Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 119

 

Г.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл, хохирогч Э.П, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 430 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 580 дугаар магадлалтай, Г.Од холбогдох 2108015072042 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Э.П, хохирогчийн өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Г.О

Шүүгдэгч Г.О нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Э.П-гийн итгэмжлэн хариуцуулсан 38 тооны хонь, 11 тооны хурга, нийт 49 тооны малыг завшиж 10,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Г.О-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ооос 10,050,000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Пд олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/430 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Од холбогдох Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, шүүгдэгч Г.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон нэн даруй суллаж, тэрээр нийт 53 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хохирогч Э.П хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “... Миний бие 2021 оны 07 дугаар сард Ковид өвчин тусч, саахалтын Г.Од итгэж хонио хүлээлгэн өгөөд эмчилгээ хийлгэхээр явсан. Ирэхэд Г.О нь манай хонийг зарж, үрэн таран хийгээд залуу гэр бүлийг амьжиргааны хэдэн малнаас салгаж, нялх хүүхдийн минь идэх хоолноос хумсалсан. Би айл саахалтын хүмүүсээс болон Г.О-оос өөрөөс нь манай хонийг зарсан болохыг мэдсэн. Г.О биднийг дорд үзэж, тохуурхаж, “Тэгсэн, би зарсан юм, та нар яах юм” гэж дээрэлхэж өдийг хүрсэн. Мөрдөгчийн өрөөнд ярилцаж байхдаа утсаар бичлэг хийж авсан. Бичлэгээ цагдаад өгсөн боловч хэрэгт хавсаргаагүйд гайхаж байна. Бичлэгт Г.О, Х.Г нар манай хонийг тоолж хүлээж авсан, мөн өөрсдөө зарж дутаасан тухай маш тодорхой ярьсан байдаг. Анхан шатны шүүх маш олон нотлох баримт, нотолгоонд тулгуурлан хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хүнийг амьжиргааны хэдэн малаас нь салгаж, өөрсдөө зарж үрчхээд, одоо тоолж хүлээлгэж өгсөн гэсэн алга дарам цаас нэхээд хэргээс мултрах санаатай байна. Иймд Улсын дээд шүүх энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Э.П-гийн дутсан малын тооны талаар хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн хохирогчийн мөрдөн шалгах болон шүүхийн шатанд өгсөн тогтвортой мэдүүлэг нь гэрч Э.М, Б.А, М.О, Ц.М нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон бусад баримтаар давхар нотлогдоно.

Хоёр. Мөрдөн шалгах ажиллагаа хязгаарлагдмал нөхцөлд хүртээмжтэй хийсэн байхыг шаарддаг бөгөөд хэргийн үйл баримтын нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн шалгаж тогтоосон. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.П-гийн өгсөн “... манайх малаа тоолуулаагүй учраас А данс байхгүй ...” гэсэн мэдүүлгээр няцаагдах тул малын A данс хуулгыг авснаар хэргийн бодит байдлыг тогтооно гэж шууд утгаар ойлгож давж заалдах шатны шүүх дүгнэж болохгүй бөгөөд анхан шатны шүүх нотолгоонд тулгуурлан дүгнэлт хийсэн.

Гурав. Давж заалдах шатны шүүх итгэмжлэн хариуцсан этгээд гэдэгт заавал албан тушаалтан ... гэрээ, хэлцлийн үндсэн дээр итгэмжлэн хариуцуулсан байхыг ойлгоно гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө” гэж өмчлөгч өөрөө эд хөрөнгөө түр хугацаагаар шилжүүлсэн эсхүл хадгалагч этгээдэд итгэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн эд хөрөнгийг ойлгох нь зүйтэй гэж хуулийг тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар тольд “итгэмжлэх” гэдгийг найдах, түшиг тулгуур болох ... итгэмжлэх зүйл байвал итгэж болно ... гэж тайлбарласан. Нөгөө талаар Монголчууд бидний зан заншлын малаа нийлүүлж маллах, малаа хариуцуулж тоолж үлдээх явдлуудыг итгэлцэлд тулгуурлаж явсаар ирсэн бөгөөд хууль эрх зүйн хувьд малаа хариуцуулж үлдээхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзвэл хөрөнгө хариуцуулж үлдээж буй агуулгыг илэрхийлсэн хэлцлийн ойлголт юм. Харин тухайн хариуцуулсан хөрөнгөөс дутааж хувьдаа хэрэглэхийг завших гэж ойлгож байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох, зорилгоор хүсэл зорилгоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар ... хийнэ.”, 42.8-д “Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно.” гэж заасны дагуу гэрээ, хэлцлийн үндсэн дээр итгэмжлэн хариуцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт нотолгооны ач холбогдол, хоорондын харилцан хамаарал, талуудын мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох бөгөөд нотлох баримтуудыг цогц байдлаар бүхэлд нь авч үзээд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт өгч чадахгүйд хүрснийг гэм буруугийн талаар эргэлзээ бий болсонд тооцох бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг тал бүрээс нь шалгаж бодитой үнэлээгүй, хэт нэг талын баримтад тулгуурласан, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй. Тодруулбал, хохирогч, гэрчүүдийн аль мэдүүлгийг үнэлж, аль мэдүүлгийг үнэлээгүй болох, гэрч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн аль нь худал мэдүүлэг болох талаар дүгнэлт өгөөгүй. Харин анхан шатны шүүх гэрч, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлох баримтыг бэхжүүлж шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ганболд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуульд заасан арга хэрэгслээр цуглуулсан баримтын хүрээнд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ байдал нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг өөр өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Давж заалдах шатны шүүх “...хонио тоолж үлдээсэн баримт байхгүй, хэдэн тооны хоньтой байсан тоо бүртгэл байхгүй, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж мөрдөгчийн мэдүүлгээр батлагдсан гэж үзэхгүй” хэмээн дүгнэсэн. Тухайн үед миний үйлчлүүлэгч Ковид тусч Г.О-д хонио тоолж үлдээсэн бөгөөд энэ нь хохирогч болон бусад гэрчийн мэдүүлгээр хангалттай нотлогддог. Хохирогч 160 тооны хоньтой байсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон ба үүнээс 111 хонь буцааж авсан. Бидний уламжлалт ахуй соёл, бодит байдалд малаа айлд өгөхдөө бичгээр гэрээ байгуулах боломжгүй. Түүнчлэн хонио нийлүүлж хариулдаг байсан талаарх мэдүүлэг бий. Гэтэл давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдгийг анхан шатны шүүхээс зөрүүтэй байдлаар тайлбарласан. Бичгээр байгуулсан баримт байхгүй ч хэлцлийг амаар хийх боломжтой. Хэрэв Г.О хонийг харахгүй гэсэн бол өөр хүнд захиж үлдээх байсан. Тэгэхээр итгэмжлэн хариуцуулж үлдээсэн гэх баримт байхгүй гэдэг нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Хохирогчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө гэдгийг буруу тайлбарласан. Харин давж заалдах шатны шүүх “Г.О, Э.Птэй албан ёсны гэрээ, хэлцэл байгуулж малыг нь маллах үүрэг хүлээгээгүй учир итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзэхгүй” гэсэн дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй. Давж заалдах шатны шүүх “Г.Оын үйлдлийн улмаас Э.Пгийн эд хөрөнгөд хохирол учирсан болох нь хөдөлбөргүй нотлогдоогүй, түүнийг гэм буруутай гэж дүгнэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсэж байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хохирогч, шүүгдэгчид тодорхой тооны мал өгч 38 тооны хонь, 11 тооны хурга дутсан гэх боловч хохирогч анх өөрийн нэр дээр хичнээн тооны малтай байсан, үүнээс хэдэн тооны малыг шүүгдэгчийн малтай нийлүүлж, хэдийг нь хариуцуулан өгсөн гэдэг нь тодорхойгүй, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэж байна гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү магадлал нь Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарласныг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдээгүй байхад эргэлзээ гарсан гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Анхан шатны шүүх мөн хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа дутуу, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолсон баримт хангалтгүй байхад шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгох дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хохирогч Э.П, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Г.Од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Шүүгдэгч Г.О нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Э.Пгийн итгэмжлэн хариуцуулсан 49 тооны бог малыг завшсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх, хохирогч Э.Пгийн “... 98 хонь, 30 ямаа, 32 хурга захиж үлдээгээд явсан... хонио ялгаж тоолоход 38 хонь, 11 хурга дутсан ...” /хэргийн 1 дүгээр хавтасны 25-26 дахь тал/, гэрч М.Оын “... 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Г.О хүрэн хүзүүтэй, толгойн орой дээр ногоон будагтай эр хонь хүнд өгч явуулсан ...” /хэргийн 1 дүгээр хавтасны 39-40 дэх тал/, гэрч Ц.М ийн “... Г.О бүрэнхийд хонь гаргаж байснаа даваан дээрээс автомашины гэрэл тусахад хонио орхиод гэртээ орсон. Харанхуйд хонь ажиллаж байсан болохоор Э.Пгийн хонийг гаргалаа гэж бодсон ...” /хэргийн 1 дүгээр хавтасны 82-83 дахь тал/, гэрч Б.Аийн “... Тухайн үед О, Т, П нарын ярианаас Оын хонь бүрэн, П-гийн хонь дутсан гэж ойлгосон ...” /хэргийн 1 дүгээр хавтасны 49-50 дахь тал/ гэх мэдүүлгүүд, хохирлын талаар гарсан шинжээчийн дүгнэлт зэрэгт үндэслэн шүүгдэгч Г.Оыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ тухайн хэрэгт нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдсан эсэхийг хянаж үзээгүй байна.

