, шинжээч холбогдох зарим асуудлыг тодруулах хүсэлт шүүхэд гаргаж болно” гэж хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх эд мөрийн баримтыг шинжлэн судлуулах, асуулт асуух эрхийг хангаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр төрөөс хүн томилж оролцуулсан байтал анхан шатны шүүх хохирогч Б.П-ын хууль ёсны төлөөлөгчөөр Ч.Ц, хохирогч Ч.Б-ын хууль ёсны төлөөлөгчөөр Ч.О нарыг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц, Ч.О нар нь “Хохирогчийн эрх ашгийг төлөөлөх бус, шүүгдэгчийг цагаатгуулах байр суурьтай шүүх хуралдаанд оролцдог, урьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц хэргийг хаалгах, хэрэгсэхгүй болгох, шүүгдэгчийг цагаатгах байр суурьтай оролцож байсан нь түүний өгсөн мэдүүлэг, урьд шүүх хуралдаанд мэдүүлж мэдүүлгээр тогтоогддог. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ашиг сонирхлын зөрчилтэй бол төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрч С.Л, Н.О, Ц.Д, Ш.Г, шинжээч Г.Энхбаатар, гэрч А.Х, Ц.О, П.Б нараас мэдүүлэг авах /4 дэх хавтаст хэргийн 194-225 дахь тал/, эд зүйлүүдэд шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэргээр мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн байхад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ цаг хугацаанд шинээр нэмж нотлох баримт цугларч, бэхжүүлэгдээгүй байхад Б.П-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, зөрүүтэй баримтуудыг няцаан үгүйсгэх дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/1402 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023/ДШМ/212 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцохдоо агуулгын хувьд зөрүүтэй байр суурьтай байна. Энэ хэрэг одоогоос 20 жилийн өмнө буюу 2003 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө үйлдэгдсэн. Б.П 18 удаа мэдүүлэг өгсөн. Тэрээр 2003 оны 07 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр, 2003 оны 07 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр, 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлэг өгөхдөө хэргээ хүлээж “ээжийн амь насыг төрсөн дүү Б.П хохироосон учир би түүний амь насыг хутгалж хохироосон” гэж мэдүүлдэг. Тухайн шөнө бороо их орсон тул түүний өмсөж гарсан байж болзошгүй гутал, трико, өмд зэрэг нь нойтон байдаг. Мөн “би талийгаач дүүгээ хутгалаад хөдлөөд байхаар нь зурагтын тавиурыг уясан байсан хар өнгийн үдээсээр боож амь насыг нь хохироосон” гэх мэдүүлэг, мөн мэдүүлгийг газар дээр нь шалгаж, өөрөөр нь замыг заалгаж явсан мөрдөгчийн тэмдэглэл, хутгалсан гэх хутгийг жалганд аваачиж хаясан гэх нөхцөл байдлууд гурван удаагийн мэдүүлэгтэй тохирч байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх эдгээр нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй. Б.П төрсөн дүү Б.П нь ээжийгээ хутгалж алсан байдлыг хараад гэнэтийн цочролд орж, төрсөн дүү Б.П-ын амь насыг хохироосон гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч С.Чинзориг хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Улсын дээд шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 тоот тогтоолоор  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тайлбарласан. Өөрөөр хэлбэл хангалттай, хөдөлшгүй нотлох баримтаар гэм буруутай болохыг нь тогтоож чадаагүй, ийм байдлаар яллах дүгнэлтийг үйлдсэн. Тийм учраас хууль зүйн хувьд учир дутагдалтай гэж үзэж цагаатгасан нь үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна. Прокурорын бичсэн эсэргүүцэл нь маш ойлгомжгүй байдлаар бичигдсэн байсан. Маш олон хуудас эсэргүүцлийн төгсгөл хэсэгт “шүүх шийдэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан” гэсэн агуулгыг дурдсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар дурдсан. Гэвч ноцтой зөрчсөн зөрчлийн талаар болон юу нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар нотлох баримт, хууль зүйн үндэслэлийг тусгаагүй. Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож байгаа прокурор эсрэг байр суурийг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл Б.П цагаатгагдах биш, сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсаны улмаас төрсөн дүүгээ хөнөөсөн гэмт хэргийг үйлдсэн байна гэх дүгнэлтийг гаргаж байна. Гэтэл яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдэхдээ энэ зүйл ангийг огт оруулж ирээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаая гэсэн дүгнэлтийг гаргалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон /гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг буцаахгүй/. Тэгэхээр прокурорын хувьд хууль зүйн үндэслэл муутай эсэргүүцэл бичиж оруулж ирсэн байна. Өмгөөлөгчийн хувьд Б.П-тай маш сайн ойлгож ярилцсан, өөрийн ажлын туршлагад тулгуурлаж энэ хүн үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байж уу, үгүй юу гэдгийг тодруулж асуусан. Эхний удаа өгсөн гурван мэдүүлгийн дараагаас яагаад хэргээ хүлээсэн мэдүүлэг өгсөн бэ гэхэд тухайн цаг хугацаанд надад цагдаагийн албан хаагч нар “чамайг хэнтэй ч уулзуулахгүй ингээд чи хоригдоно, хэрэв чи хүн алсан гэдгээ хүлээн зөвшөөрвөл чамайг ар гэртэй чинь уулзуулна, чи насанд хүрээгүй хүүхэд учраас яах ч үгүй” гэсэн байр сууринаас тайлбарлаж өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардсан ийм ноцтой үйлдэл гарсан юм билээ. Энэ асуудал маш олон жилийн өмнө болсон боловч “шалгавал зохих асуудал” байгаа юм, энэ талаар гомдол гаргах эрхтэй гэдгийг санал болгож тайлбарлаж хэлж өгсөн. Миний хувьд гомдол гаргах боломжгүй. Хавтас хэрэгтэй танилцахад хэт их хөтөлж, тулгаж асуусан үйл баримт тогтоогддог. Хэргийн газрын үзлэг дээр очиход хүний амь насыг хохироосон байж болзошгүй гэх хутга, ул мөр олдоогүй. Гэрээс нь хураагдсан, айлаас хурааж авсан гэх хутганууд шархны хэмжээтэй таарч тохироогүй. Ишгүй хутга тэнд байгаа гэдгийг Б.П өөрөө зааж өгөөгүй. Харин цагдаагийн албан хаагч нар дагуулж явсан. Мөн тухайн цагдаагийн албан хаагчаас олон жилийн дараа гэрчийн мэдүүлэг авахад /ямар үйл явдал болсон талаар/ “би тэр үед болсон үйл явдлыг тодорхой сайн санахгүй байна, гэхдээ Б.П тэр газрыг шууд зааж өгөөгүй, нэгжлэг, самналт хийж байх явцад ишгүй хутга олдсон, энэ хутга мөн үү гэж асуухад мөн гэж хариулсан” талаар мэдүүлдэг. Өнөөдөр хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хурааж авсан хутга нь байхгүй.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзэхэд Б.П-ыг бусдын амь насыг хохироосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа. Прокуророос яллагдагчаар татахдаа шунахайн сэдэлттэй буюу хулгайн гэмт хэрэг үйлдэх зорилгоор хутга барьж нэвтэрсэн, энэ гэмт хэрэг илрэх явцад ээж дүү хоёрынхоо амь насыг бүрэлгэсэн гэж үздэг. Гэтэл Б.П мөнгөө шортныхоо карманд оёдог байсан. Тухайн үед Дэнжийн мянгын хар зах дээр махны наймаа худалдаа эрхэлж байгаа хүнд их хэмжээний мөнгөө ил задгай авч явах нь аюултай. Хэргийн газрын үзлэгээр очиход ээжийнх нь өмсөж явсан шортны карман нь оёдолтой байсан, түүн дотор мөнгө нь байж байсан. Мөнгө хаана байгааг Б.П мэдэж байгаа, түүний хувьд мөнгө бага зэрэг хумсалж байсан, ундаа, чавганы мөнгө хэлэхгүй авч байсан талаараа хэлдэг. Тэрийг нь хулгайн гэмт хэрэг үйлдэх үндэслэл болсон, болсон үйл явдлыг мэдэхгүй, дам сонссон ээжтэй нь цуг худалдаа наймаа эрхэлж байсан хүний үгийг нотлох баримт болгож ярьж байгаа нь маш буруу юм. Тэгэхээр шунахайн сэдэлтээр бусдын амь насыг хохироосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Б.П-д холбогдуулж маш их хэмжээний шалгалтын ажил хийсэн. Энэ явцад шууд Б.П бусдын амь насыг хохироох үйлдэл хийжээ гэсэн хөдөлшгүй нотлох баримт байхгүй. Үсний тухай ярьдаг боловч гарт нь байсан юм уу, үгүй юу, гартаа атгасан чигээр нь баталгаажуулж, хэрэгт хавсаргаж авсан зүйл байхгүй. Мөрдөгчийн тэмдэглэлд нуруун доороос олдсон, гартаа атгасан байсан гэдэг л зүйл байгаа. Хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтэд энэ талаарх нотлох баримт байхгүй бөгөөд үсний асуудал эргэлзээтэй. Үдээсний тухайд байж болзошгүй гэж байгаа, үдээс мөн байсан уу, биш байсан уу, физик хүчин зүйлийн үйлчлэлээр боомилогдож байгаа. 5, 6 дугаар ангийн туниа муутай охинд тийм хэмжээний хүч чадал байсан уу. Талийгаач Б.П-ын хувьд ээждээ махны лангуун дээр нь туслаад ойр зуурын зүйлийг өргөж өгдөг байсан буюу биеийн хөгжил сайтай, харьцангуй том биетэй хүүхэд байсан. Мөн унтаж байхад нь хутгалсан гэдэг. Гэтэл орон дээр унтаж, хэвтэж байсан талаарх ул мөр байхгүй, харин ч маш их тэмцэлдэж байгаад амь насаа алдсан байх шинж, ул мөр хавтас хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээс тогтоогддог. Прокурорын яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт, эсэргүүцэлд дурдсан хууль зүйн үндэслэл, тайлбарууд нь нотлогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдүүд нь өнөөдөр сул чөлөөтэй явж байхыг үгүйсгэхгүй. Зарим гэрч нар ноцтой мэдүүлгүүдийг өгдөг ба хөрш айлын хоёр хүн шөнө дуу чимээ гарсан талаар мэдүүлдэг ч энэ нөхцөл байдлуудыг тогтоогоогүй. Хэргийн газрын үзлэг, нөхөн үзлэгийг дутуу хийсэн. Ээжийнх нь дотуур хувцас өөрийнх нь өрөөнд байсан гэдэг асуудал ярьдаг. Б.П-д үзүүлж харуулахад энэ манай дүү Б.П-ын дотуур хувцас байна гэсэн бөгөөд үнэхээр тийм байсан. Б.П хувцсаа угаагаад хатаасан байсан гэдгээ тайлбарладаг. Хатаах гээд өлгөсөн байсан хувцас нь бороо орохоор улам чийгтээд хатахгүй. Тэгэхээр хэргийн газрын үзлэгийг хийхдээ байгаль орчны уур амьсгалтай нь уялдуулж зөв логик дүгнэлт гаргаж чадаагүй гэж үзэж байна. Хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч С.Тэгшжаргал хэлсэн саналдаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлийг тусгайлан зохицуулсан. Прокурорын эсэргүүцэлтэй танилцахад хууль хэрэглээний хувьд хэргийг буруу шийдвэрлэсэн, процессын хуулийн ноцтой зөрчилтэй холбоотойгоор үндэслэл тайлбар хийгдээгүй байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн гурван хүндрүүлэх нөхцөлөөр яллаж оруулж ирсэн. Үүнтэй холбоотойгоор яллах дүгнэлтэд 43 төрлийн нотлох баримтыг бичсэн байдаг. Яллах болон өмгөөлөх талын мэтгэлцээн дээр нэг бүрчлэн жагсааж байгаад няцаалт хийгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүх хэргийн нөхцөл байдлыг үнэлж дүгнээд Б.П-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл, нотлох баримт байхгүй учир прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Отгонбаяр хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цэрэнлхам хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Миний төрсөн ах уг хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож бүтэн 15 жил энэ хэргийн араас хөөцөлдсөн. Манай ах бид нарт хэлэхдээ Б.П бол жоохон охин байсан учир ийм асуудалд оролцоогүй. Цагдаа, шүүхийн байгууллага уг хэргийг сайн нягталж өгсөнгүй гэж хэлж байсан бөгөөд 2018 онд нас барсан. Айхтар дуулиантай энэ хэргээс болж бид нар амь нас, эрүүл мэндээр хохирсон байдалтай байгаа. Хоёр шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг “... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх ...” хэмээн тодорхойлж, мөн хуулийн 1.6 дугаар зүйлд “1.Шүүх прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” хэмээн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдах шаардлагыг тусгажээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” хэмээн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удирдлага болгох үндсэн зарчим болон нотлох баримтыг үнэлэхэд баримтлах хэм хэмжээг хуульчлан тогтоосон билээ.

