| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 129/2017/0002/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2017-03-22 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | М.Батзаяа |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 10
|
|
Прокурор М.Батзаяа
Ялтны өмгөөлөгч Б.Алтанчимэг
Ялтан Б.Орхонбаатар
Нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан;
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч Б.Алтанчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Б.Орхонбаатарт холбогдох 201603000174 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Рашаант гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 150/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Архангай аймгийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 54 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 2324 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 6 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан Өөлд овогт Банзрагчийн Орхонбаатар /РД:АЕ80110974/
Б.Орхонбаатар нь шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Хөшөөтийн 7 дугаар гудамжны 5 тоотод хохирогч М.Болдсайханыг амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож М.Болдсайханы биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн гутлын түрүүг нь тайран, гутлын түрийнд байсан биет 17.000 төгрөгийг дээрэмдэж нийт 107.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Б.Орхонбаатарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Боржигон овогт Банзрагчийн Орхонбаатарыг зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Б.Орхонбаатарыг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Орхонбаатарт оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн гутал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Орхонбаатарын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 24 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Шүүгдэгч Б.Орхонбаатар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Орхонбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Ялтны өмгөөлөгч Б.Алтанчимэг давж заалдах гомдолдоо:
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Шүүгдэгч Б.Орхонбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хохирогч М.Болдсайханд хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн дээрэмдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Б.Орхонбаатар тухайн үед хутгыг барьж хохирогчийг ална, гэмтэл учруулна гэж айлгаж сүрдүүлээгүй. М.Болдсайхан нь гараар цохих үед ухаан алдсан, цаашаа юу болсон талаар мэдэхгүй ухаан ороод гараад явж байгаад гутлаа харахад гутлын түрүүг огтолсон байсан, миний гутлын түрүүг юугаар огтолсныг мэдээгүй, хутга юм уу хайчаар л огтолсон байх гэж мэдүүлдэг. Харин архи ууж байгаад мөнгөө өг, өгөхгүй бол ална шүү олон жил шоронгоор явсан гэж сүрдүүлэхдээ хутгыг хэрэглээгүй, хэл амаар сүрдүүлж гараараа цохиж авсан байдаг ба тухайн үед хохирогч гутлын түрүүг юугаар огтлуулсанаа ч мэдээгүй нь хэрэгт мэдүүлэг өгсөн гэрч Г.Өлзийжаргал, Д.Сундуй, М.Батбаатар, Д.Пүрэв-Очир, М.Отгонсүрэн, Д.Өлзийсайхан, П.Батболд, Г.Мандахбаяр нар нь хохирогчийн хүнд зодуулсан байсан, гутлын түрүүг нь огтолсон байсан талаар л мэдүүлсэн болохоос шүүгдэгч Б.Орхонбаатар нь М.Болдсайханыг дээрэмдэхдээ, айлгаж сүрдүүлэхдээ хутгыг хэрэглэсэн гэдгийг огт мэдүүлээгүй болно. Хохирогчийн гутлын хэл унжаад байсан учир хутгаар огтолж хаясан талаар шүүгдэгч Б.Орхонбаатарын мэдүүлэг нь эд мөрийн баримтаар давхар нотлогддог. Хохирогчийн амь биед аюултайгаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэх үндэслэл хэргийн материал, шүүхийн хэлэлцүүлэгээр бүрэн нотлогдохгүй байх тул Б.Орхонбаатарт эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ял шийтгэл оногдуулсаныг эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Батзаяа би Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 311 дүгээр зүйл, 313 дугаар зүйлийн 313.4-т заасныг баримтлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Орхонбаатарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор оролцож прокурорын дүгнэлт гаргаж байна. Ялтан Б.Орхонбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Хөшөөтийн 7 дугаар гудамжны 5 тоотод хохирогч М.Болдсайханыг амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож М.Болдсайханы биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн гутлын түрүүг нь тайран, гутлын түрийнд байсан биет 17.000 төгрөгийг дээрэмдэж нийт 107.