Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1402

 

 

 

 

 

 

 

    2022          11          14                                        2022/ШЦТ/1402

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Ж.А, Д.М,

улсын яллагч Н.Ундрах,

насанд хүрээгүй хохирогч Б.П-ын хууль ёсны төлөөлөгч Ч.Ц,

хохирогч Ч.Б-ын хууль ёсны төлөөлөгч Ч.О,

шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч С.Чинзориг, С.Тэгшжаргал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.6 дахь заалтад заасан гэмт хэрэгт Боржигон овогт Б-ын П-ыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 346206 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхоны ........ тоотод оршин суух хаягтай,  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Боржигон овогт Б-ын П (регистрийн дугаар:ЙЭ8612.............).

 

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч  Б.П- нь төрсөн эхийнхээ өмдний халаасанд оёсон байсан мөнгөнөөс хулгайлах зорилгоор шунахай сэдэлтээр 2003 оны 7 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Уулын .... дүгээр гудамж ..... тоотод өөрийн төрсөн эх Ч.Б-, төрсөн дүү Б.П-нарын унтаж байсан өрөөнд хутгатай нэвтрэн орж, мөнгийг хулгайлах явцад ээж Ч.Б- мэдэж, улмаар амь хохирогчийн чи “мөнгө хулгайлсан, хулгайлдаг” гэх хувийн таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас өөр гэмт хэргийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгож, нуун далдлах зорилгоор, маргалдаж, ноцолдож, амь хохирогч Ч.Б-ыг цээжин тус газарт 3 удаа хутгалсан, мөн өөрийн төрсөн дүү Б.П-ыг унтаж сэрмэгц цээжин тус газарт 2 удаа хутгалж хоёр хүнийг алсан буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Улсын яллагчаас: 2022 оны 6 сарын 13-ны өдрийн 755 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, С.Чинзориг нараас: Шүүгдэгчийг цагаатгах байр суурийг баримталж оролцоно. ........... шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 3 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

  

3. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтуудын агуулга давхардаагүй байдлаар :

3.1. Хохирогч Ч.Ц-ийн шүүх хуралдаанд өгсөн “Ер нь хүүхдүүдийнхээ төлөө тэмцэж явсан. Энэ хоёрыг хүн болгохын төлөө явж байгаад амиа алдсан. Алуурчныг олж өгөөч гэж хэлэх байна. Талийгаач дүү Б.П-ыг хамаагүй өндөр, биеэрхүү болохоор Б.П-ыг хутгалуулсан гэхэд итгэхгүй байна. Энэ хоёрыг би хүн алах хүн гэж бодохгүй байна.  Гадны нөлөөнд орсон байж магадаггүй. Тэр хоёр хүн амьд байсан бол тэр 2-луу хутга барьж дайрч чадахгүй байх. Энэ 3 хүн биеэ дээ хутга барилцаж муудалцах хүн биш гэж бодож байна. Үсний шинжилгээгээр гурвуулаа ноцолдсон юм шиг байгаа юм, алахын зорилго мөнгө байсан байх гэж бодож байна, мөнгөнөөс болсон байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг  (3 хавтас 9-11 хуудас),

3.2. 2003 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Лувсансамбуугийн хэргийн газрын үзлэг хийсэн “хаалганд үзлэг хийхэд замган цоожтой, мөн дор нь далд нууц цоож байх ба цоожны хэл нь далд хаалганд ямар нэгэн эвдрэл хэмхрэлгүй, ...харин шалан дээр 4 хэсэг газар цусан мөр байсан ба тодорхой хэлбэр дүрсгүй байв, зүүн хананд дэлгэсэн диван байх ба түүн дээр бөөгнөрүүлэн хөнжил, дэлгэсэн орны дэвсгэр даавуу, дэр зэрэг зүйлс хүрэн өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон байсан тул хураан авав, эрэгтэй хүний баруун өгзгөн дээрх үсийг шинжилгээнд авав, эмэгтэйн зүүн гарын дотор талд алганаас 1 ширхэг үс илрүүлж хурааж авав, Ширээний баруун талын сандал дээрх шар өнгийн цэцгэн хээтэй бүтээлгэ, цагаан өнгийн хоолойтой цамц, хөндлөн /хүрэн улаан цэнхэр өнгийн/ судалтай майк, /чийгтэй/ - нүүд нь хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан тул хурааж авав, Эрэгтэй цогцосны толгойн дээд хэсэгт, тоос сорогчийн баруун талд, шалан дээр хар өнгийн, унждаг, 5 см урттай ээмэг нэг ширхэг байсныг эд мөрийн баримтаар хурааж авав. Эр цогцсыг эргүүлэхэд мөн хар өнгийн, унждаг, 5 см урттай нэг ширхэг ээмэг илэрснийг хурааж авав. Өрөөнд байсан өлгөөтэй (хэцэнд) байсан хувцаснуудын хажууд өлгөөтэй байсан саарал өнгийн нойтон, хүрэн өнгийн толботой пиджакыг хураан авав, эмэгтэйн цогцост цагаан өнгийн футболкыг дээш нь сөхсөн байдалтай байсан бөгөөд хүйсний дээд хэсэгт футволкны доторх хар өнгийн хувцасны мөр ( тууш судалтай) үүссэн байсныг протоколд тэмдэглэв, баруун өрөөний диваны хажууд хар өнгийн жинсэн өмд, хар өнгийн эм хүний цаа гутал байсан бөгөөд өмд нь нойтон, гутал нь шавар болсон байсан болно” гэсэн тэмдэглэл  (1 хавтас 2-6 хуудас)

3.3. 2003 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Н.Пүрэвсүхийн хэргийн газрын үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Уулын 11-16 тоот хашаа нь 11 дүгээр гудамжны зүүн талаасаа 4 дэх хашаа байлаа, уг хашааны хойд талын гол хэсэгт үүдний таамбар бүхий өвлийн шавар амбаартай, зүүн талдаа нүүрсний амбаар, зүүн талдаа жижиг амбаартай байв, үзлэг хийж буй зуны амбаар нь өвлийн байшингийн баруун талд 1.5 метрийн зайтай байрлах ба амбаарын хаалга нь амбаарын урд талын зүүн хэсэгт байрлах ба хаалганаас баруун тийш 2 ширхэг цонхтой байв, амбаарын хаалга нь гаднаа шаргал өнгийн зүүдэг ил цоожоор цоожилсон байв, цоожийг түлхүүрээр нь онгойлгож орж үзлэгийг хаалганаас эхлэн нар зөв эргүүлж үзлэгийг явуулав, ...амбаарын зүүн хойд буланд цагаан саарал өнгийн хүүхдийн тэрэг байх ба дотор нь хуучин хувцас, хөвөн зэрэг зүйлийг хийсэн байв” гэсэн тэмдэглэл (1 хавтас 22-23 хуудас),

3.4. 2003 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Р.Гансүхийн хэргийн газрын үзлэг хийсэн “Уг хашааны гадна орчин  зүүн, баруун, хойд талуудаар үзлэг самналт хийхэд хойд талд зуны байшингийн харалдаа хашаанаас хойш 2 метр зайд байсан цус мэт зүйлээр бохирлогдсон хөвөн мэт зүйлийг тэмдэглэлд тусган эд мөрийн баримтаар хураан авав” гэсэн тэмдэглэл, схем зураг (1 хавтас 25-26 хуудас),

3.5. 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Даваасүрэнгийн хэргийн газрын үзлэг хийсэн “Үүдний амбаарыг шалгахад баруун урд талын буланд 3 давхар тавиур бүхий тавцангийн зүүн хойд өнцөгт түрий хэсгийг тайрсан хар өнгийн шилэн оймсны өмсгөл хэсэг 1 хос байсныг хураан авч тэмдэглэв, уг өрөөний голын модон баганаас баруун талд байрлах өрөөний хаалга хүртэл татсан хэцэн дээр хар хөх өнгийн зузаан даавуун трико байсныг хураан авав,” гэсэн тэмдэглэл, (1 хавтас 28-31 хуудас),

3.6. 2003 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Манлайбаярын хэргийн газрын үзлэг хийсэн “Уг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо уулын  11 дүгээр гудамжны 16 тоот хашааны хаалгаар орж цагаан шавар өнгийн байшингийн хаалгыг онгойлгоход  уг хаалга нь УМБГ-127 гэсэн дугаарын лацаар лацдаж битүүмжилсэн байсныг хөндлөнгийн гэрч нарт хөндөгдөөгүй байсныг харуулж лацыг авч хаалгыг нь онгойлгон  дотогш орлоо. Дотогш орж гэмт хэрэгт ач холбогдол бүхий  эд мөрийн баримтыг олж илрүүлэх зорилгоор үүдний амбаараас эхлэн цагийн зүүний дагуу явуулахад тамбарын хаалганы замган түгжээ нь дотор талдаа байх ба түгжихэд хаалгыг дээш өргөж түгжих ба түгжигдсэн байхад гаднаас ямар нэгэн байдлаар онгох боломжгүй байв, хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байв, Уг өрөөний зүүн хананд дэлгэн байрлуулсан диван ор байх ба уг диваны баруун хойд өнцгөөс  20 см зайд  шалан дээр норж бохирлогдоогүй, хар өнгийн зангилаа тасалдал байхгүй 1 метр орчим уртай гутлын үдээс байсныг эд мөрийн баримтаар бэхжүүлэн авав, баруун талын өрөө рүү ордог хаалгыг түгжээ байгаа эсэхийг шалгахад ямар нэгэн түгжээ байхгүй, хаалгыг хаасан тохиолдолд хаалга рамтайгаа зууралдаж онгойхгүй биеийн хүч их шаардагдах байдалтай байв, уг баруун талын өрөөнд ороход өрөөний зүүн хойд талд байрлах шар өнгийн модон авдар байх ба уг авдарын таг нь онгорхой байх ба хувцаснууд замбараагүй тавьсан байсны дээр цайвар шаргал өнгийн дотор талын салтаа хэсэгт бохирлогдсон эмэгтэй хүний дотоож байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авлаа,” гэсэн тэмдэглэл, (1 хавтас 32-33 хуудас),

3.7. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний акт 2003 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 923 дугаартай “1.Эдийн шинжилгээний материалыг архивлав. 2.Шүүх химийн шинжилгээгээр /хариу акт № 1126/ цусанд этилийн спирт илрээгүй, 3. Шүүх биологийн шинжилгээний хариу: акт № 1142-д Б.П-ыг бэлэг эрхтнээс авсан арчидас наалдцад үрийн шингэн эр бэлгийн эс үтрээний хавтгай, хучуур эс илрээгүй болохыг дурджээ. Шүүх биологийн шинжилгээний хариу акт № 1151-д: Б.П-нь АВО-ийн системээр II бүлгийн цустай байна гэжээ, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: 1.Цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины булчингууд, үнхэлцэг, зүрх хаван гарч өвчүүг хугалсан шарх, 2. Цээжний хоёр талын хөндий дэх нийтдээ 1500 мл орчим нөжирсөн ба шингэн цус, дотор эрхтнүүд эрс цус багадалт, 3. Хүзүү, хоолой, эрүү чихний доорх зөөлөн эдүүд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гээд ДҮГНЭЛТ: 1. Талийгаач Б.П-ыгцогцост дээрх оношинд тогтоогдсон гэмтлүүд тогтоогдлоо, 2. Эдгээрээс цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь хурц ир, үзүүртэй зүйлээр хүзүү хоолой дахь зүйл нь мохоо зүйлээр үүсжээ. 3. Цусны бүлэг нь АВО-ийн системээр II бүлгийнх болно. 4. Б.П-ыгбиед архаг хууч өвчин тогтоогдсонгүй, 5. Нас барсан шалтгаан нь цээжний хөндий рүү дотуур цус алдсан явдал юм. 6.Б.П-ыгхүзүү хоолойг боох, ам, хамрыг таглах гэсэн оролдлого хийсэн байна гэж үзэв...” гэсэн дүгнэлт (1 хавтас 60-61 хуудас),

3.8. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний акт 2003 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 924 дугаартай “Эдийн шинжилгээний материалыг архивлав. 2.Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн шээсэнд этилийн спирт илрээгүй байна. /хариу акт № 1127/, 3. Шүүх биологийн шинжилгээгээр 1152  тоот хариу актад: Ч.Б- нь цусны АВО-ийн системээр III бүлгийн цустай, 1144 тоот актад Ч.Б- үтрээнээс авсан гэх арчдас наалдцад үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй болохыг дурджээ. Шүүх эмнэлгийн онош: 1. Цээжний хөндий рүү нэвтэрч зүүн гол судасны уруудах хэсэг рүү болон уушги руу нэвтэрсэн хатгагдсан шарх. 2. Цээжний хоёр талд тус бүр 150 мл үнхэлцэгийн хөндийд 150,0 мл орчим бүлэгнэсэн цус, голтын цус хуралт. Дотор эрхтнүүдийн цочмог цусгүйдэл, 3. Хоолой дахь өнгөц зүсэгдсэн шарх. Тархины судасны хатуурал IY үе. Бөөр тэвшинцэрийн архаг үрэвсэл. ДҮГНЭЛТ:1. Ч.Б- цээжинд 3 ширхэг хатгагдсан хоолойд зүсэгдсэн шарх байна. Эдгээр хурц ир, үзүүртэй зүйлээр үүссэн бөгөөд зүрх гол судсыг гэмтээснээр дотор цус алдуулж нас барахад хүргэжээ, 2. Хурьцал үйлдсэн нь батлагдахгүй байна, 3. Цусны бүлэг нь АВО-ийн системээр III бүлгийнх болно, 4.Талийгаач нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ. 5. Ч.Б- нь бөөрний архаг үрэвсэл тархины судасны хатууралтай байжээ” гэсэн дүгнэлт (1 хавтас 63-64 хуудас)

3.9. Шинжээчийн 2003 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2411 дугаартай “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хөвөн дээр цус илэрсэн, энэ нь А/II/ бүлгийн харьяалалтай хүний цус байна...” гэсэн дүгнэлт, (1 хавтас 70 хуудас)

3.10. Шүүхийн сэтгэц эмгэг судлалын шинжилгээний 367 дугаартай акт “Б.П- нь сэтгэцийн эмгэг өвчингүй, сэтгэцийн хувьд үйлдсэн хэргээ хариуцах чадвартай, хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна” гэсэн дүгнэлт ( 1хавтас 72-73 хуудас)

3.11. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2003 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4174 дугаартай акт “Болсон хэргийн товч утга 2003.07.21-нд бусдад зодуулсан байж болзошгүй”  нүцгэн биеийн үзлэгээр баруун өвдгөнд 1.5х0.7 см тав тогтсон хуучин зулгаралттай, үүнийг урьд нь хуучин байсан гэв” гэж тэмдэглээд Б.П-ын биед одоогоор ямар нэг гэмтэл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт, (1 хавтас 74-75 хуудас),

3.12. Шинжээчийн 2003 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2427 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн эмэгтэйн зүүн гарын алганаас авсан гэх үс нь 11,4см урттай, хар өнгөтэй, 0,1 мм өргөнтэй, 2.Эрэгтэйн бие дээрээс авсан үс нь 15,7см урттай, шаргал өнгөтэй, 0,09 мм өргөнтэй, 3. Хөлийн орчмоос авсан цустай үс нь 42 см урттай, хар өнгөтэй, 0,11 мм өргөнтэй, 4.Б.Б-үс нь 7,8см урттай, хар өнгөтэй, 0,1 мм өргөнтэй. 5.Б.П-ын ус нь 11см урттай, шаргал өнгөтэй, 0,03мм өргөнтэй, 6.Б.П- үс нь 6,2см урттай, хар өнгөтэй, 0,1 мм өргөнтэй. 7.Ч.Б- үс нь 45 см урттай, хар өнгөтэй, 0,1 мм өргөнтэй, Энэ дүнгээс үзэхэд үсний гадаад шинж, бүтэц, хайрсны хээ зэрэг үзүүлэлтүүдээрээ хэргийн газраас олдсон дээрх үснүүд нь хүний толгойн үстэй адил байгаа нь шинжилгээнд ирүүлсэн дээрх үснүүд нь үсний гадаад шинж, бүтэц, хайрсны хээний онцлогоороо хүний толгойн үс байна гэсэн дүгнэлт хийх үндэс болж байна” гэж тэмдэглээд ДҮГНЭЛТ: “...1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас /эмэгтэйн зүүн гарын алганаас, эрэгтэйн бие дээрээс болон хөлийн орчмоос/ авсан гэх үснүүд нь үсний гадаад шинж, бүтэц, хайрсны хээний онцлогоороо хүний толгойн үс байна, 2. Шинжилгээнд ирүүлсэн эмэгтэйн зүүн гарын алганаас авсан үс нь Б.П-, эрэгтэйн бие дээрээс авсан үс нь Б.П-ын, хөлийн орчмоос авсан үс нь Ч.Б- толгойн үстэй үсний гадаад шинж, бүтэц, хайрсны хээний онцлогоороо төсөөтэй байна. Жич. Манай лаборатори нь үсний шинжилгээ хийдэг өндөр мэдрэмж бүхий нарийн техник, тоног төхөөрөмж болон тусгайлан бэлтгэгдсэн үсний мэргэжилтэн байхгүй тул энэхүү дүгнэлт нь учир дутагдалтай байж болно...” гэсэн дүгнэлт (1 хавтас 77 хуудас),

3.13. Шинжээчийн 2003 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2540 дугаартай Хэргийн Ү-р олдсон толбо хар өнгийн триконы урд дээд хэсэгт маш бүдэг хүрэн толботой, Хар өнгийн оймс 2 хос ба ямар нэг толбогүй байлаа. Уг зүйлс дээр цус байгаа эсэхийг устөрөгчийн хэт ислээр шинжлэхэд трикон дээрх толбонд цусны урвал өгсөн тул цус илэрсэн гэж, Оймснууд дээр цусны урвал өгөөгүй тул цус илрээгүй гэж тус тус дүгнэлт өгөх үндэс болов. Трико дээрх цусны бүлгийн харьяаллыг Лятесын аргаар шинжлэхэд цусны бөөмүүд шууд хайлсан тул бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй гэж дүгнэлт өгөх үндэс болов” гэж тэмдэглээд ДҮГНЭЛТ: “...1. Хэргийн газрын үзлэгээр олдсон трикон дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй. 2. Оймснууд дээр цус илрээгүй...” гэсэн дүгнэлт (1 хавтас 79 хуудас),

3.14. Шинжээчийн 2003 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2448 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дээр цооролт байна. 2.Цагаан өнгийн футболкан дээрх 3 ширхэг цооролт, хар өнгийн майк дээрх 2 ширхэг цооролт нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үйлдэгдсэн байж болно...” гэсэн дүгнэлт (1 хавтас 81 хуудас),

3.15. Шинжээчийн 2003  оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2412, 13 дугаартай “...ХГҮ-р хураан авсан цэнхэр өнгийн цэцгэн хээтэй, шар өнгийн бүтээлгийн нэг булан хэсэгт 1х1см хэмжээтэй хүрэн өнгийн толботой, цагаан саарал өнгийн свитер цамцны нэг тал, нэг ханцуйн үзүүр хэсэг дээр бүдэг хүрэн өнгийн толботой, цэнхэр эрээн өнгийн даавуун уут бүхий хөнжлийн гол хэсэгт хүрэн өнгийн толботой, цэнхэр эрээн өнгийн дэвсгэр даавууны гол хэсэгт хүрэн өнгийн толботой, цагаан өнгийн футболк нилдээ хүрэн өнгийн толботой, хар өнгийн майк нилдээ хүрэн өнгийн толботой, хар хөх өнгийн дотуур өмд нилдээ бараан өнгийн толботой, хар цагаан өнгийн судалтай пиджак, хүрэн ягаан өнгийн богино ханцуйтай ноосон цамц, дугуй захтай, хүрэн өнгийн ханцуй, хормойтой саарал өнгийн цамц, шар өнгийн цэцгэн хээтэй, хөх өнгийн нейлон футболк, шар өнгийн хөндлөн судалтай, хүрэн улаан өнгийн ноосон цамц, хар өнгийн хамбан өмд, саарал өнгийн даавуун шорт, хар хөх өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн шорт, цайвар өнгийн майк, хөх өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн оймс, -Саарал өнгийн пиджак, цагаан өнгийн шорт, хар өнгийн ботинка зэрэг дээр ямар нэгэн толбогүй байлаа. Дээрх зүйлс дээр цус байгаа эсэхийг устөрөгчийн хэт ислээр шинжлэхэд толбо бүхий хэсгүүдтэй хувцаснууд болон хөнжил, даавуун дээр цусны урвал өгсөн тул цус илэрсэн гэж, бусад хувцаснууд дээр цусны урвал өгөөгүй тул цус илрээгүй гэж тус тус дүгнэлт өгөх үндэс болов. Цусны Бүлгийн харьяаллыг Лятесийн аргаар шинжлэхэд хөнжил, даавуу, дотуур өмд дээрх цус нь В-улаан бөөмтэй наалдац өгсөн тул ABO системд А/II/ бүлгийн харьяалалтай хүний цус байна гэж, цагаан өнгийн футболк, хар өнгийн майк бүтээлэг, свитер дээрх цус нь В-улаан бөөмтэй наалдац өгсөн тул АВО системд В/III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна гэж тус тус дүгнэлт өгөх үндэс болов,” гэж тэмдэглээд  ДҮГНЭЛТ:  1. ХГҮ-р хураан авсан гэх цагаан өнгийн футболк, майк, бүтээлэг, свитер дээр цус илэрсэн. Энэ нь В/Ш/ бүлгийн харьяалалтай хүний цус байна, 2. ХГУ-р хураан авсан гэх хөнжил, даавуу, дотуур өмдөнд цус илэрсэн. Энэ нь А/II/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. 3. Бусад хувцаснууд дээр цус илрээгүй” гэсэн дүгнэлт (1 хавтас 85 хуудас),

3.16. Хэргийн материалаар шүүх эмнэлгийн хамтарсан давтан магадалгаа явуулсан 2003 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 367 дугаартай “Ч.Б-, Б.П- нарын биед үүсгэгдсэн гэмтэл нь шинжилгээнд ирүүлсэн ишгүй хутгаар үүсгэгдсэн байх боломжтой, Б.П-  биед /хүзүү, ам, завьжиyд/ үүссэн боолтын ором нь шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн үдээсээр үүсгэгдсэн байх боломжтой,” гэсэн дүгнэлт  (2 хавтас 118-119 хуудас),

3.17. Биологийн шинжилгээний 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1799 дугаартай “Б.П- нь цусны АВО системээр Ba(III) бүлгийн цустай болохыг тогтоов” гэсэн дүгнэлт (2 хавтас 129 хуудас),

3.18. Шинжээчийн 2003 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2412/13 дугаартай “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан толбонуудад цус илэрсэн, энэ нь А/II/ бүлгийн харьяалалтай хүний цус байна...” гэсэн дүгнэлт (2 хавтас 134 хуудас),

3.19. 2003 оны  7 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Сэжигтэн Ч.Б- Б.П-ын мэдүүлэгт дурдсан гэмт хэрэг үйлдсэн хутгаа хаясан гэх газарт  зам шалгалтаар ирж Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчины 2 дугаар гудамжны 22 тоот хашаанаас ертөнцийн зүгээр зүүн тийш 18 метрт газарт Жалганы баруун ирмэгээс 4 метр (баруун тийш) хагас налуу ногоон зүлгэн дээр  ишгүй цагаан өнгийн нэг тал нь шороогоор бохирлогдож бичиг нь мэдэгдэхгүй болсон нимгэн төмөр хутга байсныг хөндлөнгийн гэрчүүдэд үзүүлэн эд мөрийн баримтаар хураан авч тэмдэглэл үйлдлээ, хөндлөнгийн гэрч нараас гаргасан санал хүсэлт байхгүй болно...” гэсэн тэмдэглэл (1 хавтас 134 хуудас),

3.20. Хохирогч Б.П-ыгцогцсоос үсний дээж авсан тэмдэглэл, үс хумс хураан авсан тэмдэглэл, (1 хавтас 135 хуудас),

3.21. Хохирогч Ч.Б- цогцсоос үсний дээж авсан тэмдэглэл, үс хумс хураан авсан тэмдэглэл, (1 хавтас 136 хуудас),

3.22. 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн полиграфи ашиглаж асуулга явуулсан 25 дугаартай магадалгаа “Асуугдагч этгээд энэ гэмт хэргийг битгий илрээсэй гэж бодож байна”, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга таны гэмт хэрэг үйлдсэн хутга мөн эсэх талаар асуултад үгүй гэж хариулсан боловч өндөр реакци үзүүлсэн, Б.П- нь энэ хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөөгүй, зарим зүйлийг нууж байх боломжтой, асуулгын явцад Б.П-ын өмгөөлөгч Оюунбилэг байлцсан, асуулгад оролцогч хэдийгээр ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй боловч зарим үед мэргэжилтэнд захирагдахгүй, түүний зааврын дагуу асуултад хариулаагүй” гэсэн магадалгаа (3 хавтас 77-78 хуудас),

3.23. Гэрч С.А-ийн “...Б.П-ын сэтгэцийн хувьд ер нь сэтгэц нь өөрчлөлттэй байж магадгүй, яагаад гэвэл тэрээр өөрийгөө хамгаалж гарахын тулд худлаа ярьдаг, мэдэн будилах зэрэг асуудал гаргадаг, гэмт хэрэгт холбогдож болох хүүхдүүдийн судалгааг авахад ангиасаа эмэгтэй хүүхдүүдээс нь бүртгэлд өгч байсан...” гэсэн мэдүүлэг (1 хавтас 203-204 хуудас),

 3.24. Гэрч Б.А-гийн “2003 оны 7 дугаар сарын 22-ны өглөө 09 цаг 40 минутын үед Б.П-ын хашааны хаалгыг тогшиход хаалга нь онгорхой хүн гарч ирэхгүй байсан болохоор нь би шууд хашаанд нь ороод байшингийнх нь хамгийн зүүн урд талынх цонхон дээр нь очоод  цонхоор нь өндийгөөд  хартал толгой нь үүд рүүгээ харсан  нүцгэн эмэгтэй хүн хэвтэж байсан, тэгээд тухайн үед тухайн эмэгтэйг үхчихсэн байна гэж бодоод  маш их цочирдож айгаад шууд эргээд хартал манай канистр буюу усны сав байхаар саваа аваад  шууд хашаанаас гараад  өөрийнхөө хашаанд ороод нөгөө усныхаа савыг тавиад буцаад  гудамжинд гараад ямар аймар юм бэ хэнд хэлнэ гээд зогсож байтал манай баруун талд байдаг Жамбал өвөө хашаанаас гараад ирэхээр нь шууд очоод Дуяагийн /Б.П-/ хашаанд ороод цонхоор нь харахад нүцгэн эмэгтэй хүн хэвтэж байсан гэж хэлээд би буцаж хашааны үүдэнд буцаж очоод зогсож байтал Дууяа нимгэн  оймсгүй хар трико өмсчихсөн, дээгүүрээ цагаан фудволктой үс нь арзайсан хашаанаасаа гүйж гарч ирсэн. 2003.07.21-ны орой 22 цагийн үед би дүүг тосох гээд гарсан, гарахад гадаа харанхуй болоогүй гэгээтэй байсан бороо маш ширүүн орж байсан,” гэсэн мэдүүлэг, (1 хавтас 205-206 хуудас),

3.25. Гэрч Я.У-ийн “...Эрэгтэй хүүхэд нь нээх тийм хүмүүжил муу зан зуршил байхгүй, харин эмэгтэй хүүхдээ жаахан хүмүүжил муу гэж талийгаач надад хэлж байсан, охиноо загнахаар 2-3 хоногоор гэртээ ирэхгүй алга болчихлоо гээд уйлаад байсан,  Б.П- ээжийнхээ мөнгийг хулгайлж байдаг, талийгаач надад хэлэхдээ Б.П-ыг дэрлээд унтсан хувцсан дотор нь нуусан мөнгөнөөс нь хулгайлаад авчих юм гээд байсан, тэгээд гэртээ Б.П- бид хоёр байхад л мөнгө алга болоод байдаг юм аа гэж талийгаач хэлж байсан, 2003 оны 07 дугаар сарын 21-ний өдөр талийгаач хүүтэйгээ намайг байхад ямар ч байсан хэрэлдээгүй, тэгээд л би талийгаачаас арай түрүүлээд явчихсан, харин Б.П-ыг чи дандаа миний угаасан хувцсыг өмсчих юм өөрийнхөө хувцсыг өмсөхгүй гээд загнаж байсан...” гэсэн мэдүүлэг (1 хавтас 219-220 хуудас),

3.26. Гэрч  М.Э-ийн “...Охин нь дураараа байнга мөнгө төгрөг нэхдэг байсан, талийгаач мөнгөө нуугаад унтахад мөнгө авчхаад байх юм гэж надад хэлсэн, тэр өдөр охин нь ирээд талийгаачаас мөнгө нэхээд жаахан маргалдаад байсан...” гэсэн мэдүүлэг (1 хавтас 221-223 хуудас),

3.27. Гэрч О.М-ийн “...Ч.Б- охиноо л жаахан буруу хүмүүжилтэй болчихлоо гэж байдаг, учир нь дэрэн доор нь хийсэн 5000 төгрөг мөн өөр мөнгөн төгрөг алга болчих юмаа тэгээд манай охин л авчихдаг юм гэсэн заримдаа үг хэлэхээр уцаарлаад уурлаад хэрэлдээд байдаг болчихжээ гэдэг, мөн та Дагватай нээх нийлээд намайг тоохгүй байгаад байгаарай Б.Ддаа юм авч өгчхөөд надад юм авч өгөхгүй гэдэг байсан юм л бол манай охин надаас юм авч өг гэдэг байсан, ...эмэгтэй хүүхэд нь их эвгүй зантай гэсэн тэгээд л оройны цай хоолоо хий гэхэд манай охин уурлаад л хийхгүй гараад явчихдаг юм аа гэсэн...” гэсэн мэдүүлэг (1 хавтас 225 хуудас),

3.28. Гэрч З.Д-ийн “...Талийгаач Б.П-ыг маш их тэнээд байх юм , эмэгтэй хүүхэд байж ээжийгээ ойлгохгүй юм, гэр орны ажилд нэмэр болохгүй юм, гэрээс мөнгө алга болоод байна хэн аваад байгааг нь мэдэхгүй юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (1 хавтас 246-249 хуудас),

3.29. Гэрч Ч.Г-ын “...Хэрэг болсон айл манай өөдөөс харсан нүүрний зүүн хойд талд байдаг хашаа юм, тэгээд 2003 оны 7 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед эхнэр Батцолмонгийн хамт ирээд зурагт харж байгаад арай нэвтрүүлэг дуусаагүй байхад унтахаар хэвтсэн, Бид хоёрыг ирэхэд зөөлөн бороо орж байсан, эхнэр бид хоёр шүхэр барьж ирсэн, тэгээд унтахаар хэвтэхэд зөөлөн бороо орж байсан юм, унтах гээд нойр хүрэхгүй хөрвөөгөөд зүйрмэглээд хэвтэж байсан, тэгээд манайх чинь гэрт байдаг болохоор гадна чимээ тод сонсогдоно л доо, шөнө багцаагаар 01 цагийн орчим болов уу хэвтсэнээс хойш нэлээд хэсэг хугацааны дараа  буюу 01-02 цагийн л орчим байх гэж бодож байна тухайн үед бороо зогсчихсон зүүн хойд айлд дүнгэр дүнгэр дуугараад хүмүүс хоорондоо юм яриад яг нэг дороо л байгаад байсан ийшээ тийшээ явсан чимээ гаралгүй нэг дороо л байсан, Яг тэр хүн дуугарч байсан зүүн хойд зүгт манай нохой хуцаад байсан,  дүнгэр дүнгэр гэх яриа 10 орчим минут үргэлжлээд чимээгүй болсон, тухайн үед орилж хашгирсан аврал эрсэн айхтар дуу чимээ бол гараагүй” гэсэн мэдүүлэг,  (1 хавтас 5-6 хуудас),

3.30. Гэрч Б.Б-ийн “Манай зүүн хойд зүгт ямар нэгэн хүн орилох хашгирах чимээ гараагүй” гэсэн мэдүүлэг, ( 2 хавтас 7-8 хуудас),

3.31. Насанд хүрээгүй гэрч О.Г “...Хэрэг гарсны дараа Б.П-тай таараад цагдаа ахад байцаалт өгч байхад нь Б.П- “Надад  тэр хүн алсан хутгаа надад хадгалуулсан” гэж худлаа хэлж байсан би их гайхаж байсан ба надад тийм хутга Б.П- өгөөгүй гэж хэлэхэд Б.П- бас Галмандахад тэр хутгыг өгөөгүй юм аа гэж худлаа хэлснээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 хавтас 214-215 хуудас),

3.32. Шинжээч О.Б-ын  “Цус энгийн нүдэнд харагдахгүй, цус илрүүлэгч шингэнээр тодорч  гарч ирсэн цусны илэрсэн байрлал нь триконы урд талын дээд хэсэг буюу уг триконы хэвлийн орчмын резинтэй хэсгийн захны доод хэсгээр цус арчигдсан түрхэц маягтай илэрсэн байна, триконы бусад хэсэгт цус илрээгүй, бүлгийн харьяаллыг тогтоохоор боломжийнх нь хэрээр дээж авч шинжилгээнд өгсөн боловч уг цусан толбоны бөөм шууд хайлсан, тийм болохоор бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй, нэг үгээр хэлбэл цус муудсан байсан, уг трикон дээр илэрсэн цус нь хүний цус байсан, хүнийх гэдэг нь яагаад юугаар мэдэгдэж байна вэ гэвэл цусны бөөмний хэлбэр зөв дугуй хэлбэртэй хүний цусны бөөмийн хэлбэр зөв дугуй хэлбэртэй байдаг юм, харин малын бөөм амьтан амьтныхаараа өөр өөр байдаг ба малын цусны бүлэг гэж байдаггүй” гэсэн мэдүүлэг,  (2 хавтас 191 хуудас),

 3.33. Гэрч Т.Э-ийн “Хэрэг үйлдэгдсэн газарт очоод тухайн үед цагдаагийн байгууллагад дадлагажих ажилтнаар ажиллаж байсан залуугийн хамтаар зогсож байхад цагдаагийн алба хаагч нь намайг хэргийн газрын үзлэгийг хийх явцдаа хажуудаа авч яваад болж байгаа үйл явцын талаар болон эд зүйлийг хурааж авч байхдаа надад болон цуг байсан залуу бид хоёрт харуулаад ажиллагааг нэлээн удаан өдөржингөө хийж гүйцэтгээд бид хоёрт хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг уншуулж танилцуулж энд гарын үсэг зураарай гэж хэлээд гарын үсэг зуруулж байсан. Тухайн хэргийн газрын үзлэгийн явцад мөрдөн байцаагч нь тухайн  хэрэг үйлдэгдсэн гэх байшин дотор орж үзлэгийг явуулахад талийгаач Ч.Б- болон хүү Б.П-нар нь газраар бүхэлдээ цус болсон байдалтай хэвтэж байсан. Тэгээд үзлэгийг явуулж байх явцдаа мөрдөн байцаагч нь яг хаанаас гэдгийг одоо сайн санахгүй байсан миний санаж байгаагаар бол газрын гэрчилгээ болон 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга орчим төгрөгийг гаргаж ирж хураан авч байсан мөн Хараа нэртэй архины тал шилээс бага зэрэг доогуур хэмжээтэй архийг хоёр талийгаач байсан өрөөний сандлын хажуугаас авч байсан. Тэгээд үзлэгийг цааш явуулахад гэрийн том өрөөнд бүхэлдээ цусаар бохирлогдсон байсан болохоор цустай хувцас эд зүйлүүдийг хурааж авч байсан. Үзлэгийг явуулж байхдаа талийгаач Б.П-ыгнуруун доороос нь эмэгтэй хүний өрөөсөн унждаг ээмэг 1 ширхэг гарч ирж байсныг мөн адил хурааж авч байсан. Миний санаж байгаагаар бол тухайн үзлэгийн явцад ийм ийм эд зүйл хураан авч байсныг санаж байна. Тэгээд үзлэгийн явцад тухайн байшин дотор бүхэлдээ цус болоод дотор эвгүй оргиод сэтгэл санаа тавгүй болохоор нь би байшингаас гарч гадаа гарч хэсэг байж байгаад орж ирсэн. Тэгээд үзлэгийг байшин дотор явуулж дуусгасан. Энэ үед Дууяа гэж дууддаг талийгаач Ч.Б-ын охин нь байшингийн гадаа зогсоод цагдаагийн алба хаагч нар түүнээс юм асуугаад байсан. ...Тухайн үзлэгийг явуулаад дуусаж байхад хажуу талын зуны байшинд үзлэгийг өөр нэг мөрдөн байцаагч хийж байхад анх хөндлөнгийн гэрчээр оролцож байсан залуу бид хоёр дахин зуны амбаарт хийсэн үзлэгт дахин хөндлөнгийн гэрчээр оролцсон. Үзлэгийг явуулахад зуны амбаарт угаасан хувцас тохдог хэц дээр зөндөө олон хувцас угаагаад тохсон байдалтай бүх хувцаснууд дохисон байсан. Тэгээд мөрдөн байцаагчийн зүгээс Б.П-аас тэдгээр хувцаснуудыг хэн хэзээ угаасан талаар асуухад Б.П- нь би өөрөө шөнө бороо ороод бороонд норж ирээд хувцаснуудыг өөрөө угаасан гэж хэлж байсан. Мөрдөн байцаагчийн зүгээс тухайн хувцаснуудыг хурааж авсан тухайн үед ямар ямар хувцаснуудыг ямар байдалтай байхад нь хурааж авч байгаа талаар мөрдөн байцаагч нь надад болон цуг байсан залуу бид хоёрт харуулаад хурааж авч байсан. Одоо бол яг ямар ямар хувцаснуудыг ямар ямар байдалтай хурааж авсан талаар сайн хэлж мэдэхгүй байна.” Гэсэн мэдүүлэг, (4 хавтас 191-192 хуудас),

3.34. Гэрч С.Л-гийн “Би 2003 онд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтэст дагалдангаар ажиллаж байсан. Дагалдангийн ажлыг Баянхошууны цагдаагийн тасагт үүргийг гүйцэтгэж байсан юм. Тухайн өдөр ажлаа хийгээд байж байхад тухайн үеийн 9 дүгээр хороо Уулын 11 дүгээр гудамж 16 тоотод хүн амины хэрэг гарсан гэх дуудлага мэдээлэл ирэхэд жижүүрийн цагдаагийн алба хаагчдын хамтаар хэргийн газарт очиж ажилласан. Тухайн хэргийн газарт очиход тухайн айлын ээж, хүү хоёр нь бусдад хутгалагдаж нас барсан байдалтай гэр дотор нь бүхэлдээ цус болсон байдалтай байсныг хэргийн газрын үзлэгийг явуулсан мөрдөн  байцаагч хийж гүйцэтгэхэд хөндлөнгийн гэрчээр оролцохдоо харсан. Тухайн асуудал нь 2003 онд болсон үйл явдал учраас мөрдөн байцаагч нь хэргийн газрын үзлэгийг явуулахдаа хажууд дагаад хийж байгаа үйл явдал болон эд зүйлийг хурааж авч байгаа байдлыг хараад хараад яваарай гэж хэлэхээр нь би хажууд нь хараад явж байсан. Яг ямар ямар эд зүйлийг хаана хаанаас авч байсан талаар одоо санахгүй байна. Ямар ч байсан хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн гэрчээр одоо нэрийг нь мэдэхгүй хэсгийн ахлагч эмэгтэйн хамтаар оролцсон. ...Тухайн хэргийн газарт буюу өвлийн байшин, зуны амбаарт үзлэгийг хоёр өөр мөрдөн байцаагч явуулсан. Тэгэхэд нь тус хорооны хэсгийн ахлагч эмэгтэйн хамтаар оролцсон. Оролцохдоо мөрдөн байцаагчийн хийж байгаа үйл явцыг ажиглаж, эд зүйлс хураан авсан талаар хараад зогсож байсан.” гэсэн мэдүүлэг, (4 хавтас 194-195 хуудас),

3.35. Гэрч Н.О-ын “...Би 2003 оны 7 дугаар сарын 24-ний өдөр буюу Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Уулын 11 дүгээр гудамж 16 тоотод гарсан хэргийн газрын нөхөн үзлэгт оролцох үед миний бие Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст 8 дугаар хороо хариуцсан хороон цагдаагаар ажиллаж байсан ба Л.Лхагвадорж нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн жолоочоор ажиллаж байсан алба хаагч байсан юм. Тухайн хэрэгт мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Манлайбаяр нь Криминалисткийн шинжээчийн хамтаар хэргийн газрын нөхөн үзлэгийг явуулахад хөндлөнгийн гэрчээр оролцоход тухайн өдөр анх удаа хэргийн газарт очиж ажиллах болсон юм. Тэгэхэд 9 дүгээр хороо уулын 11 дүгээр гудамж 16 тоот хаяг болон улаан өнгийн оохордсон модон хашаатай 181 ногоон өнгийн дааман хаалгатай хашаан дотроо зуны амбаар болон цагаан өнгийн өвлийн шавар байшинтай айл байсан. Тухайн байшин руу явж ороход байшинд хэн ч байгаагүй эзэнгүй гадна хаалгыг цоожилж лацадсан байдалтай байхыг мөрдөн байцаагч лацыг Л.Л бид хоёрт үзүүлж дотогш явж ороход байшингийн том өрөөний шалан дээрх цус нь хатсан байдалтай байсан ба үзлэгээр мөрдөн байцаагч нь хар өнгийн гутлын үдээсийг хурааж авч тухайн өрөөнөөс билүү хажуу талын өрөөнөөс эмэгтэй хүний хэд хэдэн ширхэг хувцаснуудыг хурааж аваад үзлэгийг явц байдлыг танилцуулж хурааж авч байгаа зүйлийг талаар хэлж байсан. ... Тухайн байшин доторх үзлэгийг дуусгаж хажуу талын зуны амбаар болох байшинтай залгаа шахуу модон амбаарт орж үзлэгийг явуулсан тэгэхэд тухайн амбаарын хаалганы цоожийг мөн айл лацадсан байсныг бид хоёр харуулж дотор үзлэгийг явуулаад шинжээч гэрэл зураг авч байсан тухайн амбаараас юм хурааж авсан эсэхийг бол одоо санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (4 хавтас 197-198 хуудас),

3.36.  Гэрч  Ц.Д-ын “Тухайн хэрэг үйлдэгдсэн гэх газар хашаа байшин нь манай гэрийн яг ард талд буюу нэг гудамжны зайтай айлын хашаа байсан. Манай гэр уг хашаа байшингийн хоорондох зай нь 100 метрийн зайтай байсан. Тухайн өдөр хэргийн газрын нөхөн үзлэгт хөндлөнгийн гэрчээр оролцсон. ...Уг хэрэг нь тухайн үед нэлээд дуулиан шуугиан болсон хэрэг болж байсан Уг Нараагийн гэх тодотголтой дэлгүүрийн хашаанд нь биляардтай, үүдэндээ сагсан бөмбөгийн шийдтэй байдаг байсан болохоор ойр орчмын хүүхэд, залуучууд цуглаж тоглодог байсан болохоор хүмүүсийн ам дамжсан яриагаар уг тоот хашаанд байдаг айлын эмэгтэй хүүхэд нь ээж болон ахынхаа амь насыг хохироосон гэж яригдаж байсан...” гэсэн мэдүүлэг (4 хавтас 200-201 хуудас),

3.37. Гэрч Ш.Г-ийн “...Тухайн хэргийн газрын үзлэгээр эмэгтэйн  зүүн гарын алганаас хурааж бэхжүүлэн авсан үс нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн  Б.П-ын үстэй таарах боломжийг дүгнэлтийн шинжилгээний хэсгээс харахад хоорондоо төсөөтэй байх боломжтой юм, Яагаад гэвэл урт нь хоорондоо таарч байна, Өнгөний хувьд хэргийн газраас хураан авсан үс нь хар, Б.П-ын үс нь шаргал өнгөтэй байгаа нь хүний толгойд хар болон шаргал өнгийн үс байх боломжтой байдаг юм, тухайн үед шинжилгээг явуулахад хүний толгойноос харьцуулах шинжилгээнд зориулж үсийг авахдаа 5 хэсэг газраас авч шинжилгээг явуулдаг байсан” гэсэн мэдүүлэг (4 хавтас 206-207 хуудас),

3.38. Шинжээч Г.Энхбаатарын “Талийгаач Ч.Б-ын цогцост учирсан гэмтэл, шархнаас дүгнэхэд шууд үхэлд хүргэхгүй, уг гэмтэл шархыг авснаас хойш цээжний хөндийд цус хуралдах, үнхэлцгийн хөндийд цус хуралдаж, зүрх дарагдах хүртэл хугацаанд  маш богино хугацаанд амьд байх боломжтой, зүрх уушги гэмтээж байгаа учраас цус алдалт маш богино хугацаанд явагдана, энэ хугацаанд талийгаач нь орилох, гинших, ёолох, тусламж хүсэх дуу авиаг гаргах боломжтой, харин амиа хамгаалах тэмцэлдэх, идэвхтэй хөдөлгөөн хийх нь маш бага байна.Талийгаач Б.П- хувьд ч гэсэн уушги, зүрх гэмтсэн шарх учирсан байгаагаа харахад шууд үхэлд хүргэхгүй, маш богино хугацаанд буюу цээжний хөндий үнхэлцгийн хөндий цусаар дүүрэх хүртэл хугацаанд амьд байх боломжтой. Амиа хамгаалах, тэмцэлдэх, идэвхтэй хөдөлгөөн хийх боломж тун бага  байна, биеийн онцлогоос  хамаарч өөрийгөө боолгуулж байх явцад ухаан алдаагүй, амьд байгаа үедээ ухаан санаа эрүүл байгаа учир өөрийг нь боомилж байгааг мэдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг,  (4 хавтас 245-247 хуудас),

3.39. Гэрч  А.Х-ийн   “...Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Уулын 10-108 тоотод хэрэг гарсан айлын ертөнцийн зүгээр урд талын хашаанд манай гэр байдаг байсан ба тухайн үед хойд айлын Ч.Б-, Б.П-нар өөрийн хашаандаа байх цагаан өнгийн байшин дотор нь алсан гэж манай өвөө Дашдорж хэлсэн юм. Би Ч.Б-ын охин Б.П-тай /Б.Д-/ хамт ус, модонд явдаг дотно нийлдэг найзууд байсан тухайн үед Б.Д- ээж Ч.Б-аас үе үе бэлэн мөнгө хулгай хийж авдаг байсан тэр мөнгөөр нь бид хоёр ойр зуурын чихэр, боов авч иддэг өөр архи, пиво авч ууж байгаагүй өөр нийлдэг найз бараг байхгүй хажуу айлынхаа нэрийг нь санахгүй махлаг охинтой намайг байхгүй үед нийлж гарч ордог байсан санагдаж байна, ... Хэрэг гарснаас хойш сайн санахгүй байна ямар ч байсан нэгдүгээр эмнэлэгт таарсан тэр үед Б.Д- эгч дээр ажиллаж байгаа утасны нэгж зарж байсан дотор нэг удаа тэрнээс хойш 2020 оны 6 дугаар сарын үед Баянзүрх дүүрэг Цайз 16 автобусны буудал орчимд таарч уулзаж бид 2 утасны дугааруудаа өгч авсан. Б.П-тай хэд хэдэн удаа уулзаж хамт архи, пиво ууж хонож байсан, надтай хамт архи ууж байх үедээ хэргийн талаар ярих дургүй санагдсан, нэг удаа ээж Ч.Б-ын ах, эгч нараас мөнгө авах гэж очсон чинь ээжийнх нь эгч юм уу дүү Дууяаг “Хоёрын хоёр хүнээ алсан бид нартай дахиж битгий холбоо барь одоо бид нар хөгшин настай болсон хүмүүс” гэж хэлсэн тухайгаа надтай ярьж байсан.” гэсэн мэдүүлэг, (4 хавтас 210-211 хуудас),

3.40. Гэрч Ц.О-ийн “...Тухайн хэрэг явдлын талаар би яг хэрэг үйлдэгдсэний дараагаар эгч Ч.Б- хүү Б.П-нар нь хоёулаа алуулсан байна. Охин Б.П- нь амьд байна гээд бид нарт нарийн зүйлийг хэлэхгүй байсан. Сүүлд аавын яриан дундаас охин Б.П-ыг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Хүү Б.П-ыг хүзүүнээс нь нарийн хар уяагаар боож алсан байсан. Хөөрхий ээжийгээ өмөөрч хамгаалсан байх, та нар гэрийнхээ хутга шөвгийг байнга далд хийж унтаж байгаарай. Битгий ил тавьж байгаарай гэж байнга захидаг болсон. Тэр яриа нь уг хэрэгтээ холбогдуулж захих болсон гэж бодож байна. ... Би Б.П-ыг цагдан хорих байрнаас гарч ирснээс хойш хэсэг хугацааны дараагаар манай аав Ч.Цэвэгдорж нь Б.П-ыг ганцаараа, өнчин өрөөсөн үлдсэн болохоор нь өөрийнхөө хажууд авч байлгах гэж гэртээ байлгасан боловч цөөн хэд хоног байж байгаад тэр найз, энэ найз гэж хэлээд гэрээс нь хоногоор гарч явсаар байгаад аавтай цуг байхгүй гэж хэлээд явсан, тэрнээс хойш сураг тасарсан гэж ярьдаг байсан. Цагдан хорих байрнаас гараад яг хаана байсан талаар мэдэхгүй байна. Манай эгч Лхагвасүрэн, Ч.Отгонбаяр нар нь хажуудаа байлгах гэж оролдож гэр гэртээ байлгахад 1-2 хоног болоод тогтохгүй яваад өгдөг байсан гэж сонссон. Би тухайн үед ааваасаа тусдаа гэр бүл зохиогоод гарсан байсан, хааяа нэг гэрт нь очихдоо Б.П-тай таарч байсан. Очиход Б.П- дуугүй, юм ярьдаггүй эмэгтэй байдаг байсан. Угаасаа нэг их дотно байгаагүй болохоор хэргийн талаар нь ярьж, асууж байгаагүй. Би ч гэсэн дотроо эмзэглээд айгаад асууж үзэж байгаагүй. Ер нь бол Б.П-тай огт холбоо байдаггүй. Аав Ч.Ц-ийн гэрт байдаг байхад нь л таарч байсан, гэрээс нь явснаас хойш огт сураг чимээ, холбоогoй байгаа...” гэсэн мэдүүлэг (4 хавтас 213-215 хуудас),

3.41. Гэрч П.Б-ын “...Миний одоо санаж байгаагаар сэжигтэн Б.П-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийж гүйцэтгэхдээ сэжигтэн Б.П-ыг Улсын мөрдөн байцаах газарт мэдүүлэг өгч байхдаа өөрийн "Гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан хутга хаясан гэх газрыг зааж өгнө" гэсний дагуу тухайн хэрэгт мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг Улсын мөрдөн байцаах газрын байрнаас эхлүүлэн Б.П- нь хутга хаясан газрыг хэрэг үйлдэгдсэн гэх айлаас холгүй байдаг гудамжинд байгаа гэж заасны дагуу тухайн бусад алба хаагчдын хамтаар явж уг хутга олдсон гэх Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо Малчны 2 дугаар гудамж 22 тоот хашаанаас ертөнцийн зүгээр 18 метр зайны газарт, жалганы баруун эргээс, баруун тийш 4 метр зайд хагас налуу ногоон зүлгэн дотроос ишгүй цагаан өнгийн хутга байсныг Б.П- нь заахдаа уг газарт очоод энд гэж заасны дагуу хэсэг газарт самналтыг хийхэд ишгүй цагаан өнгийн тэмдэглэлд тусгасан хутгыг гаргаж ирснийг тэмдэглэл үйлдэж хурааж авсан. Миний санаж байгаагаар болон тэмдэглэлд тусгасан гэрийн хаяг байршлаас харахад хөндлөнгийн гэрч нар нь хутга олдсон газрын ойр орчмын хаягтай байгаагаас харахад тухайн үед ажиллагааг явуулж байхад гудамжаар алхаж байсан олон айлын хаалга цохиж дуудаж гаргаж ирүүлж хийж гүйцэтгэсэн ажиллагаанд хууль сануулж оролцуулсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг  (4 хавтас 224-225 хуудас),

3.42. 2003 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Б.П-ын сэжигтнээр өгсөн “Хашаандаа нохой байхгүй, манай ээж намайг тоодоггүй, дүүд их сайн, ээж намайг ноднин өвөл наймааны мөнгө 100.000 дараа нь 50.000 төгрөг алга боллоо намайг авсан гаргаж өг гэж гэрээс хөөж байсан, 2003 оны 07 дугаар сарын 21-ний өглөө  ээж ажилдаа мах авахаар 6 цаг 40 минутад  явсан, ...ээжийн ажил дээр 11 цагт очсон, би 12 цаг гэж гэртээ ирээд гэртээ өдөржингөө байсан, өдөр гаднаас хүн ирээгүй, орой ээж гэрт 20 цаг 05 минутад дүү Б.П- хамт явган гэртээ  ирсэн, би шөлтэй хоол хийх гээд бэлдчихсэн байсан, ээжийг ирэхээр нь би гарчхаад ирье гээд зөрөөд гарсан, би гэртээ 21 цаг 15 минутад ирсэн, намайг ирэхэд дүү том өрөөний хоймрын диван дээр дүү хувцастайгаа бүхлээрээ унтаж байсан, ээж энэ үед ногоон өнгийн торгон дан дээл, түүний дотуур цагаан өнгийн фудволктай байсан, доогуураа өөрийн өмсдөг хөх өнгийн шорттой байсан, хөлдөө бор тавчик өмссөн байсан, тэгээд би цаад өрөөндөө ганцаараа унтахаар орсон, ...ээж том өрөөнд “Бос Б.Д ороо засаад унт” гэж хэлээд алив цаашаа хэвт гээд Б.Дтай унтах гэж байсан, би ч унтаад өгсөн, байшингийн хаалгыг ээж дотроосоо түгжээд ор руугаа орсон, би гэрэл унтраасан, ингээд би унтсан, ...манайд гаднаас ямар ч хүн ирээгүй, ээж хүн ирнэ гэж хэлээгүй. ....өглөө 10 цагийн үед ээж дээгүүрээ фудволктой доогуураа нүцгэн шалдан байсан, дүү трусиктэйгээ бусад хувцасгүй доошоо харсан байдалтай байсан, цус нөж болсоныг нь анзаарч хараагүй, ээж дүү хоёр дээрээ очилгүй шууд шууд гарч гүйхэд гэрийн хаалга онгорхой дэлгээтэй байдалтай байсан, манайд гаднаас ямарч хүн ирээгүй, ээж хүн ирнэ гэж хэлээгүй, энэ хэргийг Ч.М- ах хийсэн боловуу гэж бодож байна, ээжид найзалдаг эрэгтэй хүн байхгүй, би хаалгаа түгжхээ мартсан, би хувцсаа тайлаад унтсан...” гэсэн мэдүүлсэн (1 хавтас 156-162 хуудас),

3.43. 2003 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б.П- сэжигтнээр өгсөн  2003.07.21-ны өдөр 20 цагийн үед намайг гэртээ байхад ээж дүү нар хоорондоо хэрэлдчихсэн, хар тортой юм барьчихсан орж ирсэн, дотроос нь цэнхэр ууттай хутга гаргаж ирээд Б.Д энэ хутгыг амбаарт тавь гэсэн, дүү хутгыг аваад гараад нэлээд удаж байгаад орж ирсэн, ...А эгчийн гэрт очсон, буудал ороод буцаад гэртээ ирж хоолоо идсэн, ...тэгээд би ороо засаад унтсан, тэгтэл шөнө ээж дүү хоёр хоорондоо хэрэлдээд чи хашааны хог цэвэрлэхгүй идээд тэнээд гээд маргалдаад байсан, би буцаад унтаад үүрээр ээж дүүг зайл гээд байсан тэгэхээр нь би босоод өрөөнийхөө хаалгыг онгойлгоод гарч ирэхэд дүү баруун гартаа жижиг хутга барьчихсан байсан, ойртох юм бол хутгалчихна шүү гэхэд би ээж рүү ойртоход ээжийг дүү Б.П- хутгалсан, би ээжийг алчихлаа шүү дээ гэхэд дүү Б.П- над руу дайраад байсан, хажууд шалан дээр нөгөө жижиг хутга байхаар нь аваад дүүгээ хутгалчихсан, тэр чигтээ гарч гүйгээд зүүн салааны эцсийн буудлаас нааш 2 буудлын зайтай газар газар замын баруун тийш гараад нэлээн гүйж алхаж яваад жалга байгаа тэр жалгаар гараад цааш нэлээн явж байгаад хутгаа шидчихсэн, жалга гараад сууж байгаад унтчихсан, 10 цагийн үед босож гэр лүүгээ яваад ороход ээжийн бандаашийг тайлж аваад өөрийнхөө унтдаг өрөөнийхөө дотор байсан ээжийн модон биш цаасан хайрцагт тэр бандаашийг нь хийгээд буцаж гараад хашааны үүдэнд М.А- эгч зогсож байсан, хутгыг хараагүй, харанхуйд мэдэгдээгүй, би хутгаа зааж өгч чадна...” гэсэн мэдүүлсэн (1 хавтас 163-165 хуудас),