Завших гэмт хэрэг нь хууль, эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр итгэмжлэн хариуцуулсан бусдын эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг хууль бусаар эзэмшилдээ шилжүүлж авсан идэвхтэй үйлдэл бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой. Энэ хэргийн тухайд итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болон түүнээс завшсан хөрөнгийн хэмжээг эргэлзээгүй тогтоох нь нотолбол зохих байдалд зүй ёсоор тооцогдоно.

Хэргээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогчийн бусдад итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг тогтоох ажиллагаа хийгдээгүй, завшсан хөрөнгийн хэмжээг хохирогчийн мэдүүлгээр тогтоосон нь нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдаагүй гэж үзэхэд хүргэв.

4.Давж заалдах шатны шүүх “... Г.Оын үйлдлийн улмаас Э.Пгийн эд хөрөнгөд хохирол учирсан болох нь хөдөлбөргүй нотлогдоогүй, түүнийг гэм буруутай гэж дүгнэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны зорилтод нийцнэ ...” гэсэн дүгнэлт хийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ итгэмжлэн хариуцуулсан малыг нь дутаасан талаар хохирогч Э.Пгийн мэдүүлэг, Г.О нь хохирогчийн хоньтой ижил им, тэмдэгтэй хонийг бусдад өгснийг нүдээр харсан гэрч М.Оын мэдүүлэг, Г.О, Х.Г, Э.П нарын ярианаас хохирогчийн хонь дутсан гэж ойлгосон талаар гэрч Б.Аийн мэдүүлэг зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

5.Шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо нотлох баримт нэг бүрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, учирсан хохирлын хэмжээ, шинж чанар зэрэг нотолгооны зүйлийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.

Хэрэв бүхий л нотлох баримтыг шалгаж, үнэлсний эцэст шүүгдэгчийн гэм бурууд эргэлзээ төрвөл хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэх зарчимтай боловч ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй тохиолдолд аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн бодитой, хангалттай шалгаж тодруулаагүй нөхцөлд үүссэн аливаа тодорхойгүй байдлыг үндэслэл бүхий эргэлзээнд тооцож болохгүй.

6.Шүүгдэгч Г.Од холбогдох хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй буюу нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдаагүй байхад анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэсэн, давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий эргэлзээ үүссэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, гэм буруугүйд тооцох зарчмыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан “... магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий хохирогч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 430 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 580 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧИД                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

    С.БАТДЭЛГЭР

     М.ПҮРЭВСҮРЭН

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