2.Анхан шатны шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарласан эсэхийг шалгаж дүгнэхээс гадна яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан, хэрэгт хамааралтай нотлох баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийг яллах, эсхүл цагаатгах үндэслэл, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй болно.

Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн хувьд гомдол, эсэргүүцлийн дагуу доод шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хууль буруу хэрэглэсэн, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдааг илрүүлсэн бол түүнийг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, эсхүл тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээг хуулиар олгосон.

Тухайлбал, анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн алдаа нь тухайн шийдвэрийг хүчингүйд тооцох, эсхүл өөрчлөх үндэслэлд хамаарах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд хуульчлан заасан болно.

3.Хяналтын шатны шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.П-д /цагаатгагдсан этгээд/ холбогдох хэрэгт хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт, гаргасан шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Амь хохирогч Ч.Б, түүний хүү Б.П нар нь 2003 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 11 дүгээр гудамжны 16 тоот гэртээ хутгалагдаж нас барсан гэмт хэрэгт амь хохирогчийн төрсөн охин, тухайн үед 16 настай байсан Б.П-ыг анх 2003 оны 07 дугаар сарын 22-ны өдөр сэжигтнээр тооцон /1 дэх хавтаст хэргийн 156 дахь тал/ мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Б.П нь мөрдөн байцаалтын шатанд буюу 2003 оны 07 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд 3 удаа сэжигтнээр мэдүүлэхдээ хэн түүний төрсөн эх болон дүүг алсныг мэдээгүй, өглөө босоод харахад тэд алагдсан байсан талаар дурджээ. /1 дэх хавтаст хэргийн 156, 169, 171 дэх тал/