3.44. 2003 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Б.П-ын сэжигтнээр  өгсөн “Сэжигтнээр урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй, миний хутгаа хаясан гэж зааж өгсөн газраас хутга олдлоо, тэр хутга миний дүүгээ хутгалсан хутга мөн байна, мөн ээж дүүгээ хутгалсан хутга мөн байна, дүү ээжийг хутгалчхаад над руу хутга бариад дайраад байсан, тэгээд би ноцолдож байгаад өөрийнх нь хутгаар хутгалчихсан, намайг хутгаа хаячхаад буцаж гэр рүүгээ явахад ямар нэгэн хүн тааралдаагүй, ээжийг эмнэлэг ирээд үхчихсэн байна уу гэдгийг үзэх гэж ирнэ байх гэж бодоод тэгээд хар болчихсон бандаашийг нь тайлж аваад өөрийнхөө өрөөнд хайрцагт хийчихсэн юм” гэсэн мэдүүлсэн (1 хавтас 166 хуудас),

3.45. 2003 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Б.П-ын сэжигтнээр өгсөн “Хашааны хаалгыг түгжиж чаддаггүй, тамборын хаалганы цоож эвдэрсэн тул цоожлоогүй байшингийн хаалга гэж байдаггүй. Тамборын хаалгаар ороход шууд гал тогооны өрөө заагладаг. Тэгээд би гал тогооны өрөөний хаалгыг түгжээгүй ба буцаж бие засна гэж байсан тул түгжээгүй байсан.Тэгээд юм ярьж байгаад унтаад өгсөн. Өөр хүний дуу чимээ огт сонсоогүй, надад ямар нэг заналхийлэл энэ тэр гээд байх юм байхгүй,  гаднаас хүн огт ирээгүй. Би хүн алаагүй...” гэсэн мэдүүлсэн,  (1 хавтас 168-169 хуудас),

3.46. 2003 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Б.П-ын яллагдагчаар мэдүүлсэн “Манайд хутга 2000 оноос байхгүй, баяраар салат хоол идэж, гэртээ мах чанаж идэж байсан. Энэ бүгдэд заазуураар л бүгдийг эвдэж арилгаж хэрэглэдэг байсан. Хутга хэрэглэдэггүй байсан. Унтах болоод ээмгээ чихнээсээ аваад гал тогооны өрөөний диваны хойд талын хувцас хийдэг хийдэг шүүгээний тавиур дээр нь өөрийнхөө хувцасны доор хийгээд тэр өдөр ээжтэй хамт унтсан. Тэр шөнө манай дүү ирж хоноогүй. Тэр 2003 оны 7 дугаар сарын 13-аас хойш тэр ээмгийг бий зүүгээгүй... Чих баалаад тэгээд мартчихсан. Тэр ээмэг яагаад дүүгийн цогцос доор байсан би мэдэхгүй...” гэсэн мэдүүлсэн (1 хавтас 176-178 хуудас),

3.47. 2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Б.П-ын яллагдагчаар мэдүүлсэн “...үүрээр гэгээ орчихсон байхад үүдний амбаараас ус савлаж, ус хутгаж байгаа байгаа юм шиг чимээ гарсан тэгэхээр нь орноосоо өндийгөөд цонхоор харахад хашааны хаалгаар хар өмдтэй, бордуу саарал өнгийн захтай цамцтай чаравчтай малгайтай хүн гараад явсан 40 орчим насны хүн байсан. Царайг нь хараагүй, одоо харвал танихгүй. Хэргийн газраас хураагдсан үс миний үс байна гэдэгт би итгэхгүй байна. Энэ хэрэгт би оролцоогүй. Тэр манай хашаанаас гарч явсан хүнийг та нарт хэллээ. Айгаад би тэр олдсон хутгыг миний хутга гэж хэлсэн юм. намайг зодож дарамталсан хүн байхгүй, энэ хэргийг үйлдсэн гэж би өөрөө хэлсэн, ...ээж Ч.Б-ыг дүү Б.П- хутгалж алаад тэгээд Б.П- өөрийгөө алсан гэж бодож байна” гэсэн мэдүүлсэн (2 хавтас 56-57 хуудас),

3.48. 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б.П-ын яллагдагчаар өгсөн “Ээж дүүтэй хамт нэг оронд унтсан юм, би цаад өрөөнд нь ээжийг “Ч.М- ахаас өөр шөнө дөлөөр ирж хонож өнжин архи дарс уудаг хүн байхгүй. Ч.М- ахтай адилхан хүн байсан. Тэгээд архи авчхаад буцаж ирэх байх гэж бодоод айгаад унтсан юм. Чи тэр өрөөнд унт гэхээр нь л унтсан”. ...Би тухайн үед айж цочирдсондоо тэгж хэлсэн. Одоо би үнэн ярьж байна...” гэсэн мэдүүлсэн (1 хавтас 58-60 хуудас),

3.49. 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.П-ын яллагдагчаар: “Надад нууж хаагаад байх зүйл байхгүй, Би айсандаа худал ярьсан юм. Хутга бол тохиолдлоор гарч ирсэн байх...” гэсэн мэдүүлсэн  (1 хавтас 60-62 хуудас),

3.50. 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б.П- яллагдагчаар “Би урьд нь юу гэж ярьж байснаа мэдэхгүй байна, урьдны мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй, 2 ягаан бандаашны нэг нь минийх, нэг нь минийх биш ээжийнх л байх гэж бодож байна, тэр гутлын  хар үдээс Б.П- гутлын үдээс л байж магадгүй, минийх биш, үсний хар өнгийн шорлог бүгд ээжийнх юм, 10 ширхгийг л ээж анх авч байсан, одоо хэд байгааг нь мэдэхгүй байна, хар жинсэн өмд минийх, саарал подволк хар зуны эмэгтэй гутал ээжийнх” гэсэн мэдүүлсэн, (2 хавтас 192 хуудас),

3.51. 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Б.П-ын яллагдагчаар “...Би айсандаа урьдын мэдүүлэгтээ ээжийг дүү алаад би дүүг алсан гэж хэлсэн, хутга би өөрөө зааж өгсөн нь үнэн, айгаад байсан юм байхгүй, зүгээр л тэгж хэлчихье гэж бодоод л хүн алсан гэж хэлсэн юм....” гэсэн мэдүүлсэн, (2 хавтас 216 хуудас),

3.52. 2004 оны 5 дугаар сарын 05-ны өдөр яллагдагч Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.16 дах хэсэгт зааснаар сонсгосон ялыг хөнгөрүүлэн өөрчилж эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллагдагчаар мэдүүлсэн  “Би байцаалтаа өмгөөлөгчтэй өгнө, надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 1-т заасан ялыг хүлээн зөвшөөрч байна, 2003 оны 07 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед ээж Ч.Б- дүү Б.П- нар намайг гэрт байхад гаднаас тортой юм барьчихсан орж ирээд зурагт үзэж байхад тог маслаад тасарсан тэгэхээр нь би гараад М.А- эгчийн гэрт нь ороход М.А- эгч байна уу хамт  А.Б- тосох гэсэн юм аа гэж Батбаяр ахад хэлэхэд М.А- эгч нь А.Б- тосохоор гараад явсан гэхээр нь би М.А- эгчийн араас  Баянхошууны эцсийн автобусны буудал дээр  очоод хүлээгээд олдохгүй болохоор нь ганцаараа гэртээ ирсэн, тэгтэл гэрт дүү диван дээр унтаж байсан, ээж сандал дээр суучихсан хоол цай идэж байсан, тэгээд намайг ээж зурагтаа асаа гэхээр нь би асаахад зурагт маслаад асахгүй байсан тэгэхээр нь ээж гал хамгаалагчаа унтраа гээд би гарч тамбарт гал хамгаалагчаа унтраасан, тэгээд л би гарч шээчхээд ирээд гэрт ороод цаад өрөөндөө  ороод ороо засаад унтсан, гал тогооны өрөөнд дүүг бос ороо засаад унт гээд байх шиг байсан, мөн дүүг ээж чи гэртээ ердөө хонодоггүй гадуур тэнэдэг миний бие муу байхад чи нэг эмний мөнгө надад өгдөггүй гэхэд дүү эмний мөнгө өгсөн шүү дээ би мөнгө өгдөг шүү дээ гээд маргалдаад байсан, энэ үед миний өрөө гал зуухны дунд байдаг хаалга хаалттай байсан, тэгтэл гэнэт дуу нь өндөрсөөд ирэхээр нь хаалгаа онгойлгоод  ороход дүү баруун гартаа жижиг хутга барьчихсан ээж рүү харчихсан зогсож байсан, Тэгснээ намайг хараад та дандаа Дуяаг өмөөрдөг хамгаалдаг гээд хэлсэн, тэгтэл ээж чи юу яриад байгаа юм бэ гэсэн тэгэхээр нь би ээж рүү ойртоход Б.П- чамайг ээж рүү ойртох юм бол ээжийг ална шүү гээд байсан, тэгэхээр нь ээжийг хамгаалах гээд уйлаад дөхөөд очиход Б.П- ээжийг 2 билүү 3 удаа хутгалсан санагдаж байна, би арай дүүг ээжийг хутгалахгүй байх гэж бодсон юм. Тэгэхээр нь би маш их сандраад дүү рүү уйлаад орилоод дайраад очиход дүү хутгаа газар хаячихсан, тэгэхээр нь би тэр хутгыг нь аваад дүүг хутгалсан, тухайн үед би маш их сандраад хэд хутгалснаа мэдэхгүй байна, тэгээд хөдлөөд байхаар нь зурагтын тавиурны хажууд эвхээд ороогоод тавьчихсан байсан урт хар гутлын үдээс юм шиг нэлээн урт уяа байхаар нь дүү Б.П- амыг уг уяагаар ороогоод хүзүүнийх нь араар оруулж буцаж урд талд нь солибож гаргаж татаад уйлаад ингээд ээжийг алж бай гээд их хүчтэй татаад байсан, тэгээд тэр уяагаа буцааж тайлаад тэндээ орны орчим хаясан юм, тэгээд тэр дүүг хутгалсан хутгаа би аваад хашаанаас гараад баруун тийш гүйгээд тэр хутгыг зааж өгсөн газар уг хутгаа шидээд хаячихсан, тэгээд гэртээ ортол хутга хаясан газрынхаа хажууд машин замын налуу шороон дээр уйлж сууж байгаад гэртээ ороход гэр рүүгээ очиж цагдаа ирчих вий хүн гэрт орчихвол баларна гэж бодоод гэрт ороод үүдний тамбарт байж байгаад хашааны гадаа гарахад М.А- эгч гудамжинд зогсож байсан, тэгээд л би уйлаад яана ээж дүү хоёр үхчихсэн байна гэсэн утгатай үг хэлсэн, тэгтэл М.А- эгч цагдаа дуудчихсан гэсэн, тэгээд цагдаа нар ирээд намайг ирээд аваад явсан, тэр хутга манай гэрийн хутга биш, дүү Б.П- л авч явсан хутга байх, тэр хутгатайгаа  шидсэн, тэгэхэд иш нь хаягдсан юм болов уу эсвэл иш нь сулдуу байсан болохоор борооны усанд сулраад унасан байх гэж бодож байна, тэр хар үдээс гэрт л байсан, бодвол Б.П-х байх, тэрнээс манай гэрийн гутлын үдээс биш, манайд тэр гутлын үдээс нэлээн хэд хоногийн өмнөөс байсан юм, намайг хэрэг гардгийн өмнөх орой гэрт байхад ээж ягаан бандааштай байсан, ...тэр хар унждаг ээмгээ би ээжийн хувцасны хулдаасан шкафт хийчихсэн байсан, тэгээд дүүг би хутгалж байхад хувцасны шкафнаас унасан байх даа тэрнээс зүүгээгүй байсан, айгаад би хэрэг хийгээгүй юм аа гээд мэдүүлэг өгчихсөн юм аа, ер нь би энэ хэргийг үйлдэхэд маш их цочирдсон байсан, зарим зүйлийг ердөө мэдэхгүй байна, хөнгөн зүйл ангиар ял сонсгож байгаад би хэргээ хүлээж байгаа юм бишээ үнэнээ хэлээд хурдан шийдүүлэх гэсэн юм, би энэ хэргийг үйлдсэн нь үнэн, маш их гэмшиж байна, дахин ийм хэрэг үйлдэхгүй,” гэсэн мэдүүлэг  (2 хавтас 230-234 хуудас),

3.53. 2004 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Шүүх хуралдаанд Б.П-ын шүүгдэгчээр өгсөн “...Би ээжийг ажилдаа явж байгаа юм байх гэж бодоод унтаад өгсөн. Өглөө босоод бие засах гээд гарахад ээж дүү хоёр цустай хутгалдсан хэвтэж байсан. Тэгээд би орлоод гүйж гараад М.А- эгчид очоод хэлсэн. Хутгаа зааж өгвөл даалтад гаргана гэхээр нь би зааж өгсөн. Ээжийн бандаашийг би тайлаагүй. Ээжид би хүрээгүй. Байцаагч мөн үү гэхээр нь би тэгсэн гэсэн. Айсандаа болоод ийм мэдүүлэг өгсөн. Дүү ээжийг алахаар би алсан гэж хэлсэн нь бас л айсандаа хэлсэн. Ээжийн талын хүмүүс мах хамт зардаг хүмүүс орж гардаг. Тэр үед бид гурвын дунд маргаан болоогүй. Тухайн үед би сонсдоггүй чихээрээ унтсан болохоор дуу чимээ сонсоогүй.  Өглөө эмнэлэгт үзүүлэхээр явах байсан болохоор ээжийн хувцсанд ээмгээ боогоод хийсэн. Мөрдөн байцаагч намайг тэгсэн үү ингэсэн үү алуурчин энэ тэр гээд хэлээд байдаг. Урьд өгсөн мэдүүлгийг кохиож хэлсэн. Миний үс яагаад ээжийн гарт байсанд би их гайхаж байна. Би ээжид орйтоогүй тухайн үед хүн гарч яваагүй, тухайн үед зохиогоод хэлчихсэн...” гэсэн мэдүүлсэн (3 хавтас 9-11 хуудас),

3.54. 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар Б.П-ын “...Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулах үед явж байгаад нүдэнд хутга харагдсан газар тааралдахаар нь уг хутгаар гэмт хэргийг үйлдсэн гэж заасан, ...манайх хэрэг үйлдэгдэх үед хашаанд нохойтой байдаг байсан, тухайн шөнө хашаанд нохой байсан, ...ээж эрэгтэй дүүг хаалга цоожил гэж хэлээд цоожлуулсан гэж бодож байна, тогтмол цоожилж унтдаг, гэрт гаднаас хүн орж ирж байгаа чимээ гараагүй, ээжийг ажилдаа явах үед гадаа цаг агаар хэвийн бороо ороогүй байсан, тэр хэрэгт гардаг өдрийн оройноос бороо орж эхлээд шөнө дунд бороо их орж байсан...” гэсэн мэдүүлэг (5 хавтас 7-12 хуудас).

 

            4. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар Улсын яллагчаас гаргасан дүгнэлт:     ... Хэргийн газраас Б.П- гэмт хэрэг үйлдээгүй гэх баримт олдохгүй байгаа. Хэргийн газарт байсан хаалга эвдрэл, гэмтэл байхгүй, гаднаас хүн орж ирсэн гэх шинж байхгүй, нохойтой байсан нөхцөл байдал байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар өмгөөлөгчийн хувьд хэд хэдэн нотлох баримтыг хасуулъя гэдэг санал тавиад байна. Нэгдүгээрт гэрч н.Алдармаагийн мэдүүлэг гэж байна. Энэ хүн бол ангийн багш нь байгаа, Б.П-ын хувийн байдлын талаар мэдүүлэг өгсөн. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй учраас нотлох баримтаас хасуулах үндэслэл байхгүй. Хоёрдугаарт үсний дүгнэлт байгаа. Үсний дүгнэлтийг шинжээч томилох тогтоолд заасны дагуу, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг дагуу тогтоол гаргаж мөрдөгч шинжээч томилсон байгаа учраас хууль зөрчөөгүй тул үсний дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах үндэслэл байхгүй. Гуравдугаарт үсний шинжээчийг гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд н.Гэрэл гэж хүн байгаа. Зарим эд мөрийн баримтууд байхгүй болсон учраас дахин шинжилгээ хийх боломж байхгүй. Харьцуулах шинжилгээ хийх объект нь байхгүй учраас гэрчийн мэдүүлэг авсан байгаа. Энэ дээр уртын хэмжээг харахад боломжтой байна гэсэн байгаа. Цогцосны үзлэг, нас барсан дүгнэлт, үс авсан дээж зэрэг бичгийн баримтуудыг үзэх юм бол Б.П-8 см урт үстэй, Б.П- 11 см урт үстэй, талийгаач н.Ч.Б- 50 см урт үстэй байгаа. Тэгэхээр талийгаач н.Ч.Б- алганаас олдсон үс бол 11 см урттай үс байсан. Үүнийг шинжээч гадна хийц байдлыг нь хараад уртын хэмжээг тооцоогүйгээс болоод н.Б.П- үс байна гэж тогтоосон. Үүнийг н.Гэрэл гэдэг хүн мэдүүлгээрээ үндэслэлийг тайлбарласан байгаа.  Мөн дахин нэг зүйлийг хасуулъя гэж байна. Мэдүүлэг шалгах тэмдэглэл, мэдүүлэг шалгаад хутга заасан тэмдэглэл дээр мөрдөгчийн даалгаврын дагуу ажиллагаа явуулсан. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.14-д гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоох зорилгоор зайлшгүй хийгдэх гүйцэтгэх ажлыг эрх бүхий байгууллагад даалгавар бичиж гүйцэтгүүлэх эрхтэй. Гүйцэтгэх ажлын даалгавар гэдэг маань нууц ажиллагаа байх ёстой учраас хэрэгт энэ даалгавар хавсаргагдаагүй юм. Полиграфын магадлагаа гарсан бөгөөд тогтоол нь гүйцэтгэх ажиллагаа, магадлагаа нь ил байгаа. Шинжээчийн дүгнэлт шинжээч томилох тогтоолтойгоо хамт байгаа. Гүйцэтгэх ажлын дагуу ил болгож байгаа нь магадлагаа байгаа. Полиграфын магадлагаа зарим зүйл нь үнэн, зарим зүйл нь худлаа гэсэн байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.П- Цагдаагийн байгууллагад сэжигтэн болон яллагдагчаар нийт 18 удаа мэдүүлэг өгсөн байгаа. Энэ бүх ажиллагаанд н.Оюунбилэг гэдэг өмгөөлөгчтэй орсон. Насанд хүрээгүй байсан учраас н.Оюунбилэг өмгөөлөгчийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулж байгаа нь хууль зөрчсөн ажиллагаа биш. Полиграфын магадлагааг хууль ёсны үндэслэлтэй, хүчин төгөлдөр баримтад тооцох юм. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан.  Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-д эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох ба ингэхдээ нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх үйл ажиллагаатай полиграфийн дүгнэлт хамаарна гэдэгтэй энэ дүгнэлт хууль зөрчөөгүй нь холбогдож байгаа. Б.П-ын хувьд яллагдагч гэдэг статустай хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д яллагдагч сонсгосон ялын талаар үндэслэл, түүнчлэн хэргийн талаар өөрийн мэдэж байгаа зүйл, хэрэгт цугларсан нотлох баримтын талаар мэдүүлэг өгөх эрхтэй гэж заасан. Үүрэгтэй биш эрхтэй гэж заасан. Үүний дагуу н.Оюунбилэг өмгөөлөгчийг оролцуулж мэдүүлэг өгсөн байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-д яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар нотлогдвол яллах үндэслэл болно гэж заасан байгаа. Өөрийн мэдүүлгийг хүлээж 3 удаа, хүлээгээгүй 15 удаа мэдүүлэг өгсөн байгаа. Мэдүүлэг тус бүр өөр өөр байдлаар байдаг. Эдгээр мэдүүлгүүдээс хэргийн ул мөртэй холбоотой өөрийнх нь яллагдагчаар болон сэжигтнээр өгсөн мэдүүлгүүдийг уялдуулж үзэх юм бол хэргийн үйл баримтыг заасан өөрийнх нь мэдүүлгийн зарим зүйл нь үнэн, зарим нь зүйл худлаа гэдэг нь полиграфийн магадлалд туссантай адилхан гэж үзэж болохоор байгаа юм. ...,

            Талийгаач нарын хоорондын харилцаа хамаарлыг шалгасан байгаа. Б.П-болон н.Ч.Б- нар хоорондоо харилцаа муу байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин эсрэгээрээ талийгаач Д.Ч.Б- нь Б.П-тай таарамжгүй харилцаатай. Хэрэг болохын өмнөх өдөр талийгаачаас мөнгө нэхэж ажил дээр нь очиж хэрүүл хийсэн гэдгийг гэрчүүд мэдүүлж байгаа. Тухайн шөнө бороотой байсан. Хэрвээ бороонд нороод бөөм задрал явагдсан байсан бол цусны бүлгийг тогтоох боломжгүй байсан. Гэтэл цусны бүлэг нь 2 дугаар бүлэг гэж гарч ирсэн. Талийгаач н.Ч.Б-, шүүгдэгч Б.П- нар 3 дугаар бүлгийн цустай. Тэгэхээр энэ цус бол хамгийн сүүлийн байдлаар эндээс гарч ирээд ийшээ хаягдсан цус байгаа. Өөрөөр хэлбэл хутгыг арчсан гэж дүгнэх хууль зүйн дүгнэлт өгөх үндэслэл болж байгаа. Хутгаа арчаад угааж цэвэрлээд ийшээ гаргаж хаясан. Тухайн шөнө бороо зогссон гэж гэрчүүд мэдүүлж байгаа бөгөөд бороо зогсоогүй байсан бол цусны бүлэг байтугай мал, амьтны цусыг ч тогтоох боломжгүй байх байсан. Гэтэл 2 дугаар бүлгийн цус гэж гараад ирсэн байгаа. Тэгэхээр түрүүлж амь хохирогч н.Ч.Б- нас барсан, дараа нь н.Б.П- нас барсан гэж үзэх хууль зүйн дүгнэлт болж байгаа. Талийгаачийн дээл мөн байдаг. Нас барах өдрөө өмсөж явсан бөгөөд цагаан өнгийн өмд, халаасандаа 1 сая гаран төгрөг оёдолтой байсан. Талийгаачийн зүүн гаранд бага зэрэг эсгэгдсэн, тэмцэлдсэн мөр байдаг. Гар хэсэгт нь эсгэгдсэн мөр байгаа. Талийгаачийн ээмэг, бөгж хэвэндээ, нэг бөгж нь шамбийсан байсан. Талийгаач н.Б.П- хувьд дээгүүрээ нүцгэн, унтаж байсан байдалтай байсан. Өөрийнх нь мэдүүлгийн эх сурвалж нь бусад байдлаар тогтоогдож байгаа учраас Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн гэм бурууг хүлээсэн баримт нь нотлох баримтаар батлагдаж байна гэж үзэх үндэслэл болсон юм. Тийм учраас гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэрэг үйлдэхдээ хулгайн гэмт хэрэг үйлдэх зорилгоор орсон. Хутгыг гаднаас авч орж ирсэн гэж Б.П- мэдүүлж байгаа. Гаднаас ууттай тортой зүйл авч орсон гэдгийг гэрч н.Болдбаатар мэдүүлж байгаа. 17 цагийн үед талийгаач хоёр гэр рүүгээ цэнхэр тортой зүйл бариад орсон гэдгийг хэлдэг. Ийм учраас хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэж байгаа тул яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт үйлдсэн. Хутгыг талийгаач хоёр барьж орж ирсэн гэдэг. Энэ бол Б.П-ын өөрийнх нь мэдүүлэг байгаа. Ямар хутга гэдэг нь тодорхойгүй байгаа. Өмгөөлөгчийн зүгээс таньж олуулах ажиллагаа гэж яриад байна, энэ нь гэрт нь байсан хутга мөн үү л гэдгийг хэлээд байгаа юм. Тортой эд зүйлд хутга байсан гэдгийг Б.П- өөрөө мэдүүлж байгаа бөгөөд талийгаач н.А.Б-энэ хутгыг амбаарт хий гэхэд н.Б.П- амбаар ороод нэлээн байж байгаад гэртээ орж ирсэн гэдэг. Гэрт нь үзлэг хийхэд ганц ширхэг заазуур гарч ирсэн. Энэ хутгыг Б.Б.П-д өгөөд, Б.П-гарч яваад буцаж орж ирсэн гэдэг. Заазуур дээрээс цус илрээгүй. Дахин нэг хутга байсан, тэр нь олдоогүй. ...

            ... Шүүгдэгч Б.П- би гэмт хэрэг үйлдээгүй, гаднаас хүн ирсэн байх, хаалгаа түгжээд унтсан, би хараагүй, сонсоогүй, ээж дүү хоёрыг алсан нь үнэн, хутгаа зааж өгсөн нь үнэн, надад айгаад бусдыг нуусан зүйл байхгүй, гаднаас хүн ирээгүй, би мэдэхгүй, үдээсээр дүүгээ боомилсон, хутгыг жалганд хаясан, би хутгыг мэдэхгүй, хутга тохиолдлоор гарч ирсэн, ээмгийг хулдаасан шүүгээнд хийсэн, ээмэг яагаад дүүгийн цогцос доороос гарч ирснийг мэдэхгүй байна, ээж намайг мөнгө хулгайлж байсан гэж гэрээс хөөж байсан гэж янз янзаар мэдүүлдэг. Хэрэг болохоос өмнө шүүгдэгч Б.П- амь хохирогч н.Ч.Б- мөнгийг хулгайлж байсан талаараа сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ дурдсан. ... Эдгээр мэдүүлгийг давхар гэрч н.Уранчимэг, н.Энхтуяа, н.Дуламсүрэн, н.Маруся гэж хүмүүс гэрчлээд байдаг. Тухайн хэрэг гардаг өдөр Б.П- ээжийнхээ ажил дээр очиж мөнгө төгрөг нэхэж маргалдаад байсныг гэрчүүд гэрчилсэн. Хэргийн газрын үзлэгийг харахад гаднаас хүн орж ирээгүй, ул мөр байхгүй, хаалга цоож эвдрээгүй, эд зүйл алдагдаагүй, ээмэг, бөгж нь чих, гарт нь зүүлттэй байсан. Мөн талийгаач нарыг бэлгийн харьцаанд орсон эсэхийг шалгахад эд мөр олдоогүй, эр бэлгийн эс илрээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх бүхий л ажиллагааг явуулсан боловч хэрэгт Б.П-аас өөр хүн оролцсон гэх үйл баримт байхгүй байна. Гэмт хэрэг үйлдэгдэх үед Б.П-, Б.Б.П-, Д.Ч.Б- нар л байсан. Б.П- нь хоёр талийгаачийг унтаж байхад ээжийнхээ унтаж байсан өрөөнд орж өмдний халааснаас шунахайн сэдэлтээр мөнгө хулгай хийх зорилгоор орсон болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд болон гэрэл зургийн үзүүлэлт, Б.П-ын өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байгаа. Тухайн эд зүйл, мөнгөтэй эд зүйл нь газарт хөглөрсөн байсан. Өөрөөр хэлбэл Б.П-, н.Ч.Б- нар нь дээрх асуудлаас болж маргасан. Улмаар Б.П-ын барьсан хутганы эсрэг тэмцэлдсэн болох нь цогцосны үзлэгт хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон бөгөөд талийгаачийн зүүн гарт эсгэгдсэн, бөгж нь шамбийсан байгаа. Б.П- хэргийн газар байсан нь энэ хүний үс, триконы дээд талын гадна хэсэгт арчигдсан цус, ээмэг газарт унасан, цогцосны доороос гарч ирсэн байдаг, талийгаач н.Ч.Б- хажууд байсан тал ч гэсэн оймстой хөлийн мөр, таавчикаа тайлж орхисон байдал зэргээр нотлогдож байгаа. Цаа гутлыг өмсөж гарсан эд мөрийн баримт байгаа. Цус арчсан гэх хөвөн, хутга зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Хөвөнгийн хувьд гэрт байдаг гэдгийг тухайн гэрт амьдардаг энэ 3 хүнээс өөр хүн мэдэхгүй шүү дээ. Тэр хөвөн яаж яваад хэргийн газраас гараад байшингийн гадна очсон бэ гэдэг бас сонирхол татахаар байгаа. Яллагдагч Б.П- нь амь хохирогч н.Б.П-, н.Ч.Б- нарыг хутгалж алсан болох нь яллагдагчаар Б.П-ын удаа дараа өгсөн мэдүүлэг, хутгыг цэвэрлэсэн хөвөнг хэргийн газраас олж тогтоосон үйл баримтаар тогтоогдож байгаа. Яллагдагчийн хутгалсан хутгаа жалганд хаясан гэх мэдүүлэг нь мэдүүлэг шалгах ажиллагаагаар давхар нотлогдсон. Уг хутгыг олж тогтоон шинжилгээний байгууллагад хүргүүлсэн боловч талийгаач нарыг уг хутгаар хутгалсан байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Амь хохирогч н.А.Б-гэрт байсан өөрийнх нь гутлын хар өнгийн үдээсээр боомилсон болох нь дүгнэлтээр давхар тогтоогдож байгаа. Б.П- нь Цагдаагийн байгууллагад сэжигтэн, яллагдагчаар 17 удаа мэдүүлэг, шүүхэд 1 удаа мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөх болгондоо зөрүүтэй, урьд өгсөн мэдүүлгээсээ буцсан эсхүл урьд өгсөн мэдүүлгээ бататгасан хариултыг өгдөг. Сүүлдээ мэдүүлэгтээ болсон зүйлийг талаар хараагүй, мэдэхгүй, сонсоогүй, өөр хүн байсан, гаднаас л хүн орж ирсэн байх, н.Ч.М- ах л байсан гэж өөрөөсөө бултуулах, зайлуулах оролдлого хийсэн мэдүүлэг өгч байсан. Б.П- дээрх мэдүүлгийг өгөхдөө н.Оюунбилэг өмгөөлөгчийн хамт л мэдүүлгээ өгч байсан. ... Б.П- нь гэрээсээ мөнгө хулгай хийдэг байсан. 2003 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед ээжийнхээ ажил дээр очиж мөнгө нэхэж хэрүүл хийсэн. Тэр оройдоо ээж, дүү нарыгаа орондоо орж унтсан хойно нь ээжийнхээ өмдний халааснаас шунахайн сэдэлтээр мөнгө хулгай хийх гэж байгаад баригдсан. Тухайн цаг хугацаанд талийгаач н.Б.П- унтаж байсан. Ийнхүү ээжийгээ хутгалсны дараа дүү н.Б.П- нойрмог босоод ирэхэд хутгалсан. Ингээд н.А.Б-хөдлөөд байхаар нь үдээсээр хоолойг нь боосон.  Ийнхүү боосон гэдгээ мэдүүлдэг ба үдээсээр үйлдэгдсэн талаар дүгнэлт гарсан. Хэргийн газраар талх, эрх, талийгаачийн ногоон дээл, мөнгө газраар хөглөрсөн байдалтай, өмдөн дотроо мөнгө хийж оёсон, ийнхүү үүдэнд цоожтой байсан амбаараас хөвөн авч цустай хутгаа цэвэрлэсэн болох нь тогтоогдсон. Тухайн амбаарын хувьд хэргийн газрын үзлэг хийхэд цоожтой байсан нь тогтоогдсон. Мөн н.М.А-н усны саваар ус хутган авч угаасан, уг хөвөн тэдний байшингийн баруун араас олдсон. Хөвөнгөөс талийгаач н.Б.П- 2 дугаар бүлгийн цус илэрсэн, шөнө аадар бороо орж байсан тул хэргийн газарт байсан цаа гутал шавар болж, эмэгтэй хүний өмд чийгтэй байсан бөгөөд өмдөө өмсөж гарч хутгаа хаясан. Эдгээр үйл баримт нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон. Энэ цаа гутлыг Б.П-аас өөр хүн өмсөж гарсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул гэм хэргийг үйлдсэн гэж гэм буруугийн дүгнэлтийг гаргасан.

 

5. Шүүгдэгчийг цагаатгах талаар өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт:

5.1. Өмгөөлөгч С.Тэгшжаргал: “... Хэргийн байр суурийг шүүх хуралдаан эхлэх үед танилцуулсан. Өмгөөллийн дүгнэлтээ 3 үндсэн хэсэгт хувааж тайлбар хийе. Нэгдүгээр энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдсан буюу нотлох ажиллагаа хийгдсэн байдаг. Хоёрдугаарт өнөөдрийн шүүх хуралдаанд оруулж ирсэн улсын яллагчийн байр суурь, яллах дүгнэлтэд заасан нотлох баримтыг няцаах баримтуудад үндэслэж дүгнэлтээ явуулъя. Гуравдугаарт материаллаг болон процессын эрх зүйн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийх байдлаар өмгөөллийн дүгнэлтээ явуулъя. Нэгдүгээрт мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн явагдсан, ямар нөхцөл байдал үүссэн асуудлыг өнөөдрийн хуралдааны оролцогчид бид шинжлэн судаллаа. Улсын яллагч сая зураглал байдлаар тайлбар хийж байна. Үндсэн санаагаа дэвшүүлэхдээ хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримтуудтай уялдуулах байдлаар тайлбарлаж байна. Өмгөөллийн дүгнэлтэд нэг зүйл хэлье. Өнөөдрийн улсын яллагчийн гаргасан санаа 2003 онд яг адилхан байсан учраас энэ хоёр хүнийг бүрэлгэсэн, онц харгис хэрцгий гэж үзэх хэргийн эзэн, холбогдогч тогтоогдоогүй юм. Яагаад гэвэл тухайн үед мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нар, хянаж байгаа прокурорууд яг энэ санааг дэвшүүлж амжилт олоогүй гэсэн үг. Энэ хэрэгт гаднаас хэн нэгэн орж ирж аллага үйлдээгүй юм гэсэн бат итгэл энэ хүмүүст бий болсон. Зөвхөн энэ хэрэгт 3 хүний 2 хүн нь амь үрэгдээд, 1 хүн амьд үлдсэн учраас гээд завин дээр суусан 3 далайн дээрэмчний 2 нь үхээд, 1 хүн нь амьд үлддэг жишээн дээр тайлбарласан. Тэгэхээр бодит хэргийн үйл баримт юутай холбоотой вэ гэхээр хэрэг гарсан газрын зураглал, тайлбар байна. Дугаараар тэмдэглэсэн байгаа. хэрэг гарсан гэх байшингийн дугаарыг 5 дугаараар тэмдэглэсэн, гараашийг 6 дугаараар тэмдэглэж, амбаарыг 7 дугаараар тэмдэглэсэн байгаа. Тэгээд жорлон, хогийн цэг зэрэг зүг чигийн байрлалыг заасан. Улсын яллагчийн зураглал хийсэн байдлыг өнөөдрийн яллах дүгнэлтэд дурдсан 1-43 гэх дугаарласан нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан энэ хэргийг яллах шууд нэг ч нотлох баримт байхгүй. Яллах дүгнэлт яаж эхэлдэг вэ гэхээр 3 дугаар хавтаст хэргийн 9-11 дүгээр талд авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Ц-ийн мэдүүлэг. Энэ мэдүүлэгт ...үсний шинжилгээг харахад 3 хүн ноцолдсон юм шиг байгаа юм. Алах болсон гол зорилго бол мөнгө байсан байх гэж бодож байна... гэсэн хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр яллах дүгнэлт эхэлж байгаа. Тэгэхээр энэ яллах дүгнэлтийн бичгийн нотлох баримтууд юунд үндэслэж эхэлж байгаа нь ойлгомжгүй болж эхэлж байгаа. Шүүх хуралдаанд хэлсэн, тэр хэрэг дээр байгаагүй хүний мэдүүлэг энэ хэргийн аллагын гол нотлох баримт яагаад болдог юм бэ гэдэг асуудал байна. Хоёр дахь асуудал бол хэргийн газраас трико олдсон, цусаар бохирлогдсон трико олдсон. Хэц дээр тохсон байсан. Энэ цустай трико  Б.П-ынх уу, эсхүл амь хохирогч нарын хэн нэгнийх үү гэдгийг тогтоосон баримт байхгүй. 2 дугаар хавтаст хэргийн 185 дугаар тал, 190 дүгээр талд 2 шинжээчийг байцаасан байгаа. Энэ тэмдэглэл дээр шинжээч н.Сүхбаатар, н.Болдбаатар нар хүний цус мөн байна, триконы дээд дээд резины буюу хэвлий хэсэгт цус илэрсэн байна гэсэн байгаа. Энэ хэнийх болохыг тогтоох ажиллагаа хийгээгүй. Дээрээс нь оймстой хөлийн мөр бүхий цусаар бохирлогдсон мөр үлдсэн гэдэг. Энэ мөрийг мөн шинжээч тайлбарласан. Хөлийн мөр гэж яг хэлэх боломжгүй байсан. Харьцуулах мөр байгаагүй гэсэн. Тийм учраас эцсийн дүгнэлт гарах боломжгүй гэсэн. Яг хөлийнх үү, тохойнх уу гэдгийг тодорхойлох боломжгүй байна. Цусны бүтэц мөн амь хохирогчийнх уу, Б.П-ынх уу гэдгийг тогтоох боломжгүй гэсэн. Дараагийн асуудал бол хөвөнгийн асуудал яригддаг. Хэрэг гарсан гэх уулын 10 дугаар гудамжаас 2 гудамжны цаана хөвөн олдсон гэж байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 206 дугаар талд шүүх шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр илрүүлсэн материалуудад харьцуулах шинжилгээ хийсэн бөгөөд хэргийн газраас хурааж авсан гэх хөвөн маягийн материалтай хэсгүүд нь шинж бүтцээрээ ялгаатай байна гэсэн байгаа. Дээр нь тайлбар хийхдээ харимхай чанар, уян чанар, бусад шинж байдлаараа өөр, өөр байна гэдгийг тогтоосон. Улсын яллагч тайлбарлахдаа нэг үйлдвэр үйлдвэрлэсэн үү гэж асуусан, нэг хөвөн үү гэж асуусан бол нэг гээд хэлчих байсан гээд таамаглал яриад байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр энэ асуудал ингээд няцаагдаж байна. Дараагийн асуудал бол хутганы асуудал байгаа. Малчны гудамж гэх жалганаас олдсон хутганы асуудал байгаа. Энэ хутгыг мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа, зам орчныг шалгах ажиллагааны явцад хэрхэн, хаагуур яаж явж, хэрхэн олж тогтоосон тэмдэглэл хэрэгт авагдаагүй. Тухайн хутгыг мэдүүлэг шалгах ажиллагааны явцад Б.П-д танилцуулж, бэхжүүлж авсантай холбоотой зураг, дүрс бичлэг, видео бичлэг хэрэгт авагдаагүй. Энэ ажиллагаанд Б.П-ын өмгөөлөгч хэн, ямар байдлаар оролцсон нь тодорхойгүй, энэ талаар баримт байхгүй. Дараагийн асуудал бол  үсний шинжилгээний асуудал байгаа. Үсний шинжилгээнд хүний үс байна гэдгийг л тогтоосон. Тухайн цогцос дээрээс, хөлийн хажуугаас, гарын алга дээрээс авсан гэх үсийг хурааж авсан гэж хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан болохоос биш бэхжүүлж авсантай холбоотой баримт байхгүй. Мөн Б.П-ын үстэй харьцуулсан шинжилгээ хийсэн дүгнэлт байхгүй. Шүүгч асууж байсан, тухайн 5 өөр цэгээс үс авч дүгнэлт гаргалаа гэсэн, уртын хэмжээний асуудлыг янз бүрээр тайлбарладаг. 11 см, 45  см, 51 см гэж тайлбарладаг, үүнтэй харьцуулсан шинжилгээ хийгдээгүй. Дараагийн асуудал бол амь хохирогч н.А.Б-ам багалзуур хэсгээр нь хойш нарийн уяа, бэхэлгээ мэт зүйлээр татаж хөдөлгөөнгүй байлгаж байгаад хутгалсан гэх үйл баримт яригддаг юм. Энэ дээр хэн ямар байдлаар, ямар аргаар үйлдсэн бэ гэдэгт дүгнэлт хийгээгүй. Энэ 15 настай охин 51 настай, 15 настай хоёр хүний амь насыг бүрэлгэх хэмжээний хүч чадал, нөөц боломж, довтолгооны шинж байдал байгаа эсэхэд анхан шатны туршилт хийхийг оролдоогүй. Тэр хүний бие организмын байдал, эрэгтэй хүүхдийн бие организмын байдал, энэ хүний өндөр нам, жин, хүчний байдалтай холбоотой асуудлыг тогтоох ажиллагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгээгүй. Ингэснээр энд авагдсан ерөнхий нөхцөл байдлуудаар Б.П-аар гарцаагүй болоод байгаа учраас би гэм буруутайд тооцуулах гээд байгаа гэдэг нь Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд заасан хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь эх сурвалжийг тогтоох, магадлах аргаар гэх процесс хуулийн заалттай нийцэхгүй байна. Иймд хууль зүйн хувьд дараах дүгнэлтүүдийг хийж байна. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 1.9 дүгээр зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох, хуульд заасан бүхий л аргаар тогтоох ёстой гэсэн заалт байна. Энэ дээр полиграфын шинжилгээ бол нууц ажлын, гүйцэтгэх ажлын нотлох баримт юм, нотлох баримтын хэмжээнд үнэлье гэж байна. Полиграф гэдэг ойлголт хэргийн нотолгоо, шүүгдэгч, гэрч, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг баталгах зорилгоор сэтгэл зүйн хувьд хийж байгаа тест. Энэ нь ямар нэгэн процесс хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн, нотлох баримтын хэмжээнд үнэлэх зүйл биш. Гэхдээ манай улсын яллагчийн хэлж байгаа шиг нотлох баримтын хэмжээнд үнэлээд үзэх юм бол өнөөдөр танилцуулсан полиграфын магадалгааны дүгнэлт Б.П- энэ хэргийг үйлдээгүй гэх магадлал 93 хувь, 88 хувь гээд тус бүрээр нь тогтоосон. Хэргийн газарт байгаагүй гэдэг нь 90 хувь, энэ хэргийг үйлдээгүй гэдэг нь 91 хувь гээд тогтоосон. Дараагийн асуудал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйл, мөрдөн шалгах ажиллагаа эрүү шүүлт, хүнлэг бус харилцаанаас ангид явагдах ёстой. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа хүнлэг бус харьцсан, нэр төр, алдар хүнд, сэтгэл санаанд хохирол учруулах аргыг хэрэглэхгүй ээ. Тухайн үед авсан 18 удаагийн мэдүүлэг, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад авсан мэдүүлэг дандаа хөтөлсөн, тулгасан, тухайн хүний сэтгэл санаанд дайралт хийсэн нэг ёсондоо эрүүдэн шүүх хэлбэрийн байцаалт авах ажиллагаа явагдсан. Монгол улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид 1987 онд нэгдсэн, процесс хууль үүний дагуу хэрэгжиж, нотлох ажиллагаа ч үүний дагуу явагддаг. Үндэслэл гэвэл эхний хоёр хавтаст хэрэгт байгаа мэдүүлгийг харахад ...чи яагаад нуугаад байгаа юм, чи хүн нуугаад байгаа юм биш үү, чи хутгалсан биз дээ, хэргээ яагаад хүлээхгүй байгаа юм, чи өмсөж явсан триконы доод хэсгийг хайчилсан биз дээ, цустай хэсгийг нь амбаарт аваачиж нуусан биз дээ... гэдэг ийм асуулт эдгээр мэдүүлэгт хэдэн арваараа байгаа. Тийм учраас энэ байцаалт авах ажиллагаа хүнлэг бус, шахалт үзүүлсэн аргыг хэрэглэсэн байна гэж үзэж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нотлох баримтаар тооцогдох боловч бусад нотлох баримтаар нотлогдохгүй бол дангаараа нотлох чадвараа алдана гэж заасан. 15 удаа хэрэг хийгээгүй гэж мэдүүлсэн, 3 удаа би хутгалаад алчихсан юм гэж мэдүүлсэн. Шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлье, энэ хүн хүлээж байна гэвэл энэ хүний хүлээж байгаа мэдүүлэг, прокурорын гаргасан зураглалтай шууд хэрхэн холбогдож байна вэ, тийм баримт байхгүй. Энгийн түвшинд аваад үзэхэд ийм байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-д яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа нотлох баримтын эх сурвалж болохгүй гэж заасан. Энэ дээр тодотгож заахдаа хууль тогтоогч хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж зааж өгсөн. Энэ нь хуучин процессын хуульд ч байсан. Энэ бүгдээс дүгнэж үзэх юм бол мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3-д заасныг зөрчиж явуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 1.9 дүгээр зүйл, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3, 8.1-д заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндсэн зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцээгүй ажиллагаа явагдсан байна. Ингэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Нотлох ажиллагааны хувьд алдаатай нөхцөл байдал, хэргийг шууд нотолсон нотлох баримт байхгүй учраас нотлох баримтаас хасуулах шаардлага бүхий 4 асуудал байгаа. Үүнийг өмгөөллийн дүгнэлтэд дурдъя. Хавтаст хэргийн 77 дугаар талд авагдсан үсний шинжилгээтэй холбоотой дүгнэлт яагаад нотлох байдлаа алддаг юм бэ гэхээр манайд ийм мэргэжилтэн байхгүй, нарийвчлан тогтоох техник ч байхгүй, тийм учраас бид хүний үс гэдгийг тогтоолоо, бусдыг нь тогтоох боломжгүй юм байна, манай дүгнэлт ер нь учир дутагдалтай шүү гэдгийг өөрсдөө заагаад өгсөн. Дээрээс нь гэрч н.Алдармаагийн мэдүүлэг байна. Энэ мэдүүлэгт ...энэ хүүхэд сэтгэцийн хувьд эрүүл биш байх, муу сурдаг, удаан ойлгодог, манай ангийн хүүхдүүд энэ хүүхдийг том ангийн хүүхдүүдтэй нийлээд явж байхыг харсан, гэр бүлийн хараа хяналт сул...гэсэн хувь хүний бодлыг шинжээчийн дүгнэлтийн түвшинд, яллах баримтад оруулж тооцож байгаа нь энэ хүний хувийн байдлыг тогтоосон хэн нэгний бодлыг хэрэгт авагдсан этгээдийн хувийн байдал болгож дордуулж байгаа нь үндэслэлгүй тул хасах санал гаргасан. Шинжээч эмч н.Гэрэлийн мэдүүлэг ...тухайн нөхцөл байдалд төсөөлөх байдлаар хэлсэн юм, тэрнээс биш яг тогтоосон зүйл байхгүй гэсэн байгаа. Ийм нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлж, гэм буруутайд тооцох үндэслэл байхгүй юм.

... Хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.6 гэсэн 3 хүндрүүлэх үндэслэлээр зүйлчилж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор хүн алсан гэсэн байгаа. Таны яллах дүгнэлтэд ямар гэмт хэрэг үйлдээд тэрийг нь хохирогч нар мэдээд тэрийгээ далдлах зорилгоор тухайн хүний амь насанд хохирол учруулж хутгалж алсан гэх үйл баримт нэг ширхэг байхгүй. Шүүгч асууж байсан, энэ хүний гэмт хэрэгт холбогдсон, зөрчилд холбогдсон гэх АСАП сангийн мэдээлэл байна уу гэсэн. Хувийн байдлыг тогтоосон Цагдаагийн байгууллагын тодорхойлолт байна уу гэсэн байгаа. Ээж нь л ...манай хүүхэд жоохон буруу хүмүүжилтэй байна, мөнгө алга болоод байх шиг байна...гээд хамт ажилладаг махны ченж эмэгтэйчүүдэд хэлж байсан гэдгийг тухайн хүмүүс л ярьдаг. Энэ нь Б.П-ыг хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан юм уу, өөр ямар нэг хэрэг үйлддэг гэдгийг шууд тогтоох баримт биш. Хоёрдугаарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д өөртөө ба бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор хүн алсан гэсэн байгаа. Хуучин хуулиар шунахайн сэдэлтээр хүн алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 гэдэг заалт байна. Б.П- өөртөө ямар эд зүйл олж авах шунахайн сэдэлт үүссэн, хүн алахын өмнө энэ сэдэл нь хэзээ үүссэн гэдгийг, үүнийг ямар аргаар хэрэгжүүлсэн гэдэг баримт авагдаагүй. Тэгээд 2 хүний амь насыг бүрэлгэсэн гээд 3 үндэслэлээр яллаж байгаа. Тэгэхээр таны зүйлчилж оруулж ирсэн зүйлчлэлийг нотлох баримт таны яллах дүгнэлтэд байхгүй байна. Дараагийн асуудал хуучин цуглуулсан баримтад үндэслээд хуучин таамгаар оруулж ирээгүй. Хуучин 93 дугаар зүйлийн 93.1-ээр шүүхэд орж ирснийг 10.1 дүгээр зүйлд зааснаар оруулж ирсэн бөгөөд хүндрүүлж оруулж ирсэн. Шинэлэг байдлаар энэ хэрэг дээр ажилласан гэж байна. Таны яллах дүгнэлтэд  2017 оноос хойш таны явуулсан ажиллагаагаар тогтоосон баримт нэг ширхэг алга, дандаа 2003-2004 оны нотлох ажиллагааны юм байна. Шинээр тогтоож ирсэн юм бол 2017 оноос хойш хүн амины хэрэгт ач холбогдолтой ямар нөхцөл байдлыг тогтоосон юм. Тэрийгээ та хараад сууж байгаарай. Дараагийн асуудал бол шууд нотлох баримт шууд бус нотлох баримт гэж байгаа. Эрүүгийн эрх зүйн салбар шинжлэх ухаанд нотолгооны онол гэж том ойлголт байдаг. Кэйс дефакт ч гэж хэлдэг. Нотолгооны онол дээр юу байдаг гэхээр тухайн гэмт хэрэг үйлдсэн гэх байдлыг дамжмал бус эх сурвалжийн байдлаараа шууд магадалж тогтоож байгаа байдлыг шууд нотлох баримт гэдэг. Шууд бус гэдэг бол тухайн хэргийн үйл байдалтай холбогдож болзошгүй гэх баримтуудыг хэлдэг. Б.П- энэ хоёр хүний амь насыг бүрэлгэсэн гэх шууд нотлох баримт юу гэхээр жишээн дээр хэлэхэд үсний шинжилгээгээр яг Б.П-ын үс гэж гарсан гэх дүгнэлт, яг атгасан гэрэл зураг нь энэ байна, бөгсөн дээр байсан үс нь энэ байна, оймсны мөр нь Б.П-ын мөр, хэлбэртэй тохирч байна гэх баримт байх ёстой. Дээрээс нь амбаарт байсан хөвөнгөөр хүн алсан гэх хутганы цусыг арилгах зорилгоор арчаад 2 гудамжны цаана хаясан гэх нь асуудалтай. Тухайн хөвөн дээр байсан цусны шинжилгээг хийж ДНК бүтэц, бүлгээр энэ хүн мөн байна гэж тогтоосон бол энэ чинь шууд нотлох баримт болох юм. 200 литрийн савтай усаар цусаа угаагаад хутгаа арчаад явсан гэдэг, тэгвэл үүнийг холбосон баримт чинь хаана байна вэ. Би энэ нөхцөл байдлыг л асуугаад байгаа юм. Тэрнээс биш тойрсон гэрчийн мэдүүлгийг шууд нотлох баримт гэж үзэхгүй. Дээрээс нь Б.П-ын хувийн байдлыг тодорхойлсон гэж байна. Энэ хүн угаасаа муу сурдаг, хүмүүжилгүй хэн ч байж болно. Тухайн өдөр ээжтэйгээ маргасан ч байж болно, 100.000 төгрөг хулгайлсан ч байж болно, ээжийнхээ мөнгийг хулгайлаад өмнө айлд очиж хонож байсан ч болно. Тэглээ гээд 7 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны шилжих шөнө үйлдэгдсэн хэргийг  Б.П- үйлдсэн гэх шууд нотлох баримт болох уу гэж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэг, 3 дахь хэсэг байна. Гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, орон зайг тогтоох ёстой асуудал бөгөөд гэмт хэрэг үйлдсэн аргыг тогтоох ёстой. Ямар үйлдлээр, ямар цаг хугацаанд үйлдэгдсэн гэдэг чинь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй. Ер нь бол богино хугацаанд нас барсан байна л гэсэн, тэр ойлгомжтой. Цус алдалтын шок болж байна, зүрхний ховдол хэсэг рүү нэвтэрч байна, тэр байтугай шинжээчийн дүгнэлт чинь шархны гүнийг хүртэл тогтоож чадаагүй шүү дээ. Ийм нөхцөл байдлыг яриад байгаа юм. Тэгэхээр энэ хүнийг буруутгах үндэслэл яллах дүгнэлтийн хэмжээнд нотлогдож тогтоогдоогүй байна. Цаа гутлын асуудал байна. Гуталд үүссэн шавар цэвэрлэхгүй бол хэдий хугацаанд байх вэ. Зөвхөн тухайн орой өмссөн байсан гутал уу, тэрийг Б.П-аас өөр хүн өмссөн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж байна. Тэгвэл Б.П- өмссөн гэдэг нь ямар баримтаар тогтоогдож байгаа юм. Хэрэгт ийм баримт байхгүй. Тэр гутлын хэн өмссөн талаар нотлох ажиллагаа хийгдээгүй, хими, биологийн шинжилгээ хийгдээгүй. Энэ нөхцөл байдлуудыг л хэлээд байгаа юм. Тийм учраас энэ хэргийн хүрээнд ийм зураглал гаргаж гэм буруугийн дүгнэлт хийж буруутгана гэдэг бол орчин цагийн шинжлэх ухаанд байхгүй ойлголт л доо.

 Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй, тогтоогдохгүй бол хэргийг цагаатгах байдлаар шийдвэрлэхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл энэ хүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн дагуу авагдсан нотлох баримт алга. Хууль зүйн дагуу авагдаагүй боловч энэ хүнийг хүн алсан гэх хэргийн шууд нотлох баримт хэрэгт авагдаагүй тул цагаатгах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

            5.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг:

            С.Тэгшжаргал өмгөөлөгчтэй байр суурь нэг байгаа. Шүүх хурал эхлэх үед байр сууриа илэрхийлсэн. Улсын яллагч өнөөдрийн шүүх хуралдаанд яллах дүгнэлтийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа маш алдаатай байдлаар тайлбарласан. Энэ хэргийг яллах болсон, яллагдагчаар татсан үндэслэлээ тайлбарлахдаа бас л алдаатай байдлаар тайлбарласан. Энэ хэргийг анх буцаасан шүүхийн тогтоол хүчин төгөлдөр тогтоол. Энэ тогтоолд хэн нэгэн эрх бүхий оролцогч, улсын яллагч эсэргүүцэл бичсэн, оролцогч нараас гомдол гаргасан зүйл байхгүй. Ингээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл 171 тоот тогтоол хүчин төгөлдөр болсон. Нэгэнт хүчин төгөлдөр болсон тогтоолд юу гэж дурдсан гэхээр тухайн үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан, талийгаачийн төрсөн том ах н.Цэвэгдорж оролцож ярьсан байдаг, яллах дүгнэлтэд энэ хүний хэлсэн зүйлийг дурдсан. Яллах дүгнэлт анхнаасаа хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй нь шууд харагдсан. Тэрийг уншаад хувь хүний хувьд хуульчийн мэргэжлийн ур чадвар дутагдаж байна гэж харсан. Сошиалаар яригдаад байдаг асуудал байдаг, юм эвлүүлээд байна гэдэг. Яг үүнтэй адил яллах дүгнэлтийн 3 дахь хэсэгт нотлох баримтын талаар 1 гээд хохирогч н.Цэвэгжав шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ гээд дурдсан байгаа. Ядаж дунд нь 3 цэг тавиад эвлүүлсэн бол бас яая гэхэв, үсний шинжилгээгээр гурвуулаа ноцолдсон юм шиг байгаа юм гээд таслал тавьсан, алах зорилго нь мөнгө байсан юм шиг байгаа гээд таслал тавьсан байна. Харамсалтай нь тухайн цаг хугацаанд ингэж яриагүй юм. Шүүх хуралдааны тэмдэглэлийг товч дурдахад ...үсний шинжилгээгээр гурвуулаа ноцолдсон юм шиг байгаа, энэ бол зохиомжоор хийгдсэн зүйл гэж үзэж байна, Б.П- бол сурлага муутай, алуурчиндаа хүрсэн балай ч биш, гэр орны хүмүүжлийг харахад хамгийн томоотой л хүмүүс баймаар юм. Ийм байдлаар л хэлдэг. Тэгээд энэ хэргийн алах зорилго нь юу байсан юм бол, танд бодож байгаа, санаж байгаа зүйл байна уу гэдэг асуултад л мөнгөнөөс л болсон байх гэж бодож байна гэсэн байгаа. Энэ бол тухайн хүний хариулт, тухайн хүний л таамаглал шүү дээ. Гэтэл энэ мэдүүлгийг хөдөлшгүй нотлох баримт мэтээр дүгнээд хамгийн нэг номерын асуудал болгочихсон явж байна. Үүнээс болж яллах дүгнэлт хууль ёсны, үндэслэлтэй болж чадсангүй гээд байгаа юм. Би улсын яллагчийг ийм байр сууринаас тайлбарлачихгүй болов уу гэж бодсон чинь хамгаалаад, үндэслэл бүхий гэж тайлбарлаад байна. Хүний хэлсэн ярьсан үг, санаа зорилгыг гол болгож байна. Хүн асуултын хариултыг хэлэхдээ, хариултаа тайлбарлахдаа нэг юмыг урдаа тодруулаад хэлчхэж байгаа юм, тэр өгүүлбэр нь юуны тухай ч байж болно, хүн алсан ч байж болно, мөнгөний тухай ч байж болно. Гэтэл тэр асуудлыг шууд үйл явдалтай холбож, шууд утгаар хэлсэн юм шиг ойлгогдуулж байна. Эндээс харахад яллах дүгнэлт үнэхээр алдаа дутагдалтай болж эхэлсэн. Түдгэлзүүлсэн цагаас эхлүүлээд ямар ажиллагаа хийгдэв гэдэг асуудлыг хэргийн материалтай танилцаж байхдаа харах гэхэд ямар ч ажиллагаа хийгдээгүй, сэргээгээд хаагаад, сэргээгээд хаасан байсан. 2015 оноос хойш нээлттэй байлгаж байсан харагдсан. Энэ бол манай улсын Прокурорын байгууллагад байдаг, он удаан жил удааширсан, эзэн холбогдогч нь тодорхойгүй, түдгэлзээтэй хэргүүдийг яаралтай түргэн шуурхай шийдвэрлэх аян зарлагддаг бөгөөд энэ аяны хүрээнд түдгэлзүүлж, сэргээгээд цаашаа ямар ажиллагаа явуулахаа мэдэхээ больсон хэрэг байсан. Яагаад гэвэл таамаглал төдий зүйлд автсан байна. Ерөөсөө л энэ байшинд 3 хүн амьдарч байсан, 2 хүн нь нас барсан, 1 хүн нь үлдсэн, тэгэхээр үлдсэн 1 хүн нь амь насыг нь бүрэлгэсэн байх бүрэн боломжтой гээд бодоод байна. Хажуу айлын н.Ганбат, н.Батцолмон гэж гэр бүлийн 2 хүн ...бид монгол гэрт амьдардаг юм, чимээ шуугиан их тод сонсогдоно, хүмүүсийн дүнгэр дүнгэр яриа сонсогдсон.. гэдэг. Дүнгэр, дүнгэр гэх яриаг хүн ганцаараа байхдаа өрнүүлэхгүй шүү дээ. Гэтэл залгуулаад пид пад хийх чимээ гарсан, залгуулаад нохой хуцсан гэдэг. Энэ асуудлыг мухарлаж шалгаад яг ямар чимээ гарсан юм, аль өнцгөөс сонсогдсон байх боломжтой юм, тухайн хүмүүсийн гэр хаашаа харсан байдалтай байсан гэх зүг чигийг нарийн сайн тодруулах бүрэн боломжтой байсан.  Анхнаасаа хэргийн газарт ирээд үзлэг хийхдээ маш дутуу хийсэн, маш хайнга хийсэн. Дахин дахин үзлэг хийхдээ өмнөх үзлэгээ үгүйсгэсэн байдалтай хийсэн. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүдийг уншиж байхад маш эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэдэг. Шинжээч хэлээд байгаа, өвдөг ч юм уу, тохой ч юм уу гаргасан мөрний толбо байж магадгүй, ямар ч байсан 2 талийгч болон Б.П-ын хөлийн мөртэй харьцуулах ямар ч боломж байхгүй гэж байгаа. Харьцуулах ямар ч боломж байхгүй гэж шинжээч дүгнээд байхад прокурор алхаад наашаа, цаашаа явсан гэж яриад байх юм. Дээр нь нэмээд дүүгээ сэрмэгц хутгалаад алчихсан юм гээд яг кино, уран зохиол ярьж байгаа юм шиг ярьж байна. Эсхүл хажууд нь нэг камер байсан юм уу, тэрийг нь бид мэдэхгүй, прокурор ганцаараа үзсэн юм уу. Эсхүл хэн нэгэн нууц гэрч байгаа юм уу, далд аргаар харж байсан гэрч байгаа юм уу. Ямар учраас унтаж сэрэнгүүт нь хутгалаад алсан гээд байгаа юм. Ямар баталгаа, нотолгоо байгаа болоод ингэж тайлбарлаад байгаа юм бэ. Энэ бол миний хувьд цэвэр таамаглал төдий байна. Таамаглалд үндэслэж болохгүй ш дээ, таамаглалд үндэслэж болохгүй гэх шүүхийн 171 тоот тогтоол гарсан ш дээ, тэгээд хэргийг нь буцаасан. Энэ хэргийн бодит эзнийг олж тогтоо гэдэг агуулгаар буцаасан. Тэгээд сүүлдээ Б.П-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрээ прокурор гаргасан. Тэгээд ямар нэгэн тодорхой ажиллагаа хийж гүйцэтгээгүй, нөгөө л эргэлзээтэй үс, нөгөө л эргэлзээтэй полиграфи, нөгөө л эргэлзээтэй гэрч нарын хулгай, мөнгө гэсэн асуудлыг яриад байна. Яг үнэхээр шунахайн сэдэлтээр хүний амь насыг хохироосон, өөр хэргийг нуун далдлах зорилгоор бусдын амь насыг хохироосон, 2-оос дээш хүний амь насыг хохироосон гээд байгаа үйлдлүүд чинь шинжгүй байна. Хэргийн газрын дутуу ч гэсэн хийсэн үзлэгийн тэмдэглэл байна. Талийгаачийн өмсөж явсан цагаан өнгийн шорт нь халаасандаа оёдолтой байсан, оёдлыг задлахад мөнгө гарч ирсэн ш дээ. Тэр оёдлыг энэ хүүхэд хэлээд байгаа, ээж оёдог байсан гэж мэдүүлдэг. Тэгвэл шалтгаан нь юу юм, олон хүнтэй зах зээлийн газар ажиллаж, амь амьдралаа залгуулж яваа хүн, ганц бизнесээ хийж эргэлдүүлж байгаа мөнгөө захын хулгайчид суйлуулчихвал яах юм бэ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу л болно ш дээ. Хоёр хүүхдээ тэжээх гэж байгаа өрх толгойлсон эхийн хувьд хэцүү л болно шүү дээ, тэр талаас нь яагаад бодож болдоггүй юм. Тэр талаас нь, эрүүл зөв ухаанаар яагаад бодож болдоггүй юм бэ. Хулгай хийх гээд авсан байгаа нь тэгвэл хаана байгаа юм бэ. Б.П- тэр мөнгийг нь өөрийн эзэмшил, ашиглалтад авсан нь хаана байгаа юм бэ, байхгүй ш дээ. Тэгээд үнэн, худлаа нь мэдэгдэхгүй, цуг амьдардаггүй хэдэн гэрч нарын мэдүүлгийг яриад байх юм. Ээжтэйгээ хэрүүл хийсэн л гээд яриад байх юм, тэр чинь баталгаатай, нотолгоотой зүйл биш шүү дээ. Хүн гаднаас нь хараад хоёр хүний харьцааг юу ч гэж дүгнэж болно. Чанга дуугаар ярилцаж болно, яагаад гэвэл охин нь сонсголын бэрхшээлтэй хүүхэд. Тийм учраас чанга дуугаар хэлсэн байхыг үгүйсгэхгүй, тэрийг нь хоорондоо хэрэлдэж байна гэж ойлгосон байхыг үгүйсгэхгүй. Аливаа юмны учир шалтгааныг зөв талаас нь дүгнэсэн бол энэ хэргийг олох боломж тухайн цаг хугацаанд Цагдаагийн байгууллага, Прокурорын байгууллагад байсан гэж харж байна. Энэ хэргийг өөрсдөө хэт их удаашруулаад, сунжруулаад, буруу зам мөрөөр энэ хэргийг хайсан. Олон янзын санаа дэвшүүлж байгааг ойлгож байна, гэхдээ явж явж хамгийн байж боломгүй хувилбарт тогтоод, энэ хүнийг яллагдагчаар татаад, шүүхээс ямар ч шийдвэр гарсан хамаагүй гэдэг байдлаар хандлага үүсгэж оруулж ирсэн нь таалагдахгүй байна. Прокурорын байгууллага яллах болон цагаатгах талын нотлох баримтыг хамтад нь зэрэгцүүлж байгаад хууль зүйн талаас нь дүгнэлт хийж, нотлох баримтыг бүрдүүлж оруулж ирэх ёстой. Тэгвэл энэ хүнийг цагаатгах нотлох баримт нь хаана байгаа юм. Прокурорын яллах дүгнэлтэд цагаатгах баримт байхгүй байна, гэхдээ миний хувьд цагаатгах баримт байна гэж харж байна. Хэргээр дүүрэн цагаатгах талын нотлох баримтууд харагдаж байна. Эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх эрх чинь байгаа ш дээ. Тийм учраас прокуророос хууль зүйн үндэслэлгүй яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн байна. Би яллагдагчаар татсан тогтоолоос эхлээд л тайлбарлаж байгаа. Прокурор яллагдагчаар татах тогтоол үйлдэхдээ л хууль зүйн үндэслэлтэй тогтол гаргах ёстой байсан. Б.П-ыг яллагдагчаар татах үед өмгөөлөгч байсан уу гэвэл байсан, тухайн цаг хугацаанд эрхийг нь хамгаалаад явж байсан уу гэвэл явж байсан. Төдийгөөс өдий хүртэл энэ хэрэгт нэг өмгөөлөгч байсан, би нэрийг нь дурдаад яах вэ. Тухайн өмгөөлөгч гэхдээ энэ хүний эрх, ашгийг хамгаалж чадаагүй. Тухайн өмгөөлөгчийн хувьд нэг удаа ч гэсэн энэ хүүхдийн эрх ашгийг хамгаалж, энэ хүний төлөө, энэ хүүхдийн төлөө шат шатны байгууллагад гомдол гаргаад явсангүй. Зөвхөн мөрдөгчийн зааснаар, хэлбэрийн төдий, дүр үзүүлсэн байдлаар мэдүүлэгт нь суудаг. Гэтэл нэг ч удаа асуулт асуугаагүй байна, өмгөөлөгч хүн шүү дээ. Нэгэнт эрх ашгийг нь хамгаална гэсэн бол хамгаалах л ёстой ш дээ. Энэ хүн зөв ч юм хийсэн бай, буруу ч юм хийсэн бай эрх ашгийг нь хамгаалах ёстой юм. Тэрнээс биш буруу юм хийснийг нь хамгаалах ёстой гэж яриагүй шүү. Нэгэнт хууль зүйн үндэслэл муутай, нотлох баримтын шаардлага хангахгүй яллагдагчаар татсан тогтоол үйлдээд яг тэр тогтоолд үндэслээд яллах дүгнэлт үйлдсэн байна. Тийм учраас энэ яллах дүгнэлт өөрөө хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадахгүй байна. Ийм байдлаар миний үйлчлүүлэгч Б.П-ыг гэм буруутайд тооцуулах гээд ингээд байж байгаа нь үндэслэл муутай байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй, хэргийн бодит байдлыг бүх талаас нь бүрэн бодитой тогтоож чадаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д ашигтай байдлаар шийдвэрлэж, гэм буруутай гэх эргэлзээ бүхий нөхцөл байдал хангалттай байгаа учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

           

            5.3. Иргэдийн төлөөлөгч Ж.А, Д.М нараас: Б.П-ыг гэм буруугүй гэх саналыг тус тус гаргасан.

           

            6. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын цагаатгуулахаар гаргасан дүгнэлт, иргэдийн төлөөлөгч нарын шүүгдэгчийг гэм буруугүй гэх саналыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүгдэгчийг цагаатгах талаар дараах дүгнэлтийг хийсэн. Үүнд:

 

            6.1. Яллах дүгнэлтийн “хэргийн товч агуулгад бичсэн гэмт хэргийн шинж” бүхэлдээ нотлогдож тогтоогдсонгүй.

            6.1.1. Гэмт хэрэг үйлдэгдэх үед 16 настай байсан эмэгтэй Б.П-ыг тухайн цаг үед 50 орчим настай ээж, мөн өөрийн ихэр болох 16 настай, эрэгтэй хүүхдийг нэгэн зэрэг алсан гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэл, нотлох баримтын эх сурвалж байхгүй байна.

            Тухайн 2 хүний нас барсан байдал буюу хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хувийн байдлыг нь тодорхойлсон баримт зэргээс үзэхэд бие бялдрын хувьд эрүүл саруул, биеийн хөгжлийн хувьд хэвийн, архи согтууруулах ундаа уугаагүй тухайн хоёрын хоёр хүнийг Б.П- /16 настай эмэгтэй/ “онц харгис хэрцгийгээр, маш олон тооны гэмтэл учруулан” алсан гэж үзэх нотлох баримт байхгүй бөгөөд таамаглалд үндэслэсэн, эргэлзээтэй нөхцөл байдлууд үүссэн байна.

            6.1.2. Шүүгдэгч Б.П-ыг амь хохирогч Ч.Б-ын мөнгийг авах зорилгоор түүнийг алсан, түүнчлэн өөрийн төрсөн дүү Б.П-ыгунтаж сэрмэгц цээжин тус газарт 2 удаа хутгалж алсан гэх боловч тус нөхцөл байдлууд огт тогтоогдоогүй буюу улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан 43 нотлох баримтаас нэг ч  шууд нотлох баримтгүй болох нь тогтоогдсон.    

            Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цэвэгдорж гэх хүн 2004 онд болсон шүүх хуралд оролцохдоо өөрийн бодол таамаглалаа хэлсэн гэж үзэхээр байгаа. Гэр бүлийн дотор буюу ээж, охины хооронд бага зэргийн мөнгөний асуудал гардаг байсан, ээжийнхээ ажил дээр очиж мөнгө нэхдэг байсан талаар амь хохирогч Ч.Б-, шүүгдэгч Б.П- нар хэлсэн байдаг мөн гэрч Я.У (1 хх 219-220 х), М.Энхтуяа (1 хх 221-223 х), О.М (1 хх 225 х), З.Д (1 хх 246-249 х) нарын бусдаас сонссон, ээж, охин хоёрын харилцаанаас дүгнэлт хийж мэдүүлсэн мэдүүлэгт үндэслэж Б.П-ыг хулгай хийх зорилгоор хүн алсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

            Хэргийн газрын үзлэгээр “том өрөөний шалан дээр байх цагаан өмдний халаасан дотроос 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 108 ширхэг, 5,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 27 ширхэг 20 төгрөг 1 ширхэг, 10 төгрөг 1 ширхэг, шаргал өнгийн бөгж 1 ширхэг, шаргал өнгийн ээмэг нэг хос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ц хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 227)-ээр болон талийгаачийн ээмэг, бөгж хэргийн газарт үлдсэн зэргээр мөнгийг нь авах зорилгоор үйлдсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа.

            Тус хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээс үзэхэд Б.П-орондоо биш өөр газарт амь үрэгдсэн, мөн зөвхөн хутгалуулах биш харин түүний хүзүү хоолойг боох, ам, хамрыг таглах гэсэн оролдлого хийгдсэн, хүзүү хоолой бооход “хурц шөвгөр үзүүртэй зүйлсээр гүн хатгагдаж боогдсон мэт ул мөр үлдсэн” зэрэг үйл баримт тогтоогдсон байх тул унтаж сэрмэгц нь цээжин тус газарт 2 удаа хутгалж, үдээсээр боож алсан гэдэг нь нотлогдоогүй гэж үзнэ.   

            6.1.3. Түүнчлэн эрэгтэй хүүхдийн цогцсын зураг болох 1 хавтаст хэргийн 14 дүгээр хуудасны ар талын 35 дугаартай гэрэл зургийг энгийн нүдээр харахад боох оролдлогын улмаас үүссэн гэх шарх /шинжээчийн дүгнэлтэд тусгасан үг болно/ нь гутлын үдээсээр үүсгэгдсэн гэж үзэхэд эргэлзээ төрөхөөр, энэ талаар шинжээч нараас яг ямар хүчин зүйлээр үүсгэгдсэн болохыг нарийвчлан асууж тодруулаагүй, дүгнэлтэд тусгагдаагүй орхигдсон байна.  

6.1.4. Б.П-ыг өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн бөгөөд энэ гэмт хэргээс өмнө өөр ямар гэмт хэрэг үйлдсэн, түүнийг нуух ямар оролдлого хийсэн талаар нотолж тогтоосон ажиллагаа огт хийгдээгүй.

 

            6.2. Б.П-ын гэх трико дээр хүний цус илэрсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй. 

            Шинжээчийн 2003 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2540 дугаартай “... ХГҮ-р олдсон трикон дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй.  Оймснууд дээр цус илрээгүй...” гэсэн дүгнэлт (1 хавтас 79 хуудас),

            Шинжээч О.Болдбаатарын “Цус энгийн нүдэнд харагдахгүй, цус илрүүлэгч шингэнээр тодорч гарч ирсэн цусны илэрсэн байрлал нь триконы урд талын дээд хэсэг буюу уг триконы хэвлийн орчмын резинтэй хэсгийн захны доод хэсгээр цус арчигдсан түрхэц маягтай илэрсэн байна, триконы бусад хэсэгт цус илрээгүй, ...уг трикон дээр илэрсэн цус нь хүний цус байсан...” гэсэн мэдүүлэг  (2 хавтас 191 хуудас),

            Шүүгдэгч Б.П-ын “...тэр үед миний биеийн юм ирсэн байсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээс үзэхэд “трико дээрх хүний цус нь гагцхүү хэний цус болох”-ыг тогтоогоогүй байх тул “Б.П-ын гэх трико дээр хүний цус илэрсэн” нь нотолгооны чадваргүй. 

 

            6.3. Хэргийн газраас олдсон хөлийн мөр хэнийх болохыг тогтоож чадаагүй, уг мөр шинжилгээнд тэнцэхгүй учир нь харьцуулан шинжилгээ хийх боломжгүй мөр байгаа. Шинжээч өвдөг ч юм уу, тохой ч юм уу гаргасан мөрний толбо байж магадгүй, ямар ч байсан 2 талийгч болон Б.П-ын хөлийн мөртэй харьцуулах ямар ч боломж байхгүй гэж шинжээч дүгнэсэн.

 

            6.4. “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хөвөн дээр цус илэрсэн, энэ нь А/II/ бүлгийн харьяалалтай хүний цус байна...” гэсэн дүгнэлтээр тус цусыг шууд хохирогч Б.П-ыгцус гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна Б.П- нь Б.П-ыгхутгалаад хутганыхаа цусыг арчиж хаясан гэж таамаглах боломжгүй.  Цус мэт зүйлээр бохирлогдсон хөвөн олдсон байх боловч уг хөвөнгүүдээс илэрсэн цус тус хэрэгт сэжиглэгдсэн нэр бүхий хүмүүсийнх эсхүл зөвхөн Б.П-х гэдгийг ДНК-ийн шинжилгээгээр нарийвчлан тогтоогоогүй, түүнчлэн уг хөвөнгөөс Б.П- уг гэмт хэргийг үйлдсэн гэх ул мөр илрээгүй байх тул Б.П- 2 хүнийг алсан гэмт хэргийн шууд бөгөөд эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй.   

 

            6.5. 2003 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Лувсансамбуугийн хэргийн газрын үзлэг хийсэн “хар өнгийн эм хүний цаа гутал байсан бөгөөд өмд нь нойтон, гутал нь шавар болсон байсан болно” гэсэн тэмдэглэл  (1 хавтас 2-6 хуудас)-д үндэслэж хэргийн газар болох гэрт цаа гутал шавар болсон, эмэгтэй хүний өмд чийгтэй байсан бөгөөд өмдөө өмсөж гарч хутгаа хаясан гэх үйл баримт тогтоогдсон, цаа гутлыг Б.П-аас өөр хүн өмсөж гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэх прокурорын дүгнэлт нь хэт хийсвэр таамаглалд үндэслэсэн гэж үзэхээр байгаа.

            Учир нь уг гутлыг шинжилгээнд өгч гутлын шавар нь хутга хаясан гэх газрын шавартай бүтэц, найрлага бусад шинжээр таарч байгаа эсэхийг тогтоогоогүй, эд мөрийн баримтаар ч хураан аваагүй, мөн уг гэмт хэрэг гарсан газар шүүгдэгчийн өөрийн амьдарч байгаа гэр орон тул гутал хувцас гэртээ байх нь зүй ёсны асуудал төдийгүй урьд оройноос нь бороо орсон асуудал яригддаг тул гэр бүлийн гишүүдээс хэн нь ч өмсөж гарсан байх бүрэн боломжтой бөгөөд эдгээрийг шалгаж тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй.

 

            6.6. Хэргийн газар дээрээс буюу цогцос орчмоос үс хурааж авсан, уг үс нь шинжилгээгээр хүний үс болохыг тогтоосон гэх боловч чухам хэний үс болохыг нарийвчилсан шинжилгээгээр тогтоогоогүй, хэргийн газраас олдсон гэх үсний өнгө ба шүүгдэгчийн үсний өнгө зөрүүтэй, мөн үсний шинжилгээ хийхэд 5 хэсэг газраас авсан үсийг харьцуулан шинжлэх журмын шалгуур, шаардлага хангагдаагүй, үсний шинжилгээ хийдэг өндөр мэдрэмж бүхий нарийн техник, тоног төхөөрөмж болон тусгайлан бэлтгэгдсэн үсний мэргэжилтэн байхгүй байсаар атал зөвхөн өөрийн бодол, төсөөллөөр “төсөөтэй” гэж дүгнэсэн, мэдүүлсэн байх тул үсний талаарх шинжээчийн дүгнэлт /1хх-77/, мэдүүлгийг нотолгооны чадваргүй гэж үзнэ. 

            Тус шинжээчийн дүгнэлт өөрөө “манай лаборатори нь үсний шинжилгээ хийдэг өндөр мэдрэмж бүхий нарийн техник, тоног төхөөрөмж болон тусгайлан бэлтгэгдсэн үсний мэргэжилтэн байхгүй тул энэхүү дүгнэлт нь учир дутагдалтай байж болно “ гэж дүгнэсэн /1хх-77/ буюу тухайн дүгнэлт нотлох баримт болохгүй гэдгээ бодитой илэрхийлсэн.

            Мөн Ш.Гэрэл шинжээчийн 4 дүгээр хавтаст хэргийн 206-207 дугаар хуудаст өгсөн мэдүүлгээр бол 5 хэсэг газраас авсан үсийг харьцуулан шинжлэх журамтай байх боловч тус үснүүдийг харьцуулан шинжлэхэд тус шаардлагад нийцүүлж хийсэн гэх үндэслэл, баримтгүйгээс гадна өнгөний хувьд хэргийн газраас хураан авсан үс нь хар, Б.П-ын үс нь шаргал өнгөтэй байсаар атал “хүний толгойд хар болон шаргал өнгийн үс байх боломжтой” гэх нь тусгай мэдлэгийн шинжилгээ, үндэслэл, шалгуургүй байх тул таамаглалд хамаарна гэж үзнэ.

            Түүнчлэн хэргийн газар дээрээс буюу цогцос орчмоос үс хурааж авсан тус хэрэгт сэжиглэгдсэн нэр бүхий хүмүүсийнх эсхүл зөвхөн Б.П-ынх гэдгийг ДНК-ийн шинжилгээгээр нарийвчлан тогтоогоогүй байх тул хийсвэр бодол, төсөөллийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг нотолгооны чадвартай гэж үзэхгүй.

 

            6.7. Шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгаж, “ишгүй цагаан өнгийн хутга” хурааж авсан гэх ажиллагаа тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул нотолгооны чадваргүй.

            6.7.1. 2003 оны  7 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай  тэмдэглэл (1 хавтас 134 хуудас) нь хууль зөрчсөн буюу насанд хүрээгүй шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй явагдсан.     

            Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд 18 насанд хүрээгүй Б.П-ыг оролцуулсан гэх бөгөөд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх шийтгэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Дор дурдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны ажиллагаанд өмгөөлөгчийг заавал оролцуулна” гэж, мөн хуулийн 40.1.2.  “насанд хүрээгүй” гэж заажээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 153.2.Энэ хуулийн 153.1-д заасан ажиллагааны үед мэдүүлгээ шалгуулж байгаа этгээд “... хутга хаясан газрын байрлал, ямар онцлог шинж тэмдэгтэй болох, хутга нь иштэй, ишгүй байсан, ямар хэлбэр хийцтэй байсан талаар” дэлгэрүүлэн тайлбарлана гэх боломжийг олгоогүй, мөн хуулийн  153.7-д заасан мэдүүлгээ шалгуулж байгаа этгээдээс эхэлж чөлөөтэй ярьж үйлдлээ үзүүлсний дараа асуулт тавих, 153.8. ... гэрэл зураг авах соронзон болон дүрс бичлэг, зураглал, хэмжилт хийж тэмдэглэлд тусгаж болно, 153.9.Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үед энэ хуулийн 146, 154 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу тэмдэглэл үйлдэнэ гэснийг төдийгүй уг ажиллагаанд мэдүүлгээ шалгуулж буй этгээд болох Б.П- оролцсон талаар болон түүний гарын үсэг огт байхгүй зэргээс үзэхэд мэдүүлэг газар дээр нь шалгах, хутга хураан авсан ажиллагаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтуудыг ноцтойгоор зөрчсөн.

            346206 дугаартай 1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар хуудасны ар талд шинжилгээнд ирүүлсэн гэх  “ишгүй хутганы зураг” авагдсан байх боловч уг зураг дахь хутга мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар хурааж авахдаа хутганы зургийг бэхжүүлээгүй, хутганы онцлог шинж тэмдэг, хутганы хэмжээ зэргийн талаар мэдээлэл тэмдэглэлд тусгагдаагүй орхигдсон байх тул тус ажиллагаа бүхэлдээ хууль ёсны гэж үзэхэд эргэлзээ үүсгэсэн байгааг дурдах нь зүйтэй.

            6.7.2. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн газарт буюу Б.П-ын гэр оронд тухайн төрлийн хутга байдаггүй болох нь тогтоогдсон.

            6.7.3. Б.П- мэдүүлэгтээ: “Амь хохирогч болох ээж нь тэр өдрийн орой тортой эд зүйлс барьж орж ирэхдээ авчирсан байх, ээж А.Б-энэ хутгыг амбаарт хий гэхэд амбаар ороод нэлээн байж байгаад гэртээ орж ирсэн тухай мэдүүлсэн байх боловч “гэрээс 1 ширхэг заазуур” хураагдсан байдаг тул “тухайн авчирсан гэх хутга нь заазуур байсан” эсэх нь тодорхойгүй, мөн тус амбаарт хаана хийсэн нь тодорхойгүй хутгыг шүүгдэгч тухайн шөнийн цагт хэзээ олж авсан эсэх, түүнчлэн тус амбаарт хийсэн хутга нь “хөдөөх жалганаас олдсон ишгүй хутга мөн” гэдгийг огт нотолж тогтоож чадаагүй байна.

           

            6.7.4. Шүүгдэгч нь тус ишгүй хутгыг “чухам хэзээ” хаясан болох нь огт тогтоогдоогүй байх ба тус шүүгдэгчийн мэдүүлэг ба гэрч Б.М.А-гийн мэдүүлгийг харьцуулан шалгахад “хутгыг хаясан” гэх нь бодитой эргэлзээ үүсгэсэн байна. Тухайлбал,

6.7.4.1. Б.П-ын сэжигтнээр 2003 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “...унтаж байгаад 10 цагийн үед сэрээд өрөөнийхөө хаалгыг онгойлгоод Б.Д гэж дүүгээ дуудаад ортол ээж дүү 2 газарт цусандаа хутгалдчихсан хэвтэж байсан, тэгээд би сандраад хашгираад гарч гүйж, урд гудамжны М.А-  эгчид очиж хэлсэн...” гэсэн мэдүүлсэн (1 хавтас 156-162, 168-169  хуудас),

6.7.4.2.  2003 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.П-ын яллагдагчаар: “Надад нууж хаагаад байх зүйл байхгүй, Би айсандаа худал ярьсан юм. Хутга бол тохиолдлоор гарч ирсэн байх...” гэсэн мэдүүлсэн  (1 хавтас 60-62 хуудас),

            6.7.4.3. гэрч Б.М.А-гийн “2003 оны 7 дугаар сарын 22-ны өглөө 09 цаг 40 минутын үед ...би хашааны үүдэнд буцаж очоод зогсож байтал Б.П- уйлаад гараад ирсэн. Ээж аймар болчихсон хажуугаараа хараад хэвтэж байна гээд орилоод байсан.Унтаад босоод ирэхэд нь ийм болчихсон байсан гээд уйлаад байсан. ...Дууяа нимгэн оймсгүй хар трико өмсчихсөн, дээгүүрээ цагаан фудволктой үс нь арзайсан хашаанаасаа гүйж гарч ирсэн ” гэсэн мэдүүлэг (1 хавтас 205-206 хуудас)-ээс үзэхэд харин эсрэгээрээ насанд хүрээгүй шүүгдэгч нь нь унтаж сэрмэгцээ “тус үйл явдлыг мэдэж, тийнхүү Б.М.А-тай тааралдсан байгааг үгүйсгэх боломжгүй болно.

 

            6.7.5. Тус хутга олсон ажиллагаа бол зохиомол зүйл, нэг газар ирээд л мөрдөгч хутга байна гэж хэлсэн ба намайг батлан даалтад гаргана гэсэн учраас би худал хэлсэн талаар шүүгдэгч мэдүүлсэн, тус мэдүүлгийг үгүйсгэж няцаасан хөндлөнгийн бөгөөд хууль ёсны нотлох баримтгүй болно.

 

            6.8.  Улсын яллагчаас тус хэрэгт шүүгдэгч Б.П-ыг оролцуулан явуулсан  полиграфийг мөрдөн шалгах нууц ажиллагааны хүрээнд хийгдсэн хуулиар зөвшөөрөгдсөн ажиллагаа буюу нотлох баримт цуглуулах арга, ажиллагааны хэрэгсэл гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм.

            Полиграфийн шинжилгээ нь тусгай техник хэрэгслийн тусламжтайгаар оролцогч этгээдийн физиологийн хариу үйлдлээр буюу сэтгэл зүйн хэмнэлээр худал ярьж байгаа эсэхийг тодорхойлдог шинжлэх ухааны арга юм. Харин Гүйцэтгэх ажлын тухай хуульд “Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай, нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажил гэнэ” гэж тодорхойлсон ба полиграфийн шинжилгээ нь гүйцэтгэх ажилд хамаарахгүй юм.

            2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд нотлох баримтын талаар заасан бөгөөд нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх хуульд заасан журмыг баримтлах, энэ журмыг зөрчсөн нь нотлох чадвараа алдах тухай заасан. Мөн зүйлийн 79.3 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох ба ингэхдээ нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх үйл ажиллагааны эх сурвалжийг нууцална” гэж заасан.

            Тиймээс энэхүү ажиллагааны арга, журам, үр дүнг нотлох баримтаар үнэлэх талаар тухайн үед хэрэгжиж байсан болон одоогийн хэрэгжиж буй процессын хуульд тусган хуульчлаагүй буюу зөвшөөрөгдөөгүй ажиллагаа юм. Тиймээс полиграфийн шинжилгээг нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул энэ талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн аваагүй.

            Полиграфи бол мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад хийгддэг хуулиар зөвшөөрөгдсөн нотлох баримт цуглуулах арга, ажиллагааны хэрэгсэл биш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2, 16.8 дугаар зүйлд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад хамаарахгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй болно.

 

            6.9. Тухайн үед насанд хүрээгүй шүүгдэгчийг тасралтгүй 2 орчим жил цагдан хорьж, хуулиар тогтоосон хугацаа дуусмагц сулласан байх ба энэ хугацаанд “зарим талаар хэргээ хүлээж мэдүүлсэн байх боловч энэ нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг мэдүүлгүүд дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.  

 

            6.10. 2003 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Манлайбаярын хэргийн газрын үзлэг хийсэн “баруун талын өрөөнд ороход өрөөний зүүн хойд талд байрлах шар өнгийн модон авдар байх ба уг авдрын таг нь онгорхой байх ба хувцаснууд замбараагүй тавьсан байсны дээр цайвар шаргал өнгийн дотор талын салтаа хэсэгт бохирлогдсон эмэгтэй хүний дотоож байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авлаа...” гэсэн тэмдэглэл (1 хавтас 32-33 хуудас) нь шүүгдэгчид холбогдох хэргийн нотолгоонд хамааралгүй, нөлөөлөхгүй болох нь тогтоогдсон.

            Амь  хохирогч Ч.Б- нь хэрэг гарах үед тухайн дотуур хувцсыг өмсөж байсныг эхний ээлжид нотолж тогтоосон байх ёстой төдийгүй талийгаач уг дотоожийг өмсөж байсан юм бол урагдсан татаж чангаасан, мөн цус болон бусад ул мөр илрэх магадлал өндөр байх ёстой, гэтэл бохирлогдсон дотоожийг хэд хоногийн дараа ирж хувцасны хайрцгаас хурааж авсан гэх тэмдэглэл үйлдсэнээс өөр ажиллагаа хийгдээгүй.

            Уг гэмт хэрэг гарсан газар нь талийгаач болон шүүгдэгч нарын амьдардаг орон гэр бөгөөд ээж, охины хувцас нэг саванд холилдож болох, мөн угааж цэвэрлэхээр хамт хийсэн зэргийг үгүйсгэх боломжгүйгээс гадна уг дотоожноос гэмт хэргийн ул мөр илрээгүй, хэд хоногийн дараа гэрийн хайрцгаас  нөхөн үзлэгээр дотоож илрүүлсэн уг дотоож  тухайн үед өмсөж байсан дотоож мөн эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, шинжилгээнд өгөөгүй гэх мэт уг хэрэг хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн гүйцэд хийгдээгүй  болох нь тогтоогдсон.

 

            6.11. Тус хэргийг шалгаж эхлэх үед буюу анхнаасаа шүүгдэгч Б.П-ын бие мах бодь, хувцас, хэрэглэл зэрэгт гэмт хэргийн шинжтэй гэх ул мөр огт илрээгүй болох нь тогтоогдсон.

 

            6.12. Тус хэргийг өмнө нь улсын яллагчийн “тус хэрэг нотлогдоогүй, тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” үндэслэлээр прокурорт буцааж байсан /3 хх12/ байх ба тийнхүү буцааснаас хойш түдгэлзүүлсэн, сэргээсэн боловч “нэмж хийсэн тус хэрэгт ач холбогдол бүхий ажиллагаа, нотлох баримт” тогтоогдоогүй байгааг дурдах нь зүйтэй. 

 

            7. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, шүүгдэгч Б.П-ыг холбогдуулан ялласан тухайн эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлыг бодитой бөгөөд хангалттай нотолж чадаагүй, эргэлзээтэй, тодорхойгүй нөхцөл байдлууд илэрсэн, тус эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд хангалттай, бодит эргэлзээ гарсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            8. Тодруулбал, “шүүгдэгч Б.П- нь төрсөн эхийнхээ өмдний халаасанд оёсон байсан мөнгөнөөс хулгайлах зорилгоор шунахай сэдэлтээр 2003 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Уулын  11 дүгээр гудамж 16 тоотод өөрийн төрсөн эх хохирогч Ч.Б-, төрсөн дүү Б.П-нарын унтаж байсан өрөөнд хутгатай нэвтрэн орж, мөнгийг хулгайлах явцад ээж Ч.Б- мэдэж, улмаар амь хохирогчийн “Чи мөнгө хулгайлсан, хулгайлдаг” гэх хувийн таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас өөр гэмт хэргийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгож, нуун далдлах зорилгоор, маргалдаж, ноцолдож, амь хохирогч Ч.Б-ын цээжин тус газарт 3 удаа хутгалсан, мөн өөрийн төрсөн дүү Б.П-ыгунтаж сэрмэгц цээжин тус газарт 2 удаа хутгалж хоёр хүнийг алсан буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүнийг алсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл, нотлох баримтгүй гэж үзсэн ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тухай шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын дүгнэлтийг хүлээж авах үндэслэлтэй гэж дүгнэв.   

  

            9. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.6 дахь заалтад заасан Б.П-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана гэж заасны дагуу “2022 оны 05 сарын 11-ний өдрийн 346206 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэв. 

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.П-д хохирлоо нөхөн төлүүлэх журмыг тайлбарласан хуудсыг жич хүргүүлэх нь зүйтэй болно.

 

            11. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.П-д урд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

 

            12. Б.П-д холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, прокурорт буцаасан тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “саарал өнгийн хоолойтой Свитер цамц, цайвар шаргал өнгийн эмэгтэй майк 1ш, эмэгтэй хүний шилэн оймсны тасархай 1ш, саарал өнгийн энгэртээ 6ш товчтой хүрэм 1ш, эмэгтэй хүний ягаан өнгийн судалтай эрээн майк 1ш, Jingpin гэх бичиглэлтэй саарал өнгийн урт шорт 1ш, Fengxing  гэх бичиглэлтэй эрэгтэй хүний хөх өнгийн дотоож 1ш, хөх өнгийн цэцэгтэй цайвар шаргал өнгийн бүтээлэг даавуу 1ш, шар өнгийн тортой хөвөн мэт зүйл 1 хэсэг, эрэгтэй хүний саарал өнгийн SHUPAO гэх бичиглэлтэй сандал 1 хос, эмэгтэй хүний хар өнгийн зуны гутал 1 хос, эмэгтэй хүний үсний шор төмөр 4ш, хар өнгийн үсний боолт 1ш зэргийг хэргийн хамт хүргүүлэх нь зүйтэй.

 

            13. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.П- нь энэ хэрэгт 560 хоног цагдан хоригдсон, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, иргэний журмаар хэлэлцүүлэхээр гаргасан хохирол, төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дах хэсэг, 36.6, 36.9 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.6-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.П-ыг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “2022 оны 05 сарын 11-ний өдрийн 346206 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 346206 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.П-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “саарал өнгийн хоолойтой Свитер цамц, цайвар шаргал өнгийн эмэгтэй майк 1ш, эмэгтэй хүний шилэн оймсны тасархай 1ш, саарал өнгийн энгэртээ 6ш товчтой хүрэм 1ш, эмэгтэй хүний ягаан өнгийн судалтай эрээн майк 1ш, Jingpin гэх бичиглэлтэй саарал өнгийн урт шорт 1ш, Fengxing  гэх бичиглэлтэй эрэгтэй хүний хөх өнгийн дотоож 1ш, хөх өнгийн цэцэгтэй цайвар шаргал өнгийн бүтээлэг даавуу 1ш, шар өнгийн тортой хөвөн мэт зүйл 1 хэсэг, эрэгтэй хүний саарал өнгийн shupao гэх бичиглэлтэй сандал 1 хос, эмэгтэй хүний хар өнгийн зуны гутал 1 хос, эмэгтэй хүний үсний шор төмөр 4ш, хар өнгийн үсний боолт 1ш зэргийг хэргийн хамт хүргүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.П- энэ хэрэгт 560 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, иргэний журмаар хэлэлцүүлэхээр гаргасан хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.П-д хохирлоо нөхөн төлүүлэх журмыг тайлбарласан хуудсыг жич хүргүүлэхийг дурдсугай.

7. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Цагаатгах тогтоолыг цагаатгагдсан этгээд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн   тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тус шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ

 

                               ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР        

 

                                                                            М.МӨНХБААТАР