| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 106/2022/0746/Э |
| Дугаар | 118 |
| Огноо | 2023-09-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 118
Н.У-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч Д.Батсүх, хохирогчийн өмгөөлөгч Ж.Должинсүрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 245 дугаар магадлалтай, Н.У-д холбогдох 2205011981977 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч Ж.Должинсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Яруу овогт Н.У нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.У-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-ыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Э-гийн нэхэмжилсэн нийт 2.564.488 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 945.018 төгрөгийн эмчилгээний зардлыг шүүгдэгч Н.Уас гаргуулан хохирогч Д.Э-д олгуулж, 1.619.470 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Э нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.У-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.У-ыг цагаатгаж, хохирогч Д.Э нь гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ “Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ би, эрүүгийн 2205011981977 дугаартай Н.У-д холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолоор “...шүүгдэгч Н.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж...” шийдвэрлэсэн.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2023/ДШМ/245 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.У-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.У-ыг цагаатгаж шийдвэрлэсэн.
Магадлалыг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад, Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан ...” гэж заасан бөгөөд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай буюу хохирогчид хүнд гэмтэл учруулна гэдгийг ухамсарлаж, уг хор уршигт хүргэхийг шууд хүсэж үйлдсэн, харин шууд бус санаатай гэдэг нь хохирогчид хүнд гэмтэл учирч болзошгүй гэдгийг урьдаас ухамсарлаж, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн санаатай үйлдлийг ойлгодог.
Хавтас хэрэгт хохирогч Н.Э-гийн “... миний өмссөн өсгийтэй гутал модон шалны завсраар ороод гацчихсан зогсож байгаад У руу харахад У намайг өмсөж байсан куртикээр хоолой заамдсан. Тэгэхээр нь салгах гээд өөрийнхөө хувцаснаас зуурахад хөл гацсан байсан тул хөдлөхгүй миний дээрээс унасан. У миний гацсан баруун хөл дээр гишгэсэн байх гэж бодож байна ...” гэх, гэрч Б.Оын “... У эгч Э-гийн дээр хувцасны хоолой хэсгээс нь зүүн гараараа заамдаад баруун гараараа зүүн чихний ар хэсгийн толгойны үснээс татаад дээр нь унаж байсан” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4501 дугаартай дүгнэлт зэргээр Н.У нь гэмтэл учирч болзошгүй гэдгийг урьдаас ухамсарлаж, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн санаатай үйлдэл хийсэн гэж үзэхээр байна. Учир нь Н.У хохирогч руу дайрсан, үснээс нь зулгааж түүний дээрээс дарж унасан байх бөгөөд унагасны дараа түүнийг үсдэж, түүний толгойг шаланд цохиж байгаа үйлдэл нь түүний биед уг гэмтлийг учруулж болзошгүй гэдгийг ухамсарлаж, түүнд зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байхад давж заалдах шатны шүүхээс Н.У-ын үйлдлийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзсэн нь хуулийг буруу зөрүүтэй тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодод удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан ...” гэж заасан байдаг бөгөөд хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, гэрээ буюу хэлцлийн дагуу үүрэг хүлээсэн этгээд хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусад тохиолдолд хүний биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан.
Учир нь хохирогч Н.Э нь мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд “... миний өсгийтэй гутал шалан завсар гацсан байхад шүүгдэгч Н.У нь миний хоолойноос заамдаж аваад “миний хөл гацчихсан байна” гэж орилоход үснээс зулгаагаад давхралдан унаж, унасан хойноо шалтай хавсарч толгойг нь цохиж байсан...” гэж мэдүүлдэг. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр гэрч Б.Одбаяр мөн мэдүүлдэг. Н.У нь хохирогч Д.Э-гийн хөл гацсан байхыг мэдсэн хирнээ хохирогч руу дайрсан, мөн үснээс нь зулгааж газарт унагасны улмаас хохирогчийн хөл хугарсан бөгөөд түүнийг унагасны дараа дээр нь гарч 2 гараараа үсдэж, шалтай хавсарч толгойг нь цохиж байхад нь гэрч Б.О очиж салгасан үйлдлийг хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Мөн шүүгдэгч нь хохирогчийг газар унагаагаад үсдэж шалтай хавсарч толгойг нь цохиж байсан гэх гэрч, хохирогчийн мэдүүлгүүд болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4501 дугаартай дүгнэлтээр “хохирогч Д.Э-гийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт, тархи доргилт гэмтэл, баруун шаант ясны хугарлыг засах мэс заслын дараах байдал тогтоогдлоо” гэсэн дүгнэлт зэргээр хохирогчийн биед тархи доргилт буюу хөнгөн гэмтэл учирсан байхад үүнийг анхаарч үзэлгүй Н.У-ын үйлдлийг цагаатгасан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.
Иймд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ДШМ/245 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогч Д.Э гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Н.У-ын санаатай орилж хашгиран, дайрч заамдан үсдэн дарж унагааснаас миний биед хүндэвтэр хохирол учруулсныг тогтоосон хирнээ үйл явдлаас болж үүссэн зардлуудаас өмгөөлөгч хөлсөлсөн зардлыг тодорхой заалт үндэслэхгүйгээр хассаныг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй. Давж заалдах шатны шүүх болсон хэрэг явдлаас тэс өөрөөр, хохирогч, шүүгдэгч хоёрыг муудалцаж харилцан барилцаж унасан мэтээр цагаатгасан дүгнэлт гаргасан... Н.У-ын нөхөр Т.Т-тай муудалцах үед У гэнэт санаатайгаар халдсанаас миний биед үүссэн бэртэл, мөн дарж унагаснаа толгойг удаанаар шалтай хавсран мөргүүлсэн зэргийг одоогоор санамсаргүй үйлдэл гэж дүгнэн, буруутай этгээдийг үндэслэлгүйгээр цагаатгасан шийдвэрийг хянан шалгаж өгнө үү. Мөн анхан шатны шүүх шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэр гаргасан мөртлөө оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлсөн тул хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Ж.Должинсүрэн гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 245 дугаартай магадлалаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тул хэргийг хянуулахаар дараах гомдлыг гаргаж байна.
Хэргийн товч утга: Н.У нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж” лоунжид хохирогч Д.Э-тай маргалдаж түүний толгой хэсэгт нь цохих, үсдэх, дарж унах зэргээр түүний эрүүл мэндэд “баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт, тархи доргилт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан.
Гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоо:
Магадлалын тодорхойлох хэсэгт “... хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан Эгийн гутлын өсгий шалны завсар гацсан байх үед Д.У заамдаж зууралдах явцдаа давхралдан унаж Д.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байна” гэж тухайн үед болсон үйл явдлыг үнэн зөв тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй. Д.Э-гийн хохирогчоор, Б.О-ын гэрчээр өгсөн мэдүүлэгт шүүгдэгч Д.У-тай маргалдаж муудалцсан талаар ярьсан зүйл байдаггүй. Харин гэрч Б.О-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “Д.Э эгчийг Т урьдын явдал ярьж доош нь хийж эхэлсэн, ... чиний ажил гэж юу байхав дээ гэх зэргийн маргаан хийгээд л байсан. Яг пабаас гарах явцад Э, Т дахин хоорондоо хэрэлдээд байсан” гэснээс үзэхэд гэрч Т.Т, Д.Э нар хоорондоо маргалдаж муудалцсан, харин хохирогч Д.Э нь шүүгдэгчтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан зүйл болоогүй байхад маргалдсан нь тогтоогдсон байдлаар зөрүүтэй дүгнэлт хийсэн.
Мөн Д.У заамдаж зууралдах явцдаа давхралдан унасан байдлаар дүгнэсэн нь хэргийн бодит байдлыг өөрөөр тогтоосон гэж үзэж байна. Гэрч Д.О бол тухайн үед хамгийн бага согтолттой байсан хөндлөнгийн ганц гэрч бөгөөд тэрээр тогтвортой мэдүүлэг өгдөг. Гэрч Д.О мэдүүлэхдээ “... гэнэт У эгч Д.Э-гийн дээр хувцасны хоолой хэсгээс нь зүүн гараараа заамдаад, баруун гараараа зүүн чихний арын хэсгийн толгойны үснээс татаад дээр нь унаж байсан” гэж маш тодорхой харсан зүйлээ хэлсэн байгаа нь Д.У гэнэт хохирогч руу дайрч хоолойг нь боож, үсдэж татаж унагаасан болох үйл баримт нотлогдчихоод байхад заамдаад зууралдах явцдаа өөрөө унаад хөлөө хугалсан нь санаатай гэж үзэхгүй байдлаар Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Харин анхан шатны шүүх “... хохирогч болон гэрчийн тогтвортой мэдүүлгээр шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ” гэж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Шүүгдэгч Г.У-ын үйлдэл нь идэвхтэй, шууд санаатай болох нь эргэлзээгүй, маргаангүй тогтоогдсон. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд Д.Э-гийн гутлын өсгий гацсан байхад Д.У заамдаж давхралдан унах үедээ болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан гэж үйл баримтын дүгнэлтийг хийсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна. Гутлын өсгий гацсан үед давхралдан унаж хөл хугарах нь хэргийн зүйлчлэлд ямар ч хамааралгүй.