Б.П нь 2003 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өмгөөлөгч Б.Оюунбилэгийн хамт сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “... Шөнө ээж дүү хоёр хоорондоо хэрэлдээд чи хашааны хог цэвэрлэхгүй идээд тэнээд гээд л маргалдаад байсан. Тэгэхээр нь би та хоёр дуугай байгаачээ гэсэн. Тэгтэл дүү чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь би буцаад унтаад үүрээр ээж дүүг зайл гээд байсан. Тэгэхээр нь би босоод өрөөнийхөө хаалгыг онгойлгоод гарч ирэхэд дүү баруун гартаа жижиг хутга барьчихсан байсан. Тэгэхээр нь би ээж рүү ойртоод очиход дүү ойртох юм бол ээжийг хутгална шүү гэсэн. Тэгэхээр нь би тэнэг юм битгий яриад бай гэж хэлэхэд дүү намайг чи зайл гэсэн. Тэгтэл ээж яагаад хүүхэд хөөгөөд байгаа юм. Юу ч хийхгүй идчихээд унтаад гэрт байгаа юм чинь гэж дүү намайг хэлсэн. Тэгэхээр нь ээж чамайг бодвол гэртээ юм хийгээд байдаг юм гэж хэлэхээр нь дүү ээжийг та дуугүй бай пизда минь гэхэд нь би ээж рүү ойртож очсон. Тэгтэл ээж рүү ойртох юм бол ээжийг хутгална шүү гэхээр нь би ээж рүү ойртоход ээжийг дүү П хутгалсан. Тэгэхээр нь би буруу тийш хараад тэгээд дахиад ээж рүү харахад ээжийг дүү хутгалчихсан байсан. Тэхээр би ээжийг алчихлаа шүү дээ гэж дүү П руу дайраад уйлсан. Тэгтэл дүү яадаг юм дандаа чамайг өмөөрдөг шүү дээ гэсэн. Тэгтэл дүү П хажууд шалан дээр жижиг нөгөө ээжийг хутгалсан хутга байхаар нь аваад дүүгээ хутгалсан. Тэгээд тэр чигээрээ гарч гүйгээд Зүүн салааны эцсийн буудлаас нааш 2 буудлын зайтай газар зам баруун тийш гараад нилээн гүйж алхаж яваад жалга байгаа тэр жалгаар гараад цааш нилээн явж байгаад хутгаа шидсэн. Тэгээд л буцаж жалга гараад жаахан сууж байтал унтаад өгчихсөн байсан. Тэгэхээр нь 10 цагийн үед босоод буцаж нөгөө газраасаа гэр лүүгээ яваад ороод ээжийн бандаашийг тайлж аваад өөрийнхөө унтдаг өрөөнийхөө дотор байсан ээжийн модон биш цаасан хайрцганд тэр бандаашийг нь хийгээд тэгээд буцаад хашааны хаалгаараа гүйж гараад гадаа хашааныхаа үүдэнд А эгч зогсож байхаар нь өөдөөс нь очиход А эгч цагдаа сэргийлэх дуудчихлаа гэсэн... Одоо тэр хутга хаясан газраа л байгаа байх... Дүү, ээжийг намайг дандаа өмөөрдөг гэж хутгалсан. Ээжийг дүү хутгалчихаар нь би дүүгээ хутгалсан юмаа. Сандарсандаа хутгалчихсан юм” хэмээн /1 дэх хавтаст хэргийн 163 дахь тал/ мэдүүлсний дагуу мөрдөгч 2003 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Б.П-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулж, Б.П-ын зааж өгсөн газарт буюу Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамжны 22 тоот хашаанаас ертөнцийн зүгээр 18 метр зайны газарт, жалганы баруун эргээс, баруун тийш 4 метр зайд хагас налуу ногоон зүлгэн дотроос ишгүй цагаан өнгийн, шороогоор бохирлогдсон нимгэн төмөр хутгыг олж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан байх /1 дэх хавтаст хэргийн 134 дэх тал/ бөгөөд Б.П нь уг жалганаас олдсон хутга нь түүний ихэр дүүгээ хутгалсан хутга мөн болохыг хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тодруулсан мэдүүлгийг 2003 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өмгөөлөгч Б.Оюунбилэгийн хамт дахин өгснөөс гадна /1 дэх хавтаст хэргийн 166 дахь тал/ энэ талаар түүний бичсэн “... Шөнө би шуугианд сэрээд, тэгэхэд дүү ээжийг хараагаад байхаар нь би Д-г унтаач гээд, тэгсэн чинь энэ чинь хүн унтуулахгүй шөнөжингөө үглээд байна, ээж гэж би дуу алдахад дүү ойртохын бол би ална шүү гээд байсан. Тэгэхлээр нь ойртоод дүү ээжийг алсан, тэгэхлээр нь аа яажаагаан бэ ээжээ гээд орилсон. Аа гээд яажаагаа бэ гэж ээжээ гээд зөндөө дуугарсан. Чамайг бас ална шүү гээд дайраад байхаар нь би дүүгийн гарыг барьж байгаад хутгыг нь аваад айж сандарсандаа болоод, ээжийг минь алсан болохоор тэгээд хутгыг нь аваад дүүгээ хэд хэд хутгалсан юм. Т эгчээ...” гэх гар бичмэл 1 дэх хавтаст хэргийн 122 дугаар талд авагдсан байна.

Цагдаагийн ерөнхий газрын Криминалисикийн шинжилгээний төвийн шинжээч Д.Цэдэвсүрэнгийн гаргасан 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2448 дугаартай дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн футболкон дээрх 3 ширхэг цооролт, хар өнгийн майкан дээрх 2 ширхэг цооролт нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар /ишгүй/ үйлдэгдсэн байж болно” гэснээс гадна /1 дэх хавтаст хэргийн 81 дэх тал/ хэргийн материалаар шүүх эмнэлгийн хамтарсан магадлагаа явуулсан шинжээч Р.Дорждэрэм, Н.Туяа, Г.Энхбаатар нарын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 367 дугаартай актад “Б, П нарын биед үүсгэгдсэн гэмтэл нь шинжилгээнд ирүүлсэн ишгүй хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. ... П-ын биед (хүзүү, ам, завьжинд) үүссэн боолтын ором нь шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн үдээсээр үүсгэгдсэн байх боломжтой” гэж /2 дахь хавтаст хэргийн 118 дахь тал/ тус тус дүгнэжээ.