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Анхан шатны шүүх ялтан Б.Орхонбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцээд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б.Орхонбаатарыг зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Б.Орхонбаатарыг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Ялтны өмгөөлөгч нь Б.Орхонбаатарыг гэмт хэрэг үйлдэхдээ хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн нь тогтоогдохгүй байгаа тул Б.Орхонбаатарт эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ял шийтгэл оногдуулсаныг эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан байна. Прокурорын зүгээс Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Ялтны өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие өмгөөлөлийн үгээ дэмжиж байна. Б.Орхонбаатарын ар гэр болон хувийн байдлын талаар дурдахад Архангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвөөс Б.Орхонбаатарын ээж, эгчийнх нь талаар тодорхойлолт ирсэн. Б.Орхонбаатар нь ам бүл гурвуулаа амьдардаг. Ээж, 42 настай эгчийнхээ хамт амьдардаг. Эгч Болормаа нь төрөлхийн суумгай, тэргэнцэртэй явдаг. Ээж Сарантуяа нь элэгний хорт хавдартай, биеийн эрүүл мэндийн байдал маш хүнд, хамар, амнаас нь цус гардаг, турж эцсэн байдалтай байгаа. Б.Орхонбаатар хутгыг зэвсгийн чанартайгаар амь насанд аюултайгаар ашиглаагүй гэж үзэж байна. Иймд Б.Орхонбаатарт Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар зүйлчилж, ял оногдуулж, тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.3-т зааснаар гомдол гаргасан этгээд нь давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гомдлоосоо татгалзах эрхтэй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзаагүй тул түүний гомдлыг шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Ялтан Б.Орхонбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Хөшөөтийн 7 дугаар гудамжны 5 тоотод хохирогч М.Болдсайханыг амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож М.Болдсайханы биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн гутлын түрүүг нь тайран, гутлын түрийнд байсан биет 17.000 төгрөгийг дээрэмдэж нийт 107.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Болдсайхан, гэрч М.Батбаатар, Г.Өлзийжаргал, Э.Чиндалай, П.Сундуй, М.Отгонсүрэн, Д.Өлзийсайхан, П.Батболд нарын мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 4 сарын 21-ний өдрийн 305 дугаартай шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг хуульд заасан үндэслэл, нөхцөл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлж авагдан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, харьцуулан шинжлэгдсэн, хэрэгт шууд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.
Энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн байцаалтын явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй байна.
Зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн Б.Орхонбаатарын гэм буруугийн талаар анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шинж чанар, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэрэгт тохирчээ.
Хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэрэгт дурдсан...хохирогчийн амь биед аюултайгаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн үндэслэл хэргийн материал, шүүхийн хэлэлцүүлгээр бүрэн нотлогдохгүй байна...гэх нөхцөл байдал хавтас хэргийг судлахад тогтоогдохгүй байна.
Мөн Б.Орхонбаатар шүүх хуралдаанд...тухайн үед хохирогчийн гутлын хэл унжсан байхаар нь гутлын хэлийг огтолсон гэсэн мэдүүлэг нь хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон гутлын зураг, эд мөрийн баримт болгон хураан авсан гутал зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагджээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхийг хүссэн ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин шүүгдэгч Б.Орхонбаатарын ургийн овог Өөлд болох нь хэрэгт авагдсан түүний иргэний бичиг баримтын лавлагаагаар тогтоогдож байхад анхан шатны шүүх шүүгдэгч Б.Орхонбаатарыг гэм буруутайд тооцохдоо түүний ургийн овгийг Боржигон гэж зөрүүтэй бичсэн байна. Энэ нь хууль буруу хэрэглэсэн, хууль зөрчсөн асуудал биш бөгөөд шүүгдэгчийн ургийн овгийг шийтгэх тогтоолд зөвтгөх боломжтой юм.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Боржигон…” гэснийг “...Өөлд...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-т зааснаар эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА