Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0244

 

2020 оны 04 сарын 08 өдөр           Дугаар 221/МА2020/0244                          Улаанбаатар хот

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр шийдвэрээр: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Б-ийн гаргасан гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэлгүй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шижлүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын шийдвэр хууль бус болохыг тогтоож, Б.Б-ийн эрх зөрчигдсөн эсэхийг шалгаж, шийдвэрлэхийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссод даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “... Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 502 дугаар байрны 1504 тоотод оршин суугч Б.Б 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2/572 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, иргэн миний Үндсэн хуулиар баталгаатай олгогдсон эрх зөрчигдсөн эсэх талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу шалгалт хийхийг Хүний эрхийн Үндэсний Комисст даалгах” тухай нэхэмжлэл гаргасан юм.

Тус нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0451 дүгээр шийдвэрээр иргэн Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, түүний гомдлыг шийдвэрлэхийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст даалгаж шийдвэрлэсэн юм. Комисс уг шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2019/0492 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн юм.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх иргэн Б.Б-ийн гаргасан гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхгүйгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжүүлж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Б.Б-ийн эрх зөрчигдсөн эсэхийг шалгаж шийдвэрлэхийг Хүний эрхийн Үндэсний Комисст даалгасугай гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага юм.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн гомдол шийдвэрлэх, хяналт шалгалт хийх, шаардлага, зөвлөмж хүргүүлэх эсэхэд ямар ч байгууллага, албан тушаалтан оролцох, хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй бөгөөд иргэн Б.Б-ийн Комисст хандаж ирүүлсэн гомдлыг Комиссын гишүүн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд мөн Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх талаар хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шилжүүлсэн болно.

Ер нь Комисс нь хэн нэгний гэм буруутай, хууль зөрчсөн эсэхийг шүүхийн адил бүх талаас нь нотлох боломжгүй тул эрх бүхий байгууллагад нь шилжүүлдэг эрх зүйн зохицуулалттай байсан юм.

Улмаар Монгол Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй” гээд 3.1.8 дахь хэсэгт “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хүний эрхийн зөрчлийн талаарх гомдлыг шийдвэрлэх ажиллагаа” гэж Комиссын гомдол шийдвэрлэх ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй байхаар хуульчилсан байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0091 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав.

Иргэн Б.Б Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хандан “... нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.А нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-д “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан заалт болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг зөрчин, иргэн миний Үндсэн хуулиар баталгаатай олгогдсон эрх зөрчигдсөнийг тогтоож өгнө үү” гэх гомдол гаргасныг Хүний эрхийн Үндэсний Комиссын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2/572 дугаар албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад шилжүүлжээ.

Улмаар иргэн Б.Б-ээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст холбогдуулан “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст гаргасан гомдлыг хуульд зааснаар шийдвэрлэлгүйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шилжүүлснийг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

1. Нэхэмжлэгч Б.Б-ээс гаргасан “гомдлыг шийдвэрлэлгүйгээр шилжүүлснийг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлагын тухайд:

Хариуцагч Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан “төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх” эрх зөрчигдсөн эсэх талаарх гомдлыг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу шалгаж, шаардлага, зөвлөмж гаргах, эвлэрүүлэх, эсхүл  гомдол үндэслэлгүй гэж үзвэл гомдол гаргагчид буцаах зэрэг хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэлгүйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шилжүүлж шийдвэрлэсэн гэж тайлбарлан маргажээ.

Энэ тохиолдолд анх нэхэмжлэгчийн төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх ажиллагаа холбогдох хуульд заасан журмаар явагдаагүйгээс түүний өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх эрх зөрчигдсөн эсэхийг Хүний эрхийн Үндэсний Комиссоор тогтоолгох хүсэлт гаргасан, гэтэл уг комисс мөн өөрийнх нь үйл ажиллагааг зохицуулсан хуульд зааснаар шийдвэрлээгүйг хууль бус болохыг шүүхээр тогтоолгохыг хүсчээ. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд заасан Захиргааны ерөнхий хууль үйлчлэх харилцаанд хамаарч байсан тул захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хэргийг шийдвэрлэсэн байна.

2. Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэж үзвэл Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч, гадаадын иргэн, харьяалалгүй хүний гаргасан гомдлыг хүлээн авах, гомдлын мөрөөр шалгалт хийх, гомдлыг шийдвэрлэх, шаардлага, зөвлөмж гаргах зэрэг харилцааг 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар зохицуулж байсан аж.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр батлагдаж, Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаарт нийтлэгдсэн.

Улмаар уг хууль батлагдсантай холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулиар Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд нэмсэн “3.1.8. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хүний эрхийн зөрчлийн талаарх гомдлыг шийдвэрлэх ажиллагаа” гэсэн заалтаар Захиргааны ерөнхий хууль уг харилцаанд үйлчлэхгүй байхаар зохицуулж, мөн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтад “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс” гэж нэмж, уг заалт “Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, бүх шатны шүүх, прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу хууль тогтоох, гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно” гэж өөрчлөгджээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн  шаардаж буй “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах” тухай маргаан нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхаар зохицуулагдсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст гаргасан гомдлыг хуульд зааснаар шийдвэрлэлгүйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шилжүүлснийг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий Б.Б-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгож, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