Шүүгдэгч Б.П нь 2003 оны 07 дугаар сарын 31, 08 дугаар сарын 04-нд тус тус сэжигтнээр /1 дэх хавтаст хэргийн 167, 168 дахь тал/, 2003 оны 08 дугаар сарын 07, 09 дүгээр сарын 03, 09 дүгээр сарын 17, 10 дугаар сарын 01, 10 дугаар сарын 15, 11 дүгээр сарын 08, 2004 оны 02 дугаар сарын 02, 03 дугаар сарын 12-ны өдөр тус тус Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.16-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар /1 дэх хавтаст хэргийн 155, 176, 2 дахь хавтаст хэргийн 55, 58, 61, 63, 192, 216 дахь тал/ тус тус өгсөн мэдүүлгүүддээ өмнөх хэрэг хүлээсэн мэдүүлгүүдээ үгүйсгэж, хэн түүний эх болон ихэр дүүг алсныг мэдээгүй, үүрээр манай гэрээс М ах гараад явсан, би урьд нь худал мэдүүлэг өгсөн” гэх зэргээр өөр өөр агуулгатай мэдүүлгүүд өгсөн байна.

Харин 2004 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай прокурорын тогтоолоор “Б.П нь эх Б-ыг 2003 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй” үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож /2 дахь хавтаст хэргийн 22 дахь тал/, улмаар 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор Б.П-ыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас дүү Б.П-ын амь насыг хохироосон гэж дүгнэн түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсний дараа тэрээр өмгөөлөгч Б.Оюунбилэгийн хамт яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 93.1 ялыг хүлээн зөвшөөрч байна. Дүү ээжтэй маргаад, ээжийг хутгалсан, хутгаа газар хаясан, би тухайн үед сандраар хутгыг нь аваад дүүг хутгалсан, маш их сандраад хэд хутгалснаа мэдэхгүй байна, тэгээд хөдлөөд байх шиг байхаар нь зурагтын тавиурын хажууд эвхээд ороогоод тавьчихсан байсан урт хар гутлын үдээс юм шиг нэлээн урт уяа байхаар нь аваад дүү П-ын амыг уг уяагаар ороогоод хүзүүнийх нь араар оруулж буцаж урд талд нь солбин гаргаж татаад уйлаад ингээд ээжийг алж бай гээд их хүчтэй татаад байсан. Тэгээд тэр уяагаа буцааж тайлаад тэндээ орны орчим хаясан юм. Тэгээд тэр дүүг хутгалсан хутгаа би аваад хашаанаас гараад баруун тийш гүйгээд тэр хутга зааж өгсөн газар хутгаа шидээд хаячихсан...” хэмээн /2 дахь хавтаст хэргийн 232 дахь тал/ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар мэдүүлэг өгчээ.

Харин Б.П 2004 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сонгинхайрхан дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо урьд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээ өөрчилж “... өглөө босоод харахад ээж, дүү хоёр цустайгаа холилдсон хэвтэж байсан. Би айсандаа буруу мэдүүлэг өгсөн” хэмээн /3 дахь хавтаст хэргийн 12 дахь тал/ мэдүүлж, улмаар улсын яллагч Д.Дуламсүрэн хэргийг мөрдөн байцаалтад буцаах санал гаргасны дагуу шүүхээс хэргийг прокурорт буцаасан байна.

Ийнхүү мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад Б.П нь 2004 оны 10 дугаар сарын 05, 2005 оны 01 дүгээр сарын 21-нд тус тус яллагдагчаар мэдүүлэхдээ “энэ хэргийг үйлдээгүй, урьд нь айсандаа худал мэдүүлэг өгсөн” гэх агуулга бүхий мэдүүлгүүд өгчээ. /3 дахь хавтаст хэргийн 142, 160 дахь тал/

Түүнчлэн Б.П нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өмгөөлөгч В.Тогмидын хамт яллагдагчаар мэдүүлэхдээ /5 дахь хавтаст хэргийн 7 дахь тал/ дээрх сонсгосон ялыг зөвшөөрөөгүй бөгөөд урьд нь хэрэг хүлээсэн мэдүүлгүүдээ үгүйсгэсэн мэдүүлгийг өгснийг дурдах нь зүйтэй.