Давж заалдах шатны шүүх үйл баримтын дүгнэлт хийсэн, харин ямар үндэслэлээр болгоомжгүй гэж үнэлээд байгаа хууль зүйн дүгнэлт тодорхойгүй байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шийдвэр хууль ёсны болж чадсангүй. Мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцсоныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв гэж дүгнэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндэслэлийн аль тохирохыг нь үндэслээгүй байгаа нь өөрөө шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч өөрөө давж заалдах гомдол гаргаагүй, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд зүйлчлэлийн талаар, гэм буруугийн хэлбэр болон болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан талаар гомдсон зүйл байдаггүй.
Иймд анхан болон давж заалдан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байх тул хэргийг хяналтын журмаар хэлэлцэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03-р сарын 02-ны өдөр шийдвэрлэсэн 245 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Н.У нь хохирогч Д.Э-тай маргалдаж түүнийг үсдэж, зодож, цохих хэлбэрээр түүний бие махбодид санаатай хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзэж байна. Шүүх аливаа хэргийн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай. Шүүгдэгч нь гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн болохыг зөв тодорхойлж, гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа эсэхийг нягтлан дүгнэсний эцэст Эрүүгийн хууль, түүнд тусгагдсан хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэх нь шүүн таслах ажиллагааны гол зорилт байдаг. Энэ ч утгаараа шүүгдэгч Н.У-д холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгчийн хохирогчтой маргалдаж зодсон шууд санаатай үйлдэл, түүнд учруулсан хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой буюу хүндэвтэр хохирлыг санаатайгаар учруулсан байна. Харин давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт, шүүгдэгчийн үйлдэл, түүний гэм буруугийн талаарх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж хэргийн үйл баримтыг тогтоон, түүнд хууль зүйн дүгнэлт хийхдээ хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг нарийвчлан заагаагүй, түүнчлэн өөрийн үйлдлийн улмаас учирсан үр дагаварт хандаж буй сэтгэл зүйн хандлагын шинжийг хайхрамжгүй, хөнгөмсөг гэж хольж тодорхойлсон нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх хэлсэн саналдаа: Хохирогчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болох үндэслэлгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирогчтой маргалдаж, үснээсээ зулгаалцсан, цохилцсон үйлдлээ хийгээгүй гэж хэзээ ч мэдүүлээгүй. Ийм маргаан болсон, үйл явдал болсныг хүлээн зөвшөөрдөг. Харин мөрдөн шалгах ажиллагаагаар энэ маргаан хаана, яаж үйлдэгдсэнийг бүрэн тогтоогоогүй байсан. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримт, мэдүүлгээр хоёр өөр байршлыг заасан байдаг. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг хаана, яаж үйлдэгдсэн болох нь бүрэн тогтоогдоогүй. Мэдүүлгүүдийн зөрүүг арилгаагүй байсан учир анхан шатны шүүх хуралдаанд хохирогч, түүний хамаарал бүхий этгээд болох найз н.О-ын мэдүүлэгт дурдсан зарим зүйлүүд худал ташаа болохыг нотлох зорилгоор 103-т дуудлага өгсөн талаарх мэдээлэл болон бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ бичлэг дээр хохирогч нэлээд согтуу, цаана нь орилж хашгирсан үйл баримт бичигдсэн байдаг. Гомдол, эсэргүүцэлд дурдагдаж буй үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, няцаагдаж байгаа учир хангахгүй орхиж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл болон хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч Ж.Должинсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн Н.У-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Н.У нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний орой Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж” лоунжид хохирогч Д.Э-тай маргалдаж, толгой хэсэгт нь цохих, үсдэх, дарж унах зэргээр түүний эрүүл мэндэд баруун шаант тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож, прокуророос хэргийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяалах Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.У-ыг хохирогч Д.Э-тай маргалдаж түүний толгой хэсэгт цохих, үсдэх, дарж унах зэргээр түүний эрүүл мэндэд баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт, тархи доргилт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн өгсөн удаа дараагийн тогтвортой мэдүүлгүүд, гэрч Б.О-ын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэн, түүнийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
Харин давж заалдах шатны шүүхээс “... хохирогч Д.Э-гийн гутлын өсгий шалны завсар гацсан байхад Н.У заамдаж давхралдан унах үедээ болгоомжгүйгээр Д.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.У-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
2.Хяналтын шатны шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг дараахь үндэслэлээр тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2.1.Прокуророос 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Н.У-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсний дараа 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хохирогчийн өмгөөлөгч Ж.Должинсүрэн шүүх хуралдаанд гэрч Б.О, шинжээч эмч О.Б нарыг оролцуулах талаар бичгээр хүсэлт гаргасан /1 дэх хавтаст хэргийн 119 дэх тал/ боловч тухайн асуудлыг шүүх 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа хэлэлцэн шийдвэрлээгүй, харин 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүхээс шүүх хуралдаанд хохирогч Д.Э, гэрч Д.О, Т.Т, шинжээч эмч О.Б нарыг оролцуулахаар бичгээр гаргасан хүсэлтийг /1 дэх хавтаст хэргийн 194 дэх тал/ шүүх хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1668 дугаар захирамж, мөн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1750 дугаар захирамжаар /1 дэх хавтаст хэргийн 142, 155 дахь тал/ хүсэлтийг тус тус хангаж шийдвэрлэсэн атлаа шийдвэрийнхээ биелэлтийг хангуулаагүй, улмаар шүүх хуралдаанд шинжээч оролцуулах талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүхийн дахин гаргасан хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1906 дугаартай захирамжаар /1 дэх хавтаст хэргийн 185 дахь тал/ шинжээч ирээгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.2, 35.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийг хязгаарласан буюу шинжээчээс гаргасан дүгнэлттэй нь холбогдуулж оролцогч асуулт тавих, дүгнэлтийг тодруулах, шаардлагатай гэж үзвэл нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхийг хязгаарласан ба энэхүү зөрчил нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч хүрэлцэн ирээгүй бол шүүх хуралдаан даргалагч түүнийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах хүсэлтээсээ татгалзаагүй, харин түүнийг оролцуулах талаар дахин хүсэлт гаргасан байхад шүүх шинжээчийг дуудаж оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 35.21 дүгээр зүйл, 39.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна.
2.2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4501 дугаартай дүгнэлтэд “... Д.Э-гийн биед учирсан баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэ, тавхайд цус хуралт, тархи доргилт гэмтэл, баруун шаант ясны хугарлыг засах мэс заслын дараах байдал бүхий гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж дүгнэсэн /хавтаст хэргийн 34 дэх тал/ байх боловч хохирогчид учирсан баруун шаант, тахилзуур ясны далд хугарлаас бусад гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарахыг шинжээчийн дүгнэлтэд дурдаагүй байх тул шинжээчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулж, гаргасан дүгнэлтийг нь тодруулах шаардлага үүсчээ.
2.3.Давж заалдах шатны шүүхийн хувьд анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахдаа дээр дурдсан оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчлийг зөвтгөөгүй орхигдуулснаас гадна “хохирогч Д.Э-гийн гутлын өсгий шалны завсар гацсан байхад Д.У заамдаж давхралдан унах үедээ болгоомжгүйгээр Д.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийж, түүний үйлдлийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хохирогчийн биед учирсан баруун шаант, тахилзуур ясны далд хугарлаас бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэх, уг гэмтэл нь ямар нөхцөл байдалд үүссэн, өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Н.У-ын хохирогч Д.Э-гийн толгой хэсэгт нь цохих, үсдэх зэрэг идэвхтэй үйлдлээр хохирогчийн биед халдах үед шинжээчийн дүгнэлтэд дурдсан аль гэмтэл учирсан болох, тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр, Н.У-д холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
2.4.Анхан шатны шүүх хохирогч Д.Э-д учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгийг баримталж хууль буруу хэрэглэснийг дурдах нь зүйтэй.
3.Хяналтын шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоол болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Н.У-ын гэм буруугийн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч Ж.Должинсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдол, мөн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 245 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
2.Хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч Ж.Должинсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдол, мөн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэсэгчлэн хангасугай.
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