Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 187

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00804/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1174 дүгээр шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч Тайжууд овогтой Б-гийн Э-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

          “Үнэлгээ хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг

           Нэхэмжлэгч Б.Э-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Э- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 41 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Насанчимэгийн шинжээч томилох тухай тогтоолын дагуу миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг, Мангиртын ******* тоот, Г-******* дугаарт бүртгэлтэй, 1105 мкв талбайтай газрыг 19.448.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Миний өмчлөлийн газрыг зах зээлийн үнээс хэт багаар үнэлж, өмч хөрөнгийг маань үнэгүйдүүлж байх тул “Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1494 шийдвэрээр Б.Тогтохсүрэнгээс 44.430.142 төгрөг гаргуулж, Хаан банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан төлбөр төлөгч Б.Тогтохсүрэнгийн өмчлөлийн Ү-2003013259 улсын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 1 дүгээр хэсэг, ******* тоот 144м2 талбайтай, 2 давхар  хувийн орон  сууц, 859м2  талбайтай  газрын хамт, Б.Э-ын өмчлөлийн Ү-******* улсын дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 1 дүгээр хэсэг, ******* тоот 72м2 талбайтай, хувийн орон сууц 1105м2 талбайтай газрын хамт тус тус 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар эд хөрөнгө битүүмжлэн хураах авах тухай тогтоолоор битүүмжлэн хураан авч төлбөрийг төлөөгүй, банкны барьцаа хөрөнгүүдийн үнийн санал өгөөгүй тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 03 тоот шинжээч томилуулах тухай тогтоолоор үнэлгээ хийлгэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газар нийт 260.400.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээний тайланг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт танилцуулсан. Үнэлгээний талаар Дархан-Уул аймгийн шүүхэд гомдол гаргасны дагуу Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 105 тоот шийдвэр гарсан. Уг шийдвэрээр Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Капитал зууч” ХХК-ийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон. Энэ шийдвэрийн дагуу тухайн барьцаа хөрөнгийн бусад үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Зөвхөн газраа үнэлүүлнэ гэсэн тул 15 дугаар баг, Мангирт 1 дүгээр хэсэг, 4 тоотод байрлах газрыг дахин үнэлгээ хийлгүүлэхээр “Капитал зууч” ХХК-аас шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн. Энэ үнэлгээгээр 19.448.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад танилцуулсан. 1105м2 газарт үнэлгээ хийлгэхэд манай байгууллагаас би өөрөө оролцсон. Үнэлгээ хийхэд Б.Тогтохсүрэн байсан. Б.Э- байгаагүй. Газар дээр нь хэмжилт хийж үнэлсэн. Өөрсдөө ярьж тайлбарласан. Б.Тогтохсүрэн, Б.Э- нарын газар байсан. Б.Тогтохсүрэн газраа зааж үнэлгээ хийлгэсэн. Шүүхийн шийдвэрээр өмнөх үнэлгээг хүчингүй болгосон ч үнэлгээний дүн болох 260.000.000 төгрөгөө хүлээн зөвшөөрч газраа үнэлүүлж, мэдээллээ өгсөн. Энэ үнэлгээ бол зөвхөн газрын үнэлгээ гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1174 дүгээр шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-ын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Дархан сум, 15 дугаар баг, Мангиртын 1 дүгээр хэсэг 4-а тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний Ү-******* дугаарт бүртгэлтэй 000166002 тоот гэрчилгээтэй 1105,0 м.кв газрыг 19.448.000 төгрөгөөр үнэлсэн “Капитал зууч” ХХК-ийн, үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Э- тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Э- давж заалдсан гомдолдоо:

Миний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын ******* тоотод байрлах, 1105 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар буюу 19.448.000 төгрөгөөр үнэлсэн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр миний эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шинжээч томилж, үнэлгээ хийлгэх эрх нь хариуцагч болох Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байгаа тул би дур мэдэн өөр үнэлгээ хийх эрхтэй байгууллагаар өөрийн өмчийг үнэлүүлэх боломжгүй юм. Үнэлгээний тайлантай танилцсан даруйдаа уг үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул өөр газраар дахин үнэлгээ хийлгүүлэхээр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч миний гомдлыг хүлээж аваагүй. Гэтэл анхан шатны шүүх мөн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хангаагүйд гомдолтой байна. Иймд миний өмч хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн үнэпгээний тайлан гарсан гэж үзэж байх тул “Капитал зууч” ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Э-, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдолтой хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шинжээч томилох тогтоол, үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийг үнэлэх үйл ажиллагаа явуулах улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг хэргийн 39-53 дугаар хуудсанд байгаа баримтууд  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “...бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө..., 44.4-т “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэсэн хуулийн шаардлагуудыг хангаагүй байхад нотлох баримтыг анхан шатны шүүх хүлээн авч маргааныг шийдвэрлэсэн  нь хуульд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар  зүйлийн 38.5-д зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоолгохдоо Иргэний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагааг хуулийн дагуу явуулсан эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь ач холбогдолтойг анхаарах нь зүйтэй.

Иймд шийдвэрийг дээрх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1174 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Э- давж заалдах гомдол гаргахад төлөх  тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            О.НАРАНГЭРЭЛ           

                                                        ШҮҮГЧИД                                            Л.АМАРСАНАА                                      

                                                                                                                     С.ОЮУНЦЭЦЭГ