4.Мөрдөн байцаалтын шатанд Б.П-ын өгсөн мэдүүлгийг үндэслэн энэ хэрэгт А.Э, Д.Б, Ж.Б, Ч.М /2 дахь хавтаст хэргийн 240 дэх тал/, А.Б /3 дахь хавтаст хэргийн 62 дахь тал/, Б.Б /4 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/ нарыг холбогдуулан тус тус сэжигтнээр тооцож, мөрдөн байцаалт явуулсан боловч тэдгээр нь 2003 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө амь хохирогч Ч.Б, түүний хүү Б.П нарын амь насыг хохироосон хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын 2005 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 218 дугаартай тогтоолоор /3 дахь хавтаст хэргийн 163/ түдгэлзүүлж, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2068 дугаартай тогтоолоор /4хх-4/ сэргээсэн, мөн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 249 дүгээр тогтоолоор /4 дэх хавтаст хэргийн 108 дахь тал/ түдгэлзүүлжээ.

Прокурорын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1184 дугаартай тогтоолоор /4 дэх хавтаст хэргийн 109 дэх тал/ мөрдөн шалгах ажиллагаа сэргээж, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 346206 дугаартай тогтоолоор Б.П-ыг эх болон дүүгээ алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэн, түүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.6-д зааснаар яллагдагчаар татаж /4 дэх хавтаст хэргийн 116 дахь тал/, улмаар прокуророос Б.П-д 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 755 дугаартай яллах дүгнэлт үйлдэж /5 дахь хавтаст хэргийн 117 дахь тал/ хэргийг харъяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс Б.П-д холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5, 2.6-д заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн цагаатгах тогтоол болон уг тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын хууль зүйн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагыг хангаагүй, прокурорын яллах үндэслэл болсон зарим нотлох баримтыг бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, нотлох баримтуудын харилцан хамаарал, ач холбогдол, агуулгыг харьцуулан үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.П-ын хэргээ хүлээсэн мэдүүлгүүд болон түүнийг яллах үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийсэн боловч дүгнэлтийн зарим хэсэг нь үндэслэл муутай, хэргийн бусад нотлох баримттай агуулгын хувьд зөрчилдсөн, тухайлбал: Б.П гэмт хэрэг үйлдсэнийг шууд нотлох баримт байхгүй, 16 настай эмэгтэй хүүхэд 2 хүний биед олон тооны гэмтэл учруулж алсан гэж үзэхэд эргэлзээтэй, амь хохирогч Б.П-ын хоолойд үүссэн шархыг гутлын үдээсээр үүсгэгдсэн гэж үзэхэд эргэлзээтэй, Б.П-ын трико дээр илэрсэн цус нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хэргийн газраас олдсон хөлийн мөр хэнийх болохыг тогтоож чадаагүй, хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хөвөн дээрх А/II/ бүлгийн харьяалалтай цусыг Б.П-ынх болохыг ДНК-ийн шинжилгээгээр нарийвчлан тогтоогоогүй, гэрт байсан цаа гутал дээрх чийгтэй шавар нь хутга хаясан гэх газрын шавартай бүтэц, найрлага, бусад шинжээр таарч байгаа эсэхийг тогтоогоогүй, гутлыг эд мөрийн баримтаар хурааж аваагүй, хэргийн газарт буюу цогцос орчмоос хурааж авсан үс хэний үс болохыг нарийвчилсан шинжилгээгээр тогтоогоогүй, Б.П-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулахдаа өмгөөлөгч оролцуулаагүй, хэрэгт хутганы зураг, онцлох шинжийг бэхжүүлээгүй, хутгыг хэзээ хаясан болохыг тогтоогоогүй, Полиграфын шинжилгээний дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй, Б.П-ын бие махбодь, хувцас, хэрэглэл зэрэгт гэмт хэргийн шинжтэй ул мөр огт илрээгүй зэрэг үндэслэлээр энэ хэргийг Б.П үйлдсэн болох нь нотлогдоогүй тухай дүгнэлт хийжээ.

Ийнхүү анхан шатны шүүх нь прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн “Б.П нь төрсөн эхийгээ унтаж байхад нь өрөөнд нь хутгатай нэвтрэн орж мөнгийг нь хулгайлах явцад, ээж Ч.Б нь мэдэж, улмаар амь хохирогчийн “Чи мөнгө хулгайлсан, хулгайлдаг” гэх хувийн таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас ... амь хохирогчийн цээжин тус газар 3 удаа хутгалсан” гэх үйл баримт нотлогдоогүй тухай дүгнэлтийг хийхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар Б.П-ын өмгөөлөгч Б.Оюунбилэгийн хамт 2003 оны 07 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр, 2003 оны 07 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр, 2004 оны 05 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар тус тус өгсөн “П нь ээжтэй маргаж, түүнийг хутгалж алсан тул би П-ыг хутгалсан, мөн гутлын үдээсээр хоолойг нь боосон, хутгаа жалганд хаясан” гэх агуулга бүхий 3 удаагийн мэдүүлэг болон холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй байна гэж үзлээ.

Түүнчлэн Б.П-ыг ийнхүү хэрэг хүлээсэн мэдүүлэг өгөхөд мөрдөгч, прокурор хууль бусаар нөлөөлсөн, эсхүл түүний хутгаа хаясан гэх газарт үзлэг хийж, хутга хураан авах ажиллагааг мөрдөгч зориуд хууль бусаар явуулж, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх, мөрдөгч нь Б.П-ын мэдүүлгийг хөндлөнгийн 2 гэрч оролцуулан газар дээр нь шалгах ажиллагаа явуулахдаа /1 дэх хавтаст хэргийн 134 дэх тал/ өмгөөлөгч оролцуулаагүй явдал нь тухайн ажиллагаа явагдсан даруй Б.П нь уг жалганаас олдсон гэх хутгаар өөрийн ихэр Б.П-ыг хутгалж алсан болохоо хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар өмгөөлөгч Б.Оюунбилэгийн хамт давтан өгсөн мэдүүлгийг /1 дэх хавтаст хэргийн 166 дахь тал/ үгүйсгэх үндэслэл болох эсэх талаар шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй байна.\

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу яллаглагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох үндэслэл болохгүй, харин яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар батлагдвал уг мэдүүлгийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар тооцон үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шүүх шийдвэрлэх эрхтэй болно.

Шүүгдэгч Б.П-ын хувьд түүний төрсөн эх Ч.Б, өөрийнх нь ихэр дүү болох Б.П нар нь гадны нөлөөтэй нас барсан гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар нийт 18 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд тэрээр өмгөөлөгч Б.Оюунбилэгийн хамт өгсөн 3 удаагийн мэдүүлэгтээ өөрийн ихэр Б.П-ыг хутгалж, хоолойг нь боож алсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, уг хэргийг үйлдсэн шалтгаан, хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутга болон гутлын үдээс, хутга хаясан газар болон хэргийн бусад үйл баримтын талаар тодорхой мэдүүлгүүд өгсөн, харин зарим мэдүүлэгтээ өмнөх хэргээ хүлээсэн мэдүүлгүүдээ үгүйсгэж, өөр өөр агуулга бүхий мэдүүлгүүд өгсөн байх тул шүүх түүний өгсөн мэдүүлэг бүрийн эх сурвалжийг магадлах, агуулгыг нь хэрэгт ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эсэхийг нь тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд хянан үзэж хэргийн үйл баримтыг бодитой сэргээн тогтоох замаар түүний аль мэдүүлэг хэргийн бодит байдалд нийцсэн, эсхүл бусад баримтаар няцаан үгүйсгэгдэж буй талаар, түүнчлэн Б.П нь мэдүүлгээ удаа дараа өөрчилж, өөр өөр агуулгатай мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн шалтгаан нөхцлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай гэж үзлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.П-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хийсэн зарим дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд энэхүү зөрчил нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах тул Б.П-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн цагаатгах тогтоол болон магадлалыг мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан тус тус хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

6.Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос “...Б.П нь өөрийн ихэр Б.П эхийгээ хутгалсныг хараад санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж Б.П-ыг хутгалж алсан гэж үзэж байна. Б.П-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан... ” гэж хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаас зарчмын өөр хууль зүйн дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй.

Хяналтын шатны шүүхийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын дээр дурдсан хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахын бичсэн эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.П-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахын бичсэн эсэргүүцлийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1402 дугаар цагаатгах тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 212 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                          Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН

Ч.ХОСБАЯР

Б.ЦОГТ