Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/01292

 

Ө.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/01193 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1400 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ө.Ггийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б, С, Ш, У, С Яхолбогдох

Б, С, Ш, У, С  сайдын 2016 оны 12 дугааар 09-ний өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1 435 404 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга С.Баяртуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Боловсролын сайд нь Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитийн албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48 тоот актыг үндэслэн, Ө.Гг тус актад тэмдэглэсэн зөрчлийг гаргасан хэмээн үзэж, нэхэмжлэгч Ө.Гг Баян-Өлгий аймгийн 3 дугаар сургуулийн захирлын ажлаас халах тушаал гаргасан байна. Аймгийн улсын байцаагчийн дүгнэлт нь хууль бус, үндэслэлгүй дүгнэлт байна. Нэхэмжлэгч нь тус дүгнэлтийг эс зөвшөөрч Сангийн сайдад гомдол гаргасан бөгөөд энэ талаар Боловсролын сайдад мэдэгдсэн. Сангийн сайдад гаргасан гомдлыг шийдвэрлээгүй байхад аймгийн Улсын байцаагчийн тушаалыг үндэслэж, хууль бус тушаал гаргасан байна. Нэхэмжлэгч нь улсын байцаагчийн актад заасан гомдлыг гаргаагүй. Түүнчлэн, улсын байцаагчийн актад дурдсан асуудал нь цаг хугацааны хувьд 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр болсон. Иймд сахилгын зөрчил гэж үзэх үндэслэлтэй байж болох ч Хөдөлмөрийн тухай хуульд заасан “сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор шийтгэл ногдуулах” хугацаа өнгөрсөн байна. Шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн улсын байцаагчийн актууд нь маргаан бүхий тушаалд үндэслэл болгоогүй, тухайн актуудад заасан зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж үндэслэлд дурдаагүй. Ажлаас чөлөөлсөн тушаалд зөвхөн 48 дугаар актыг дурдсан. Хариуцагч талаас татгалзлаа нотолж баримтууд шүүх дээр ирүүлэхдээ 48 дугаар актыг бид үндэслэл болгосон гэж тайлбарладаг. Иймээс зөвхөн 48 дугаар актын хүрээнд бид мэтгэлцэх ёстой. Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдааны үед хэлсэн, өмнө нь яагаад эдгээр баримтуудыг гаргаж өгөөгүй юм бэ гэхэд бид энэ талаар мэдээгүй гэж тайлбарласан. Нэхэмжлэгч ажлаас халагдсаны дараа 2017 оны 01 дүгээр сараас эхлэн ажилд орж, 01 дүгээр сард 653.499 төгрөг, 02 дугаар сард 903.993 төгрөгийн, 03 дугаар сард 1.081.098 төгрөгийн цалин тус тус авсан. Иймд нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс болох 1.357.998 төгрөгөөс дээрх цалингийн зөрүү нийт 1.435.404 төгрөгийн Хөдөлдмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг үндэслэн хариуцагчаас нэхэмжилж байна. Иймд Б, С, Ш, У, С  сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1.435.404 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Ө.Ггийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Б, С, Ш, У, С  сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлөх тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь хэсэгт зааснаар “боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага, албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага, төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх” гэж заасан. Дээрх бүрэн эрхийнхээ хүрээнд санхүүгийн ноцтой зөрчил гаргасан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын лаборатори 3 дугаар сургуулийн захирал Ө.Гг Б, С, Ш, У, С  сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Монгол Улсын хэмжээнд Б, С, Ш, У, С Яны харъяа 44 лаборатори Ерөнхий боловсролын сургууль өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байна дээрх сургуулийн Захирал нар Б, С, Ш, У, С Ятай Хөдөлмөрийн гэрээ болон Үр дүнгийн гэрээ байгуулан ажилдаг болно. Иргэн Ө.Ггийн тус яамтай байгуулсан 2014/55 дугаар Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.6-д “байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гарсан нь холбогдох байгууллагын шалгалт, хууль, хяналтын байгууллагын актаар нотлогдсон” бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж үзнэ гэж талуудын хүлээх хариуцлага дээр заасан ноцтой зөрчлийг гаргасан тул ажлаас чөлөөлөгдсөн болно. Баян-Өлгий аймгийн Санхүү хяналтын албаны 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 18-01/46 “Илүү олгосон үр дүнгийн урамшуулалыг төлүүлэх тухай”, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18-01/47 “Илүү авсан мөнгийг төлүүлэх тухай”, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48 “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай”, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/49 “Хууль бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай”, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18-05/50 “Хууль бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” гэсэн Баян-Өлгий аймгийн Санхүү хяналтын албаны улсын байцаагчийн актуудаар нотлогдох болно. Дээрх улсын байцаагчийн актуудтай Ө.Г нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48 “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” акттай 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр танилцсан байдаг бөгөөд “Уг актыг зөвшөөрөхгүй” гэж гарын үсгээ зурсан байдаг. /актын их хувийг хавсаргав/ Дээрх акттай танилцан зөвшөөрөхгүй гэсний дараа буй 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1.767.700 төгрөг, мөн актын үлдэгдэл төлбөр болох 233.900 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ө.Г нь Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48 дугаар актын төлбөрийн дагуу хүлээн авагч банк Төрийн сан 020051408 дугаар дансанд нь актын төлбөр болох 2.001.600 төгрөгийг 2 хуваан шилжүүлэн төлсөн байдаг. Энэ нь санхүүгийн зөрчил гаргасан нь дээрх төлбөрийг төлсөнөөр дахин Хөдөлмөрийн гэрээний 3.2.Б дэх хэсгийг зөрчсөн нь нотлогдож байна. Иймд иргэн Ө.Ггийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/01193 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б, С, Ш, У, С  сайдын Б/16 тоот ажлаас чөлөөлөх, түр томилох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.Гг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын лаборатори 3 дугаар суруулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор /цалингийн зөрүү/-т 1.337.999 төгрөгийг хариуцагч Б, С, Ш, У, С Янаас гаргуулж, нэхэмжлэгч Ө.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 97.405 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Ггийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Б, С, Ш, У, С Ядаалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б, С, Ш, У, С Янаас 36.358 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1400 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/01193 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хариуцагч Б, С, Ш, У, С Я нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүх “...хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг үйлчилгээний албан тушаал мөн дотогшоо чиглэсэн акт тул Иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хуулийн зохицуулалттай...” гэж, Давж заалдах шатны шүүх “...талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд...” гэсэн дүгнэлтийг хийж маргаан бүхий харилцааг буруу тодорхойлсон. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага болон Монгол Улсын иргэн хоорондын” харилцааг зохицуулна гэж зааж өгсөн. Энэ хуулийн заалтаар бол “Сайд” өөрөө ямар нэгэн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага биш, харин захиргааны акт гаргадаг улс төрийн албан тушаалтан юм. Тиймд Сайдын тушаал нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.4 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт заасан “захиргааны акт” юм. Захиргааны актыг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх хуультай. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.Шүүхийн шийдвэр гарах болсон үндэслэл болсон Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18-05/48 дугаартай акт өөрөө хүчин төгөлдөр байгаа. Уг актыг хүчингүй болгуулах Ө.Ггийн нэхэмжлэлтэй хэргийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2017.04.06-ны өдөр 110/ШШ2017/0025 дугаартай “нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн шийдвэр гаргасан байгаа. Уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017.06.30-ны өдөр хянан хэлэлцээд хэвээр үлдээсэн байгаа. Иргэний хэргийн шүүх уг 18-05/48 дугаартай актыг буруу болсон юм байна ажлаас халах үндэслэл болж байна гэж, Захиргааны хэргийн шүүх болохоор уг актыг зөв болсон байна хүчингүй болгох шаардлагагүй юм байна гэж 2 янзын дүгнэлт хийж хэргийг хоёр янзаар шийдвэрлэж байна. Иргэний хэргийн шүүх шүүхийн харьяалал зөрчсөн. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...шүүхийн харьяалал зөрчигдсөн, уг маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалалын маргаан, Ө.Ггийн гаргасан зөрчлийг тогтоосон 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн акт хүчинтэй болохыг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. Анхан шатны шүүх уг маргааны талаар шүүхийн харьяалал зөрчигдөөгүй талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, шийдвэрт тодорхой тусгасан байна.

Нэхэмжлэгч Ө.Г хариуцагч Б, С, Ш, У, С Яхолбогдуулан Б, С, Ш, У, С  сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 1 435 404 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан ба хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/16 тоот тушаалд заасан ажилтны гаргасан гэх санхүүгийн ноцтой зөрчлүүд тогтоогдсон боловч хуулиар тогтоосон хугацааны дотор сахилгын шийтгэлийг ногдуулаагүй, ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан зохицуулалтыг зөрчсөн тул Ө.Гг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрын зөрүү 1 337 999 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

Хариуцагч нь зөрчлийг тогтоосон 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн актын талаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэдсэн боловч 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан “сахилгын зөрчил... илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчсөн байна.           

Баян-Өлгий аймгийн Санхүү хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн актыг шүүх хүчинтэй гэж үзэж, үнэлсэн бөгөөд уг актын талаар Захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргасан нь агуулгын хувьд зөрчилгүй, “...хоёр шүүх өөр өөр дүгнэлт хийсэн...” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэрэгт байгаа нотлох баримтыг дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/01193 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1400 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдснийг дурьдсугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА